Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар    2023/ШЦТ/959

 

                                                                   

  2023          7          04                                       2023/ШЦТ/959

                            

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

улсын яллагч Б.Саруул-Ирээдүй,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б-ийн Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2306 01048 1988 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "Минж хүнс" ХХК-д борлуулалтын ажилтан, ам бүл 5, эцэг, эх, дүүгийн хамт …...............тоотод оршин суух хаягтай, урьд

- Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 2023/ШЦТ/570 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан.

Б овогт Б-ийн Э /РД:.................. /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шархадны эцсийн автобусны буудлын орчим иргэн Н.Утай "таксины мөнгө өгөлгүй удлаа" гэх шалтгааны улмаас маргалдан нүүрэнд гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун ухархайн хананы хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алиманд цус хуралт, дух зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун тохойд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                           /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.   

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дахь тал/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Уын өгсөн:  "...Би 2023 оны 01 дүгээр сарын 20-ний өдөр 20 цагийн үед Шархадны эцсийн Нарлаг төвийн 2 давхарт бааранд найз Энхтүвшин, Жоожоо, бид гурав орсон. Тэгээд бид гурав 0.75 литрийн "Х" нэртэй архи хувааж уусан. Би орой 23 цаг өнгөрч байхад ганцаараа харих гээд Шархадны эцсийн буудлаас саарал өнгийн Приус-30 маркийн таксинд суугаад явсан. Тэгээд эмнэлгийн тойргийн тэнд явж байхдаа утсаа алдсанаа мэдээд “буцаад явья” гээд таксиныхаа жолоочид хэлээд буцаж очиж утсаа аваад гарч ирсэн чинь таксины жолоочийн сууж байсан залуу “яав хөгшөөн юу болсон” гэхээр нь би “утас унтарчихжээ одоо асаагаад явуулъя” гэсэн чинь жолоочийн хажууд сууж байсан залуу машинаас бууж ирснээ миний цамцнаас заамдаж аваад духаараа 1 удаа миний нүүр хэсэгт мөргөсөн чинь би газар унасан. Тэгээд намайг газар унахад нөгөө залуу ирээд миний нүүр хэсэгт 3-4 удаа гараа атгаж байгаад цохисон. Тэгэхээр нь би “одоо боличихоо ч дээ гэсэн чинь цаанаас таксины жолооч “явая” гээд яваад өгсөн." гэх мэдүүлэг, /хх-ийн 8-9 дэх тал/,

            Гэрч Д.Баярмагнайгийн өгсөн: “2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр би найз Эын хамтаар, би Эын 29-44 УНК улсын дугаартай машиныг жолоодоод хүнтэй уулзахаар Шархад явсан. Шархадны эцэс дээр зогсож байтал 1 танихгүй эрэгтэй хүн ирээд "таксинд явах уу" гэж асуухаар нь "явахгүй ээ" гэж хэлтэл "явчихаач" гээд гуйгаад байхаар нь “за ойрхон юм бол яахав” гээд суулгасан. Тэр хүн суусан ба 1 км орчим явж байгаад би утсаа алга болгочиж гээд буцаад явсан. Буцаад Шархадны эцэс дээр очоод тухайн залуу буугаад найзтайгаа уулзаад зогсоод байхаар нь Э очоод "Мөнгөө өгөөч ээ" гэж хэлтэл тухайн залуу Э руу "чи хаана ирснээ мэдэж байна уу" гэх зэргээр уурлаад, нүүрэнд нь салаавч тулгаад байхаар нь би Эыг “явъя” гэж хэлээд машиндаа суутал Э тухайн залуутай барицалдаж аваад газарт унагаад дээр нь дараад байж байгаад тухайн залууг босгосон. Тэгтэл тухайн залуу босч ирээд Э руу дайраад байхаар нь Э нүүр рүү нь 1 удаа цохисон. Тэгээд би очоод салгаад Эыг аваад явсан." гэх мэдүүлэг, /хх-ийн 14-15 дахь тал/,

            Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 1771 дугаартай шинжээчийн 1.Н.Уын биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун ухархайн хананы хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алиманд цус хуралт, дух зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун тохойд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн цохих, үрэх үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй." гэх дүгнэлт, /хх-ийн 17-18 дахь тал/,

            Яллагдагч *******ын мэдүүлэг /хх-ийн 34  дэх тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ: “Шүүгдэгч  ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шархадны эцсийн автобусны буудлын орчим иргэн Н.Утай "таксины мөнгө өгөлгүй удлаа" гэх шалтгааны улмаас маргалдан нүүрэнд гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун ухархайн хананы хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, алиманд цус хуралт, дух зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун тохойд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Уг гэмт хэргийн улмаас хохирогч Уд хөнгөн хохирол учруулсан. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна

            Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шархадны эцсийн автобусны буудлын орчим иргэн Н.Утай "таксины мөнгө өгөлгүй удлаа" гэх шалтгааны улмаас маргалдан нүүрэнд гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун ухархайн хананы хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зеелен эдийн няцрал, алиманд цус хуралт, дух зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, зулагралт, баруун тохойд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч *******-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

            Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шархадны эцсийн автобусны буудлын орчим иргэн Н.Утай "таксины мөнгө өгөлгүй удлаа" гэх шалтгааны улмаас маргалдан нүүрэнд гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун ухархайн хананы хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зеелен эдийн няцрал, алиманд цус хуралт, дух зүүн чамархайд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун тохойд зулгаралт, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дахь тал/, Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Уын өгсөн:  "... жолоочийн хажууд сууж байсан залуу машинаас бууж ирснээ миний цамцнаас заамдаж аваад духаараа 1 удаа миний нүүр хэсэгт мөргөсөн чинь би газар унасан. Тэгээд намайг газар унахад нөгөө залуу ирээд миний нүүр хэсэгт 3-4 удаа гараа атгаж байгаад цохисон..." гэх мэдүүлэг, /хх-ийн 8-9 дэх тал/, Гэрч Д.Баярмагнайгийн өгсөн: “.... Э очоод "Мөнгөө өгөөч ээ" гэж хэлтэл тухайн залуу Э руу "чи хаана ирснээ мэдэж байна уу" гэх зэргээр уурлаад, нүүрэнд нь салаавч тулгаад байхаар нь би Эыг “явъя” гэж хэлээд машиндаа суутал Э тухайн залуутай барицалдаж аваад газарт унагаад дээр нь дараад байж байгаад тухайн залууг босгосон. Тэгтэл тухайн залуу босч ирээд Э руу дайраад байхаар нь Э нүүр рүү нь 1 удаа цохисон..." гэх мэдүүлэг, /хх-ийн 14-15 дахь тал/, Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1771 дугаар дүгнэлт /хх-ийн 17-18 дахь тал/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-ийн 21-22 дахь тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэний улмаас хохирол хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна. 

            Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд.... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж

           

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******* нь хохирогч Н.Уд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцах арилгах үүрэгтэй байна.

            Хохирогч Н.У нь баримтаар нэхэмжилсэн 340,000 төгрөгийг /хх-ийн 75 дахь тал/ шүүгдэгч *******аас гаргуулахаар шийдвэрлэж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч: “Эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн  үйлдсэн гэмт хэргийн шинж, нөхцөл байдал, учруулсан хор уршиг зэргийг харгалзан шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 500,000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1250 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.250.000 төгрөгөөр торгох ялаар тогтоолгох саналтай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэвээр үлдээх саналтай байна” гэх дүгнэлтийг гаргасан 

Шүүх шүүгдэгч *******рдэнбатад ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” заасныг хөнгөрүүлэн үзэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 570 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн 500,000 төгрөгөөр торгох ял, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 750,000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1,250,000 төгрөгийг торгох ял шийтгэж шийдвэрлэв.

             Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ад 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 570 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялын эдлээгүй үлдсэн 500,000 төгрөгийн торгох ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 750,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1,250,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******ад оногдуулсан 1,250,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

            5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 340,000 төгрөг гаруулж, хохирогч Н.Уд олгосугай.

            6. Хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

            7. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч  *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.МӨНХТУЯА