Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 103/ШШ2020/00092

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: 19.. онд .. аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, ам бүл .., эхнэр хүүхдүүдийн хамт .. дүүргийн .. дугаар хороо, .... дугаар байрны ... тоотод оршин суух, А овогт Т Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч:....дүгээр хороо, .... дугаар байрны .... тоотод оршин суух, Ч овогт З.Б холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Б, хариуцагч З.Б, нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.     

     ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Т.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид 2011 онд танилцан улмаар 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 7 дугаар сарын 6-ны өдөр охин Б.З төрсөн. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2014 оноос эхлэн тусдаа амьдрах болсон. Тэр цагаас хойш охин маань миний асрамжид хүмүүжиж байна. Одоо тус тусдаа гэр бүлтэй болсон. Бид хоёр охиноо миний асрамжид үлдээхээр тохиролцсон, үл хөдлөх хөрөнгийн ямар нэгэн маргаангүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Хариуцагч З.Б шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Б хот руу шилжиж ажиллах болж, тэндээ хүнтэй суугаад тусдаа амьдарсан. Бид гэрлэлтээ цуцлуулж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Одоо тус тусын амьдралтай болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэв.

                                                      ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч З.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

           Хариуцагч З.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргаагүй болно.

           Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Т.Б, хариуцагч З.Б нар нь 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр гэр бүл болж 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа 2012 оны 7 дугаар сарын 6-ны өдөр охин Б.З төрүүлсэн болох нь 1101000022 тоот гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Г-446 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогджээ.

Зохигчид нь 3 жил хамтран амьдрах хугацаанд зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2014 оноос тус тусдаа амьдарч эхэлсэн бөгөөд одоо хэн хэн нь тусдаа гэр бүлтэй болсон байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхой хугацаагаар түдгэлзүүлж гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах нь тодорхой үр дүнд хүрэхээргүй байх тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

           Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа бие даан эсвэл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” гэж зааснаар зохигчид нь         охин Б.З эцэг Т.Б асрамжид үлдээхээр тохиролцсон болохыг дурдах нь зүйтэй.

           Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.2 -т “эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ: хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх,  хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх; хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох,  хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах,  эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно”,   26.4-т  “Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэх бөгөөд  26.6 дахь хэсэгт “Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь  саад учруулахыг хориглоно” гэж тус тус хуульчилсан. Иймд  зохигчдод Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан үүрэг  хэвээр үлдэхийг анхааруулах нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Бээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Бд олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгүүдэд зааснаар А овогт Т.Б, Ч овогт З.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь охин Б.З эцэг Т.Б асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон болохыг дурдсугай.

           3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эх З.Б хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Т.Бд анхааруулсугай.

            4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар  шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Багануур дүүргийн Улсын Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах  Д.Энхзаяад даалгасугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Бээс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Бд олгосугай.

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ