Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2022/0120

 

 

 

 

 

2022 02 24 128/ШШ2022/0120

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд цахимаар хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.А, Б.С, Н.Г

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Э

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.М

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/5... дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах, мөн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/60.. дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах" шаардлага бүхий газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.Э , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нар нь Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/5... дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах, мөн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/60.. дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах шаардлагаар маргаж байна.

2. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1. Нэхэмжлэгч Н.А, Б.С, Н.Г нар нь иргэн Ц.С эс 2016 оны 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/56... дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хороон 3,4 га газрын Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн гэрчилгээний нэрийг Б.С 3 га, Н.А 0,1 га газраар тус тус шилжүүлэн авч эзэмших, ашиглах эрхтэй болжээ.

2.2. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/7... дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгаж. мөн даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1196 дугаар захирамжаар газрын зориулалтыг үйлчилгээний орон сууц"-ны болгон болгон өөрчилж шийдвэрлэж, 000060250 дугаартай Иргэний газар их эрхийн гэрчилгээгээр Б.С . Н.Г нар, 000060249 дугаар гэрчилгээгээр Н.А нар тус тус уг эзэмших эрхтэй болжээ.

2.3. Нийслэлийн Засаг дарга маргаан бүхий 2021 оны 08 дугаар 03-ны өдрийн А/5... дугаар захирамжаар Н.А-д , мөн өдрийн А/60.. дугаар захирамжаар Б.С , Н.Г нарт олгосон газрыг тус тус хүчингүй болгосон байна.

2.4. Нэхэмжлэгч нар нь уг шийдвэрийг урьдчилан шийдвэрлүүлэх журмаар хянуулахаар Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан байх бөгөөд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас гомдлыг хянаад 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 03-06/5297, 03-06/3298 дугаар албан бичгээр "газар эзэмших эрхийг сэргээх боломжгүй" гэсэн хариу өгчээ.

2.5. Улмаар нэхэмжлэгч нар нь тус шүүхэд Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/5... дугаар захирамж, мөн 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/60.. дугаар захирамжуудыг хууль бус болохыг тогтоолгон, хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүх хүлээн авч 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

3.1 Баянгол дүүргийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/191 дүгээр захирамжаар тус дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 34 метр квадрат газрыг Ц.С нь эзэмшүүлэхээр олгосон нь бусдын эзэмшил газартай давхцал үүсч, газрын маргаан үүссэнийг Улсын Дээд шүүхийн 2008 оны шийдвэрээр тогтоож, улмаар Нийслэлийн Засаг дарга 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 744 дүгээр захирамжаар Ц.С-ийн эзэмшил газрын байршлыг шилжүүлэн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0,6 га уг газрыг эзэмшүүлэх эрх олгосон нь Газрын тухай хуулийг зөрчөөгүй.

3.2. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1-т "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна" гэж заасан ба Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д "Газартай холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ" гээд мөн

3.3. Нийслэлийн Засаг дарга нь өөрөө газрыг давхцуулсан буруутайн улмаас газрын байршлыг шилжүүлсэн, мөн 2011 онд байршил шилжүүлж эзэмшүүлсэн газрыг мөн 2016 онд хууль ёсны гэж үзэн Н.А, Б.С, Н.Г нарт шилжүүлсэн байдаг.

3.4. Хэрэв Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий актад туссан үндэслэлээр газар эзэмшүүлэх ёсгүй байсан бол тухайн үедээ газрыг эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэхээс татгалзах ёстой байсан ба бидний хувьд уг 10 жилийн хугацаанд өөр газрыг эзэмших хүсэлтээ гаргах, хүсэлтээ хуульд заасан журмаар шийдвэрлүүлэх боломжтой байсан.

3.5. "эзэмших газартай" гэж итгэж, уг газраа бизнесийн зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байсан, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д зааснаар эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүсгэсэн, хууль ёсны итгэл хамгаалах зарчмын дагуу хамгаалагдах ёстой эрх зүйн харилцаан болно. Учир нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тогтоосноор энэхүү газрын анхны төгрөг бөгөөд бидний хувьд төлөвлөсөн барилгаа барихад тухайн орчимд үнэ нь өөр газар олж авах боломжгүй тул Нийслэлийн Засаг дарга нь биднийг цаг хугацаагаар хохироохын хамт их хэмжээний мөнгөн хохирол учруулах үр дагавар үүсгээд байна.

3.6 Бид газрыг эзэмшиж байх хугацаанд дээр дурдсанаар газрын байршлыг өөрчилсөн, орц гарцыг хааж шинээр газар олгосон, М.Г ийн захирал гэгч Д.Г нь хашаа бариулдаггүй, Хот байгуулалт, хөгжлийн газарт хандан 2019, 2020 онд 2 удаа барилга барих А зөвшөөрөл авах хүсэлт гаргасан боловч "М.Г ийн захирал Д.Г маргаан гаргасан" гээд зөвшөөрөл өгөөгүй ба тус компанийн нөлөөллөөр газар эзэмших эрхийг минь хүчингүй болгож байгаа нь хууль дээдлэх, шударга ёсонд нийцэхгүй болно.

3.7. Ийнхүү "М.Г " гэгч дангаараа 50, 60 га газар эзэмшигч компанид зориулж, орчинд нь хэн ч байхгүй байхаар хуйвалдан бидний газар эзэмших эрхийг минь цуцалж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хуульд заасан "эд хөрөнгө шударгаар олж авах, газрыг бусадтай адил тэгшээр эзэмших ашиглах эрх"-ийг минь зөрчсөн бөгөөд их хэмжээний мөнгөн хохирол учруулж, шударга ёсны зарчмыг алдагдуулж байна.

3.8. Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т заасныг баримталсан нь "Газар эзэмших эрхийн гэрчилгээ" хүчингүй болсон гэх заалтыг баримталсан байна. Гэтэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан нэхэмжлэгч нарын гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл огт байгаагүй.

3.9. Түүнчлэн актад дурдсан үндэслэл байгаа бол маргаан бүхий актад холбогдох хуулийг баримтлаагүй байгаа ба энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т Баасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах "хуульд үндэслэсэн байх" тусгай зарчимд нийцээгүйгээс гадна мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т "захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах" шаардлагыг хангаагүй, хууль бус байна. гэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Газрын тухай хуулийн 39, болон 40 дүгээр зүйлүүдийг маргаан бүхий актуудын тэргүүн хэсгийг харахад газар эзэмших эрхийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болго гэсэн агуулга бүхий захирамж байгаа. Гэтэл дээр хуулийн заалтад газар ашиглах эрх гэрчилгээг хүчингүй болгох буюу дуусгавар болгох үндэслэлүүдийг нэрлэж заасан. Энэ үндэслэлээр газрын тухай хуулийн цуцлах болон дуусгавар болгох үндэслэлийг баримтлахгүйгээр газар эзэмших эрхийг цуцалсан байна. Хоёрдугаарт, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1 дэх хэсгийг баримталж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдэг үндэслэлээр цуцалж хүчингүй болгохдоо Б.С , Н.Г нарын хувьд 2019 оны А/1196, Н.А 2018 оны А/7... дугаартай Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Гэтэл энэ агуулгаас харахад 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй гэдэг агуулгыг зааж байна. Энэ газар нь 2011 онд А/74.. дугаартай Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэн Ц.С д анх 6000 м.кв газар олгогдож түүнээс хойш газрын эрх шилжиж явсаар сүүлд Н.А, Б.С, Н.Г нарт шилжиж ирсэн. 2019, 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг харах биш 2011 оны анхны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг харах нь зүйтэй. 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд анх иргэн Ц.С д эзэмшүүлсэн газар нь тусгагдсан. Гэтэл захиргаанаас энэ асуудлыг шийдвэрлэхдээ 2018, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд уялдуулж шийдвэрлэж байгаа нь захиргааны акт туйлын тодорхой бөгөөд үндэслэл бүхий байх, зорилгодоо нийцсэн байх шаардлагыг хангахгүй байна.

Гуравт, Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдахаас гадна миний үйлчлүүлэгч нар анх уг газрыг 2010 онд Ц.С э гэдэг иргэнд олгохдоо Баянгол дүүрэгт байсан 347 м.кв газрыг газар давхацсан гэдэг үндэслэлээр улсаас буцааж хурааж аваад Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн гэж тайлбарладаг. Үүнийг шүүхийн шийдвэрийн дагуу биелүүлсэн гэдэг хэдий ч энэ талаар тогтоолдоо зааж өгөөгүй. Гэхдээ хавтаст хэрэгт өгсөн материалаас харахад хавтаст хэргийн 13 дугаар талд А/74.. дугаартай Нийслэлийн Засаг даргын захирамж авагдсан байгаа.

Энэ захирамжаар 2011 онд н.С гэдэг иргэнд Яармагийн 8 дугаар хороо, 6000 м.кв газар буюу 0,6 га газрыг эзэмшүүлсэн нь харагдаж байгаа. Тэгэхээр 2011 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулж харалгүйгээр Нийслэлээс 2018, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулан хүчингүй болгосон нь захиргааны актыг гаргах үндсэн шинжийг хангаагүй гэж үзэж байна. Нийслэлийн Засаг даргын сонсох, мэдэгдэх ажиллагааг хийсэн гэдэг тайлбарыг хавтаст хэрэгт авагдсан материалаар тайлбарлавал. Мэдэгдэх, сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргэхдээ оролцогчийн оролцоог хангаагүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл бий болсон гэж үзэж цуцалсан болов Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар гарч байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, газрын эрхийг сэргээж өгнө үү.гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Иргэн Н.А-д нийслэлийн Засаг даргын 2018 оны А/7... дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна.

Мөн Иргэн Б С , Н.Г нарт Нийслэлийн Засаг даргын 2010 оны 600 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3000 м.кв газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон.

Дээрх маргаан бүхий газар нь газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ." гэж заасныг зөрчсөн байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д "Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг Байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шуух уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно" заасан үндэслэлээр нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/5... дугаар захирамж, А/60.. дугаар захирамжаар иргэн Н.А , Б С , Н.Г нарын Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож Газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна.

Маргаан бүхийн Захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 02-06/4421, 02-06/4422 дугаартай албан бичгээр сонсох ажиллагааг явуулсан байна.

Иймд Захиргааны Ерөнхий хууль, Газрын тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээг авч, хууль дүрмийн хүрээнд тус захирамжийг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Н.А, Б.С, Н.Г нараас ... Бид газрыг эзэмшиж байх хугацаанд байршлыг өөрчилсөн, орц гарцыг хааж шинээр газар олгосон, ... хашаа бариулдаггүй, Хот байгуулалт, хөгжлийн газарт хандан 2019, 2020 онд 2 удаа барилга барих А зөвшөөрөл авах хүсэлт гаргасан боловч бусад этгээдээс маргаантай байгаа гээд зөвшөөрөл өгөөгүй ... Нийслэлийн Засаг дарга 2021 оны А/5... , мөн оны А/60.. дугаартай захирамжаараа газар эзэмших эрхийг минь хүчингүй болгож байгаа нь хууль дээдлэх, шударга ёсонд нийцэхгүй ... гэж,

Хариуцагчаас ... маргаан бүхий газар нь Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ. гэж заасныг зөрчсөн байх тул нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон. ... гэж тус тус маргасан.

3. Үйл баримтын тухайд;

3.1. Анх маргаан бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Газар эзэмшүүлэх тухай 744 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн үйлчилгээ, орон сууцны зориулалтаар Хан-Уул дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0.6 га газраар иргэн Ц.С -д эзэмшүүлжээ.

3.2. Иргэн Ц.С -ийн эзэмшиж байсан дээрх 0.6 га газар буюу 6000 м.кв газрын хэмжээ нь Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай А/40 дүгээр захирамжаар 4000 м.кв болж өөрчлөгдсөн байна.

3.3. Иргэн С-ийн дээрх 4000 м.кв газрын газар эзэмших эрх нь Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/56... дугаар захирамжаар иргэн Б.С -д 3000 м.кв, иргэн Н.А -д 1000 м.кв хэмжээгээр шилжсэн байна.

3.4. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч Б.С , Н.А нарт маргаан бүхий газруудыг эзэмших эрх нь хариуцагчийн дээрх захирамжаар үүссэн байна гэж үзэхээр байна.

3.5. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах тухай А/7... дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.С , Н.А нарын газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэжээ.

3.6. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дугаар сарын 13-ны өдрийн Газар эзэмших эрхийн талбайн хэмжээ, зориулалт, нэр өөрчлөх тухай А/1196 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.С -ийн эзэмшиж байсан 3000 м.кв газрыг нэхэмжлэгч Б.С , Н.Г нарт болгон эзэмшигч нарын нэрийг өөрчлөн, нэхэмжлэгч Б.С , Н.Галбадрах, Н.А нарын газар эзэмших эрхийн зориулалтыг үйлчилгээтэй орон сууц болгон өөрчилж, 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж шийдвэрлэсэн байна.

3.7. Дээрх захирамжийг үндэслэн Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгч Б.С -д 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 000060250 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж олгож, мөн захирамжийг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Б.С нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга, Газар зохион байгуулагч нартай №01122-2019/01331 дугаартай газар эзэмших гэрээг байгуулсан байна.

3.8. Мөн дээрх захирамжийг үндэслэн Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгч Н.А-д 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 000060249 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж олгож, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Н.А нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга, Газар зохион байгуулагч нартай №01122-2018/01031 дугаартай газар эзэмших гэрээг байгуулжээ.

3.9. Дээрх байдлаар нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газруудын газар эзэмших эрхийг шилжүүлэн авч, газар эзэмших эрхээ хэрэгжүүлж байсан байна.

4. Маргаан бүхий захиргааны актын үндэслэлийн тухайд;

4.1. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/5... дугаартай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 56 дугаар зүйлийн 56.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/7... дугаар захирамжаар иргэн Н.А-д газар эзэмшүүлэхдээ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу газар эзэмших эрх олгоно гэж заасныг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэгч Н.А гийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгон шийдвэрлэжээ.

4.2. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/60.. дугаартай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4, 56 дугаар зүйлийн 56.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1196 дугаар захирамжаар иргэн Б.С , Н.Г нарт газар эзэмшүүлэхдээ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу газар эзэмших эрх олгоно гэж заасныг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэгч Б.С , Н.Г нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгон шийдвэрлэсэн байна.

4.2. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйл. Хот, тосгон, бусад суурины газрыг зохистой ашиглах, хамгаалах, 56.1. Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ., 61 дүгээр зүйл. Хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, үйлдлийг таслан зогсоох, 61.1. Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно. гэж тус тус заажээ.

4.3. Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, газрыг хот, тосгон, бусад суурин газарт газар эзэмшүүлэхдээ тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу Газрын тухай хуульд заасан журмаар эзэмшүүлэхээр байна.

4.4.Мөн Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл, /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоож болохоор байна.

4.5. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн Төлөвлөгөө батлах тухай 6/53 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний /Гурав. 2011 онд Нийслэлийн нутаг дэвсгэрт өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил хэмжээ, зориулалт/ хэсгийн /23-т Хан-Уул дүүрэг, 4-8 хороо, Яармагт/ гэжээ.

4.6. Дээрхээс үзвэл Нийслэлийн Засаг даргын 2011 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 744 дүгээр захирамжаар анх Ц.С -д маргаан бүхий газрыг эзэмшүүлэхдээ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу газар эзэмших эрх олгоно гэж заасныг зөрчиж эзэмшүүлсэн гэж үзэхээргүй байна.

4.7. Хариуцагч нь маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/5... дугаартай захирамжаар нэхэмжлэгч Н.А гийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгчид Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/7... дугаар захирамжаар маргаан бүхий газрыг эзэмшүүлэхдээ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу газар эзэмших эрх олгоно гэж заасныг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй.

Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/7... дугаар захирамж нь нэхэмжлэгч Н.А-д газар эзэмших эрх үүсгээгүй бөгөөд нэхэмжлэгч Н.А гийн газар эзэмших эрхийн хугацааг сунгасан захирамж байхад уг захирамжийг нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүсгэсэн захирамж мэтээр дүгнэж маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь үндэслэлгүй болжээ.

4.8. Мөн хариуцагч нь маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/60.. дугаартай захирамжаар нэхэмжлэгч Б.С , Н.Г нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгчид Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1196 дугаар захирамжаар маргаан бүхий газрыг эзэмшүүлэхдээ хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу газар эзэмших эрх олгоно гэж заасныг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дугаар сарын 13-ны өдрийн А/1196 дугаар захирамж нь нэхэмжлэгч Б.С , Н.Г нарт газар эзэмших эрх үүсгээгүй бөгөөд эзэмшигчийн нэр өөрчлөн, газрын зориулалтыг өөрчилж, эзэмших хугацааг шийдвэрлэсэн захирамж байхад уг захирамжийг нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх үүсгэсэн захирамж мэтээр дүгнэж маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь үндэслэлгүй байна.

4.9. Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, хариуцагч нь маргаан бүхий захиргааны актуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ. гэж заасан үүргээ хэрэгжүүлэлгүйгээр маргаан бүхий захиргааны актуудыг гаргасан байна гэж үзэхээр байна.

4.10. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн А/5... , А/60.. дугаар захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан иргэн Н.А, Б.С, Н.Г нараас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/5... дугаар, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/60.. дугаар захирамжуудыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Засаг дарга /Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар/-аас гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ