| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 128/2024/0975/3 |
| Дугаар | 221/МА2025/0573 |
| Огноо | 2025-09-04 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2025/0573
БНСЛ улсын
7 иргэний нэхэмжлэлтэй захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал
Илтгэсэн шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т,
Нэхэмжлэгч: БНСЛ Улсын иргэн SFAI, BCB, KA, SD, BF, SA, KS
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 356 дугаар шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т, хариуцагч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2024/0975/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 356 дугаар шийдвэрээр:
“Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 8.1.6, 16 дугаар зүйлийн 16.2, 27 дугаар зүйлийн 27.3.3, 35 дугаар зүйлийн 35.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан Нэхэмжлэгч БНСЛ Улсын иргэн SFAI, BCB, KA, SD, BF, SA, KS нараас Гадаадын иргэн харьяатын газар болон Гадаадын иргэн харьяатын газрын Зөрчил шалган шийдвэрлэх газрын хяналтын улсын байцаагч Б.Бд тус тус холбогдуулан гаргасан “Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын улсын байцаагч Б.Бийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр үйлдсэн УБ**/***-23, УБ**/***-24, УБ**/***-25, УБ**/***-26, УБ**/***-27, УБ**/***-28, УБ**/***-29 дугаар бүхий гарах сануулга гэх захиргааны акт тус бүрийг хүчингүй болгуулах болон Гадаадын иргэн харьяатын газар Виз зөвшөөрлийн газрын дарга Д.А-ын виз хүчингүй болгосон захиргааны актыг /систем дээр визийг нь хүчингүй болгож бүртгэсэн үйлдэл/ хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
2.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.
2.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-т заасан шүүхийн шийдвэрийг гаргах үндэслэлгүй тухай:
Анхан шатны шүүх Гадаадын иргэн харьяатын газар болон Гадаадын иргэн харьяатын газрын Зөрчил шалган шийдвэрлэх газрын хяналтын улсын байцааг Б.Бийн шийдвэрүүдийг хуульд нийцсэн гэх агуулгаар дүгнэсэн. Тодруулбал:
Анхан шатны шүүхийн шийдвэрийн 11-р тал, үндэслэх хэсэгт"... Нэхэмжлэгч нар нь Монгол Улсад суралцах хэлбэрийн Е2 төрлийн оршин суух зөвшөөрөлтэй атлаа ажил эрхэлсэн, холбогдох хууль тогтоомж зөрчсөн болох нь хариуцагчаас хийсэн хяналт, шалгалтын баримтууд авагдсан иргэн Д.Э-ын гомдол, Д.Э-тай хийсэн ярилцлагын тэмдэглэл, И их сургуулийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 24/101 дугаар тушаал, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 24/102 болон 24/103 дугаар албан бичгүүд, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна. Иймд дээр тайлбарласан, үйл баримтуудад үндэслэн дүгнэхэд, нэхэмжлэгч нэр бүхий гадаадын 7 иргэний оршин суух зөвшөөрлийг цахим системд хүчингүй болгосон хариуцагчийн үйлдэл болох тус газрын хяналтын улсын байцаагчийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн УБ**/***-23-с, УБ**/***-29 хүртэл дугаар бүхий "Гарах сануулга"-ууд нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" зарчимд нийцсэн байна гэж үзлээ..." зэрэг дүгнэлтүүдийг хийсэн.
Энэ нь дараах байдлаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй хэмээн гэж үзэж байна. Үүнд:
2.2.Оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийг бичгээр гаргаагүй цаг хугацааны хувьд гарах сануулга гарсны дараа систем дээр бүртгэх шийдвэр гарсан тухайд:
Анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ (12 дахь тал) хариуцагч оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрээ бичгээр гаргаагүйг мөн гарах сануулга гарсны дараа хүчингүй болгосон шийдвэр гарсныг хэлбэрийн төдий, техникийн шинжтэй алдаа гэж хэмээн үзсэн нь ундэслэлгүй юм. Учир нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 35.1-д "Энэ хуулийн 27.3-т заасан үндэслэлээр оршин суух зөвшөөрөл олгоогүй, эсхүл урьд олгосон зөвшөөрлийг хүчингүй болгосон буюу зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан бол Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тус улсаас сайн дураараа гарахыг гадаадын иргэнд сануулна.", Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 194 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам"-н 12.3 "Гадаадын иргэнд хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл олгох, сунгахаас татгалзсан тохиолдолд гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тус улсаас сайн дураараа гарахыг сануулж, оршин суух үнэмлэхийг хураан авч хүчингүй болгоно." гэж тус тус заасан байна. Дээрх заалтуудаас үзвэл тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Гадаадын иргэн, харьяатын газраас оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгосон захиргааны актыг бичгээр (Захиргааны ерөнхий хуулийн 40.1, 41.1-д заасны дагуу бичгээр гаргах шаардлагатай) гаргасны дараа rapax сануулгыг холбогдох хүмүүст гарах сануулгыг хүргүүлэхээр байна. Ингэснээр нэхэмжлэгч нарын олон улсын эрх зүйгээр баталгаажсан эрх, эрх чөлөө нь хангагдах суурь нөхцөл болох юм. Гэтэл хариуцагч Б.Б-н зүгээс анхан шатны шүүх хуралдаанд өгсөн хариу тайлбар болон хэлэлцүүлгийн үе шатанд өөрийн гаргасан гарах сануулгыг оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгосон захиргааны акт мөн хэмээн тайлбарыг хийсэн бол анхан шатны шүүх дүгнэхдээ "Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийг бичгээр гаргадаггүй нь хариуцагчийн алдаа байх ба мөн оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгож цахим системд бүртгэгдсэн огноо цаг хугацааны хувьд гарах сануулгаас өмнө байх ёстой атал системд бүртгэгдсэн огноо 2024 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр, гарах сануулга 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр үйлдэгдсэн байгаа нь хариуцагчийн захиргааны байгууллагын алдаа байх хэдий ч энэ нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах хэмжээний үндэслэл болж чадахгүй байна гэж шүүх үзлээ" хэмээн дүгнэсэн нь хуулийг буруугаар ойлгож хэрэглэж нөхцөлийг бий болгосон үндэслэлгүй, хуульд нийцээгүй дүгнэлтийг хийсэн байна.
2.3.Оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл бий болсон тухайд:
Анхан шатны шүүхээс "нэхэмжлэгч нар нь Монгол Улсад суралцах хэлбэрийн Е2 төрлийн оршин суух зөвшөөрөлтэй атлаа ажил эрхэлсэн, холбогдох хууль тогтоомж зөрчсөн болох нв хариуцагчаас хийсэн хяналт шалгалтын баримтуудаар авагдсан иргэн Д.Э-ын гомдол, Д.Э-тай хийсэн ярилцлагын тэмдэглэл, Э.Эд-тай хийсэн ярилцлагын тэмдэглэл, И их сургуулийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 24/101, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 24/102 болон 24/103 дугаар албан бичгүүд, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна." гэж дүгнэсэн үндэслэлгүй болжээ. Учир нь хариуцагч Б.Б нь 2024 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 03/149 дугаар илтгэх хуудсан дээрээ Д.Э-аас ирсэн гомдлын дагуу хяналт шалгалт хийх явцад тогтоогдсон үйл баримтыг зөрчил шалган шийдвэрлэх газрын дарга Х.Б-д хүргүүлсэн байх бөгөөд тус илтгэх хуудас (ХХ-154 дэх тал) дээрээ хөдөлмөр эрхэлж визний зөрчил гаргасан талаар бус уригч байгууллагын сургуулиас чөлөөлсөн тушаал, хасалт хийлгэх хүсэлтийг үндэслэн дээрх нэр бүхий 7 иргэнийн оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгох, сайн дураар гарахыг сануулах саналыг хүргүүлсэн байсныг Х.Б нь хүлээн авч саналыг нь дэмжиж Үүрэг, даалгавар өгсөн байгаа нь харагдаж байна. Үүнээс үзвэл хяналт шалгалтын явцад нэр бүхий 7 иргэний хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бий болсон талаар баримтыг цуглуулаагүй буюу яг хэд нь хөдөлмөр эрхэлсэн цалин мөнгө авдаг эсэх хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх талаар мэдээлэл цуглуулаагүй буюу зөвхөн уригч байгууллагын саналыг үндэслээд шийдвэрлэсэн байхад анхан шатны шүүх визний зөрчилтэй байна хэмээн дүгнэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй хууль нийцээгүй хэмээн үзэх боломжтой. Үүнтэй холбоотойгоор хариуцагч Б.Б нь шүүх хуралдааны үеэр уригч байгууллага тушаалаа цуцлаад эргэн суралцуулсан тохиолдолд Гадаадын иргэн, харьяатын газраас албадан гаргах арга хэмжээ авахгүй буюу нэхэмжлэгч нар нь Монгол Улсад оршин суух эрхтэй гэх агуулга бүхий тайлбарыг хэлсэн байдаг. Мөн Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон И их сургуулийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 24/101, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 24/102 болон 24/103 дугаар албан бичгүүдэд хөдөлмөр эрхлэлтэй холбоотой ямар ч агуулга байхгүй юм.
2.4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тухайд:
Нэхэмжлэгч нэр бүхий 7 иргэний зүгээс уригч байгууллага болох И дээд сургуулийг сургалтын гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан 2024 оны 10 дугаар сарын 21- ний өдрийн 24/101 тоот захирлын тушаалтай (хариуцагч Б.Б нь тус тушаалыг илтгэх хуудас болон шүүх хуралдааны явцад гол үндэслэл болсон хэмээн тайлбарладаг) холбоотойгоор хариуцагчаар татан "Гэрээг нэг талын санаачилгаар дангаар цуцалсан И дээд сургуулийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 24/101 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасны дагуу суралцагчид буюу нэхэмжлэгч нартай байгуулсан "Сургалтын хариуцлагын гэрээ"-ний үүргээ биелүүлэхийг И дээд сургууль НҮТББ-д даалгах" нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд тус маргааныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх иргэний хэрэг үүсгэх үндэслэл байна хэмээн үзэж Иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гарган хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжийн хуулбар хувийг хавсарган ЗХШХШТХ-ийн 65.1.3-д заасныг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан боловч анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь ЗХШХШТХ-г ноцтой зөрсөн нь хэмээн үзэж байна.
Иймд Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын улсын байцаагч Б.Б- н 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн УБ**/***-23, УБ**/***-24, УБ**/***-25, УБ**/***-26, УБ**/***-27, УБ**/***-28, УБ**/***-29 дугаартай гарах сануулга тус бүрийг хүчингүй болгох, Гадаадын иргэн харьяатын газар Виз зөвшөөрлийн газрын дарга Д.А-ын виз хүчингүй болгосон захиргааны актын /систем дээр визийг нь хүчингүй болгож бүртгэсэн үйлдэл/ хувьд ЗХШХШТХ-ийн 106.3.14-т заасан шүүхийн шийдвэрийг гаргах бус нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлтэй байсан гэж үзэж байна.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
1.БНСЛ улсын 7 иргэнээс Гадаадын иргэн харьяатын газар, Гадаадын иргэн харьяатын газрын Зөрчил шалган шийдвэрлэх газрын хяналтын улсын байцаагч Б.Бд тус тус холбогдуулан дараахь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг гаргажээ:
1.1.Гадаадын иргэн харьяатын газрын Визийн зөвшөөрлийн газрын дарга Д.А-ын виз хүчингүй болгосон захиргааны актыг /систем дээр визийг нь хүчингүй болгож бүртгэсэн үйлдэл/ хүчингүй болгуулах.
1.2.Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын улсын байцаагч Б.Бийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр үйлдсэн УБ**/***-23, УБ**/***-24, УБ**/***-25, УБ**/***-26, УБ**/***-27, УБ**/***-28, УБ**/***-29 дугаар бүхий “Гарах сануулга” гэх захиргааны акт тус бүрийг хүчингүй болгуулах.
1.3.Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлийг “...хариуцагч нь гагцхүү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шалган тогтоох байсан. Гэтэл байцаагч Б.Б нь хуульд заасны дагуу шалгалтын ажиллагааг явуулж, баримт нотолгоог бүрдүүлэлгүйгээр суралцаж буй сургуульд албан шаардлага хүргүүлэх, утсаар дарамт шахалт үзүүлэх замаар сургуулиас хасах шийдвэр гаргуулж, “гарах сануулга” гэх актыг нэхэмжлэгч нарт гардуулж, оршин суух үнэмлэхийг хурааж авсан нь хууль зөрчсөн” гэж тайлбарлан маргажээ.
2.Маргааны үйл баримтын тухайд:
2.1.Хариуцагч Гадаадын иргэн харьяатын газраас нэхэмжлэгч БНСЛ улсын 7 иргэнд Е2 ангиллын буюу дээд сургуулиуд суралцахаар ирсэн гадаадын иргэнд олгодог визийг болон Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл олгожээ.
2.2.Иргэн Д.Э-аас 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Гадаадын иргэн харьяатын газарт “Монгол улсад зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж буй гадаадын 7 иргэнийг Монгол Улсад зорчих виз болон оршин суух зөвшөөрөл гаргаж өгсөн “И” Их сургуулийн үйл ажиллагааг шалгаж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү" гэх гомдлын[1] дагуу гадаадын иргэний хяналтын улсын байцаагч Б.Б нь зөрчлийг шалгах ажиллагааг явуулсан байна.
2.2.Зөрчлийг шалгах явцад улсын байцаагч Б.Б нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “И” Их сургууль дээр очиж шалгалт явуулж, иргэн Э.Эд-, Д.Э- нартай ярилцлага хийн, уригч “И” Их сургуулийн захиралд 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр УБ**/***-15 дугаартай албан шаардлага хүргүүлэх зэрэг ажиллагааг[2] явуулжээ.
2.3.Дээрх улсын байцаагчийн албан шаардлагын дагуу “И” Их сургуулийн захирлын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 24/101 дүгээр тушаалаар[3] СЛ улсын нэр бүхий 7 оюутныг сургуулиас чөлөөлж, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 24/103 дугаар албан бичгээр[4] Гадаадын иргэн харьяатын газарт “...Е2 төрлийн оршин суух зөвшөөрлийн хасалт хийх тухай” хүсэлт гаргасан байна.
2.4. Хариуцагч Б.Б нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гаргасан 05/149 дүгээр Илтгэх хуудсаар[5] “...Засгийн газрын 2021 оны 194 дүгээр тогтоолоор баталсан “Гадаадын иргэн Монгол Улсын оршин суух болон түүнийг бүртгэх журам”-ын 12 дахь хэсгийн 12.5-д “Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь уригч байгууллагын албан бичгийг үндэслэн оршин суух бүртгэлээс хасалт хийнэ” гэж заасны дагуу БНСЛ улсын 7 иргэний Е2 оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгох, сайн дураараа гарахыг сануулах” саналыг гаргасан байна.
2.5.Улмаар маргаан бүхий 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн УБ**/***-23, УБ**/***-24, УБ**/***-25, УБ**/***-26, УБ**/***-27, УБ**/***-28, УБ**/***-29 дугаар бүхий “Гарах сануулга”[6]-ыг үйлдэж, эдгээр сануулгат “Гадаадын эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасны дагуу БНСЛ улсын нэр бүхий 7 иргэнийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасны дагуу гаргах сануулгыг авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор Монгол Улсаас сайн дураараа гарах үүрэгтэй болохыг сануулж, сануулгыг биелүүлээгүй бол Монгол Улсаас албадан гаргах болох”-ыг анхааруулжээ.
2.6.Үүний дараа Гадаадын иргэн, харьяатын газрын Цахим виз хүсэлтийн системд “Хяналтын улсын байцаагчийн 2024-10-31-ний өдрийн 05/149 дугаар илтгэх хуудсаар уригчийн хүсэлтээр оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгож, гарах сануулга өгсөн, 2024-11-17-ны өдрөөр хасалт хийгдсэн байна. Иймд оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгох саналтай.” гэсэн хяналтын улсын байцаагчийн саналыг үндэслэн Гадаадын иргэн харьяатын газар виз зөвшөөрлийн газрын дарга Д.А-аас 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч гадаадын иргэдийн визийг татгалзаж, хүчингүй болгож шийдвэрлэсэн төлөвтэйгөөр цахим мэдээллийн санд тус тус бүртгэсэн[7] үйл баримт тогтоогдож байна.
3.Маргааны тохиолдолд хэрэглэгдэх хууль, журмын зохицуулалтын тухайд:
3.1.Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Гадаадын иргэнд Монгол Улсын нутаг дэвсгэрт дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно,” 8.1.5-д “хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр зөвшөөрөлтэй эрхлэхээр заасан үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулах,” 8.1.6-д “Монгол Улсын виз, оршин суух, бүртгүүлэх журам зөрчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх, шилжин суурьших,” 16 дугаар зүйлийн 16.1-т “Визийг дараахь байгууллага олгоно:”, 16.1.2-т “гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага”, 16.2-т “Виз олгох байгууллага нь Монгол Улсын хууль тогтоомж болон виз олгох журмын дагуу зохих ангиллын визийг олгох, олгохоос татгалзах, ангиллыг өөрчлөх, хугацааг сунгах, хүчингүй болгох бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.”, 27 дугаар зүйлийн 27.3-т “Дараахь тохиолдолд гадаадын иргэнд Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл олгохоос болон уг зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзах буюу хүчингүй болгож болно:”, 27.3.3-т “энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа явуулсан,” 35 дугаар зүйлийн 35.1-д “Энэ хуулийн 27.3-т заасан үндэслэлээр оршин суух зөвшөөрөл олгоогүй, эсхүл урьд олгосон зөвшөөрлийг хүчингүй болгосон буюу зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан бол Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тус улсаас сайн дураараа гарахыг гадаадын иргэнд сануулна” гэж тус тус заасан байна.
3.2.Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор батлагдсан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-ын 12.3-т “Гадаадын иргэнд хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл олгох, сунгахаас татгалзсан тохиолдолд гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор тус улсаас сайн дураараа гарахыг сануулж, оршин суух үнэмлэхийг хураан авч хүчингүй болгоно”, 12.4-т “Гадаадын иргэн, түүнийг уригч дараахь үүрэгтэй:”, 12.4.3-т “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөр аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах, ажиллуулахгүй байх”, 12.5-д “Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь уригч байгууллагын албан бичгийг үндэслэн оршин суух бүртгэлээс хасалт хийнэ”, Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын виз олгох журам”-ын 2.4-т “Суралцах зорилгоор ирэх гадаадын иргэнд дараахь ангиллын виз олгоно:”, 2.4.2-т ““E2” ангиллын визийг дээд боловсролын байгууллагад суралцахаар ирэх гадаадын иргэнд”, 8.2-т “Виз, визийн зөвшөөрлийг дараахь үндэслэлээр хүчингүй болгоно:”, 8.2.8-т “гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн санал, дүгнэлт” гэж тус тус заасан байна.
3.3.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.3-т “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ.”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж зохицуулсан.
4.Дүгнэлт:
4.1.Хууль болон журмын дээрх зохицуулалтаас дүгнэхэд, гадаадын иргэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн нь тогтоогдсон нөхцөлд түүний оршин суух зөвшөөрөл, визийг хүчингүй болгох, оршин суух зөвшөөрөл, визийг сунгахаас татгалзахаар, ийнхүү оршин суух зөвшөөрөл, визийг хүчингүй болгосон, эсхүл сунгахаас татгалзсан шийдвэр гарсан тохиолдолд тухайн гадаадын иргэнийг Монгол Улсаас сайн дураараа гарахыг сануулах шийдвэрийг гаргах процесс ажиллагаа (шийдвэр гаргах ажиллагаа)-г тодорхой зохицуулжээ.
4.2.Маргааны тохиолдлын хувьд, хариуцагчаас 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Монгол Улсаас сайн дураар гарахыг сануулсан “Гарах сануулга”-ыг нэхэмжлэгч нарт гардуулсны дараа буюу 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр цахим виз хүсэлтийн системд нэхэмжлэгч нарын оршин суух эрх, визийг хүчингүй болгож /татгалзаж/ шийдвэрлэсэн нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т заалт болон Монгол Улсын Засгийн газрын 2021 оны “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”-ын 12.3-т заасан шийдвэр гаргах ажиллагаа /процесс ажиллагаа/-ны дарааллыг зөрчжээ.
4.3.Гэтэл анхан шатны шүүх “...оршин суух зөвшөөрлийг хүчингүй болгож цахим системд бүртгэсэн огноо цаг хугацааны хувьд гарах сануулгаас өмнө байх ёстой атал системд бүртгэсэн огноо 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр, гарах сануулга 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр үйлдэгдсэн байгаа нь хариуцагч захиргааны байгууллагын алдаа байх хэдий ч энэ нь нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах хэмжээний үндэслэл болж чадахгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.
4.4.Хариуцагчаас давж заалдах шатны шүүх хуралдаанд “...Систем дээр бүртгэж байж зөвшөөрөл нь хүчингүй болж байгаа биш гарах сануулгыг гардуулснаар оршин суух зөвшөөрөл хүчингүй болж байгаа бөгөөд бусад хүчингүй болгох ажиллагаа мөн ийм процессоор явагддаг” гэх тайлбарыг шүүхээс хүлээн авч, захиргааны байгууллагын шийдвэр үйл ажиллагааг зөвтгөх үндэслэлгүй байна.
4.5.Түүнчлэн хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч гадаадын 7 иргэн тус бүрд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн нөхцөл байдлыг хангалттай, бүрэн тогтоогоогүй гэж үзэхээр байна.
Тодруулбал, нэхэмжлэгч гадаадын иргэд нь Монгол Улсад суралцахдаа амьжиргааны наад захын хэрэгцээгээ ямар санхүүжилтийн эх үүсвэрээр хангаж байгаа нөхцөл байдлыг тогтоогоогүй, шалгалтын явцад авагдсан иргэдийн мэдээлэлд дурдагдсан ажил, хөдөлмөр нь нэхэмжлэгч 7 иргэн бүгд хамаарч байгаа эсэх, тэднийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлснийг ямар баримт, үндэслэлээр тогтоож байгаа нь тодорхойгүй, нэхэмжлэгч нар нь тухайн хөдөлмөрийг сайн дураараа эрхэлж зөрчил гаргасан, эсхүл аливаа хууль бус албадан хөдөлмөрлүүлэх үйл ажиллагааны хохирогч болсон гэдэг нь мөн тодорхойгүй, тухайн ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг болон нэхэмжлэгч гадаадын иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг хангалттай тогтоогоогүй атлаа хариуцагч нараас нэхэмжлэгч гадаадын иргэдийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн зөрчил үйлдсэн гэж буруутган илтгэх хуудас үйлдэж, оршин суух зөвшөөрөл, визийг цуцалж, гарах сануулга өгсөн шийдвэрүүд нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийг зөрчсөн, хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
4.6.Мөн эдгээр шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгч гадаадын иргэдийн Монгол Улсад хууль ёсны дагуу оршин суух эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээр байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн маргаан бүхий шийдвэрүүдийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх нь зүйтэй байна.
4.7.Түүнчлэн нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... хяналт шалгалтын явцад нэр бүхий 7 иргэний хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бий болсон талаар баримтыг цуглуулаагүй буюу яг хэд нь хөдөлмөр эрхэлсэн цалин мөнгө авдаг эсэх хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэх талаар мэдээлэл цуглуулаагүй буюу зөвхөн уригч байгууллагын саналыг үндэслээд шийдвэрлэсэн байхад анхан шатны шүүх визний зөрчилтэй байна хэмээн дүгнэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй хуульд нийцээгүй” гэх давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг тус тус ханган шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 356 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 27 дугаар зүйлийн 27.3.3, 35 дугаар зүйлийн 35.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч БНСЛ улсын 7 иргэний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Гадаадын иргэн, харьяатын газрын хяналтын улсын байцаагч Б.Бийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр үйлдсэн УБ**/***-23, УБ**/***-24, УБ**/***-25, УБ**/***-26, УБ**/***-27, УБ**/***-28, УБ**/***-29 дугаар бүхий гарах сануулга бүхий захиргааны акт тус бүрийг, Гадаадын иргэн харьяатын газар Виз зөвшөөрлийн газрын дарга Д.А-ын виз хүчингүй болгосон захиргааны актыг /систем дээр визийг нь хүчингүй болгож бүртгэсэн үйлдэл/ тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ