Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 77

 

           Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн М.Сандуйжавт холбогдох 201601070201  дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

                Нарийн бичгийн дарга:                        Б.Одгэрэл

                Улсын яллагч:                                      Ж.Бүрэнжаргал

                Хохирогч:                                              Э.Энхманлай

     Шүүгдэгч:                                                    М.Сандуйжав нар оролцов.

           

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 5 дугаар сарын 18-ний өдөр Улаанбаатар хот Баянгол дүүрэгт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд  боловсролтой, мэргэжилгүй, ХААИС-ийн 4 дүгээр дамжааны оюутан,  ам бүл 2,  ээж Д.Баярхүүгийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо Хуцаагийн 5 дугаар гудамжны 8 тоот хашаанд оршин суух, Боржигон овгийн Мөнхсүрэнгийн Сандуйжав. /РД:УШ94051818/

  М.Сандуйжав нь гээгдэл буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч  М.Сандуйжавын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

“Би 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 8 дугаар сарын 2-ны өдөр хүртэл Их суудал бааранд зөөгчөөр ажилласан юм. 7 дугаар сарын сүүлээр ажиллаж байхдаа 18 дугаартай ширээний бохирыг цэвэрлэж байгаад сандал дээрээс нь гар утас олсон. Эзэн нь ирээд авах байх гэж бодоод 1 хонуулсан юм. Гэтэл тэр утасных нь цэнэг дуусаад унтарчихсан. Маргааш нь нэг хүн гар утсаа сураглаж ирснийг бармен Ганаа мэдэхгүй гэж хариулсан гэж ярьсан ба нэр, хаягийг нь аваагүй явуулсан байсан. Би гар утасны эзнийг дахиад ирэх байх гэж бодоод олсон гар утасаа 8 дугаар сарын эхэн хүртэл хадгалсан. Хадгалах хугацаандаа өөрийнхөө 91148282 дугаартай сим картыг хийгээд хэрэглэж байгаад 8 дугаар сарын 10-даар Улаанбаатар хотод 600 000 төгрөгөөр зарсан. Олсон зүйл ашиглавал гэмт хэрэг болдгийг мэддэггүй байсан. Маш их гэмшиж байна ” гэсэн мэдүүлэг

 

            Хохирогч Э.Энхманлайгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

 “Би 2016 оны 7 дугаар сарын 30-ны орой 22 цагийн үед найз Бүрэнжаргалын хамт Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их суудал” бааранд орсон юм. Би найзтайгаа 2 шил пиво ууж суугаад гэр лүүгээ харьсан. Гэртээ ороод өмднийхөө халаасанд байсан утсаа үзтэл байхгүй байсан. Миний утас Samsung galaxy s7 edge маркийн  мөнгөлөг саарал өнгийн утас байсан. 2016 оны 6 дугаар сард Хонконг руу хүнд захиж 1 400 000 төгрөгөөр авчруулсан юм. Одоо мөрдөн байцаалтад үнэлэгдсэн үнэлгээгээр нэг сая төгрөгийг авч хохиролгүй болсноор эвлэрлийн гэрээ хийсэн. Гомдол саналгүй” гэсэн /шүүхийн хэлэлцүүлэг, хх- 26 дугаар хуудас/

Скайтел ХХК-ний албан бичигт 357220079524727 имей кодтой утсанд 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 97691148282 дугаар бүртгэгдсэн байна” гэжээ. /хх-17 хуудас/

  Скайтел ХХК-ний албан бичигт “91148282 дугаарын эзэмшигч нь Дашнямын Баярхүү, РД:НП70050361, Улаанбаатар хот Багануур дүүрэг 1 дүгээр хороо хуцаагийн 5 дугаар гудамжны 8 тоотод оршин суух хаягтай” гэжээ. /хх-20 хуудас/

Гэрч Д.Баярхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“Миний нэр дээр бүртгэлтэй байдаг 91142828 дугаарыг манай хүү М.Сандуйжав ашиглаад 3 жил болж байна. Надад утас олсон талаар юм яриагүй гэсэн мэдүүлэг /хх-н 27-28 дугаар хуудас/

            Эд зүйлийн үнэлгээнд “Samsung galaxy s7 edge” маркийн гар утсыг 1 000 000  төгрөгөөр үнэлсэн” тухай үнэлгээ /хх-н 8-р хуудас/

М.Сандуйжавын урьд ял шийтгэлгүй тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 53 хуудас/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:

 

Шүүгдэгч М.Сандуйжав нь  2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Багануур дүүргийн 5-р хороо Их суудал баарнаас “Samsung-7” маркийн гар утсыг олж  симийг нь өөрийн 91142828 дугаар бүхий симээр сольж хэрэглэж байгаад 600 000 төгрөгөөр худалдаж мөнгийг ашиглаж иргэн Энхманлайд 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “би утсыг ширээн дороос олоод өөрийн дугаарыг хийж ашиглаж байгаад 600 000 төгрөгөөр борлуулсан нь үнэн гэсэн мэдүүлэг, хохирогч Э.Энхманлайн “Багануур дүүрэг дэх “Их суудал” бааранд найзтайгаа 2 шил пиво уугаад харьсан ба өмднийхөө халаасанд хийсэн Samsung galaxy s7 edge маркийн  утсаа үзтэл байхгүй байсан” гэсэн мэдүүлэг,  Скайтел ХХК-ний “357220079524727 имей кодтой утсанд 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 91148282 дугаар бүртгэгдсэн байна” гэсэн мэдээлэл, Гэрч Д.Баярхүүгийн “Миний нэр дээр бүртгэлтэй байдаг 91142828 дугаарыг манай хүү М.Сандуйжав ашиглаад 3 жил болж байна” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүгдэгч нь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан гэрч Д.Баярхүү Скайтел компанаас авсан лавлагаа, хохирогчийн мэдүүлэг зэргээр давхар батлагдаж байна. Эдгээр мэдүүлэг, бичгийн баримтууд нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, үйлдэлд шууд хамааралтай байна.

 Иймд нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, эх сурвалж нь тогтоогдсон үнэн зөв баримт мөн гэж дүгнэв.

 Сандуйжавыг яллагдагчаар татсан тогтоолд “Яллагдагчийг санамсаргүй олдсон эд зүйл буюу гээгдэл эд хөрөнгө  завшсан хэрэгт холбогдуулсан ба гар утас тухайн баарны үйлчлүүлэгчийн ширээ, сандал орчмоос олдсон тул хэн хэдийд гээгдүүлсэн нь тодорхой байсныг үндэслэн санамсаргүй олдсон эд хөрөнгө биш, харин гээгдэл эд хөрөнгө үзэхээр байна.

Шүүгдэгч Сандуйжав нь гээгдэл эд хөрөнгийг ашигласан үйлдэлдээ санаатай хандсан нь утсанд байгаа мэдээллээр асууж эзнийг тодруулах боломж байсаар байхад санаачлага гаргаагүй, МУ-ын Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсгийн “Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй””гэснийг зөрчсөн зэрэг үйлдлээр нь тогтоогдож байна.

Сандуйжав би хууль мэдэхгүйн улмаас ийм гэмт хэрэгт холбогдсон гэж мэдүүлсэн ба МУ-ын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн 1 дэх заалтын “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх үүрэгтэй” гэж заасан тул шүүгдэгчийн энэ  тайлбар нь хуулийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй болно. 

.Иймд М.Сандуйжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Сандуйжав нь хохирогч Э.Энхманлайд эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд  1 000 000 төгрөг төлсөн нь мөнгө хүлээлцсэн баримтаар /хх-н  73/ тогтоогдож байх тул шүүгдэгч М.Сандуйжавыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. Мөн хохирогч Э.Энхманлай нь “М.Сандуйжав нь хохирлоо барагдуулсан тул гомдолгүй, хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг /хх-н 74/ шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалтад зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдах ба тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-53/ тогтоогдсон болно.    

М.Сандуйжав нь гээгдэл эд хөрөнгийг завшсан  гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байгаа боловч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсныг үндэслэн түүнийг Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

    Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286 дугаар зүйл,  290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч  Боржигон овгийн Мөнхсүрэнгийн Сандуйжавыг гээгдэл эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар  Боржигон овгийн Мөнхсүрэнгийн Сандуйжавыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Мөнхсүрэнгийн Сандуйжавт холбогдох Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  4. Энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.Сандуйжавт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М.Сандуйжав нь хохирогч Э.Энхманлайд гэм хорын хохирол 1 000 000 /нэг сая/ төгрөг төлснийг дурдсугай.
  6. М.Сандуйжавт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдоогүй ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор гэм буруутай этгээд болон хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Д.ОЮУНБАТ