Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар   2023/ШЦТ/966

 

 

 

  2023          7           05                                      2023/ШЦТ/966

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Б.Оюунцэцэг,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны ”Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ш овогт Т-н Г-т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2306 01847 0242 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 38, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "................." ХХК-д хамгаалалтын ажилтнаар ажилладаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .........................тоотод оршин суух. Урьд

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 332 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хууль /2002 он/-ийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуун/ хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/1083 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан.

Ш овогт Т.гийн Г /РД........................ /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол цэргийн музейн хашаан дотор 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.Мтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар хутгаар биед нь зүүн мөр, хэвлийд зүсэгдсэн шарх, нүүрэнд олон тооны зурагдлууд гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                           /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Мын өгсөн: "...2023 оны 3 дугаар сард өдрийг нь санахгүй байна. Г над руу фэйсбүүкээр залгаж маргалдсан. Дараа нь Монгол цэргийн музейн хажууд ганцаараа явж байгаад Г, Амартүвшин нартай тааралдсан. Тэр үед Мөрөн, Мөнхбаяр нар ирсэн. Г бид хоёр хоорондоо маргалдаад салсан, өөр онцын зүйл болоогүй." гэх мэдүүлэг /1хх-ийн 37 дахь тал/,

Гэрч М.Амартүвшингийн өгсөн: "...2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр би Хайлаастад гэртээ байж байхад миний найз Г над руу фэйсбүүкээр чат бичээд "би согтуу байна. Хүрч ирээд машин бариад өгөөч." гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд Монгол цэргийн музей дээр очсон. Би ирчихлээ гэж хэлэхэд Г музейн хажууд байдаг гэрээсээ гарч ирсэн. Гарч ирэхэд нь би машинаа хаана тавьсан юм бэ гэсэн чинь музейн урд талын зогсоол дээр байгаа гэхээр нь бид хоёр машин руу нь алхаад музейн хашаан дотор алхаж байсан. Тэгсэн чинь араас хоёр залуу ална аа гээд орилоод хүрээд ирсэн. Нэг нь эрүү хэсэгтээ сахалтай, бандгар шар царайтай, бэлтгэлийн бор өнгийн цамцтай, эрээн цэргийн юм шиг өмдтэй, хар өнгийн гуталтай, 30 гаран насны, 170 см орчим өндөртэй залуу түрүүлж гүйж ирээд баруун гартаа хар өнгийн гар буу гаргаж ирээд цэнэглээд Г руу чиглүүлээд чамайг ална аа гэж хэлсэн. Тэгээд бас нэг цагаан өнгийн нимгэн бэлтгэлийн цамцтай, шар өнгийн өмдтэй, хар цагаан өнгийн пүүзтэй, 30 гаран насны, боровтор царайтай, халимаг үстэй, 180 см орчим өндөртэй биеийн хөгжил зев залуу ирээд намайг нүүр лүү хальт цохиод чи цаашаа байж бай гэж хэлээд түлхсэн. Тэгээд л надаас зөрөөд манай найз руу дайраад маргаан үүсгээд тэгээд байж байсан чинь цагаан өнгийн приустэй хар цэнхэр өнгийн цувтай, хар цамцтай, жинсэн өмдтэй, том гэдэстэй 30 гаран насны 170 см орчим өндөртэй залуу машинтайгаа ирээд гольфын цохиуртай бууж ирсэн. Над руу чамайг ална шүү гэхээр нь би ах аа би ямар ч хамаагүй ээ гэж хэлэхэд хажуунаас анх гүйж ирсэн эрүүндээ сахалтай залуу цохиурыг нь булааж аваад манай найзыг цохиж эхэлсэн. Тэгэхээр нь би гүйж ороод салгаад манай найз согтуу байгаа юм аа, та нар асуудал байгаа юм бол эрүүл байхад нь ярьчих аа гэж хэлээд цохиур барьсан залууг тэврээд хойш нь машин руу нь ойртуулаад явчих аа гэж хэлсэн. Тэгсэн чинь машиндаа суучхаад машин дотроосоо Гыг машинд суучих аа гээд байсан. Тэгээд суухгүй байсан чинь буцаж бууж ирээд Гтай маргалдсан. Тэр хооронд хар цэнхэр цувтай залуу нь машинаараа ухраад Гыг машинаараа ухарч мөргөж унагаасан. Тэгээд тэр гурав дахиж бууж ирээд гурвуулаа Г луу дайраад байхаар нь би тойроод гүйгээд гарсан чинь Г эрүүндээ сахалтай залуугийн дээр гарчихсан цохиж байгаад нөгөө хоёр найз нь Гыг дээрээс нь цохиж байсан. Тэгээд би хажуунаас нь одоо больчих оо гээд орилсон чинь нөгөө цув өмссөн залуу чи  Гын гарт байгаа хутгыг нь аваадах аа гээд байхаар нь би баруун гарнаас нь барьсан байсан хутгыг нь авч халаасалсан. Тэгээд тэд нар босож ирээд бид нар явлаа гээд машиндаа суугаад явчихсан. Гын гарнаас хутгыг нь авахад хутга цус болчихсон байсан. Г хаанаасаа хутгатай болсныг мэдэхгүй байна. Гаас их цус гарсан байсан. Нэг мэдсэн чинь л хутгатай байсан." гэх мэдүүлэг /1 хх-ийн 48 дахь тал/,

Гэрч М.Амартүвшингээс дахин өгсөн "...Хэрэг болох үед гольфийн цохиур ашиглаж манай найз Гын биед махлаг, эрээн ногоон десант юм шиг өмдтэй, ямаан сахалтай эрэгтэй халдаж гэмтэл учруулсан тухай мэдүүлсэн. Тэр эрэгтэй Гын гар, хөл, нүүр, нуруу хэсэгт гольфийн цохиураар цохих үйлдэл хийж халдсан. Зодоон дууссаны дараа Гыг харахад түүний нүүрнээс цус гарсан. гар нь хавдчихсан зовиуртай болсон байсан. Тухайн үед махлаг, эрээн ногоон десант юм шиг өмдтэй, ямаан сахалтай эрэгтэйтэй хамт байсан нөгөө хоёр эрэгтэй бол Гын биед шууд халдаагүй. Өмнөх мэдүүлэгт дурдсанаар тээврийн хэрэгслээр нэг мөргөсөн. Өөрөөр халдаж гэмтэл учруулсан зүйл байхгүй. Сүүлдээ махлаг, эрээн ногоон десант юм шиг өмдтэй, ямаан сахалтай эрэгтэй Гтай зодолдож байхад зодооныг салгах гээд ноцолдоод байсан. Гын биед гэмтэл учруулаагүй. Харин Гтай маргалдаж асуудал үүсгэсэн. Тэр хоёр залууг би хэрэг болох үед Гаас холдуулах гэж саатуулсан учраас Гтай шууд зодоон хийгээгүй. Харин эхлээд Г руу дайраад байсан юм. Өмнөх мэдүүлэгтээ би Гыг тэр махлаг, эрээн ногоон десант юм шиг өмдтэй, ямаан сахалтай эрэгтэйтэй хамт байсан хоёр эрэгтэй нь цохиж байсан гэж мэдүүлсэн. Тухайн үед бужигналдаад сайн хараагүй учраас цохих үйлдэл хийсэн мэт харагдсан, одоо санаад байхад өмнө нь би болсон үйл явдлыг буруу сэргээн санаж мэдүүлсэн байна. Татах чангаах үйлдэл хийж Гыг тэр хоёр негее эрэгтэйгээсээ салгах гэж байсан тул би бас очиж салгасан. Тухайн үед Г махлаг, эрээн ногоон десант юм шиг өмдтэй, ямаан сахалтай эрэгтэйгийн дээр гарчихсан гартаа хутга барьчихсан байсан. Хутга Гын хаанаас гаргаж ирсэн тухай мэдэхгүй байна. Одоо би махлаг, эрээн ногоон десант юм шиг өмдтэй, ямаан сахалтай эрэгтэйг танина." гэх мэдүүлэг /1 хх-ийн 51 дэх тал/,

Гэрч Б.Азбаярын өгсөн: "...анх гараад харахад гольфийн цохиур барьсан эрэгтэй болон гартаа хутга барьчихсан эрэгтэй хоёр хоорондоо маргалдаад цаана нь 3 эрэгтэй бужигнаад байж байхаар нь шаардлага тавиад цагдаа дуудсан.... тухайн үед нөгөө гольфийн цохиуртай эрэгтэй болон хутгатай эрэгтэй нар хоорондоо зодолдоод эхэлсэн. Эхлээд гольфийн цохиуртай эрэгтэй нь цохиураараа негее хутгатай эрэгтэйг хэд хэдэн удаа нүүр гарын шуу болон бие хэсэгт нь цохисон. Хариуд нь хутгатай нөхөр нь дайраад хэд хэдэн удаа цавчих үйлдэл хийгээд нөгөө эрэгтэйг хутгаараа зүссэн. Тухайн зодоон болох үед хутгатай эрэгтэй цагаан приус загварын 9551 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр нөгөө эрэгтэйгээ хамгаалж хамт байсан хүн нь нэг удаа мөргөсөн. Тээврийн хэрэгслийг ямар хүн жолоодсон талаар одоо бол санахгүй байна. Ямар ч байсан хутгатай эрэгтэйг мөргөсөн. Нөгөө хутгатай эрэгтэй нь мөргүүлээд зүгээр босоод ирсэн. Босч ирээд Дахиад гольфийн цохиуртай эрэгтэй рүү дайрсан. Нөгөө гольфийн цохиуртай эрэгтэй нь зүсүүлээд цааш зугтаж байгаад газарт бүдэрч унасан ба нөгөө хутгатай эрэгтэй нь түүний дээрээс нь биед нь хутгалж дээр нь гарсан. Тухайн үед байсан   нөгөө гурван эрэгтэй нь тэр хоёрыг салгасан. Тэгээд зодоон дуусч салцгаасан. Тэр хоёрыг араас нь ирсэн хамт байсан гурван эрэгтэй нь салгах л үйлдэл хийсэн. Ямар нэгэн байдлаар хутгатай эрэгтэйг дээрээс нь нэмж зодоогүй... зодоон дууссаны дараа гольфийн цохиуртай эрэгтэйг хамт байсан хоёр эрэгтэй нь хутгалуулчихсан байна шүү дээ гээд л эмнэлэг явлаа гэж ярилцаж байгаад яваад өгсөн.... гартаа хутга барьчихсан эрэгтэй нь согтуу байсан ба зодоон болоод дуусахад амнаас нь цус гарсан, шуу нь хавдаж шалбарчихсан харагдсан." гэх мэдүүлэг /1 хх 58 дахь тал/,

Гэрч М.Лхагвасайханы "...2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр би ******* гэх хүн гэмтсэн гэх дуудлага мэдээлэлд ажилласан.... түүнтэй анх уулзахад тэрээр согтуу, зодуулсан байдалтай, нүүр нь хавдсан, нүүр хэсгээс нь цус шүүрсэн байдалтай байсан. Үзлэг хийхэд түүний толгойн орой хэсэг, баруун чамархай, зүүн шууны гадна дунд хэсгийн гуравны нэг хэсэгт хуучин тавлаж хатсан ил шарх байсан. Түүний биед шинээр үүссэн шарх гэвэл баруун хацар хэсэгт зулгарч шалбарсан ил шарх байсан ба зүүн талын шанаа хавдсан байсан тул түүнээс өөрөөс нь яагаад ийм болсон тухай асуухад тэрээр өөрөөр явж байгаад шатнаас унаад шатны төмөр бариул мөргөөд шинэ шарх үүсчихлээ гэж хариулт өгсөн. Би түүний биед үзлэг нарийвчлан хийх гэхэд тэрээр өвдөөд байна гээд уурлаад үзлэг хийлгэхээс татгалзаж маргаан хийгээд байхаар нь би түүний шархыг цэвэрлэж өгөөд Гэмтэл согог судлалын төв орж үзүүлээрэй гэж зөвлөгөө өгөөд явсан." гэх мэдүүлэг /1 хх-ийн 61 дэх тал/,

Гэрч Д.Нямдоржийн өгсөн: "...Н.М гэдэг хүн манай эмнэлгийн хүлээн авахад бусдад хутгалуулсан гэх өгүүлэмжтэй түргэн тусламжаар хүргэгдэн ирсэн байсанд манай гэмтлийн тасгийн эмч Б.Батцэнгэл үзэж эмнэлгийн тусламж үзүүлж, мэс засал хийлгэх шаардлагатай гэж тайлбарлаж байсан. Би өөрт нь болон ар гэрт мэс засал хийлгэх шаардлагатай гэж хэлсэн боловч Н.М өөрөө машинаа унаад явсан." гэх мэдүүлэг /1 хх-ийн 63 дахь тал/,

Гэрч Б.Батцэнгэлийн өгсөн:  "...тухайн өдөр М гэх хүн хүргэгдэн ирсэн ба түүнд би сувилагчийн хамт тухайн хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн. Менх-Учрал гэх хүн нь согтолтын зэрэг өндөртэй, их хэмжээний цус алдсан байсан болохыг тогтоогоод түүний биед үзлэг хийхэд зүүн мөрөнд босоо хэлбэртэй цавчигдсан мэт 10 см орчим шархтай, хэвлийн зүүн талд хүйсний харалдаа 3 см орчим хэмжээтэй хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шархтай байсан тул эхлээд биеийн дээд цус алдалт ихтэй шархыг ариутгаж, хэсгийн мэдээ алдуулалт хийж, хуруугаар шархны гүнийг шалгахад зүүн далны шаантаг ясыг тал цавчсан байсныг мэдээ алдуулж эхний ээлжинд цус алдалтыг тогтоож, шархыг оёсон. Дараа нь хэвийн хутгалагдсан шархыг ариутгаж хэсгийн мэдээ алдуулалт хийж, шархыг багажаар болон хуруугаар шалгахад хэвлийн хөндий рүү нэвтэрсэн байсан тул яаралтай хагалгаанд орох зорилгоор тус шархыг оёж хаасан. Тэгээд ар гэрт нь буюу эмчлүүлэгчтэй хамт ирсэн эмэгтэйд хагалгаанд орох тухай хэлсэн. Мын шархыг мэс заслын зажем багажаар шалгаж нэвтэрсэн эсэхийг тогтоосон болно." гэх мэдүүлэг /1 хх-ийн 66, 67 дахь тал/,

Гэрч Б.Чулуунцэцэгийн "...намайг харахад ногоон хантаазтай эрэгтэй нь гартаа хутга барьчихсан харагдсан. Харин нөгөө эрэгтэй нь эрээн өмдтэй байсан багартаа төмөр цохиур барьчихсан, барьсан цохиураараа нөгөө ногоон хантаазтай эрэгтэйг хэд хэд цохисон. Хутгатай залуу нь темер цохиур барьсан эрэгтэйгээ хөөгөөд хойноос нь яваад байсан боловч би тухайн хутгатай залуу нөгөө цохиур барьсан эрэгтэйгийн биед хэрхэн халдсан талаар мэдэхгүй байна. Сүүлд цагдаа нар ирэхэд нөгөө хутгатай залуу цохиур барьсан эрэгтэйг хутгалчихлаа гэж манайхан ярилцацгааж байсан. Надад яг тухайн үед бие биеийнхээ биед халдаж байгаа бичлэг нь байхгүй." гэх мэдүүлэг /1 хх-ийн 106 дахь тал/,

Гэрч Л.Болдбаатарын "...2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн ... 12-оос 14 цагийн хооронд байх цагийг нь тодорхой санахгүй байна. Музейд үзэгч ихтэй байсан учир дотор хяналтын камерт хяналт хийгээд байж байтал хүмүүс гадна шуугилдаад зодолдож байх чимээ гарсан. Би музейн гадна гараад хартал музейн хойд талд хашаан дотор улаан өнгийн энгийн суудлын машинтай хүмүүс хоорондоо чанга яриад зодолдож байсан. Би энэ тухай аж ахуйн дарга болон менежер Азбаяр нарт мэдэгдсэн. Тэд нар дуудлага өгсөн. Тухайн хүмүүс хоорондоо чи миний ар гэрийг заналхийлдэг хэн бэ гэсэн утгатай юм яриад байсан. Нэг залуу гар буу гаргаж ирээд гох дарсан чад гэсэн гох дарж буй чимээ гарсан ч сумгүй бололтой буудаж дуугараагүй. Буу бариад байсан залуу хаанаас ч юм нэг төмөр гольфийн цохиур гаргаж ирээд гартаа хутга барьсан залуугаас зугтаагаад төмрөөрөө цохиод байсан. Нүүр хэсэгт нь цохих шиг болсон. Хутгатай залуугийн нүүр нь хавдаад цус гарчихсан яваад байсан. Би музей дотор орж ирээд буцаад гартал манай ажлын зарим хүмүүс гадаа гарчихсан төмөр барьсан залуу хойшоо ухарч байгаад газар уначихсан. Дээрээс нь хутга барьсан залуу хутгалсан гэж хэлсэн. Хэн тэгэж хэлснийг нь би санахгүй байна. Хутгалчихлаа гэж хоорондоо ярьж байснаа 3 залуу нь машиндаа суугаад яваад өгсөн... гартаа буу, гольфийн цохиур барьсан залуу махлаг, таргандуу дунд зэргийн өндөртэй доогуураа цэргийн юм шиг шар алаг өмдтэй Дээгүүрээ хар хувцастай байсан. Гартаа хутга барьсан залуу өндөр биетэй, туранхайдуу биетэй, хар өнгийн хувцас өмссөн байсан.... гольфийн цохиур барьсан залуу хутгатай залуугаас ухраад урт иштэй цохиураараа цохиод яваад байсан. Гольфийн цохиур нь урт иштэй болохоороо ухарч байхдаа саваад цохиод байсан Миний харснаар гольфийн цохиураар 2-3 удаа цохиж авсан. Нэг цохилт нь нүүр хэсгийг нь онож, нүүрнээс нь цус гарч хавдсан байсан... хутгалах үед нь би музей дотор байсан. Музейгээс гараад ирэхэд манай ажлын хүмүүс 2 ч удаа хутгалчихлаа гэж ярьж байсан... намайг хутгалчихлаа писда гэж яриад 3 залуу машинд суугаад явахыг нь би сонссон... хутгатай байсан залуу анхнаасаа хутгатай байсан. Хэрэг болсны дараа цагдаа нар хутгыг хураагаад аваад явчихсан байсан. Гольфийн цохиурыг хэн хаашаа авч явсныг би мэдэхгүй байна." гэх мэдүүлэг /1 хх-ийн 108-110 дахь тал/,

 Гэрч С.Уранбилэгийн өгсөн: "...манай ажлын хашаан дотор цагаан өнгийн приус машинтай хэсэг эрэгтэй хүмүүс хоорондоо маргалдаж байсан. Хар хувцас өмссөн өндөр биетэй залуу гартаа хутга барьчихсан байсан бөгөөд тэр залуу руу 3 залуу дайраад байсан. Тэр 3 залуугийн нэг залуу нь доогуураа цэргийн гэмээр шар эрээн өмдтэй байсан бөгөөд гартаа нарийн төмөр барьчихсан хутга барьчихсан залууг хэд хэдэн удаа цохиж авсан. Миний харснаар төмрөөрөө нуруу, гар, толгой хэсэгт нь цохиод байсан. Сүүлдээ хутга барьсан залуу нь төмөр барьсан залууг хайсан хашаанд шахаж байгаад гэдэс орчимд нь нэг удаа хутгалчихсан. Би өөрийн нүдээр харснаа мэдүүлж байна. Хутгаар цээж рүү нь дүрсний дараа машиндаа суугаад 3 залуу нь яваад өгсөн бөгөөд хоорондоо хутгалчихлаа писда гээд ярилцаад яваад есген. Хутга барьсан залуу нэг залуутай үлдээд музейн баруун талаар гараад урд зүг рүү яваад өгсөн. Хутга барьсан залуугийн нүүрнээс цус гарчихсан байсан... Төмөр барьсан залуу төмрөө эргүүлж байгаад хутга барьсан залууг цохиод зугтаагаад байсан. Толгой, гар, нуруу хэсэгт нь цохиод байсан. Нилээн олон удаа цохиж авсан, миний харснаар 3-5 удаа цохих шиг болсон. Мөн цагаан приусээр хутгатай залууг холдуулах гээд дундуур нь ороод байсан." гэх мэдүүлэг /1 хх-ин 116, 117 дахь тал/,

 Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 4332 дугаартай "...Н.Мын зүүн мөр, хэвлийд зүсэгдсэн шарх, нүүрэнд олон тооны зурагдлууд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь ир, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоов. 4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон хугацаанд үүссэн байна. 5. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй." гэх дүгнэлт /1 хх-ийн 121, 122 дахь тал/,

Шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 508 дугаартай "...1. Н.Мд зүүн мөр, хэвлийд зүсэгдсэн шарх тогтоогдлоо. 2. ЦТЭ-ийн яаралтай тусламжийн хуудсанд урьдчилсан онош: Хэвлийн нэвт шарх гэсэн боловч хэрхэн тогтоосон, батлагдаагүй тул хэвлийн шархаар нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоов." гэх дүгнэлт /1 хх-ийн 125, 126 дахь тал/,

 Шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 680 дугаартай "...Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №4332 тоот дүгнэлт, хэргийн материалын шүүх эмнэлгийн шинжилгээ №508 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 2.Н.Мөнх- Учралын биед хацар, эрүүнд зурагдсан зулгаралт, зүүн мөр, хэвлийд зүсэгдсэн шарх гэмтлүүд учирчээ. 3. Дээрх гэмтлүүд нь хурц ир, ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." гэх дүгнэлт /1 хх-ийн 142-144 дэх тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 19-21 дэх тал/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, эд зүйл үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 23-26 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.М нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 1,000.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухай эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийн хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, ажлын хэсэг нь 12 см урттай хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон     

                                               ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Т-гийн Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, ажлын хэсэг 12 см урттай 1 ширхэг хутгыг устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.   

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.МӨНХТУЯА