Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2020/00065

 

                                     

 

 

 

 

2019 оны 12 сарын 27 өдөр         Дугаар 101/ШШ2020/00065             Улаанбаатар хот

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0000 тоот, МУБИС /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0000 тоотод байрлах, Э т ХХК /РД,/-д холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 8,407,258 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн төлөөлөгч Г.С, хариуцачийн өмгөөлөгч Н.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч МУБИС шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: МУБИС, “Э т” ХХК, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын гурвалсан түрээсийн гэрээг 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан. МУБИС 8 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах 140 мкв бүхий цайны газрын зориулалттай талбайг 2015 оны 09 дүгээр сараас 2016 онын 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сарын 980,000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс сарын төлбөр 840,000 төгрөгийн түрээс төлдөг байсан болно. Тус хичээлийн 8 дугаар байранд нийт төлөх дүн 11,295,558 төгрөг байснаас 7,723,300 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл түрээсийн төлбөр 3,572,258 төгрөг. Хичээлийн 3 дугаар байранд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 1 дүгээр давхарт байрлах 189 мкв талбай бүхий цайны газрын зориулалтаар шинээр орж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Нэг сарын түрээсийн төлбөр нь 1,890,000 төгрөг. 2017 оны 2018 оны хичээлийн жилд төлбөл зохих нийт төлбөр 13,230,000 төгрөгөөс 8,395,000 төгрөгийг төлсөн үлдэгдэл 4,835,000 төгрөгийг үлдэгдэл одоог хүртэл төлөгдөөгүй болно. 2015 оны 2016 он, 2017 он, 2018 оны нийт хичээлийн 2 байранд ажиллаж байх хугацаандаа түрээсийн үлдэгдэл төлбөр болох 8,407,258 төгрөгийн нэн яаралтай гаргуулж манай байгууллагыг хохирлыг барагдуулж өгнө үү. Хариуцагч талын тайлбар үнэн. “Э т” ХХК нь талбайг түрээслэхэд засвар үйлчилгээг хийх шаардлагатай байсан. Тухайн үед Төрийн өмчийн хорооноос зөвшөөрөл аваад засвар хийх байсан. Гэтэл Төрийн өмчийн хороо нь татан буугдсан байсан тул гэрээг баталгаажуулаагүй. Харин дэд захирал н.Г******* амаар “Э т” ХХК-тай тохиролцсон Засвар хийж дууссаны дараа хийсэн засвартай танилцахад, засвар сайн хийгдсэн байсан. “Э т” ХХК нь өөрөө хөрөнгөө гаргаад засварыг хийсэн учраас манай байгууллагаас акт үйлдэж засварыг хүлээж авах боломж байгаагүй. Хангамжийн албаны эрх бүхий албан хаагчид засварын зардлыг түрээсийн төлбөрөөс хасах эрх мэдэл байхгүй. Санхүү хариуцсан дэд захиралтай амаар тохиролцсон байсан гэв.

 

Хариуцагч “Э т” ХХК-ийн төлөөлөгч Г.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд “МУБИС”-аас “Э т” ХХК-д холбогдуулан 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан гурвалсан түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр болох 8,407,258 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасантай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. "Э т" ХХК нь МУБИС болон Төрийн бодлого зохицуулалтын газартай гурвалсан түрээсийн гэрээ байгуулан МУБИС-ийн 8 дугаар байр, 3 байрны 1 давхарт байрлах цайны газрын зориулалттай талбайг түрээсэлж ажилласан. Ийнхүү ажиллахдаа МУБИС-ийн хичээлийн 8 дугаар байранд талбайд цайны газар ажиллуулах стандарт шаардлагад нийцэхгүй байсан тул холбогдох хүмүүстэй тохиролцон засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Улмаар дээрх засварыг хийхэд гарсан нийт зардлыг тодорхой хугацааны түрээсийн тооцон суутгахаар тохиролцсон. Гэтэл Монгол Улсын боловсролын их сургуулиас нэхэмжлэл гарган төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн ыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Монгол Улсын Боловсролын их сургуулиас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт хичээлийн 8 байрны түрээсийн үлдэгдэл төлбөр 3,572,258 төгрөг дээр тайлбар хийнэ. Хоёрдугаарт нь хичээлийн 3 дугаар байрны түрээсийн төлбөрийн үлдэгдэл 4,835,000 төгрөг дээр тайлбар хийнэ. Нэгт нэхэмжлэгч МУБИС нэхэмжлэлийн шаардлагын эхний хэсэгтээ 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гурвалсан гэрээ байгуулсан. Энэ гэрээний үлдэгдэл 3,572,258 төгрөг төлөөгүй гэсэн. Бодит байдал дээр МУБИС, “Э т” ХХК, Төрийн өмчийн хороо 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 4370 тоот Төрийн өөрийн өмчийг түрээслэх түрээсийн гэрээ байгуулж, цайны газрын үйл ажиллагаа явуулах талбайг түрээсэлсэн. Энэ гэрээ нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийнх хүртэл гэрээ. Энэ гэрээтэй холбоотой “Э т” ХХК нь түрээсийн төлбөр 3,103,000 төгрөгийг төлж барагдуулсан байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа “Э т” ХХК-тай энэхүү гэрээг байгуулсан гэж  нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан байна. Гэтэл 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Э т сургуулийн өмнөх боловсролын байгууллага болох төрийн бус байгууллагын статустай байгууллагатай гэрээ байгуулсан. Улсын бүртгэлийн гэрчилгээг нь хэрэгт нотлох баримтаар өгсөн байг. МУБИС болон “Э т” ХХК нарын хоорондын 2015 оны гэрээ дуусгавар болсон. “Э т” сургуулийн өмнөх боловсролын байгууллага дээр ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй гэсэн данс тооцоо бүртгэлтэй байдаг. Мөн тус төлбөр тооцоотой асуудлаар МУБИС нь Э т сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ямар нэгэн байдлаар хандаж, ярьсан зүйл байдаггүй. Төлбөр тооцооны асуудал байдаг бол МУБИС нь өмнө болон одоо ч тооцоо нийлж акт үйлдэх боломжтой байсан. МУБИС 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гарсан нэхэмжлэлийн шаардлага нь “Э т” ХХК-нд холбогдуулсан байдаг. “Э т” ХХК болон “Э т” сургуулийн өмнөх боловсролын газар хоёр нь хоёр өөр тусдаа хуулийн этгээд гэж үзэж байгаа учраас өөр бусад этгээдийн бусдын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг “Э т” ХХК нь хариуцан арилгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа. Энэ нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 9.2-т компани нь хувьцаа эзэмшигчийн хүлээх үүргийг хариуцахгүй гэсэн. Мөн хуулийн 9.3-т хувьцаа эзэмшигч нь компанийн хүлээх үүргийг хариуцахгүй бөгөөд гагцхүү өөрийн эзэмшлийн хувьцааныхаа хэмжээгээр хариуцлага хүлээнэ гэсэн байгаа.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэсэн. Нэхэмжлэгч болон хариуцагч нар 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төрийн өөрийн өмчийг түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулсан байна. Шүүхийн хавтаст хэрэг авагдсан баримтаар бол тус гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын эхний хэсэг болох 3,572,258 төгрөгийг нь хариуцагч компани хариуцан төлөх хууль зүйн үндэслэлгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн энэ хэсэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Хоёрдугаарт хичээлийн 3 дугаар байрны түрээсийн төлбөрийн үлдэгдэл 4,835,000 төгрөгтэй холбоотой асуудал. МУБИС хичээлийн 3 дугаар байрныхаа цайны газрын талбайг түрээслүүлэхээр зарласан байдаг. Үүнийг Э т болон “Э А Т” ХХК хамтран ажиллуулахаар тохиролцон 2015 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хамтран ажиллуулахаар “Э А Т” ХХК-ийн төвийн нэр дээр МУБИС 3 байрны 189 м.кв талбайг хамтран ажиллуулахаар гэрээг байгуулсан. Байдаг. Энэ гэрээгээр талууд МУБИСтай “Э А Т” ХХК-ийн нэрээр түрээсийн гэрээ байгуулаад, хоёрт тус цайны газрын засварын ажлын хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг тавь, тавин хувиар хариуцна. Мөн орлого болон ашгаа тавь, тавин хувиар авна гэсэн. МУБИСтай “Э А Т” ХХК-ийг талбайг түрээслэх зөвшөөрөл олгосон. Монгол улсын боловсролын их сургуулиас 189 м.кв талбайг хүлээж авахад ямар нэгэн үйлчилгээ явуулах стандарт хангахгүй байх нөхцөл бүрдсэн байсан. Тухайлбал хана нь мөөгөнцөрдсөн, агааржуулалт нь эвдэрсэн зайлшгүй засвар хийгдэх шаардлагатай байсан. Тус талбайд хэвийн үйл ажиллагаа явуулах боломж бүрдүүлж өг гээд “Э А Т” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан Э тийн захирал Г.С нь МУБИС холбогдох удирдлагад нь орж танилцуулсан. Үүнд тус талбайг хэвийн байдалд нь оруулах хариу өгөөгүй байдаг. Хоёр, гурван удаа шаардсаны дагуу хичээлийн жил эхэлснээс хоёр сарын дараа МУБИС тухай гэрээн гарын үсэг зурж баталгаажуулах эрх бүхий санхүү эрхэлсэн дэд захирал н.Г******* нь дуудаж уулзаад танайх 189 м.кв талбайд засварын ажлыг  хийчих, дараа би холбогдох төлбөрийг нь түрээсийн төлбөрөөс хасч тооцохоор тохиролцъё гэсэн. Уг шийдвэрийг санхүү эрхэлсэн дэд захирал н.Г******* өгсөн учраас “Э А Т” ХХК болон Э тийн захирал Г.С нар зөвшөөрч 8,600,000 төгрөгийн засварын ажил хийж гүйцэтгэсэн. Засварыг ажлыг хийж дуусгасны дараа Монгол улсын боловсролын их сургуулиас холбогдох удирдлагуудыг дуудан засварын ажлыг танилцуулсан. Засварын зардлыг зардлыг түрээсийн төлбөрөөс хасч тооцуулах саналаа тавьсан. Уг асуудалд албан бичгээр хариу өгөөгүй боловч амаар түрээсийн төлбөрөөс хасч тооцно гэж хэлсэн. “Э А Т” ХХК болон МУБИС нар түрээсийн гэрээг байгуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан боловч тус сургуулиас гэрээг албажуулж нэг хувийг нь “Э А Т” ХХК-д өгөөгүй. Төрийн өмчийн хороо нь 2015 оны 11 дүгээр сард татан буугдсан. Түүнтэй холбоотойгоор гэрээ хэлцэл баталгаажихгүй байгаа гэсэн тайлбар өгч байгаад, 2016 оны хичээлийн жил дуусах үед “Э А Т” ХХК-ийг танай МУБИС-иас зарласан цайны газар эрхлэх тендерт тэнцэхгүй байна тийм учраас танайх гарах шаардлагатай байна гэх албан бус мэдэгдлийг өгсөн. “Э А Т” ХХК нь манайх энэ цайны газрыг гэрээнд заасан үүргийг зөрчихгүйгээр, үйлчлүүлэгчийн эрх, ашиг сонирхолд нийцэхүйц үйл ажиллагаа явуулахаар нэг жилийн хугацаатайгаар хоёр хүртэлх удаа сунгаж болно гэх заалтын дагуу бид хөрөнгө оруулалт хийгээд тодорхой зардал гаргасан тул гэрээг үргэлжлүүлэх хүсэлттэй байна. Гэхэд хэрэв тийм байгаа бол гэрээгээ шаардлага хангахуйц өөр компани дээр хийж болно гэсэн. Үүний дагуу дараагийн хичээлийн жилд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Э тийн нэр дээр түрээсийн гэрээг дахин шинэчлэн гэрээг байгуулсан. Ингэж гэрээ байгуулахдаа “Э т” нь 2015-2016 оны хичээлийн жилүүдэд төлөх түрээсийн төлбөрөөс засварын зардлынхаа тодорхой хувийг хасуулаад, үлдэгдэл засварын зардал болох 4,835,000 төгрөгийг Э тийн түрээсийн төлбөрөөс хасуулна гэж МУБИС холбогдох удирдлагуудтай тохиролцсон. Ингээд Э т хичээлийн 3 дугаар байрны цайны газрыг хариуцан ажиллуулах хугацаандаа МУБИС-д урт болон богино хугацаатайгаар засварын төлбөрийг түрээсийн төлбөрөөс хасуулах хүсэлтүүдийг хэд хэдэн удаа хүргүүлсэн боловч бичгээр хариу өгөхгүй. Бид суутгаад явж байгаа үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүл гэсэн. Хариуцагч “Э т” ХХК нь түрээсийн төлбөрийнхөө тодорхой хэсэгт засварын зардал суутгагдаад явж байгаа гэсэн эрх бүхий албан тушаалтан шийдвэр байсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

МУБИС “Э т” ХХК-нд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 8,407,258 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч “Э т” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, түрээсийн байранд засвар хийсэн зардлыг түрээсийн төлбөрөөс хасч тооцохоор тохирсон гэж маргаж байна.

 

2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр төрийн өмчийн эд хөрөнгө болох МУБИС хичээлийн Е байрны 1 давхарт байрлах 140 м.кв талбайтай эд хөрөнгийг цайны газрын зориулалтаар 1 м.кв талбайг 7000 төгрөгөөр тохирч, Төрийн өмчийн хороо, МУБИС, Э т ХХК нар 43/70 дугаартай гэрээ байгуулжээ. /хх-ийн 21-25 дугаар тал/

 

2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ТӨ-2017/364 дугаартай төрийн өөрийн өмчийн түрээсийн гэрээгээр СБД 8 дугаар хороо хичээлийн В байр 1 давхарт байрлах 187 м.кв талбайг “Э т” ХХК-нд цайны газрын зориулалтаар нэг сарын төлбөр 1,890,000 төгрөгөөр түрээслэхээр тохирч Төрийн өмчийн хороо, МУБИС, “Э т” ХХК нар байгуулжээ. /хх-ийн 7-15 дугаар тал/

 

МУБИС нэхэмжлэлийн шаардлага 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн гэрээний дагуу 11,295,558 төгрөг төлөх байснаас “Э т” ХХК 7,723,300 төгрөг төлж, үлдэх 3,572,258 төгрөг төлөөгүй, 2017 оны 10 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээний дагуу 13,230,000 төгрөг төлөхөөс 8,395,000 төгрөгийг төлж, үлдэх 4,835,000 төгрөг төлөөгүй, нийт 8,407,258 төгрөг гаргуулна гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна. 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн түрээсийн гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх боловч Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг гэрээ байгуулсан өдрөөс бус шаардах эрх үүссэн буюу 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн түрээсийн гэрээ 2017 оны 03 дугаар сард дууссан байх тул энэ үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тоологдох юм.

 

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч нь өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд МУБИС түрээсийн гэрээний үүрэгтэй холбоотой төлбөрийн баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

Шүүхэд Л.Г гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Э т” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсны дараа манай байр мөөгөнцөрдсөн, агааржуулалт асуудалтай байна гээд хүсэлтийг “Э т” ХХК өгөөд засвараа хийсний дараа бид очиж үзэж байсан. Засварын зардалд 7-8 сая төгрөг болсон гээд бид түрээсийн төлбөрөөс хасч тооцохоор график гаргаж амаар тохиролцсон гэжээ. /хх-ийн 114-116-р тал/

 

Л.Г нь тухайн үед МУБИС төлөөлж “Э т” ХХК-тай гэрээ байгуулж байсан бөгөөд гэрчийн мэдүүлгийг үгүйсгэсэн талаарх баримтыг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

Иргэний хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.-д түрээсийн төлбөрийг мөнгө эсхүл өөр хэлбэрээр төлөхөөр тохиролцож болохоор хуульчилсан бөгөөд “Э т” ХХК-ийн засвар хийсэн зардлыг түрээсийн төлбөрөөс хасч тооцохоор тохиролцсон болох нь гэрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбараа тогтоогдож байна гэж үзлээ. 

 

Эдгээр үндэслэлээр “Э т” ХХК-ийн түрээсийн төлбөр 8,407,258 төгрөг гаргуулах тухай МУБИС нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д зааснаар хариуцагч “Э т” ХХК-иас түрээсийн төлбөр 8,407,258 төгрөг гаргуулах тухай МУБИС нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.СОЛОНГО