Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/34

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ш даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нарийн бичгийн дарга: Ж.Б Улсын яллагч: Х.М Шүүгдэгч: Р.Сүхбаатар нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Р.Сүхбаатарт холбогдох эрүүгийн 2122000300025 тоот хэргийг 2022 оны 02 сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1961 оны 04 сарын 10-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн, 61 настай эрэгтэй, дээд боловсролтой, малын эмч, эдийн засагч мэргэжилтэй, Дундговь аймгийн Гурвансайхан сумын мал эмнэлэгт байцаагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Дундговь аймгийн Гурвансайхан сумын 5 дугаар баг ... тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Алтангадас одонтой,  овогт 

Шүүгдэгч Р.Сүхбаатар нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн Гурвансайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байх хугацаандаа сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэгдсэн дэмжигдээгүй асуудлыг дур мэдэн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/14 дугаартай албан бичгээр аймгийн Засаг даргад нэр бүхий 7 аж ахуй нэгжид 10 хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн хариуг хүргүүлж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ: Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: - Шүүгдэгч Р.Сүхбаатар шүүх хуралдаанд “...мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна..” гэв. - Шүүгдэгч Р.Сүхбаатарын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолтой уншиж танилцлаа, би тус зүйл заалтыг хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 02 дугаар сарын 01-ээс эхлэн Улаанбаатар хотод Хөдөө аж ахуйн их сургуулийн мал эмнэлгийн ангийн түргэвчилсэн сургалтад сурдаг байсан юм. Би 2008-2012 онд, 2016-2020 онд Гурвансайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар албан бичиг аймгийн Засаг даргаас нэлээд хэд ирдэг байсан, тус албан тоотын дагуу хуралдаж, дэмжсэн бол дэмжсэн, дэмжээгүй бол дэмжээгүй гэдгээ албан тоотоор мэдэгддэг байсан. Миний бие 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/14 дугаартай албан бичгийг Гурвансайхан суман дээрээ би өөрөө үйлдэж бичээд, дугаарыг нь өөрөө олгож, аймгийн Засаг даргын тамгын газрын жижүүр дээр үлдээсэн, би тэгээд Улаанбаатар хот руу сургалтдаа суухаар явчихсан юм аа. Тус газруудын талаар дахин Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар болон тэргүүлэгчдийн хурлаар орж хэлэлцүүлнэ гэж бодсон боловч амжаагүй, нөгөөтэйгүүр мартаад явчихсан байсан. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Би хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-66/ - Гэрч О.Бат-Эрдэн: “...Миний бие 2016 оны 12 сараас 2020 оны 12 сарын хооронд Дундговь аймгийн Засаг даргын үүрэгт ажлыг хийж гүйцэтгэсэн. 2020 оны аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үр дүнгээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгөөд одоогоор эрхэлсэн тодорхой байхгүй. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг олгож байсан гэж бодож байгаа. Түгээмэл тархацтай ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжийн албан бичгийг хүлээн авч, Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтэст цохолт хийж тус хэлтсээс Ашигт малтмалын газрын мэдээллийн санд тусгай зөвшөөрөл хүссэн талбайн мэдээллийг шивж оруулдаг байсан. Ашигт малтмалын газраас миний нэр дээр мэдээллийн санд оруулсан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна гэсэн албан бичгийг үндэслэн тус талбайн орших сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын саналыг авахаар албан тоот хүргүүлэн хэрэв дэмжсэн тохиолдол аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид хэлэлцэж дэмжвэл тусгай зөвшөөрөл олгодог байсан. Хайгуулын 20 орчим тусгай зөвшөөрөл, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдоогүй шиг санаж байна. Яг нарийн тоог хэлж мэдэхгүй байна. Өмнөх асуултад хариулсан процитурын дагуу тусгай зөвшөөрлийг олгосон. Яг өдөр, сар, ямар аж ахуй нэгж, аль сумаас ирсэн албан бичгийг шийдвэрлэсэн гэдгийг сайн санахгүй. Миний баттай хэлэх зүйл бол хуульд заасны тусгай зөвшөөрлийг олгож байсан. Аймгийн засаг даргын туслахаар дамжиж надад танилцагддаг. 2018, 2019 онд Батзориг гэж хүн ажиллаж байсан 96602266 гэсэн утасны дугаартай, одоогоор Сайнцагаан суманд халамжийн мэргэжилтэн хийж байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх-140-142/ - Гэрч Б.Батзоригийн: “...2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Дундговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан О.Бат-Эрдэнийн туслахаар ажиллаж байсан. Түгээмэл тархацтай ашигт малтмал олгох боломжтой эсэх утга бүхий тухайн солбилцол бүхий талбай байрлах сумын ИТХ-ын албан бичгийг ЗДТГ-ын бичиг хэрэг, эсхүл надад, нэг бол жижүүр дээр үлдээсэн байдаг аа. Уг бичгийг хүлээн авч бичиг хэргийн ажилтан бүртгүүлэн аймгийн Засаг даргад танилцуулагдаж цааш бичгийг Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир цохдог, хэрэв Эрдэнэ-Очир дарга байхгүй тохиолдолд П.Очирбат мэргэжилтэнд цохдог” гэх мэдүүлэг /2хх- 144х/, - Гэрч Р.Энхмаагийн: “...Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг ХОХБТХ-ийн мэргэжилтэн П.Очирбат ИТХ-ын хуралд материалыг оруулж танилцуулдаг байсан. Тухайн тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүдийн нэр, солбилцол, сумын нэр, тухайн газрын нэр, авах газрын хэмжээ бүхий хүснэгт өгч уг хүснэгтийг харж хэлэлцдэг байсан. Уг тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүд нь өмнө өөр газарт тусгай зөвшөөрөл эзэмшдэг эсэх талаар асуудаг байсан, мөн тухайн талбай хүссэн сумын ИТХ-аар хэлэлцэж дэмжигдсэн эсэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох талбайн газрын хэмжээнээс хэтрэх эсэх, айлын малын өвөлжөө байгаа эсэхийг хурал дээр тодруулж хэлэлцдэг байсан. Мөн нэг аж ахуй нэгж олон өөр нэрээр нэг дор тусгай зөвшөөрөл авахаар хүссэн байж болзошгүй байвал дахиж нягтлах талаар хөгжлийн бодлогын хэлтэст буцааж тухайн хурлаар шийдвэр гаргадаг байсан. Намайг ажиллаж байх хугацаанд Түгээмэл тархацтай ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуй нэгжүүдийн өргөдлийг ихэвчлэн шийдвэрлэсэн. Хайгуулын тусгай зөвшөөрөл гэдэг утгаар дэмждэг байсан...“ гэх мэдүүлэг /2-р хх-ийн 152-154/ - Гэрч П.Очирбатын: “...Уг захирамжаар Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт, Өндөршил сумдын нутаг дэвсгэрт нийт 15 Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл олгогдсон байна. Үүнээс Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутаг дэвсгэрт байрлах ХА-48000019, ХА-48000020, ХА-48000023, ХА-48000024, ХА[1]48000025, ХА-48000028, ХА-48000027, ХА-48000074, ХА-48000064, ХА-48000007 гэсэн өргөдлийн дугаартай 10 талбайд Гурвансайхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/24 дугаартай Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход татгалзах зүйлгүй гэсэн утга бүхий ИТХ-ын дарга Р.Сүхбаатарын гарын үсэгтэй санал ирсэн. ...Уг саналуудын дагуу аймгийн засаг дарга, хэлтсийн даргын цохолтоор аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 13, 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаар тогтоолоор түгээмэл тархацтай ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн тогтоолууд гарсан байна. Үүний дараагаар дээрх захирамжаар аж ахуй нэгжүүдэд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрөл олгогдсон. ...Надад үзүүлсэн 2018 он 11 дүгээр сарын 28-ны өдрийн 41 дугаартай Дундговь аймгийн Гурвансайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн албан бичиг надад ирээгүй болохоор би татгалзах үндэслэлгүй гэсэн албан бичгийг би төлөвлөж явуулаагүй. Би үндэслэлгүй хариу ирүүлсэн байна гэж Р.Сүхбаатарт огт хэлээгүй. ...2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1178 дугаартай албан тоотын хариу гэж, аймгийн Гурвансайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэсэн хэвлэмэл хуудсанд 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/14 дугаартай албан бичиг ирсэн, надад тус бичгийг ахлах мэргэжилтэн Д.Энхтуяа нь бичиг хэргээс аваад өгсөн. Тухайн бичигтэй танилцахад нийт 10 газар болсон байсан, 2 газар нь урд байна уу? хойно өмнө санал авахаар хүргүүлсэн газруудыг А/14 дугаартай албан бичиг дээрээ нэмж оруулсан байсан. ...Тусгай зөвшөөрөл бүгд олгогдсон байгаа. Тухайн тусгай зөвшөөрөл авсан компаниуд бол үйл ажиллагаа огт явуулаагүй байгаа...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 165- 174/ - Гэрч Ц.Тогосмаагийн: “...Тус ирсэн бичгийг ирсэн бичгийн бүртгэлд бүртгэж авч, Гурвансайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Сүхбаатарт танилцуулж, сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлыг хэзээ хийх талаар товыг зөвшилцөж, тэргүүлэгчдэд хурал болох өдрийг мэдээлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ИТХ-ын тэргүүлэгчдийн 12 дугаар хуралдаан болсон, аймгийн Засаг даргаас ирсэн албан бичиг координат заасан 8 газар байсан бөгөөд хаана, ямар нэртэй газар гэдэг нь тодорхойгүй байсан болохоор газрын даамал Д.Цэрэннадмидаас тухайн координатаар газрын байршлыг тогтоож болох эсэх талаар тодруулаад хурлыг хойшлуулсан. ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлыг мөн оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 13-р хуралдааныг зарласан, тус хуралдаанаар сумын Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит наймдугаар хуралдааны тов зарлах, мөн аймгийн Засаг даргаас ирүүлсэн 1/1178 дугаартай албан бичгийн саналыг хэлэлцэхээр хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлуулсан. 13-р хуралдаанд ИТХ-ын дарга Р.Сүхбаатар, тэргүүлэгч Т.Мөнхсүх, Д.Эрдэнэбат, Б.Оюунтулга, Ц.Энхтайван, У.Хүдэрчулуун, Д.Мөнхтайван нар буюу ирц 100 хувьтай оролцсон. Хуралдаанаар аймгийн Засаг даргын 1/1178 дугаарт албан бичигт дурдагдсан 8 газрын байршлыг тодорхойлж, хэлэлцүүлээд манай сумын нутаг дэвсгэрт байрлах “Салхитын мөнгөний орд”, “Үнэн бэх” ХХК-ны охин компани байж болзошгүй гэж яригдсан, мөн иргэд ихээхэн дургүйцдэг, улсын тусгай хамгаалалттай газар нутагт зарим нь орсон гэх шалтгаанаар тэргүүлэгчдийн 100 хувийн саналтайгаар татгалзсан хариуг хүргүүлэхээр шийдвэрлэсэн. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 41 дугаартай Дундговь аймгийн Гурвансайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид гэсэн А4 хэмжээтэй албан бичгийн хэвлэмэл хуудсанд аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ танаа гэж толгойлж, санал хүргүүлэх тухай гэж хаяглаж, зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн утгатай албан бичгийн төслийг төлөвлөж, сумын ИТХ-ын дарга Р.Сүхбаатараар гарын үсэг зуруулж, тамгыг даруулж авсан. Тус албан бичгийг аймаг, сумын хооронд явдаг унаанд хийж хүргүүлсэн. Одоо хэн гэдэг хүний машинд хийж, дайж явуулсан талаараа мэдэхгүй байна, ...Албан бичгийг явуулсан бичгийн бүртгэлд бүртгэж, сумаас аймаг явах унаанд дайж өгөөд явуулчихдаг, урд нь ч эх хувь бичгийг замын унаанд дайж өгөөд явуулчихдаг байсан. Аймгийн Засаг даргын тамгын газрын бичиг хэргийн эрхлэгчээс албан бичиг очсон эсэх талаар асууж тодруулсан зүйл байхгүй. Цахимаар буюу мэйл хаягаар явуулж байсан удаа байхгүй. ...Манай сумын ИТХ-д ашигладаг хэвлэмэл хуудас биш байна, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэсэн албан бичгийн А4 хэмжээтэй хэвлэмэл хуудас ашигладаггүй, харин Дундговь аймгийн Гурвансайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид гэсэн А4 хэмжээтэй албан бичгийн хэвлэмэл хуудас ашигладаг. Тус албан бичгийг миний бие төлөвлөсөн зүйл байхгүй, надад харуулсан албан бичигт бол ИТХ-ын даргын гарын үсэг болон тамга нь мөн байна. Тус албан бичигт дурдагдсан асуудлыг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тэргүүлэгчдийн 13-р хуралдаанаар 100 хувь татгалзсан, албан бичгийг сар өдрийг тавьж, дугаараар олгодог, үсэг ордоггүй. Би явуулсан бичгийн бүртгэлийг харахад 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдөр явсан бичиг байхгүй, 2019 оны 02-р сарын 21-ний өдөр ХАСХОМ-ын тайланг хүргүүлсэн бичиг явсан байдаг. А/14 гэж албан бичгийн дугаар олгосон байх бөгөөд 14 дугаараар албан бичигт хайхад 2019 оны 06 дугаар сарын 03- ны өдрийн 14 дугаартай албан бичигт Дундговь аймаг дахь Хаан банкны салбарын захирал Д.Ганмягмар танаа гэж толгойлж, Т.Мөнхсүх, Б.Содном нарт чөлөө олгож өгнө үү гэсэн утгатай албан бичгийг хүргүүлсэн байдаг. Тэгэхлээр 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/14 гэсэн албан бичиг хуурамч бичиг байна, манай сумын ИТХ- аас тийм бичиг огт гараагүй нь цаасан архивлагдсан баримтууд дундаас харагдана” гэх мэдүүлэг...” гэх мэдүүлэг /2-р хх-177-183/ - Гэрч Ц.Энхтайвангийн: “...Тус албан бичигтэй уншиж танилцаж байсан. Тус албан бичиг нь координат заасан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн тухай байсан. Би он сар өдрийг нь бол санахгүй байна, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаан болж байсан, тус хурлаар хэдэн газар орсон талаар одоо санахгүй байна, координат заасан байсан бөгөөд тухай газар дээр нь очиж үзээгүй болохоор мэдээлэл муутай байсан. Тэргүүлэгчдийн зүгээс бол түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх нэрийн дор өөр зүйл хайх, хууль бусаар ашигт малтмал олборлох зэрэг үйл ажиллагааг хийдэг болохоор тус асуудлаас зөвшөөрөөгүй. Манай сумын орон нутгийн хувьд бол хайгуул нэртэйгээр ухуулсан зүйл их байдаг болохоор иргэд ч хайгуул хийлгэх талаар дургүйцдэг юм. Албан бичгээр ирсэн асуудлыг бол зөвшөөрөхгүй гэсэн шийдвэрийг гаргасан...” гэх мэдүүлэг /2-р хх-199/ - Гэрч Д.Эрдэнэбатын: “...Намайг тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байх хугацаанд түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөлд санал хүргүүлэх албан бичиг ирж хурлаар хэлэлцэгдэж байсан. Хурлаар нэг ч компани, аж ахуй нэгжид зөвшөөрөл олгох талаар зөвшөөрсөн шийдвэр гарч байгаагүй. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох саналыг нэг удаа “ӨБИНӨ” ХХК-д зөвшөөрсөн байдаг, бусад компаниудад татгалзсан хариуг өгч байсан. Эдгээр татгалзсан шийдвэрүүд сумын ИТХ-ын архивд хадгалагдаж байгаа. Аймгийн Засаг даргаас суманд ирж байсан, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөлд санал хүргүүлэх албан бичгийн зарим нь хугацаа нь өнгөрчихсөн, шийдвэр гаргах хугацаа нь тулчихсан ирдэг байсан, тэр болгонд татгалзсан хариу өгч байсан. Манай сумаас ингэж татгалзсан хариу өгсөн байхад тухайн өргөдөл хүссэн аж ахуй нэгжүүд тусгай зөвшөөрлөө авсан тохиолдол байгаа юм шиг байна лээ...” гэх мэдүүлэг /2-р хх-195/ - Гэрч У.Хүдэрчулууны: “...Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид, төлөөлөгчийн хуралд сууж байхад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн талбайд санал ирүүлэх албан бичгийг хэлэлцэж байсан. Тэр үедээ хурлаас зөвшөөрсөн асуудал гарч байгаагүй. Манай хурлын тэргүүлэгчид уул уурхайгаар газрын хэвлийд халдана гээд хурлаар татгалзсан хариу өгч байсан, зөвшөөрсөн асуудлыг санахгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-197/ - Дундговь аймгийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1/1178 дугаартай албан бичиг болон хавсралтын хуулбар /2хх-62-63х/, - Дундговь аймгийн Гурвансайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 12 дугаартай хурлын тэмдэглэл, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 13 дугаартай хурлын тэмдэглэл болон мөн өдрийн Гурвансайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 41 дугаартай албан бичгийн хуулбар /2хх- 65-70х/, - Гурвансайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ирсэн, явсан бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүний хавсралтууд /2хх-59-61х/, - 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/14 дугаартай “Санал хүргүүлэх тухай" албан бичиг /2хх-44х/, - Дундговь аймгийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/94 дугаартай захирамж, хавсралт, бусад баримтууд /хавсралтын 1хх1- 200х/ -Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав. Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар шүүгдэгч Р.Сүхбаатар нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байх хугацаандаа сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэгдсэн дэмжигдээгүй асуудлыг дур мэдэн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/14 дугаартай албан бичгээр аймгийн Засаг даргад нэр бүхий 7 аж ахуй нэгжид 10 хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжсэн хариуг хүргүүлж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон үйл явдал болсон болох нь хангалттай тогтоогдож байна. Шүүгдэгч Р.Сүхбаатарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Р.Сүхбаатарыг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгч Р.Сүхбаатар нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгч Р.Сүхбаатарт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 нэгжээр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасантай нийцэж байна. Шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлуудыг хянахад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Р.Сүхбаатарт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шүүх шийдвэрлэлээ. Шүүх орлого олох боломжийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольдог болохыг анхааруулах нь зүйтэй байна. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг тус тус дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 1. Шүүгдэгч Их гэр овог Равжихын Сүхбаатарыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Шүүгдэгч Р.Сүхбаатарт эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Сүхбаатар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольдог болохыг анхааруулсугай. 5. Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Сүхбаатарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдсугай. 6. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт , битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 7. Энэхүү шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Сүхбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.Ш22.1