Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1008

 

 

   2023          7          20                                     2023/ШЦТ/1008

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан

шүүгдэгч Ч.Ч түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Ч-ийн Ч-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2306 01822 2271 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Асгат суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. ...............тоотод оршин суух хаягтай, ам бүл 4, ял шийтгэгдэж байгаагүй

Ховогт Ч-ийн Ч /РД:................. /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо ................. тоотод А.Мтай маргалдаж, толгойн тус газар нь аягаар цохих, гар хэсэгт нь хутгаар зүсэх зэргээр хууль бусаар халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                                                            /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Ч мэдүүлэхдээ: “мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.   

     Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 7 дахь тал/,

            Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 9-12 дахь тал/,

            Хохирогч А.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...би өчигдөр орой 20 цагт ажилдаа явахаар гэрээсээ гараад Зайсанд байх барилга дээр очсон. 2023 оны 3 дугаар сарын 12- ны өдрөөс 13-нд шилжих шөнө 01 цагийн үед өмнө нь 1 хашаанд сагс тоглодог байсан Ч нь над руу залгаад “хаана байна уух уу” гэж ярьсан. 2023 оны 3 дугаар сарны 13-ны өглөө 07 цагийн үед дахиж залгаад Монелын гудамжинд байх 3 давхар шар нийтийн байранд 15 настай дүүгийн хамт очсон. Ч ахынд очоод манай дүү Ч ах бид 3 нэг шил 0,75 граммын Эдэн нэртэй архи хувааж уусан. Тэгээд манай гэрт очоод 2 пиво, 1 шил 0,75 граммын "Хараа" архи уусан. Манай 15 настай дүү Алтан-Очир тасраад унтсан. Тэгээд би “унтлаа” гэсэн чинь намайг шалтгаангүйгээр аяга авч ирээд толгойн дээр аягаар цохиж хагалсан. Дараа нь хутга барьж ирээд хажууд сууснаа өөрийнхөө баруун гуянд хутгалчихаад хутгаа газарт шидэхээр нь би хутгыг нь аваад орны доогуур шидсэн. Тэгтэл надаас хутга нэхээд “би чамайг дүүтэй чинь алчихаад өөрийгөө аллаа” гээд байсан. Би “жорлон ороод ирье” гэж гараад хажуу айлд орж эмнэлэг, цагдаа дуудсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 15 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2023 оны 3 дугаар сарын 15- ны едрийн 3697 дугаартай "...А.Мын биед зүүн хөхлөг сэртэн, зүүн чихэнд шарх, баруун бугуйнд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Зүүн хөхлөг сэртэн, чихэнд шарх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр, баруун бугуйнд шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тус тус үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой" гэх дүгнэлт, /хх-ийн 40 дэх тал/ зэрэг нотлох баримт шинжлэн судлав. 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монел 3-14 тоотод А.Мтай маргалдаж, толгойн тус газар нь аягаар цохих, гар хэсэгт нь хутгаар зүсэх зэргээр хууль бусаар халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Чгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлжээ.

Шүүгдэгч Ч.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монел 3-14 тоотод А.Мтай маргалдаж, толгойн тус газар нь аягаар цохих, гар хэсэгт нь хутгаар зүсэх зэргээр хууль бусаар халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 7 дахь тал/,  хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 9-12 дахь тал/, хохирогч А.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Тэгээд би “унтлаа” гэсэн чинь намайг шалтгаангүйгээр аяга авч ирээд толгойн дээр аягаар цохиж хагалсан. Дараа нь хутга барьж ирээд хажууд сууснаа өөрийнхөө баруун гуянд хутгалчихаад хутгаа газарт шидэхээр нь би хутгыг нь аваад орны доогуур шидсэн. Тэгтэл надаас хутга нэхээд “би чамайг дүүтэй чинь алчихаад өөрийгөө аллаа” гээд байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 15 дахь тал/, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 3697 дугаартай дүгнэлт, /хх-ийн 40 дэх тал/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч Ч.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэний улмаас хохирол хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь шалтгаант холбоотой байна. 

            Иймд шүүгдэгч Ч.Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.  

            Хохирогч А.М нь гэмт улмаас хөнгөн хохирол учирсан байх бөгөөд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгч согтуурсан үедээ дээрх гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч: “Шүүгдэгч Ч.Ч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монел 3-14 тоотод А.Мтай маргалдаж, толгойн тус газар нь аягаар цохих, гар хэсэгт нь хутгаар зүсэх зэргээр хууль бусаар халдаж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг цугларсан нотлох баримтуудаар тогтоогпож байх тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 450,000 төгрөгөөр торгох ялын санал гаргаж байна, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүж, хэрэгт хураагдсан битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.” гэх.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Улсын яллагчийн торгох ялын саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, цаашид цагдаа цэргийн байгууллагад ажиллах сонирхолтой, цагдаад судлагдаж байгаа боловч зүрхний хэм алдагдах өвчтэйн улмаас эмчилгээ хийлгэж байгаа.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нь ямар нэг гомдол саналгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтын хэрэглэн эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэв.

Шүүх шүүгдэгч Ч.Чд ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “1.1.тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” заасан зорилгыг хангаж шүүгдэгч Ч.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

             Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Ч-ийн Чг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ч.Чд оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Ч.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч  Ч.Чд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.МӨНХТУЯА