Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2025/0574

 

 

 

 

Х.Жийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч М.Цэцэгмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:  Нэхэмжлэгч Х.Ж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Х.Ж

Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий Аудитор, Монгол Улсын Ерөнхий Аудиторын дэргэдэх Тусгай шалгалтын комисс

Гуравдагч этгээд: Ж.А

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх Тусгай шалгалтын комиссын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалд явуулсан тусгай шалгалтын дүн, мөн комиссын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ажилд томилуулахаар санал болгох тухай 14 дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Ж.Аийг албан тушаалд томилох тухай” Б/333 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон мөн хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс томилгоо хийх, дээрх зохицуулалтын хүрээнд томилгоо хийх боломжгүй тохиолдолд дээрх албан тушаалд удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалт зарлаж, зохион байгуулахыг Монгол Улсын Ерөнхий аудиторт даалгах тухай”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 341 дүгээр шийдвэр,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Х.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 128/2025/0083/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 341 дүгээр шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Жийн Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх Тусгай шалгалтын комиссын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалд явуулсан тусгай шалгалтын дүн, мөн комиссын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ажилд томилуулахаар санал болгох тухай 14 дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Ж.Аийг албан тушаалд томилох тухай” Б/333 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон мөн хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс томилгоо хийх, дээрх зохицуулалтын хүрээнд томилгоо хийх боломжгүй тохиолдолд дээрх албан тушаалд удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалт зарлаж, зохион байгуулахыг Монгол Улсын Ерөнхий аудиторт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2.Нэхэмжлэгч Х.Жээс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

2.1.Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд зөв, үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь зөв үнэлэлт болж өнгөрсөн үйл баримтыг сэргээн тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргах ёстой.

Энэхүү маргааныг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

2.2.Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ "... Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор тэтгэвэр тогтоолгох насанд хүрч сул орон тоо гарсны үндсэн дээр тусгай шалгалтыг үндэслэн тухайн албан тушаалын шаардлагыг хангасан гэж үзэн Ж.Аийг томилохоор шийдвэрлэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1."Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно", 16.1. "Төрийн албаны төв байгууллага төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийг хөтлөх бөгөөд уг бүртгэлд төрийн албан тушаал эрхэлж байгаа, эрхэлж байсан мэдээлэл болон энэ хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан удирдах албан тушаалтны нөөцийн бүртгэлийг тусгасан байна", 27 дугаар зүйлийн 27.1."Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө", 27.1.1."төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс" нөхөхөөр зохицуулсанд нийцсэн байна... /шүүхийн шийдвэрийн 16-17 дахь тал, 13 дахь хэсэг/ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

2.3.Ж.А нь дээрх хуулийн шаардлагуудыг хангаж байсан гэж дүгнэсэн нь ямар ч үндэслэлгүй. Тэрбээр 2008 оноос Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газарт, 2015 оноос мөн газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн боловсролын салбарын мэргэжилтнээр ажиллаж байсан, тухайн үеийн тооцоогоор төрийн албанд 15 дахь жилдээ ажиллаж байсан. Төрийн аудитын байгууллагын системд огт ажиллаж байгаагүй, Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан энэ хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан удирдах албан тушаалтны нөөцийн бүртгэлд огт бүртгэгдээгүй байсан.

2.4.Монгол Улсын Ерөнхий аудиторын 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн А/54 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Төрийн аудитын байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтын журам"-ын 2 дугаар зүйлийн 2.21-д "Удирдах албан тушаалын сул орон тоог дараах байдлаар нөхнө, 2.2.1. Шатлан дэвших зарчмын дагуу Төрийн аудитын байгууллагад ажиллаж байгаа алба хаагчдаас, 2.2.2. Бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа алба хаагчдаас, 2.2.3. Удирдах, гүйцэтгэх албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс.." гэж журамласан.

2.5.Төрийн аудитын байгууллага Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлахдаа Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалт, Төрийн аудитын байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтын журмын холбогдох заалтуудыг зөрчиж, сул орон тооны мэдээлэл, сонгон шалгаруулалтын зарыг нийтэд хүргээгүй, зөвхөн хязгаарлагдмал хүрээнд Ж.Аийг сонгон шалгаруулалтад оруулж, тэнцүүлж, улмаар тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. "Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална", 7.1.2. "мэргэшсэн, тогтвортой байх", 7.1.4. "Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах", 7.1.5."төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах", 7.1.6."ил тод байх", 7.1.7. "ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх" зарчмуудыг зөрчсөн байхад анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй.

2.6. Хэрэгт Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01/794 дугаартай албан бичиг 11 дүгээр хавтаст хэргийн 114-115 дахь тал/ авагдсан. Монгол Улсын Ерөнхий аудиторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид хаяглан тухайн албан бичигт "...Холбогдох баримт бичгийг судалж үзэхэд Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалд томилогдсон Ж.А нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн боловсролын салбарын төсвийн мэргэжилтний албан тушаал буюу төрийн захиргааны дэс түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд өмнө нь ажиллаж байсан байна. Энэ нь Ж.А дээр дурдсан албан тушаалын тусгай шаардлагыг хангахгүй, ахлах, эрхэлсэн түшмэлийн албан тушаалд ажиллаж байгаагүй албан хаагч байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалын сонгон шалгаруулалт, зөрчилтэй томилгооны асуудлыг судлан хууль тогтоомжийн дагуу дахин зохион байгуулах талаар арга хэмжээ авч хариу ирүүлэн, хамтран ажиллахыг Танаас хүсье" гэж тодорхой дурдсан.

2.7.Энэ нь Төрийн албаны зөвлөлийн Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.3-д заасан "иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох" бүрэн эрхийн хүрээнд гаргасан санал дүгнэлт бөгөөд үүнийг Монгол Улсын Ерөнхий аудитор огт биелүүлээгүй.

2.8.Хавтаст хэрэгт авагдсан дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалын тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 71-79 дэх тал/-ын мэргэшлийн шаардлагад "тэргүүн түшмэл, эсхүл түүнтэй адилтгах мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн...", туршлагын шаардлагад "Төрийн албанд 16-аас доошгүй жил, үүнээс төрийн аудитын зөвлөх түшээ, эсхүл төрийн захиргааны эрхэлсэн түшмэл болон түүнтэй адилтгах ангиллын албан тушаалд 8-аас доошгүй жил ажилласан байх” гэж тус тус зааж өгсөн. Ж.А нь эдгээр шаардлагуудыг огт хангахгүй байгаа.

Гэтэл хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх Төрийн албаны зөвлөлийн албан бичиг, албан тушаалын тодорхойлолтод заасан зөрчлүүдийн талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй.

2.9.Миний хувьд төрийн албанд 36 жил ажилласан, Баян-Өлгий аймаг дахь төрийн аудитын газарт 18 дахь жилдээ аудитын менежерээр /төрийн аудитын зөвлөх түшээ/ ажиллаж байгаа, дээрх маргаан бүхий албан тушаалд томилогдон ажиллах шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж байгаа иргэн юм.

2.10.Монгол Улсын Ерөнхий аудитор нь Удирдах албан тушаалтны албан тушаалын сул орон тоо гарсан байхад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар томилгоо хийгээгүй, дараа нь сул орон тоо гарсан талаар нийтэд мэдэгдээгүй, удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтын зарыг нийтэд хүргээгүй, дээрх шалгалтыг нууц байдлаар ганцхан хүний хүрээнд зохион байгуулж явуулсан нь миний тухайн албан тушаалд шатлан дэвших зарчмын дагуу томилогдох боломжийг хаасан, мөн зохион байгуулсан тусгай шалгалтад орж шударгаар өрсөлдөх эрхийг маань хааж, миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн.

Энэ нь ганцхан миний эрх ашиг биш төрийн албанд чадахуйн зарчмын дагуу томилогдон ажиллаж байгаа бусад төрийн албан хаагчдын шударгаар өрсөлдөх боломжийг хаасан хууль бус шийдвэр байсан.

2.11.Гэтэл хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх "... иймээс Баян- Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторийн албан тушаалын сонгон шалгаруулалтад Х.Ж ороогүй... бөгөөд уг албан тушаалд томилогдох эрх үүсээгүй тул маргаан бүхий захиргааны актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэхгүй" /шийдвэрийн 16 дахь тал, 11 дэх заалт/ "Баян-Өлгий аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалыг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/333 тушаалаар Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитораар томилогдсон Ж.А хүлээлгэн өгсөн актад Х.Ж гарын үсэг зурж 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээлцсэн атлаа Ж.Аийг томилсон дээрх тушаалтай маргаагүй" /шийдвэрийн 17 дахь тал, 14 дэх заалт/ гэж маргааны үйл баримтад хамааралгүй хууль бус үндэслэл зааж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

2.12. Миний Монгол Улсын Ерөнхий аудиторын Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторийн албан тушаалд Ж.Аийг хууль бусаар томилсонтой холбоотойгоор гомдол гаргасан үйл баримт хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байгаа учир энд дэлгэрэнгүй бичих шаардлагагүй гэж үзэж байна.

2.13.Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийхдээ нэхэмжлэгчийн АТГ-т гомдол гаргасныг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан гэж үзэхгүй, Төрийн албаны зөвлөлийн шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор гомдол гаргах талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1.2-т заасан эрхээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянахдаа энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт гаргана гэж үзэж байна.

2.14.Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан шийдвэрлэж миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2025/0341 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах шийдвэр гаргаж өгнө үү.”

3.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1.“...Гомдлын шаардлагын үндэслэл: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ. Гэхдээ шийдвэрийн үндэслэлээ "нэхэмжлэгч нь маргаан бүхий Б/333 дугаар тушаалыг Ж.Атэй ажил хүлээлцэх үедээ мэдсэн, үүнээс хойш 30 хоногийн дотор зохих журмаар гомдол гаргаагүй. Монгол Улсын Ерөнхий аудиторт 2023.12.08-ны өдөр 513 дугаар албан бичгээр Баян-Өлгий аймгийн Төрийн аудитын газрын дарга буюу тэргүүлэх аудиторын албан тушаалд дэвшүүлэн ажиллах хүсэлтээ хүргүүлсэн боловч уг хүсэлтийн хариуг өгөөгүй, шийдвэрлээгүйтэй холбоотой маргаагүй" гэж шийдвэртээ тусгасан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг хуульд заасан журмын дагуу зохих хугацаанд гомдлоо шийдвэрлүүлээгүй, маргах эрхээ алдсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

3.2.Гуравдагч этгээдийн хувьд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байснаас гадна нэхэмжлэгч Х.Жийг Баян-Өлгий аймгийн Төрийн аудитын газрын дарга буюу тэргүүлэх аудиторын албан тушаалд томилогдох эрхгүй буюу тус албан тушаалд томилогдох шаардлагыг хангаагүй гэж анхан шатны шүүхэд маргасан билээ. Тодруулбал тус албан тушаалд томилогдохын тулд тэргүүн түшмэл болон адилтгах мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан байх шаардлагыг тавьдаг болох нь албан тушаалын тодорхойлолтын мэргэшил хэсгээс тодорхой харагддаг билээ. Гэтэл нэхэмжлэгч нь тус шаардлагыг хангаагүй буюу зөвхөн ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсанаас гадна тус сургалтад хамрагдсан хугацаа нь Баян-Өлгий аймгийн Төрийн аудитын газрын дарга буюу тэргүүлэх аудиторын албан тушаалын шалгалт зарлагдсанаас 5 сарын дараа хамрагдсан байдаг.

3.3.Шүүхийн шийдвэрийн 16 дугаар талд 11 дэх хэсэгт "... Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга буюу тэргүүлэх аудиторын албан тушаалын сонгон шалгаруулалтад Х.Ж ороогүй тул түүний уг албан тушаалын тодорхойлолтын мэргэших хэсэгт заасан тэргүүн түшмэл болон адилтгах мэргэшүүлэх багц сургалт хамрагдсан байх гэдэг шаардлагыг хангасан эсэх асуудалд дүгнэлт хийх шаардлагагүй ..." гэх дүгнэлтийг хийсэн байна.

3.4.Гэтэл гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан үндэслэл нь дээр дурдсанчлан нэхэмжлэгчийг маргаан бүхий алан тушаалд томилогдох хуульд заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэл билээ. Шүүхээс тус үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоогүй нь шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад бүрэн гүйцэт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн хэрэг болсон гэж гуравдагч этгээдийн зүгээс энэхүү гомдлыг гаргаж байна.

Иймд нэхэмжлэгч Х.Жийг "Баян-Өлгий аймгийн Төрийн аудитын газрын дарга буюу тэргүүлэх аудиторын албан тушаалд томилогдох болзол, шаардлагыг хангаагүй" гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох агуулгаар үндэслэл нэмж тусган шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэгч Х.Жээс Монгол Улсын Ерөнхий Аудитор, Монгол Улсын Ерөнхий Аудиторын дэргэдэх Тусгай шалгалтын комисст тус тус холбогдуулан дараахь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг гаргажээ:

1.1.“Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх Тусгай шалгалтын комиссын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалд явуулсан тусгай шалгалтын дүн, мөн комиссын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Ажилд томилуулахаар санал болгох тухай” 14 дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Ж.Аийг албан тушаалд томилох тухай” Б/333 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах.

1.2.Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д зааснаар шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон мөн хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс томилгоо хийх, дээрх зохицуулалтын хүрээнд томилгоо хийх боломжгүй тохиолдолд дээрх албан тушаалд удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалт зарлаж, зохион байгуулахыг хариуцагчид даалгах.

1.3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “...Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалын сул орон тоо гарсан талаар мэдээлэл, сонгон шалгаруулалт явуулах, тусгай шалгалт авах талаар ил тод мэдээлээгүй, томилгоо хийсэн нь Төрийн албан тухай хуулийн шалтган дэвших зарчмыг хэрэгжүүлээгүй, хууль бус томилгоо болсон” гэж маргажээ.

Маргааны үйл баримтын тухайд:

2.1.Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/199 дүгээр тушаалаар[1] “...Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Хыг чөлөөтэй байх хугацаанд түүний албан тушаалын албан үүргийг аудитын менежер Х.Жээр 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс түр орлон гүйцэтгүүлэхээр” шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгч Х.Ж нь Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэж байжээ.

2.2.Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан “Төрийн албан хаагчийн удирдах, гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг зохион байгуулах удирдамж[2]”-ийн дагуу Төрийн аудитын байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулж, уг шалгалтад 7 албан хаагч бүртгэгдэж, Ж.А 60.5 оноогоор тэнцсэн байна.

2.3. Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх тусгай шалгалтын комиссын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолоор[3] “...Ж.Аийг Төрийн аудитын байгууллагын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтад 60.5 оноо авсан болохыг” баталгаажуулжээ.

2.4.Маргаан бүхий актын үндэслэл болгосон Монгол Улсын Ерөнхий Аудиторын дэргэдэх сонгон шалгаруулалтын комиссын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор[4] Монгол Улсын Ерөнхий аудиторын дэргэдэх тусгай шалгалтын комиссын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 дугаар тогтоолыг үндэслэн Ж.Аыг Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалд томилуулахаар” Монгол Улсын Ерөнхий Аудиторт санал болгосон байна.

2.5.Маргаан бүхий Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/333 дугаар тушаалаар[5] “...Төрийн аудитын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.7 дахь заалт, 29.3 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалт, 57 дугаар зүйлийн 57.2.3 дахь заалт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэг, “Төрийн аудитын байгууллагын албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 65 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/63 дугаар тушаалаар баталсан “Төрийн аудитын байгууллагын албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журам”-ын 2.10 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхий Аудиторын дэргэдэх тусгай шалгалтын комиссын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Албан тушаалд томилуулахаар санал болгох тухай” 14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Ж.Аийг Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалд 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс томилжээ.

2.6.Нэхэмжлэгч Х.Ж нь гаргасан гомдлын дагуу Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01/794 дүгээр албан бичгээр хариуцагчид “Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалын сонгон шалгарлуулалт, зөрчилтэй томилгооны асуудлыг судлан хууль тогтоомжийн дагуу дахин зохион байгуулах талаар арга хэмжээ авч, хариу ирүүлэх”-ийг мэдэгдсэн байна.

3.Нэхэмжлэгчийн “маргаан бүхий албан тушаалын сул орон тоо гарсан болон сонгон шалгаруулалт явуулах, тусгай шалгалт авах талаар ил тод мэдээлээгүй” гэж маргаж буй үндэслэлийн тухайд:

3.1.Хэрэгт авагдсан Үндэсний аудитын газрын 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 04/590 дүгээр албан бичиг[6], хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэргээс үзэхэд маргаан бүхий Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалын сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан “Төрийн албан хаагчийн удирдах, гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг зохион байгуулах удирдамж[7]”-ийн дагуу зохион байгуулсан боловч уг сул орон тоо гарсан талаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасны дагуу олон нийтэд мэдээлсэн, мөн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2021 оны А/54 дүгээр тушаалын “Төрийн аудитын байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтын журам”-ын 2.4-т заасны дагуу маргаан бүхий сул орон тоог нөхөх зарыг шалгалтын бүртгэл эхлэхээс ажлын 10 өдрийн өмнө цахим хуудсаар зарласан гэдэг нөхцөл байдал тогтоогдсонгүй.

3.2.Харин нэхэмжлэгч Х.Жийн хувьд маргаан бүхий албан тушаалын сул орон тоо гарсан нөхцөл байдлыг мэдэж байсан гэдэг нь Монгол Улсын Ерөнхий аудиторт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 513 дугаар албан бичгээр Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга тэргүүлэх аудиторын албан тушаалд дэвшин ажиллах хүсэлтээ, холбогдох баримтын хамт[8]  Монгол Улсын Ерөнхий аудиторт хүргүүлсэн, мөн нэхэмжлэгч нь тухайн албан тушаалд сул орон тоог нөхөх шалгалтын бүртгэл эхэлсэн 2023 оны 12 дугаар сарын 20, шалгалт зохион байгуулагдсан 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрүүдэд маргаан бүхий албан тушаалд ажиллаж байсан нөхцөл байдлуудаар тогтоогдож байна.

3.3.Хэдийгээр хариуцагч нараас маргаан бүхий албан тушаалын сул орон тоо гарсан болон сул орон тоог нөхөх шалгалтын талаар олон нийтэд мэдээлж, зарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх боловч маргаан бүхий Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалд явуулсан тусгай шалгалтын дүн, мөн комиссын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Ажилд томилуулахаар санал болгох тухай” 14 дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Ж.Аийг албан тушаалд томилох тухай” Б/333 дугаар тушаалын улмаас нэхэмжлэгчийн маргаан бүхий албан тушаалын сул орон тоо, сонгон шалгаруулалтыг мэдэх, сонгон шалгаруулалтад оролцох эрхийг хариуцагч нараас зөрчсөн гэж шүүхээс үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

3.4.Мөн нэхэмжлэгчээс Монгол улсын Ерөнхий аудиторт 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 513 дугаар албан бичгээр Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга тэргүүлэх аудиторын албан тушаалд дэвшүүлэн ажиллах хүсэлтийг нь шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйтэй маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

4.Нэхэмжлэгчийн маргаж буй “гуравдагч этгээдийг маргаан бүхий албан тушаалд томилохдоо хууль бусаар томилсон” гэх үндэслэлийн тухайд:

4.1.Төрийн аудитын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Монгол Улсын Ерөнхий аудитор дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 29.1.7-д “хуульд заасны дагуу төрийн аудитын байгууллагын албан хаагчийг томилох, чөлөөлөх, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, зэрэг дэв олгох, урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах”,  29.1.10-т “энэ хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд аудит, захиргаа, боловсон хүчин, санхүүгийн үйл ажиллагааг чиглүүлж шийдвэр гаргах”, 29.3-т “Монгол Улсын Ерөнхий аудитор бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал гаргана.” гэж тус тус заасан бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2021 оны А/54 дүгээр тушаалаар “Төрийн аудитын байгууллагын удирдах болохн гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөн тусгай шалгалтын журам”-ыг баталсан.

Тодруулбал, маргаан бүхий тусгай шалгалтыг Монгол Улсын Ерөнхий аудиторын хуульд заасан төрийн аудитын байгууллагын албан хаагчийг томилох, боловсон хүчиний үйл ажиллагааг чиглүүлж шийдвэр гаргах хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд баталсан Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2021 оны А/54 дүгээр тушаалаар “Төрийн аудитын байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөн тусгай шалгалтын журам”-ын дагуу авсан байна.

 

4.2.Уг журмыг баримтлан Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан “Төрийн албан хаагчийн удирдах, гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг зохион байгуулах удирдамж[9]”-ийн дагуу Баян-Өлгий аймаг дахь Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтыг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулж, уг шалгалтад бүртгүүлэн, оролцож тэнцсэн тул маргаан бүхий албан тушаалд гуравдагч этгээд Ж.Аийг томилсон гэдэг нь тогтоогдож байна.

4.3.Монгол Улсын Ерөнхий аудиторын 2021 оны А/54 дүгээр тушаалаар баталсан “Төрийн аудитын байгууллагын удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтын журам"-ын 6 дугаар зүйлийн 6.1-т “Комисс шалгалт дууссанаас хойш ажлын 3 хоногт багтаан шалгалтын дүнг гаргаж, хамгийн өндөр оноо авсан иргэнийг албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхий аудиторт танилцуулна ...” гэж заасны дагуу хамгийн өндөр оноо авсан Ж.Аийг сонгон шалгаруулалтын комиссын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор санал болгож, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/333 дугаар тушаалаар Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалд томилсон нь хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

4.4.Тухайлбал, тусгай шалгалтын дагуу тэнцсэн этгээдийг маргаан бүхий албан тушаалд томилсон Б/333 дугаар шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно.”, 27 дугаар зүйлийн 27.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө:”, 27.1.2-т “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

4.5.Харин анхан шатны шүүхийн “...Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга тэргүүлэх аудиторын албан тушаалын сонгон шалгаруулалтад  Х.Ж ороогүй, уг албан тушаалд томилогдох эрх үүсээгүй тул маргаан бүхий захиргааны актын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэхгүй” гэх агуулга бүхий дүгнэлт үндэслэлтэй байна.

5.Гуравдагч этгээдийн давж заалдах гомдлын тухайд:

5.1.Гуравдагч этгээдээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан үндэслэл нь “...нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд томилогдох хуульд заасан шаардлагыг хангаагүй бөгөөд шүүхээс тус үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоогүй нь шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад бүрэн гүйцэт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн хэрэг болсон” гэх давж заалдах гомдлын хувьд анхан шатны шүүх “... Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга буюу тэргүүлэх аудиторын албан тушаалын сонгон шалгаруулалтад дүгнэлт хийх шаардлагагүй ..." гэх дүгнэлтийг өгсөн.

5.2.Тодруулбал, нэгэнт маргаан бүхий удирдах албан тушаалын сул орон тоог нөхөх шалгалтад нэхэмжлэгч  оролцоогүй байгаа тохиолдолд нэхэмжлэгч Х.Ж нь уг албан тушаалын тодорхойлолтын мэргэших хэсэгт заасан тэргүүн түшмэл болон адилтгах мэргэшүүлэх багц сургалтад хамрагдсан байх шаардлагыг хангасан эсэх талаар шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах, энэ үндэслэлээр анхан шатны шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлгүй байна.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж гомдлыг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 341 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                         М.ЦЭЦЭГМАА

 

ШҮҮГЧ                                                          С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                          А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 105 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 18-60 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 62-63 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 64 дэх тал

[5] Хэргийн 1-р хавтас 66 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 104 дэх тал

[7] Хэргийн 1-р хавтас 18-60 дахь тал

[8] Хэргийн 1-р хавтас 205-225 дахь тал

[9] Хэргийн 1-р хавтас 58-60 дахь тал