Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 78

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалан тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар Ж.Баасанхүүд холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн 201601070192 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                               Б.Одгэрэл

Улсын яллагч                                                           Х.Эрдэнэтуяа

Шүүгдэгч                                                                   Ж.Баасанхүү

Хохирогч                                                                   Б.Энхжаргал

Хохирогчийн өмгөөлөгч                                        Л.Ганганбарс

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                      Д.Ганхуяг

Иргэний нэхэмжлэгч                                              Б.Ариунбаатар нар оролцов.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1973 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Архуст суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 17 дугаар байрны 59 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Эрдэнэ овгийн Жанцанхорлоогийн Баасанхүү /РД:НД73101570/,

Шүүгдэгч Ж.Баасанхүү нь 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр оройн 19 цаг 30 минутын үед Багануур дүүргийн 2 дугаар хороо, Чулуун карьерийн орчим 2 чигийн урсгалтай хатуу хучилттай замд, өөрийн эзэмшлийн 72-73 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3. а/, 10.1. а/, б/, 10.6. е/ заалтуудыг зөрчиж, эсрэг урсгалд зорчиж явсан 95-05 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас уг машинд сууж явсан Б.Энхжаргалын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Баасанхүүгийн хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн орой 19 цаг өнгөрч байхад Багануур дүүргээс өөөрийн эзэмшлийн 72-73 БРА улсын дугаартай ачааны машиныг жолоодож Даваахүү, Төмөрбаатар, Оюунбаатар, Отгонцэрэн нартай хамт Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум руу хөдөө явж байсан. Машины бүхээг дотор Даваахүү, Төмөрбаатар нар, ачаан дээр Оюунбаатар, Отгонцэрэн нар сууж явсан. Би машинаа жолоодоод Багануур дүүргийн 3 дугаар хороо, Чулуун карьер өгсөж уруудаад эргэлтийн жаахан наахан талд явж байтал эсрэг урсгалд бараан өнгийн жип машин явж байсан. Тэгтэл тэр машины араас цагаан өнгийн суудлын машин гүйцэд түрүүлэх үйлдэл хийж, уг машины зүүн гар талаар гарч ирээд эсрэг урсгалд орж, миний машинтай мөргөлдсөн. Ингээд би ухаан балартаад шоконд орсон. Нэг мэдэхэд л эмнэлэг дээр ирсэн байсан... Одоо буруугаа ойлгосон, хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 119 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Б.Энхжаргалын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Багануурын Хэрлэн гүүр өнгөрөөд Чулуун карьер руу өгсдөг замаар өгсөөд явж байтал урдаас хөтөл даваад цэнхэр өнгийн жижиг ачааны машин гарч ирээд өөрийн явах чигийн зам дээр дайвалзаж, займчиж байгаад гэнэт урсгал сөрөөд бид нарын зорчиж явсан замын урсгалд орж ирээд миний сууж явсан талаас мөргөөд замын хажуу тал руу хамаад онхолдсон…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Н.Нарандоржийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Намайг анх очиход ослын газарт, ертөнцийн зүгээр замын зүүн гар талдаа засмал замын доор 2 тээврийн хэрэгсэл жалга руу унасан байдалтай байсан. Ертөнцийн зүгээр зүүн урд зүгт Пробокс маркийн машин харсан байдалтай, харин Портер маркийн машин нь хойд зүг рүү харсан байдалтай баруун талаараа тус тус унасан. Портер маркийн машины бөгс нь Пробоксийн хамар дээгүүр давсан байдалтай байсан. Пробокс машин дотор нэг эмэгтэй хүн гацчихсан, Портерийн кабины урд талд 2 эрэгтэй хүн хэвтэж байсан, тэр хоёр эрэгтэйн хажууд мөн 2 эрэгтэй хүн толгойгоо барьчихсан газар сууж байсан. Тухайн үед ослын газар цагдаа Мөнхжаргал энгийн хувцастай ирчихсэн, хүүхдүүдийг эмнэлэг явуулах хэрэгтэй байна гэж байсан. Хэрлэн гүүр талаас 2-3 машин ирчихсэн, сууж байсан хүмүүс нь гараад ирчихсэн тусламж үзүүлэх гээд байгаа харагдсан. Ингээд эмч хүмүүст анхны тусламж үзүүлээд хүүхдүүдийг замын унаанд дайлгаад эмнэлэг рүү явуулаад осолд орсон Портерийн урд хэвтэж байсан эрэгтэйг үлдээгээд бусад хүмүүсийг Багануурын эмнэлэг рүү миний бие машиндаа суулгаад аваад явсан. …засмал зам дээр ертөнцийн зүгээр урд зүг рүү эсрэг урсгал руугаа орсон нэг дугуйны тоормоз гишгэсэн мөр байсан...” гэсэн мэдүүлэг /39 дүгээр хуудас/,

Гэрч Д.Оюунбаатарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Бид Багануур дүүргийн 3 дугаар хороо, Чулуун карьер давж уруудаад явж байтал урд кабин дотор хүмүүс бархиралдаад эхэлсэн. Ингээд тас гэх дуу гараад би ухаан балартсан. Нэг ухаан ороход Чулуун карьер урууддаг замын зүүн талдаа манай машин нэг машинтай мөргөлдчихсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Отгонцэрэнгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Чулуун карьер өгсөөд уруудаад явж байсан чинь кабин дотроос хэн нэгэн нь “өө пизда” гэж орилох шиг болсон. Тэгэхээр нь би гайхаад өндийж босохын завдалгүй машин эсрэг урсгал руугаа ороод машинтай мөргөлдөөд онхолдсон. Би ачаан дээрээс шидэгдээд нүүрээрээ газар, шороон дээр харуулдаж унасан байсан. Тэгээд намайг босоод харахад Баасанхүүгийн машин замын зүүн талдаа нэг суудлын машинтай мөргөлдөөд онхолдсон байсан. Тухайн үед кабин дотор хэн нэгэн нь “өө пизда” гэж хараагаад машин эсрэг урсгал руу сөрж ороод тэгээд л машинтай мөргөлдсөн... гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

Гэрч Б.Төмөрбаатарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Чулуун карьерийн зам өгсөөд уруудаж явах үед би машины хөгжмөөр оролдоод явж байтал Бааасанхүү ах “өө пизда” гэсэн. Тэгэхээр нь би зам руу хартал чанх урдаас цагаан өнгийн суудлын машин ирж явсан. Осолд орсны дараа шоконд орсон байсан учраас түүнээс хойш болсон асуудлыг сайн санахгүй байна. Баасанхүү “өө пизда” гэж хэлсэн. Тэр агшинд би урд зам руу харахад урдаас цагаан өнгийн суудлын машин ирж яваад 2 тээврийн хэрэгсэл урд урдаасаа мөргөлдсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Гэрч Б.Батдэлгэрийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...19 цаг 30 минутын үед Хэрлэн гүүр гараад Чулуун карьер руу эргээд өгсүүр замд явж байтал эсрэг урсгалаас хөх өнгийн жижиг ачааны машин Хэрлэн гүүрний зүг явж байсан. Тэр машин өөрийн зорчих урсгалаар явж байхдаа нэг эсрэг урсгал руу орж, нэг өөрийн зорчих хэсэг рүүгээ орж мурилзаад яваад байсан. Тэгэхээр нь замын баруун гар тал руугаа шахаад замын шороон хөвөө рүү ороод зөөлхөн яваад хажуугаар нь зөрөөд өнгөрье гэж бодоод замын баруун гар тал руугаа шороон хэсгээр зөөлхөн явж байтал нөгөө хөх өнгийн ачааны машин эсрэг урсгал руу орж ирээд миний жолоодож явсан машиныг чиглээд жолоочийн эсрэг талаас мөргөж түрээд замын баруун гар талын далан руу оруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

Гэрч Б.Ариунбаатарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Осол болсон газар нь Хэрлэн гүүр рүү явах замд Чулуун карьер руу урууддаг зам дээр байсан. Ертөнцийн зүгээр замын зүүн гар талд 95-05 БРА, 72-73 БРА улсын дугаартай 2 машин мөргөлдөөд замын хажуу тал руу орсон байдалтай байсан. Хэрлэн гүүр рүү явах замын хажуу талын шороон хэсэг рүү орсон 1 ширхэг дугуйны мөр байсан. Тэр нь 72-73 БРА машины дугуйн мөр байсан. Харин замын зүүн талд хажуу талын шороон хэсэг дээр 95-05 БРА улсын дугаартай машин тоормоз гишгэсэн бололтой дугуйн мөр гарсан байсан бөгөөд уг машины зогссон цэгээс ертөнцийн зүгээр зүүн гар талдаа далан руу түрэгдэж орсон бололтой замын хажуу талын шороон хэсгийг ухаад шороон далан руу орсон мөр байсан. Тэр мөрний эхлэл нь 2 автомашины анх мөргөлдсөн цэг бололтой байсан. 72-73 БРА улсын дугаартай машин угаасаа урсгал сөрж орж ирээд 95-05 БРА дугаартай автомашиныг мөргөсөн нь тодорхой байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,

Шинжээч Г.Цэндсүрэнгийн “...1. 72-73 БРА улсын дугаартай автомашины эвдрэл гэмтэлд үндэслэн баруун урдаас хойш чиглэлд мөргөлдсөн байх үндэслэлтэй.

2. Их Эвдрэл гэмтэлтэй, тоормозны систем хэвийн бус тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй.

3. Тоормозны шингэн агуулах саванд тоормозны шингэнгүй, битүүмжлэл алдагдсан, тоормозны дөрөө гулзайсан тул хөшигдөж тоормозны системийн ажиллагааг шалгах боломжгүй. Баруун урд, зүүн хойд тоормозны накладка хугарч салсан, накладка, барбан тос мэт зүйлээр бохирлогдсон, баруун урд барбан элэгдэж, элэгдлийн хязгаарт 000.5 мм-ээр ойртсон нь ашиглалтын явцад үүссэн байна.

4. Тоормозны системийн гэмтэл, элэгдэл: бүхээгний баруун доод булангийн цоорч зэвэрсэн гэмтэл ослын өмнө ашиглалтын явцад, бусад гэмтлүүд нь ослын үед үүссэн байна... гэсэн 4958 тоот дүгнэлт /хх-ийн 95 дугаар хуудас/,

Шинжээч Г.Цэндсүрэнгийн “...95-05 БРА улсын дугаартай автомашины урд талын эвдрэл гэмтэл үүссэн мөрд үндэслэн зүүн урд талаар эхэлж, хойш чиглэлтэй, хөх өнгийн гадаргуутай хатуу зүйлтэй мөргөлдсөн байх үндэстэй.

- Toeota-Probox автомашины дугуйн тоормозны эд ангиуд бүрэн, урд талаас хойш чиглэлтэй мөргөлдөж, хөдөлгүүр, урд дотор хаалт хойш шилжиж тоормозны аппарат, шингэний төвшин, битүүмж шалгах боломжгүй, тоормозны дөрөө гулзайж, шаланд наалдсан тул ажиллагааг шалгах боломжгүй... гэсэн 4956 тоот дүгнэлт /хх-ийн79 дүгээр хуудас/,

Ш.Ариун-Эрдэнэ, Н.Ганбаатар, Б.Ариунболд нарын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн “...1. 72-73 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Баасанхүү нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан Жолооч гүйцэд түрүүлэхийн өмнө дараах нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино:

а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх,

б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх,

10.6. Гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдол а/ эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт: гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

2. 95-05 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Б.Батдэлгэр нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Жолооч Ж.Баасанхүү нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.

4. Тухайн хавтаст хэрэг болон ЗТО-ын бүдүүвч зурагт 72-73 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зорчих хэсгээс зүүн гар тийш дарж гарсан дугуйн мөр нь тоормозны мөр биш, мөн мөрний урт хэмжээс байхгүй. Ж.Баасанхүүгийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй...” гэсэн 464 тоот дүгнэлт /хх-ийн 111 дүгээр хуудас/,

Шинжээч эмч Т.Чимэд-Очирын “...Энхжаргалын биед зүүн гарын атгаал болон шилбэний шаант ясны далд хугарал, цээжний хэнхэрцгийн дарагдал, баруун шилбэ, цээж, гуя, шилбэ, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, хэвлий, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн 11153 тоот дүгнэлт /хх-ийн 72 дугаар хуудас/,

         “Арвижих-Эстимейт” ХХК-иас 95-05 БРА улсын дугаартай “Toeota-Succeed” маркийн автомашиныг үнэлсэн үнэлгээ /хх-ийн 44 дүгээр хуудас/,   

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах “...Ж.Баасанхүүг ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд ял шийтгэл бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон хуудас” /хх-ийн      127 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

            Шүүгдэгч Ж.Баасанхүү нь 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр оройн 19 цаг 30 минутын үед Багануур дүүргийн 2 дугаар хороо, Чулуун карьерийн орчимд 2 чигийн урсгалтай хатуу хучилттай замд өөрийн эзэмшлийн 72-73 БРА улсын дугаартай “Kia Seres” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан жолооч дор дуурдсан үүрэг хүлээнэ: а/. Хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, мөн дүрмийн 10.1-д жолооч гүйцэд түрүүлэхийн өмнө дараах нөхцлүүдийг мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/ өөдөөс болон араас ирж яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх, 10.6. е/ эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэл хязгаарлагдмал хэсэгт: гэсэн заалтуудыг зөрчиж, эсрэг урсгалд явсан 95-05 БРА улсын дугаартай “Toeota-Probox” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Энхжаргалын бие махбодид зүүн гарын атгаал болон шилбэний шаант ясны далд хугарал, цээжний хэнхэрцгийн дарагдал, баруун шилбэ, цээж, зүүн гуя, шилбэ, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүү, хэвлий, баруун шилбэнд зулгаралт бүхий гэмтэл учруулсан нь дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

          Хэргийн бодит байдлыг нотолж байгаа дээрх баримтуудыг үнэлэхэд шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар байцаасан байцаалт нь хууль зөрчөөгүй, мэдүүлгийн орон зай, цаг хугацаа, үйл баримтын талаар мэдүүлсэн мэдүүлэг нь гэрчүүдийн болон хохирогчийн мэдүүлгээр батлагдсан, гэрч, хохирогч нараас мэдүүлэг гаргуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасныг хангасан, мэдүүлгүүд хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, шүүх эмнэлгийн шинжээчийн 11153 тоот дүгнэлт, техникийн шинжээч нарын 4956, 4958, 464 тоот дүгнэлтүүдийн үндэслэл ойлгомжтой, дээрх баримтууд нь хэргийн үйлдлийг хангалттай нотолж байна.

Иймд нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

Шүүгдэгч Ж.Баасанхүүг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас Б.Энхжаргалын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нар нь эвлэрэн хэлэлцсэн болох нь “...нэг талаас хохирогч Б.Энхжаргал, иргэний нэхэмжлэгч Б.Ариунбаатар, нөгөө талаас хэрэгт холбогдогч Ж.Баасанхүү бид харилцан тохиролцож, хохирогч талд автомашины үнийн төлбөр болон эмчилгээний бодит зардалд 5.000.000 төгрөгийг төлснөөр гэмт хэргийн улмаас учирсан хохирлын мөнгө болон автомашины үнэ, гарсан бүх зардлыг бүрэн төлж барагдуулсан гэж үзэв. Ийнхүү харилцан тохиролцсоноор хохирогчийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, санал байхгүй гэж эвлэрэн гэрээ байгуулав...” гэсэн гэрээ /хх-ийн 178 дугаар хуудас/, шүүгдэгчийн “…бид эвлэрсэн…” гэсэн мэдүүлэг, хохирогчийн “...бид сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн “...хохирол барагдсан тул гомдол саналгүй...” гэсэн мэдүүлэг зэргээр батлагдаж байх бөгөөд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлах үед тогтоогдсон тул Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Ж.Баасанхүүг эрүүгийн хариуцлагаас чөлөөлбөл зохино.  

Ж.Баасанхүү нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болно.

            Шүүгдэгч Ж.Баасанхүүд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3,  294-298 дугаар зүйлүүдэд заасныг

тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Эрдэнэ овгийн Жанцанхорлоогийн Баасанхүүг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрдэнэ овгийн Жанцанхорлоогийн Баасанхүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Эрдэнэ овгийн Жанцанхорлоогийн Баасанхүүг  эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  4. Ж.Баасанхүү нь цагдан хоригдсон хоноггүй болохыг мэдэгдсүгэй.
  5. Ж.Баасанхүү нь хохирогч Б.Энхжаргал, иргэний нэхэмжлэгч Б.Ариунбаатар нарын хохирол, төлбөрт 5.000.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
  6. Ж.Баасанхүүд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорохойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шүүгдэгч Ж.Баасанхүүд урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 
  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.БЯМБАЖАВ