Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2022/0115

 

 

 

 

2022 02 23 128/ШШ2022/0115

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд цахимаар хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж.А , Б.Ц

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Э.М

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Д

Гуравдагч этгээд: Э.Эг ХХК

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.А

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 111 дүгээр, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 139 дүгээр шийдвэрүүдийг хүчингүй болгуулах шаардлага бүхий ашигт малтмалын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Э.М , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нар нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 111 дүгээр, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 139 дүгээр шийдвэрүүдийг хүчингүй болгуулах шаардлагаар маргаж байна.

2. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1. Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/100 дугаар захирамжаар Ж.А т Төв аймгийн Заамар сумын Төмстий 2 дугаар багийн нутагт орших Наймганы ээвэр энгэр хэмээх нэртэй 0,07 га газрыг өвөлжөөний доорх газрын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж. 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 00.... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож мөн 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 00... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

2.2. Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2000 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 71 дугаар шийдвэрийг үндэслэн Төв аймгийн Заамар сумын нутаг Өлийн цагаан чулуутын дунд гэх газарт өвөлжөөний зориулалтаар 0.07 га газрыг 40 жилийн хугацаатай Б.Ц эзэмшүүлж, 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 0226070 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгожээ.

2.3. Ашигт малтмал, кадастрын хэлтсийн даргын 2018 оны 03 сарын 05-ны өдрийн 111 дугаар Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан авах тухай шийдвэрээр Кадастрын хэлтсийн өргөдлийн бүртгэлийн SU-003169 дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу Э.Эг ХХК-ийн XV-020880 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгосон Төв аймгийн Заамар сумын Өвөр намганы ам нэртэй 15541.08 гектар хайгуулын талбайгаас 11594.16 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдэж байгаа 3946.91 гектар талбайг XV-020880 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хавсралтад бичиж тэмдэглэхээр шийдвэрлэжээ.

2.4. Тус шүүх нэхэмжлэгч Ч.Б , Ц.Х , Г.Э нарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох, гуравдагч этгээдээр Э.Эг ХХК оролцсон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 441 тоот шийдвэрээр Төв аймгийн Заамар сумын Өвөр наймганы ам нэртэй газарт 15541.08 гектар хайгуулын талбайг, 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 111 тоот шийдвэрээр Төв аймгийн Заамар сумын Өвөр наймганы ам нэртэй газарт 3946.91 гектар талбайг Э.Эг ХХК-д олгосон шийдвэрийг хүчингүй болгох шаардлага бүхий захиргааны хэргийг 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2020/0520 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

2.5. Нэхэмжлэгч нар нь бусдын эзэмшлийн газартай ийнхүү Ашигт малтмалын газраас давхцуулан лиценз олгосныг эс зөвшөөрч Ашигт малтмал, газрын тосны газарт 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гомдол гаргаж, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1/5545 дугаар албан бичгээр ... Дээр дурдсан хууль болон Засгийн газрын тогтоолын хүрээнд Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайдын А/129 тушаалаар батлагдсан Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын /хуучин журам/ 1 дүгээр зүйлийн 1.6-д заасны дагуу хязгаарлагдмал сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу нээлттэйгээр зарлан явуулж тус сонгон шалгаруулалтад шалгарсан Төв аймгийн Төв Эрдэнэс нэртэй орон нутгийн өмчит аж ахуйн хувь эзэмшлийн оролцоотой Э.Эг ХХК-д ашигт малтмалын хайгуулын XV-02....тоот тусгай зөвшөөрлийг олгосон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг заасан бөгөөд Таны албан бичиг болон түүнд хавсарган ирүүлсэн материалыг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцлах боломжгүйг үүгээр мэдэгдье. гэсэн хариу өгчээ.

2.6. Нэхэмжлэгч нар нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 111 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасныг тус шүүх хүлээн авч 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

2.7. Нэхэмжлэгч нар нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 139 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах гэж нэмэгдүүлсэн.

3. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ...Төв аймгийн Заамар суманд хууль бусаар тусгай зөвшөөрөл олгогдсоны улмаас гол мөрөн ширгэж, байгаль орчин үйлдэж, байгалын унаган төрх алдагдаг, нутгийн малчин иргэдийн малын бэлчээрийн талбайгүй болсон зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаар Зарим газар нутгийг аймгийн тусгай хэрэгцээ, хамгаалалтад шинэчлэн авах тухай 03 дугаар тогтоолын 1-р хэсэгт ... Заамар сумын газар нутгийг бүхэлд нь аймгийн тусгай хэрэгцээнд авч, шинээр тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар шийдвэрлэж, мөн Төв аймгийн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Газар нутгийг тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын 1 дэх заалтаар хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон газраас бусад нийт 244,676,4 га газар нутгийн 15 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хэрэгцээнд авч, улсын кадастрын бүртгэлд хамрагдсан болно.

Гэтэл Аймгийн болон Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр урьд нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцуулж Ашигт малтмал, кадастрын хэлтсээс 2018 оны 03 сарын 05-ны өдрийн 111 дугаар шийдвэрээр Төв аймгийн Заамар сумын Өвөр намганы ам нэртэй газарт 3948.91 гектар талбайг XV-020880 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Э.Эг ХХК-д олгосон нь хууль бус шийдвэр болсон.

Тухайн үед Э.Эг ХХК-д тусгай зөвшөөрөл олгох талаар Ашигт малтмал, газрын тосны газраас Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авахад Төв аймгийн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаар тогтоолоор "Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухайн саналыг хүргүүлж байсан боловч саналыг ул харгалзан лиценз олгосон байна. Э.Эг ХХК-д ийнхүү аймаг, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай болон иргэдийн өвөлжөө, хаваржааны газруудтай давхцуулан лиценз олгосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 17.5.2. тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх, хуулийн заалтыг шууд зөрчсөн, хууль бус шийдвэр болсон байна.

Дээрх шийдвэрүүд нь Ашигт малтмалын тухай хууль болон Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн, гомдол гаргасан малчин иргэдийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зорчиж сумын уугуул иргэд, Малчин иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах /нөхцөл алдагдсан эрхийг зөрчсөн, малчин иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр болсон мал, түүний отор, хадлан, малын бэлчээрийн талбайг хомсдолд оруулсан шийдвэр тул ийнхүү лиценз олгосон газарт амьдарч буй малчин иргэд Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж шүүхэд нэхэмжлэлээ гаргаж хууль бус дээрх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, бид нарын эрхийг хамгаалж өгнө үү. гэв.

4. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхай кадастрын хэлтсийн даргын хоёр шийдвэрээр 3000 удаа хамгийн сүүлийн байдлаар 2,921,29 гектар болгож өөрчилсөн байна. Энэ шийдвэрийг Монгол Улсын олон хууль тогтоомжтой зөрчилдсөн байгаа. Тухайлбал, Ашигт малтмал газрын тосны газрын хэрэгжүүлэгч агентлагийн дээд шатны захиргааны байгууллага нь уул уурхайн хүнд үйлдвэрийн яам байдаг. Уул уурхайн хүнд үйлдвэрийн яамны тухайн үеийн сайд Д.Сумъяабазарын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01/133 дугаартай чиглэл өгөх тухай албан бичгээр тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулах журмын 1.6 дахь заалтыг үндэслэн Ашигт малтмалын газраас нэр бүхий 7 талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион байгуулж дараах аж ахуй нэгжүүдэд тусгай зөвшөөрлийг олгожээ гээд манай маргаж байгаа Төв аймгийн Заамар суманд орших Өвөр наймганы ам гэдэг газар Э.Эг ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион байгуулж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон үйлдэл нь Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргаа, түүний нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын холбогдох хэсэг болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагаас батлан гаргасан холбогдох шийдвэрүүдтэй зөрчилдөж байна.

Хоёрдугаарт, Б.Ц , Ж.А нар нь мал бүхий иргэд бөгөөд хэдэн үеэрээ Өвөр наймганы ам гэдэг газар өвөлжөө, намаржаа, хаваржаандаа малаа малладаг. Энэ хоёр иргэний газар эзэмших гэрчилгээтэй, лиценз давхацсан. Мөн хоёр иргэн мал бүхий иргэн учир тухайн газартаа малаа бэлчээдэг. Монгол Улсын Үндсэн хуульд төр нь мал сүргээ хамгаалах үндсэн үүрэг байдаг. Өнөөдөр Төв аймгийн Заамар сумын нийт газар нутгийн 70-80 хувь нь хууль бус уул уурхайд өртсөн. Тус сумын иргэд анх удаа маргаж байгаа биш өмнө нь гурван иргэд маргаан Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд М.Батзориг шүүгч дээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, харин Дээд шүүхээс хоёр иргэний газар давхцаагүй байна гэж дахин хэлэлцүүлгээр буцаах шийдвэр гаргахад нь бид гомдол гаргахгүйгээр Б.Ц , Ж.А нар буюу газар нь давхацсан хоёр иргэнээр маргахаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь малчин иргэдийн малын бэлчээрийн талбайг үгүй хийсэн.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан тухайн иргэдийн хурал тус газар нутгийн нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг бие даан шийдвэрлэх эрхтэй байдаг. Мөн тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 3.2, 28 дугаар зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйл Газрын тухай хуульд заасны дагуу сум орон нутгийн иргэдийн хурал, нутгийн захиргааны өөрөө удирдах ёсны байгууллага нь нэг онцгой бүрэн эрх нь газар нутгаа орон нутгийн тусгай хэрэгцээнд авах эрх байдаг. Энэ бүрэн эрхийн хүрээнд үндэслэн Төв аймгийн Заамар суманд асар их хэмжээний хууль бус байгаль орчинд сүйдсэн, зохисгүй үйл ажиллагаанаас болоод орон нутгийн даац хэтэрч малчин иргэдийн аюулгүй амьдрах эрх алдагдаж, тариаланчдын эрх хөндөгдөөд горхи, булаг шанд ширгэж тухайн үеийн тосон Заамар гэж ярьдаг газар Тоосон Заамар болж хувирсан. Энэ газрыг 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр Төв аймгийн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор өмнө лиценз олгосон аж ахуй нэгжийг болиод 2015 оноос хойш үлдсэн 244672 м.кв газрыг эргэн тойрон хилийн цэсээр нь нэгдүгээр хавсралтаар 15 жилийн хугацаанд орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Эдгээр тогтоолуудаар ямар үндэслэлээр авсан гэдгээ бичсэн байгаа. Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор мөн Заамар сумыг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авсан. Өмнө нь олгосон аж ахуй нэгж дээр маргаагүй. Дахин тусгай зөвшөөрөл олгох бол иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор хориглосон. Энэ нь Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрх юм. Гэтэл орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцуулан Ашигт малтмал газрын тосны газраас лиценз олгосон байдаг.

Гуравдугаарт, Газрыг давхцуулан олгосон нь Ашигт малтмалын тухай хуулийн олон хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа. Тухайлбал Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлд тусгай зөвшөөрөл дараах шаардлагыг хангасан байна. Тусгай хэрэгцээний газар Ашигт малтмалыг хайх, эрхийг хориглосон газар болон нөөцөд авсан газартай давхцаагүй. Гэтэл энэ нь тусгай хэрэгцээний газар гэдэг нь хуульд заахдаа олон төрөлд хуваасан байдаг. Энэ нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцуулан олгосон. Тэгэхээр уг лиценз нь дараах үндэслэлээр хууль бус байна. Э.Эг ХХК-д уг лицензийг анх олгох шалтгаан нь Төв ертөнц гэдэг орон нутгийн өмчит компанийг байгуулж орон нутагтаа зохих хэмжээний орлого олж нийтийн сайн сайхны төлөө юм хийе гэсэн. Тэгээд компанид олгох иргэдийн Төлөөлөгчийн Хурлын тогтоолоор уул уурхайн олборлолтод өртсөн, эвдэрсэн, газрыг дахин ашиглая гэдэг зорилгоор уг компанийг байгуулж лицензийг олгосон. Гэтэл бодит байдал дээр Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан зарчим зөрчигдсөн. Өөрөөр хэлбэл бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасан. Тэр нь уул уурхайн олборлолтод өртсөн эвдэрсэн газар олгохоор анх компанийг байгуулсан атал бодит байдал дээр жинхэнэ тэгш эрүүл малын бэлчээрийн талбай байдаг. Шүүхээс үзлэг хийхэд уул уурхай ухагдаад нинжа нар олборлолт хийгээд ухагдсан газар байхгүй. Тэр чигтээ тал газар байгаа. Энэ нь зорилгодоо нийцээгүй. Малчин иргэд тухай үедээ Монгол Улсын ерөнхий сайд, Засгийн газар гээд хандаагүй газар байхгүй. ... Лицензийг хүчингүй болгосноор Э.Эг ХХК-ийн ямар ч хууль ёсны эрх ашиг сонирхол бодитой хөндөгдөхгүй. Энэ компани өнөөдөр ашигт малтмалын хайгуул ямар нэг ажиллагаа эхлээгүй. Харин үнэн худал нь мэдэгдэхгүй хэдэн зээл авсан гэдэг гэрээ өгдөг. Үүний төлөлтийг хийсэн зүйл байхгүй. Нийтийн ашиг сонирхол, малчин иргэдийн ашиг сонирхол, иргэдийн Төлөөлөгчдийн ашиг сонирхол хөндөгдөж байна. Иймд энэ тусгай зөвшөөрөл нь хууль бус юм.

Тавдугаарт, Гуравдагч этгээдэд лиценз олгохын тулд Ашигт малтмалын тухайн хуульд зааснаар сум орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санал авсан. Гэтэл 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Төв аймгийн Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 03 дугаартай тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан санал өгч байсан. Үүнтэй төстэй 81 тусгай зөвшөөрөл байна. Алт хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 140 гаруй тонн алт олборлосон 20 гаруй гол, мөрөн булаг шанд ширгэсэн. Малчдын өвөлжөө, хаваржааны газрыг шахаж, уул уурхай аж ахуй эрхлэгч иргэд хоорондын бэлчээрийн маргаан удаа дараа гарч байгаа учир дахин шинээр тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэдгийг харж болохоор байна.

5. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Их Хурал 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталснаар удаан хугацаанд эдийн засгийн эргэлтэд ороогүй зогсонги байдалд орсон уул уурхайн салбарын үйл ажиллагаа сэргэх, төр хуулийн дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох нөхцөл бүрдсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т "энэ хуулийн 20.1 т заасан сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын эрх олгосноор батлах" гэж заасныг үндэслэн Засгийн газрын эрх олгосноор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалын хавсралтаар "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ыг баталж, Хууль зүйн яаманд бүртгүүлсэн.

Хууль зүйн яам дээр дурдсан журмыг Монгол Улсын хуульд нийцсэн, хууль зөрчөөгүй байна гэж үзэн бүртгэсэн.

Хоёр: Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т /хуучин хуулиар/ Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд туунд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана" гэж заасны дагуу төрийн төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтэс Төв аймгийн Заамар сумын Өвөр наймганы ам нэртэй 15541,08 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгох боломжтой байна. Уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсвэл дэмжихгүй талаар санал авахаар тус аймгийн Засаг даргад 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 7/1462 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна.

Төв аймгийн Засаг дарга 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаартай хариуг ирүүлжээ.

Ашигт малтмалын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын тушаалаар батлагдсан "Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам"-ын 1 дүгээр зүйлийн 1.6-т заасны дагуу хязгаарлагдмал сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу ил тод нээлттэйгээр зарласан.

Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах "Өвөр наймганы ам" нэртэй 15541.08 га талбайд зарласан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад ирүүлсэн саналын баримт бичгийг дээр дурдсан журмын дагуу нээж, үнэлэн шалгарагчийг тодруулсан.

Тус сонгон шалгаруулалтад шалгарсан Төв аймгийн орон нутгийн өмчит аж ахуйн нэгж болох "Э.Эг" ХХК-д ашигт малтмалын хайгуулын XV-02....дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон.

Гурав: Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т "Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг энэ зүйлд заасан журмын дагуу өөрийн хүсэлтээр буцаан өгч болно" гэж заасны дагуу "Э.Эг" ХХК нь өөрийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын XV-020880 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх өргөдлийг төрийн захиргааны байгууллагын кадастрын хэлтэст гаргасан байна.

Кадастрын хэлтэс уг өргөдлийг хянан үзэхэд Ашигт малтмалын тухай хуулийн 55.2-55.4-т заасан шаардлагыг хангаж байсан тул өргөдлийг бүртгэж, тухайн тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд зохих өөрчлөлтийг тусган талбайн тодорхой хэсгийг буцаан авч Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 111 дүгээр шийдвэрийг гаргажээ.

Дөрөв. Иргэн Ч.Б , Ц Х , Г.Э нарын "Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсээс 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 441 дүгээр шийдвэрээр Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах Өвөр наймганы ам нэртэй 15541.08 га хайгуулын талбайг 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 111 дүгээр шийдвэрээр Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах "Өвөр наймганы ам" нэртэй газарт 3946 91 га талбайг Э.Эг ХХК-д олгосон шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож 12В/ШШ2020/0520 дугаартай шийдвэрийг гаргасан.

"Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль"-ийн 110 дугаар зүйлийн 110.1.1-т "энэ хуулийн 114.1-д заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй" гэж заасны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2020/0520 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр болсон билээ.

Иймд "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-т нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны уйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа" бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилсныг үндэслэн шийдвэрлэж өгөхийг хүсье. гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.3 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхийг заасан үүнд улсын тусгай хамгаалалтайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх асуудлыг Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэхээр хуульчилсан. Монгол Улсын Үндсэн хуульд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хурал эдэлнэ гэж заасан. Уг хуулийн дагуу Монгол Улсын Их Хурал 2014 оны 7 дугаар сард Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 11.2 дахь хэсгийн 20.1 дэх хэсэгт заасан сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын эрх олгосноор батлахаар хуульчилж өгсөн. Үүний дагуу Засгийн газрын эрх олгосноор Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/129 дүгээр тушаалаар тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг баталсан уг журмын 1.6 дахь хэсэгт тухайн орон нутгийг хөгжүүлэх, орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай, эвдэрсэн газарт орон нутгийн өмчит аж ахуй нэгжүүдийн дунд хязгаарлагдмал сонгон шалгаруулалтыг зарлаж, тусгай зөвшөөрөл олгохоор журам байсан. Энэ журмын дагуу Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Төв аймгийн удирдлага өөрсдөө шийдэж Э.Эг ХХК-ийг байгуулсан. Энэ компанид орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, орон нутгийг хөгжүүлэх зорилгоор орон нутгийн өмчит компани нь Ашигт малтмал газрын тосны газраас зарласан сонгон шалгаруулалтад ирж материалаа өгч оролцож, шалгараад тусгай зөвшөөрөл олгогдсон. Тусгай зөвшөөрөл олгогдоход орон нутгаас нь манай талбай дээр Заамар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон төрийн захиргааны байгууллагаас манайд албан бичиг ирээгүй. Манайд тус аймгаас нь Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас төрийн тусгай хэрэгцээний талбай дээр 15541,08 гектар талбай дээр Өвөр наймганы ам гэсэн талбайд сонгон шалгаруулалт явуулахад татгалзах зүйлгүй, орон нутгийн өмчит компанийн оролцуулна уу гэсэн албан бичиг ирсэн. Уул уурхай хүнд үйлдвэрийн яам манай захиргааны байгууллага руу албан бичиг явуулж сонгон шалгаруулалт зарла гэсний дагуу 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн кадастрын сонгон шалгаруулалт зарлаж шийдвэр гарсны дараа Э.Эг ХХК-д 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 441 дүгээр шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон. Энэ тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг журамд заасны дагуу нийтэд ил тод мэдээлж байгууллагын вэб сайтад өдөр тутмын сонинд хэвлэж орон нутгийн өмчит компаниудын дунд хязгаарлагдмал сонгон шалгаруулалт зарлахад Э.Эг ХХК оролцсон. Энэ компани нь сонгон шалгаруулалт өөрийнхөө мөнгийг тавиад материал авчраад оролцож шалгарсан. Энэ баталсан журмыг төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмал газрын тосны газар нь хэрэгжүүлэгч агентлаг харин яам нь солбилцолын дагуу баталж, уг солбилцол нь сонгон шалгаруулалтын нийтэд зарласан талбайн солбилцолд орсон байгаа. Энэ солбилцолын дагуу Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас сонгон шалгаруулалт зарла гэсэн чиглэл ирүүлсэн байгаа. Энэ чиглэлийн дагуу төрийн захиргааны байгууллага үүргээ хэрэгжүүлээд сонгон шалгаруулалт зарлаж хайгуулын тусгай зөвшөөрөл олгосныг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй. Үүнийг буруутгах үндэслэл байхгүй гэдгийг нотолсон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа. 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2020/0520 дугаартай шийдвэр батлагдсан. 441 дүгээр шийдвэр, 111 дүгээр шийдвэр нь хууль зөрчөөгүй байна гэж үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоод шийдвэрлэсэн. Энэ 441, 111 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргах эрх байхгүй. Учир нь шийдэгдсэн асуудал юм.

Мөн хууль зөрчиж тусгай зөвшөөрөл олгосон гэсэн зүйл ярьж байна. Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны сайд 2018 онд Д.С сайд томилогдоод 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 01133 дугаартай албан бичиг ирүүлсэн. Энд 7 талбай байгаа. Зөвхөн Төв аймгийн Заамар суманд байхгүй. Сэлэнгэ аймаг, Өмнөговь аймаг зэрэг 3 аймгийн 7 талбай байгаа. Энэ 7 талбайг хүчингүй болгоно уу гэж нэрлэсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг цуцлах 11 үндэслэл бий. Сайдын албан бичгээр тусгай зөвшөөрлийг цуцал гэсэн зүйл байхгүй. Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны сайд хууль зөрчсөн эсэхийг тогтоодог биш харин хууль зөрчсөн эсэхийг шүүхийн байгууллага тогтоодог. Шүүх тогтоохдоо хууль зөрчөөгүй байна гэсэн шийдвэрийг гаргасан. Тухайн үед Ашигт малтмал газрын тосны газарт даргаар ажиллаж байсан Х.Хэрлэн нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1898 дугаартай албан бичгээр тусгай зөвшөөрлийг цуцлах боломж байхгүй гэдгийг албан бичгээр хүргүүлсэн. Сонгон шалгаруулалт хийх тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдаар баталсан журамтай холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл гаргаад хоёр тал эвлэрсэн байдаг. Энэ сонгон шалгаруулалтын төрийн захиргааны байгууллага тухайн үед хүчин төгөлдөр байсан хууль журмыг хэрэгжүүлсэн байгууллага. Энд ямар ч хууль зөрчигдөөгүй олгогдсон тусгай зөвшөөрөл юм. Дараа нь Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олгогдсон тусгай зөвшөөрлөөс тодорхой хэмжээний талбайг хэсэгчлэн буцаах эрх нь олгогдсон байгаа. Энэ эрхийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч Э.Эг ХХК нь тусгай зөвшөөрлийн талбайнаас хасъя гэж тусгай зөвшөөрлийн талбайгаас 2018 оны 3 дугаар сард хүсэлт гаргаж 2018 оны төрийн захиргааны төв байгууллага хүсэлтийг хүлээн авч 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 111 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрөл олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан авах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрийн дагуу тусгай зөвшөөрлийг буцааж аваад 3946,90 гектар талбай үлдсэн байна. Дараа нь дахин тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 55 дугаар зүйд заасны дагуу тусгай зөвшөөрлийн тодорхой талбайг буцаан өгье гээд өгсөн. Түүнийг төрийн захиргааны байгууллага буцаан авч шийдвэрлэсэн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 139 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийн талбайг буцаан авсан. Үлдэж байгаа 3921,21 гектар тусгай зөвшөөрлийн талбайг эзэмшиж байгаа. Төв аймгийн Заамар сум бүхэлдээ ухагдаад мал бэлчих газаргүй болсон гэсэн. Хууль тогтоогч нар шийдвэрээ гаргаад тусгай зөвшөөрөл олгох эрхийг төрийн захиргааны байгууллагад эрхийнхээ дагуу тусгай зөвшөөрөл олгогдсон. Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрлийн талбайг хориглосон, хязгаарласан, өмнө нь олгосон тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаж байгаа бол тусгай зөвшөөрөл олгохыг хориглодог. Түүнээс малчин иргэний өвөлжөө хаваржаатай давхацсан талбай дээр тусгай зөвшөөрөл олгохыг одоогоор хуулиар хориглоогүй. Хэрэв өвөлжөө хаваржаа давхцаж байвал Ашигт малтмалын тухай хуульд зохицуулснаар өвөлжөө хаваржааг нь нүүлгэж гарсан зардлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч гаргаж нүүлгэж өгнө гэсэн. Өвөлжөө хаваржааны газар ашигт малтмалын газартай давхцалтай байснаар тусгай зөвшөөрлийг цуцлах, хүчингүй болгох үндэслэл байхгүй. ... Төр шийдвэр гаргаад бодлогын хэмжээнд тусгай зөвшөөрөл олгоод байгууллагын хэмжээнд үйл ажиллагаа хэвийн явагдаж байхад төрийн үйл ажиллагааг буруутгаж, хууль зөрчсөн мэт ярьж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын гаргасан 441, 111, 139 дүгээр шийдвэрүүд нь хууль зүйн үндэслэлтэй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Засгийн газрын тогтоол, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын тушаал гарахаас өмнө "Э.Эг" ХХК нь үүсгэн байгуулагдсан байсан. Сонгон шалгаруулалтын ур дунд 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 441 дүгээр шийдвэрээр "Э.Эг" ХХК-д 20880Х хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон. Эндээс харахад хайгуулын талбайн солбицол тогтоосон, сонгон шалгаруулалтын журам баталсан, журмын дагуу сонгон шалгаруулалт явагдсан, тусгай зөвшөөрөл олгосон үйл баримтууд нь хуульд нийцсэн юм. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гаргаагүй байна.

7.1. Хайгуулын талбайг хэсэгчлэн буцаасан тухайд:

Э.Эг ХХК нь Төв аймгийн Заамар сумын иргэдийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 326 тоот хүсэлтийг хүндэтгэж Ашигт малтмал, газрын тосны газарт хандан өөрийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайгаас 11594,16 га талбайг орон нутагт буцаан хүлээлгэн өгч, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2018 оны 03 дугаар 05-ны өдрийн 111 дугаартай шийдвэрээр үлдсэн 3946,91 га талбайг шинэчлэн олгосон юм. Өөрөөр хэлбэл орон нутгийн иргэд, удирдлагуудын тавьсан хүсэлт шаардлагын дагуу манай компани хайгуулын талбайгаас зарим хэсгийг хуульд заасны дагуу өөрийн хүсэлтээр буцаан өгч, хууль бус олборлолтод өртсөн, эвдэгдэж хөндөгдсөн талбайг авч үлдсэн. Манай хайгуулын талбайн 4 амны 3 нь хууль бус олборлолтод өртсөн байдаг.

7.2. Э.Эг ХХК-ийн үйл ажиллагааны тухайд;

Э.Эг ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй болсноос хойш нэг ч удаа үйл ажиллагаа явуулаагүй, нэг нух ухаагүй, 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл нэг ч удаа Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөгөө Заамар сумын Засаг даргаар батлуулж чадаагүй, хайгуулын ажлын зардал гаргаж чадаагүй, цаашлаад хайгуулын ажлын төлөвлөгөө тайлан гаргах боломж олдохгүй байгаа бөгөөд Тусгай зөвшөөрлийг эзэмшсэнээс хойш байнга шүүхэд хандаж, эсвэл талбай дээрээ очихоор шатаана, ална гэж айлган сүрдүүлж, Засаг дарга нь үндэслэлгүйгээр байгаль орчныг төлөвлөгөөг батлахгүй эс үйлдэхүй гаргаж, үйл ажиллагаа явуулах боломж нөхцөл олгохгүй байсаар байна.

Үнэн хэрэгтээ Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор орон нутаг ямар ч зардал гаргахгүйгээр "Э.Эг" ХХК-ийн 34%-ийг эзэмшиж, үйл ажиллагааны зардал, нөхөн сэргээлтийн зардал, үүрэг хариуцлагыг ногоо хувийн компани нь хариуцахаар зохицуулж,

Иргэдийн төлөөлөгч нар нь өөрсдөө үүсгэн байгуулсан атлаа өнөөдрийг хүртэл уйл ажиллагаа явуулах боломжийг хааж боосоор байгаа. Энэ хүртэл маш их зардал, хохирол амсаж байгаа.

Хамгийн сүүлд тус сумын иргэн Ч.Б нарын нэхэмжлэлтэй хэрэг 3 жилийн хугацаанд хянан хэлэлцэгдэж, 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр эцэслэн шийдэгдсэн. Ингэхдээ шүүхээс Э.Эг ХХК хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан уу? Сонгон шалгаруулалт хуулийн дагуу зохион байгуулагдсан уу? Нэхэмжлэгч нарын эрх ашиг хөндөгдсөн үү? гэсэн 3 зүйлд үнэлэлт дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдсэн байдаг.

7.3. Иргэдийн эзэмшлийн газартай давхцалтай байдлын тухайд:

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь Аймаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр урьд нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцуулж тусгай зөвшөөрлийг олгосон нь хууль бус шийдвэр байна гэж нэхэмжлэгч нар үзжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.3-т зааснаар улсын тусгай хамгаалалттайгаас бусад газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болохоор заасан байгаа.

Мөн нэхэмжлэгч нар нь Ашигт малтмалын тухай хуулийн 17.5.2-д зааснаар тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай давхцаагүй байх шаардлагыг хангаагүй байна гэжээ. Энэ зүйлд заасан шаардлага нь улсын тусгай хэрэгцээний газар буюу 9.1.3-тайгаа холбогддог заалт юм. Манай компанийн эзэмшиж буй талбай нь 17.5.2 т зааснаар хориглосон газруудтай давхцалгүй юм.

Төв аймгийн Заамар сумын газрын даамал Б.Уянгын хийсэн судалгаагаар тус талбай нь иргэдийн эзэмшлийн газартай давхцалтай байна гэжээ. Төв аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын 2018.03.21-ны өдрийн 07/176 тоот албан бичгээр XV-20.... тоот тусгай зөвшөөрөлтэй талбай нь иргэдийн өмчлөл эзэмшлийн газартай давхцалгүй байна гэж ирүүлсэн байдаг.

Мөн Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 06б/49... тоот албан бичгээр XV-20.... тоот тусгай зөвшөөрөл нь гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бус, ойн сан, улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй байна гэж ирүүлсэн байдаг.

7.4. "Э.Эг" ХХК нь хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан бөгөөд хуулийн дагуу батлагдсан солбицол, хуулийн дагуу батлагдсан журмын дагуу зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцсоны үндсэн дээр хуулийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй болсон бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 111, 139 тоот шийдвэр нь хууль бус гэх үндэслэлийг нэхэмжлэгч нар нь тодорхойлж гаргаж өгөөгүй, нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэл бүхий биш байгааг анхаарч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Ж.А , Б.Ц нараас Тухайн үед "Э.Эг" ХХК-д тусгай зөвшөөрөл олгох талаар Ашигт малтмал, газрын тосны газраас Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санал авахад Төв аймгийн Заамар сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаар тогтоолоор "Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухайн саналыг хүргүүлж байсан боловч саналыг ул харгалзан лиценз олгосон байна. "Э.Эг" ХХК-д ийнхүү аймаг, орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай болон иргэдийн өвөлжөө, хаваржааны газруудтай давхцуулан лиценз олгосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 17.5.2. тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх, хуулийн заалтыг шууд зөрчсөн, хууль бус шийдвэр болсон байна.

Дээрх шийдвэрүүд нь Ашигт малтмалын тухай хууль болон Газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн, гомдол гаргасан малчин иргэдийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж сумын уугуул иргэд, Малчин иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах /нөхцөл алдагдсан эрхийг зөрчсөн, малчин иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр болсон мал, түүний отор, хадлан, малын бэлчээрийн талбайг хомсдолд... гэж,

Хариуцагчаас Энэ чиглэлийн дагуу төрийн захиргааны байгууллага үүргээ хэрэгжүүлээд сонгон шалгаруулалт зарлаж хайгуулын тусгай зөвшөөрөл олгосныг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй. Үүнийг буруутгах үндэслэл байхгүй гэдгийг 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2020/0520 дугаартай шүүхийн шийдвэрээр батлагдсан. 441 дүгээр шийдвэр, 111 дүгээр шийдвэр нь хууль зөрчөөгүй байна гэж үзээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоод шийдвэрлэсэн. Энэ 441, 111 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргах эрх байхгүй. Учир нь шийдэгдсэн асуудал юм. ... Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрлийн талбайг хориглосон, хязгаарласан, өмнө нь олгосон тусгай зөвшөөрлийн талбайтай давхцаж байгаа бол тусгай зөвшөөрөл олгохыг хориглодог. Түүнээс малчин иргэний өвөлжөө хаваржаатай давхацсан талбай дээр тусгай зөвшөөрөл олгохыг одоогоор хуулиар хориглоогүй. Хэрэв өвөлжөө хаваржаа давхцаж байвал Ашигт малтмалын тухай хуульд зохицуулснаар өвөлжөө хаваржааг нь нүүлгэж гарсан зардлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч гаргаж нүүлгэж өгнө гэсэн. Өвөлжөө хаваржааны газар ашигт малтмалын газартай давхцалтай байснаар тусгай зөвшөөрлийг цуцлах, хүчингүй болгох үндэслэл байхгүй... гэж,

3. Гуравдагч этгээдээс Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.3-т зааснаар улсын тусгай хамгаалалттайгаас бусад газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болохоор заасан байгаа. Мөн нэхэмжлэгч нар нь Ашигт малтмалын тухай хуулийн 17.5.2-д зааснаар тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай давхцаагүй байх шаардлагыг хангаагүй байна гэжээ. Энэ зүйлд заасан шаардлага нь улсын тусгай хэрэгцээний газар буюу 9.1.3-тайгаа холбогддог заалт юм. Манай компанийн эзэмшиж буй талбай нь 17.5.2 т зааснаар хориглосон газруудтай давхцалгүй юм. Төв аймгийн Заамар сумын газрын даамал Б.У хийсэн судалгаагаар тус талбай нь иргэдийн эзэмшлийн газартай давхцалтай байна гэжээ. Төв аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын даргын 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 07/176 тоот албан бичгээр XV-20880 тоот тусгай зөвшөөрөлтэй талбай нь иргэдийн өмчлөл эзэмшлийн газартай давхцалгүй байна гэж ирүүлсэн байдаг. Мөн Монгол Улсын байгаль орчин аялал жуулчлалын яамны 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 06б/4993 тоот албан бичгээр XV-20880 тоот тусгай зөвшөөрөл нь гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бус, ойн сан, улсын тусгай хамгаалалттай газар нутагтай давхцалгүй ... гэж тус тус маргасан.

4. Үйл баримтын тухайд;

4.1. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Талбайн солбицол тогтоох тухай 37 дугаар тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.3, 9.1.11-д заасныг тус тус үндэслэн Сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталсан байна.

4.2. Ашигт малтмалын тухай тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх, 10.1. Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 10.1.2.энэ хуулийн , 20.1, 24.2, 26.9, 60.9-д заасан сонгон шалгаруулах журмыг Засгийн газрын эрх олгосноор батлах; гэж заажээ.

4.3. Хуулийн дээрх заалтын дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Журам батлах тухай А/129 дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам-ыг баталсан байна.

4.4. Дээрх журмын 1.6-д Орон нутгийн хөгжлийг дэмжих зорилгоор орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсхүл хууль бус олборлолтод өртсөн талбайтай сонгон шалгаруулалтын талбай нь давхцаж байвал тухайн орон нутагт үүсгэн байгуулагдсан орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн дунд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хязгаарлагдмал байдлаар зохион явуулж болно., 11.1-д Сонгон шалгаруулах комиссын дүгнэлтийг үндэслэн Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу олгоно. гэж тус тус заажээ.

4.5. Анх маргаан тусгай зөвшөөрлийг 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зарлагдсан сонгон шалгаруулалтад шалгарсан гэж үзэж гуравдагч этгээд Э.Эг ХХК-д Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай 441 дүгээр шийдвэрээр Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах Өвөр наймганы ам нэртэй газарт 15541.08 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн байна.

4.6. Дээрх шийдвэрийг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас XV-020880 дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгожээ.

4.7. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан авах тухай 111 дүгээр шийдвэрээр гуравдагч этгээд Э.Эг ХХК-аас гаргасан өргөдлийг үндэслэн XV-02.... дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 15541.08 гектар талбайгаас 11594.16 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдэж байгаа 3946.91 гектар талбайг тусгай зөвшөөрлийн хавсралтад бичиж тэмдэглэсэн байна.

4.8. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцаан авах тухай 139 дүгээр шийдвэрээр гуравдагч этгээд Э.Эг ХХК-аас гаргасан өргөдлийг үндэслэн XV-02.... дугаар бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 3946.91 гектар гектар талбайгаас 25.63 гектар талбайг буцаан өгснийг бүртгэж, үлдэж байгаа 3921.28 гектар талбайг тусгай зөвшөөрлийн хавсралтад мөн бичиж тэмдэглэжээ.

4.9. Дээрх байдлаар гуравдагч этгээд Э.Эг ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-020880 дугаар бүхий тусгай зөвшөөрөлтэйгөөр Төв аймгийн Заамар сумын нутагт байрлах Өвөр наймганы ам нэртэй газарт 3921.28 гектар талбайг эзэмшиж байна.

5. Маргаан бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай эсэх тухайд;

5.1. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн Нотлох баримт хүргүүлэх тухай 1/74 дугаар албан бичгээс үзвэл маргаан бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй XV-020880 дугаар бүхий 3921.28 гектар талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээний газартай бүхэлдээ давхцалтай байна.

5.2. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх, 17 дугаар зүйлийн 17.5.2-т тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх гэж тус тус заажээ.

5.3. Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, Засгийн газар нь улсын улсын тусгай хамгаалалттайгаас бусад тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх эрхтэй байх бөгөөд Засгийн газрын шийдвэрээр сонгон шалгаруулалт зарлагдан олгогдож байгаа ашигт малтмалын хайгуулын талбай нь улсын тусгай хамгаалалттай газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байхаар байна.

5.4. Маргаан бүхий ашигт малтмалын хайгуулын XV-020880 дугаар тусгай зөвшөөрөлтэй талбай нь анх Засгийн газрын тогтоолоор сонгон шалгаруулалт зарлагдсан талбай бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцалгүй байх тул орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай байгаа нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

6. Маргаан бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай нь нэхэмжлэгч нарын эзэмшлийн газартай давхцалтай эсэх тухайд;

6.1. Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бичиж олгогдсон, нэгж талбарын дугааргүй, Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2000 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 71 дүгээр захирамжийг үндэслэн иргэн Б.Ц т Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэр Өлийн цагаан чулуутын дунд гэх нэртэй газар өвөлжөөний зориулалтаар 0,07 га газрыг 40 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 0226070 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбарыг хавсаргажээ.

6.2. Дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээний үндэслэл болсон Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2000 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 71 дүгээр захирамж нь Өвөлжөө, хаваржааг малчид болон мал бүхий иргэдэд эзэмшүүлж гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулах талаар сумын хөдөө асуудал хариуцсан мэргэжилтэн, багийн дарга нарт чиглэл өгсөн шинжтэй захиргааны акт байх бөгөөд иргэдэд шууд газар эзэмших эрх үүсгээгүй байна.

6.3. Дээрхээс үзвэл, дээрх захирамжийг иргэдэд газар эзэмших эрх үүсгэсэн захирамж гэж үзэх үндэслэлгүй байна.

6.4. Мөн нэхэмжлэгч Б.Ц ын тухайд газрын хувийн хэрэг, газрын кадастрын зураг байхгүй, эзэмшиж буй гэх газар нь Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд ямар нэгэн мэдээлэл бүртгэлгүй, уг газар нь маргаан бүхий ашигт малтмалын хайгуулын XV-020880 дугаар тусгай зөвшөөрөлтэй талбайтай ямар нэгэн байдлаар давхцалгүй байх тул маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгч Б.Ц ын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхээргүй байна.

6.5. Нэхэмжлэгч Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр бичиж олгогдсон, нэгж талбарын 4127041728 дугаартай, Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 100 дугаар захирамжийг үндэслэн иргэн Ж.А т Төв аймгийн Заамар сумын 2-р баг Төмстэйн Наймганы ээвэр энгэр гэх нэртэй газар өвөлжөө, хаваржааны зориулалтаар 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 000057276 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбарыг хавсаргажээ.

6.6. Дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээний үндэслэл болсон Төв аймгийн Заамар сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 100 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ж.А т дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээнд дурдсан газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна.

6.7. Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 8/4619 дүгээр албан бичгээр ирүүлсэн нотлох баримтаас үзвэл, маргаан бүхий ашигт малтмалын хайгуулын XV-020880 дугаар тусгай зөвшөөрөлтэй талбайтай нэхэмжлэгч Ж.А ын эзэмшлийн 700 м.кв газар 500 м.кв газраар хэсэгчилсэн давхцалтай байна.

6.8. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Нотлох баримт хүргүүлэх тухай 1/2313 дугаар албан бичгээс үзвэл, нэхэмжлэгч Ж.А ын нэгж талбарын 4127041728 дугаартай газар нь 700 м.кв талбайгаар Төв аймгийн Заамар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт газар өмчлөх эрхтэйгээр 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн байна.

6.9. Дээрхээс үзвэл, гуравдагч этгээд Э.Эг ХХК нь маргаан бүхий ашигт малтмалын хайгуулын XV-020880 дугаар тусгай зөвшөөрөлтэй талбайг анх Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 441 дүгээр шийдвэрээр эзэмшиж эхлэх үед нэхэмжлэгч Ж.А ын эзэмшлийн 700 м.кв газар нь Газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдээгүй байсан байна.

6.10. Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, хариуцагч маргаан бүхий ашигт малтмалын хайгуулын XV-020880 дугаар тусгай зөвшөөрлийг олгохдоо нэхэмжлэгч Ж.А ын эзэмшлийн газартай давхцуулан олгосон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд мөн маргаан бүхий захиргааны актуудын улмаас нэхэмжлэгч Ж.А ын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхээргүй байна.

6.11. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... хариуцагч нь маргаан бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо бидний эзэмшлийн газартай давхцуулан олгосон мөн бид бол мал бүхий иргэд бидний малаа бэлчээрлүүлдэг газарт давхцуулан тусгай зөвшөөрлийг олгосон нь мөн бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. ... гэж тайлбарлан маргажээ.

6.12. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйл. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шалгаруулалтын талбайг ялгах, 17.5.Энэ хуулийн 17.4-т заасны дагуу ялгасан талбай нь дараахь шаардлагыг хангасан байна:, 17.5.1.дөрвөн өнцөгт хэлбэртэй байх бөгөөд түүний хил нь уртраг, өргөргийн дагуух чиглэлтэй давхацсан шулуун шугамаар хүрээлэгдсэн байх;, 17.5.2.тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх;, 17.5.3.хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх. гэж тус тус зааснаас үзвэл хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдож байгаа талбай нь иргэн, хуулийн этгээдийн эзэмшлийн газар, мөн мал бүхий иргэдийн бэлчээрийн талбайтай давхцалтай байх нь Ашигт малтмалын тухай хуулийг зөрчихөөргүй байна.

6.13. Иймд нэхэмжлэгч нарын ... хариуцагч нь маргаан бүхий хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо бидний эзэмшлийн газартай давхцуулан олгосон мөн бид бол мал бүхий иргэд бидний малаа бэлчээрлүүлдэг газарт давхцуулан тусгай зөвшөөрлийг олгосон нь мөн бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. ... гэх тайлбарууд үндэслэлгүй байна.

7. Маргаан бүхий үйл баримтыг дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа эсэх;

7.1. Тус шүүх иргэн Ч.Б , Ц.Х, Г.Э нарын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох, гуравдагч этгээдээр Э.Эг ХХК оролцсон Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 441 тоот шийдвэрээр Төв аймгийн Заамар сумын Өвөр наймганы ам нэртэй газарт 15541.08 гектар хайгуулын талбайг, 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 111 тоот шийдвэрээр Төв аймгийн Заамар сумын Өвөр наймганы ам нэртэй газарт 3946.91 гектар талбайг Э.Эг ХХК-д олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 128/ШШ2020/0520 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, хэргийн оролцогч нараас шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй учир шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

7.2. Тус шүүхийн шийдвэрээр гуравдагч этгээд Э.Эг ХХК-ийг байгуулах болсон үндэслэл, сонгон шалгаруулалт хуулийн дагуу явагдсан эсэх зэрэгт дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

7.3. Дээрхээс үзвэл, гуравдагч этгээд Э.Эг ХХК-ийг байгуулсан процесс нь хуульд нийцсэн эсэх мөн маргаан бүхий захиргааны актуудыг гаргах үндэслэл болсон сонгон шалгаруулалт нь хуульд нийцэж явагдсан эсэхийг дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй байна гэж үзэхээр байна.

7.4. Иймд дээрх үндэслэлүүдээр иргэн Б.Ц , Ж.А нараас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 111 дүгээр, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 139 дүгээр шийдвэрүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 17 дугаар зүйлийн 17.5.1, 17.5.2, 17.5.3-т заасныг тус тус баримтлан иргэн Б.Ц , Ж.А нараас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 111 дүгээр, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 139 дүгээр шийдвэрүүдийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ