Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 213/МА2018/00011

 

*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн 131/ШШ2017/00822 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******н гомдолтой

Хариуцагч Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, дахин шинжээч томилж, үнэлгээ гаргуулах тухай гомдолтой иргэний хэрэгт гомдол гаргагч *******н давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагч *******, хариуцагч байгууллагын төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Гомдол гаргагч *******гээс шүүхэд гаргасан гомдолдоо:

Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас манай 76 дугаар байранд ажиллагаа явуулж 299.780.000 төгрөгөөр үнэлсэн байна. Манай байр нь Баянхонгор аймгийн А зэрэглэлийн бүсэд байрлалтай төвийн дулаан цэвэр бохирт холбогдсон даацын блок тоосгоор баригдсан 64-ын ханатай хашаандаа гүний худагтай, зуны байшинтай зэрэг давуу талтай. Иймд шинжээчийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийм учир дахин шинжээч томилж, үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Гомдол гаргагч *******гээс анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Баянхонгор аймгийн 1 дүгээр багийн А зэрэглэлийн бүсэд байрлах 76 дугаар байр нь 3 давхар, нийтдээ 480 м.кв талбайтай, доороо зоорийн давхартай, энэ давхраас тусдаа 11 өрөөтэй, хана нь даацын блокоор баригдсан, төвийн цэвэр, бохир дулаантай, зам дагуу байрлалтай, хашаандаа гүний худагтай, зуны сууцтай, ногоон байгууламж шийдэгдсэн ийм давуу талтай байшин байгаа. Тэгээд энэ байшинг үнэлэхдээ зөвхөн тэр 3 давхар объектыг үнэлээд бусад объектыг огт үнэлээгүй. Бусад объектыг яагаад үнэлээгүй нь ойлгомжгүй байна. Шинжээчийн дүгнэлт нь үндэслэлгүй байгаа учраас шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож, дахин үнэлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 131/Ш32017/00580 дугаар захирамжаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн иргэн *******гээс 44.868.893 төгрөгийг гаргуулж, Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт тус газар 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17030185 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, төлбөр төлөгч Эн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй Баянхонгор сумын 1 дүгээр багийн 76 дугаар байрны 1 тоотод байрлалтай 423 мкв талбайтай 3 давхар орон сууцыг, эрхийн улсын бүртгэлийн Г-000485055 дугаарт бүртгэлтэй 2071 мкв талбайтай газрын хамт битүүмжлэн хурааж, Хөрөнгө үнэлгээний төв ХХК-ийг томилж, мэргэжлийн үнэлгээчнээр дээрх барьцааны үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгосон.

Тус газар нь төлбөр төлөгч *******н дээрх барьцааны үл хөдлөх хөрөнгийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарласан бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул төлбөр төлөгч *******н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөлөгч ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хөрөнгө үнэлэх ажиллагаа явагдсан. *******гээс 44.853.893 төгрөг гаргуулж ХАС банканд олгуулах шийдвэр гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж тухайн эд хөрөнгүүдийг битүүмжилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухайн хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу мэргэжлийн шинжээчээр үнэлгээ тогтоолгосон. Тэгээд тухайн үед талууд үнийн саналаа өгсөн боловч тохиролцоогүй. ХАС банк 160 сая, ******* нь 1 тэрбум төгрөгөөр тус тус үнэлсэн учир мэргэжлийн шинжээч томилж ******* байрны 423 м.кв талбайтай 3 давхар үл хөдлөх хөрөнгө болон 2071 м.кв орон сууцны зориулалттай газрын хамт үнэлүүлэхэд 299.780.000 төгрөгөөр шинжээч нь үнэлэн үнэлгээгээ манай байгууллага руу явуулсан байгаа. Иймд манай байгууллага мэргэжлийн шинжээчээр үнэлүүлсэн тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт/хуучнаар алба/ холбогдох үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, дахин шинжээч томилж, үнэлгээ гаргуулах тухай *******н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц *******д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл арилах тул Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Иргэн ******* миний бие нь өөрийн өмчлөлийн зүйл болох Баянхонгор сумын 1 дүгээр багийн 76 дугаар байрны 1 тоотод байрлах ******* тоот бүртгэлтэй 423 мкв талбай бүхий барилгыг хөрөнгө үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээчний үнэлж тогтоосон 299.780.000 төгрөгийн үнэлгээг үл хүлээн зөвшөөрч шүүхэд гомдол гаргасан. Учир нь дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь зөвхөн миний нэр дээр бүртгэлтэй төдийгүй Хас банктай зээлийн болон барьцааны гэрээг би байгуулсан, улмаар зээлийн өр төлбөрийг барагдуулах тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч нь ******* миний бие байхад *******д тухайн үнэлгээг танилцуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль зөрчсөн байна. Улмаар хууль зөрчсөн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу анхны дуудлага худалдааны үнийг тогтоосон байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгосныг үл хүлээн зөвшөөрч байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч *******гээс Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулж, үл хөдлөх эд хөрөнгөнд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай гомдол гаргажээ. Анхан шатны шүүх гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар Хөрөнгийн үнэлгээний төв нь үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлийг 3 аас доошгүй жилийн хугацаагаар эзэмшиж, гэрчилгээ авсан байх бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулж байхаар хуульчилсан байна. Гэтэл Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь /хх-ийн 22 дугаар тал/ маш бүдэг гарсан, нотлох баримтын шаардлага хангахгүй, 1997 онд олгосон гэрчилгээ байх боловч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан эсэх нь тодорхойгүй байна. Энэ нь тусгай зөвшөөрөлтэй хараат бус мэргэжлийн үнэлгээчин байх, үнэлгээ хийх эрх бүхий этгээд байх гэсэн шаардлагыг хангаж байгаа эсэх нь тодорхойгүй байхад үнэлгээг үндэслэлтэй гэж дүгнэх боломжгүй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгүүлэгч болон үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож үнийн талаар санал өгсөн байдал, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилсон тухай тогтоол болон шинжээчид хууль сануулсан тухай тэмдэглэл зэрэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд хийгдсэн ажиллагааны талаарх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан “..тухайн хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгийн эрэлт чанар элэгдэлийн байдал зэргийг харгалзаж орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж тэмдэглэл хөтлөнө..” гэж заасан байхад эдгээр ажиллагааг хийсэн эсэх нь тодорхойгүй.

Анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргасан шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх хугацаа дуусч байгаа гэсэн үндэслэл заасан мөртлөө хэргийг нэг сарын дараа 2017 оны 12 дугаар сарын 27-ний өдөр хийхээр товолсон байна. Дараа нь шүүх хуралдааны товыг мэдэгдэхдээ 2017 оны 11 дүгээр сарын 27-ний өдөр шүүх хуралдааныг хийхээр тов мэдэгдсэн нь зөрүүтэй болжээ.

Анхан шатны шүүх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч *******гээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ний өдрийн 131/ШШ2017/00822 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дүгээр зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                 ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

                                                   Г.УЛАМБАЯР