Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 33

 


    
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
 
Нэхэмжлэгч: Д.Бийн нэхэмжлэлтэй,
 
Хариуцагч: “С” ХХК-д холбогдох
 
“Зээлийн үлдэгдэл 5 597 797 төгрөг, өөрийн цалингаас төлсөн зээлийн үлдэгдэл 1 377 960 төгрөг, зээл олголтын шимтгэл 80 000 төгрөг, нийт 7 055 757 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
 
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтансүх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:
 
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Сүхбаатар аймгийн “С” ХХК-ийн захирлын 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 02 тоот тушаалаар миний бие тус компанид нягтлан бодогчоор томилогдон, хүний нөөц, нярав, хүний нөөцийн мэргэжилтэн, архив бичиг хэргийн ажилтан зэрэг албан ажлыг гүйцэтгэж байгаад 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн.

Ажиллаж байх хугацаандаа байгууллагын санхүүгийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Төрийн банкны Сүхбаатар салбартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан 11,0 сая төгрөгийн /цалингийн/ зээлийг жилийн 20,4 хувиар тооцож, өөрийн цалин болон эд хөрөнгийг барьцаалан, 50 сарын хугацаагаар авсан. Уг зээлээс 3,0 сая төгрөгийг би өөртөө ашиглаж, үлдэх 8,0 сая төгрөгийг “С” ХХК-ийн 271400122997 тоот дансанд тушааж, байгууллагын орлогод авч үйл ажиллагаанд зарцуулсан. 8,0 сая төгрөгөнд 80 000 төгрөгийг шимтгэл төлсөн. Энэхүү зээл нь “П” ХХК-иас “С” ХХК-ийн 2018 оны санхүүгийн тайланд хийсэн Аудитыг дуусгавар болгосон тухай тайланд тусгагдсан.
Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2018 оны 3 дугаар сараас эхлэн сар бүр өөрийн цалингаас зээл болон зээлийн хүүгийн төлбөрийг төлж 12 удаагийн төлөлтөөр 2 877 960 төгрөгийн төлөлтийг хийсэн. 2019 оны 02 дугаар сард байгууллагад өргөдөл хүсэлт гаргасны үндсэн дээр 1,5 сая төгрөгийг байгууллагаас буцаан авсан. Мөн компанийн захирлын 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б/23 тоот тушаалаар миний зээлийн төлөлтийг компаниас төлөхөөр шийдвэрлэж 2019 оны 4 дүгээр сараас 2019 оны 10 дугаар сарыг хүртэл байгууллага зээл төлсөн. 2019 оны 11 дүгээр сараас дахин би төлж эхэллээ.

Иймд 2019 оны 10 дугаар сарын 03-ны байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 5 597 797 төгрөг, өөрийн цалингаас төлсөн зээлийн үлдэгдэл 1 377 960 төгрөг, зээл олголтын шимтгэл 80 000 төгрөг, нийт 7 055 757 төгрөгийг “С” ХХК-иас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхцэцэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Д.Б “С” ХХК-д 2017 оны 8 дугаар сараас эхэлж 2019 оны 8 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн. “С” ХХК-ийн санхүүгийн хэвийн үйл ажиллагаа доголдож ажилчдаараа цалингийн зээл авахуулж үйл ажиллагаагаа явуулж байсан. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Төрийн банкнаас Д.Б цалингаа барьцаалж 11,0 сая төгрөгний зээл авч 3,0 сая төгрөгийг өөрөө хувьдаа ашиглаж, 8,0 сая төгрөгийг тус компанид тушаасан байдаг. Зээл авахдаа төлсөн шимтгэл    80 000 төгрөг, зээлийг өөрийн цалингаасаа төлж байсан, зээлийн үлдэгдэл 5 597 797 төгрөг, өөрийн цалингаас зээлэнд төлсөн 1 377 960 төгрөг, нийт 7 055 757 төгрөгийг нэхэмжилж байна. “С” ХХК-ийн 2018 оны санхүүгийн тайланд тус зээл нь тусгагдсан байгаа. Нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулж хуульд заасан эрх үүргийг шүүхээс тайлбарлаж өгсөн. Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан хугацаанд хариу тайлбараа гаргаж өгөөгүй, шүүх хуралдаанд оролцохгүй болохоо өөрөө мэдэгдсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан “Зээл үлдэгдэл 5 597 797 төгрөг, өөрийн цалингаас төлсөн зээлийн үлдэгдэл 1 377 960 төгрөг, зээл олголтын шимтгэл 80 000 төгрөг, нийт 7 055 757 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Б нь Төрийн банктай 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу барьцаат зээлийн гэрээ байгуулж, 11 000 000 төгрөгийг 50 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр зээлж, шимтгэлд зээлийн 1 хувийг төлсөн болох нь хэрэгт авагдсан 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Барьцаат зээлийн гэрээ” болон барьцаат зээлийн гэрээний хавсралт 1, 2, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны зүйлийн жагсаалт, зээлийн төлбөрийн хуваарийн хуулбар зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгч Д.Б нь 11 000 000 төгрөгний 8 000 000 төгрөгийг хариуцагч “С” ХХК-ийн 271400122997 тоот дансанд шилжүүлж,  компанийн үйл ажиллагаанд зарцуулсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, “П” ХХК-иас “С” ХХК-ийн 2018 оны санхүүгийн тайланд хийсэн Аудитыг дуусгавар болгосон тухай тайлан, нэхэмжлэгчээс 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “С” ХХК-ийн захирал болон Санхүүгийн албанд гаргасан өргөдөл, Д.Бийн өргөдлийн хариуг 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б/23 дугаартай “Өргөдөл шийдвэрлэх тухай” захирлын тушаалаар өгч байсан зэрэг үйл баримтаар тогтоогдож байна.

Дээрх үйл баримтаас дүгнэхэд зохигчдын хооронд үүрэг үүсээгүй буюу хариуцагч “С” ХХК-ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгийг буцаан шаардах эрхтэй гэж заажээ.

Иймд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2018 оны 3 дугаар сараас эхлэн сар бүр өөрийн цалингаас зээл болон зээлийн хүүгийн төлбөрт 12 удаагийн төлөлтөөр хийсэн 2 877 960 төгрөгнөөс 2019 оны 02 дугаар сард өргөдөл гаргасны дагуу хариуцагчаас буцаан гаруулсан 1 500 000 төгрөгийг хасч 1 377 960  төгрөгийг, 8 000 000 төгрөгний 1 хувь буюу шимтгэлд төлсөн гэх 80 000 төгрөг,  2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл 5 597 797 төгрөг, нийт            7 055 757 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хариуцагч “С” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч  П.Г нэхэмжлэлийн хувийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гардаж авсан бөгөөд 12 дугаар сарын 17-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, шүүхээс 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр түүний 99094963 дугаарын утсаар холбогдож нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж хариу тайлбар ирүүлэх эсэхийг тодруулахад “хариу тайлбар өгөхгүй, шүүх хуралдаан дээр тайлбараа гаргана” гэжээ.

Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч П.Гтай 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр түүний 99094963 дугаарын утсаар холбогдож “шүүх хуралдааны тов” мэдэгдсэн боловч 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Д.Бийн нэхэмжлэлтэй шүүх хуралдаанд “ С” ХХК-ийн зүгээс оролцох боломжгүй болсон тул шүүх хуралдааныг зохих журмын дагуу хийнэ үү” гэсэн албан бичгийг ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмаар шүүх хуралдааны товыг хариуцагчид мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг гаргасан тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй боловч шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, хэргийг шийдвэрлэсэн болно.
 
Нэхэмжлэгч Д.Бийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127 842 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 127 842 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгох нь зүйтэй байна.
 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:
 
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-иас зээлийн үлдэгдэл 5 597 797 төгрөг, өөрийн цалингаас төлсөн зээлийн үлдэгдэл 1 377 960 төгрөг, зээл олголтын шимтгэл 80 000 төгрөг, нийт 7 055 757 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгосугай.
 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Бийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 127 842 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХ-иас улсын тэмдэгтийн хураамжид 127 842 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бд олгосугай.
 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
 
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
 
 

 
 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.ЭРДЭНЭЗУУ