Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 478

 


             Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Аын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сд холбогдох
 “Сийн эрхлэгчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
 
            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.А, хариуцагч Түвшинширээ сумын Сийн эрхлэгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтансүх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сд галчаар ажилд ороод саяханыг хүртэл ажиллаж байсан. Соёлын байгууллагад 10 гаруй жил ажиллах хугацаандаа алдаа дутагдал гаргаж, сахилгын шийтгэл авч байгаагүй. Хөдөлмөрийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 7 сарын хугацаатай байгуулсан. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 03-ны өглөө ажилдаа очиход халагдах тушаал өгсөн. Ажлаас халагдах ямар ч үндэслэл байхгүй байхад ажлаас халсанд гомдолтой байна. Иймд намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан Сийн эрхлэгч Б.Бын 2019 оны 10 дугаар 01-ний өдрийн Б/04 тоот тушаалыг хүчингүй болгож, Д.А миний биеийг Түвшинширээ сумын Сийн галчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэв.       
 
           Хариуцагч Түвшинширээ сумын Сийн эрхлэгч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 тоот тушаалаар Сийн галч Д.Аыг Монголын улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтуудыг үндэслэн ажлаас чөлөөлсөн.

            Ажлаас чөлөөлсөн үндэслэл нь Д.Аыг тухайн ажилд томилсон тушаалаар ажиллах хугацааг нь тодорхой заасан байсан бөгөөд ажиллах хугацаа хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон. Д.Атой 2 жилийн хугацаанд хамтарч ажилласан. Галч нь улирлын чанартай, үндсэн ажилтан биш.  10 дугаар сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилладаг. Ажилгүй байсан хугацааны сул зогсолтын үеийн нийгмийн даатгалын шимтгэлийг манай байгууллага төлдөг. Хөдөлмөрийн гэрээг сунгаагүй, дахин ажиллуулах боломжгүй гэж үзсэн шалтгаан нь Д.А галчаар ажиллаж байх хугацаандаа удаа дараа архи ууж ажлын хариуцлага алдаж, байгууллагаас болон сум орон нутгаас зохиосон үйл ажиллагаанд оролцдоггүй, идэвхи муутай, байнга ажлаас хойш суудаг, галлагааны ид үед 2 удаа нам даралтын зуухыг цоггүй болтол орхиж, ноцтой зөрчил гаргаж байсан. 2017-2018 оны  шинэ жилээр 3 хоног, 2018-2019 оны шинэ жилээр 2 хоног архи уун ажил тасалж, бусад галч нарыг өөрийнхөө оронд гаргаж алга болсон зэрэг олон зөрчил гаргасан. Ийм учраас цаашид хамтран ажиллах боломжгүй гэж үзэж хөдөлмөрийн гэрээг дахин сунгахгүй талаар 8 дугаар сард мэдэгдсэн. Намар мөн хэлж байсан. Д.А ч өөрийнхөө бурууг хүлээж миний гаргах гэж байгаа шийдвэрийг зөвшөөрч байсан. 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажилд ирэхэд нь тушаалыг танилцуулсан. Би өөрийн гаргасан шийдвэрийг хуульд нийцсэн, зөв шийдвэр гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

       Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  
ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч Д.А нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сд холбогдуулан  “Сийн эрхлэгчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

            Д.А нь нэхэмжлэлээ шүүхэд 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.
   
            Нэхэмжлэгч Д.А нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сийн галчаар ажиллаж байсан болох нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сийн эрхлэгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дугаартай “Ажилд авах тухай”, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний хуулбар, НДД №000140581 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар болон зохигчдын тайлбараар тус тус тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй.
            Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сийн эрхлэгч нь Д.Атой байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь     2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дугаартай “Ажлаас чөлөөлөх тушаал”-ын хуулбар, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргээр тогтоогдож байна.

         Зохигчид 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 7 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж гарын үсэг зурж баталгаажуулсан болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн хөдөлмөрийн гэрээний хуулбараар нотлогдож байна.

          Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт “... улирлын болон түр ажилд тухайн ажлын үргэлжлэх хугацаагаар ...” хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулна гэж заажээ.

          Зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт нийцсэн хөдөлмөрийн хугацаатай гэрээ байгуулагдсан байна гэж дүгнэлээ.

          Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт “хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж заажээ.

          Хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч нь “Д.Аыг ажилд томилсон 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/11 дугаартай тушаалаар ажиллах хугацааг нь тодорхой заасан” гэж тайлбарладаг боловч уг тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заалтыг үндэслэсэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ба ажлаас чөлөөлөх үндэслэлийг тусгаагүй байна.

          Зохигчдын хооронд 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 7 сарын хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц гэрээний харилцааг дуусгавар болгох санаачлага гаргаагүйгээс гадна ажил олгогч нь нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг үргэлжлүүлэн төлж, баталгаажуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул гэрээний хугацааг сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.
   
          Иймд нэхэмжлэгч Д.Аыг Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сийн галчийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

           Ажил олгогчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дугаартай захирамж нь хууль зүйн үндэслэлгүй гарсан хэдий ч ажилд эгүүлэн тогтоох үндэслэлийг бий болгож буй хууль зүйн факт болж байгаа бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй учир шүүх уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзлээ.

           Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “... ажилтныг ажил, албан тушаалд нь эргүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж заажээ.
           Нэхэмжлэгчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ажлын 42 хоногийн хугацаанд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагч Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сөөс 865 940 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Аод олгох үндэслэлтэй байна.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт “Ажил олгогч  ... ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасан.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид олгох ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, бичилтийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.

           Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч Д.Аыг Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сийн галчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сөөс ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 865 940 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Аод олгож, хариуцагчид нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, бичилтийг нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт хийхийг даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

           Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар “…гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө” гэж зааснаар нэхэмжлэгч Д.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сөөс улсын тэмдэгтийн хураамжинд ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70 200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэмжээ буюу 865 940 төгрөгт ногдох 25 322 төгрөг, нийт  95 532 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэлээ.  

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Аыг Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сийн галчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

          2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сөөс нэхэмжлэгч Д.Аын ажилгүй байсан 42 хоногийн цалинтай тэнцэх олговорт 865 940 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

          3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Аын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр төлж, дэвтрүүдэд зохих журмын дагуу бичилт хийхийг хариуцагч Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сийн эрхлэгчид даалгасугай.

          4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.А нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Сөөс улсын тэмдэгтийн хураамж 95 532 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

          5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

          6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.


                       

                     
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ЭРДЭНЭЗУУ