| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0149/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/149 |
| Огноо | 2023-07-04 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Ж.Ундармаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/149
2023/ШЦТ/149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Ж.Ундармаа
Шүүгдэгч: Б.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баянтэшлэг овогт Батбаярын Дд холбогдох эрүүгийн 2312000000150 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн .........газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Баянтэшлэг овогт Батбаярын Д/РД:А3................./
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
* Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
* Эрүүгийн 2312000000150 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч П.Бын өгсөн:
“...Манайх Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн Долоон мод гэх газар оршин суудаг. Би 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багийн иргэн Зоригт/жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна/ гэдэг айлд өөрийн малыг хөлсөөр харуулаад байж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Зоригтийнд очиж малаа тоолоход миний тоолж өгсөн мал тоогоороо бүрэн байсан удалгүй 3 хоногийн дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр малаа бөөгнүүлж дахин тоолж үзэхэд Мухар хайнагийн хүрэн зүстэй шүдлэн үхэр байхгүй байсан тэгээд ойр орчмоор хайгаад олдохгүй байж байгаад 2023 оны 04 дүгээр сарын сүүлээр /өдрийн мэдэхгүй байна/ дахин Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багийн Зос гэх газар айлын үхрээр алдсан үхрээ хайгаад явж байтал миний хулгайд алдсан Мухар хайнагийн хүрэн зүстэй шүдлэн үхэр айлын үхэр сүрэг дотор байхаар нь бэлчээрт байсан үхрийн эзэн Р.Бтай уулзахад би Мухар хайнагийн хүрэн зүстэй шүдлэн үхрийг 2023 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр Архангай аймгийн Гичгэнэ багийн иргэн Б.Д гэдэг хүнээс 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр худалдан авсан гэж хэлсэн. Тэгээд би Б.Д гэдэг айлд очиж уулзах гэтэл Б.Д гэртээ байхгүй эхнэр нь байхаар нь танай нөхөр Б.Д манай Мухар хайнагийн хүрэн зүстэй шүдлэн үхрийг Р.Бд зарсан байна гэж хэлтэл манай нөхөр Б.Д Н.Бд нэг шүдлэн үхэр зарсан гэж хэлсэн. Тэгээд би гэртээ хариад байж байтал орой Б.Д гэдэг хүн миний гар утас руу залгаад Р.Бтай би уулзчихлаа танай Мухар хайнагийн хүрэн зүстэй шүдлэн үхрийг би аваачиж өгнө, гэхдээ би Б.Б гэдэг хүнээс 2023 оны 02 дугаар сард худалдан авсан гэж хэлээд манай Мухар хайнагийн хүрэн зүстэй шүдлэн үхрийг авчирч өгсөн. Би өөрийн Мухар хайнагийн хүрэн зүстэй шүдлэн үхрийг 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр үнэлж байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэхдээ миний үхрийг хулгайлсан хүнд хуулийн дагуу хариуцлага тооцуулмаар байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-8 дугаар тал/
*Гэрч Б.Ойн өгсөн:
“...Манай төрсөн ах Б.Б нь ямар нэгэн үхэр зараагүй. Харин 2023 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө намайг тус багийн Ар даваат гэх газар отор хийж байхад Архангай аймгийн Гичгэнэ багийн иргэн Б.Гийн хөлсөөр хариулж байсан Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн иргэн П.Бын үхрээс манай үхэрт Мухар хайнагийн хүрэн шүдлэн үхэр нийлсэн байсан. Тэгэхээр нь би отроос 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ирээд Б.Г ахад утсаар залгаад таны хариулж байгаа үхрээс Мухар хүрэн хайнагийн шүдлэн үхэр манай үхэрт байж байгаад Гичгэний эх рүү айлын үхэр дагаад явлаа шүү гэж хэлсэн. Тэгээд удалгүй 2023 оны 04 дүгээр сард иргэн Б.Д гэдэг хүн манай үхэрт байж байгаад Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багийн эх рүү айлын үхэр дагаад явсан Мухар хайнагийн шүдлэн үхрийг тус сумын Р.Б гэх хүнд зарсан байсныг үхрийн эзэн П.Б нь олж авсан. Би Б.Г гэх хүнд таны харж байгаа Мухар хайнагийн шүдлэн дагаад явсан шүү гэж утсаар хэлсэн юм. Манай төрсөн ах Б.Б нь үхэр зарна гэж Б.Д гэх хүнтэй уулзаж мөнгө авч байгаа нь харагдаагүй мөн манай үхэр оторт байсан тул Б.Б нь үхрээр ороогүй байж байгаад Улаанбаатар хот руу явсан. Манай ах Б.Б бид л хоёрт Мухар шүдлэн хайнагийн үхэр байхгүй дандаа сарлагийн үхэртэй...” гэх мэдүүлэг/хх-ийн 11-12 дугаар тал/
*Гэрч Б.Бн өгсөн:
“...Би 2023 оны 02 дугаар сарын сүүлээр ээж Г.Оюунгэрэл гэх хүнтэй цагаан сараар очиж золгохдоо Б.Д гэх хүний гэрт нь очиж би золгосон тэгсэн Б.Д надтай зөрөөд манай эмээтэй золголт хийнэ гээд явсан. Тэгээд би араас нь ирсэн. Түүнээс хойш тааралдаагүй байж байгаад 2 хоногийн дараа буюу 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүүхдийн үснээр мөн дахин тааралдсан. Би Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багийн иргэн Б.Д гэх хүнд 2023 оны 02 дугаар сарын сүүлээр хайнагийн шүдлэн үхэр зараагүй. Харин Б.Д гэх хүн нь надад 300.000 төгрөг өгч хайнагийн шүдлэн үхэр авсан гэж П.Б гэх хүнд хэлсэн байсан. Би 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багт ирээд ээж Г.Оюунгэрэл гэх хүнтэй сар шинээр золгоод 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр буцаад Улаанбаатар хот руу явсан юм. Би Б.Д гэх хүнээс ямар нэгэн мөнгө аваагүй. Манай мал Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багт байдаг. Надад ямар нэгэн хайнаг мал байхгүй, харин сарлагийн үхэртэй...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/
*Гэрч Б.Гийн өгсөн:
“...Би Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн П.Бын сарлагийн үхрийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн аваад П.Б нь надад хүлээлгэн өгөөд би хариулж маллаад байж байтал П.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр манайд ирээд надад тоолж өгсөн малаа тоолоход надад тоолж өгсөн мал нь тоогоороо бүрэн байсан удалгүй 3 хоногийн дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр малаа бөөгнүүлж дахин тоолж Мухар хайнагийн хүрэн зүсмийн шүдлэн үхэр байхгүй байсан. Тэгээд ойр орчмоор хайгаад олохгүй байж байтал 2023 оны 02 дугаар сарын дундуур /өдрийн мэдэхгүй байна/ Б.Ой нь надтай утсаар яриад манай отрын үхэрт байсан тань хариулж байгаа үхэр, манай үхэрт байж байгаад айлын үхэр дагаад Архангай аймгийн Гичгэнэ багийн эх рүү явлаа шүү гэж утсаар хэлсэн харин ямар үхэр гэдгийг нь хэлээгүй. Тэгээд П.Б нь алдсан Мухар хайнагийн хүрэн зүсмийн шүдлэн үхрийг Архангай аймгийн Гичгэнэ багийн Зоо гэх газраар хайж байгаад айлын үхрээс авсан чинь нутгийн иргэн Б.Д нь миний хөлсөөр харж байсан Мухар хайнагийн шүдлэн үхрийг тус суманд оршин суух иргэн Р.Б гэх хүнд бэлэн мөнгөөр зөрсөн байсныг П.Б нь 2023 оны 04 дүгээр сарын дундуур /өдрийн мэдэхгүй байна/ олж аваад явсан гэж П.Б нь надад утсаар хэлсэн. Би Б.Д гэх хүнээс Мухар хайнагийн хүрэн зүсмийн үхрийг асуухад харагдаагүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 19-20 дугаар тал/
*Гэрч Э.Гын өгсөн:
“...Би 2023 оны 2023 оны 04 дүгээр сард 7 тооны үхрийг зарсан. Намайг үхэр зарахад манай хажуу талын айл болох Б.Д нь эхнэр Н.Энхжаргалын хамт мухар хайнагийн хүрэн зүсмийн шүдлэн үхрийг зарсан. Хэдэн төгрөгөөр зарсныг мэдэхгүй байна. Б.Д нь өөрийнхөө сувай үхрээс мухар хайнагийн хүрэн зүсмийн шүдлэн үхрийг барьж өгсөн...” гэх мэдүүлэг/хх-ийн 32-34 дүгээр тал/
*Гэрч Р.Бгын өгсөн:
“...Би 2023 оны 04 дүгээр сарын сүүлээр /өдрийн мэдэхгүй байна/ Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багийн Гичгэний эх гэх газар очиж иргэн З.Г гэх хүнээс 7 тооны үхэр мөнгөөр нь худалдан авахад З.Гын хажуу талд байдаг надаас урд өмнө үхэр өгнө гэж хэлээд 500.000 төгрөг авсан Б.Д нь надад зээлсэн мөнгөнийхөө өрөнд Мухар хайнагийн хүрэн зүсмийн шүдлэн үхрийг өөрийнхөө үхрээс эхнэр Н.Энхжаргалын хамт барьж өгөөд надад өгч явуулсан юм. Тэгээд би худалдан авсан үхрүүдээ өөрийн үхэртэй авчирч нийлүүлээд хариулж байтал Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн иргэн П.Б гэх хүн манай үхэрт ирж үзээд миний хулгайд алдсан Мухар хайнагийн хүрэн зүсмийн үхэр танай үхэрт байна гэхээр нь би Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багийн Гичгэний эх гэх газар оршин суудаг Б.Д гэх хүнээс худалдан авсан юм гэж хэлсэн. Тэгсэн П.Б нь манай гэрээс гараад Б.Д гэх хүнтэй уулзана гэж хэлээд явсан удалгүй маргааш нь буюу 2023 оны 04 дүгээр сарын сүүлээр /өдрийн мэдэхгүй байна/ Б.Д нь надад Халтар сарлагийн шүдлэн үхэр авчирч өгөөд надад өгсөн Мухар хайнагийн хүрэн зүсмийн шүдлэн үхрийн аваад явсан. Би мэдээгүй өөрийн үхэр дотроос надад барьж өгөхөөр нь өөрийнхөө үхрээс өгч байгаа юм байна гэж бодсон. Б.Д бид хоёрын дунд өр авлагын асуудал байхгүй надад зарсан Мухар хайнагийн хүрэн зүсмийн үхрийн оронд өөр үхэр өгсөн байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 37-38 дугаар тал/
*Гэрч Б.Сгийн өгсөн:
“...Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багийн иргэн Б.Ой нь манай тэнд цас их орсон учир танай гадаа малтайгаа ирж буумаар байна гэхээр би тэг гээд Б.Ой нь 2023 оны 01 дүгээр сард /өдрийн мэдэхгүй байна/ ирж буугаад байж байтал 2023 оны 01 дүгээр сарын 18-ний шөнө цасан шуурганаар Б.Г ахын үхрээс манайхны үхэрт Мухар хайнагийн хүрэн зүсмийн шүдлэн үхэр ирсэн байж байсан тэгээд манайхны үхэрт байж байгаад 2023 оны 02 дугаар сарын дундуур /өдрийн мэдэхгүй байна/ Мухар хайнагийн хүрэн зүсмийн шүдлэн үхэр нь айлын үхэр дагаад Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багийн эх рүү яваад өгсөн. Би тухайн үед Мухар хайнагийн хүрэн зүсмийн үхрийг аваарай гэж Б.Г гэдэг хүнд утсаар хэлж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 41-42 дугаар тал/
*Яллагдагч Б.Дгийн өгсөн:
“...Би үйлдсэн гэм буруу дээрээ ямар нэгэн маргаан байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 64-65 дугаар тал/
*Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн АЦ23-70 дугаартай“...мухар хайнагийн шүдлэн үхрийн үнэлгээг 2023 оны 05 дугаар сарын байдлаар нийт 700.000/долоон зуун мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт/хх-ийн 49-51 дүгээр тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Б.Дд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багийн нутаг дэвсгэрт байрлах Өвөр даваат гэх газраас иргэн П.Бын 1 тооны мухар хайнагийн хүрэн зүсмийн шүдлэн үхэр хулгайд алдагдаж, түүнд 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Д үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч П.Бын“...Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багийн Зос гэх газар айлын үхрээр алдсан үхрээ хайгаад явж байтал миний хулгайд алдсан Мухар хайнагийн хүрэн зүстэй шүдлэн үхэр айлын үхэр сүрэг дотор байхаар нь бэлчээрт байсан үхрийн эзэн Р.Бтай уулзахад би Мухар хайнагийн хүрэн зүстэй шүдлэн үхрийг 2023 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр Архангай аймгийн Гичгэнэ багийн иргэн Б.Д гэдэг хүнээс 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр худалдан авсан гэж хэлсэн. Тэгээд би Б.Д гэдэг айлд очиж уулзах гэтэл Б.Д гэртээ байхгүй эхнэр нь байхаар нь танай нөхөр Б.Д манай Мухар хайнагийн хүрэн зүстэй шүдлэн үхрийг Р.Бд зарсан байна гэж хэлтэл манай нөхөр Б.Д Н.Бд нэг шүдлэн үхэр зарсан гэж хэлсэн. Тэгээд би гэртээ хариад байж байтал орой Б.Д гэдэг хүн миний гар утас руу залгаад Р.Бтай би уулзчихлаа танай Мухар хайнагийн хүрэн зүстэй шүдлэн үхрийг би аваачиж өгнө, гэхдээ би Б.Б гэдэг хүнээс 2023 оны 02 дугаар сард худалдан авсан гэж хэлээд манай Мухар хайнагийн хүрэн зүстэй шүдлэн үхрийг авчирч өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Ойн“...Тэгэхээр нь би отроос 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ирээд Б.Г ахад утсаар залгаад таны хариулж байгаа үхрээс Мухар хүрэн хайнагийн шүдлэн үхэр манай үхэрт байж байгаад Гичгэний эх рүү айлын үхэр дагаад явлаа шүү гэж хэлсэн. Тэгээд удалгүй 2023 оны 04 дүгээр сард иргэн Б.Д гэдэг хүн манай үхэрт байж байгаад Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багийн эх рүү айлын үхэр дагаад явсан Мухар хайнагийн шүдлэн үхрийг тус сумын Р.Б гэх хүнд зарсан байсныг үхрийн эзэн П.Б нь олж авсан. Би Б.Г гэх хүнд таны харж байгаа Мухар хайнагийн шүдлэн дагаад явсан шүү гэж утсаар хэлсэн юм. Манай төрсөн ах Б.Б нь үхэр зарна гэж Б.Д гэх хүнтэй уулзаж мөнгө авч байгаа нь харагдаагүй...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бн”...Би Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багийн иргэн Б.Д гэх хүнд 2023 оны 02 дугаар сарын сүүлээр хайнагийн шүдлэн үхэр зараагүй. Харин Б.Д гэх хүн нь надад 300.000 төгрөг өгч хайнагийн шүдлэн үхэр авсан гэж П.Б гэх хүнд хэлсэн байсан. Би 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багт ирээд ээж Г.Оюунгэрэл гэх хүнтэй сар шинээр золгоод 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр буцаад Улаанбаатар хот руу явсан юм. Би Б.Д гэх хүнээс ямар нэгэн мөнгө аваагүй...” гэх мэдүүлэг, гэрч Б.Гийн”...П.Б нь алдсан Мухар хайнагийн хүрэн зүсмийн шүдлэн үхрийг Архангай аймгийн Гичгэнэ багийн Зоо гэх газраар хайж байгаад айлын үхрээс авсан чинь нутгийн иргэн Б.Д нь миний хөлсөөр харж байсан Мухар хайнагийн шүдлэн үхрийг тус суманд оршин суух иргэн Р.Б гэх хүнд бэлэн мөнгөөр зарсан байсныг П.Б нь 2023 оны 04 дүгээр сарын дундуур /өдрийн мэдэхгүй байна/ олж аваад явсан гэж П.Б нь надад утсаар хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Р.Бгын”...Б.Д нь надад зээлсэн мөнгөнийхөө өрөнд Мухар хайнагийн хүрэн зүсмийн шүдлэн үхрийг өөрийнхөө үхрээс эхнэр Н.Энхжаргалын хамт барьж өгөөд надад өгч явуулсан юм. Тэгээд би худалдан авсан үхрүүдээ өөрийн үхэртэй авчирч нийлүүлээд хариулж байтал Архангай аймгийн Тариат сумын Тэрх багийн иргэн П.Б гэх хүн манай үхэрт ирж үзээд миний хулгайд алдсан Мухар хайнагийн хүрэн зүсмийн үхэр танай үхэрт байна гэхээр нь би Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багийн Гичгэний эх гэх газар оршин суудаг Б.Д гэх хүнээс худалдан авсан юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Сгийн”...2023 оны 01 дүгээр сарын 18-ний шөнө цасан шуурганаар Б.Г ахын үхрээс манайхны үхэрт Мухар хайнагийн хүрэн зүсмийн шүдлэн үхэр ирсэн байж байсан тэгээд манайхны үхэрт байж байгаад 2023 оны 02 дугаар сарын дундуур /өдрийн мэдэхгүй байна/ Мухар хайнагийн хүрэн зүсмийн шүдлэн үхэр нь айлын үхэр дагаад Архангай аймгийн Хангай сумын Гичгэнэ багийн эх рүү яваад өгсөн. Би тухайн үед Мухар хайнагийн хүрэн зүсмийн үхрийг аваарай гэж Б.Г гэдэг хүнд утсаар хэлж байсан...” гэх мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн АЦ23-70 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Дгийн хохирогч П.Бын 1 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх ба шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Дд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.Дг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч П.Бт 700.000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд хөрөнгийн үнэлгээний талаар дүгнэлт гаргасан Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн АЦ23-70 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч П.Б нь хулгайд алдсан үхрээ буцаан авсан талаараа мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой дүгнэв.
Шүүгдэгч Б.Дд тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд хуульд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарлаж , шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Баянтэшлэг овогт Батбаярын Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд хорих ял оногдуулахгүйгээр 8/найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар
шүүгдэгч Б.Дд тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
шүүгдэгч Б.Д нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч Б.Дд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР