Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/150

 

 

 

 

 

                                         2023/ШЦТ/150

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Нямжав      

Шүүгдэгч: Н.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Норжинбумаагийн Дт холбогдох эрүүгийн 2312000000171 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Батцэнгэл сумын .............. гэх газар оршин суух хаягтай, урьд Архангай аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 206 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж хойшилж, мөн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1-т зааснаар 30,000 төгрөгөөр торгуулах ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржигон овогтой Норжинбумаагийн Д/РД:АА............../

 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайрбор багийн нутаг Баяндүүрэн дэлгүүрийн гадна 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Э.Ха нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Н.Д нь Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайрбор багийн нутаг Баяндүүрэн дэлгүүрийн гадна 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас Э.Хын нүүрэн тус газар нь өшиглөж биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн хацарт цус хуралт, хамар, хоёр хацарт зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Э.Хын“...2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Батцэнгэл сумын Дайрбор багийн нутаг Баяндүүрэн дэлгүүрийн гадна Цац багийн иргэн ГанТа гэх хүнтэй хамт зогсож байгаад Хөнөг багийн иргэн М гэх хүний машин дээр очиход дотор нь М Н.Д буюу Даандаа гэж дууддаг ах байсан. Тэгээд намайг шарилын гуйлгачид юу хийж яваа юм бэ гэхээр нь би гуйлгачин хүн яадаг юм гэсэн чинь намайг зүүн талын хацар руу алагдсан тэгэхээр нь би хөлөөрөө Н.Дын гуя хэсэг газар луу нь жийсэн чинь Н.Д машинаас буугаад намайг чирч гаргаад шууд зодоод эхэлсэн Н.Д миний зүүн талын нүд хэсэг рүү баруун талын нүд хэсэгт нэг удаа эрүүн тус газар нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Мөн миний хамар луу гараараа нэг удаа цохисон. Тэгээд миний хамраас цус гараад би цусаа гоожуулаад байж байхад тэр хүмүүс намайг бүгд орхиод яваад өгсөн. Тэгээд би дэлгүүрийн гадна цусаа намдаачхаад гэртээ харьсан. Тэгээд би цус нөжөө арилгасан. Миний хамраас маш их цус гарсан. миний хамар луу гараараа цохисон баруун талын зүүн талын шанаа хацар эрүү хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн Н.Д хөлдөө хромон гуталтай байсан. Миний биед хамраас цус гоожоод битүүрээд байгаа эрүү хөндүүршин өвдөж байна зүүн талын нэг араа хорхойтсон байсан сугараад гараад ирсэн өвдөж байгаа...Би гомдолтой байна. Миний зүгээр байсан бие эрхтэнг өвчтэй болгосон би эмчилгээ хийлгэж бие эрхтнээ эрүүл болгомоор байна. Миний хамраас ойр ойрхон цус гараад байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-6 дугаар тал/, гэрч Д.Тын”...2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр би Дайрбор багийн нутаг Бор үзүүр хороололд байх гэрээсээ яваад Э.Ха гэх залуутай тааралдаж бид хоёр хамт Баяндүүрэн дэлгүүрийн гадна ирээд нэг саарал өнгийн приус машины хажуугаар гараад явахад уг машин дотроос Н.Д гэх хүн дуудаад очсон чинь гуйлгачингүуд юу хийж яваа юм гэсэн чинь Э.Ха машинтай гараад нэг нэгийгээ цохиод байх шиг байсан. Тэгээд уг машинаа жолооч Ж.М буугаад тэр хоёрыг салгаад та нэг нутгийн хүмүүс байж ингэж болохгүй гээд салгаад Н.Дыг машиндаа суулгаад хөдлөөд намайг гэрийн гадна буулгасан. Ж.М, Н.Д нар цааш яваад өгсөн өөр юу болсон талаар мэдэхгүй ээ. Н.Дын баруун талын шанаа тус газар 3 удаа цохисон. Тэгээд буугаад машины цаана ороод пид пад гэж дугарсан хэн хэнийгээ цохисныг мэдээгүй ээ. Э.Хыг харахад хамраас цус гарсан нүүрэнд цус шүүрсэн зураас гарсан байсан. Н.Д Э.Хыг цохихыг бол хараагүй ээ пид пад гэсэн чимээ гарсан. Тэгээд машины жолооч буугаад салгасан. Би машин дотроос Э.Хыг харахад хамраас цус гарсан хоёр шанаанд нь цус шүүрсэн зураас гарсан байсан. Н.Дын биед ямар нэгэн шарх сорви харагдаагүй ээ. Э.Хын хамраас цус гоожсон байдалтай үлдсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 23-24 дүгээр тал/, гэрч Ж.Мийн”...2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр би Дайрбор багийн нутаг Баяндүүрэн дэлгүүрийн гадна өөрийн машинтай зогсож байхад эхлээд Н.Д миний машин дотор орж ирээд суусан тэгээд хэсэг хугацааны дараа араас нь нэг залуу орж ирээд Н.Дтай маргалдаад нэг нэгийгээ гуйлгачин гэж дуудаад байсан. Тэгээд машин дотор Н.Дыг цохиод авах шиг болсон. Тэгээд машинаас буугаад тэр хоёр хоорондоо цохилцоод байх шиг байсан. Тэгээд би араас гарахад нөгөө залуу нь газар унасан байдалтай байсан. Тэгээд би Н.Дын салгаж аваад машиндаа суулгаад гэрт хүргэж өгсөн нөгөө залууг чи бос гэсэн чинь босоод яваад өгсөн өөр юу болсон талаар мэдээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 27-28 дугаар тал/, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Н.Дын мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 170 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч Н.Д нь хохирогчийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн хацарт цус хуралт, хамар, хоёр хацарт зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Дын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

Иймд шүүгдэгч Н.Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Э.Хын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан, шүүгдэгч Н.Дт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн байх бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Норжинбумаагийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дыг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Н.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР