Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/153

 

 

 

 

 

 

                                                                                        2023/ШЦТ/153

 

 

 

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Нямжав   

Хохирогч: Б.Рд   

Шүүгдэгч: Ш.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Шижирбаатарын Зт холбогдох эрүүгийн 2312000740131 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, дунд боловсролтой, хүний нөөц мэргэжилтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ......... ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ......... оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт Шижирбаатарын З/РД.ФА....../

 

                                          Холбогдсон хэргийн талаар:

 

 Шүүгдэгч Ш.З нь 2023 оны 04 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Арвис бааранд согтуурсан үедээ хохирогч Б.Рдтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт  хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Хохирогч Б.Рдын шүүх хуралдаанд мэдүүлсэн:

           “...Хотоос ирээд ажилдаа ороод хоёр хонож байсан. Тэгээд ажлынхантайгаа Арвис руу орсон. Бид нар 2 пиво авч ууж дуусаад байж байсан чинь Урангоо гээд охин би Зулаа эгчийг танина. Би очоод архи аваад ирье гээд  архи аваад ирсэн. Тэгээд удаагүй ардаас нь зөөгч нь орж ирээд Зулаа эгч та нарт архи өг гэж хэлээгүй гэж байна. Та нар яагаад архи аваад явсан гэж хэлэхээр нь Урангоо Зулаа гэдэг хүнтэй очиж уулзсан гэсэн шүү дээ гэж хэлсэн чинь үгүй архи ав гэж хэлээгүй гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр өдөр гарч байсан бармен дээр нь очоод бид нар авсан архиа задалсан Зулаа уг нь ав гэж хэлсэн гэсэн миний мобайл банк ажиллахгүй байна. Би 2 утсаа үлдээе  гэж хэлсэн чинь яахын 100000 төгрөг хүрэхгүй чиний эд зүйлийг аваад яахын гэхээр нь би за за би тэгвэл маргааш хэдэн цаг гэхэд энэ мөнгийг өгөх юм? гэж асуусан чинь 1 цагт гэж хэлсэн. Тэгээд би 1 цагт шилжүүлье гэж хэлээд дээр нь нэмээд 4 цэвэр ус авсан. Тэгээд ширээн дээрээ очсон чинь нөгөө архинаас нэг нэг хундагалсан байхаар уусан тэгээд нэг хүн маань аймар согтсон байсан учраас бид нар одоо явъя гэж хэлсэн. Тэгээд цуг явж байсан хүмүүс түрүүлж гараад би араас нь хувцсыг нь аваад гарах гээд нөгөө охиндоо би маргааш яг 1 цагт мөнгийг нь хийнэ баярлалаа гэж хэлээд байж байсан чинь З гэдэг хүүхэн чи яахаар ууж идсэн юмныхаа мөнгийг өгдөггүй юм бэ? гуйлгачин царайлаад гэж гэсэн. Тэгээд би үгүй би үнэн учраа хэлж байна болохгүй бол захирал руугаа залгаад мөнгө аваад ирье гэж хэлээд явах гэсэн чинь намайг чирч зулгааж авчирч байгаад хэрүүл хийгээд үстэлцээд бөөн хэрүүл болсон. Хажууд байсан хүмүүс бид хоёрыг салгах гээд дийлээгүй. Тэгээд би нэг сэрсэн чинь ухаан алдсан текний голд сэрсэн...” гэх мэдүүлэг,

 

            *Эрүүгийн 2312000740131 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч Б.Рдын өгсөн:

“...Би Улаанбаатар хотоос Архангай аймгийн Наран төвд тогоочоор ажиллахаар 2023 оны 04 дүгээр сарын 05-ны шөнө ирээд тухайн буудлын 304 дугаарын өрөөнд байрлаж ажиллаж байсан юм. Өмнө би хэсэг хугацаагаар ирж ажилладаг байсан бөгөөд тэр үед хамт ажилладаг ажлын хүн У түүний нөхөр Жанлав нартай 2023 оны 04 дүгээр сарын 09-ны орой 11 цагийн орчим уулзаад тус аймгийн Арвис бааранд ороод тухайн баарнаас хүний 2 ширхэг пиво аваад үйлчлүүлж байгаад хамт явсан У тухайн баарны ажилтан Зулаа гэх хүнтэй уулзаад архи зээлээр авахаар болж тэнд ажиллаж байсан зөөгч охинтой уулзаад 0,75 гармын Экс нэртэй архи авсан. Худалдан авсан архийг аваад ширээн дээрээ ирээд аягалаад байж байхад зөөгч охин ирээд Зулаа эгч танд архи өг гэж хэлээгүй гэж байна архиа авна гэсэн тэгэхлээр нь би тухайн өдрийн гарч байсан бармен ажилтан дээр нь очоод одоохондоо мөнгөгүй байна Зулаад уг нь хэлсэн гэсэн бүүр болохгүй бол би өөрийн гар утсаа үлдээчихье гэж хэлсэн чинь өө тэгж яахын маргааш 01 цаг гэхэд хийчихээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэмж 4 ширхэг ус аваад ширээн дээрээ очиж суутал манай хамт явсан найзууд нэлээн согтсон байсан бөгөөд одоо явцгаая гээд баарнаас Жанлав, Сайнаа, У гурав түрүүлээд гараад явсан би араас хувцас болон нөгөө архийг аваад гарахдаа нөгөө архи зээлээр өгсөн хүнд хандаж баярлалаа гэж хэлээд байж байхад Зулаа хаанаас ч юм гэнэт гарч ирээд би тэр Уд чинь архи ав гэж хэлээгүй гэх зэргээр доромжлоод байсан. Тэгэхээр нь би учирлаад хэлээд гарах гэсэн чинь намайг гаргахгүй байсан. Тэгснээ намайг текний доод талын булан мөргүүлсэн. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байгаа учир нь хэсэг хугацаагаар ухаан алдаад унасан байсан. Нэг сэрсэн чинь текний голд газар хэвтэж байсан мөн тэнд байсан хүмүүс намайг тойроод хараад сууж байсан. Мөн манай найзууд гаднаас орж ирээд та нар хүн аллаа түргэн, цагдаа дуудахгүй юм уу гээд тэндээс нэг нь цагдаа дуудсан байсан удалгүй цагдаа ирсэн. Ер бол ийм зүйл болсон.  Би уг нь Ш.З гэх хүнтэй ямар нэгэн хэрүүл маргаан хийгээгүй харин Ш.З гэх хүн өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ирээд намайг хэл амаар учир зүггүй доромжлоод байсан. Архи зээлээр авлаа гэх шалтгаанаар цохиж зодох болсон. Түүнээс өөр ямар нэгэн шалтгаан байгаагүй. Намайг барьж аваад толгойн үснээс зулгааж толгой хана мөргуүлсэн. Хана мөргүүлсний улмаас миний ухаан санаа балартаж ухаан алдаж унасан. Түүнээс өөр цохиж зодсон ямар нэгэн ас асуудал байхгүй.  Миний үснээс зулгаахаар нь би зөрүүлээд үснээс нь зулгаасан. Түүнээс өөр цохиж зодсон ямар нэгэн асуудал байхгүй. Тухайн бааранд ажилладаг хүмүүс байсан. Би уг хүмүүсийг танихгүй. Ш.З сайн таних байх. Толгой байнга өвдөж байгаа. Эмч хэлэхдээ тархины хавантай байна гэж хэлсэн. Маш их гомдолтой байна. Зүгээр байж байгаад зодуулсан болохоор. Мөн өөрийн эрүүл мэндэд учирсан эмчилгээний мөнгөн дүнг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн  29-31 дүгээр тал/

 

*Гэрч Р.Цийн өгсөн:  

“...Би дээрх цаг хугацаанд ямар нэгэн ажил үүрэг гүйцэтгэж байгаагүй. Харин Ш.З эгчтэй тухайн таарч гадуур явж бага зэргийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд тухайн орой 22 цагийн орчим тус аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвис бааранд” Ш.З, Э.Д, С.Ю нарын хамт орсон. Тэнд ороод ширээн дээр сууж архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд сууж байж байхад Ш.З эгчийг таньдаг гээд нэг эмэгтэй ирсэн. Би тухайн хүнийг нэрийг сайн санахгүй байна. Гэхдээ А.У гэж санаад тэр эмэгтэй ирээд Ш.З эгчид хандаж архи зээлээр авах гэсэн юм гэж хэлж байсан. Тэгсэн Ш.З эгч би өнөөдөр амарч байгаа учир мэдэхгүй үүдний текен дээр гарч байгаа хүнээс асуу гэж хэлсэн. Тэгсэн нөгөө эмэгтэй явсан. Би нойл орчихоод буцаад текен ирэхэд Ш.З эгч нэг эмэгтэйд хандаж архи авсан тооцоогоо хий гэж хэлж байсан. Тэгсэн нөгөө эмэгтэй нь би гар утсаа үлдээгээд маргааш ирээд тооцоогоо хийчихье гэж хэлж байсан. Би тэр үед Ш.З эгч нөгөө эмэгтэй хоёрын хажууд зогсож байсан тэгсэн бие биеийнхээ үснээс зулгаагаад байж байсан. Яг хэн нь эхэлж үснээс нь зулгаасныг би хараагүй. Тэгсэн нэг эмэгтэй ирээд Ш.З эгчийг газар унагачихсан өшиглөөд байсан яг хэн нь унагасныг би хараагүй. Тэр үед манай найз Э.Д ирж нөгөө хэдийг салгасан. Тэгсэн Ш.З эгч газраас босож ирээд нөгөө эмэгтэйг гараараа татаж байгаа харагдсан. Тэгсэн нөгөө эмэгтэй хана мөргөж газар унасан. Тэгэхлээр нь Ш.З эгчийг аваад өрөө рүү нь орсон. Ер бол ийм л зүйл болсон. Ш.З эгчийн нэрийг бариад архи зээлээр худалдан авсан байсан. Үүнээс улбаалж тооцоогоо хий гэснээс болж хоорондоо хэрэлдэж маргалдсан. Түүнээс өөр ямар нэгэн шалтгаан байгаагүй. Б.Рдыг татаж газар унасан. Үүнээс улбаалж нөгөө эмэгтэй хана мөргөж унасан. Өөр цохиж зодсон асуудал байхгүй. Мөн үснээс нь зулгаасан. Б.Рд нь юм уу өөр эмэгтэй юм уу яг тэрийг нь хараагүй Ш.Зийг газар унасан байхад өшиглөөд байсан. Түүнээс өөр цохиж зодсон ямар нэгэн асуудал байхгүй. А.У гэх эмэгтэй Ш.Зийг цохиж, үснээс нь зулгааж байгаа харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр тал/

 

*Гэрч А.Угийн өгсөн:

“...Би дээрх цаг хугацаанд ажил дээрээ байж байгаад ажлын цаг дуусаж улмаар хамт ажилладаг хүмүүс болох Б.Рд, Ж.С нарын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвис” бааранд 23 цагийн орчим орсон. Тэнд ороод ширээн дээр сууж пиво захиалж уугаад тухайн захиалж уусан пиво дуусаж дахин пиво захиалсан. Би Ш.З эгчийг таньдаг болохоор очиж түр архи зээлээч маргааш мөнгийг өгнө одоо мөнгийг нь өгөх гэхээр мөнгө шилжүүлэх хүний мобель банк нь блоклогдсон байна гэж хэлсэн. Тэгсэн Ш.З эгч тэгээ гэж хэлсэн. Мөн Ш.З өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Мөн тухайн өдөр ажиллаагүй амарч байгаа гэж хэлж байсан. Ш.З эгчийг архи ав гэсэн болохоор би Арвис баарны бармен дээр очоод Ш.З эгч архи зээлээр ав гэсэн гээд нэг шил 0.75 граммын экс нэртэй архи авсан. Тухайн архийг аваад ширээн дээрээ очиж суугаад архийг задлаад нэг нэг хундага архи аягалж байхад зөөгч нь ирээд Зулаа эгч архи өгөхгүй гэж байна архиа авъя гээд ирсэн тэгэхлээр нь ав гээд өгөөд явуулсан. Тэгсэн Б.Рд нөгөө хүнтэй очиж уулзахаар явсан. Очиж уулзаж ярилцаад нөгөө архиа 4 устай авчирсан. Тэгэхээр нь бид нар за одоо гарцгаая гээд Жанлав, Ж.С бид гурав түрүүлээд гарсан. Харин Б.Рд эгч үлдээд ширээн дээр байсан архи, усаа аваад гарах байсан. Б.Рд эгч гарч ирэхгүй удаад байхаар буцаад Ж.С бид хоёр ороход Б.Рд эгч текены хажууд ухаан алдаад газар унасан байсан. Хажууд нь Ш.З эгч зогсож байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад Ш.З миний өөдөөс хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь хоорондоо маргалдаад байж байхад хэсэг хугацааны дараа цагдаа орж ирсэн. Ер бол ийм зүйл болсон. Архи өгнө өгөхгүй гэх шалтгаанаас болж хоорондоо хэрэлдэж маргалдсан гэсэн. Яг хажууд нь байгаагүй болохоор нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Би хажууд нь байгаагүй болохоор мэдэхгүй байна. Ямар ч байсан намайг гаднаас орж ирэхэд Б.Рд ухаан алдсан газар хэвтэж байсан. Би тэрийг мэдэхгүй байна. Харилцан зодооны талаар байгаагүй болохоор. Би цохиж зодоогүй харин хоорондоо хэрэлдэж маргалдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-56 дугаар тал/ 

 

*Гэрч Э.Дын өгсөн:

“...Би дээрх цаг хугацаанд ямар нэгэн ажил үүрэг гүйцэтгэж байгаагүй. Харин өөрийн амьдардаг байрандаа амарч байхад намайг Ш.З эгч гар утсаар залгаж дуудсан яг хэдэн цагийн үед гэдгийг нь би санахгүй. Би байрнаас гарах үедээ Р.Цийн хамт Ш.З эгч дээр очсон. Тэд нарын машинд суугаад 22 цагийн орчим тус аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвис бааранд орсон. Тэнд ороод ширээн дээр сууж байхад Жанлавын эхнэр А.У гээд нэг эмэгтэй Ш.З эгч дээр ирж архи зээлээр авах гэсэн юм гэж хэлж байсан. Тэгсэн Ш.З эгч би өнөөдөр амарч байгаа учир мэдэхгүй үүдний текен дээр гарч байгаа хүнээс асуу гэж хэлээд явуулсан. Дээрх үйл явц болоод нэлээн хэсэг хугацааны дараа нойл орчхоод буцаад текен дээр ирэхэд Ш.З эгч эмэгтэйтэй барилцаж аваад бие биеийнхээ үснээс зулгаалцаад байсан. Би салгах гэж зөндөө оролдсон боловч хажуу талаар А.У гэх эмэгтэй орж ирээд тэгэхээр нь би тэр эмэгтэйд хандаж тооцоогоо хийчих гэж хэлсэн. Тэгсэн хийчихнэ гэж хэлснээ хийгээгүй. Тэгсэн А.У гэх эмэгтэй би энэ хоёр хүнийг салгаадахъя гээд Зулаа эгчээ та болиочээ гэснээ Зулаа эгчийн үснээс зулгаагаад байсан. Тэгээд арай гэж салгаад байж байхад Зулаа эгч нөгөө эмэгтэйд араас нь татах үед нөгөө эмэгтэй газар унасан. Тэгсэн нөгөө эмэгтэй хүнтэй хамт явж байсан А.У болон миний танихгүй нэг эмэгтэй нар Зулаа эгчийг газар унагаад өшиглөөд байсан. Тэгээд салгаад Зулаа эгчийг өрөөнд нь оруулсан. Ер нь бол ийм л зүйл болсон. Би яг юунаас болж хоорондоо хэрэлдэж маргалдсаныг мэдэхгүй байна. Ямар ч байсан намайг ирэх үед тооцоогоо хий гээд хэрэлдээд байсан. Бие биеийнхээ үснээс зулгаагаад байсан татаж газар унагасан. Өөр цохиж зодсон талаар мэдэхгүй байна. Үснээс нь зулгаагаад байсан. Мөн газар унасан байхад өшиглөсөн санагдаад байна. Өөр цохиж зодсон асуудлыг санахгүй байна. Үснээс нь зулгаагаад цохиод байх шиг байсан. Мөн газар унасан үед нь өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 дүгээр тал/

 

*Гэрч С.Юын өгсөн:

“...Би дээрх цаг хугацаанд ямар нэгэн ажил үүрэг гүйцэтгэж байгаагүй. Харин өөрийн амьдардаг байрандаа амарч байхад оройн 21 цагийн орчим миний гар утас Даашка, Цээгийн нарын нэг л залгаад гараад ирээч гэсэн. Тэрний дараа Ш.З эгч залгаад эгч танай байрны гадаа байна гараад ирээч гэхээр нь гараад очтол Ш.З, Цээгий, Даашка нар байсан. Тэд нарын машинд суугаад 22 цагийн орчим тус аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвис бааранд орсон. Тэнд ороод ширээн дээр сууж байхад “Арвис ” бааранд өмнө ажиллаж байсан Жанлавын эхнэр нь Ш.З эгч дээр архи зээлээр авах гэсэн юм гэж хэлж байсан. Тэгсэн Ш.З эгч би өнөөдөр амарч байгаа учир мэдэхгүй үүдний текен дээр гарч байгаа хүнээс асуу гэж хэлээд явуулсан. Дээрх үйл явц болоод нэлээн хэсэг хугацааны дараа Ш.З эгч нэг эмэгтэйд хандаж уусан архины мөнгөө төл гээд маргалдаад байсан. Тэгсэн Ш.З эгч нөгөө эмэгтэйтэй барилцаж аваад бие биеийнхээ үснээс зулгаалцаад байсан. Би салгах гэсэн боловч хүч хүрээгүй тэгэхлээр нь хаяад хажууд нь зогсож байгаад өөрийн сууж байсан ширээ рүү яваад буцаад ирэхэд нэг газар унасан байсан. Түүнээс надад мэдэх өөр зүйл байхгүй би өөрийн мэдэх зүйлээ дэлгэрэнгүй ярьсан. Би яг юунаас болж хоорондоо хэрэлдэж маргалдсаныг мэдэхгүй байна. Ямар байсан хоорондоо хэрэлдэж байхдаа тооцоо хийгээд гар гэж хэрэлдээд байсан. Бие биеийнхээ үснээс зулгаагаад байсан өөр надад мэдэх зүйл байхгүй.  Би нарийн мэдэхгүй байна. Цохиж зодоогүй байх би сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 44-46 дугаар тал/

 

*Гэрч Ж.Сын өгсөн:

“...Би дээрх цаг хугацаанд буюу өглөө нь Улаанбаатар хотоос Архангай аймагт ирсэн. Ажил дээрээ байж байгаад 22 цаг өнгөрөөгөөд ажлын байрыг хааж ахлах тогооч Б.Рд, бареман Ариунгуа, бид гурав цуг гарсан. Гарах үед үүдэнд Угын нөхөр Жанлав ирсэн байсан. Жанлавыг аваад бид дөрөв цуг арвис баар луу 22 цаг өнгөрөөгөөд орцгоосон. Тэнд ороод 1 цаг гаран сууцгаагаад гарцгаасан. Гарах үед Жанлав, А.У бид гурав цуг түрүүлээд гарсан. Гадаа гараад 5-15 минут болоход Б.Рд гарч ирээгүй. Тэгэхээр нь Ариунгуа бид хоёр эргэж орсон. Ороход Б.Рд газар шалан дээр дээшээ харсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь тухайн байгууллагын ажилчид болох 3-4 хүн байхаар нь тухайн хүмүүсээс юу босон талаар асууж 103, эмнэлэг дуудаач гэж шаардсан. Тэр үед миний гар утас байгаагүй учир би Б.Рдад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж хиймэл амьсгал хийсэн. Тэгсэн Б.Рд ухаан орж ухаан санаа нь орон гаран байсан. Үүнээс улбаалж тухайн байгууллагын ажилчидтай маргалдсан. Удаагүй цагдаагаас хүмүүс ирсэн. Ер нь бол ийм л зүйл болсон. Би тэрийг ёстой мэдэхгүй байна. Ямар ч байсан гадаа хүлээж байгаад эргээд ороод ирсэн чинь Б.Рд газар ухаан алдсан байдалтай байсан. Би тэрийг хараагүй охиж зодсон болоод ухаан алдсан байх гэж бодож байна. Зүгээр байсан хүн ухаан алдаж унахгүй. Би цохиж зодоогүй гар хүрсэн ямар нэгэн асуудал байхгүй. Намайг цохиж зодоогүй. Би сайн санахгүй байгаа. Тухайн үед би архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 93-95 дугаар тал/

 

*Яллагдагч Ш.Зийн өгсөн:

“…Би үйлдсэн хэрэг дээрээ ямар нэгэн маргаан байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 87-88 дугаар тал/

 

*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 123 дугаартай:

“...Б.Рдын биед тархи доргилт, хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Тархи доргилт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...”гэх  дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар тал/

 

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65-66 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

  Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 04 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Арвис бааранд иргэн Б.Рд нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Ш.З нь 2023 оны 04 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Арвис бааранд согтуурсан үедээ хохирогч Б.Рдтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүний үснээс зулгааж түлхэж унаган, эрүүл мэндэд нь тархи доргилт, хуйханд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Б.Рдын “...Зулаа хаанаас ч юм гэнэт гарч ирээд би тэр Уд чинь архи ав гэж хэлээгүй гэх зэргээр доромжлоод байсан. Тэгэхээр нь би учирлаад хэлээд гарах гэсэн чинь намайг гаргахгүй байсан. Тэгснээ намайг текний доод талын булан мөргүүлсэн. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байгаа учир нь хэсэг хугацаагаар ухаан алдаад унасан байсан. Нэг сэрсэн чинь текний голд газар хэвтэж байсан мөн тэнд байсан хүмүүс намайг тойроод хараад сууж байсан. Мөн манай найзууд гаднаас орж ирээд та нар хүн аллаа түргэн, цагдаа дуудахгүй юм уу гэж орилж чарлаад байсан тэгсэн тэндээс нэг нь цагдаа дуудсан байсан удалгүй цагдаа ирсэн. Ер бол ийм зүйл болсон.  Би уг нь Ш.З гэх хүнтэй ямар нэгэн хэрүүл маргаан хийгээгүй харин Ш.З гэх хүн өөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ирээд намайг хэл амаар учир зүггүй доромжлоод байсан. Архи зээлээр авлаа гэх шалтгаанаар цохиж зодох болсон...” гэх мэдүүлэг, гэрч Р.Цийн“...Би нойл орчихоод буцаад текен ирэхэд Ш.З эгч нэг эмэгтэйд хандаж архи авсан тооцоогоо хий гэж хэлж байсан. Тэгсэн нөгөө эмэгтэй нь би гар утсаа үлдээгээд маргааш ирээд тооцоогоо хийчихье гэж хэлж байсан. Би тэр үед Ш.З эгч нөгөө эмэгтэй хоёрын хажууд зогсож байсан тэгсэн бие биеийнхээ үснээс зулгаагаад байж байсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Угийн...Б.Рд эгч үлдээд ширээн дээр байсан архи, усаа аваад гарах байсан. Б.Рд эгч гарч ирэхгүй удаад байхаар буцаад Ж.С бид хоёр ороход Б.Рд эгч текены хажууд ухаан алдаад газар унасан байсан. Хажууд нь Ш.З эгч зогсож байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад Ш.З миний өөдөөс хэл амаар доромжлоод байсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Дын”...Дээрх үйл явц болоод нэлээн хэсэг хугацааны дараа нойл орчхоод буцаад текен дээр ирэхэд Ш.З эгч эмэгтэйтэй барилцаж аваад бие биеийнхээ үснээс зулгаалцаад байсан. Би салгах гэж зөндөө оролдсон боловч хажуу талаар А.У гэх эмэгтэй орж ирээд тэгэхээр нь би тэр эмэгтэйд хандаж тооцоогоо хийчих гэж хэлсэн. Тэгсэн хийчихнэ гэж хэлснээ хийгээгүй. Тэгсэн А.У гэх эмэгтэй би энэ хоёр хүнийг салгаадахъя гээд Зулаа эгчээ та болиочээ гэснээ Зулаа эгчийн үснээс зулгаагаад байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Юын”...Ш.З эгч нэг эмэгтэйд хандаж уусан архины мөнгөө төл гээд маргалдаад байсан. Тэгсэн Ш.З эгч нөгөө эмэгтэйтэй барилцаж аваад бие биеийнхээ үснээс зулгаалцаад байсан. Би салгах гэсэн боловч хүч хүрээгүй тэгэхлээр нь хаяад хажууд нь зогсож байгаад өөрийн сууж байсан ширээ рүү яваад буцаад ирэхэд нэг газар унасан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Сын”...Гадаа гараад 5-15 минут болоход Б.Рд гарч ирээгүй. Тэгэхээр нь Ариунгуа бид хоёр эргэж орсон. Ороход Б.Рд газар шалан дээр дээшээ харсан байдалтай хэвтэж байсан...” гэх мэдүүлэг, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 123 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч Ш.З нь хохирогчийн эрүүл мэндэд тархи доргилт, хуйханд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг шинжийг хангаж байх ба шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Зийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Ш.Зийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Рдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч нь эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой эмчилгээ хийлгэсэн зардал, гэмт хэргийн улмаас ажлаа хийж чадаагүй хугацааны цалин нийт 1.480.000 төгрөг, цаашид хийлгэх эмчилгээний зардал нэхэмжлэх талаар мэдүүлсэн боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогч Б.Рд нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:  

Шүүгдэгч Ш.З нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан шүүгдэгч Ш.Зт хуульд заасан торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ш.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1/нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Шижирбаатарын Зийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Зийг 1.200/нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.З нь шүүхээс оногдуулсан 1.200/нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрвөн/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1/нэг/ ширхэгийг хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

6. Шүүгдэгч Ш.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Рд нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ш.Зт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ГАНДОЛГОР