| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0152/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/155 |
| Огноо | 2023-07-05 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Нямжав |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/155
2023/ШЦТ/155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Нямжав
Шүүгдэгч: Ш.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тасран Шагдаржавын От холбогдох эрүүгийн 2312000000158 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Архангай аймгийн Ихтамир сумын ........... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Тасран овогт Шагдаржавын О/РД:АГ......../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Их тамир сумын Хөх нуур багийн хужиртын цуурай гэх газраас шүүгдэгч Ш.О нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй ойгоос хууль бусаар мод бэлтгэн, тээвэрлэж ойн санд 3,161,180 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.О нь Архангай аймгийн Их тамир сумын Хөх нуур багийн хужиртын цуурай гэх газраас 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй ойгоос хууль бусаар 4.43 метр куб хэмжээтэй мод бэлтгэн, тээвэрлэж ойн санд 3,161,180 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Б.Цэвээндоржийн“...3.161.180 төгрөгийн хохирол учирсан байна. Би ойд хохирол учруулсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна. Хохирлыг барагдуулчихвал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 94-95 дугаар тал/, гэрч О.Мөнхдалайн “...Би 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Их тар.'ир суманд гэртээ байж байтал Ш.О гэдэг залуу манайд ирээд Их тамир сумын Хөх-нуур багийн Хужиртын Цуурай гэдэг газарт өчигдөр би очоод ганцаараа хэдэн мод бэлтгэчихсэн цуг яваад хамт ачилцаад өгөөч гэсэн тэгээд цуг яваад мод бэлтгэсэн газар нь очиж бэлтгэсэн моднуудыг хамт бөөгнүүлж ачаад Их тамир сумын Таван тээг гэх газар явж байтал цагдаа зогсоож шалгаад мод бэлтгэх эрхийн бичгээ үзүүл гэсэн тухайн үед Ш.О нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан болохоор модтой авто машиныг саатуулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 9-11 дүгээр тал/, гэрч А.Гансүхийн“...Би 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Их тамир суманд гэртээ байж байтал Ш.О гэдэг залуу манайд ирээд Их тамир сумын Хөхнуур багийн Хужиртын Цуурай гэдэг газарт өчигдөр би очоод ганцаараа хэдэн мод бэлтгэчихсэн цуг яваад хамт ачилцаад өгөөч гэсэн тэгээд би цуг яваад мод бэлтгэсэн газар нь очиж бэлтгэсэн моднуудыг хамт бөөгнүүлж ачаад Их тамир сумын Таван тээг гэх газар явж байтал цагдаа зогсоож шалгаад мод бэлтгэх эрхийн бичгээ үзүүл гэсэн тухайн үед Ш.О нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан болохоор модтой авто машиныг саатуулсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Мөнх-Эрдэнийн “...Архангай аймгийн Ихтамир суманд сум дундын Ойн ангийн даргын ажлыг нийт 13 жил тасралтгүй хийж байна. Ш.О надаас мод бэлтгэх эрхийн бичиг авах талаар надтай ярьсан зүйл байхгүй. Мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэж болохгүй. Мод бэлтгэх эрхийн бичгээ эхэлж аваад дараа нь мод бэлтгэх эрхийн бичигт заагдсан газраас ойн цэвэрлэгээний мод бэлтгэх эрхийн бичигт зааснаар унанги мод бэлтгэнэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 57-59 дүгээр тал/, яллагдагч Ш.Оын “...Миний үйлдэл тохирч байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 112 дугаар тал/,
Архангай аймгийн Сум дундын ойн ангийн дарга Т.Мөнх-Эрдэнийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай ”...Иргэн Ш.Оын бэлтгэсэн гэх мод нь Шинэс төрлийн хуурай мод байна. Уг мод нь 4.10 сантметрын урттай 40 ширхэг, босоо хуурай мод шинэс төрлийн мод байна. уг модыг галын түлээний модоор бэлтгээгүй болно. Нийт тоо ширхэг 40, нийт шоометр 4.43 метр куб шоо метр модыг бэлтгэжээ. 4.43 шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээ тогтооход Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 тоот тушаал /төлбөрийн муж тогтоох тухай /үндэслэн ойн сангийн нэг шоометр модны экологи-эдийн засгийн үнэлгээг ойн нөөцийн төлбөрийн Хоёрдугаар муж/ хэрэглээний бөөрөнхий мод гуалин/ шууд үр ашгийн-161982 төгрөг шууд бус үр ашгийн-207544 төгрөг, нийт-369436 мод, хэрэглээний бөөрөнхий мод 1.8 итгэлцүүрээр тус тус үржүүлж нийт ойн санд учруулсан хохирлын хэмжээ 3.161.180 төгрөгөөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 41-42 дугаар тал/, Дамно ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн АА23-79 дугаартай: “...1988 онд үйлдвэрлэгдсэн, 1994 онд Монгол улсад орж ирсэн 17-33 УБА улсын дугаартай Зил-130 маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 05 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэлгээгээр 1.957.500 төгрөгөөр үнэлэв...” гэх дүгнэлт/хх-ийн 66-69 дүгээр тал/, Дамно ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн АА23-78 дугаартай: “...Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн хуучин цахилгаан хөрөөний үнэ 100.000/нэг зуун мянга/ төгрөгөөр, хуурай шинэс төрлийн 40 ширхэг, 4 метр 10 см-ын урттай модны үнэ 443.000/дөрвөн зуун дөчин гурван мянга/ төгрөгөөр тус тус үнэлэв...” гэх дүгнэлт/хх-ийн 72-74 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн зохих зөвшөөрөл гарал үүслийн гэрчилгээгүйгээр ойгоос мод бэлтгэж тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Оын хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч Ш.Оыг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 3.161.180 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /3,161,180*3=9,483,540/есөн сая дөрвөн зуун наян гурван мянга таван зуун дөч/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 9,483,540/есөн сая дөрвөн зуун наян гурван мянга таван зуун дөч/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тооцон, шүүгдэгч Ш.О нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын үр дагаварыг шүүгдэгч хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тасран овогт Шагдаржавын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Оыг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Ш.Оаас 9,483,540/есөн сая дөрвөн зуун наян гурван мянга таван зуун дөч/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ш.Оын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 17-33 УБА улсын дугаартай Зил-130 маркийн тээврийн хэрэгсэл нь Т.Цэндсүрэн гэх хүний эзэмшлийнх болох нь тогтоогдож байх тул эзэмшигчид шилжүүлж, шүүгдэгч Ш.Оаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 17-33 УБА улсын дугаартай Зил-130 маркийн автомашины үнэ болох 1.957.500/нэг сая есөн зуун тавин долоон мянга таван зуу/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 443.000/дөрвөн зуун дөчин гурван мянга/ төгрөгийн үнэ бүхий хуурай шинэс төрлийн 40 ширхэг, 4 метр 10 см-ын урттай мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 100.000/нэг зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 9,483,540/есөн сая дөрвөн зуун наян гурван мянга таван зуун дөч/ төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөд зарцуулсугай.
7. Шүүгдэгч Ш.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ш.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР