| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2016/00158/э |
| Дугаар | 2016/ШЦТ/79 |
| Огноо | 2016-11-14 |
| Зүйл хэсэг | 215.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2016/ШЦТ/79
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалан тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Л.Олонбаярт холбогдох эрүүгийн 201601070233 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Л.Отгончимэг
Улсын яллагч Х. Эрдэнэтуяа
Хохирогч Д. Ариунболд
Хохирогчийн өмгөөлөгч Д.Цолмон
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цэцэгээ
Шүүгдэгч Л.Олонбаяр нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1977 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймагт төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, 60 дугаар байрны 23 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигор овгийн Лхагвасүрэнгийн Олонбаяр /РД:ПЭ77042707/
Шүүгдэгч Л.Олонбаяр нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороо, 53 дугаар байрны хойд талын авто машины зогсоол дээр 75-99 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ард зогсож байсан иргэн Д.Ариунболдын 98-19 БРА улсын дугаартай “Toeota prius” маркийн тээврийн хэрэгслээр мөргөж, бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Олонбаярын хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...багажнаасаа юм авах зуурт миний машин хөдлөөд зүүн тийшээгээ эргээд явсан. Энэ үед машины арын суудалд Буянзаяа багш сууж байсан ба тэрхэн зуур бид нар сандралдаад би машиныхаа хаалгыг онгойлгоод тоормозоо гишгэх санаатай зүүн хөлөө машиндаа оруулаад тоормоз руугаа хөлөө явуулсан боловч баруун хөлөө машиндаа оруулж чадалгүй өрөөсөн хөлөөрөө чирэгдсэн. Машин зогссоны дараа тайвшраад машинаасаа буугаад урд талаа харах гэтэл миний машины урд нэг залуу зогсож байсан ба “чи хойшоо ухраач ээ, намайг хавчуулчихаад байна” гэж хэлсэн. ...Тухайн үед өөрийн анхаарал болгоомжгүй байдлаасаа болж машинаа асаалттай орхиж бууж явснаас иргэн Ариунболдын биед хүндэвтэр гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Би өөрийнхөө болгоомжгүй байдлаас, мөн тэр хүнийг буугаад явчихна, өөрөө машинаасаа бууна гэсэн ойлголтгүй байж байхад машинаас буусан хүн маань машины багааж онгойлгож чадахгүй байна гэхээр нь машинаасаа буугаад явчихсан юм…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Д.Ариунболдын хэрэг бүртгэлтийн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Туяа, араас чинь машин” гэж хашгирах шиг болсон ба яах ийхийн зуургүй машин араас мөргөөд намайг өөрийн маань машинтай цуг хавсарчихсан. Тэгээд намайг эргээд харахад мөнгөлөг өнгийн “Приус” маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн байсан. Би уг тээврийн хэрэгслийн жолоочийг харахад эмэгтэй хүн байсан ба машинаасаа буучихаад хүн дайрчихлаа гээд орилоод байсан. ...Багануурын эмнэлэгт очиж ясны зураг авахуулахад яс зүгээр байсан. Тэгээд хот явж зүүн хөлнийхөө зургийг авахуулсан. Би хөлнийхөө зургийг авахуулахдаа шилбэ, өвдөг хоёрын зургийг нэг авах юм байх гэж бодсон чинь тус тусад нь авсан. Миний өвдөг зүгээр, бага зэрэг гэмтэлтэй гарсан. Буцаж ирээд 3-4 хоног эмнэлэгт хэвтэхэд өвдөг биш шилбэ өвдөж эхэлсэн... Одоо бензинд 175.000 төгрөг, эрүүл мэндэд нэхэмжлэх зүйл байхгүй, цалин 1.407.062 төгрөг, өмгөөллийн хөлс 350.000 төгрөг, банкны хүү 164.000, нотариатын үйлчилгээний 10.400 төгрөг, нийт 2.210.462 төгрөг нэхэмжилж байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч О.Туяагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...нөгөө машин давхиж ирээд Ариунболд ахыг машинтай нь хавсраад мөргөчихсөн. Сандраад хартал тэр машины хаалга онгойгоод нэг эмэгтэй хүн дотроос нь гарч ирсэн. Ариунболд ах бид хоёр “машинаа холдуулаач ээ” гэж зэрэг хашгирахад нөгөө эмэгтэй машиндаа ороод машинаа хойш нь ухраах гэж байгаад буцаагаад урагшаа хөдөлж Ариунболд ахыг дахиад мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
Гэрч О.Буянзаяагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “...Олонбаяр багаажаа онгойлгох үед машин нь зүүн гар тийш зөөлхөн хөдөлж эхэлсэн. Тэгтэл Олонбаяр гүйж ирээд машиныхаа хаалгыг онгойлгоод суудал дээрээ хагас суугаад зүүн хөлөө машиндаа оруулаад баруун хөлөө машиндаа оруулж амжилгүй жолооны хүрдээ барих тэр үед машин нь Отгонтэнгэр зочид буудлын урд талын авто машины зогсоол дээр байсан машины араас орох шиг болсон. Сандраад хартал Олонбаярын мөргөсөн машины ард, багааж онгойлгоод зогсож байсан эрэгтэй хүнийг машинтай нь хамт мөргөсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Гэрч Б.Ягаанцэцэгийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “ Тэлмэнгийн ээж бид хоёр багааж руугаа очих үед машин гэнэт хөдлөөд Отгонтэнгэр зочид буудал тал руу эргээд явсан, тэр үед бид хоёр сандраад би машины зүүн талаас түлхээд, Тэлмэнгийн ээж машиныхаа хаалгыг онгойлгохоор гүйсэн. Тэлмэнгийн ээж машиныхаа хаалгыг онгойлгоод дотор нь суух шиг болоход машин нь Отгонтэнгэр зочид буудлын авто машины зогсоол дээр арагшаа хараад зогсож байсан хүнийг мөргөчихсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,
“Сэлэнгэ эстимэйт” хөрөнгийн үнэлгээний компанийн автомашины эвдрэл, хохирлыг үнэлсэн “Corolla Feilder” маркийн 75-99 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээ нь зах зээлийн ханшаар 280.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 36 дугаар хуудас/,
Шүүх эмнэлгийн шинжээчийн “...Д.Ариунболдын биед булчингийн зөөлөн эдийн гэмтэл, шаант ясны гадна булуу ясанд ясны эдийн няцрал хаван, тахилзуур ясны толгойд ясны эдийн няцрал хаван, баруун болон зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогджээ. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хохирогчийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна…” гэсэн 09шэ/375 тоот дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/,
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах “...Л.Олонбаярыг ЦЕГ-ын МСТТ-ийн лавлагааны санд ял шийтгэл бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон хуудас…” /хх-ийн 49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Л.Олонбаяр нь 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хороо, 53 дугаар байрны хойд талын авто машины зогсоол дээр 75-99 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн ард зогсож байсан иргэн Д.Ариунболдыг 98-19 БРА улсын дугаартай “Тоеота Приус” маркийн тээврийн хэрэгслээр мөргөж, Б.Ариунболдын биед булчингийн зөөлөн эдийн гэмтэл, шаант ясны гадна булуу ясанд ясны эдийн няцрал хаван, тахилзуур ясны толгойд ясны эдийн няцрал хаван, баруун болон зүүн шилбэнд зулгаралт бүхий гэмтэл учруулсан болох нь дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.
Хэргийн бодит байдлыг нотолж байгаа дээрх баримтуудыг үнэлэхэд шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар байцаасан байцаалт нь хууль зөрчөөгүй, мэдүүлгийн орон зай, цаг хугацаа, үйл баримтын талаар мэдүүлсэн мэдүүлэг нь гэрчүүдийн болон хохирогчийн мэдүүлгээр батлагдсан, гэрч, хохирогч нараас мэдүүлэг гаргуулахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасныг хангасан, мэдүүлгүүд хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, шүүх эмнэлгийн шинжээчийн 09шэ/375 тоот дүгнэлтийн үндэслэл ойлгомжтой, дээрх баримтууд нь хэргийн үйлдлийг хангалттай нотолж байна.
Иймд нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж дүгнэв.
Шүүгдэгч Л.Олонбаярыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчээс хохирогчийн эмчилгээ бусад зардалд 550.000 төгрөг бэлнээр, даатгалаас эмчилгээнд 346.000 төгрөг. тээврийн хэрэгсэлд 280.000 төгрөг тус тус төлсөн болох нь шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэгүүд болон даатгалаас мөнгө шилжүүлсэн баримтуудаар нотлогдож байна.
Хохирогч нь шүүгдэгчээс бинзен авсан 175.000 төгрөг, цалин 1.407.062 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 350.000 төгрөг, банкны зээлийн хүү 164.000 төгрөг, ноториатын 10.400 төгрөг, автомашины засварын зөрүү 104.000 төгрөг, нийт 2.210.462 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлд байцаан шийтгэх ажиллагааны зардлыг, 100 дугаар зүйлд байцаан шийтгэх ажиллагааны зардлыг нөхөн төлүүлэх талаар тус тус хуульчилсан бөгөөд хохирогчийн өмгөөлөгчид төлсөн зардал нь байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул өмгөөлөгчид өгсөн 350.000 төгрөгийг шүүх шүүгдэгчээс гаргуулах боломжгүй.
Хохирогчоос ирүүлсэн нотлох баримтын шаардлага хангасан баримтаар бинзен авсан 175.000 төгрөг, ноториат 10.400 төгрөг, нийт 185.400 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бусад зардлын баримт бүрдэл дутуу байх тул хохирогч нь баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Л.Олонбаярын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсэгт тус тус зааснаар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэнээ шүүх хуралдаанд илэрхийлсэн, түүний ар гэрийн буюу хувийн байдал болон дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял хэрэглэн, торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Мөн битүүмжлэгдэн хадгалагдаж байгаа “Toeota-prius” маркийн 98-19 БРА улсын дугаартай автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Л.Олонбаярт тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгох нь зүйтэй.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр
зүйлийн 290.3 дахь хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг
тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ