Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2022/0163

 

 

 

 

 

2022 03 07 128/ШШ2022/0163

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд цахимаар хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Д ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөөгч: Э.О , Д.У Ж.Б

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.У

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/4... дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У Ж.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/4... дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах шаардлагаар маргаж байна.

2. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:

2.1. Маргаан бүхий газрыг анх Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/2... дугаар захирамжаар Э.К ХХК-д 5587 м.кв газрыг Орон сууцны цогцолбор, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай олгож, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/258 дугаар захирамжаар газрын хэмжээг 5472 м.кв болгон зориулалтыг нь Сургууль, цэцэрлэгийн цогцолбор болгон өөрчилж олгожээ.

Э.К ХХК-ийн хүсэлтийн дагуу Нийслэлийн засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/3... дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн 17 /хуучнаар 11 дүгээр хороо/ дугаар хорооны нутаг дэвсгэрт 5468 м.кв газрыг сургууль, цэцэрлэгийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар нэхэмжлэгч "Т.Д " ХХК-д эзэмшүүлэхээр шилжүүлжээ.

2.2. Улмаар 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 0000173... дугаартай гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Э-22060..... дугаартай Аж ахуй нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг авч, мөн өдөр 01122-2020/0.... дугаартай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулжээ.

2.3. Нийслэлийн засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/4... дугаартай маргаан бүхий захирамжаар "Т.Д ХХК нь хууль ёсны ашиг сонирхол, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч "Т.Д" ХХК-ийн нэр дээр олгогдсон Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5468 м.кв газрыг сургууль цэцэрлэгийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр олгосон газрын эрхийг хүчингүй болгожээ.

2.4. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 02-06/3926 дугаар албан бичгээр Нийслэлийн засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/4... дугаартай захирамжаар "Т.Д ХХК-ийн Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосныг мэдэгджээ.

2.5. Нэхэмжлэгчээс дээрх захиргааны актыг эс зөвшөөрч 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хариуцагчид хандаж 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба 03-06/5152 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийг сэргээх боломжгүй гэсэн хариу өгчээ.

2.6. Тус шүүх нэхэмжлэгч Т.Д ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/4... дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 22021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

2.7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/4... дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамжийг хүчингүй болгуулах гэж өөрчилснийг шүүх хүлээн авсан.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

3.1. Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5468 м.кв газарт сургууль, цэцэрлэгийн барилга барихаар ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаж улмаар тус газарт "Монгол Оюу 21 дүгээр зуун сургуулийн" барилгын зургийг "Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анарын 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн МЗХ2018/16... дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг сургууль, цэцэрлэгийн төлөвлөлтийн талбайн схем зургийн хамт баталсан.

3.2. Мөн нэхэмжлэгч компани нь сургууль, цэцэрлэгийн зориулалтаар олгогдсон 5468 м.кв газрын доогуур Ривер гарден хотхон орон сууцны дулаанаар хангах Ф600 шугам хоолой байрлаж байсныг 520 гаруй сая төгрөгийн зардал гаргаж шугамыг шилжүүлсэн, нийт 900 метр урттай үерийн ус зайлуулах даланг 850 сая төгрөгийн зардал гаргаж хийсэн, тус газарт 920 м.кв асфальт бетон хучилттай авто машины зогсоолыг 165 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн, газар доогуур байрлаж байсан гадна цахилгаан болон бохирын усны шугамыг батлагдсан зураг төсөл, техникийн нөхцөлийн дагуу 2019 онд бүрэн шилжүүлсэн ба нийт 1.5 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын зардал гарган сургуулийн зориулалттай барилга барих боломжтой болгосон. ... Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/3... дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн 17 /хуучнаар 11/ дугаар хорооны нутаг дэвсгэрт 5468 м.кв газрыг сургууль цэцэрлэгийн зориулалтаар нэхэмжлэгч Т.Д-д эзэмшүүлэхээр олгоход тухайн газар дээр ямар нэгэн зөрчил байхгүй байсан.

3.3. "Т.Д "ХХК өөрийн 100 хувь хөрөнгө оруулалтаар ... сургуул, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажлын зураг, техникийн нөхцөл болон холбогдох зөвшөөрлийг авах ажлыг эхлүүлсэн, ...нэхэмжлэгч "Т.Д" ХХК-ийн сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга ашиглалтад орсон тохиолдолд Хан-Уул дүүргийн 17 дугаар нутаг дэвсгэрт байрлах "Ривер гарден" хотхон, "Маршал таун" хотхон, "Таймскүэр" хотхон, "Хүннү 2222" хотхон болон тухайн бүсэд амьдардаг хүүхдүүд эрүүл орчинд сурч, хүмүүжих боломжтой болох юм.

3.4. Нөгөөтээгүүр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх, уль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах зарчмыг баримтлахаар заасан бөгөөд дээрх зарчим нь "хувь хүн, хуулийн этгээдээс захиргааны уйл ажиллагаа хэлбэржиж, шийдвэр гарсны дараа эрхээ хамгаалуулахаар хойноос нь гомдол гаргах эрх нээлттэй байхаас гадна тухайн захиргааны шийдвэр гарахаас өмнө мэдсэнээр урьдчилан мэдээлэл авах, саналаа өгөх боломжийг хангана. Тиймээс энэ зарчим нь зөвхөн хүний эрхийг хангахад чухал төдийгүй Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, 24.2-т энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээн, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 1-д заасан захиргааны шийдвэр гаргахад шаардлагатай нотлох баримт цуглуулах ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг захиргааны байгууллага тогтоож, нотлох баримтыг цуглуулснаар мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны шийдвэр нь үндэслэлтэй байх зарчмыг хангах гол үндэслэл болохоор заасан байхад дээрх зарчмыг баримтлалгүй нэхэмжлэгч Т.Д " ХХК-ийн үйл ажиллагааны болон нийгмийн цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзсэнгүй гэж үзэж байна.

3.5. Нэхэмжлэгч "Т.Д" ХХК-ийн эрх ашиг сонирхлыг хөндсөн, нэхэмжлэгч компанийн зорьж буй сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих газрыг хүчингүй болгох гэж байгаа тохиолдолд маргаан бүхий актын үндэслэл болж буй нөхцөл байдлыг сайтар нягтлан шалгаж, тогтоох нь захиргааны байгууллагын үүрэг боловч манай компани нь нийтийн ямар ашиг сонирхлыг хөндсөн гэж үзсэн нь ойлгомжгүй.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Маргаан бүхий Нийслэлийн засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/4... дугаартай захирамж хууль зүйн үндэслэлгүй бөгөөд бодит байдалд нийцээгүй байна.

Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно, Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгч компани болон тухайн бүсэд амьдарч буй хүүхдүүдийн эрхийг хөндсөн захирамж гэж үзэж байна...

Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 5468 м.кв газарт сургууль, цэцэрлэгийн барилга барихаар ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаж улмаар тус газарт Монгол Оюу 21 дүгээр зуун сургуулийн барилгын зургийг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.А 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн МЗХ2018/16... дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг сургууль, цэцэрлэгийн төлөвлөлтийн талбайн схем зургийн хамт баталсан.

... Нэхэмжлэгч компани нь 2019-008 дугаартай техникийн нөхцөлийн дагуу 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Вй/19/0703 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээний дагуу нийт 89,840,000 төгрөгийн зардлаар ЮкВ-ийн цахилгааны шугамыг эзэмшил газраас хойш 10.98 мөтрийн зайтай 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дотор бүрэн шилжүүлсэн.

Мөн Н" ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан Төсөл хэрэгжүүлэх газарт дэд бүтцийн бэлтгэл ажил хийх тухай хамтран ажиллах гэрээний дагуу газар доогуур явж байсан бохирын шугамыг 2019 оны 10-р сарын 21-ний өдөр нийт 150 сая төгрөгөөр, холбооны шугамыг нийт 51 сая төгрөгөөр 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бүрэн шилжүүлсэн, сургууль цэцэрлэгийн зориулалттай барилга барихад 900 метр урттай үерийн ус зайлуулах даланг 850 сая төгрөгийн зардал, тус газарт 920 м.кв асфальт бетон хучилттай авто машины зогсоолыг барихад зэрэг сургуулийн зориулалттай барилга барих бэлтгэл ажилд 1.5 тэрбум төгрөгийн зардал гаргаж, барилгын карказ угсралтын 2 давхар хүртэл угсарсан байхад газар эзэмших эрхийг цуцалсан.

Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11/2124 дугаартай нэхэмжлэгч компанид ирүүлсэн албан бичгээр ...тухайн барилга барихаар төлөвлөж буй хэсэгт манай эзэмшлийн дулааны шугам байхгүй..." гэсэн албан бичгийг хүргүүлсэн, мөн "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 02/1287 дугаар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 31/328 дугаартай албан бичгээр сургууль, цэцэрлэгийн зориулалттай газрын ойролцоо агаарын болон газар доогуур цахилгааны шугам байхгүй Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасны зөрчөөгүй байна гэсэн утга бүхий албан бичгийг нэхэмжлэгч компанид ирүүлсэн. Мөн У.Э ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2-10/158 дугаартай албан бичгээр 10 кВн-ийн цахилгааны шугам 12 метрийн зайд байгаа хамгаалалтын зурвас зөрчөөгүй гэж /2хх25х/, мөн У.Э ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2-10/2 дугаартай албан бичгээр ...манай компани Т.Д " ХХК-ийн захиалгаар тус компанийн эзэмшил газар дээгүүр дайрсан РП46, РП46-аас ХТП-н цахилгааны 10кВ-н тэжээлийн кабель шугамыг 2019 онд шилжүүлсэн ба мэдээллийн санд 2022 оны 01 дүгээр сард оруулсан болно... гэсэн албан бичиг ирүүлсэн байдаг байгаа болохыг тодорхойлсон байхаас гадна Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот байгуулалтын мэдээллийн сангаас авсан баримтаас нэхэмжлэгч компанийн газрын доогуур болон ойр орчим ямар нэгэн шугам сүлжээ байхгүй болох нь маш тодорхой харагддаг.

Нөгөөтээгүүр Ус сувгийн удирдах газрын 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 3/2290 дугаартай албан бичгээр ...тухайн газар манай байгууллагын эзэмшил цэвэр, бохир усны шугам сүлжээ байхгүй болно..." гэсэн албан бичгийг нэхэмжлэгч компанид хүргүүлсэн.

Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/3... дугаартай захирамж гарахаас өмнө тухайн газар дээр ямар нэгэн зөрчил байгаагүй буюу хариуцагч талын захирамжийн үндэслэл болсон Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг зөрчөөгүй, нийтийн эрх ашгийг зөрчсөн зүйл байхгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрээ болон төрийн эрх бүхий байгууллагын албан бичгээр нотлогдож байгаа ...

Хариуцагч талаас 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр, 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрүүдэд тус тус сонсох ажиллагааны тухай мэдэгдэл хүргүүлсэн гэсэн албан бичгийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн байх боловч нэхэмжлэгч компанид дээрх мэдэгдэл ирж байгаагүй, мэдэгдлийг хүргүүлж гардуулсан гэх баримт нотлох баримт байхгүй. гэв.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Сурч боловсрох эрх нь Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон байгаа. Тэр эрхэд энэ захирамж нь халдаж байна. Монгол Улсын Үндсэн хууль заасан сурч боловсрох эрхийг төр хангаж байх үүрэгтэй юм. Энэ байгууллага нь олон нийтийн эрхийг зөрчиж байна. 2021 оны Засаг даргын захирамж нь Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр өөрөө хэвлэл мэдээллийн хэрэгслийг дуудаж олон бүтээн байгуулалтыг хийсэн байгаа боловч нэг ч сургууль байхгүй. Сургуулиа барих гээд газар байхгүй гэж ярьдаг атлаа. Тэр газрынхаа хажууд сургууль, цэцэрлэгийн зориулалтаар газар авч бүтээн байгуулалтын ажлаа эхлүүл гэж ярьсны дараа газар олгосон захирамжийг цуцалсан. Учир нь нийтийн эрх ашгийг хөндөж байна гэсэн. Хариуцагч захиргааны байгууллагын хэлж байгаа бол гаргаж байгаа үйлдэл нь зөрж байна. Энэ нийтэд илэрхий баримт юм. Иймд үүнийг нотлох шаардлага байхгүй гэж байна. Хариуцагч нь Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй байсан гэсэн. 2020, 2030 оны ерөнхий төлөвлөгөөний чиг хандлагад орсон байгаа. Тухайн газрын орчим олон хаус, орон сууцууд байх гэж байгаа бол энэ хотхон яагаад баригдсан бэ. Тэр хотхонд хүмүүс амьдарч байгаа. Тэр хотхонд сургууль, цэцэрлэг байх ёстой. Ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу баригдах ёстой. Хавтаст хэрэгт архитектур төлөвлөлтийн даалгавар авагдсан байдаг. 2020, 2030 оны чиг хандлага нэмэгдсэн. Ерөнхий архитектур сургуулийн зургийг баталсан байсан. Иймд нийтийн эрх ашгийг хөндсөн гэж үзэхээргүй байна.гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Эрчим хүчний тухай хуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1. Шугам Сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад уйл ажиллагаа явуулахыг хориглоно. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах уйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нагжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ гэж заасныг тус тус зөрчин эзэмшүүлсэн тул нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/4... дугаар захирамжаар "Т.Д" ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.

"Т.Д " ХХК-д газар эзэмших эрх олгосон шийдвэр нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасныг баримтлан хүчингүй болгосон.

... Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, 48.2.2 дахь хэсгийг баримталсан. Энэ нь нэхэмжлэгч компани 2020 оны 384 дүгээр захирамжаар газрын эрхийг шилжүүлэхдээ ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад нь эрх шилжүүлсэн гэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу нийтийн эрх ашиг сонирхол хөндөгдсөн. Нийслэлийн Засаг дарга туул голын эргээр байгаа аж ахуй нэгжүүдийн эзэмшил газар нь Туул голын бургас дагуу байгаа нь нийтийн ашиг сонирхол хөндөгдөхөөр байна гэж үзсэн тул маргаан бүхий захиргааны актыг гаргахаар шийдвэрлэсэн.

Нийслэлийн Засаг дарга нь Улаанбаатар хотын төлөөлдөг бүрэн эрхтэй гэж үзэж байгаа учир нийтийн ашиг сонирхол хөндөгдсөн гэдгийг тодорхойлох боломжтой. Иймд 2021 оны А/4... дугаар захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Т.Д ХХК нь ...нэхэмжлэгч компани нь сургууль, цэцэрлэгийн зориулалтаар олгогдсон 5468 м.кв газрын ...доогуур байрлаж байсан гадна цахилгаан болон бохирын усны шугамыг батлагдсан зураг төсөл, техникийн нөхцөлийн дагуу 2019 онд бүрэн шилжүүлсэн ба нийт 1.5 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын зардал гарган сургуулийн зориулалттай барилга барих боломжтой болгосон. ... Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/3... дугаартай захирамжаар Т.Д ХХК-д газар эзэмшүүлэхээр олгоход тухайн газар дээр ямар нэгэн зөрчил байгаагүй, ... Т.Д ХХК өөрийн 100 хувь хөрөнгө оруулалтаар ... сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажлын зураг, техникийн нөхцөл болон холбогдох зөвшөөрлийг авах ажлыг эхлүүлсэн, ... сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга ашиглалтад орсон тохиолдолд Хан-Уул дүүргийн 17 дугаар нутаг дэвсгэрт ... тухайн бүсэд амьдардаг хүүхдүүд эрүүл орчинд сурч, хүмүүжих боломжтой болох юм. Нөгөөтээгүүр маргаан маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан бусдын эрх, уль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах зарчмыг баримтлаагүй, ... бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийгээгүй ... маргаан бүхий актын үндэслэл болж буй нөхцөл байдлыг сайтар нягтлан шалгаж, тогтоох нь захиргааны байгууллагын үүрэг боловч манай компани нь нийтийн ямар ашиг сонирхлыг хөндсөн гэж үзсэн ойлгомгүй ... гэж,

Хариуцагчаас ... Т.Д ХХК-д газар эзэмших эрх олгосон шийдвэр нь нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн ... Эрчим хүчний тухай хуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1. Шугам Сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад уйл ажиллагаа явуулахыг хориглоно. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нагжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ гэж заасныг тус тус зөрчин эзэмшүүлсэн тул нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/4... дугаар захирамжаар Т.Д ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон... гэж тус тус маргасан.

3. Үйл баримтын тухайд;

3.1. Маргаан бүхий газрыг анх Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/2... дугаар захирамжаар Э.К ХХК-д 5587 м.кв газрыг Орон сууцны цогцолбор, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай олгож, 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/258 дугаар захирамжаар газрын хэмжээг 5472 м.кв болгон зориулалтыг нь Сургууль, цэцэрлэгийн цогцолбор болгон өөрчилж олгожээ.

3.2. Э.К ХХК-ийн хүсэлтийн дагуу Нийслэлийн засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/3... дугаартай захирамжаар Хан-Уул дүүргийн 17 /хуучнаар 11 дүгээр хороо/ дугаар хорооны нутаг дэвсгэрт 5468 м.кв газрыг сургууль, цэцэрлэгийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар нэхэмжлэгч "Т.Д " ХХК-д эзэмшүүлэхээр шилжүүлжээ.

3.3. Дээрх захирамжийг үндэслэн Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгч Т.Д ХХК- 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 0000173... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг бичиж олгож, мөн захирамжийг үндэслэн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал нь Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга, Газар зохион байгуулагч нартай №01122-2020/0.... дугаартай дугаартай газар эзэмших гэрээг байгуулсан байна.

3.4. Дээрх байдлаар нэхэмжлэгч нь маргаан бүхий газрын газар эзэмших эрхийг шилжүүлэн авч, газрыг эзэмших эрхээ хэрэгжүүлж байсан байх бөгөөд газрын зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахаар буюу уг газар дээр нэхэмжлэгч нь Монгол оюун 21-р зуун нэртэй сургуулийг барихаар барилгын ажлыг явуулж байна.

4. Маргаан бүхий захиргааны актын үндэслэлийн тухайд;

4.1. Хариуцагч нь маргаан бүхий Нийслэлийн засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/4... дугаартай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 20 дугаар зүйлийн 20.2.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 56 дугаар зүйлийн 56.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/3... дүгээр захирамжаар газар эзэмших эрх олгогдсон Т.Д ХХК нь хууль ёсны ашиг сонирхол, нийтийн ашиг сонирхол сөргөөр нөлөөлсөн гэж үзэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгон шийдвэрлэжээ.

4.2. Маргаан бүхий дээрх захирамжийн агуулгаас үзвэл, нэхэмжлэгчийг хууль ёсны ашиг сонирхол, нийтийн ашиг сонирхол сөргөөр нөлөөлсөн гэж үзэж маргаан бүхий захиргааны актыг гаргасан байх бөгөөд дээрх нөхцөл байдал үүсээгүй байхад маргаан бүхий захиргааны актыг гаргаж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан нь үндэслэлгүй болжээ.

Тодруулбал, хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно., 24.2-д Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ. гэж заасан үүргээ хэрэгжүүлж бодит нөхцөл байдлыг тогтоолгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан байна гэж үзэхээр байна.

Учир нь хариуцагчаас нэхэмжлэгч хууль ёсны ашиг сонирхол, нийтийн ашиг сонирхол сөргөөр нөлөөлсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй бөгөөд энэ талаарх баримтыг шүүхэд шаардахад ямар нэгэн баримт ирүүлээгүй болно.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ... маргаан бүхий газар нь туул голын эрэг дагуу бургасан дунд байдаг энэ байгаль экологид сөргөөр нөлөөлж байгаа энэ нь нийтийн ашиг сонирхол сөргөөр нөлөөлж байгаа гэх тайлбар үндэслэлгүй байна.

Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий газар дээр үзлэг хийсэн бөгөөд тухайн газар нь нийтийн суурьшлын бүсэд орон сууцуудын дунд нийтийн эзэмшлийн төв авто зам дагуу байсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбар үндэслэлгүй юм.

4.3. Маргаан бүхий захиргааны акт нь Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ., 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно. гэж тус тус заасныг үндэслэл болгожээ.

4.4. Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, хот, тосгон, бусад суурин газарт газар эзэмшүүлэхдээ тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу Газрын тухай хуульд заасан журмаар эзэмшүүлэхээр байна.

4.5. Мөн Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл, /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоож болохоор байна.

4.6. Маргаан бүхий газар дээр анх Нийслэлийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн А/2... дугаар захирамжаар эзэмшлийн эрх үүссэн байхад Нийслэлийн засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/3... дугаар захирамжаар эрх олгохдоо хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу Газрын тухай хуульд заасан журмаар эзэмшүүлээгүй гэж заасныг зөрчиж олгосон гэж үзсэн нь үндэслэлгүй.

Тодруулбал, Нийслэлийн засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/3... дугаар захирамж нь газар эзэмших эрх шилжүүлсэн агуулгатай захирамж байхад түүнийг анх газар эзэмших эрх үүсгэж байгаа захирамж мэтээр дүгнэж маргаан бүхий захирамжийг гаргасан нь үндэслэлгүй байна.

4.7. Нэхэмжлэгч Т.Д ХХК нь Нийслэлийн засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн А/3... дугаар захирамжаар Э.К ХХК-аас маргаан бүхий газрыг шилжүүлэн авч, уг газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглахаар сургуулийн зориулалттай барилга бариулж байхад нь маргаан бүхий захиргааны актаар газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзлээ.

4.8. Маргаан бүхий захиргааны актад үндэслэл болгоогүй атлаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбар, мэдэгдэх, сонсох ажиллагааны мэдэгдэл гэх Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02-06/2755, 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 02-06/2869 албан бичгүүдэд нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон захирамж нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг зөрчсөн гэжээ.

4.9. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 11/2124 дугаартай албан бичгээр ...тухайн барилга барихаар төлөвлөж буй хэсэгт манай эзэмшлийн дулааны шугам байхгүй..., мөн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 02/1287 дугаар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 31/328 дугаартай албан бичгээр ... Т.Д ХХК-ийн барилга барихаар төлөвлөсөн эзэмшлийн газар нь тус компанийн эзэмшлийн цахилгаан дамжуулах агарын шугамын 27-28 дугаар тулгуурын хоорондох шугамын захын утаснаас 10 метр зайд, авто замын эсрэг талд хамгаалалтын зурваст ороогүй. ... гэснээс үзвэл маргаан бүхий газар нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

4.10. Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 02-06/2755, 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 02-06/2869 албан бичгүүдээр сонсох ажиллагааны мэдэгдлүүдийг хүргүүлсэн гэх боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны явуулсан бичгийн бүртгэлээс үзвэл тухайн мэдэгдлүүдийг нэхэмжлэгч компанийн хэн гэдэг ямар албан тушаалтанд гардуулсан тодорхойгүй байх тул хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан мэдэгдэх, сонсох ажиллагааг явуулсан байна гэж үзэхээргүй байна.

4.11 Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл, маргаан бүхий захиргааны акт нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/4... дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан Т.Д ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай А/4... дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Засаг дарга /Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар/-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ