| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 128/2024/0676/З |
| Дугаар | 221/МА2025/0575 |
| Огноо | 2025-09-04 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2025/0575
“МХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Билгүүн
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У
Нэхэмжлэгч: “МХ” ХХК
Хариуцагч: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 465 дугаар шийдвэр,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2024/0676/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 465 дугаар шийдвэрээр:
“...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “МХ” ХХК-аас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээний дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 7.331.547 төгрөгийг нөхөн олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 05/994 дүгээр шийдвэр хууль бус болохыг тогтоож, даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 7.331.547 төгрөгийг “МХ” ХХК-д нөхөн олгох шийдвэр гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгаж” шийдвэрлэсэн байна.
2. Давж заалдах гомдлын агуулга:
2.1. “...Шүүх шийдвэртээ шүүх хуралдаанд оролцогч талуудыг зөв нэрлэн заагаагүй байна. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2-т "Удиртгал хэсэгт шүүхийн шийдвэрийг хэзээ, хаана, ямар шүүх гаргаж байгаа, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны оролцогчийг нэрлэн заана." гэснийг зөрчсөн.
2.2. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 12 дэх заалтаар нэхэмжлэгчээс хугацаа хоцроосон шалтгаанаа холбогдох баримтын хамт, хөнгөлөлттэй эмийг олгоогүй үнийн дүнгээс хугацаа хоцроосон алданги тооцуулан олгуулах хүсэлтийг хүргүүлсэн энэ тохиолдолд гээд 13 дахь заалтаар гэрээний 2.4.4-т заасны дагуу алданги тооцох боломжтой байсан гэжээ.
2.3.Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар "МХ" ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ХЭ-04/006, ХЭ-04/007 дугаартай "Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ" байгуулан гэрээний хэрэгжилтийг хянаж, дүгнэн ажилласан. "МХ" ХХК нь 2022 оны 05 дугаар сарын гүйцэтгэл нийт 6,173,295 төгрөгийн нэхэмжлэлийг 6 сарын 10-ны өдөр илгээсэн, мөн 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 36 дугаартай "Хөнгөлөлттэй жорын мэйл хоцроосон тухай" албан бичгийг Х аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст хүргүүлсэн.
2.4.Гэрээний 1.5-д "Талуудын харилцах сувгийг тодорхойлсон хавсралт нь гэрээний салшгүй хэсэг болно.", 2.1.7-д "дараах тохиолдолд холбогдох баримт, нотолгоог үндэслэн тусламж үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзах: 2.1.7.2. гэрээний 2.4.4-т заасан хугацаанаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцроосон нэхэмжлэл", 2.4-т "Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч дараах үүрэг хүлээнэ: 2.4.4. тусламж, үйлчилгээний зардлын нэхэмжлэлийн мэдээллийг цахим системээр, албан бичгээр гэрээний баримт бичигт заасан холбогдох хаягаар, эсхүл орон нутгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан ёсны цахим хаягаар сар бүрийн 05-ны дотор хүргүүлэх" гэж тус тус заасныг баримтлан 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хоцроон ирүүлсэн нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзсан болно.
2.5.Өөрөөр хэлбэл, тухайн харилцааг зохицуулсан хууль, түүнд нийцүүлэн байгуулсан гэрээний зохицуулалт ёсоор нэхэмжлэгч нь даатгуулагчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр үзүүлж, тухайн сард үзүүлсэн үйлчилгээний нэхэмжлэлийг дараа сарын 05-ны өдрийн дотор гэрээний хавсралтад заасан сувгаар буюу цахим шуудангаар хүргүүлэх, эрүүл мэндийн хөнгөлөлттэй тусламж, үйлчилгээг худалдан авч буй захиргааны байгууллагын хувьд нэхэмжлэх тогтоосон хугацаанд ирсэн, үнийн хөнгөлөлт олгох холбогдох нөхцөл шаардлагыг хангасан эсэх зэргийг хянаж шалгасны үр дүнд үйлчилгээ үзүүлсэн хуулийн этгээдэд төлбөр олгох эсэхийг баталгаажуулж, олгох төлбөрийн хэмжээг тогтооно.
2.6.Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41 дэх хэсэгт "хүндэтгэн үзэх шалтгаан"-ыг тухайлан заасан бөгөөд "МХ" ХХК нь М эмийн сангийн гүйцэтгэлийн нэхэмжлэлээ хүндэтгэн үзэх шалтгаанаар хоцроосон гэдгээ нотолж чадаагүй. Нэгэнт нэхэмжлэгч энэ хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ нотолж чадаагүй тул гэрээнд заасан алдангийн заалтыг хэрэглэх боломжгүй болно.
2.7.Шүүх нэхэмжлэгч байгууллагын эмийн сангийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байх үеийн буюу 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 10-ны өдрийг хүртэлх эмийн үнийн хөнгөлөлтийн гүйцэтгэлийн нэхэмжлэлд 1,157,272 төгрөгийг нэхэмжлэлд дүгнэлт гаргаагүй. "МХ" ХХК-ийн эмийн сангийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсон. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагааг явуулах тусгай зөвшөөрлийн комиссын хурал 2022 оны 12 дугаар сарын 13-ний өдөр болж тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдсан болох нь Х аймгийн Эрүүл мэндийн газраас ирүүлсэн Тусгай зөвшөөрлийн комиссын хурлын тэмдэглэлээр нотлогдсон.
2.8.Хоёр тал харилцан тохиролцож байгуулсан "Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ"-ний 2.1.7-д "дараах тохиолдолд холбогдох баримт, нотолгоог үндэслэн тусламж үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг хянах болох санхүүжүүлэхээс татгалзах: 2.1.7.4-т "эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр сунгагдахдаа уг хугацаа дуусгавар болсон өдрөөс нөхөж сунгагдсан тохиолдолд дээрх хугацаан дахь тусламж, үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэл;" гэснийг үндэслэн тусгай зөвшөөрлийн хугацаа нь сунгагдаагүй байх үеийн гүйцэтгэлийн нэхэмжлэлийг санхүүжүүлэхээс татгалзсан бөгөөд харин тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байх үеийн буюу 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 03-ний өдөр хүртэлх гүйцэтгэлийн нэхэмжлэлд 123,492 төгрөгийг олгосон.
2.9.Шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 14 дэх заалтаар болон тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2025/0465 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч “МХ” ХХК-иас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 7.331.547 төгрөгийг нөхөн олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 05/994 дүгээр шийдвэр хууль бус болохыг тогтоолгох, даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 7.331.547 төгрөгийг “МХ” ХХК-д нөхөн олгох шийдвэр гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ “...2022 оны 5 дугаар сарын эмийн үнийн хөнгөлөлтийн үнэ болох 6,174,275 төгрөгийн баримтуудаа 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр цаасаар хариуцагчид илгээсэн, гэтэл хариуцагч байгууллагаас нэхэмжлэхийг цахимаар ирүүлэх хугацаа хоцроосон гэсэн үндэслэлээр хүлээн аваагүй, хугацаа хоцроосон нь хүндэтгэн үзэх шалтгаантай байхад эмийн үнийн хөнгөлөлтийг үндэслэлгүйгээр олгохоос татгалзсан нь хуульд нийцээгүй. Мөн 2022 оны 12 дугаар сарын эмийн үнийн хөнгөлөлтийн дутуу болох 1,157,272 төгрөгийг олгохоос татгалзсан нь үндэслэлгүй” гэж тайлбарлан маргажээ.
3.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь ... эмийн сантай даатгалын гэрээ байгуулах бөгөөд гэрээний хэрэгжилтийг хянаж, дүгнэнэ”, 13 дугаар зүйлийн 13.1-т “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага дараах эрх, үүрэгтэй”, 13.1.1-т “даатгуулагчид үзүүлсэн энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх”, 13.1.2-т “эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангана” гэж заасны дагуу Х аймгийн Хсуманд байрлах “МХ” ХХК-ийн “МХ 1” эмийн сан буюу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч тал нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ХЭ-04/006 дугаар "Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах тухай гэрээ”[1]-г, "МХ 2" эмийн сан буюу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч тал нь ХЭ-04/007 дугаар "Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах тухай гэрээ”[2]-г тус тус Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар буюу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авагчтай байгуулжээ.
4.Эдгээр гэрээгээр “МХ 1”, "МХ 2" эмийн сан нь “хөнгөлттэй эмийн жагсаалтад багтсан эмийг жор бичих эрх бүхий эмчийн бичсэн жорыг үндэслэн даатгуулагчид хөнгөлттэй олгох”, харин Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь “чанарын болон төлбөрийн хяналт, гүйцэтгэлд үндэслэн санхүүжилт олгох”-оор харилцан тохиролцсон байна.
5.Гэрээний дагуу нэхэмжлэгчээс 2022 оны 05 дугаар сард эмийн үнийн хөнгөлөлт олгосон 6,174,275 төгрөгийн санхүүжилтийг авахаар хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нэхэмжлэх, албан бичгүүд явуулсан боловч гэрээнд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн үндэслэлээр тус санхүүжилтийг олгохоос, харин 2022 оны 12 дугаар сарын эмийн үнийн хөнгөлөлтийн 1,157,272 төгрөгийн санхүүжилтийг нэхэмжлэгчийн компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан үндэслэлээр олгохоос хариуцагчаас тус тус татгалзсан гэдэг нь хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн тайлбаруудаас тогтоогдож байна.
6. "Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах тухай гэрээ” гэрээний 2.1.7-д “дараах тохиолдолд холбогдох баримт, нотолгоог үндэслэн тусламж үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзах”, 2.1.7.2-т “гэрээний 2.4.4-т заасан хугацаанаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцроосон нэхэмжлэл”, 2.4.4-д “тусламж үйлчилгээний зардлын нэхэмжлэлийн мэдээллийг цахим системээр, албан бичгийг гэрээний баримт бичигт заасан холбогдох хаягаар эсхүл, орон нутгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан ёсны цахим хаягаар сар бүрийн 5-ны дотор хүргүүлэх”, 4.2-т “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч энэхүү гэрээний 2.4.4-т заасан үүргээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биелүүлээгүй тохиолдолд хоцроосон хоног тутамд холбогдох тусламж, үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийн дүнгийн 0.5 хувиар тооцож суутган, хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус зохицуулсан байна.
7.Энэхүү гэрээнд зааснаас үзэхэд, төлбөрийн нэхэмжлэлийг цахимаар, албан бичгийг цахим болон цаасан хэлбэрээр аль алинаар хүлээн авахаар зохицуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “албан бичгээр ирүүлснийг тооцохгүй, заавал цахим системээр ирүүлсэн байх ёстой” гэх тайлбар үндэслэлгүй байна.
8.Хавтаст хэрэгт баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчээс Эрүүл мэндийн даатгалын хэлтэст хаягласан 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 32 дугаар “...”М эмийн сан 2”-ын 2022 оны 05 дугаар сарын энгийн эмийн хөнгөлөлттэй жороор 99 хүнд олгосон эмийн үнэ 4,438,311 төгрөгийг шилжүүлж өгнө үү” гэх, мөн өдрийн 33 дугаар “...М эмийн сан 2-ийн 2022 оны 05 дугаар сарын энгийн эмийн хөнгөлөлттэй жороор 59 хүнд олгосон эмийн үнэ 1,735,964 төгрөгийг шилжүүлж өгнө үү” гэх албан бичгүүдийг хавсаргасан байх боловч дээрх албан бичгүүдийг Х аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэн өгч авсан болох нь цахим бүртгэлийн мэдээллийн сан, ирсэн баримт бичгийн бүртгэлийн дэвтэрт[3] бичигдсэн бүртгэлээр тогтоогдож байна.
9.Нэхэмжлэгчээс анхан шатны шүүх хуралдаан дээр хөнгөлөлтийн үнийн нэхэмжлэлийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэнтэй маргаагүй бөгөөд харин хугацаа хожимдуулсан хүндэтгэн үзэх шалтгаанаа “...нягтлан бодогчийн ар гэрийн хүн аваарт орсон тул ажил үүргээ хэрэгжүүлэх боломжгүй байсан талаарх” тайлбарыг нотлох баримтын хамт хариуцагч байгууллагад 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 32/13 дугаар албан бичгээр[4] хүргүүлсэн гэдэг тогтоогдож байх тул “хариуцагч захиргааны байгууллагаас бодит нөхцөл байдлыг тогтоолгүй шууд хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй байна” гэх үндэслэлээр нэхэмжлэгчид хөнгөлтийн зардлыг олгохоос татгалзсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зарчимд нийцээгүй” гэх агуулга бүхий анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
10.Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад дараах тусламж, үйлчилгээ хамаарна:”, 9.1.7-д “Эрүүл мэндийн тухай хуулийн ...-т заасан эрүүл мэндийн байгууллагын эмчийн бичсэн жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь эрүүл мэндийн даатгалын сангаас олгох эмийн хөнгөлөлтийн үйлчилгээг даатгуулагч нарт үзүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдов.
11.Иймд нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13 дугаар зүйлийн 13.1.1-т заасны дагуу 2022 оны 05, 12 дугаар сард даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр болох 7.331.547 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх эрхтэй, харин хариуцагчаас нэхэмжлэлийг хоцроож ирүүлсэн үндэслэл болох хүндэтгэн үзэх шалтгаантай нөхцөл байдлыг бүрэн тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй атлаа хуулиар нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчид үзүүлсэн хөнгөлөлтийн зардлын төлбөрийг авах эрхийг хязгаарлах үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт мөн үндэслэлтэй байна.
12.Үүний учир хариуцагч захиргааны байгууллага нь “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах тухай гэрээ”-ний 4.2-т заасны дагуу “хоцроосон хоног тутамд төлбөрийн нэхэмжлэлийн дүнгийн 0.5 хувиар тооцон суутгаж” хөнгөлөлттэй олгосон эмийн зардлыг нөхөж олгох боломжтой гэж үзэхээр байх тул хариуцагчийн “"МХ" ХХК нь М эмийн сангийн гүйцэтгэлийн нэхэмжлэлээ хүндэтгэн үзэх шалтгаанаар хоцроосон гэдгээ нотолж чадаагүй. Нэгэнт нэхэмжлэгч энэ хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ нотолж чадаагүй тул гэрээнд заасан алдангийн заалтыг хэрэглэх боломжгүй болно.” гэх давж заалдах гомдлыг шүүхээс хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
13.Дээрхээс гадна, хариуцагчаас нэхэмжлэгч “МХ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байх цаг хугацаанд шаардсан төлбөрийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж нэхэмжлэгчийн 2022 оны 12 дугаар сард даатгуулагчдад олгосон хөнгөлөлтэй эмийн үнийн дүнгээс 1,157,272 төгрөгийг дутуу олгосон нь үндэслэлгүй байна.
14.Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Х аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/405 дугаар захирамжаар[5] “МХ” ХХК-д эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 3 жилийн хугацаатайгаар анх олгожээ.
15.Үүний дараа нэхэмжлэгчээс гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хугацаа сунгуулах хүсэлтийн дагуу 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Тусгай зөвшөөрлийн комиссын хурлаар[6] гишүүдийн олонхийн саналаар “МХ” ХХК-ийн эмийн сангийн тусгай зөвшөөрлийн хугацааг дууссан хугацаанаас эхлэн 1 жилээр сунгахаар шийдвэрлэж, Х аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/39 дүгээр тушаалаар “МХ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацааг 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар сунгасан үйл баримт тогтоогдов.
16.Эдгээр баримтаас үзвэл, нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ хугацаа дуусахаас өмнө 1 сарын өмнө гаргасан, эрх бүхий этгээдийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хурлаар нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацааг дууссан хугацаанаас буюу 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар сунгасан гэдэг нь тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...тусгай зөвшөөрлийн хугацаа 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр дуусгавар болсон. Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн комиссын хурал 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр болж тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдсан. Энэ хугацаанд үйл ажиллагаа явуулах эрхгүй байсан” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
17.Иймд хариуцагчаас “нэхэмжлэгчийн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан” гэх үндэслэлээр хөнгөлөлттэй олгосон эмийн үнийн дүнгээс дутуу олгосон 1,157,272 төгрөгийг олгохоос татгалзсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.
18.Анхан шатны шүүхийн шийдвэрийн “Удиртгал” хэсэгт шүүх хуралдаанд оролцогчдыг шүүх хуралдааны тэмдэглэлд дурдснаас өөрөөр заасан алдааг гаргасан гэдэг нь тогтоогдож байх боловч уг алдааны улмаас шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэн давж заалдах шатны шүүхээс өөрчлөлт оруулах, мөн хүчингүй болгох үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 465 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ