| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0157/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/158 |
| Огноо | 2023-07-07 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Нямжав |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Нямжав
Хохирогчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг
Шүүгдэгч: Д.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Холбоо овогт Додхүүгийн Хт холбогдох эрүүгийн 2312000000141 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ....... гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2004 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2544 дугаартай Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор 2 жил 2 сарын хорих ялыг өршөөн хасаж суллагдсан, Холбоо овогт Додхүүгийн Х/РД:АЕ............./
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Шүүгдэгч Д.Хын шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...Би 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр тэжээл зардаг айл болох О.Сын гадаа очиж зогсоход үүдэн дээр хогийн машин зогсож байсан. Мэ хогийн машины жолоочтой маргалдаад байгаа юм уу? яагаад байгаа мэдэхгүй юм яриад зогсож байсан. Тэгээд намайг тэр айлын хашаа руу орох гэсэн чинь Т.Мэ ирээд надад нэг хэдэн өвс ачаад өг гэж хэлсэн. Тэгээд би чадахгүй ажилтай байна, хөдөөд малаа орхиод ирсэн гэж хэлсэн. Тэгээд бүр салахгүй шалаад байхаар нь өвч чинь хаана байгаа гэж асуусан чинь тэр хашааны үүдэн дээр байгаа машин дээр байгаа өвс гэж хэлсэн. Тэр машин дээрх өвс нь хүний өвс байсан. Тэгээд наа чинь хүний өвс байна би хэрэгт орно гэж хэлээд би хашаа орсон. Хашаа руу ороход араас дагаж орж ирсэн. Би 6 уут тэжээл ачсан. Тэгээд хашаанаас гарах гэсэн чинь машины ар талд тээж зогсчхоод холдохгүй байсан. Тэр үед би ухарч гарах л боломжтой байсан. Тэр үед хашааны хаалга онгойлгоод машины түлхүүр хайгаад байсан би өөрөө машины түлхүүрээ авсан байсан. Тэгээд машины ар налаад бүр холдож өгөхгүй байсан. Тэр үед зүүн гар нь цагаан боолтой байсан. Зарим тал нь хар, зарим нь цагаан болсон байсан.Тэрийг би сан харсан. Тэгээд нэлээн удаан зогссон. Тэгээд гэнэт хулгайч аа ахын машин түлхүүр аваад ир гэж хэлсэн. Тэгээд би уурлаад данкраадны ишээр нэг удаа дал мөрөн дундуур нэг удаа цохисон. Хажууд харж байсан гэрчүүд байгаа. Би нэг л удаа цохисон, 2,3 удаа цохиогүй. Би өөрөө мэдэж байгаа. Би архи дарс уугаагүй эрүүл байсан...” гэх мэдүүлэг,
*Хохирогч Т.Мийн шүүх хуралдаанд мэдүүлсэн:
“...2023 оны 03 дугаар сарын 01-ны өдөр Өлзийт сум руу эхнэртэйгээ засал ном хийлгэх гэж орсон. Тэгээд тэр орой нь Чойням гэдэг ахынд хоноод орой нь архи ууцгаасан. Тэгээд тэр орой нь хөдөө гарах гэж явж байгаад би эхнэртэйгээ муудалцаад эргэж Чойням ахынд хоносон. Тэгээд би Болдбаатар ахтай өглөө 6 цаг болж байхад Г гээд айлд орсон. Г ахынхаас Болдбаатар ах бид хоёр гарч явж байгаад Сосорбарам гэдэг айлд орсон. Тэгэхэд Х ах хашаанд нь байсан. Будаа ачиж байхаар нь ачилцаж өгсөн. Тэгээд би машиныхан ард зогсож байхдаа би буруу юм ярьж уурлуулсан юм шиг байна лээ. Тэгээд Д.Х ах уурлахаар нь больё больё гээд буцаад алхсан. Тэр үед манай эхнэр тэр айлын хашааны үүдэн дээр ирсэн байсан. Тэгээд Д.Х ах миний зүүн мөрөн дундуур төмрөөр 2 удаа цохисон. Тэгээд би эргэж харсан чинь намайг дахиад цохих гэж байхад нь би зүүн гараараа хаасан. Тэгээд манай эхнэр болон өндөр Батаа гээд ах намайг салгаж аваад явсан. Намайг цохиод Болдбаатар ах хажууд согтуу байсан. Тэгээд эхнэр бид хоёр шууд эмнэлэг дээр очсон чинь цайны цаг болсон байна гэхээр нь цагдаа дээр очсон. Тэгээд хэсгийн төлөөлөгч нь байхгүй байсан. У.Амгаланбаатар гээд цагдаа Урандөш цайны газар байна гэхээр нь яваад очсон. Тэгээд очсон чинь би наад гарыг чинь үзээд мэдэхгүй юм чинь та хоёр шууд аймаг руу яв гэж хэлсэн. Тэгээд Батцэнгэлд ирж хоноод 3 дугаар сарын 03-ны өглөө аймагт орж ирж үзүүлсэн. Тэгээд аймагт гэмтлийн эмчид үзүүлсэн хугарсан байна гээд гипсдэж өгсөн...” гэх мэдүүлэг,
*Эрүүгийн 2312000000141 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Т.Мийн өгсөн:
“...2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Өлзийт сумын төвд засал ном хийлгэх ажлаар үдээж хойш орсон. Тэгээд Чойном гэх базындаа хоноод маргааш өдөр нь Өлзийт сумын айлын хашаанд манай ахын машинтай адилхан машин харагдахаар нь очиж уулзаад та манай Жаргалсайхан ахын машиныг уначихсан яваа юм уу гэж асуусан чинь би яахаараа чиний ахын машиныг унадаг юм гээд бид хоёр хэсэг хугацаанд маргалдсан. Тухайн үед би жоохон архи уучихсан байсан. Тэгээд би андуурчихсан байна гэж хэлээд буцаад гудамж руу алхсан чинь Д.Х ах араас алхаж ирээд ууцан дундуур лоом шиг төмрөөр 2 удаа цохисон. Тэгээд би ахиж цохих гэхээр нь би зүүн гараараа хаахад зүүн гарын шуу хэсэг таарсан. Тухайн үедээ эмнэлэгт үзүүлэх гэсэн чинь эмч байхгүй байхаар маргааш нь Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж рентгенд харуулахад зүүн гарын шууны яс хугараад зөрөөд арьсаа цоолоод гараад ирсэн байна гэж хэлсэн. Би тухайн үед Д.Х ах намайг машин андуурч хэлсний төлөө лоом шиг урт төмрөөр цохиж миний биед гэмтэл учруулсан. Тухайн үед Д.Х ах архи уугаагүй, эрүүл байсан, харин би өмнөх өдөр нь эхнэртэйгээ хоносон айлдаа жаахан архи уусан байсан. Би 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн үдээс хойш Өлзийт сумын төв орж ном уншуулаад Чойном гэх базындаа хонож хамт тэндээ архи ууж хоноод зодоон болох хүртэл буюу 13 цаг хүртэл тэндээ байсан. Би Д.Х ахын машин дээр очиход машин дээрээ шуудайтай улаан буудай ачиж байхаар нь хэдэн шуудай улаан буудай ачиж өгсөн, энэ хооронд ойр зуурын зүйл яриад 30 орчим минут болсон. Зодоон болсноос хойш би Д.Х ахтай таараагүй, уулзалдаагүй, утсаар яриагүй. Эхнэртэй нь аймагт хагалгаанд орох үед таарсан. Нөхөртөө хэлсэн байж магадгүй. Надад одоогоор хохирол төлбөр барагдуулсан зүйл байхгүй. Би одоогийн байдлаар 10 сая орчим төгрөг нэхэмжилнэ гэж бодож байна. Улаанбаатар хот болон аймгийн төв рүү нэлээн олон удаа явсан. Надад одоогоор 5-6 сая төгрөгийн баримт гарсан. 2023 оны 06 дугаар сар гаргаад дахин зүүн гарын шуугаа хадуулна. 06 сарын дараа хадсан хадаасаа авахуулна. Энэ зардалд ойролцоогоор 3-4 сая төгрөг гарна гэж тооцоолохоор нийт 10 сая төгрөг нэхэмжилж байна. Хохирол төлбөрөө яаралтай гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг/хх-ийн 140-142 дугаар тал/
*Гэрч Б.Тийн өгсөн:
“...Архангай аймгийн Батцэнгэл сумын Улаанчулуу багийн Сүүжийн дөрөлж гэх газар нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Архангай аймгийн Өлзийт суманд лам багштай уулзаж засал ном хийлгэх зорилготой 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр очсон. Өлзийт сумын Хөшөөт багийн Сансар хорооллын 08 дугаар гудамжны 02 тоотод миний дүү Эрдэнэцэцэгийн гэрт хоносонб. 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн үед Батцэнгэл сум руу явах болоод манай нөхөр Түмэннастын Мэ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир би Эрдэнэцэцэгийн гэрийн гадаа хүлээж байгаарай, шатахуун түгээх ороод бензин аваад хүрээд ирье гэж хэлээд явчихаад ирэх үед манай нөхөр тухайн газар байгаагүй. Би нөхрөө хайгаад явтал Хөшөөт багийн Сансар хорооллын 08 дугаар гудамжны 06 тоот хашаанд байж байсан. Би нөхөртөө хандаж явах уу гэж хэлтэл манай нөхөр ачааны машин дээр шуудайтай зүйл ачиж өгөөд одоохон дууслаа гэж хэлсэн. Гэнэт Д.Х Т..Мэ хоёр маргалдаад Д.Х урт төмрөөр 3 удаа Т.Мийн далан дундуур цохисон. 4 дэх удаагаа цохих үед Т.Мэ зүүн гараараа хамгаалсан. Би шууд машинаас буугаад Д.Х дээр очоод та яаж байгаа гэж асуух үед танай нөхөр намайг Жаргалсайханы машиныг уналаа, би хүний машин унах хүн мөн үү гэж хэлсэн. Тийм зүйлээс болж маргалдсан. Тэр газраас яваад сумын эмнэлэгт үзүүлээгүй, сумын цагдаатай уулзахад хэсгийн төлөөлөгч чөлөөтэй хотод байгаа та нар аймгийн төв орж эмнэлэгт үзүүл гэж хэлсэн. Шууд Батцэнгэл суманд очиж хоноод маргааш нь буюу 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн. Үзүүлэхэд зүүн гарын шуу хэсгийн яс хугарчихсан байсан. Манай нөхөр Т.Мэ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, Д.Х бол архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Хэн нэгэнтэй маргалдсан зүйл байхгүй. Бэртэл гэмтлийн зүйл байхгүй. Х цохисны улмаас Т.Мийн зүүн гарын шуу хэсэг хугарсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 5-6 дугаар тал/
*Гэрч Д.Мгийн өгсөн:
"...2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шиг санагдаж байна, Би өөрийн ажил болох Архангай аймгийн Өлзийт сумын Эрүүл мэндийн төвд ээлжийн сувилагчийн ажлыг хийж гүйцэтгэж гараатай хонож байхад 05 цаг 30 минутад 98-тай дугаар залгаж манай нөхөр болох Т.Мийн гарын шууны яс хугарсан гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн. Би уг дуудлага мэдээллийг хүлээж аваад ойрын дуудлагын эмч Б.От мэдэгдэж дуудлаганд явуулсан. Өглөө 09 цагт Б.О ажилд ирэхдээ өглөөний дуудлага мэдээлэл өгсөн хүний эхнэр нь машинаараа гар дээгүүр нь гарсан юм шиг байна лээ гэж хэлсэн. Би өөр зүйл лавлаж асуугаагүй өнгөрсөн. 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр би өөрийн ажил дээр байж байтал сумын цагдаа У.Амгаланбаатар орж ирээд ойрд дуудлага мэдээлэл гарч байна уу? гэж асуухаар нь би Т.Мэ гэх залуу гараа хугалсан өөрийнх нь эхнэр түүний гар дээгүүр машинтайгаа гарчихсан юм шиг байна лээ гэж хэлтэл уг нь өөр хүнд зодуулсан гээд байсан гээд өөр зүйлийг надтай хуучлаагүй. Надад энэ хэргийн талаар өөр мэдэх зүйл алга байна. Би ямар шалтгааны улмаас гараа хугалсан болохыг асуухад ямар нэгэн зүйл хэлэлгүй утсаа тасалсан. Гараа хугалсан гэж л хэлсэн. Эрүүл мэндийн төвийн утасны дугаар 70081429, би Б.Тэ гэх бүсгүйн дугаарыг мэдэхгүй байна. Эрүүл мэндийн төвийн ойрын дуудлага мэдээллийн бүртгэл дээр дуудлагын утга болон дуудлага мэдээлэл өгсөн хүний нэр утасны дугаар бүртгэлтэй байгаа. Манай суманд хааяа ирдэг болохоос Батцэнгэл суманд амьдардаг хүмүүс байгаа юм...” гэх мэдүүлэг/хх 9-10 дугаар тал/
“...2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр манай эмнэлэгт гар өвдөөд гар янгинаад байна гэсэн дуудлагыг сувилагч Д.Мг хүлээж аваад над руу утсаар хэлээд би дуудлага өгсөн газар буюу шинэ хороололд очиход Эрдэнэцэцэг гэх эмэгтэйн гэрт ороход 4-н хүн байсан. Тэдгээр хүмүүс архи уугаад сууж байсан. Тэгээд Т.Мэ зүүн талын гар өвдөөд байна гээд гараа үзүүлсэн. Би зүүн талын гарыг нь тэр чигт нь тэмтэрч үзэхэд бугуйнаас дээш 15 см орчимд хавдсан байдалтай, өвдөлттэй байсан. Амин үзүүлэлтүүдийг нь үзэхэд хэвийн байсан учир би нарийн мэргэжлийн эмчид үзүүлж бугалга хэсгийн зургийг авахуулах талаар зөвлөсөн. Би тэдний гэрээс гарахад миний араас Т.Мэ гарч ирээд Өлзийт сумын төвөөс хойш явж байгаад би бие засах гээд буухад эхнэр машинаа бариад хөдлөхөд би хажуу талаас нь машинаа зогсоох гээд зүүгдтэл дайрсан гэсэн би тухайн үедээ дайрагдаагүй машиндаа гараараа цохиод гэмтээсэн гэж бодсон. Учир нь гар дээгүүр нь машинаар дайрсан бол гарын яс үүрэх байх гэж бодсон. Миний гарыг манай эхнэр гэмтээсэн шүү гэж дахин дахин хэлээд байсан. Эхнэр нь тэндээс хаяж явахаар нь Т.Мэ өөрөө би энэд алхаж ирсэн. Бараг 01 цагийн үед намайг дайрсан байх гэж хэлсэн. Манай эхнэр намайг дайраад орхиод төв рүү орсон байсан. Би араас нь алхаж орж ирээд Эрдэнэцэцэгийн гэрт сууж байхад эхнэр намайг араас хайж байгаад олсон гэж хэлсэн. Би өвчин намдаах эм уулгасан. Т.Мийн гарыг бинтээр ороосон байсан. Би Т.Мийн яаралтай тусламжийн хуудас дээр тухайн үеийн надад хэлсэн зүйлүүдийг болон биеийн байдлыг бичсэн байгаа энэ хуудсыг мөрдөгчид гаргаж өгье. Мөн Т.Мэ Ганаа гэх залуугийн гэрт надаар хүргүүлсэн. Эрдэнэцэцэгийн гэрт түүний нөхөртэй хамт Т.Мэ өөрийн эхнэртэйгээ байсан. Тэр 4 нэг шил архи ууж байсан. Би ямар архи ууж байсан болохыг мэдээгүй. Т.Мэ өөрийн гэмтсэн гэх гараараа архиа аяга руугаа тонгойлгоод байсан. Зодуулж гараа гэмтээсэн гэж бол хэлээгүй. Т.Мэ дээлтэй байсан. Гэмтсэн талын болох зүүн гараа ханцуйнаас нь сугалсан байсан. Би яг ямар дээлтэй байсан болохыг одоо санахгүй байна. Яагаад дайрсан талаараа хэлээгүй. Т.Мэд өөр гэмтэл байна гэж хэлээгүй. Т.Мэ нэх их согтоогүй. Өөрийн үйлдлийг болон ярьж байгаа зүйлийг хянах чадвартай байсан харагдсан. Бүр их согтуу гэхээр гуйвж дайвж харагдаагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 13-15 дугаар тал/,
*Гэрч О.Сын өгсөн:
"...2023 оны 03 сарын 03-ны өдөр манай хашааны үүдээр Т.Мэ, Болд гэж дууддаг ахтай хамт яваад өнгөрсөн. Тэгээд манай хашааны үүдэнд хогийн машин ирээд зогссон. Тэгээд Т.Мэ хогийн машины жолооч ахтай маргалдаад байсан. Тэгээд хогийн машин хөдлөөд явтал араас нь орилоод зогсоод байсан. Тэгээд манай хамаатны ах Д.Х цагаан өнгийн ачааны машинтай ирсэн юм. Тэгээд Т.Мэ араас нь ороод ирсэн. Тэгээд Д.Х ахтай маргалдаад Д.Х ахыг машинаа өг гээд орилоод байсан. Тэгээд би болон Д.Х ахтай хамт хивэг ачсан тэгээд Т.Мэ машины түлхүүр өг гээд нэлээд орилсон. Би тэгээд гэр рүүгээ ороод байж байхад гадаа Д.Х ахтай маргалдаад байсан. Тэгээд буцаад гараад ирэхэд Д.Х ах Т.Мийг мөр орчим газар нь нэг удаа танхарайдны ишээр цохиж байгаа харагдсан. Тэгээд Ж.Б гэх хүн ирээд дундуур ороод салгасан. Тэгээд хоёр тийшээ болоод Т.Мэ гэх хүний эхнэр ирээд аваад явсан. Т.Мэ манай хашаанд орж ирэхээс өмнө манай хажуу талын айл болох Гал гэх айлд орж ирээд гар өвдөөд байна гээд боолтоо засаад боогоод явсан гэж сонссон манай хашаанаас гарч явахад нь анзаарахад улаан өнгийн цамц өмссөн зүүн талын ханцуйнаас нь цагаан өнгийн даавуу цухуйж байсан. Би өөр зүйл мэдэхгүй ээ. У.Болд гэж дуудаг ахтай хамт орж ирсэн манай хашаанд Д.Х ах байсан юм. Би яг орж ирэхэд нь хараагүй согтуу байсан учир хашаанд байхад нь тулж харилцаанд ороогүй Д.Х ахаас машины түлхүүр нэхээд суулгахгүй байсан. Т.Мэ Д.Х ахыг хэл амаар доромжлоод машины түлхүүрийг нэхээд хулгай, Жаргалсайханы машины түлхүүрийг өг би унаж явна гээд орилоод байсан. Тэгээд Д.Х ах төмрөөр цохиж байгаа харагдсан. Танхарайдны ишээр зүүн талын мөр хэсэгт нэг удаа цохиж харагдсан өөр цохиогүй. Намайг гэрээс гарч ирнээс хойш цохиж харагдаагүй. Т.Мэ ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй ээ машин налаад зогсож байсан. зүүн талын мөр дал хэсэгт нь удаа цохиж байгаа харагдсан. Тэгээд Ж.Б салгаад Т.Мийн эхнэр нь аваад явсан. У.Болд, Т.Мэ, Д.Х, Ж.Б миний бие гэсэн хүмүүс байсан. Сүүлд нь Т.Мийн эхнэр орж ирсэн. Хивэг ачилцаж өгөөгүй. Машины хаалга онгойлго гээд чадахгүй байсан аа цонхоор нь орох гээд хэсэг зүтгэж байснаа машины түлхүүр өг гээд хүрээд ирсэн Т.Мэ манай ах Д.Хын машины Жаргалсайхан гэх хүний машины андуураад түлхүүрийг нэхээд байх шиг байсан. Миний хажууд ирээд хоёр шуудай хивэг тавь гэхээр би чамд өргүй өгч чадахгүй гэж хэлээд холдоод явсан. Бид нар ямар нэгэн бичлэг хийж зураг аваагүй, Т.Мийн эхнэр утас барьсан явж байсан зураг авсан талаар мэдээгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 51-53 дугаар тал/
*Гэрч Ж.Бын өгсөн:
"...Би Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, Улаанбаатар хотод оршин суудаг хүн байгаа юм. 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн үед Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн О.Сосорбарамын гудамжинд явж байх үед Түмэннастын Мэ, Мэргэн нар цуг явж байсан. Т.Мэ гудамжинд хулгайчуудаа хулгайчуудаа гэж орилоод байсан. Т.Мэ нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь илт мэдэгдэж байсан. Би Энхжаргалын гэрт ороод 30 минутын дараа Энхжаргалын гэрээс гараад О.Сосорбарамын хашаа руу орох үед Д.Х ах машинаа янзалсан байдалтай, Т.Мэ тухайн машины арын ачааны хэсэгт гараа тавиад хулгайчуудаа Жаргалсайхан ахын машины түлхүүрийн өг энэ машин миний ахын машин байна гэж хэлсэн байдалтай, Мэийн эхнэр болох Б.Тэ хашааны гадаа машин дотроо суусан байдалтай, Батцэнгэлийн харьяат Болдоо гэх залуу архи согтууруулах ундаа хэтрүүлсэн хэрэглэсэн бие авч явах чадамжгүй байдалтай байж байсан. Би О.Сосорбарамын гэрт орох гээд явж байх үед Т.Мэ нь Д.Х руу миний ахын машин байна, түлхүүрийг нь өг гэх мэтээр Т.Мэ Д.Хыг өдөж, хэрүүл маргаан үүсгээд байсан. Д.Х Т.Мэд хандаж чи түрүүнээс хойш юу гээд хуцаад байгаа юм гэж хэлээд машины данкраадны ишээр Т.Мийн зүүн дал хэсэгт нэг удаа цохисон би Д.Х ах дээр очоод та яаж байгаа юм бэ ? гэж хэлтэл Д.Х нь ах нь зүгээрээ ах нь эрүүл байна Т.Мэ түрүүнээс хойш намайг хэл амаар доромжиллоо гэж хэлсэн. Т.Мийн эхнэр Б.Тэ орж ирээд зүүн гарнаас татаад тухайн хашаанаас аваад гарсан. Хэн нэгэнтэй маргалдаж муудалцаагүй байхаа сайн анзаараагүй, Т.Мэ нь улаан өнгийн дээлтэй явж байсан. Зүүн гарын ханцуй хэсэгт цагаан өнгийн зүйл цухуйгаад байсан. Би тухайн зүйлийг юу гэдгийг нь мэдээгүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...”гэх мэдүүлэг/хх-ийн 78-79 дүгээр тал/
*Гэрч Д.Өы өгсөн:
"...Тухайн өдөр уг өвчтөний гарт үзлэг хийж рентгенээр гарын зургийг авахуулахад зүүн гарын богтос яс хугарсан байсан. Хугарлын түвшинд ил шархтай байсан. Шархыг ариутгаж ариун боолт хийгээд уг гарын шууг богтос ясыг хамруулан гөлтгөнөн боолт тавьж өгсөн. Тухайн үед ил харагдах шарх байсан. Хугарлын түвшинд арьс язарсан шархтай байсан. Тэгээд уг шархыг цэвэрлэж боосон. Энэ хугарал нь ил хугарал байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 98-99 дүгээр тал/
*Яллагдагч Д.Хын өгсөн:
“...Би 2023 оны 03 дугаар сарын эхэн үед яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Өлзийт сумын төвд О.Сосорбарам гэх айлаас малын тэжээл худалдаж авах гээд өдөр 15 цагийн үед очсон чинь тэдний гадна Т.Мэ, Болдбаатар хоёр согтуу машинтай таарсан тэгээд надтай мэндлээд Т.Мэ намайг машинаараа өвс ачаад өг гэхээр нь би өөрөө малын тэжээл ачих ажилтай явж байна амжихгүй гэдгээ хэлсэн чинь заавал намайг ачиж өг гээд огт салахгүй байгаад байсан. Тэгээд би хаанаас өвс ачих юм гэж асуусан чинь Т.Мэд хамаагүй шал өөр хүний өвс заагаад намайг очоод ач би хараад зогсож байх болно гэхээр нь би өөр тэгвэл би хүний өвс ачиж чадахгүй хулгайн хэрэгт орно гэж хэлээд нөгөөд тэжээл авах гэж байгаа айлын хашаанд ороод малын тэжээлээ ачаад хөдлөх гэсэн чинь Т.Мэ машины ард хэсэгт зогсчхоод явуулахгүй 1 цаг гаруй болсон байх тэгсэн чинь Т.Мэ надад хандаж чи ахын машиныг хулгайлаад уначихсан явж байгаа юм байна гэх зэргээр доромжилж эхэлсэн. Тэгэхээр нь би уурандаа машинаасаа бууж очоод данхрадны төмөр ишээр баруун дал хэсэгт нь нэг удаа цохисон тэгээд цохихоо больсон. Хажууд Болдбаатар, Ж.Б, О.Сосорбарам нар байсан. Сүүлд Т.Мийн эхнэр нь машин дотроор гараад ирсэн өөр хүн байгаагүй. Гэхдээ сүүлд сонсоход Т.Мэ надаар цохиулахаас өмнө эхнэр нь тухайн гэмтсэн гарыг нь машинаар дайрсан гэж Сансар хороололд байдаг Гал гэх хүн надад хэлсэн. Болдбаатар ч надад хэлж байсан. Намайг цохисон зүйл байхгүй. Намайг цохих үед л гар цагаан өнгийн даавуу маарлаар боочихсон байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 122-123 дугаар тал/
*Шинжээч Б.Отгонжаргалын өгсөн:
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 100 дугаартай“...Т.Мийн биед зүүн гарын богтос ясны дунд 1/3 хэсгийн сэлтэрсэн хугарал гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” дүгнэлт /хх-ийн 20-22 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 135 дугаартай:
“...Т.Мийн биед зүүн гарын богтос ясны дунд 1/3 хэсгийн сэлтэрсэн ил хугарал гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт/хх-ийн 106-108 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 149 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Д.Хт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Өлзийт сумын Хөшөөт багийн Сансар хорооллын задгай тоотод иргэн Т.Мэ нь төмрөөр цохиулж зүүн гарын богтос ясны дунд 1/3 хэсгийн сэлтэрсэн хугарал бүхий хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Д.Х үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Т.Мийн”...Тэгээд би андуурчихсан байна гэж хэлээд буцаад гудамж руу алхсан чинь Д.Х ах араас алхаж ирээд ууцан дундуур лоом шиг төмрөөр 2 удаа цохисон. Тэгээд би ахиж цохих гэхээр нь би зүүн гараараа хаахад зүүн гарын шуу хэсэг таарсан. Тухайн үедээ эмнэлэгт үзүүлэх гэсэн чинь эмч байхгүй байхаар маргааш нь Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж рентгенд харуулахад зүүн гарын шууны яс хугараад зөрөөд арьсаа цоолоод гараад ирсэн байна гэж хэлсэн. Би тухайн үед Д.Х ах намайг машин андуурч хэлсний төлөө лоом шиг урт төмрөөр цохиж миний биед гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Тийн ”...Гэнэт Д.Х Т..Мэ хоёр маргалдаад Д.Х урт төмрөөр 3 удаа Т.Мийн далан дундуур цохисон. 4 дэх удаагаа цохих үед Т.Мэ зүүн гараараа хамгаалсан. Би шууд машинаас буугаад Д.Х дээр очоод та яаж байгаа гэж асуух үед танай нөхөр намайг Жаргалсайханы машиныг уналаа, би хүний машин унах хүн мөн үү гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Д.Мгийн”...2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шиг санагдаж байна, Би өөрийн ажил болох Архангай аймгийн Өлзийт сумын Эрүүл мэндийн төвд ээлжийн сувилагчийн ажлыг хийж гүйцэтгэж гараатай хонож байхад 05 цаг 30 минутад 98-тай дугаар залгаж манай нөхөр болох Т.Мийн гарын шууны яс хугарсан гэх дуудлага мэдээлэл ирүүлсэн. Би уг дуудлага мэдээллийг хүлээж аваад ойрын дуудлагын эмч Б.От мэдэгдэж дуудлаганд явуулсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Оийн”...Т.Мэ зүүн талын гар өвдөөд байна гээд гараа үзүүлсэн. Би зүүн талын гарыг нь тэр чигт нь тэмтэрч үзэхэд бугуйнаас дээш 15 см орчимд хавдсан байдалтай, өвдөлттэй байсан. Амин үзүүлэлтүүдийг нь үзэхэд хэвийн байсан учир би нарийн мэргэжлийн эмчид үзүүлж бугалга хэсгийн зургийг авахуулах талаар зөвлөсөн. Би тэдний гэрээс гарахад миний араас Т.Мэ гарч ирээд Өлзийт сумын төвөөс хойш явж байгаад би бие засах гээд буухад эхнэр машинаа бариад хөдлөхөд би хажуу талаас нь машинаа зогсоох гээд зүүгдтэл дайрсан гэсэн би тухайн үедээ дайрагдаагүй машиндаа гараараа цохиод гэмтээсэн гэж бодсон. Учир нь гар дээгүүр нь машинаар дайрсан бол гарын яс үүрэх байх гэж бодсон...” гэх мэдүүлэг, гэрч О.Сын”...Тэгээд би болон Д.Х ахтай хамт хивэг ачсан тэгээд Т.Мэ машины түлхүүр өг гээд нэлээд орилсон. Би тэгээд гэр рүүгээ ороод байж байхад гадаа Д.Х ахтай маргалдаад байсан. Тэгээд буцаад гараад ирэхэд Д.Х ах Т.Мийг мөр орчим газар нь нэг удаа танхарайдны ишээр цохиж байгаа харагдсан. Тэгээд Ж.Б гэх хүн ирээд дундуур ороод салгасан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Бын”...Т.Мэ Д.Хыг өдөж, хэрүүл маргаан үүсгээд байсан. Д.Х Т.Мэд хандаж чи түрүүнээс хойш юу гээд хуцаад байгаа юм гэж хэлээд машины данкраадны ишээр Т.Мийн зүүн дал хэсэгт нэг удаа цохисон би Д.Х ах дээр очоод та яаж байгаа юм бэ ? гэж хэлтэл Д.Х нь ах нь зүгээрээ ах нь эрүүл байна Т.Мэ түрүүнээс хойш намайг хэл амаар доромжиллоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, шинжээч Б.Отгонжаргалын”...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Автомашинд мөргүүлэх дайруулах үед үүссэн бол хавсарсан гэмтэлтэй байж болно. Тухайн хүний биеийн аль хэсэгт хүч үйлчилсэнээс хамаарч гар хугарахаас гадна мөн унаж ойчсон бол нүүр гар зулгарах, тэр хэсэгт цус хурах, хугарсан хэсэгт өвдөх, хавдах, хугарлын улмаас яс хавирах, эмгэг хөдөлгөөнтэй болох, хөдөлгөөн хязгаарлагдах, хэрэв ясны ил хугарал байсан бол хугарсан яс арьсыг цоолж арьсанд шарх үүсч цус гарах шинж илэрнэ. Төмөр зэрэг хатуу зүйлээр цохиулж хугарсан бол дээрх хугарлын шинж шууд илэрнэ...” гэх мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 135 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Д.Х нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ. Түүний бусдын эрүүл мэндэд биед зүүн гарын богтос ясны дунд 1/3 хэсгийн сэлтэрсэн ил хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж дээрх гэмтлийг учруулаагүй, хэрэг болохын өмнөх өдөр өөрсдөө эмнэлэгт гар хугарсан талаар дуудлага өгсөн байсан гэж мөн гэмт хэрэг гарсан цаг хугацааны хувьд маргаж байх боловч хэрэгт авагдсан дээрх хохирогч гэрч нарын мэдүүлэг шинжээчийн дүгнэлт, бусад бичгийн нотлох баримтуудаар өмгөөлөгч болон шүүгдэгчийн мэдүүлэг, тайлбар няцаагдаж байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрч хохирогч нарын мэдүүлгээр хэрэг гарахын өмнөх өдөр хохирогч Т.Мэ нь гар гэмтсэн талаар эмнэлгийн байгууллагад дуудлага өгч эмч ирж үзсэн нөхцөл байдал тогтоогддог бөгөөд тухайн үед ирсэн эмч Б.О гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...2023 оны 03 дугаар сарын 02-нд манай эмнэлэгт гар өвдөөд гар янгинаад байна гэсэн дуудлагыг сувилагч Д.Мг хүлээж аваад над руу утсаар хэлээд би дуудлага өгсөн газар буюу шинэ хороололд очиход Эрдэнэцэцэг гэх эмэгтэйн гэрт ороход 4-н хүн байсан. Тэдгээр хүмүүс архи уугаад сууж байсан. Тэгээд Т.Мэ зүүн талын гар өвдөөд байна гээд гараа үзүүлсэн. Би зүүн талын гарыг нь тэр чигт нь тэмтэрч үзэхэд бугуйнаас дээш 15 см орчимд хавдсан байдалтай, өвдөлттэй байсан. Амин үзүүлэлтүүдийг нь үзэхэд хэвийн байсан учир би нарийн мэргэжлийн эмчид үзүүлж бугалга хэсгийн зургийг авахуулах талаар зөвлөсөн. Би тэдний гэрээс гарахад миний араас Т.Мэ гарч ирээд Өлзийт сумын төвөөс хойш явж байгаад би бие засах гээд буухад эхнэр машинаа бариад хөдлөхөд би хажуу талаас нь машинаа зогсоох гээд зүүгдтэл дайрсан гэсэн би тухайн үедээ дайрагдаагүй машиндаа гараараа цохиод гэмтээсэн гэж бодсон. Учир нь гар дээгүүр нь машинаар дайрсан бол гарын яс үүрэх байх гэж бодсон. Би өвчин намдаах эм уулгасан. Т.Мийн гарыг бинтээр ороосон байсан. Би Т.Мийн яаралтай тусламжийн хуудас дээр тухайн үеийн надад хэлсэн зүйлүүдийг болон биеийн байдлыг бичсэн байгаа энэ хуудсыг мөрдөгчид гаргаж өгье. Тухайн үед ил харагдах шархи, сорви байгаагүй, бага зэрэг хавдсан байсан, хэрвээ хугарсан бол ил харагдах хугарал биш байсан...” гэх мэдүүлэг, шинжээч эмч Б.Отгонжаргалын өгсөн “...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Автомашинд мөргүүлэх дайруулах үед үүссэн бол хавсарсан гэмтэлтэй байж болно. Тухайн хүний биеийн аль хэсэгт хүч үйлчилсэнээс хамаарч гар хугарахаас гадна мөн унаж ойчсон бол нүүр гар зулгарах, тэр хэсэгт цус хурах, хугарсан хэсэгт өвдөх, хавдах, хугарлын улмаас яс хавирах, эмгэг хөдөлгөөнтэй болох, хөдөлгөөн хязгаарлагдах, хэрэв ясны ил хугарал байсан бол хугарсан яс арьсыг цоолж арьсанд шарх үүсч цус гарах шинж илэрнэ. Төмөр зэрэг хатуу зүйлээр цохиулж хугарсан бол дээрх хугарлын шинж шууд илэрнэ. Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг, шинжээчийн “...Т.Мийн биед зүүн гарын богтос ясны дунд 1/3 хэсгийн сэлтэрсэн ил хугарал гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой...” гэх дүгнэлт, түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-42х/, рентгэн зураг зэргээс дүгнэхэд 2023 оны 03 сарын 01-ний өдрөөс 02-ны өдөр шилжих шөнө тухайн гэмтлийг хохирогч Т.Мэ аваагүй, харин шүүгдэгч Д.Хт төмрөөр цохиулсаны улмаас хохирогчийн эрүүл мэндэд 2023 оны 03 сарын 02-ны өдөр дээрх зүүн гарын богтос ясны дунд 1/3 хэсгийн сэлтэрсэн ил хугарал гэмтэл учирсан үйл баримт тогтоогдож байгаа болно.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Хын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Д.Хыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Мийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч мөрдөн байцаалтын шатанд хохирол төлбөрт 3,622,100 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар мэдүүлсэн, шүүх хуралдаанд хохирол төлбөртэй холбогдуулан баримт ирүүлсэн бөгөөд уг баримтаас нотлох баримтын шаардлага хангасан, хохирол хор уршигт хамааралтай 1.207.910/нэг сая хоёр зуун долоон мянга есөн зуун арав/ төгрөгийг шүүгдэгч Д.Хаас гаргуулж хохирогчид олгож, түүний нэхэмжлэлээс 414.190 төгрөгийг нэхэмжлэлийг хохирол хор уршигт хамааралгүй байна гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож, гэмтлийн улмаас ажлаа хийж чадахгүй байсантай холбогдуулан нэхэмжилсэн хоёр сая төгрөгийн хувьд уг нэхэмжлэлтэй холбоотой баримт ирүүлээгүй тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбогдуулан цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Д.Хт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын эрүүгийн хариуцлагын дүгнэлт зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр 1/нэг/ ширхэгийг устгахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Холбоо овогт Додхүүгийн Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хыг 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х нь шүүхээс оногдуулсан 600/зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000/зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хаас 1.207.910/нэг сая хоёр зуун долоон мянга есөн зуун арав/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Батцэнгэл сумын ....... гэх газар оршин суух хаягтай, Бөөрөнхий овогт Түмэннастын Мэ/РД:АЕ.........../-д олгож, түүний нэхэмжлэлээс 2.000.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, 414.190 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шүүгдэгч Д.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР