| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2023/0159/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/162 |
| Огноо | 2023-07-20 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | А.Амарсанаа |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 2023/ШЦТ/162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: А.Амарсанаа
Шүүгдэгч: Х.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Даваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Хатгин овогт Хын Бт холбогдох эрүүгийн 2312000000137 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувийн малаа малладаг, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Архангай аймгийн Тариат сумын ............. гэх газар оршин суух хаягтай, урьд Баянхонгор аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, мөн шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 205 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 28.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг 1 жил 1 сар хорих ялаар тус тус ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Хатгин овогт Хын Б/РД:А3........../
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
*Эрүүгийн 2312000000137 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Х.Бын өгсөн:
“...Миний бие Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн Сансар хороолол 8-5 тоотод оршин суудаг юм. Надад цөөхөн хэдэн тооны хонь Гичгэнэд байдаг бөгөөд 2023 оны 03 дугаар сарын сүүлээр /яг хэзээ гэдгийг нь санахгүй байна/ манай хүүхэд Гичгэнээс хонио тууж ирж байсан бөгөөд би эхнэр Г.Батзаяагийн хамт урдаас нь сумын төвийн урагшаа тосох гээд машинаараа хөдлөх гэж байтал Тариат сумын Хорго багийн иргэн Хын Б гэх залуу хашааны үүдэн дээр ирээд бид 2-той золгох гэж ирлээ гээд гэр рүү орсон. Тэгээд бид хоёртой хамт урагшаа мал руу явна гээд хамт машинд суугаад явсан. Машин дотор зүв зүгээр хууч хөөрч явж байгаад миний нүүр рүү нулимчихсан. Тэгэхээр нь би “чи чинь яаж байгаа юм бэ” гэсэн чинь “яадаг юм чамайг ер нь алчихсан байсан ч яадаг юм” гэхээр нь би “чи яахаараа намайг алдаг юм гэсэн чинь Б чи яагаад Гичгэнэд хаваржааны хашаа барьдаг юм гээд намайг" заамдаад авсан. Манайх Гичгэнэд 3 жилийн өмнө манай аавын нутаглаж байсан хаваржаа нэг ч шон, шургааггүй болчихсон болохоор нь би хаваржаагаа босгож барьсан юм. Х.Бтай хамт явсан Улаанай гэх залуу салгах гээд хүчрэхгүй байсан бөгөөд миний бугуйн цагийг таслах гээд хуруугаа хийчихсэн татаад байсан тэгээд миний зүүн гарын ядам хурууг хойш нь татчихсан. Тэгээд миний зүүн гарын ядам хуруу хугарчих шиг болсон. Миний бие 2022 онд зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэгдсэн бөгөөд зүүн гартаа цахим бугуйвч зүүдэг юм тэрийг тастаж намайг хорлох гэж байгаад миний зүүн гарын хурууг хугалсан. Тэгээд арай ч нэг салаад эхнэр малаа туугаад би машинаа бариад гэр рүү гээ буцсан. Гэрт ирээд байж байсан чинь Б араас орж ирээд надаас уучлалт гуйж орж ирсэн. Уучлалт гуйж байснаа гэв гэнэт миний уруул руу цохиод авсан. Тэгээд Х.Б гараад явсан. Маргаашаас нь миний гар даагдахгүй болж эмнэлэгт үзүүлж гарынхаа зургийг авхуултал савх хугарсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна...Намайг Гичгэнэд хаваржааны хашаа барьсан гэж миний биед гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 6-8 дугаар тал/
*Гэрч С.Сгийн өгсөн:
“...Миний бие Архангай аймгийн Тариат сумын төв дээр өөрийн төрсөн хүү Т.Бийн хамт Суман багийн Сансар хорооллын 8-5 тоотод нэг хашаанд 2 тусдаа гэрт амьдардаг юм. 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Тариат сумын төв дээр дуун цэнгүүн соёлын төв дээр болсон бөгөөд уг цэнгүүнийг дуусгачхаад гэртээ 18 цагийн үед ирсэн юм. Гэртээ ирсэн чинь Т.Б Х.Б миний бугуйн цагыг таслах гээд миний гарыг гэмтээчихлээ гэсэн. Тэгэхээр нь би Хангай сумын Гичгэнэ багийн дарга руу утсаар залгаад Х.Б Т.Бийн гарыг нь гэмтээчих гээд яваад өгсөн байна гэж яах вэ гэж хэлсэн чинь наадах чинь яадаг золиг вэ өмнө бас Бийн ах Батбаярын цээжинд нь хутга хүргэсэн асуудал яригдаад байсан гэж хэлтэл гадаа мотоцикп дуугарахаар нь би утсаа таслаад гараа хартал Б ороод ирсэн. Тэгэхээр нь би “чи чинь яадаг хүүхэд вэ өнгөрсөн намар ахынх нь цээжинд хутга хүргэсэн бас одоо Бийн гарыг нь гэмтээчихсэн байх юм” гэж хэлтэл авгай минь дуугүй бай би яасан юм гэсэн. Тэгээд манайх руу орсон. Гэрт ороод би ахиад Гичгэнийн багийн дарга руу яриад Б чинь ахиж орж ирээд намайг авгай энэ тэр гэж дуудаад байна гэсэн чинь Тулга Х.Бтай ярья гэхээр нь яриулсан чинь согтуу байсан хүн чинь эв эрүүл болчихсон ойлголоо гээд толгой дохиод байсан за намайг уучлаарай гээд Х.Б миний урд сөхөрч суугаад байсан тэгээд ахаасаа уучлалт гуйна гээд Т.Бийн гэр рүү яваад орчихсон. Хэсэг хугацааны дараа Т.Б цагдаа дуудаарай гээд бөөн цус нөж болчихсон уруул нь хэгзэрчихсэн гэрээсээ гараад ирсэн. Тэгээд байж байсан чинь цуг ирсэн Улаанай гээд залуу явъя гээд аваад явсан. Орой болсон чинь Т.Б гар өвдөөд байна гэхээр нь харсан чинь хавдчихсан байсан тэгээд өвчин намдаах эм уугаад хар цайгаар ороогоод нэмэргүй байхаар нь хэд хоногийн дараа эмнэлэгт үзүүлтэл аймаг явж зургаа авхуул гэж хэлсэн. Тэгээд аймгийн прокуророос зөвшөөрөл авч аймгийн төв явж зураг авхуултал савх нь хугарсан байна гэж хариу гарсан. Одоо сар гаруй болж байна гар нь одоог хүртэл эдгэхгүй шөнө унтахдаа байнга өвчин намдаах эм ууж унтаж байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 12-13 дугаар тал/
*Гэрч Г.Батзаяагийн өгсөн:
"...Миний бие Архангай аймгийн Тариат сумын төв дээр хадам ээжтэйгээ нэг хашаанд нөхөр 2 хүүхдийн хамт тусдаа гэрт амьдардаг юм. 2023 оны 03 дугаар сарын 25-ны өглөө Хангай сумаас манай мал ирж байсан бөгөөд урдаас нөхөр Т.Бийн хамт гарах гэж байтал хашааны үүдэн дээр Х.Б гэх манай нөхрийн төрөл залуу Улаанай гээд Хангай сумын нэг залуутай хамт хүрээд ирсэн. Тэгээд Х.Б ахтайгаа золгоно гээд гэр рүү ороод золгосон. Би малынхаа урдаас явах гээд яараад машинтай хүнээр мал руу хүргүүлээд тэр 3-ыг хаячхаад явчихсан. Би хүүхдийнхээ хамт малаа туугаад сумын төвийн урдхан талд явж байтал тэр 3 машинтайгаа хүрээд ирсэн. Машин дотор тэр 3 пиво хувааж ууж байсан бөгөөд би хонь руу гаа яваад өгсөн. Хонио эргүүлээд буцаад иртэл тэр 3 машинаас буучихсан Х.Б Т.Бийг доороо оруулаад хэвтүүлээд дарчихсан байсан. Улаанай хараад зогсож байсан. Намайг очих үед Х.Б Т.Бийн дээрээс босоод ирсэн. Юу болсон талаар асуутал Б юу ч болоогүй Т.Б ахаас уучлалт гуйж байна гэж хэлэхээр нь би тоогоогүй юм. Тэгээд бид нар бөөнөөрөө гэр рүүгээ харьсан. Гэрт ороод Т.Б миний гар эвгүй болчихлоо чи үзээдхээч гэхээр нь гарыг нь хартал хавдчихсан байсан яагаад ингээд хавдчихав гэж асуусан чинь Улаанаа миний цахим гавыг тастах гээд гарыг маань мушгичихлаа гэж хэлсэн. Тэгээд гарыг нь хар цайгаар шавшиж өвчин намдаах эм өгөөд нэмэргүй шөнө нь өвдөөд байхаар нь нэлээн хэд хоногийн дараа эмнэлэгт үзүүлтэл аймаг явж зураг авхуул гэсэн. Аймаг ороод зураг авхуултал зүүн гарын савх яс хугарсан байна гэж хариу гарсан. Шөнө өвдөөд унтаж чадахгүй байнга эм уудаг их хэцүү байдалтай байгаа.Одоо бараг 1 сар гаруй хугацаа өнгөрч байна. Х.Б нь манайхтай өвөлжөө газрын хэрүүл хийгээд нэлээн удаж байгаа бөгөөд өмнө бас Батбаяр гээд ахынх нь цээж рүү хутга тулгасан асуудал гарч байсан. Бас гарыг нь мушгисны дараа гэрт эргэж ирээд Т.Бийн уруулыг нь уучлалт гуйж байгаа гээд тонгойж байгаад цохисон байсан...” гэх мэдүүлэг/хх 29-30 дугаар тал/
*Яллагдагч Х.Бын өгсөн:
“...Би 2023 оны 03 дугаар сарын сүүлээр яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна найз Улаанаатай Тариат сумын төв дээр хамт пиво ууж байгаад хамаатны ах Т.Бийн гэрт золгох зорилгоор очсон мөн бид хоёрын дунд өвөлжөөний газар дээр үл ойлголцол байгаад байдаг юм. Тухайн үед би хүний мал маллаж байгаад хүлээлгэж өгөөд Улаанбаатар хот руу явж ажил хийх гэж байсан учраас Т.Б ахтай эв зүйгээ олоод явна гэж бодоод 1 ширхэг 2.5 литрийн пиво өвөртөө хийгээд Улаанай бид хоёр алхаад очсон гэтэл Б ах эхнэртэйгээ мал руугаа хүүхдээ тосно гээд явах гэж байхаар нь Улаанай бид 2 машинд нь суугаад малынхан ойролцоо очоод авсан пиво задлаад Улаанай, Т.Б бид гурав хувааж уусан эхнэр нь мал руу явсан. Бид гурав машин хууч хөөрч байгаад Бөд хандаж та ямар жалганд багтахгүй малтай хүн биш дүү нь ч адилхан жалганд багтахгүй их малтай хүн биш байж нэг нэгнийгээ шахаад яахав дээ гэж хэлсэн чинь надад хандаж чамд өвөлжөө дээр буух эрх байхгүй, чамайг хэзээ хаана бууж хэзээ нүүхийг чинь би шийднэ гээд бид маргалдсан тэгсэн чинь Т.Б миний толгой ард хэсэг рүү баруун гараараа цохиод байхаар нь би зүүн гарыг нь өчсөн тэгсэн чинь Улаанай бид хоёрыг салгасан юм. Улаанай болон Т.Бийн эхнэр байсан өөр хүн байгаагүй. Миний толгойн ард хөндүүртэй байсан. Өөр бэртэж гэмтсэн зүйл байхгүй. Эмнэлэг, эмчид үзүүлээгүй ямар нэгэн баримт байхгүй. Надад одоо ямар нэгэн гэмтэл байхгүй, гэмтсэн зүйл байхгүй тул шинжээч эмчид үзүүлэхгүй. Тухайн үед толгой хөндүүр байгаа талаар ямар нэгэн хүнд огт хэлээгүй зүгээр өнгөрсөн зүйл юм. Т.Б бид хоёр төрсөн эгч дүү нарын хүүхдүүд юм. Надад нууж хаасан зүйл байхгүй. Т.Бтэй учир зүйгээ олсон сайн дураараа эвлэрсэн ах дүү хүмүүс учраас санал гомдол байхгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх-ийн 46-47 дугаар тал/
*Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 150 дугаартай“...Т.Бийн биед зүүн гарын 4-р хурууны алганы шивнүүрийн ташуу зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Х.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Хангай сумын Хорго багийн нутаг дэвсгэрт 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр иргэн Т.Б нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Х.Б нь Архангай аймгийн Хангай сумын Хорго багийн нутаг дэвсгэрт 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Т.Бийн гарын хурууг дарж түүний биед зүүн гарын 4 дүгээр хурууны алганы шивнүүрийн ташуу зөрөөтэй хугарал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Т.Бийн ”...Машин дотор зүв зүгээр хууч хөөрч явж байгаад миний нүүр рүү нулимчихсан. Тэгэхээр нь би “чи чинь яаж байгаа юм бэ” гэсэн чинь “яадаг юм чамайг ер нь алчихсан байсан ч яадаг юм” гэхээр нь би “чи яахаараа намайг алдаг юм гэсэн чинь Б чи яагаад Гичгэнэд хаваржааны хашаа барьдаг юм гээд намайг" заамдаад авсан. Манайх Гичгэнэд 3 жилийн өмнө манай аавын нутаглаж байсан хаваржаа нэг ч шон, шургааггүй болчихсон болохоор нь би хаваржаагаа босгож барьсан юм. Х.Бтай хамт явсан Улаанай гэх залуу салгах гээд хүчрэхгүй байсан бөгөөд миний бугуйн цагийг таслах гээд хуруугаа хийчихсэн татаад байсан тэгээд миний зүүн гарын ядам хурууг хойш нь татчихсан. Тэгээд миний зүүн гарын ядам хуруу хугарчих шиг болсон. Миний бие 2022 онд зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэгдсэн бөгөөд зүүн гартаа цахим бугуйвч зүүдэг юм тэрийг тастаж намайг хорлох гэж байгаад миний зүүн гарын хурууг хугалсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Сгийн”...Гэртээ ирсэн чинь Т.Б Х.Б миний бугуйн цагыг таслах гээд миний гарыг гэмтээчихлээ гэсэн. Гэрт ороод би ахиад Гичгэнийн багийн дарга руу яриад Б чинь ахиж орж ирээд намайг авгай энэ тэр гэж дуудаад байна гэсэн чинь Тулга Х.Бтай ярья гэхээр нь яриулсан чинь согтуу байсан хүн чинь эв эрүүл болчихсон ойлголоо гээд толгой дохиод байсан за намайг уучлаарай гээд байсан, тэгээд ахаасаа уучлалт гуйна гээд Т.Бийн гэр рүү яваад орчихсон...” гэх мэдүүлэг, гэрч Г.Батзаяагийн”...Хонио эргүүлээд буцаад иртэл тэр 3 машинаас буучихсан Х.Б Т.Бийг доороо оруулаад хэвтүүлээд дарчихсан байсан. Улаанай хараад зогсож байсан. Намайг очих үед Х.Б Т.Бийн дээрээс босоод ирсэн. Юу болсон талаар асуутал Б юу ч болоогүй Т.Б ахаас уучлалт гуйж байна гэж хэлэхээр нь би тоогоогүй юм. Тэгээд бид нар бөөнөөрөө гэр рүүгээ харьсан. Гэрт ороод Т.Б миний гар эвгүй болчихлоо чи үзээд өгөөч гэхээр нь гарыг нь хартал хавдчихсан байсан яагаад ингээд хавдчихав гэж асуусан чинь Х.Б миний цахим гавыг тастах гээд гарыг маань мушгичихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 150 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Х.Б нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн, түүний бусдын биед зүүн гарын 4-р хурууны алганы шивнүүрийн ташуу зөрөөтэй хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х.Бын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Т.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч мөрдөн байцаалтын шатанд хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгч Х.Быг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Х.Б нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан ба шүүгдэгч Х.Бт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөнг мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Тариат сумын нутаг дэвсгэрээс явахыг таван сарын хугацаанд хориглож, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хатгин овогт Хын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Быг 5/тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Быг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Тариат сумын нутаг дэвсгэрээс явахыг 5/тав/ сарын хугацаанд хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Х.Бт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР