| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2023/0057/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/66 |
| Огноо | 2023-01-17 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | С.Солонго |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/66
2023 01 17 2023/ШЦТ/66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Солонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Х.Нарангуа /томилолтоор/,
хохирогч Ц.Ч,
шүүгдэгч Д.Ө, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөн нарыг оролцуулан эрүүгийн 2211003331517 дугаартай хэргийг 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2023 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Д-н Ө /РД:ХХ000000/, Монгол Улсын иргэн, 1974 оны 3 дугаар сарын 05-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 00 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
Чингэлтэй дүүргийн шүүхийн 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 198 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 674 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 06 capын хугацаагаар хорих ял,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 180 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ө нь 2022 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 19 цагийн үед согтууруулах унааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 7 дугаар гудамжны 00 тоотын гадаа хохирогч Ц.Ч ын эд хөрөнгийг авах зорилгоор хоолойг нь боож, ухаан алдуулж хүч хэрэглэн довтолж түүний хувцасны энгэрт байсан даалинтай халтар манан хөөрөг, Эл жи загварын гар утас, булган малгай, тортой барьж явсан гэх эмээлийн гөлөм, эмээлийн дөрөө сурны бүрээс, зургийн цомог зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч бусдад 1.540.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: Гэмт хэрэг зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Ц.Ч ын мэдүүлэг, гэрч С.Мөнхцэцэгийн мэдүүлэг, гэрч Ё.Отгонжаргалын мэдүүлэг, гэрч Г.Баярцогтын мэдүүлэг, гэрч Ч.Нацагдоржийн мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн ЧД2-22-676, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн ЧД2-22-750 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, хохирогч Ц.Ч ад эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгч Д.Ө ын мэдүүлэг зэрэг болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд шүүгдэгч Д.Ө :
Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Ө болон түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөн нар нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх байр суурьтайгаар оролцсон болно.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох баримтуудын тухайд:
Шүүгдэгч Д.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би тухайн үед авгайтайгаа муудалцаад гэртээ очихгүйгээр гадуур яваад хоёр хонож байсан. 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр автобусны буудал дээр тамхи авах гээд өнөөдөр гэртээ харьж эхнэрээсээ уучлалт гуйдаг юм уу гээд бодоод зогсож байсан. Тухайн үед Галаа болон Уранцэцэг хоёр над дээр хүрч ирсэн. Төв замын наана нэг хүн тасраад уначихсан байна, хэдүүлээ очъё гэж хэлсэн. Баяраагийн гэрээс 7-8 метрийн зайд газарт хажуу тийшээ хэвтэж байсан. Би Баярааг яаж таньдаг бэ гэхээр түүний эхнэр нь манай эхнэрийн арван жилийн ангийн охин юм... “Би очоод хүүе ахаа та босоорой, тасарчихсан юм уу? гэж асуухад, байж байгаарай ахыгаа өргөөд өг гэж хэлсэн. Би өргөх санаатай гараа өгөөд газар дээр суулгасан. Өвөрт нь нэг юм тэмтрэгдэх шиг болсон. Малгай нь газарт унасан байдалтай, дайлан, хөөрөг, цэнхэр өнгийн тор нь дотор зургийн альбом, дөрөөний сурны нэг өрөөсөн нь байсан. Тэгээд би явах гэж байхад хоёр эмэгтэй хүн ирээд наад хүн чинь яасан юм бэ гэж асуухад, сайн мэдэхгүй байна архи уусан бололтой гэж хэлсэн. Нэг эмэгтэй нь хүрч ирснээ цагдаа дуудаад өгчих гэж ярьж байсан. Нөгөө хоёр эмэгтэй дээр дахиад нэг эмэгтэй нэмэгдэж байсан. Би тухайн үед шууд зам гараад “LG” гэсэн хар өнгийн хохирогчийн гар утсаар Нацагаа руу залгахад н.Одбаярын дэлгүүрийн хажууд байна гэж хэлсэн. Удалгүй Нацагаатай уулзаад надад ийм гар утас байна авах уу?, гэхэд 30.000 төгрөг өгье, мөн чамайг гэрт чинь хүргээд өгье гэж хэлсэн. Гэхдээ би гэртээ очихгүйгээр айлд очсон. Би хохирогч гэх хүнээс авсан тортой эд зүйлийг н.Отгоогийн дэлгүүрт айлд очихоосоо өмнө тавьчихсан байсан. Маргааш өглөө нь 6 цагийн үед чамайг 7 буудлын хавиар хайгаад байгаад гэж н.Сүхээ надад хэлсэн. Чамайг хүний эд зүйл авч байгаа талаар камерт бичигдсэн байна гэж хэлсэн. Би тухайн үед тэгсэн, хүний эд зүйл авсан гэдгээ хэлсэн, тэр хавиар зөндөө олон камер байдаг учраас хүний эд зүйл авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Би н.Отгоогийн дэлгүүрт тавьсан байсан тортой эд зүйлийг буцааж өгсөн. Намайг цагдаагийн газарт аваачхад ковид туссан байна. Чамайг хүлээж авахгүй гэж хэлсэн. Коронагаа эдгээчхээд хүрээд ирээрэй гэж хэлсэн. Тэгээд би 6 сарын ял авсан. Ялаа эдлэж гарч ирээд Д.Ө ын хохирлыг төлж барагдуулах гээд самаранд явж ирээд л баригдсан. Яг ийм л зүйл болсон.” гэв.
Хохирогч Ц.Ч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэхдээ: “...2022 оны 2 дугаар сарын 13-ны орой 5 цаг өнгөрч байхад гэртээ юмаа оёод сууж байсан. Замын зүүн талын барилгын материалын дэлгүүрийн эзэн болох миний хуурай дүү над руу залгаад та хийж байгаа зүйлүүдээ аваад ирээрэй, танд гөлөм захиалж хийлгэмээр байна, манайд хөдөөнөөс найзууд ирсэн байна гэж хэлсэн. Би ер нь өөрийнхөө хийсэн зүйлүүдийнхээ зургийг нь дараад альбомтой хийдэг байсан учраас альбом болон дөрөө сурны бүрээсээ аваад цагаан сарынхаа шинэ дээлийг өмсөөд, энэ малгайгаа өмсөөд, өөрийнхөө даалин хөөргөө аваад хуурай дүүгийнхээ дэлүүрт очиж хүмүүстэй нь уулзсан. Манай хуурай дүүгийн найзууд нь надад гөлмөний захилга өгсөн. Батхүү гэдэг дэлгүүрийн эзэн залуу 1 сар орчим уулзаагүй юм чинь ах энэ 0.5 литрийн архийг гэртээ очоод уучхаарай гэж хэлээд өгсөн. Би дэлгүүрээс гараад явж байтал Баяраа машинаа гарааш руу оруулж байсан. Баяраа надтай мэндлээд ахаа манайд хөдөөнөөс хүмүүс ирсэн байгаа манайд оръё гэж хэлсэн. Улмаар Баяраагийн ороод Батхүүгийн өгсөн 0.5 литрийн архийг бүгдээрээ хувааж уучхаад гэр рүүгээ харих гээд Баяраагийн гэрээс гарч явсан. Баяраагийн хаалга нь төмөр торон хашаатай учраас хашааны хаалгыг түгжих гэж байтал намайг араас нэг хүн бариад авсан. Би бодохдоо Баяраагийн дүү нар тоглоод байгаа юм болов уу гэж бодсон. Тэр үйл явдлаас хойшхыг нь сайн санахгүй байна. Миний нүдэнд оч манараад байсан. Тэгээд сэртэл цагдаагийн машин ирсэн байсан. Цагдаа намайг та гайгүй гэж асуусан. Би ч гайгүй байсан болохоор гайгүй байна гэж хэлсэн. Таны бие гайгүй бол би сая 103 дугаарын утсанд дуудлага өгөөд түргэн дуудчихсан байсан. Яаралтай түргэн тусламжийг буцаалаа шүү гэж цагдаа надад хэлсэн. Баяраа ирээд манай гэрээр ороод гарсан ах байна гэж хэлсэн. Баяраагаас цагдаа та энэ хүний гэрийг мэдэх үү гэхэд мэднэ гээд Баяраа манай гэрийг зааж өгөөд Баяраа болон дуудлагаар ирсэн цагдаа нар намайг гэрт хүргэж өгсөн. Манай авгайд гар утасныхаа дугаарыг нэг цагдаа нь үлдээгээд явсан байсан. Маргааш өглөө нь цагдаа руу залгахад би жижүүрээс буугаад харих гээд явж байна. Та хорооныхоо цагдаа дээр очоорой гэж хэлсэн. Би хорооны цагдаа дээр очиход нэг дэслэгч залуу байсан алга болсон зүйлийнхээ үнийг тодорхой бичээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр очоорой гэж хэлсэн. Би гэртээ өргөдлөө бичих гээд сууж байхад Баяраа ороод ирсэн. Таны эд зүйлийг авсан хүнийг бараг олчихлоо. Манай ахыг боож унагаагаад өвөрт байсан эд зүйлийг аваад явчихжээ гээд төмөр зардаг хүмүүсээс асуухад. Өчигдөр орой Өнөрөө хөөрөг болон гар утас зарна гээд тортой эд зүйл барьчихсан явж байсан гэж хэлсэн. Тэгээд машинтай 7 буудлаар хайсан, хайгаад олоогүй учраас за ямартай ч өргөдлөө Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст өгье гээд өгчхөөд байж байтал, маргааш оройны 06 цагийн үед Баяраа над руу залгаад нөгөө Өнөрөө чинь энд явж байна шүү гэж хэлсэн. Та юмыг яаж мэдэх үү гээд таны эд зүйлийг авсан хүн таарах юм бол надад хэлээрэй гэж цагдаа хэлсэн учраас би цагдаа руугаа залгаад нөгөө Өнөрөө гэх залуу энд явж байна гэж хэлэхэд. Та хажуугаас нь битгий салаарай гэж хэлсэн. 7 буудлын хажууд байрлах Ойгон гэх дэлгүүрт Өнөрөө нэлэн халамцуу байсан. Баяраа чи манайхаар орсон хүний эд зүйлийг яаж байгаа юм бэ гэхэд энэ хүний эд зүйл нь байгаа гээд дэлгүүр рүү ороод хоёр том цүнх нь дотроос миний малгай, дөрөө сурын бүрээс, гөлмөний өрөөснийг зэргийг өгсөн. Би Д.Ө аас тал эд зүйлээ авчхаад байж байтал цагдаа нь өөрийнхөө приүс машинтайгаа явж байна. Би яаж энэ хүнийг машиндаа суулгах бэ?. Танд таксины мөнгө байна уу? гэж асуусан. Надад ч тухайн үед бэлэн мөнгө байгаагүй учраас замын хажуу талын барилгын материалын дэлгүүрээс ах нь зарим эд зүйлээ олчихлоо, нөгөө хүнийг нь таксинд суулгах гээд бэлэн мөнгө хэрэгтэй байна гээд 5000 төгрөг аваад таксины мөнгө өгсөн. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр очиход та маргааш өглөө Д.Ө аас авсан зүйлүүдээ аваад маргааш өглөө 9 цагт хүрээд ирээрэй гэж хэлсэн. Маргааш өглөө нь намайг яваад очиход Д.Ө ыг тавиад явуулчихлаа. Д.Ө нь ковид туссан байна. Түүнийг авах эрүүлжүүлэх ч олдохгүй байна, би ч гэсэн өвчин тусаад яах вэ гээд тавиад явуулчихлаа гэж хэлсэн. Тэр үйл явдлаас хойш Д.Ө олдохгүй байсаар байгаад 11 сар болсон. Саяхан 7 буудал дээр явж байхад ягаан өнгийн куртиктэй явж байхад нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн цагдаа руу залгаж эмэгтэй ахлах мөрдөгч рүү залгаж хэлсэн. Би цагдаа нартай хэлье гэж хэлсэн, улмаар Д.Ө ыг олж авсан байсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.Ө нь 2022 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 19 цагийн үед согтууруулах унааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 7 дугаар гудамжны 00 тоотын гадаа хохирогч Ц.Ч ын эд хөрөнгийг авах зорилгоор хоолойг нь боож, ухаан алдуулж хүч хэрэглэн довтолж түүний хувцасны энгэрт байсан даалинтай халтар манан хөөрөг, Эл жи (LG) загварын гар утас, булган малгай, тортой барьж явсан гэх эмээлийн гөлөм, эмээлийн дөрөө сурны бүрээс, зургийн цомог зэрэг эд зүйлсийг хууль бусаар авч бусдад 1.540.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бичгийн дараах нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 12 дахь тал),
Хохирогч Ц.Ч мэдүүлсэн “...Би 2022 оны 2 дугаар сарын 13-ны орой 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 7 буудлын автобусны буудлын ойролцоо байх Баяраагийнд архи ууж байгаад халамцуу гэртээ харихаар гарсан. Тэгээд Баяраагийн хашааны гадаа хаалгыг нь хаах гэж байсан чинь нэг хүн араас миний хүзүүнээс боогоод би тухайн хүний гарыг нь салгах гэж байгаад өөрөө ухаан алдаад уначихсан. Тэгээд сэрсэн чинь миний дээлийн өвөрт байсан хөөрөнгий дайлан, хөөрөг, гар утас, торонд хийгээд бариад явж байсан эмээлийн гөлмийн дэрс, дөрөөний сурны бүрээс, ажлын альбом, булган малгай зэрэг эд зүйлийг маань аваад явчихсан байсан. ...Маргааш нь намайг боосон гэх хүнийг хайгаад 7 буудлын хүнсний дэлгүүр орсон чинь миний тухайн үед алдсан зарим эд зүйлийг хар Өнөрөө буюу Д.Ө гэх хүн түр үлдээчихье гэж орж ирээд буцаад гарсан гэж дэлгүүрийн хүн надад хэлсэн. ...Надад ямар нэгэн гэмтэл бэртэл учирсан зүйл байхгүй, харин харин тухайн үед ухаан алдаад сэрэхэд миний хүзүү улайгаад хүзүүний дунд улаан туяа бүхий толбо болчихсон 2-3 хонож байгаад гайгүй болчихсон. ...Миний араас хоолйог боосон болохоор би хараагүй, гэхдээ тэр хүн ганцаараа явж байсан. Архи уусан байдалтай үнэртээд байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24, 26 дахь тал),
Гэрч С.Мөнхцэцэг мэдүүлсэн “...2022 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн үед манай нөхөр Ц.Ч нь гэрээсээ хүнд эмээлийн гөлөм, дэвс зэрэг эд зүйлсээ үзүүлэхээр өөрийн зарах эд зүйлээ аваад гарсан. Тэгээд орой 20 цаг өнгөрч байхад манай нөхөр өмсөж явсан хувцас нь шороо болсон, авч явсан эд зүйл, малгай, гар утас, хөөрөг зэрэг эд зүйлээ дээрэмдүүлчихсэн гэсээр гэртээ орж ирсэн... Манай нөхөр орой гэртээ орж ирэхдээ архи уусан халамцуу байсан, гэхдээ өөрийгөө бүрэн хянах чадвартай байсан. ...хүзүү хэсэг нь үл ялиг улайчихсан хүзүүний дунд хэсэгт улаан хүрэн өнгийн толбо болчихсон байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал),
Гэрч Ё.Отгонжаргал мэдүүлсэн “...2022 оны 2 дугаар сарын 13-ны орой яг цаг хэд болж байсныг санахгүй байна. Орой манай дэлгүүрт 7 буудал дээр архи уудаг Д.Ө гэх хүн орж ирээд түр эд зүйлээ үлдээчихье гээд орхиод гараад явсан ба удалгүй орж ирээд тухайн эд зүйл буцаагаад аваад авсан. Өнөрөө хэлэхдээ эхнэр гэрээс хөөгөөд хамаг юмаа аваад явж байна гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37-38 дахь тал),
Гэрч Г.Баярцогт мэдүүлсэн “...миний таньдаг Ц.Ч ах манай гэрт нэг шил архи барьж ирсэн. Тэгээд тэр архиа манайд байсан 2 хүнтэй хувааж уугаад Ц.Ч ах гэртээ харина гээд гараад явсан. Тэгээд би хэсэг байж байгаад бие засах гээд гэрээс гарахад Ц.Ч ах хашааны гадаа хамаг хувцас нь шороо болчихсон эд зүйлүүдээ алдчихлаа гээд зогсож байсан. Манайд нэг шил архи 2 хүнтэй хувааж уусан ба бага зэрэг согтуу байсан гэж бодож байна. Гэхдээ өөрийгөө хянах чадвартай байсан. ...Ц.Ч ахад бэртэж гэмтсэн зүйл анзаарагдаагүй, харин хүзүү нь жоохон улайсан байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал),
Гэрч Ч.Нацагдоржийн мэдүүлсэн “...Би 2022 оны 2 сард өдрийг нь сайн санахгүй байна. Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт таксинд явж байхад орой Д.Ө гэх хүн ирээд гэрт хүргээд өгөөч гэхээр нь эхлээд мөнгөө өг гэсэн. Тэгээд надад нэг хар өнгөтэй гар утас өгөөд гэрт хүргээд дээр нь 30.000 төгрөг өгчих гэж хэлсэн ба би зөвшөөрөөд гэрт нь хүргэж өгөөд 30.000 төгрөг өгсөн. ...гар утсыг 2-3 хоногийн дараа 35000 төгрөг буцааж өгөөд Д.Ө өөрөө буцаагаад аваад явсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал),
Яллагдагч Д.Ө ын мэдүүлэг (хавтаст хэргийн 133-134 дэх тал),
“Дамно” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Дугаар ЧД2-22-676 хөрөнгийн үнэлгээний тайлан “...Үнэлгээгээр тогтоогдсон дүн 1.125.000 төгрөг” (хавтаст хэргийн 70-71 дэх тал),
“Дамно” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Дугаар ЧД2-22-750 хөрөнгийн үнэлгээний тайлан “Үнэлгээгээр тогтоогдсон дүн 415.000 төгрөг” (хавтаст хэргийн 74-75 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хэлбэр, сэдэлт, санаа зорилго, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн тухайд:
Шүүгдэгч Д.Ө нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна. Шүүгдэгч Д.Ө нь дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрт эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, шунахайрах сэдэлттэйгээр үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй юм.
Шүүгдэгч Д.Ө , түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөн нар нь шүүхийн хэлэлцүүлэгт оролцохдоо прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн хувьд хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, гэмт хэргийг үйлдэхдээ хохирогчийн эсрэг хүч хэрэглэсэн довтолгоон хийгээгүй, бусдын эд зүйлсийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан гэж тайлбарлан маргажээ.
Тухайлбал шүүгдэгч Д.Ө нь “...дугуй засварын хажуу талд нэг үл таних дээлтэй хүн газар унасан хэвтэж байсан юм. Тэгэхээр нь тухайн хүн дээр очиход улаан дээлтэй 50 орчим насны эрэгтэй хүн согтуу тасарсан байдалтай газарт хэвтэж байсан ба хажууд нь булган малгай газарт уначихсан мөн цэнхэр өнгийн тортой эд зүйл байсан ба уг торон доторхийг харахад зургийн альбом нэг ширхэг эмээлийн дэрс нэг ширхэг эмээлийн дөрөөний бүрээс нэг ширхэг зэрэг байсан. Тэгээд газар унасан байсан малгайг нь торонд хийчихээд нөгөө хүнийг босоорой гээд дуудахад уг хүнийг өргөж өндийлгөөд дугуй засварын байшин налуулж суулгах үед өвөрт нь юм тэмтрэгдсэн юм. Тэгэхээр нь би уг хүнийг суулгачихаад өвөрт байсан эд зүйлийг үзэхэд “LG” маркийн гар утас хөөрөгний даалин байсан ба түүн дотор толгойгүй бага гарын хар өнгийн хөөрөг нэг ширхэг байсан. Тэгэхээр нь би уг хүний эд зүйлсийг аваад нөгөө хүнийг үлдээгээд явчихсан юм“ гэж мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар, “...Би очоод хүүе ахаа та босоорой, тасарчихсан юм уу? гэж асуухад, байж байгаарай ахыгаа өргөөд өг гэж хэлсэн. Би өргөх санаатай гараа өгөөд газар дээр суулгасан. Өвөрт нь нэг юм тэмтрэгдэх шиг болсон. Малгай нь газарт унасан байдалтай, дайлан, хөөрөг, цэнхэр өнгийн тор нь дотор зургийн альбом, дөрөөний сурны нэг өрөөсөн нь байсан. ...Би тухайн үед шууд зам гараад “LG” гэсэн хар өнгийн хохирогчийн гар утсаар Нацагаа руу залгахад н.Одбаярын дэлгүүрийн хажууд байна гэж хэлсэн. Удалгүй Нацагаатай уулзаад надад ийм гар утас байна авах уу?, гэхэд 30.000 төгрөг өгье, мөн чамайг гэрт чинь хүргээд өгье гэж хэлсэн. Гэхдээ би гэртээ очихгүйгээр айлд очсон. Би хохирогч гэх хүнээс авсан тортой эд зүйлийг н.Отгоогийн дэлгүүрт айлд очихоосоо өмнө тавьчихсан байсан” гэж шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр тус тус мэдүүлжээ.
Шүүгдэгч Д.Ө нь хэдийгээр хохирогч Ц.Ч ын хоолойг боогоогүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэж өөрийн биеийг хамгаалах, үйлдлээ удирдан жолоодох чадваргүй байх үед нь эд зүйлийг авсан гэж мэдүүлж байх боловч хохирогч Ц.Ч ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...Баяраагийн хашааны гадаа хаалгыг нь хаах гэж байсан чинь нэг хүн араас миний хүзүүнээс боогоод би тухайн хүний гарыг нь салгах гэж байгаад өөрөө ухаан алдаад уначихсан. Тэгээд сэрсэн чинь миний дээлийн өвөрт байсан хөөрөнгий дайлан, хөөрөг, гар утас, торонд хийгээд бариад явж байсан эмээлийн гөлмийн дэрс, дөрөөний сурны бүрээс, ажлын альбом, булган малгай зэрэг эд зүйлийг маань аваад явчихсан байсан” гэх мэдүүлэг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Ч мэдүүлэхдээ “...Баяраагийн гэрээс гарч явсан. Баяраагийн хаалга нь төмөр торон хашаатай учраас хашааны хаалгыг түгжих гэж байтал намайг араас нэг хүн бариад авсан. Би бодохдоо Баяраагийн дүү нар тоглоод байгаа юм болов уу гэж бодсон. Тэр үйл явдлаас хойшхыг нь сайн санахгүй байна. Миний нүдэнд оч манараад байсан. Тэгээд сэртэл цагдаагийн машин ирсэн байсан“ гэх мэдүүлэг зэргээс гадна энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлсэн гэрч С.Мөнхцэцэг мэдүүлсэн “...Манай нөхөр орой гэртээ орж ирэхдээ архи уусан халамцуу байсан, гэхдээ өөрийгөө бүрэн хянах чадвартай байсан. ...хүзүү хэсэг нь үл ялиг улайчихсан хүзүүний дунд хэсэгт улаан хүрэн өнгийн толбо болчихсон байсан” гэх мэдүүлэг, гэрч Г.Баярцогт мэдүүлсэн “...бие засах гээд гэрээс гарахад Ц.Ч ах хашааны гадаа хамаг хувцас нь шороо болчихсон эд зүйлүүдээ алдчихлаа гээд зогсож байсан. ...Ц.Ч ахад бэртэж гэмтсэн зүйл анзаарагдаагүй, харин хүзүү нь жоохон улайсан байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Ө ын мэдүүлсэн мэдүүлэг үгүйсгэгдэж байна гэж дүгнэв. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч өөрт нь хүч хэрэглэсэн талаар мэдүүлсэн бол гэрчүүд хохирогчийн мэдүүлэгт дурьдагдсанаар хоолойг боосон ул мөрийг харсан талаараа мэдүүлсэн байна. Иймд дээрх нотлох баримтуудаас дүгнэн үзвэл хохирогч Ц.Ч ын эд зүйлсийг авсан үйлдлийн аргын талаар маргаж буй шүүгдэгч Д.Ө ын тайлбар мэдүүлэг, өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөнгийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх талаар гаргаж буй өмгөөллийн үг зэрэг нь няцаагдаж байх тул хүлээн авах үндэслэлгүй юм.
Прокуророос шүүгдэгч Д.Ө ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Дээрэмдэх гэмт хэргийн дээрх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь хохирогчийн өмчлөх эрх болон халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдсан довтолгоон хийгдсэнээр бүрдэл төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Д.Ө ын хувьд хохирогчийн эд хөрөнгийг авахаар хоолойг нь боох замаар довтолж эсэргүүцлийг даран, улмаар эд зүйлийг илээр авч буй үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна гэж шүүх дүгнэсэн болно.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Ө ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор “Дамно” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Дугаар ЧД2-22-676 хөрөнгийн үнэлгээний тайлан “...Үнэлгээгээр тогтоогдсон дүн 1.125.000 төгрөг” (хавтаст хэргийн 70-71 дэх тал), “Дамно” ХХК-ийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн Дугаар ЧД2-22-750 хөрөнгийн үнэлгээний тайлан “Үнэлгээгээр тогтоогдсон дүн 415.000 төгрөг” (хавтаст хэргийн 74-75 дахь тал), хохирогч Ц.Ч ад эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл” (хавтаст хэргийн 79 дэх тал) зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Ц.Ч ын хоолойг боож эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл тогтоогдож байх боловч эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой баримт хэрэгт авагдаагүй, хохирогч энэ талаар хохирол нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Хохирогч Ц.Ч ад нийт 1.540.000 /нэг сая таван зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Д.Ө нь 210.000 төгрөгийн үнэ бүхий булган малгай, 55.000 төгрөгийн үнэ бүхий эмээлийн дэрс, 50.000 төгрөгийн үнэ бүхий эмээлийн дөрөө сурны бүрээс, 15.000 төгрөгийн үнэ бүхий зургийн цомог зэрэг нийт 330.000 төгрөгийн эд зүйлийг хохирогчид буцаан өгч, 1.210.000 /нэг сая хоёр зуун арван мянга/ төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Д.Ө аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлд зааснаар 1.210.000 /нэг сая хоёр зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Боржигон овогт Цэрэндондовын Ц.Ч /РД:СШ67052510/-д олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Ө болон түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрмөрөн нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хохирол нөхөн төлөх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаагүй болно.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.Ө д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал, өмгөөлөгчийн өмгөөллийн үг зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Д.Ө нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжтэйгээр үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, мөн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь урьдаас төлөвлөсөн, гэмт үйлдэл хийгдэхээс өмнө гэмт этгээд гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлт, зорилгыг өөрийн дотоод ухамсарт бий болгож гэмт хэрэг үйлдэх арга зэргийг сонгосон байдгаараа урьдаас төлөвлөсөн шинжтэй байх тул шүүгдэгч Д.Ө ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдохгүй, мөн энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжтэйгээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн бол 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан, мөн шүүгдэгч Д.Ө нь хэдийгээр гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлж байх боловч ямар эх үүсвэрээс хэрхэн төлөх нь тодорхойгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтанд зааснаар хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулахад шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн байхыг шаардах тул дээрх зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Д.Ө нь урьд хулгайлах, дээрэмдэх зэрэг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдэд, мөн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгэгдсэн хувийн байдалтай байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчимд эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж, мөн эрүүгийн хариуцлагын зорилгыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж тус тус заасан тул шүүгдэгч Д.Ө ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд удаа дараа ял шийтгүүлсэн хувийн байдал, гэм буруугийн талаар маргасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж улсын яллагчааас санал болгосон ялын саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Ө д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч Д.Ө д Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Дугаар 2022/ШЗ/263-я тоот захирамжаар яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэснээс хойш түүний нийт цагдан хоригдсон 40 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Д-н Ө /РД:ХХ000000/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Ө ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.Ө аас 1.210.000 /нэг сая хоёр зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Боржигон овогт Цэрэндондовын Ц.Ч /РД:СШ67052510/-д олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө ын цагдан хоригдсон нийт 40 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Д.Ө нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Ө ын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, прокурор, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ө д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР