Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2025/0587

 

Д.Э-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Илтгэгч шүүгч М.Цэцэгмаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Д.Э, түүний өмгөөлөгч Н.О

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Э

Хариуцагч Х аймгийн Засаг дарга,

Хариуцагч Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Х аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Сумын Засаг дарга Д.Э-ыг огцруулах тухай” 3/** дугаар тогтоол, Х аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Б сумын Засаг даргыг огцруулах тухай” Б/** дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, Б сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүх хурал болтол ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 125/ШШ2025/0045 дугаар шийдвэр

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.Э

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О

Хариуцагч Х аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э

Хариуцагч Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Д

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Э

Гуравдагч этгээд Ж.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Ө

Хэргийн индекс: 125/2025/0026/З

ТОДОРХОЙЛОХ нь:

   1. Нэхэмжлэгч Д.Э нь Х аймгийн Засаг дарга, Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад тус тус холбогдуулан “Х аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Сумын Засаг дарга Д.Э-ыг огцруулах тухай” 3/** дугаар тогтоол, Х аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Б сумын Засаг даргыг огцруулах тухай” Б/** дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, Б сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүх хурал болтол ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.

2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 45 дугаар шийдвэрээр “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, 64.2.3, 65 дугаар зүйлийн 65.2, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Д.Э, түүний өмгөөлөгч Н.О нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан. Үүнд:

3.1 “...Намайг ажлаас чөлөөлсөн хуулийн үндэслэл болох Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т заасан үндэслэл бий болоогүй. Х аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэсэн зүйл байхгүй. Мөн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тухайн хурал дүгнэсэн нэг ч зүйл байхгүй. Мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар Хурлын хороо 65.1.1, 65.1.2-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн, санал гаргасан зүйл байхгүй, хурал мөн дүгнээгүй. Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д зааснаар төсвийн ерөнхийлөн захирагч тухайн жилийн төсвийн тухай хуульд заасан зардлыг хэтрүүлсэн, алданги зөрүүлсэн, зориулалт бусаар ашигласан гэж хурлын хороо дүгнээгүй. Гэхдээ хурал дүгнэх эрх байхгүй. Зөвхөн төрийн аудит болон дотоод аудит дүгнэлт гаргах ёстой байсан.

3.2 Х аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын маргаан бүхий тогтоолд Засаг даргын зөвлөх томилж цалинжуулсан, залуучуудын хөтөлбөрийн төсвийг зориулалтын бус зарцуулсан гэж дүгнэсэн. Залуучуудын хөтөлбөрийн төсвийг зориулалт бусаар зарцуулсан гэж үзвэл Авлигатай тэмцэх газар эсхүл Төрийн болон дотоод аудит дүгнэлт гаргаж акт гаргах ёстой байсан. Сумын Засаг дарга зөвлөх авч ажиллуулах эрхтэй. Хуулиар зөвлөх авч ажиллуулж болохгүй гэж хориглосон зүйл байхгүй.

3.3 Засаг даргыг огцруулж, чөлөөлөхөд Захиргааны ерөнхий хууль хамаарахаар байгаа бөгөөд уг хуулийг 27 дугаар зүйлд заасны дагуу заавал сонсох ажиллагаа явуулах ёстой байсан боловч хариуцагч тал сонсох ажиллагаа хийгээгүй, сонсох ажиллагаа хийсэн бол нэхэмжлэгч Д.Э нотлох баримт гаргаж өгөх, өөрийн эрх ашгийг хамгаалах боломжтой байсан. Х аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал маргаан бүхий тогтоол гаргахдаа шууд огцруулсан гэтэл Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-д зааснаар Б сумын Засаг дарга Д.Э-ыг огцруулах асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэхийг дэмжиж гарын үсэг зурсан төлөөлөгчид гэх гарчигтай байгаа боловч 65.1.1, 65.1.2-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн, санал гаргасан зүйлийг хавсаргаагүй.

3.4 Сумын Засаг дарга Д.Э-д өгсөн урилгат 2 хэлэлцэх асуудал бичигдсэн бөгөөд уг урилгат сумын Засаг даргыг огцруулах асуудал байхгүй байсан. Шүүх Монгол Улсын дээд шүүхийн тайлбар, зөвлөмж, хуулийг баримтлах ёстой. Намайг огцруулсан тогтоол хурал дээр уншсан тогтоолоос өөрөөр буюу тогтоол гаргахдаа хуулиа засаж, тогтоолоо засаж бичсэн байсан. Хурал дээр уншсан тогтоолоор Д.Э намайг шууд огцруулсан, дээд шатны Засаг даргад уламжлахаар заагаагүй, төсвийг зориулалтын бусаар зарцуулсан гэж тогтоолд дурдалгүйгээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулсан. Дараа нь батлуулсан тогтоолоо өөрчилж өөрөөр тогтоолоо бичсэнд гомдолтой байна.

3.5 Иймд Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 45 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, Д.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

4. Хариуцагчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээд нар давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг гаргасан.

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Хэргийн үйл баримтын тухайд;

3. Х аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн А/** дугаар захирамжаар Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит III хуралдааныг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 0900 цагт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны өрөөнд хуралдуулахаар товлосон байна.

4. 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т заасныг үндэслэн Б сумын Засаг дарга Д.Э-ыг огцруулах асуудлыг хэлэлцүүлэх” саналыг нэр бүхий 10 төлөөлөгч дэмжиж, гарын үсэг зурж Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлжээ.

5. Х аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж, III хуралдаанд Хурлын 21 төлөөлөгчөөс 19 төлөөлөгч хүрэлцэн ирж хурлын ирц 90.4 хувьтай хуралдаан эхэлж, 3/01 дүгээр “Хэлэлцэх асуудал, дотоод журам, үйлчлэх ажлын албадыг батлах” тогтоолын 1-р хавсралтаар Хуралдаанаар 7 асуудал хэлэлцэхээр баталсан бөгөөд уг жагсаалтын 7-д Сумын Засаг дарга Д.Э-ыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр тусгагдсан байна. 

6. Ингээд III хуралдаанаар “Сумын Засаг дарга Д.Э-ыг огцруулах тухай” асуудлыг хэлэлцээд, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3/** дугаар тогтоолоор “Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх заалтыг зөрчиж Засаг даргын зөвлөх томилж, цалинжуулсан, залуучуудын хөтөлбөрийн төсвийг зориулалтын бус зарцуулсан сумын Засаг дарга Д.Э-ыг хуралдаанд оролцсон 19 төлөөлөгчийн 14 нь буюу 73,6 хувийн саналаар огцруулж”, аймгийн Засаг даргад уламжилсан байна.

7. Улмаар Х аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Б сумын Засаг даргыг огцруулах тухай” Б/** дугаар захирамжаар Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 3/** дугаар тогтоол, ...огцруулах санал ирүүлсэн тул Д.Э-ыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон Б сумын Засаг даргын албан тушаалаас огцруулж” шийдвэрлэжээ.

Хууль, эрх зүйн зохицуулалтын хувьд;

8. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.9-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож, тогтоолоор батална”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 47.2-д “Энэ хуулийн 47.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос ажлын хоёр өдрийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж тус тус заажээ.

9. Хуулийн эдгээр зохицуулалтаас үзэхэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дэгийг өөрсдөө тогтоож, Хуралдаанаар хэлэлцэх асуудал тодорхой байх, Хурлын төлөөлөгч хуралдаанд ямар асуудлаар таслах эрхтэй оролцож байгаагаа урьдчилан мэдэх, түүнд холбогдох баримт, судалгааг урьдчилан төлөөлөгч нарт тараасан байх, эдгээр үйл ажиллагаа зохих ёсоор хэрэгжээгүй бол тухайн асуудлыг Хуралдаанаар хэлэлцэхгүй байх агуулгатай байна.

10. Б сумын Засаг дарга Д.Э-ыг огцруулах асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэхээр нэр бүхий 10 төлөөлөгч санал гарган 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлсэн болох нь “Ирсэн бичгийн бүртгэл”-ийн дэвтрээр тогтоогдсон, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаан болохоос ажлын гурван өдрийн өмнө уг Хурлаар хэлэлцэх асуудлууд, санал, холбогдох материалуудыг Төлөөлөгч нарт тараасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

11. Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн III хуралдааны тэмдэглэлээс үзвэл “...Сумын Засаг дарга огцруулах тухай асуудлыг хэлэлцэж сумын Засаг дарга Д.Э-ыг Хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн, нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбоотой хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэж, Хуралдаанд оролцсон 19 Төлөөлөгчдийн 14 нь буюу 73,6 хувийн саналаар огцруулах”-аар шийдвэрлэн 3/** дугаар тогтоолоор аймгийн Засаг даргад уламжлан хүргүүлсэн байх ба энэ Хурлын зохион байгуулалт, үйл ажиллагаа нь дээр хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2-д заасантай нийцжээ. 

12. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Засаг даргад дараах үндэслэлээр хариуцлага тооцно”,65.1.2-д “нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тухайн Хурал дүгнэсэн”, 65.2-т “Энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэл бий болсон гэж Хурлын төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүй нь үзэж гарын үсэг зурсан бол Хурал 15 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж, Засаг даргыг огцруулах, эсхүл түүнд сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайдад нийт төлөөлөгчдийн олонхын саналаар тавьж шийдвэрлүүлнэ” гэж тус тус заасан.

13. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарын гаргасан “сумын Засаг даргыг огцруулах” асуудлыг хэлэлцүүлэх санал нь Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах тулХ аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн III хуралдааны товыг зарлаж, хуралдаанд оролцсон төлөөлөгч нарын олонхын саналаар сумын Засаг дарга Д.Э-ыг огцруулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

14. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд “...Х аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэсэн зүйл байхгүй. Мөн нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хүн амын амьдралын асуудалтай холбогдох хуулиар хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тухайн хурал дүгнээгүй” гэсэн нь үндэслэлгүй.

15. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-д “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна”, 64.2.3-д “энэ хуулийн 65.1.1, 65.1.2-т заасан үндэслэлээр Хурал түүнийг огцруулах санал гаргасан”, 64.4-д “Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 64.2.3-т заасныг баримтлан гаргасан тухайн Хурлын саналын дагуу Засаг даргыг огцруулах шийдвэрийг 14 хоногийн дотор гаргана. ...”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж зааснаар аймгийн Засаг даргад  доод шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан “сумын Засаг даргыг огцруулсан” шийдвэрийг хэрэгжүүлэх эрхийг ямар нэгэн шалгуургүйгээр олгосон байх бөгөөд огцруулах үндэслэл шалтгаан, чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлсэн, биелүүлсэн эсэхийг хянахгүй.

16. Анхан шатны шүүхийн “...Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн этгээд болохын хувьд сумын Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэх, огцруулах талаар гарсан саналыг баталгаажуулж эрх бүхий этгээдэд уламжлах хуулиар тогтоосон бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Засаг дарга чиг үүргээ хангалттай хэрэгжүүлсэн эсэх талаар хуралдаанаар хэлэлцүүлэх тохиолдолд энэ талаарх санал, түүнтэй холбоотой судалгаа тооцоо, шийдвэрийн төслийг хуралдаан болохоос ажлын хоёр хоногийн өмнө төлөөлөгчдөд тараах хуулийн зохицуулалтыг мөрдөхөөс гадна Засаг дарга ямар чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлсэн эсэх талаар хуралдаанаар хэлэлцүүлж, Засаг даргад тайлбар гаргах боломжийг олгох үүрэгтэй бөгөөд дээрх үүргээ хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлсэн тохиолдолд тухайн шийдвэрийг зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

17. Захиргааны хэргийн шүүх нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрхэн хэрэгжүүлснийг хянахдаа гагцхүү шийдвэр гаргаж ажиллагаа хуульд заасан журмыг баримталсан эсэхийг хянах бөгөөд тухайн Хурлын Төлөөлөгчдийн олонхын саналаар шийдвэрлэсэн буюу Засаг даргыг огцруулах асуудлын хүрээнд чиг үүргээ хэрэгжүүлсэн эсэхтэй холбогдон гарсан улс төрийн шийдвэрт дүгнэлт өгөхгүй.

18. Нэхэмжлэгчийн “...Засаг даргыг огцруулж, чөлөөлөхөд Захиргааны ерөнхий хууль хамаарахаар байгаа бөгөөд уг хуулийг 27 дугаар зүйлд заасны дагуу заавал сонсох ажиллагаа явуулах ёстой байсан боловч хариуцагч тал сонсох ажиллагаа хийгээгүй, сонсох ажиллагаа хийсэн бол нэхэмжлэгч Д.Э нотлох баримт гаргаж өгөх, өөрийн эрх ашгийг хамгаалах боломжтой байсан” гэх давж заалдах гомдлын тухайд:

19. Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-д “Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” гэж заасан, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд Засаг даргыг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө “огцруулах” үндэслэл, журам, шийдвэрлэх байдлыг тусгайлан зохицуулсан, дээр дурдсанаар Хурлаас гаргасан “огцруулах” саналыг “хянах” дээд шатны Засаг даргын эрх хэмжээ нь Хурлын санал хуульд нийцсэн эсэх хүрээгээр хязгаарлагдах бөгөөд “огцруулах” эсхүл “эс огцруулах”-аар шийдвэрлэх бүрэн эрхийг аймгийн Засаг даргад ямар нэгэн шалгуургүйгээр олгосон байна.

20. Х аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Д.Э-ыг “огцруулах”-аар шийдвэрлэхдээ түүнээс урьдчилан тайлбар аваагүй, санал гаргах боломж олгоогүй нь хууль зөрчсөн гэж үзэхгүй, тухайн тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг хариуцагч аймгийн Засаг даргаас хэрэгжүүлэх үүрэггүй тул энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй.

21.Иймд анхан шатны шүүх маргаан бүхий актын үндэслэл, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн талаар зөв дүгнэсэн байх ба шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон  нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой бичээгүй орхигдуулсан байх тул өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Д.Э, түүний өмгөөлөгч Н.О нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 45 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, 64.2.3, 65 дугаар зүйлийн 65.2, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, 64.2.3, 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.2, 65.2, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Э-ын “Х аймгийн Б сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн “Сумын Засаг дарга Д.Э-ыг огцруулах тухай” 3/** дугаар тогтоол, Х аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Б сумын Засаг даргыг огцруулах тухай” Б/** дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, Б сумын Засаг даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүх хурал болтол ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Э, түүний өмгөөлөгч Н.О нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БААТАРХҮҮ

 

                           ШҮҮГЧ                                           Т.ЭНХМАА

 

                        ШҮҮГЧ                                            М.ЦЭЦЭГМАА