Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 80

 

            Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, шүүгч Н.Нарантуяа, Б.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Э.Цэнд-Аюушид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201601070170 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                            Л.Отгончимэг

Иргэдийн төлөөлөгч                                Б.Туул

Улсын яллагч                                            Х.Эрдэнэтуяа

Хохирогч                                               Я.Отгонбат

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч   Я.Батсайхан

Хохирогчийн өмгөөлөгч                         Д.Цолмон

Шүүгдэгчийн  өмгөөлөгч                        Н.Болормаа

Шүүгдэгч                                               Э.Цэнд-Аюуш

Шинжээч эмч                                            Т.Амартүвшин нар оролцов.

           Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн, 1974 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Налайх дүүрэгт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, группт, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Хуцаагийн 21 дүгээр гудамжны 6 тоот хашаанд оршин суух, Багануур дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, Алагчууд овгийн Энэбишийн Цэнд-Аюуш /РД: УЕ74092971/

             Шүүгдэгч Э.Цэнд-Аюуш нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны орой 16-17 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Нарийны 20 дугаар гудамжны 26 тоот хашаанд Ж.Цоодолын гэрт Х.Отгонбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, зодолдон, улмаар түүний зүүн нүдийг хараагүй болгож, бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Э.Цэнд-Аюушийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 6 дугаар сарын 22-ны орой би урд талынхаа айл болох Цоодолын гэрт Цоодол, Цоодолын эхнэр Тэгшжаргал, Зоригоо ах нарын хамт 1 шил архи хувааж уугаад сууж байтал Цоодол, Зоригоо ах хоёр унтаад өгсөн. Тэгшжаргал бид хоёр сууж байтал гаднаас Отгонбат ороод ирсэн. Отгонбатыг орж ирэхэд манай эхнэр орж ирээд намайг” гэртээ хариач, хүүхэд чинь уйлаад байна, хүүхдийнхээ даавууг угаа” гэж хэлчихээд зөрөөд гарсан. Тэгээд бид хоёр ойр зуурын яриа өрнүүлж ажил төрөл асуугаад, сонгуулийн сурталчилгаа хийж байгаа гэж хэлсэн чинь “чи ардын намын бууны нохой юм биш үү” гэж хэлсэн. Бид хоёр нэлээн маргалдаж, Отгонбат намайг цохиод авсан, бид хоёр ноцолдсон. Тэгсэн Галбадрах гарч яваад удаагүй манай эхнэрийг дагуулаад ирсэн. Эхнэр намайг дагуулаад гарсан.  Маргааш нь Хуцаагийн 14 дүгээр гудамжинд байдаг “Эмээгийн дэлгүүр”-ийн тэнд Отгонбаттай очиж уулзахад Цоодол, Тэгшжаргал нар хамт байсан. Өчигдөр муухай юм болсон байна, уучлаарай, эр хүн шиг салъя гээд архи авч өгч чадахгүй нь би хөдөө явах гэж байна гээд байсан 10.000 төгрөгөө Отгонбатад өгчихөөд явсан. Түүнээс хойш уулзаагүй. Тэгээд 6 дугаар сарын 29-нд Отгонбатын эгч Батсайхан манайд ирээд намайг хотод очиж, Отгонбаттай уулз гэж хэлсэн. Би 6 дугаар сарын 30-нд хот явж Отгонбаттай утсаар ярихад “би уулзаж чадахгүй, босч чадахгүй байгаа, эгчтэй уулзаж тохир” гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр уулзаж чадаагүй, 7 сарын 1-нд эмнэлэг дээр нь очиход утас дугарч цагдаагийн газраас ярьж, ирж уулз гэхээр нь унаанд суугаад Багануурт ирсэн…” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

         Хохирогч Я.Отгонбатын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн үед би Цоодолынд ороход Цоодол тасраад унтаж байсан. Цоодолын эхнэр Тэгшбаяр, Цэнд-Аюуш хоёр 0.75 литрийн Ерөөл архи уугаад сууж байсан. Тэгтэл Цэнд-Аюуш надад “чи хүн гэртээ оруулдаггүй, надад нэг шил архи аваад өгдөггүй” гэхээр нь би “чамд яахаараа архи авч өгдөг юм бэ” гэхэд миний нүүр рүү хундагатай архиа цацсан. Тэгтэл миний нүд рүү архи орохоор нь нүдээ нухаад зогсож байтал Цэнд-Аюуш намайг багалзуурдаад миний дээр гараад сууж байгаад миний зүүн нүдийг хуруугаараа хатгаж гэмтээсэн. Тэгэхэд нь би ухаан алдсан. Нэг сэрэхэд Тэгшбаяр Цэнд-Аюушийг эхнэрт нь өгөөд явуулсан гэж байсан. Тэгээд гэртээ хариад байж байхад зүүн нүд маань аргаад өвдөөд байхаар нь 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн үдээс хойш нүдний эмч Ганчимэг дээр очиж нүдээ үзүүлэхэд миний нүдийг дурангаар хараад “чи хурдан Улаанбаатар ор” гэж хэлээд 13а бичиж өгөөд намайг явуулсан. Тэгээд би 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хотод очоод хагалгаанд орсон. Миний нүд урьд нь өвдөж байгаагүй. Би Цэнд-Аюушид маш их гомдолтой байна... Зүүн гараараа багалзуурдаж, баруун гараараа нүд рүү хатгаж ухсан. Бидэнд өс хонзон байхгүй, нүд эмчлүүлж байсан зүйл байхгүй, миний картан дээр бүгд бичээстэй байгаа. Баруун нүд 1 метр дотор харна, зүүн нүд юм харахгүй байгаа. Зүүн нүдний цөцгий гоожсон, тал нь цус хуралттай байгаа… Цэнд-Аюуш намайг уучлаарай гээд 10.000 төгрөг өгөөд явсан… сая 1.500.000 төгрөг өгсөн. Одоо 4.900.000 төгрөг байвал дахин хагалгаанд орох шаардлагатай байгаа. Цаашид гарах эмчилгээнийхээ төлбөрийг тухайн үед нь нэхэмжилнэ…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Б.Тэгшбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын сүүлээр цаг хугацааны хувьд сайн санахгүй байна. Оройн 20 цагийн үед манай нөхөр Цоодол тасраад унтчихсан. Би бас жаахан архи уугаад унтаж байтал манай хашааны ард байдаг Цэнд-Аюуш 0.75 литрийн Ерөөл архи бариад орж ирсэн. Тэр архийг нь уух гээд сууж байтал Отгонбат нэлээд согтуу орж ирсэн. Тэгсэн чинь Цэнд-Аюуш, Отгонбатыг “чи гэртээ хүн оруулдаггүй, архи авч өгдөггүй” гээд байсан. Цэнд-Аюуш, Отгонбат хоёр манай гэрт муудалцаад зууралдаад байсан. Нэг харсан чинь Цэнд-Аюуш Отгонбатын дээр гараад сууж байсан. Тэгэхээр нь би тэднийг болиулах гээд дийлээгүй. Манай хүү Шонхоо гаднаас орж ирэхээр нь Цэнд-Аюушийн эхнэрийг дууд гэсэн. Удалгүй эхнэр нь ирээд Цэнд-Аюушийг аваад явсан. Отгонбат нь манайд сууж байгаад гараад явсан. Отгонбат Цэнд-Аюуш миний нүд рүү гараа хийчихлээ гээд нүдээ нухаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

Гэрч Я.Батсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр би төрсөн дүү Я.Отгонбатынд очиход Отгонбатын хоёр нүд улайчихсан, хар нүдний шил зүүчихсэн сууж байсан. Тэгэхээр нь Отгонбатаас юу болсон талаар асуухад юу ч болоогүй гээд хэлэхгүй байсан. Дахин тодруулж асуухад “Цэнд-Аюуш гэх хүн урд айлд байхад миний хоёр нүдийг гэмтээчихлээ” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь Улаанбаатар хот явж 1 дүгээр эмнэлэгт хагалгаанд орсон. Одоогоор дүү Отгонбатын нүд юм харахгүй, толгойгоор нь хатгаж өвдөөд байнгын өвчин намдаах эм хэрэглэж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Гэрч Т.Галбадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай гэрийн хойд талын хашаанд амьдардаг Цэнд-Аюуш ах нэг шил архи аваад манай гэрт орж ирсэн. Цэнд-Аюуш ах манай ээж Тэгшбаяртай уг авчирсан архиа хувааж ууж байсан. Тэгэхээр нь би “гэрт архи уулаа” гээд уурлаад гараад явсан. Тэгээд нэг их удалгүй гэрт буцаад орсон чинь Цэнд-Аюуш ах манай гэрийн баруун орон дээр Отгонбат ахын дээр нь гараад хэрэлдээд, заамдчихсан сууж байсан. Ээж намайг Цэнд-Аюуш ахын эхнэрийг дууд гэхээр нь би эхнэрийг нь дуудахад эхнэр нь ирээд Цэнд-Аюуш ахыг аваад явсан. Отгонбат ах нүдээ нухлаад нүд рүү хатгачихлаа гээд нүдээ дараад сууж байгаад харьлаа гээд гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Гэрч Ж.Цоодолын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Цэнд-Аюуштай зодолдсоны маргааш Отгонбат манайд орж ирэхэд нүд нь улайсан байсан. Зүүн нүд тороод нулимс гоожоод байна гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

Гэрч Б.Ганчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын сүүлээр Я.Отгонбат цахимд бүртгүүлэлгүй шууд над дээр ирээд “хүнтэй муудалцсан чинь нүдийг минь ийм болгочихлоо” гэхээр нь аппаратаар харахад зүүн нүдэнд нь цус хуралт нэлэнхүйдээ, салст урагдсан байсан. Тэгэхээр нь би эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх эрхийн бичиг хийж өгөөд, “маш яаралтай Улаанбаатар хот яв” гэж хэлээд явуулсан. Я.Отгонбатын нүдний гэмтэл шинэ гэмтэл байсан. Нүүр ам нь одоо бодохоор улаан эрээн шархтай байсан. Надад архи ууж байгаад хүнтэй муудалцаад нүдээ гэмтээсэн гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Шинжээчийн “...Я.Отгонбатын биед зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний эвэрлэг бүрхүүлийн урагдал, торлогийн ховхрол, шилэнцэрийн бүдэгшил, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 65 хувийг алдагдуулах гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн 9421 тоот дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/,

Шинжээчийн “...Шинжээч эмч М.Золжаргалын гаргасан 9421 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Я.Отгонбатын биед тухайн үед зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний эвэрлэг бүрхүүлийн урагдал, торлогийн ховхрол, шилэнцэрийн бүдэгшил, нүдний алимны цус хуралт гэмтэл учирчээ. Учирсан гэмтлүүд нь тухайн болон хэргийн нөхцөл, нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-д зааснаар зүүн нүдний хараагүйдэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгийг 65 хувиар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн 1101 тоот дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

         Шинжээч эмч Т.Амартүвшингийн шүүх хуралдаанд өгсөн “…Хохирогчид зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний эвэрлэг бүрхүүлийн урагдал, торлогийн ховхрол, шилэнцэрийн бүдэгшил, цус хуралт гэсэн гэмтэл тогтоогдсон. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Энэ нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 65 хувийг алдагдуулах гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлтийг бүрэлдэхүүнтэй гаргасан. Энэ бол гэмтлийн гаралтай, мохоо хүчин зүйлээс үүссэн. Хуруу бол мохоо зүйлийн үйлчлэлд хамаарна. Тиймээс хуруугаар үүсгэгдэх боломжтой. Чихрийн шижин өвчний үед нүдэнд судасны өөрчлөлт, хараанд нөлөөлж болдог. Хохирогч Отгонбатын хувьд хагалгаа хийгдэж нүдний алимны битүү цус хуралт, болор соруулж авах гэх мэт хагалгаа хийгдсэн. Хагалгаа боломжийн хэмжээнд хийгдсэн. Хохирогчийн хувьд дахин хагалгаа хийгдэх шаардлагатай байгаа. Хараа орох эсэхийг мэдэхгүй. Хохирогчийн зүүн нүд нь гэмтэлтэй, баруун нүд зүгээр байсан. Бид нар үзлэг хийсэн, нэмэлт шинжилгээнд нарийн мэргэжлийн эмч явуулсан байгаа. Энэ нарийн мэргэжлийн эмчийн онош, үзлэгийг үндэслээд дүгнэлтээ гаргасан. Чихрийн шижингийн онош нь хохирогчийн картан дээр 2 дугаар хэлбэр гэсэн байна. Зүүн нүдний хараагүйдэл гэдгээрээ хүнд гэмтэлд орсон…” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Я.Отгонбатын өвчний түүх, амбулаторын картны хуулбарууд /хх-ийн 64-112 дугаар хуудас/,

            Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 47, 49-55 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс дахин шинжээч томилуулах, мөрдөн байцаалтад буцаах санал гаргасан нь шинжээч эмчийн шүүх хуралдаанд өгсөн “…хохирогчийн гэмтэл нь зүүн нүдний шинэ гэмтэл, Хуруу бол мохоо зүйлийн үйлчлэлд хамаарна. Тиймээс хуруугаар үүсгэгдэх боломжтой. Хараа орох муутай гэж үзсэн учир 65 хувийн хөдөлмөрийн чадвар алдалт гэж үзсэн. Чихрийн шижингийн онош нь хохирогчийн картан дээр 2 дугаар хэлбэр гэсэн байна. Зүүн нүдний хараагүйдэл гэдгээрээ хүнд гэмтэлд орсон…” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Ганчимэгийн өгсөн: “...Я.Отгонбатын нүдний гэмтэл шинэ гэмтэл байсан...” гэсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэргээс дүгнэхэд няцаагдаж байх тул дээрх саналыг хүлээн авах боломжгүй байна.

 Шүүгдэгч Э.Цэнд-Аюуш нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны орой 16-17 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Нарийны 20 дугаар гудамжны 26 тоот хашаанд байх Цоодолын гэрт Я.Отгонбаттай “чи намайг гэртээ оруулдаггүй, архи авч өгдөггүй” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг орон дээр дарж унаган багалзуурдаж, зүүн нүд рүү нь хуруугаараа хатгаж, бие махбодид нь зүүн нүдний хараагүйдэл, зүүн нүдний эвэрлэг бүрхүүлийн урагдал, торлогийн ховхрол, шилэнцэрийн бүдэгшил, нүдний алимны цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь дээрх нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна.

     Дээрх гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан байх бөгөөд шүүх эмнэлгийн 9421,1101 тоот шинжээчийн дүгнэлтийг шинжээч эмч нар өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хийсэн, шинжилгээг бүрэн дүүрэн явуулсан, дүгнэлтийн үндэслэл ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хэрэгт цугларсан баримтууд нь тухайн хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадаж байна.

Иймд дээрх дүгнэлт, мэдүүлгүүдийг хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, эх сурвалж нь тогтоогдсон, хэрэгт ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч Э.Цэнд-Аюуш нь хохирогчийн нүд рүү хуруугаараа хатгасан үйлдэлдээ санаатай хандсан нь “...бид хоёр зууралдан ноцолдсон...” гэсэн мэдүүлэг, шинжээч эмчийн “…зүүн нүдний шинэ гэмтэл, хуруугаар үүсгэгдэх боломжтой…” гэсэн мэдүүлэг, хохирогчийн “…зүүн гараараа багалзуурдаж, баруун гараараа нүд рүү хатгаж ухсан…” гэсэн мэдүүлгүүд зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг үйлдэлдээ санаатай хандсан гэж дүгнэв.

Иймд Э.Цэнд-Аюушийг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээ болон бусад зардалд 1.510.000 төгрөгийг төлсөн болох нь мөнгө хүлээн авсан “…эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг хүлээлгэн өглөө…” гэсэн баримт болон шүүгдэгчийн “…10.000 төгрөг өгсөн…” гэсэн мэдүүлэг, хохирогчийн “…10.000 төгрөг авсан…” гэсэн мэдүүлгүүдээр тус тус батлагдаж байна.

Хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээ болон хагалгааны зардалд 4.900.000 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримт бүрдээгүй тул хохирогч нь цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Э.Цэнд-Аюуш нь 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж байсан болох нь шийтгэх тогтоол, ял шийтгэлтэй эсэх тодорхойлолт зэргээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт зааснаар ялгүйд тооцогдохоор байна.

Иймд шүүгдэгч Э.Цэнд-Аюушийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал болон эрүүл мэнд, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмд эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүгдэгч Э.Цэнд-Аюушид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй зэргийг дурдвал зохино.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн

290.3 дахь хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус

удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Алагчууд овгийн Энэбишийн Цэнд-Аюушийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Алагчууд овгийн Энэбишийн Цэнд-Аюушийг таван /5/ жил нэг /1/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Э.Цэнд-Аюушид оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй  хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Э.Цэнд-Аюуш нь хохирогчид эмчилгээний болон бусад зардалд 1.510.000 төгрөг төлснийг дурдаж, хохирогч Я.Отгонбатыг цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.
  5. Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Э.Цэнд-Аюуш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг мэдэгдсүгэй.
  7. Тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Цэнд-Аюушид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Цэнд-Аюушид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     А.БЯМБАЖАВ      

 ШҮҮГЧИД                                     Н.НАРАНТУЯА

                                                      Б.БАЙГАЛМАА