Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2022/0107

 

 

 

 

2022 02 22 128/ШШ2022/0107

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Ц

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.М

Хариуцагч: Эрүүл мэндийн сайд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Тнарыг оролцуулан төрийн албаны маргааныг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тшүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн сайдын 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Хариуцлага тооцох тухай А/2..дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаар маргаж байна.

2. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 22 дугаар Ажилд түр томилох тухай тогтоолоор Б.Цыг Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчинтэй байх хугацаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргаар түр томилжээ.

3. Эрүүл мэндийн сайдын 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/2..дугаар тушаалаар Эм эмийн хэрэгслийн нөөц, ПГУ/ПСР-ийн шинжилгээний урвалж, бодис, оношлуурын нөөц бэлэн байдал дээр хариуцлагагүй ажилласан тул Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, Эмийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цд сануулах арга хэмжээ авчээ.

4. Нэхэмжлэгч Б.Ц дээрх А/2..дугаар тушаалыг эс зөвшөөрч Төрийн албанд 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хандсан бөгөөд Төрийн Албаны Зөвлөлөөс 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 01/1469 дугаар албан бичгээр Таныг төрийн албаны тусгай шалгалт /тухайн албан тушаалын/ шалгалтгүйгээр Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргын албан тушаалд түр томилсон байна. Иймд таны гомдолд дурдсан асуудлыг Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйл болон Улсын Их Хурлын 2019 оны 20 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хүлээн авч хянан шийдвэрлэх журамд заасны дагуу шийдвэрлэх боломжгүй юм гэсэн хариу өгчээ.

5. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Эрүүл мэндийн сайдын 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Хариуцлага тооцох тухай А/2..дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

6. Улмаар Б.Ц 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Нийслэл дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Эрүүл мэндийн сайдад холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/2..дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

7.1 Эрүүл мэндийн сайдын 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Хариуцлага тооцох тухай" А/2..дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хууль болон захирамжлалын баримт бичигт тавигдах шаардлагыг хангаагүй ба тушаалын дугаар, тэргүй, тэмдэглэх хэсэгт авч үндэслэл болгосон хуулийн зүйл заалт, тушаалын захирамжлах хэсэгт дурдсан байгууллагын нэр зэргийг алдаатай дурдаж баталсан. Тодруулбал:

Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолоор батлагдсан "Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам"-ын 3.2.1.-т "Байгууллага нь үндсэн үйл ажиллагааны болон хүний нөөцийн чиглэлээр тус тусад нь тушаал, захирамж гаргана. гэж тодорхой заасан бөгөөд "Хариуцлага тооцох тухай" тушаалыг дугаарлахдаа А.... буюу байгууллагын үндсэн үйл ажиллагаатай холбоотой тушаал шийдвэрт олгох тушаалын дугаарыг олгосон. Гэтэл тус журмын 3.2.1,2,-т Хүний нөөцийн чиглэлээр" буюу Б. тушаалын дугаар олгох хэсэг "сахилгын шийтгэл ногдуулах," гэж тодорхой заасан байна.

Өөрөөр хэлбэл Засгийн газрын тус журмын 3. 2020 оны 246 дугаар тогтоолоор батлагдсан "Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам"-ыг боловсон хүчинтэй холбоотой Б... буюу "Сахилгын шийтгэл ногдуулах тушаалд үндсэн уйл ажиллагаатай холбоотой буюу А/... тушаалын дугаараар "Хариуцлага тооцох зөрчиж, тухай тэргүйг бичвэр болгон захиргааны акт баталж дээрх журмыг зөрчсөн.

7.2.Тушаалын захирамжлах хэсгийн 1-т Эм, эмийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар гэж байгууллагын нэрийг илэрхий буруу бичсэн. Тус газар нь Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 222 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нэртэйгээр байгуулагдаж, 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгогдсон гэрчилгээнд 6654894 регистрийн дугаартай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар нэртэйгээр албан ёсоор бүртгэгдсэн. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.2.-т захиргааны акт хаяглагдсан этгээд нь хувь хүн бол эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, холбоо барих мэдээлэл, хуулийн этгээд бол түүний нэр, хаяг, бүртгэлийн дугаар, холбоо барих мэдээлэл ... гэж заасныг зөрчиж, байгууллагын нэрийг алдаатай буруу бичсэн байна.

7.3. Үндэслэлгүйгээр хариуцлага тооцсон талаар:

Эрүүл мэндийн сайдын 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн "Хариуцлага тооцох тухай" А/2..дугаар тушаалыг гаргахдаа, надад энэ талаар огт мэдэгдээгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.-т "Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна: " заалтад заасан хэлбэрүүдээс алийг нь ч хэрэгжүүлээгүй ба мөн хуулийн 27.2.-т "Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ: гэж заасныг хэрэгжүүлэлгүй шууд тушаал гаргаж, миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан. Энэхүү "Хариуцлага тооцох тухай" А/2..дугаар тушаал нь 05 дугаар сарын 04-ний өдөр гарсныг надад огт мэдэгдээгүй. "Хариуцлага тооцох тухай" А/2..дугаар тушаалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Тодруулбал:

7.3.1. Тушаалын тэмдэглэх хэсгийн үндэслэлд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2. дахь заалтыг үндэслэл болгосон байх ба энэхүү хуулийн заалт нь миний биед хариуцлага тооцоход огт хамааралгүй хуулийн заалт бөгөөд хууль тогтоомжийг буруу хэрэглэн захирамжлалын баримт бичигт хамааралгүй хуулийн заалтыг үндэслэл болгосон. Хэрэв миний биед сахилга хариуцлага тооцох асуудал гарвал Засгийн газраас уг асуудлыг хөндөх учиртай юм. Гэтэл Эрүүл мэндийн сайд нь өөрийн шууд томилоогүй албан тушаалтан болох надад хариуцлага тооцсон явдал нь Төрийн албаны тухай хуулийн 48.3.-т "Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна." гэж заасныг зөрчсөн.

7.3.2. Тушаалын тэмдэглэх хэсгийн үндэслэлд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-т "албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах; гэж заасныг хэрэгжүүлж ажиллаагүй гэдэг үндэслэлээр хариуцлага тооцсон явдал нь учир дутагдалтай юм. Учир нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын албан тушаалын тодорхойлолтын төсөл нь Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газарт боловсруулагдан Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөр хянуулан зөвшөөрөл авсны үндсэн дээр баталгаажуулахаар хүлээгдэж байгаа ажил юм. Өөрөөр хэлбэл миний ажлын байрны албан тушаалын тодорхойлолт эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас баталгаажин гараагүй, надад албан ёсоор танилцуулж, хувийг ирүүлээгүй, танилцаагүй байхад Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-т "албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг уургийн хэрэгжилтийг хангах; гэж заасныг хангаж ажиллаагүй гэж буруутгасан явдал нь хууль хэрэглээний хувьд илэрхий алдаатай, ойлгомжгүй тушаал батлагдсан бөгөөд миний биеийг буруутгах шалтаг, шалтгаан эрэлхийлсэн увайгүй үйлдэл гэж дүгнэхээр байна. Надаас хамаарахгүй шалтгаанаар миний албан тушаалын тодорхойлолт албан ёсоор батлагдаж ирээгүй ч Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2021 оны 02 дугаар сарын 01-ний ХЭГ/264 дүгээр албан бичгээр зөвшөөрөл олгосны дагуу байгууллагын тамга, тэмдгийг хийлгэн албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд цар тахлын онцгой нөхцөл байдалтай цаг үед өргөсөн тангарагтаа үнэнч байж, бүхий л нөөц бололцоогоо ашиглан хууль дээдлэн, Төрийн албаны тасралтгүй үйл ажиллагааг хангах зарчим, хүний эрүүл мэнд амь насыг хамгаалахад дэмжлэг үзүүлэх үүргээ хэрэгжүүлэн байгууллага хамт олныхоо хамтаар сэтгэл зүтгэл гарган ажилласаар ирсэн.

7.3.3. Эрүүл мэндийн сайдын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар н.Г ыг Эмийн хангамж, эмнэлгийн тоног төхөөрөмж, төлөвлөлтийн асуудал хариуцсан дэд даргаар томилсон.

Улмаар Эрүүл мэндийн сайдын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн "Тушаалд өөрчлөлт оруулах тухай" А/164 дүгээр тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Эрүүл мэндийн улсын алба-Тохиолдлын удирдлагын тогтолцооны удирдлага, багуудын эрх үүрэг"-ийн 1.9 дэх хэсэгт нөөц хангалтын багийн эрх үүргийг тодорхой зааж өгсөн бөгөөд 1.9.1. дэх заалтад "Нөөц хангалтын асуудлыг тус багийн ахлагч нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын Эмийн хангамж, эмнэлгийн тоног төхөөрөмж, төлөвлөлтийн асуудал хариуцсан дэд дарга" хариуцахаар маш тодорхой заасан.

Мөн түүнчлэн 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн "Эрчимт эмчилгээний бэлэн байдлыг хангах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай А/196 дугаар тушаалын 6-т "Коронавируст халдварыг эмчлэхтэй холбоотой шаардлагатай техник, тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгслийн нөөцийн тооцоо, судалгааг гаргаж, санхүү хөрөнгө оруулалтын багт өгөх арга хэмжээг шуурхай зохион байгуулахыг Эрүүл мэндийн улсын алба-Тохиолдлын удирдлагын тогтолцооны Нөөцийн хангалтын багийн ахлагч, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дэд дарга /Гэрэлт-Од/-д даалгасугай", 2021 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн "Коронавируст халдвар /КОВИД-19/-ын үеийн тусгаарлах хянах үйл ажиллагааг өргөжүүлэх тухай" А/225 дугаар тушаалын захирамжлах хэсгийн 3-т Коронавируст халдварын тусгаарлан ажиглалт, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд шаардагдах эм, тоног төхөөрөмж, хэрэгслээр хангахыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (Н.Гэрэлт-Од) үүрэг болгосугай. гэж тус тус эрүүл мэндийн сайдын тушаалаар ажлын чиг үүрэг, хариуцах албан тушаалтныг тодорхой заасан байдаг.

Өөрөөр хэлбэл, миний биед хариуцлага тооцсон А/2..дугаар тушаалд дурдсан "Эм, эмийн хэрэгслийн нөөц ПГУ/PCR-ийн шинжилгээний урвалж, бодис, оношлуурын нөөц бэлэн байдал"-ын асуудлыг дэд даргад тухайлан хариуцуулж дээрх Эрүүл мэндийн сайдын тушаалуудаар шийдвэрлэсэн байдаг. Тус газрын дэд дарга нь Эрүүл мэндийн сайдын А/164 дүгээр тушаалаар нөөц хангалтын багийн ахлагчаар томилогдож, тодорхой ажил хариуцан ажиллаж байсны хувьд "Эрүүл мэндийн улсын алба-Тохиолдлын удирдлагын тогтолцоо"-ны цаг үеийн асуудлаарх шуурхай хурал, уулзалтад тухай бүр оролцон ажиллаж байсан.гэв.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Эрүүл мэндийн сайд 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр үндэслэлгүйгээр хариуцлага тооцох А/2..дугаар тушаалыг гаргасан. Уг тушаалыг хууль зөрчсөн гэж үзэж хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тушаалыг дөрвөн үндэслэлээр хүчингүй гэж үзэж байна.

Нэгдүгээрт, Эрүүл мэндийн сайд тушаалыг албан тушаалын тодорхойлолтод заасан Б.Цы ажил үүрэг биш, тушаалаар ногдуулсан сахилгын шийтгэлийг эм эмнэлгийн хэрэгслийн нөөц, PCR-ийн урвалж шинжилгээний бодис оношлуурын бэлэн байдалд хариуцлагагүй хандсан гэдэг үндэслэлээр арга хэмжээ авсан. Эм эмнэлгийн нөөц, шинжилгээний урвалж бодис, оношлуурын нөөцийн бэлэн байдлыг хариуцах үүрэг нь Б.Цы үүрэг биш юм. Үүнийг Засгийн газрын 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүл мэндийн сайдын Б/08 тоот тушаалаар н.Г гэдэг хүнийг дэд даргаар тавьж Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын эм хангамж, эмнэлгийн тоног төхөөрөмж, төлөвлөлтийн асуудал хариуцсан даргын ажил томилж, хариуцуулж өгсөн. Б.Ц нь Улсын онцгой комиссын хуралд нэг ч удаа оролцож байгаагүй, оношлуурын нөөцийн асуудалтай холбоотой асуудал дээр нэхэмжлэгчтэй ярилцаж байгаагүй. Улсын онцгой комиссын үүрэгтэй холбоотой ажилд зөвхөн н.Г , нарийн бичгийн дарга хоёр оролцож явдаг. Иймд хариуцаж байгаагүй ажилд хариуцлага хүлээлгэсэнд гомдолтой байгаа гэсэн.

Хоёрдугаарт, сонсох ажиллаагааг хийгээгүй, тушаал гарахдаа сонсох ажиллагаа хийх, эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас оношлуурыг хэн бэлдэх үүрэгтэй байсан гэдэг дээр сонсох ажиллагаа хийгээгүй. Тухайн тушаал гарахдаа харах болон сонсох ажиллагаа хийх ба эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас оношлуурыг нөөцлөх бэлдэх үүрэгтэй этгээд нь ямар этгээд вэ гэдэг дээр сонсох ажиллагаа хийгээгүй. Хэрэв сонсох ажиллагаа хийсэн бол 2021 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн тушаалаар өөр этгээд бэлддэг гэдэг зүйлийг тайлбарлана. Мөн надад хариуцуулсан үүрэг байхгүй, Б/08 тоот тушаалаар н.Г од үүрэг болгосон гэдэг зүйлийг хэлэх боломжтой байсан.

Тушаал нь хууль зөрчсөн ба Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1 дэх хэсэгт заасан захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагын нэр хаяг тамга, тэмдэг гарын үсэг зурах эрх бүхий албан тушаалтны нэр, захиргааны актын он, сар дугаар нь тодорхой байх ёстой гэж заасан байхад 5 дугаар сарын 278 дугаар тушаалыг эрх бүхий этгээд нь гаргаагүй Б.Цыг албан тушаалд томилохдоо Засгийн газрын тогтоолоор томилогдсон, эрх бүхий Засгийн газрын тогтоолоор хариуцлага тооцоогүй Эрүүл мэндийн сайд хариуцлага тооцсон нь үндэслэлгүй байна. Эдгээр үндэслэлээр хууль зөрчсөн тушаал болсон гэж үзэж байна.... гэв.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тшүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор Эрүүл мэндийн сайдын эрхлэх хүрээн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулсан.

Эм, эмийн хэрэгслийн нөөц ПГУ/PCR-ийн шинжилгээний урвалж оношлуурын нөөц бэлэн байдлыг хангах чиг үүргийг Эрүүл мэндийн яам захиргааны удирдлагын газрын судалгаа төлөвлөлтийн хэлтэс хариуцаж байсан бөгөөд шинэ бүтцээр дээрх чиг үүрэг нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт шилжсэн.

Коронавируст халдвар (КОВИД-10)-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн "Бүх нийтийн зэрэгт шилжсэн хугацааг сунгах тухай" 104 дүгээр тогтоол гарсан.

Коронавируст халдвар (КОВИД-10)-ын цар тахлын үед эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар нь Эм, эмийн хэрэгслийн нөөц ПГУ/PCR-ийн шинжилгээний урвалж, бодис, оношлуурын нөөц бэлэн байдлыг хангах үүргээ биелүүлээгүйгээс урвалж, оношлуурын хомсдол үүссэн.

Дээрх нөхцөл байдлын улмаас иргэдийн дунд бухимдал үүсэж, халдвар илрүүлгийн үйл явц удааширсан учир Улсын онцгой комиссоос буруутай тушаалтанд хариуцлага тооцуулахаар өгсөн үүрэг даалгаврын дагуу 2021 оны сарын 03-ны өдрийн Эрүүл мэндийн сайдын шуурхай хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж олонхын саналаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цд сануулах арга авсан.

Эрүүл мэндийн сайдын 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн "Хариуцлага тооцох тухай" А/2..дугаар тушаал нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

... Эм эмнэлгийн хэрэгслийн 1, 2 тэрбум төгрөгийн эрхийг шилжүүлж, худалдаж аваад эрүүл мэндийн байгууллагуудад хүргүүлэх чиг үүргийг өгөхөд үүргээ биелүүлээгүй. 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын дарга н.Г нь ээж нь нас барсан учир чөлөөтэй гээд явсан. ... Оношлуурын нөөцийг бүрдүүлэх чиг үүргийг дэд даргад өгсөн хэдий ч тухайн албан тушаалтан ар гэрийн гачигдал гарсан учир Эрүүл мэндийн сайд Б.Ц даргад эрхийг нь шилжүүлж үүргийг өгсөн. Эм эмнэлгийн хэрэгсэл хяналт зохицуулалтын газрыг Монгол Улсын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулиар Б.Ц даргын чиг үүрэг учир хариуцлагаас бултаж байгаа нь үндэслэлгүй юм. Энэ нь үр дагавар үүсгэсэн асуудал юм, учир нь тухайн эмнэлгийн хэрэгслийг 30 хоногийн нөөцтэй байлгах ёстой байтал нэг ч хоногийн нөөцгүй болсон. Тухайн үедээ 7000-8000 нөөцтэй байснаас болж улсын хэмжээнд оношлуурын нөөц тасарч, шинжилгээ авч чадахгүйгээс болоод цар тахлын нөхцөл улам өссөн, даамжирсан нөхцөл үүссэн. Сонсох ажиллагааг хийхгүй байх гээд Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан. Тухайн үед гарцаагүй байдлын улмаас сонсох ажиллагаа хийгээгүй. Өөрийг нь дуудсан ирэхгүй байсан нөхцөл байдлаас болж сонсох ажиллагааг хийхгүй шууд арга хэмжээг авсан. Нийтийг хамарсан нөхцөл байдал үүссэн эрүүл мэндийн салбарын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн нөхцөл үүссэн учир тухайн үед Эрүүл мэндийн сайд шуурхай арга хэмжээ авсан Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг даалгавар биш харин Засгийн газраас өгсөн чиглэл байгаа. Иймд бид Эрүүл мэндийн сайдын тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2. Маргаан бүхий захиргааны актын үндэслэлийн тухайд;

2.1. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Агентлаг байгуулах тухай 222 дугаар тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4.4, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, 9.1, Улсын Их Хурлын 2020 оны 7 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрыг байгуулжээ.

2.2. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Ажилд түр томилох тухай 22 дугаар тогтоолоор Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 3.2, Төрийн албаны тухай хуулийн 25.1-д заасныг тус тус үндэслэн Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль хүчинтэй байх хугацаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргаар Б.Ц түр томилсон байна.

2.3. Эрүүл мэндийн сайдын 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Хариуцлага тооцох тухай А/2..дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.1, 48.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн Эм, эмийн хэрэгслийн нөөц ПГУ/PCR-ийн шинжилгээний урвалж, бодис, оношлуурын нөөц бэлэн байдал дээр хариуцлагагүй ажилласан гэж үзэж, нэхэмжлэгч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын даргаар Б.Цд сануулах арга хэмжээ авчээ.

2.4. Нэхэмжлэгчийг түр томилох тухай Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 22 дугаар тогтоол нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно. гэж заасныг, маргаан бүхий Эрүүл мэндийн сайдын 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А/2..дугаар тушаал нь мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13-т албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах;, 48 дугаар зүйлийн 48.1.1-д өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах;, 48.3-т Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна. гэж заасныг тус тус үндэслэл болгожээ.

2.5. Дээрх нөхцөл байдлаас үзвэл, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой харилцаа нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдаж байна.

2.6. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйл. Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, 48.3. Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна. гэж заажээ.

2.7. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйл. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-48.9 дэх хэсгийн дугаарыг "48.3-48.10" гэж тус тус өөрчилсүгэй. гэж зааснаар хуулийн дээрх заалт нь 48.4 болж өөрчлөгдсөн байна. Цаг хугацааны хувьд маргаан бүхий тушаал нь 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гарсан байх тул хуулийн дээрх заалтыг 48.3 гэж хэрэглэх нь зүйтэй гэж үзэв.

2.8. Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл, төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл ногдуулахаар байна.

2.9. Маргаан бүхий тохиолдолд, хариуцагч Эрүүл мэндийн сайд нь маргаан бүхий тушаалаар нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

Тодруулбал, нэхэмжлэгчийг анх Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Монгол Улсын Ерөнхий сайд уг албан тушаалд томилсон байх тул Төрийн албаны тухай хуульд зааснаар хариуцагч Эрүүл мэндийн сайд нэхэмжлэгч Б.Цд сахилгын шийтгэл ногдуулах эрхгүй байна.

2.10. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, Төрийн албаны тухай хуульд зааснаас үзвэл нэхэмжлэгч Б.Цд сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий албан тушаалтан нь Монгол Улсын Засгийн газар буюу Монгол Улсын Ерөнхий сайд байна.

2.11. Иймд хариуцагч Эрүүл мэндийн сайд нь өөрт хуулиар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж, маргаан бүхий тушаалыг гаргаж, нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий Эрүүл мэндийн сайдын 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Хариуцлага тооцох тухай А/2..дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Цы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Хариуцлага тооцох тухай А/2..дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хариуцагч Эрүүл мэндийн сайд /Эрүүл мэндийн яам/-аас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ