Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 213/МА2018/00013

 

*******-гийн нэхэмжлэлтэй *******-д холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 131/ШШ2018/00033 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нарт холбогдох

******* БНХ улсын дугаартай автомашиныг *******ын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлтэй, мөн *******, ******* нарын хооронд байгуулсан 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Тээврийн хэрэгслийн өмчлөлийн гэрчилгээг *******гийн нэр дээр гаргуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай *******ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч *******ын давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нар оролцов.

Нэхэмжлэгч *******гээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч ******* би 2016 оны 03 дугаар сард иргэн *******д 43.810.000 төгрөг зээлдүүлж, 28.000.000 төгрөгөнд УАЗ пургон автомашин авахаар тохиролцож, 2016 оны 04 дүгээр сард надад пургон автомашиныг өгч 55-50 БНХ улсын дугаартай, №01213493 дугаартай гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгсөн. Гэтэл 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ******* нь уг автомашиныг худалдаж авъя, 28.000.000 төгрөгийг дансанд чинь хийнэ гэж хэлээд авч явсан. Мөн *******гөөр уг автомашиныг *******ын нэр дээр шилжүүлэн өгнө үү гэсэн итгэмжлэл хийлгэсэн. Энэ хугацаанаас хойш тэрээр мөнгөө хийлгүй одоог хүртэл зугтаасаар намайг хохироож байна. Иймд миний хохирлыг барагдуулж, *******аас миний өмчлөлийн УАЗ пургон маркийн 5550 БНХ улсын дугаартай авто машиныг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Манай нөхөр ******* машины мөнгийг *******гийн данс руу хийгээд Орос улсаас пургон машин авчирч өгөхийг хүссэн. Тэгээд ******* машинаа ирсэн гэхээр нь ******* бид хоёр Улаанбаатар хотод очсон. ******* нь энэ машиныг бидэнд өгөөд гэрчилгээг нь шилжүүлж өгөөд ******* та хоёр нутгийн хүмүүс учраа ол гэж хэлээд дахин холбогдоогүй. Хэрэв ******* нь *******гөөс машин авах бол өөрсдөө учраа олох байх. Бидний хувьд машинаа *******аас авмаар байна. Гэрч *******гээс бид авах авлага байхгүй. *******гөөс машин захисан мөнгийг ******* нь бидэнд өгөх юм ярьж байна. Тийм юм байхгүй гэжээ.

Хариуцагч *******аас шүүхэд гаргасан тайлбартаа:

******* нь Оросоос пургон автомашин оруулж ирдэг гэж байсан тул миний бие пургон автомашин захиалахаар болсон. 2016 оны 04 дүгээр сарын 27-нд захиалсан машинаа авахаар Улаанбаатар хотод ******* гэгчийн хамт очиж УАЗ 220695 маркын 2016 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн пургон машиныг урьдчилгаа болгон 18.000.000 төгрөгийг өгөөд итгэмжлэл хийлгэж аваад шууд Баянхонгор аймагт аваад ирсэн. 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Я.Д рүү үлдэгдэл мөнгө болох 10.000.000 төгрөгийг 5077281984 данс руу нь шилжүүлээд наймаа дууссан. Миний бие хагас бүтэн сайн өдөр таараад нэр дээрээ шилжүүлж авч чадалгүй аймагт ирсэн. Би дүүгээ машинаа нэр дээрээ шилжүүлээд авчих гээд ******* рүү явуулахад *******гийн нэр дээр шилжүүлээд гэрчилгээ авчихсан байсан. ******* нь одоо болохоор уг тээврийн хэрэгслийг худалдан авсан мэтээр шүүхэд гомдол гаргасанд нь миний бие гомдолтой байна. Бид нар 11.000.000 төгрөгийг шилжүүлчихээд хотоос хамт ирсэн гэжээ.

Хариуцагч ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

******* Орос улсаас пургон машин оруулж ирдэг гэж байсан. Тэгэхэд нь би пургон машин авмаар байна гэхэд ах нь шууд Оросоос оруулж ирж өгнө гэж надад хэлсэн. Үүнээс хойш 2016 оны 2 дугаар сарын үед би нийт 18.000.000 төгрөг шилжүүлсэн. ******* нь чимээгүй байж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр над руу утсаар пургон машинаа ав гэж хэлэхээр нь би хот руу *******тэй хамт очоод пургон машинаа авсан. Ингээд машиныхаа өмчлөлийг өөрийнхөө нэр дээр шилжүүлэх гэхэд надад итгэмжлэл хийж өгөөд үүнийг авч очоод нэр дээрээ шилжүүл гэж хэлсэн. Гэтэл тус пургон автомашины гэрчилгээг 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр *******гийн нэр дээр болгоод гаргаад явуулсан байсан. Надад машинаа худалдсан мөртлөө *******гийн нэр дээр өмчлөлийг шилжүүлсэн хэлцэл хийсэн нь хууль бус миний эрхийг зөрчсөн асуудал болсон. ******* нь надад худалдсан машинаа давхар *******д худалдсан байгааг ойлгохгүй байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******гөөс шүүхэд гаргасан тайлбартаа:

Би иргэн *******д Орос улсаас пургон автомашиныг оруулж ирж өгөхөөр мөнгийг нь бэлнээр авч яваад машиныг авчирч өгсөн. Тэр үед Баянхонгор аймгаас ирсэн *******, ******* нар нь уг автомашиныг худалдаж авъя, өмнө нь надаас авсан бор өнгөтэй пургон машины үнийг ******* миний дансанд хийнэ, харин сая оруулж ирсэн цагаан өнгийн пургон машины үнийг *******гийн дансанд хийхээр тохиролцоод *******д зарсан машиныг авч явсан билээ. ******* нь *******д машины үнийг төлнө гэсэн тул нутгийн хүмүүс өөрсдөө учраа ол гэж хэлээд явуулсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 111 дүгээр зүйлийн 111.2.1, 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг тус тус баримтлан 55-50 БНХ улсын дугаар, 220695G0480113 аралын дугаартай УАЗ220695 маркийн пургон автомашиныг *******ын хууль бус эзэмшлээс гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч *******ын *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг *******гийн нэр дээр гаргуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч *******аас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Анх ******* 2016 оны 1 дүгээр сард Баянхонгор аймагт ирсэн байхад нь *******гийнд уулзахад Пургон машин 21.000.000 төгрөгөөр оруулж ирдэг гэж ******* өөрөө ярьж байсан. Тэгэхэд нь би пургон машин авмаар байна гэхэд ах нь шууд Оросоос оруулж ирж өгнө гэж надад хэлсэн. Үүнээс хойш 2016 оны 2 дугаар сарын үед надтай нийт 18.000.000 төгрөг шилжүүлсэн. ******* нь чимээгүй байж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр над руу утсаар пургон машинаа ав гэж хэлэхээр нь би хот руу *******тэй хамт очоод пургон машинаа авсан. Ингээд машиныхаа өмчлөлийг өөрийнхөө нэр дээр шилжүүлэх гэхэд надад итгэмжлэл хийж өгөөд үүнийг авч очоод нэр дээрээ шилжүүл гэж хэлсэн.

Гэтэл тус пургон автомашины гэрчилгээг 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр П.Нгийн нэр дээр болгоод гаргаад явуулсан байсан. Надад машинаа худалдсан байж *******гийн нэр дээр өмчлөлийг шилжүүлсэн хэлцэл хийсэн нь хууль бус миний эрхийг зөрчсөн асуудал болсон.

Шүүх нь хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт өгөлгүй, тус автомашиныг *******гөөс 28.000.000 төгрөгөөр худалдаж авсан, машины мөнгийг шилжүүлсэн баримтыг хэрэгт өгсөн байхад энэ байдалд үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй. Би *******гөөс мөнгийг нь өгөөд албан ёсоор автомашиныг авсан. Харин ******* нь тус машины гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөөгүй.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 00033 тоот шийдвэрийг хүчингүй болгож, миний гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангаж, *******гийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Ч.Б нь иргэн *******ын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд дараах тайлбар гаргаж байна. ******* гэгч нь өөрийн нэр дансаар иргэн ******* болон *******гийн данс руу хийсэн мөнгөн гүйлгээний нотлох баримт ч байхгүй. *******гөөс түрүүнд нь авсан бор өнгөтэй пургон машины үнэнд орсон нь баримтаар нотлогдож байгаа. *******гээс 18.000.000 төгрөгийн шилжүүлэг хийгдсэн нь тэр, түүнээс биш *******аас пургон машины үнэнд гэж ороогүй болно. ******* нь *******д машин аваад өг гэж өгсөн гэх мөнгө нь түрүүчийн машины өрөнд өгөгдөөд одоо *******гээс мөнгөө авч чадахгүй болохоор миний машиныг замд нь гуйвуулж залилсан байгаа болно. Түүнээс биш бид *******д өгдөг мөнгөө өгөөд авах машинаа л авах гэж байгаа тул ******* ******* нарын хоорондын мөнгө төгрөгийн асуудал бидэнд хамаагүй. ******* ч гэсэн мэдсээр байж зүтгээд улайраад байгаа нь *******д өгсөн мөнгөө олж авч чадахгүй гэдгээ мэдээд ингэж улайрч байгаа үйлдэл нь зохисгүй юм. Энэ 2 хүний дээрх үйлдлийн улмаас бид бүхэн 1 жил гаруй хугацаанд хохирсондоо гомдолтой байна гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь ******* БНХ улсын дугаартай автомашиныг *******ын хууль бус эзэмшлээс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, мөн хариуцагч *******аас 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Тээврийн хэрэгслийн өмчлөлийн гэрчилгээг *******гийн нэр дээр гаргуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх пургон маркийн 55-50 БНХ улсын дугаартай автомашиныг *******ын хууль бус эзэмшлээс гаргуулж, *******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 1 дүгээр сарын 2-ний өдрийн 00073 дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны 1 дүгээр сарын 5-ний өдрийн 14 цагт хийхээр товолжээ. Хойшлуулсан шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч нарт мэдэгдсэн /хх-ийн 112 дугаар тал/ боловч гуравдагч этгээд *******д мэдэгдээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т заасныг зөрчсөн.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******д хэргийн материал танилцуулаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 29 дүгээр зүйлийн 29.4-т заасныг тус тус зөрчсөн байна.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа УАЗ пургон маркийн автомашиныг *******ын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь тухайн автомашины үнэ нь тодорхой 28.000.000 төгрөг гэж нэхэмжлэлд дурьдсан байхад үнэлж болохгүй нэхэмжлэлд төлдөг улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээгээр 70.200 төгрөгийг төлүүлж, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т заасныг зөрчиж нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, ажиллагаа явуулжээ.

Анхан шатны шүүх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч ******* нь давж заалдсан гомдолдоо миний гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангах, *******гийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах зэрэг гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хангаагүй, харин гомдолд заагаагүй өөр үндэслэлээр хэргийг хүчингүй болгож байгаа тул түүний давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн мөнгийг төвлөрсөн төсвийн орлогод үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 5-ний өдрийн 131/ШШ2018/00033 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                               ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

                                                Г.УЛАМБАЯР