Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 181/ШШ2020/00018

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Д/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “И ББСБ” ХХК/РД: /-д холбогдох

 

Зээлийн болон барьцааны гэрээ, батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 29 317 668.01 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Жавзандолгор, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санчир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Д би Сонгинохайрхан дүүрэг, 29-р хороо, Москва хороолол, 143-р байр, 97 тоот 33.4 метр квадрат 1 өрөө орон сууцны өмчлөгч юм. Эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн дугаар Ү-2201025078.

Би өөрийн өмчлөлийн орон сууцаа барьцаалж зээл авч орон сууцандаа засвар хийх зорилгоор 2018 оны 11 сараас банк болон зээл олгох бусад газруудаар зээл хөөцөлдсөн боловч “орлого нотлох боломжгүй” гээд зээл өгөхөөс татгалзаад байсан юм. Улмаар unegui.mn сайтаас зар харж “орлого нотлохгүй зээл” олгоно гэсэн зарын дагуу Б.Батбаяр гэх хүнтэй 94954308, 99151968 утсаар холбогдож зээл авахаар болсон юм. /Регистр нь УУ82111013/. Ингээд “Инвескор” ББСБ-ын Төмөр зам салбараас зээл авах болж, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр бичиг баримт чинь бүрдсэн тул гарын үсгээ зур гэж дуудсан. Би очиж Барьцааны гэрээнд гарын үсгээ зурсан.

Улмаар зээлийн гэрээнд зуруулж, миний дансанд зээл маань орно гэж бодсон боловч  миний данс руу ямар ч мөнгө ороогүй. Би дахиад л зээлийн нөхцөл бүрдээгүй учир зээл гараагүй юм байна гэж бодож байтал 2019 оны 05 сард “Инвескор” ББСБ-аас утсаар холбогдож “зээлээ төлөөрэй” гэж хэлсэн. Би учрыг нь олохоор очтол барьцаанд нь миний байрыг бүртгэж надаар барьцааны болон зээлийн гэрээнд гарын үсэг зуруулж, 25 000 000 төгрөгийг 18 сарын хугацаатай 4.2% хүүтэй Б.Батбаяр болон надад зээлсэн гэх гэрээ үзүүлсэн. Мөнгө хаачсаныг асуухад Б.Батбаярын дансанд орсон байна. Би энэ ББСБ-аас зээл авахыг хүссэн ч миний дансанд нэг ч төгрөг ороогүй байтал надад зээл олгож буй мэт ойлгуулж зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зуруулж, бусдад зээл олгосон байна.

Би Б.Батбаяр гэх хүнд минийй эд хөрөнгийг захиран зарцуулах эрх олгоогүй юм. Иймд “Инвескор” ББСБ-ын Зээлийн болон Барьцааны гэрээг Иргэний хуулийн 58 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бусад тооцуулж Барьцааны бүртгэлээс Үл хөдлөх эд хөрөнгийг минь чөлөөлж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

Б.Д миний би шүүхэд “Инвескор” ББСБ-д холбогдуулан 2019.09.19-нд Барьцааны болон Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулж Барьцааны бүртгэлээс Үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч шүүхэд дээрх гэрээнүүдийн хувийг гаргахдаа 2018.12.04-ний өдөр № G18120422 тоот батлан даалтын гэрээ байгуулах надаар гарын үсэг зуруулсныг мэдлээ. Би энэ байгууллагад хандаж зээл хүссэн боловч миний зээлийг өөр хүнд олгож надад дээрх нэр бүхий 3 гэрээг гарын үсгийг минь төөрөгдөл үүсгэж зуруулсан гэж үзэж байх учир нэхэмжлэлийн шаардлагыг Батлан даалтын гэрээ № G18120422-ыг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах шаардлагаар нэмэгдүүлж байна.

Надтай Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ, Батлан даалтын гэрээ байгуулсан гэдгийг сүүлд мэдсэн. Гэрээ байгуулж байх үед ажлын цаг дуусч байсан ба энд гарын үсгээ зур гээд зуруулж, анкет бөглүүлсэн. Дараа нь Б.Батбаяр зээл гарахаар  хариу өгье гэж хэлсэн. Тэгээд байж байтал ББСБ-аас зээлээ төлөөрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь 06 дугаар сард Цагдаагийн байгууллагад хандаж зээл аваагүй байхад зээл төл гэсэн шаардлага тавиад байна гээд өргөдөл гаргасан чинь энэ бол Иргэний хэрэг байна. Иргэний журмаар шийдвэрлүүлээрэй гэж хэлээд өргөдлийг хүлээж аваагүй. Тэгээд Иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.” гэв.

 

Нэхэмжлэгч Б.Дын өмгөөлөгч Н.Жавзандолгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Д нь зээлийн бүх материалаа бүрдүүлээд “Инвескор” ББСБ-аас зээл авах гээд Б.Батбаяр гэдэг хүнтэй холбогдож очсон. Очоод уулзахад зээл гарахаар таны данс руу орно гэж хэлээд, Зээлийн гэрээ болон зээл хүсэгчийн анкет нь дээр гарын үсэг зуруулсан. Барьцааны гэрээ болон Батлан даалтын гэрээ нь дээр зуруулсан асуудлыг сүүлд шүүхэд нэхэмжлэл гаргах үед мэдсэн. Б.Д нь Барьцааны гэрээ болон батлан даалтын гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хэлцэл хийж буй этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн байна. Орон сууцаа барьцаалж зээл авч байгаа учир тухайн зээлийн мөнгийг өөрийнхөө дансанд орно гэж бодоод хүлээгээд байсан. Мөн зээлийн гэрээгээр зээлдэгчээр явж байгаад батлан даагч болсон нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгчийн шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанарын хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Тэгэхээр энд шаардах эрх үүссэн юм уу, гэдэг асуудал яригдаад байгаа юм. Зээлдэгчийн хувьд бүх материалуудаа бүрдүүлээд хүлээх ёстой үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж байна. Харин зээлдүүлэгч нь тухайн гэрээнүүдийг байгуулахдаа эрх, үүргийг нь тайлбарлаж өгөхгүй, шууд гарын үсэг зуруулсан нь ямар нэгэн ашиг сонирхол байсан гэж үзэж байна. 58 дугаар зүйлийн 58.6-д зааснаар төөрөгдсөний улмаас хэлцэл хийсэн этгээд төөрөгдсөн болохыг мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй гэж заасан байдаг. Б.Дын хувьд 2019 оны 05 сард мэдээд, зээлийн эдийн засагчтай уулзсан. Уулзсан боловч гэрээнийх нь эх хувийг танилцуулаагүй байдаг. Мөн Д.Санчиртай уулзахад утас нь дээрээсээ гэрээнийх нь зургийг үзүүлээд, одоо та энэ зээлээ төлөөрэй гэж хэлсэн байдаг.” гэв.

 

Хариуцагч “И ББСБ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санчир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй “И ББСБ” ХК-д холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч Б.Дын гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санчир миний бие танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Б.Д нь иргэн Б.Батбаярын хамтаар 2018.12.04-ний өдөр “И ББСБ” ХК-тай В18120422 тоот зээл, барьцааны гэрээ байгуулан, 25 000 000/Хорин таван сая/ төгрөгийг, 18 сарын хугацаатай, сарын 4,2 хувийн хүүтэйгээр зээлж авсан бөгөөд ингэхдээ зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Б.Дын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Москва хороолол, 143 дугаар байрны 97 тоот хаягт байрлах, эрхийн бүртгэлийн Ү-2201025078 тоот дугаартай, 33,4 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалуулсан.

Зээл, барьцааны гэрээ байгуулах үед нэхэмжлэгч Б.Д нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг бүрэн ойлгож, зээлийн барьцаанд өөрийн орон сууцыг барьцаалуулж байна гэдгээ ухамсарлаж байсан болох нь манай байгууллага дээр ирж, зээл хүсэгчийн анкет бөглөсөн, зээл, барьцааны гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан, зээл, барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад өөрөө бүртгүүлсэн зэргээс тодорхой харагдаж байна.

Нөгөө талаар Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.6-д “Төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн этгээд төөрөгдсөн болохоо мэдмэгц нөгөө талдаа нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.” гэж заасан атал манай байгууллагад энэ талаар огт мэдэгдээгүй болно. Хэрэв үнэхээр төөрөгдсөн бол тэр дор нь манайд мэдэгдэж, зээл, барьцааны гэрээнд гарын үсэг зурсан нь төөрөгдсөн явдал байсан тухайгаа хэлж, зээл, барьцааны гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах тухай асуудлаа хэлж ярих ёстой байсан.

Гэтэл зээл төлөгдөхгүй, зээлийн эргэн төлөлт удааширч, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж эхлэх үед ийм зүйл ярьж, шүүхэд хандаж байгаа нь ойлгомжгүй байна.

Нэхэмжлэгч талаас 58 дугаар зүйлд заасан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж тодорхойлоод байна. Ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл нь дотроо 6 тохиолдол байдаг. Энэ 6 тохиолдлоос яг аль нь юм бэ гэдгийг тодруулан гаргаж хэлсэнгүй. Мөн төөрөгдсөн гэх ямар ч үндэслэл байхгүй юм. Энэ гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох хууль үндэслэл байхгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл энэ 3 гэрээнд гарын үсэг зурах үедээ энэ хүний ухаан санаа эрүүл байсан ба ямар нэгэн төөрөгдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин нэхэмжлэгч Б.Дд зээлийн хэрэгцээ үүссэн байсан гэдэг нь өөрийнх нь нэхэмжлэлд дурдсан тайлбараар нотлогдож байгаа бөгөөд ерөөсөө огт танихгүй хүнтэй зарын дагуу утсаар холбогдоод өөрийнхөө байрыг зээлийн барьцаанд барьцаалуулна гэдэг нь эргэлзээтэй зүйл юм. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Хариуцагч “И ББСБ” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Санчир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Д, Б.Батбаяр нар нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Инвескор” ББСБ-тай В18120422 тоот зээлийн гэрээ байгуулж, 25 000 000/хорин таван сая/ төгрөгийг, 18 сарын хугацаатайгаар, сарын 4.2 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн.

Зээлдэгч нар нь зээлийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Б.Дын өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Москва хороолол, 143 дугаар байр 97 тоот хаягт байрлах, Ү-2201025078 эрхийн бүртгэлийн дугаартай, 33.4 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсан.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлэхгүй, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс хойш зээлийн төлбөр огт төлөөгүй үндсэн зээл 25 000 000/Хорин таван сая/ төгрөг, зээлийн хүү 4 594 502/дөрвөн сая таван зуун ерэн дөрвөн мянга таван зуун хоёр/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77 438.28/далан долоон мянга дөрвөн зуун гучин найман төгрөг хорин найман мөнгө/ төгрөг, нийт 29 317 668.01/хорин есөн сая гурван зуун арван долоон мянга зургаан зуун жаран найман төгрөг нэг мөнгө/ төгрөгний зээлийн өртэй болоод байна.

Иймд зээлдэгч Б.Даас В18120422 тоот зээлийн гэрээний үүрэгт 29 317 668.01/хорин есөн сая гурван зуун арван долоон мянга зургаан зуун жаран найман төгрөг нэг мөнгө/ төгрөг гаргуулж, “Инвескор” ББСБ-д олгох, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гаргаж өгнө үү.” гэв.

 

Нэхэмжлэгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “Надад банк бус санхүүгийн байгууллага татгалзсан хариу өгөөд байсан учраас итгэл даах болов уу гэж бодоод материалаа өгчихөөд, хариугаа хүлээгээд байсан. Зээл аваад 3 сарын хугацаанд төлсөн гэх зүйлийг надад хэн нэгэн хэлээгүй. 5-р сард Д.Санчиртай очиж уулзахад би зохицуулчихъя гэж хэлсэн ба өдий хүртэл зохицуулаагүй явж байгаа юм. Би аваагүй зээлийнхээ хүү, зээлийг төлмөөргүй байгаа учраас байраа чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Б.Батбаяр гэдэг хүнтэй би зараар л танилцсан. Тэрнээс биш хамаатан, садангийн зүйл байхгүй.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Д хариуцагч “И ББСБ” ХХК-д холбогдуулан Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ, Батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэл, хариуцагч “И ББСБ” ХХК нэхэмжлэгч Б.Дд холбогдуулан үндсэн зээл 25 000 000/Хорин таван сая/ төгрөгийг, зээлийн хүү 4 594 502/дөрвөн сая таван зуун ерэн дөрвөн мянга таван зуун хоёр/ төгрөгийг, нэмэгдүүлсэн хүү 77 438.28/далан долоон мянга дөрвөн зуун гучин найман төгрөг хорин найман мөнгө/ төгрөгийг, нийт 29 317 668.01/хорин есөн сая гурван зуун арван долоон мянга зургаан зуун жаран найман төгрөг нэг мөнгө/ төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч “И ББСБ” ХХК нь зээл, барьцааны гэрээ байгуулах үед нэхэмжлэгч нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг бүрэн ойлгож, зээлийн барьцаанд өөрийн орон сууцыг барьцаалуулж байна гэдгээ ухамсарлаж байсан гэж маргасан.

 

Нэхэмжлэгч Б.Д нь аваагүй зээлийнхээ хүү, зээлийг төлмөөргүй байгаа учраас байраа чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр № В18120422 “Зээлийн гэрээ”/цаашид “Зээлийн гэрээ” гэх/ болон № C18120422 “Зээлийн барьцааны гэрээ”/цаашид “Барьцааны гэрээ” гэх/, 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр № G18120422 “Батлан даалтын гэрээ”/цаашид “Батлан даалтын гэрээ” гэх/ байгуулсан болох нь Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ, Батлан даалтын гэрээгээр тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээний 3-ын 3.1, 3.1.1, 3.1.3, 3.1.5, Барьцааны гэрээний 3-ын 3.1-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэгч болон иргэн Б.Батбаяр нарт 25 000 000/хорин таван сая/ төгрөгийг 18/арван найман сар/ хугацаатай, сарын 4.20/дөрөв зууны хорь/ хувийн хүүтэй шилжүүлж, үүргийн гүйцэтгэлд Улсын бүртгэлийн Ү-2201025078 дугаарт бүртгэдсэн Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, Москва хороолол, 18070 Москва гудамж, 143 байр, 97 тоот орон сууцыг барьцаалсан болох нь Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ, Батлан даалтын гэрээгээр тогтоогдож байна.

 

Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Батлан даалтын гэрээг хариуцагчийн Баянгол дүүрэг дэх салбар-01 байгуулсан болох нь Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ, Батлан даалтын гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д “Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна.” гэж заасан.

 

Хариуцагчийн Баянгол дүүрэг дэх салбар нэхэмжлэгчтэй Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Батлан даалтын гэрээг байгуулсан болох нь зохигчийн тайлбар, Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ, Батлан даалтын гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн салбар буюу Баянгол дүүрэг дэх салбар-1 хуулийн этгээдийн эрхгүй болно.

 

Хуулийн этгээдийн эрхгүй салбар Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Батлан даалтын гэрээ байгуулсан болох нь зохигчийн тайлбар, Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ, Батлан даалтын гэрээгээр тогтоогдож байна.

 

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т “Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд ... гүйцэтгэх захирал байна.”, 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь ... эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, 83.8 дахь хэсэгт зааснаар гүйцэтгэх захирал нь хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлнө.

 

Хариуцагчийн гүйцэтгэх захирлаар Д.Баясгалан бүртгэгдсэн болох нь 000186924 дугаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. 

 

Хариуцагчийг төлөөлөх эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал нь Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Батлан даалтын гэрээг байгуулах зөвшөөрөл өгсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна:”, 56.1.8-т “... хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл;” гэж заасан.

 

Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, 83.8 дахь хэсэгт зааснаар хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээд Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Батлан даалтын гэрээг байгуулсан байна.

 

Хариуцагчийн гүйцэтгэх захирал Д.Баясгалан нь Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Батлан даалтын гэрээг байгуулах зөвшөөрөл өгсөн болох нь тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8 дахь хэсэгт зааснаар Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Батлан даалтын гэрээ хүчин төгөлдөр бус болохыг тогтоох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлд зааснаар ноцтой төөрөгдлийн улмаас Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Батлан даалтын гэрээг байгуулсан гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэлийн үндэслэлээ тодруулахгүй байх ба нэхэмжлэгч нь ноцтой төөрөгдсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй байх боловч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус болохыг тогтоох үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх ... үүрэгтэй.” гэж заасан.

 

Иргэн Б.Батбаяр хариуцагчид шимтгэл болон Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 3 391 412/гурван сая гурван зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун арван хоёр/ төгрөгийг төлсөн болох нь Зээл, зээлийн хүүний тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт нэхэмжлэгчээс нийт 21 608 588/25000000-3391412=21608588/ /хорин нэгэн сая зургаан зуун найман мянга таван зуун наян найм/ төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, хариуцагчид Улсын бүртгэлийн Ү-2201025078 дугаарт бүртгэдсэн Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, Москва хороолол, 18070 Москва гудамж, 143 байр, 97 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлөхийг даалгах нь үндэслэлтэй.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчээс нийт 29 317 668.01/хорин есөн сая гурван зуун арван долоон мянга зургаан зуун жаран найман төгрөг нэг мөнгө/ төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8 дахь хэсэгт зааснаар Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Батлан даалтын гэрээ хүчин төгөлдөр бус тул нэхэмжлэгчээс Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 29 317 668.01/хорин есөн сая гурван зуун арван долоон мянга зургаан зуун жаран найман төгрөг нэг мөнгө/ төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8 дахь заалтад заасныг баримтлан хариуцагчийн нэхэмжлэгчээс нийт 29 317 668.01/хорин есөн сая гурван зуун арван долоон мянга зургаан зуун жаран найман төгрөг нэг мөнгө/ төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, 56.5, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, 83.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Дын хариуцагч “И ББСБ” ХХК-тай байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Зээлийн гэрээ болон Зээлийн барьцааны гэрээ, Батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч “И ББСБ” ХХК-д Улсын бүртгэлийн Ү-2201025078 дугаарт бүртгэдсэн Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, Москва хороолол, 18070 Москва гудамж, 143 байр, 97 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлж, нэхэмжлэгч Б.Даас нийт 21 608 588/хорин нэгэн сая зургаан зуун найман мянга таван зуун наян найм/ төгрөгийг гаргуулан хариуцагч “И ББСБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч “И ББСБ” ХХК-ийн нэхэмжлэгч Б.Даас нийт 29 317 668.01/хорин есөн сая гурван зуун арван долоон мянга зургаан зуун жаран найман төгрөг нэг мөнгө/ төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8, 56.5, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, 83.8 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Дын хариуцагч “И ББСБ” ХХК-тай байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Зээлийн гэрээ болон Зээлийн барьцааны гэрээ, Батлан даалтын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч “И ББСБ” ХХК-д Улсын бүртгэлийн Ү-2201025078 дугаарт бүртгэдсэн Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, Москва хороолол, 18070, Москва гудамж, 143 байр, 97 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлж, нэхэмжлэгч Б.Даас нийт 21 608 588/хорин нэгэн сая зургаан зуун найман мянга таван зуун наян найм/ төгрөгийг гаргуулан хариуцагч “И ББСБ” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч “И ББСБ” ХХК-ийн нэхэмжлэгч Б.Даас нийт 29 317 668.01/хорин есөн сая гурван зуун арван долоон мянга зургаан зуун жаран найман төгрөг нэг мөнгө/ төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Б.Дын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн нийт 565 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “И ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилсан төлсөн 374 750 төгрөгөөс 374 738 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “И ББСБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 565 900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Д олгож, улсын орлогоос илүү төлсөн 12 төгрөгийг гаргуулан хариуцагч “И ББСБ” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ