Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2557

 

 

 

 

 

                         

 

 

2019 оны 12 срын10 өдөр

                            181/ШШ2019/02557

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Г-ийн  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: А Т Ү Т  ТӨҮГ-т холбогдох

 

Сахилгын шийтгэл хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

Тодорхойлох нь:

  

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Г  нь А Т Ү Т д Өмгөговь аймаг дахь салбарын даргаар томилогдон ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй. Үүнтэй холбоотой шат шатны А Т Ү Т ийн дарга нар томилогдон ирж өөрчлөгдөх болгонд Д.Г г өргөдлөө өгөөд гар гэх мэтээр захиргааны дарамт үзүүлдэг байсан.

2017 онд Д.Г  нь ажлаас халагдаж, шүүхээр ажилд эгүүлэн томилуулж ажилдаа орсон. Үүний дараа Д.Г  ажлаа хийж байтал 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Б/395 тоот тушаалаар сахилгын шийтгэл үндэслэлгүйгээр оногдуулсан гэж үзэж байна. Учир нь 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс Д.Г  нь ээлжийн амралтаа эдэлж байхад 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ажлын зайлшгүй шаардлага гарлаа гэж ажилд нь дуудаж оруулсан.

Ингээд Өмнөговь аймгийн төвөөс алслагдмал зайд 150 км-н цаана байдаг Улаан чулуут транс ХХК-иас хүсэлт ирж, 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр техник хяналт үйлчилгээний инженер н.Батбаяр үүрэг өгч явуулын техник үйлчилгээний тоног төхөөрөмж машинтай явж үзлэгт оруул гэж шаардлага тавьсан.

Үүнд нь 94 машин байсан. 94 машинаас 3 машин нь суудлын жижиг тэрэг үлдсэн машин нь том оврын машинууд байсан. Д.Г  нь үзлэгээ хийгээд 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ажилдаа ирж тайлангаа өгөхөд хэвийн байсан мөн тухайн байгууллагаас санал гомдол ирээгүй. Гүйцэтгүүлэгч байгууллагаас санхүүгийн төлбөр орж ирсэн. Үүнтэй холбоотой тухайн газрын санал тавих үйл ажиллагаа дууссан гэж үзэж байгаа.

Аймгийн төвөөс алслагдмал газар ажлыг хийхдээ хуурамч буюу үзлэгт оруулалгүйгээр ямар нэгэн байдлаар системд шивсэн байсныг мэдэх боломжгүй. Д.Г гийн тайлан нь ажлаа хийсэн гэж мэдээлсэн байгаа. Гэтэл ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, өдөр тутмын зохион байгуулах үйл ажиллагааг хангалтгүй хийсэн, хяналт тавьж ажиллаагүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн Б/395 тоот сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөговь аймгийн А Т Ү Т  газар нь албан тушаалд заасан тодорхойлолтод ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, өдөр тутмын зохион байгуулах үйл ажиллагааг хангалтгүй гүйцэтгэсэн гэх үндэслэлээр арга хэмжээ авсан.

Хөдөлмөрийн дотоод журмын 11.6.1-т албан тушаал ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн бол сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан. Ажлын байрны тодорхойлолтоор Өмнөговь аймгийн А Т Ү Т ийн дарга Д.Г  Өмнөговь аймгийн автотээврийн өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэгтэй. Мөн захиргааны хяналтыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хэрэгжих, үр дүнг тайлагнах үүрэг хүлээсэн ч энэ үүргээ хангалтгүй гүйцэтгэснээс болж Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Улаан чулуут транс ХХК-ийн 94 чирэгч, 94 чиргүүлийг техникийн хяналтын үзлэгийн инженер н.Батбаяр нь хууль бусаар үзлэгт орсон мэтээр харуулж, шивж оруулсан байсан.

Нэг тээврийн хэрэгслийг 10-15 минутын хооронд үздэг. Чиргүүлтэй байхаас нь хамаарч 15-20 минут үздэг. Гэтэл 94 чирэгч, 94 чиргүүлийг тооцож үзвэл 2 өдөрт үзлэг хийж дуусгах боломжгүй. Гэтэл Д.Г  нь энэ талаар хяналт тавьж систем рүү орж харах эрхтэй байдаг боловч үзлэг яваад ирсний дараа хяналт тавиагүй зүгээр орхисон нь хууль бус үйлдэл юм.

Гаалийн ерөнхий газраас А Т Ү Т ийн гаргуулж авсан лавлагаагаар Улаан чулуут транс ХХК-ийн 98 ширхэг тээврийн хэрэгсэл нь 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдрийн хооронд боомтоор гарсан байсан. Иймд Д.Г д сахилгын шийтгэл ногдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.   

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Д.Г  нь хариуцагч Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдуулан 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/395 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь ажлын байрны тодорхойлолтод заасан хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Авто тээврийн үндэсний төвийн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/395 тоот тушаалын 1 дэх заалтаар “Тус үйлдвэрийн газрын Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн дарга Д.Г  нь албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтод заасан ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, Төвийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн, хяналт тавьж ажиллаагүйгээс инженер В.Батбаяр нь “Улаан чулуут транс” ХХК-ийн 94 чирэгч, 94 чиргүүлийг техникийн хяналтын үзлэгийг дүрэм, журам зөрчин тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт тэнцүүлсэн өөрийнх гаргасан тайлбар болон холбогдох бусад баримтаар тогтоогдсон тул сарын үндсэн цалинг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай ” гэж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 55 дугаар  тогтоолоор батлагдсан “Авто тээвийн үндэсний төв” ТӨҮГ-ын дүрмийн 6.10.7, 6.12, Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.2, 5.1.3, 5.1.26, 11.6.1, 11.6.23 дэх заалтуудыг тус тус үндэслэн Д.Г д сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх-ийн 5 дахь тал/

 

Улаан чулуу транс ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаартай “Өмнөговь аймгийн Авто тээврийн төв”-д “...Улаан чулуу транс ХХК 2018 оны 6 дугаар сараас эхлэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Эрдэнэс таван толгой ХК-ний нүүрсний уурхайгаас Цагаан хад, Гашуун сухайт, Ганц Мод боомтын чиглэлд өөрийн 98 тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэж байна. Манай компани 94 тээврийн хэрэгсэл, чиргүүлийг 2019 оны авто тээврийн үзлэг оношилгоонд хамруулж өгнө үү” гэх утгатай алба бичгийн дагуу техникийн хяналтын инженер В.Батбаяр нь 2019 оны 7 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд үзлэг, оношилгоог хийхдээ тээврийн хэрэгсэлийг үзэж оношлоогүй болох нь 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн дотоод аудитын шалгалтаар илэрсэн болох нь баримтаар нотлогдож байна.

 

Гаалийн ерөнхий газрын 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 02-1/3111 тоот албан бичигт “Улаан чулуу транс ХХК-ийн эзэмшлийн нийт 98 тээврийн хэрэгсэл 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 01-ний хооронд Гашуун сухайт боомтоор гарсан болон орсон талаар мэдээллийг “Тээврийн хэрэгслийн бүртгэлийн программ”-аас шалгаж үзэхэд дээрхи хугацаанд гараад буцаж ирээгүй 67, гараагүй 31 тээврийн хэрэгсэл байна” гэж дурьдсан байдлаас үзэхэд техникийн хяналтын инженер В.Батбаяр нь тээврийн хэрэгслийг үзээгүй атлаа тэнцүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

Аймгийн автотээврийн төвийн даргын ажлын байрны тодорхойлолтын 2 дугаар зорилтын 2.3-д “Тээврийн хэрэслийн техникийн хяналтын үзлэгийн үйл ажиллагаанд  байнгын хяналт тавих...” үүрэгтэй гэж заажээ.

 

Гэрч М.Эрдэнэдалай “Том тээврийн хэрэгслийг 15 минут, чиргүүлтэй тээврийн хэрэгслийг 15-20 минутын дотор үздэг, 94 чирэгч, чиргүүлийг 2 хоногийн дотор үзэх боломжгүй” гэж мэдүүлсэн ба хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Гантуяа нь техникийн хяналтын үзлэгийн программд нэвтрэх эрхтэй бөгөөд уг эрхээрээ нэвтэрч 2 хоногт хэдэн тээврийн хэрэгсэл, чиргүүлд үзлэг хийх боломжтой болохыг тооцолох, хяналт тавих үүргээ биелүүлээгүй, зөрчил гаргасан В.Батбаярыг ажлаас нь чөлөөлсөн” гэж тайлбарласан.

 

Д.Г  нь техникийн хяналтын үзлэгийн программд нэвтрэх эрхтэй болох нь үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байгаа бөгөөд төвийн дарга нь техникийн хяналтын инженер В.Батбаярын үйл ажиллагаанд хяналт тавих, томилолтоор явсан ажлыг шалгах, 94 чиргүүлтэй тээврийн хэрэгслийн үзлэгийг хийх боломжит хугацааг тодорхойлох боломжтой байсан бөгөөд техникийн үзлэгт хамрагдаагүй хүнд даацын тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөнд оролцож осол гарах, улмаар хүний амь эрсдэх, өмч хөрөнгөд хохирол учрах зэрэг сөрөг үр дагавар үүсэх боломжтой болохыг дурьдах нь зүйтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.Г  нь ажлын байрны тодорхойлолтод заасан хяналт тавих үүргээ биелүүлээгүй байх тул сарын үндсэн цалинг 3 сар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч Д.Г гийн Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдуулан 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/395 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-т зааснаар  нэхэмжлэгч Д.Г гийн Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-т холбогдуулан гаргасан 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Б/395 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЭНХБАЯР