| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2019/03296/И |
| Дугаар | 2644 |
| Огноо | 2019-12-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2644
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: А.Г-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.Б-д холбогдох
Машины граж чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Г , хариуцагч Б.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо 340 А тоотод миний эзэмшлийн хашаа байдаг. Хашааны хойд талд Б.Б нь граш барьсан. Би газрын албанд очиж 200 м,кв-ыг хүүхдийн эзэмшил дээр болгохын тулд бичиг баримт хөөцөлдөхөд таны 200 м,кв газарт орох гарах гарц байхгүй байна. Гражныхаа асуудлыг шийдээд ир, үүнээс өөр зөвшөөрөл олгох боломжгүй байна гэж хэлсэн. Энэ талаар Б.Б ахын эхнэрт хэлсэн ч манайх зөвшөөрөлтэй гээд грашаа буулгаагүй. Газрын албатай дахиж очиж уулзахад эхлээд шүүхээр яваад шүүхийн шийдвэр гарсны дараа газар чөлөөлүүлж болно гэж хэлсний дагуу нэхэмжлэл гаргасан” гэв.
Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Сүхбаатар дүүрэг, 18 дугаар хороо, 54 гудамж, 326 тоот хаягт амьдардаг. Нэхэмжлэгч талын хашааг дагуулаад граж барьсан нь үнэн. Гэхдээ нэхэмжлэгч талын хэлж байгаа шиг хаалга үүдийг нь хаагаагүй. Надтай уулзаад учраа хэлсэн бол би ойлгох байсан. Гражны нөгөө талаас буулгая гэвэл үүнийг нь хүлээн зөвшөөрнө” гэв.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Г нь хариуцагч Б.Б ид холбогдуулан машины граж чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Б нь 2011 онд граж барьсан, зохих зөвшөөрөл аваагүй нь миний буруу, айлын хашааны хаалга хаасан зүйл байхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч А.Г “Миний өмчлөлийн газрын хашааг дагуулан урт граж барьсан, миний өмчлөлийн газар 700 м.кв бөгөөд уг газрын хажууд 200 м.кв газар байдаг. Миний бие хүүхэддээ уг газрыг авч өгөхөөр газрын албанд хандахад орц, гарцыг нь хааж граж барьсан тул уг гражийг шүүхэд нэхэмжлэл гаргаж буулгуул гэж тайлбарласны дагуу зөвшөөрөлгүй барьсан гражийг буулгуулахаар нэхэмжлэл гаргасан” гэж, хариуцагч “...миний граж 2011 оноос хойш уг газарт байж байгаа нийт 12 мерт урт хэмжээтэй, газрын зөвшөөрөлгүй нь үнэн. Гэхдээ А.Г гийн хашааны хаалга хааж бариагүй. Хэрэв шаардлагатай гэвэл уг гражийг хаалга талаас нь 3 метр хойш татахад татгалзах зүйлгүй” гэж тус тус тайлбарласан.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.” гэж заажээ.
Б.Б ийн граж нь байрлах газар нь зохих зөвшөөрөлгүй, мөн А.Г гийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 54 дүгээр гудамж, 340 тоотод байрлах 700 м.кв газартай давхцал байхгүй, уг граж нь А.Г гийн өмчлөлийн газрын орц, гарцыг хаагаагүй зэрэг үйл баримтад маргаагүй.
Нэхэмжлэгч нь хавтаст хэргийн 5 дахь талд авагдсан кадастын зурагт цэнхэр өнгөөр тэмдэглэсэн хэн нэгний өмчлөл, эзэмшилд байдаггүй газрын өөрийн хүүхэддээ эзэмших эрхийн гэрчилгээ авч өгөх зорилгоор орц, гарц нээлгэх гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд А.Г нь хариуцагч Б.Б ийн өмчлөлийн гаражийг дундуур нь нураалгаж, кадастын зурагт цэнхэр өнгөөр тэмдэглэсэн газарт орц гарц гаргасан тохиолдолд эвлэрэх боломжтой гэж тайлбарласан, хариуцагч нь дундуур нь нураах боломжгүй, харин хаалганы хэсгээс 3 метр нураах боломжтой гэж тус тус тайлбарласан.
Б.Б ийг зөвшөөрөлгүй гараж барьсан үйл баримт нь хуульд нийцэхгүй боловч Б.Б нэхэмжлэгчийг өмчлөх эрхээ хэрэжүүлэхэд саад болсон байдал баримтаар нотлогдохгүй, мөн ирээдүйд газрын эзэмшил үүсгэх зорилгоор эзэмшлийн бус газарт орц гарц нээлгэх зорилгоор бусдын өмчийн нураалгах шаардлага гаргаж байгаа нь үндэслэл муутай байна.
Нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 54 дүгээр гудамж, 340 тоотод байрлах 700 м.кв газарт 2016 оноос хойш амьдарч байгаа болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн өмчлөлийн газартай давхцал үүссэн, өмчлөлийн газрын орц, гарцыг хаасан зэрэг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа тохиолдолд уг гражийг албадан чөлөөлөх боломжтой бөгөөд уг граж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байхад албадан чөлөөлөх боломжгүй байна.
Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө. ”, 55.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна.” гэж тус тус заажээ.
Иргэний хэргийн шүүх нэхэмжлэгчийн өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн болох нь баримтаар нотлогдсон тохиолдолд газрыг албадан чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх бөгөөд дур мэдэн газар эзэмшиж, уг газар дээр барьсан гражийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авах хуулийн зохицуулалттай болохыг дурьдах нь зүйтэй.
Иймд дээрхи үндэслэлээр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 54 дүгээр гудамжид байрлах Б.Б ийн өмчлөлийн гражийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч А.Г гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.3 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 54 дүгээр гудамжид байрлах Б.Б ийн өмчлөлийн гражийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч А.Г гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР