| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2019/03037/И |
| Дугаар | 2645 |
| Огноо | 2019-12-17 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2645
| 2019 оны 12 срын17 өдөр | 181/ШШ2019/02645 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Р.Ц-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: М К ХХК -д холбогдох
Р.Ц ийн хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан 9911-7688 дугаартай дараа төлбөрт утсыг одоо хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа Цэгмэдийн Өлзий-Оршихын нэр дээр байгаа эрхийг хүчингүй болгуулах, хуучин эзэмшигч Р.Ц ийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ням, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай үйлчлүүлэгч Р.Ц нь 2000 оноос хойш бизнесийн үйл ажиллагаа явуулах хугацаандаа Мобиком компанийн найдвартай хэрэглэгч болж 2004 онд дараа төлбөрт 99117688 дугаарыг ажил амьдралдаа 2016 оныг дуустал хэрэглэж байсан. Тус дугаарыг хэрэглэх хугацаандаа төлбөрийг сар бүр төлж байсан.
2016 оноос хойш Р.Ц нь өвдөж ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй амьдралын хүнд байдалд байхад тухайн үед манай үйлчлүүлэгчийн эзэмшиж, ашиглаж байсан дугаарыг Р.Ц ийн зөвшөөрөлгүй Ц.Өлзий-орших гэх хүний нэр дээр шилжүүлж, манай үйлчлүүлэгчийг хохироосон. Тус дугаарыг манай үйлчлүүлэгч буцаан өөрийнх нь нэр дээр шилжүүлэхийг удаа дараа шаардсан боловч М К гомдлыг хүлээж аваагүй.
Р.Ц нь Ө.Солонгод дугаарыг шилжүүлсэн гэдэгтээ маргахгүй байгаа. Харин Ц.Өлзий-Оршиход дугаарыг шилжүүлсэн үйл баримттай маргаж байгаа.
Иймд манай үйлчлүүлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, мөн 99117688 дугаарыг хууль бусаар эзэмшиж байгаа Ц.Өлзий-Оршихын эрхийг хүчингүй болгож, хуучин эзэмшигч болох Р.Ц ийн нэр дээр шилжүүлэхийг М К д даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Р.Ц нь Мобикомын хэрэглэгч байсан. Гэвч Р.Ц нь 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр өөрөө хүсэлт гаргаад гэрээ шилжүүлэх баримт үйлдэж, Ө.Солонгод дугаарыг шилжүүлсэн. Бусдад мэдэгдэлгүй дугаарыг шилжүүлсэн гэж байгаа нь үндэслэлгүй байна. Р.Ц ийн гарын үсэг зурсан бичиг баримтуудыг хэрэгт хавсаргаж өгсөн.
Р.Ц нь 99117688 дугаарыг Ө.Солонгод шилжүүлснээр Мобиком Р.Ц нарын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон тул Ө.Солонго нь тус дугаар эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй болж байгаа. Үүний үндсэн дээр Ө.Солонго нь хүсэлт гаргаж М К дараагийн хэрэглэгч болох Ц.Өлзий-Оршиход дугаарыг шилжүүлсэн. Энэ нь нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл бишИймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Р.Ц нь хариуцагч М К ХХК-д холбогдуулан 99117688 дугаарыг хууль бусаар эзэмшиж байгаа Ц.Өлзий-Оршихын нэр дээр байгаа бүртгэлийг хүчингүй болгож, хуучин эзэмшигч Р.Ц ийн нэр дээр шилжүүлэхийг М К ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч М К ХХК нь нэхэмжлэгч Р.Ц нь өөрөө Ө.Солонгод шилжүүлсэн, Ө.Солонго нь Ц.Өлзий-Оршиход шилжүүлэхэд зөвшөөрөл авах шаардлагагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Р.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Р.Ц миний зөвшөөрөлгүй Ө.Солонго нь Ц.Өлзий-Оршиход шилжүүлсэн. М К ХХК нь нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй бусдад шилжүүлсэн нь буруу байсан тул Р.Ц ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа” гэж, хариуцагч М К ХХК нь “...Р.Ц өөрөө дугаараа бусдад шилжүүлсэн тул манай байгууллагаас харилцах боломжгүй” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, татгалзлын үндэслэлийн тус тус тайлбарласан.
Р.Ц нь 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Бичил Глобус Групп ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 99117688 дугаарыг шилжүүлэн авч, М К ХХК-тай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ.
Улмаар Р.Ц нь 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Ө.Солонгод 99117688 дугаарыг шилжүүлэн өгсөн ба нэхэмжлэгч нь 150908564363 тоот баримтад өөрөө гарын үсэг зурсан, өөрөө хүсэл зоригийн дагуу шилжүүлэн өгсөн үйл баримтад маргаагүй болно.
Нэхэмлжэгч нь 99117688 дугаарыг бусдад шилжүүлэн өгснөөр М К ХХК-тай байгуулсан гэрээ дуусгавар болох бөгөөд дугаарыг шилжүүлэн авсан Ө.Солонготой 99117688 дугаарыг ашиглах, үйлчилгээ худалдан авахтай холбоотой эрх зүйн харилцаа үүснэ.
Ө.Солонго нь 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр 99117688 дугаарыг Ц.Өлзий-Оршиход шилжүүлсэн болох нь баримтаар нотлогдож байна.
Хариуцагч М К ХХК-тай Р.Ц нь гэрээгээ дуусгавар болгож, бусдад дугаарыг шилжүүлсэн бол уг дугаарыг шилжүүлэн авсан этгээд бусдад шилжүүлэхэд хариуцагч Р.Ц ээс зөвшөөрөл авах үүрэггүй болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар Ө.Солонго нь Ц.Өлзий-Оршиход шилжүүлэн өгөхөд нэхэмжлэгчээс зөвшөөрөл авах шаардлагагүй тул уг хэлцэл хүчин төгөлдөр, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар 99117688 дугаарыг хууль бусаар эзэмшиж байгаа Ц.Өлзий-Оршихын нэр дээр байгаа бүртгэлийг хүчингүй болгож, хуучин эзэмшигч Р.Ц ийн нэр дээр шилжүүлэхийг М К ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР