Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/847

 

 

 

 

 

 

 

 

     2023        06          14                                      2023/ШЦТ/847

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Д.Аззаяа /томилолтоор/,

шүүгдэгч Ц.П , түүний өмгөөлөгч Б.Анхбаяр,

шүүгдэгч Г.Т , Т.Ц , тэдгээрийн өмгөөлөгч Ц.Батзаяа,

шүүгдэгч Б.Б , Э.Ц , тэдгээрийн өмгөөлөгч Б.Отгонжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Ц , Б.Б ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Ц , Г.Т ,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.П  нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 04251 3813 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энканто” үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулах “Limani lounge” гэх нэртэй газарт шүүгдэгч Б.Б г хохирогч Ц.П той маргалдаж улмаар гараараа цохих зэргээр биед нь халдаж түүний эрүүл мэндэд баруун ухархайн дотор ханын хугарал, баруун дээд, доод зовхи, баруун шагайн үенд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун завьжинд шарх, нуруунд зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Ц.П ийг хохирогч Б.Б тэй маргалдаж улмаар гараараа нүүрэн тус газар цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь уруулд шарх гэмтэл үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Э.Ц ыг хохирогч Т.Д тэй маргалдаж улмаар толгойгоороо нүүрэн тус газар мөргөх, цохих зэргээр биед нь халдаж, Т.Д ийн эрүүл мэндэд тархи доргилт, дагз, дух, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, баруун мөрөнд зулгаралт гэмтэл үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн шүүгдэгч Б.Б , Э.Ц ,  Г.Т , Т.Ц  нарыг 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр нийтийн хэв журмыг бусадтай бүлэглэн зөрчиж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энканто” үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулах “Limani lounge” гэсэн нэртэй газарт Ц.П , Т.Д  нарыг сандал түлхлээ гэх шалтгааны улмаас хэрүүл маргаан үүсгэж байгууллагын хэвийн үйл ажиллагааг болон тус газарт тэднээс гадна үйлчлүүлж байсан бусад иргэдийн буюу олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б , Ц.П , Э.Ц  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,  шүүгдэгч Б.Б , Э.Ц ,  Г.Т , Т.Ц  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2206 04251 3813 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:

 

1. Шүүгдэгч Б.Б  нь 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энканто” үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулах “Limani lounge” гэх нэртэй газарт Ц.П ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлэн авсан тэмдэглэл /1 хх-ийн 3/,

БЗДЦГ ЦХ-1, ШУдирдлагын тасаг, Дуудлагын лавлагааны хуудас /1 хх-ийн 4/,

 

Хохирогч Ц.П ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2022 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 01 цагийн орчим “Энканто” төвийн 20 давхар дахь Limani pub-д ороод нэг ширээнд суугаад сандлыг татахад зэргэлдээ ширээнд сууж байсан хүний сандлыг шүргэсэн. Тэр залууд “уучлаарай” гэж хэлэхэд тус залуу “уучлаарай гэж шааж байна” гээд 4 залуу хоорондоо инээлдээд байсан. Ингээд сандлаа бүрэн татаад суухад тэр дөрвөн залуу “чи ер нь хэн юм бэ” гэж хэлээд босоод ирсэн. Бид хоорондоо маргалдаж би “хүний олон хүнээ барихгүй шүү” гэхэд “чи хэн юм бэ, бид нар тагнуулын хүмүүс байна. Ажилгүй болгоно. Хаана ирснээ мэдэж байна уу” гэж хэлсэн. Би нэг улаан цамцтай намхан залуутай барьцалдаад зогсож байтал хажуу талаас хар пудволктой махлаг залуу орж ирээд миний нүд рүү гараараа 1 удаа, шүд рүү гараараа нэг удаа цохиход нь би газар унасан. Намайг зодуулж байхад Limani pub-н зөөгч залуучууд ирээд салгах гээд байсан. Намайг зодсон хар пудволктой тарган залууг явуулахгүй гээд хувцаснаас нь зуурахад Limani pub-н зөөгч нар намайг хориод байсан. Тэр үед намайг зодсон хар пудволктой залуу нь миний хөл дээр гишгэснээс болж би хазгай гишгэж баруун хөлөө гэмтээсэн. Хар пудволктой залуу зугтах гэж гүйж байхад би араас нь хөөсөн. Арай гэж барьж аваад зогсож байтал цагдаа нар ирсэн. Тухайн үйл явдлыг Limani pub-н зөөгч нар бүгд харж байсан бөгөөд камерын бичлэгт бичигдсэн байх. Би тухайн залуусд цохиулж байхдаа өөрийгөө хамгаалах гэж хар пудволктой тарган залууг гараараа нэг удаа цохисон. Миний баруун нүд хавдаж, хөндүүрлэсэн. Үүдэн шүдний баруун талын 3 шүд хөдөлсөн. Баруун хөлний шагай 2 талаараа хавдсан, гишгэж чадахгүй байна..”,

Хяналтын камерын бичлэгийг би үзлээ. ...Миний биед учирсан баруун ухархайн дотор ханын хугарал, баруун дээд, доод зовхины цус хуралт гэмтлийг хар өнгийн пудволк, хар өнгийн өмдтэй залуу баруун гарын тохой хэсгээрээ хүчтэй тохойлдсоноос үүссэн. Баруун шагайн үенд цус хуралт зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт гэмтлийг яг хэн учруулсныг санахгүй байна. Намайг түлхэж заамдаж унагаах явцад үүссэн байх гэж бодож байна. Шинжээчийн дүгнэлтэд миний дээд 3 шүд гэмтсэн ба уг гэмтлийг намайг тохойлдсон хар өнгийн пудволк, хар өнгийн өмдтэй залуу мөргөж учруулсан. Би шүдний зургийг авхуулахад бага зэргийн цууралттай байна гэсэн.

 ...Тухайн 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдөр нь миний төрсөн өдөр байсан юм. Тэгээд Дорждэрэм ах бид хоёр айлд тавуулаа 2 шил 0.5 литрийн багтаамжтай нэрийг нь одоо санахгүй байна архийг хувааж уусан байсан. Ерөнхийдөө бага зэргийн согтолттой байсан. Цагдаагийн хэлтэс дээр очоод согтуурал шалгах багаж үлээлгээгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 10, 89-91/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч О.Нансалмаагийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 11270 дугаар:

“Ц.П ийн биед баруун ухархайн дотор ханын хугарал, баруун дээд, доод зовхи, баруун шагайн үенд цус хурал зөөлөн эдийн няцрал, баруун завьжинд шарх нуруунд зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /1 хх-ийн 38-39/,

 

Камерын бичлэгийг үзэхэд:

Бичлэгийн 12 минут 18 секундэд Б.Б  нь зүүн гараараа заамдаж байгаад баруун гарынхаа тохой хэсгээрээ 1 удаа Ц.П ийн нүүр орчимд нь хүчтэй тохойлдож түүнийг газарт унагаав.

Бичлэгийн 27 минут 06 секундэд Ц.П  нь Б.Б гийн толгой руу мөргөх ба тэр 2 хэн хэнийгээ харилцан толгойгоороо мөргөлдөж түлхэж байв. Б.Б  нь Ц.П ийн толгойноос 2 гараараа барьхад Ц.П  тонгойход нь толгойн орой хэсэгт нь Б.Б  толгойгоороо 1 удаа мөргөв. Ц.П  толгойгоо барьж хэсэг зогсов.

 

Шүүгдэгч Б.Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Ц.П той сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хохирол гомдлыг барагдуулсан ба өөрийн үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 239-240/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

2. Шүүгдэгч Э.Ц  нь 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энканто” үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулах “Limani lounge” гэсэн нэртэй газарт иргэн Т.Д ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Т.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...П  нь сандалдаа суухдаа хойноо сууж байсан залуугийн сандлыг санамсаргүй цохиж мөргөлдсөн юм шиг байсан. Гэтэл сандлаа цохиулсан залуу “хөөш цохичихлоо шдээ пизда минь” гэхэд П  уучлалт гуйсан чинь “уучлаач гэж шааж байна пизда нар чинь” гээд хоорондоо юм ярьж байгаад сандлаа цохиулсан залуу П той өөд өөдөөсөө хараад юм яриад байсан. Тэрийг нь би сонсоогүй зүгээр сууж байсан чинь нөгөө талын ширээнээс нэг том биетэй залуу босч ирээд миний урд ирээд нүүр рүү тулж байгаад “та нар яах гээд байгаа юм” гэхээр нь би “та нар хүний олон хүнээ барихгүй” шүү гэж хэлээд зүгээр сууж байхад нөгөө ширээнээс нэг жижиг залуу шууд П ийн хоёр мөрнөөс бариад сэгсрээд байхаар нь би сандлаасаа босч ирээд ”боль” гэхэд нөгөө ширээнд сууж байсан залуучууд бүгд босч ирээд “ална” гээд дайраад байсан. Нэг харахад надад нүүрээ наагаад байсан том биетэй залуу нь П ийг боогоод сандал дээр хэвтүүлэхээр нь “боль” гээд болиулах гэхэд том биетэй залуу нь П ийг шалан дээр унагаагаад байхаар нь тэр залууг болио гээд гарнаас нь бариад авсан чинь “пизда нар минь алалцвал алалцана шүү ална шүү зүгээр хол байгаарай” гэсэн утгатай зүйл ярихаар нь би “чи болио” гэхэд том биетэй залуу нь гартаа барьж байсан утсаараа миний толгой руу 2 удаа хүчтэй цохисон. Тэр залуу намаиг цохиж байхдаа “чи муу тагнуул гэж мэдэх үү” гэсэн зүйл ярьсан учир би тэр залууг тагнуулын алба хаагч юм байх гэж бодоод “чи тагнуулын хүн гэхээрээ хүн зодож болдог юм уу чи тагнуул байх надад хамаагүй би ч гэсэн цагдаагийн алба хаагч байна” гээд өөрийнхөө цагдаагийн албаны үнэмлэхийг харуулсан чинь тэр залуу “чамайг би маргааш ажилгүй болгоноо чамайг ажилгүй болохоор эхнэр чинь өлсгөлөн зарлана шүү дээ мэдэж байна уу чи” гэсэн зүйл ярьсан. Бид хоёрыг маргалдаад зогсож байхад П ийг үлдсэн 3 залуу зодож байсан тул би цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд дуудлага мэдээлэл өгсөн. Гэтэл гэнэт нэг залуу миний зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисон чинь том биетэй залуу нь нүүрлүү мөргөхөөр нь “би хамаагүй чи намайг зодож болно харин би чамайг цохиогүй шүү” гэхэд тэр залуу нь “чи намайг цохиод үзэхгүй юу” гэсэн утгатай зүйл яриад байж байхад үлдсэн 3 залуугийн нэг нь намайг хавсарч газарт унагаагаад байсан. Ер нь бол тэр 4 залуу П  бид хоёрыг зодож байгаад надтай муудалцсан том биетэй залуу, цагаан өнгийн цамцтай залуутай хамт явах гээд байхаар нь том биетэй залууг цагдаа иртэл явуулахгүй гээд хориод цүнхнээс нь бариад байж байхад лифт ирээд зогсоход намайг шууд заамдсан байдалтай лифтрүү чирч ороод намайг боогоод хүзүүнд байсан улаан утастай мөнгөн сахиусыг тасалсан байсан. Тэр залуу лифтэн дотор намайг заамдаад боож байхдаа лифтний зүүн ханаруу 1 удаа мөргүүлээд намайг тавьсан. Тэгэхээр нь би “чи намайг ингэж зодож байхаар зүгээр алчих” гэхэд тэр залуу баруун тохойгоороо зүүн шанаа хэсэгт цохисон. Тэгэхээр нь би “энэ дотор ч гэсэн камер байна шдээ” гэсэн чинь намайг зодохоо больсон. Тэгээд лифтээр 1 давхарт бууж ирээд тэр хоёр явах гээд байхаар нь би явуулахгүй гээд хориод байж байхад том биетэй залуу нь цагаан цамцтай залуугаа зугтаалгасан ба удалгүй цагдаа нар орж ирсэн. Цагдаагийн алба хаагч нар ирээд камер шүүж үзнэ гээд том биетэй залуу бид хоёртой хамт хяналтын камер шүүж үзсэн. Би цагдаагийн алба хаагч нар ирсний дараа тухайн хүмүүст зодуулсан уурандаа “та нар хэзээ байхдаа хаана хүн зодоод сурсан хүмүүс вэ” гээд харааж зүхсэн асуудал бол байгаа тэрнээс биш хүний биед халдсан зүйл байхгүй. Тухайн үед миний дух хавдаж зулгарсан, зүүн шанаа нүдний ойр орчимд хавдсан, хамрын нуруунд хөндүүртэй болсон байсан. Мөн хүзүү улайж зулгарсан байсан. Тухайн үед миний биед учирсан гэмтлүүдийг надад нүүрээ нааж эхэлсэн том биетэй залуу болон намайг боогоод хавсарч унагаад байсан 2 залуу учруулсан. Би ямар нэгэн байдлаар тэр хүмүүсийн биед халдсан асуудал байхгүй.”,

“...Бид гурав анх ороод суух үед хажуу талын ширээнд сууж байсан 4 залуугийн цагаан өнгийн дугуй малгайтай, цайвар өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн өмдтэй том залуу миний толгой, дух хэсэг рүү гар утсаараа 2 удаа цохисон, дараа нь мөн зүүн хацар орчимд нэг удаа мөргөж учруулсан. Дараа уг залуу намайг тухайн газрын цахилгаан шатан дотор заамдаж байгаад хана руу ар дагз хэсгээр хүчтэй мөргүүлсэн. Энэ үед тархи доргилт, дагз, дух, зүүн хацарт учирсан зөөлөн эдийн няцрал гэмтлийг учруулсан. ...Бид нарыг ороход тухайн газарт хөгжим дуугарч байсан ба тэр 4 залуу эхлээд юу юу гэж хэлсэн талаар би сонсоогүй. Ямар ч байсан эргэж хараад уурлаад байх шиг байсан. ...Одоо миний биеийн байдал зүгээр...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 15-16, 94-96/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч О.Нансалмаагийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 11246 дугаар:

“Т.Д ийн биед тархи доргилт, дагз, дух, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, баруун мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /1 хх-ийн 33-34/,

 

Камерын бичлэгийг үзэхэд:

Бичлэгийн 10  минут 58 секундэд Э.Ц  нь Т.Д  рүү очиж хоёр гараараа хацарнаас нь бариад үнсэж байна. Энэ үед Э.Ц ын баруун талаас Ц.П  очиж түүний баруун талын шанаа орчимд нь зүүн гараараа 1 удаа цохив. Цогтгэрэл Ц.П ийг татаж холдуулах ба зөөгч цааш нь татаад зогсов. Э.Ц , Т.Д  нар хоорондоо ярилцана. Т.Ц  баруун гарын шууны гадна хэсгээр Т.Д ийн эрүүрүү түлхэв. Б.Б  энэ үйлдлийг болиулахад Т.Д  Э.Ц ын хувцаснаас бариад үг хэлэхэд Э.Ц  гартаа барьж байгаа гар утсаараа 2 удаа Т.Д ийн толгой руу цохиж байна.

Бичлэгийн 12 минут 20 секундэд Э.Ц  Т.Д  2 өөд өөдөөсө харан ярилцах бөгөөд Э.Ц  нь Т.Д ийн толгойн зүүн орой хэсэгт баруун гараараа 2 удаа алгадав. Салаад явахад Т.Д  халааснаасаа жижиг хавтастай зүйл гаргаж Э.Ц т харуулах ба үүнтэй зэрэгцээд Г.Т  нь Т.Д ийн араас татаж хавсарч газарт бөгсөөр нь унагаав. Т.Д  үүд хэсэг рүү явж байхад Э.Ц  хойноос нь очиж тэр 2 нэгийгээ заамдах түлхэх зэрэг үйлдэл хийж байснаа Э.Ц  нь халааснаасаа гар утсаа гаргаж ирээд Т.Д ийг цохих гэж оролдоход Т.Д  гарыг нь бариад цохиулсангүй барьцалдаад зогсов. Э.Ц ын 2 гарын ханцуй дээрээс Т.Д  барьсан байдалтайгаар маргалдаж зөөгч салгах оролдлого хийж байв. Энэ үед Э.Ц  нь Т.Д ийн нүүр хэсэг рүү нь 1 удаа толгойгоороо мөргөж байна.

 

Шүүгдэгч Э.Ц  нь хохирогч Т.Д ийн хохиролд түүний 50......79 тоот дансанд 2.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /2 хх-ийн 30/,

 

Шүүгдэгч Э.Ц ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Миний бие прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний бие Т.Д тэй сайн дураараа эвлэрч, түүнд учирсан хохирлыг бүрэн барагдуулсан..” гэх мэдүүлэг /1 хх-ийн 248-249/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

3. Шүүгдэгч Ц.П  нь 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энканто” үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулах “Limani lounge" гэсэн нэртэй газарт иргэн Б.Б тэй маргалдаж улмаар гараараа нүүрэн тус газар цохиж биед нь халдан эрүүл мэндэд нь уруулд шарх гэмтэл үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:

“... Миний биед учирсан дээрх гэмтлийг 2022 оны 08 дугаар сарын 14-нд шилжих шөнө цагаан өнгийн малгайтай цамцтай залуу баруун гараараа нэг удаа цохиж учруулсан. ... Бид дөрвийг сууж байхад хажуу талын ширээнд 3 хүн ирж суусан. Суухдаа сандал өшиглөсөн байна. Урд өмнө нь би Цогтоогийн гарыг сандлын завсарт хавчуулсан гэж бодож байсан юм. Тэгээд Цогтоо эргэж хараад тэр залууг ёжилж “уучлаарай” гэж хэлэхэд тэр залуу нэг зүйл хэлсэн юу хэлсэн эсэхийг би мэдэхгүй байна. Тэгэхээр нь би эргэж хараад “уучлал гуйгаад л болоо ш дээ” гэж хэлсэн. Гэтэл улаан өнгийн саравчтай малгайтай хар өнгийн өмд цамцтай залуу над руу хандаж “Цаашаа хараад гудар” гэж хэлсэн. Тэгээд яагаад ингэж байгаа юм аятайхан хэлж болдоггүй юм уу гэж хэлээд л анх маргаан эхэлсэн дээ. ...Улаан малгайтай тэр залуу хамаг хэрүүл эхлүүлсэн. Одоо миний биеийн байдал зүгээр байгаа...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 100-102/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 11249 дугаартай:

“Б.Б гийн уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн 11246 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 42-43/,

 

Камерын бичлэгийг үзэхэд:

Бичлэгийн 12 минут 6 секундэд Ц.П ийг ширээ тойрч явах гэхэд нь Б.Б  цамцны зүүн гараас нь барьж цааш хана руу түлхэв. Ц.П  эргэж хараад Б.Б гийн нүүр хэсэгт нь баруун гараараа 1 удаа цохив. Б.Б  хойшоо 3 алхаад зогсов.

 

Шүүгдэгч Ц.П ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Миний бие Б.Б тэй сайн дураараа эвлэрсэн, хохирлын тал дээр ямар нэгэн маргаан байхгүй..” гэх мэдүүлэг /2 хх-ийн 7-8/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс гэрч Б.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Миний санаж байгаагаар 4-5 ширээнд хүмүүс сууж байх шиг байсан. Тухайн хүмүүсээс надад таних хүн байхгүй. Эхлээд зааланд нь хөгжим явж байсан ба зодолдоод эхлэхэд хөгжим зогссон ба тэнд сууж байсан хүмүүсээс дургүйцэж байсан ба “болиочээ, гараач ээ, бид нар эндээ тайван суумаар байна ш дээ” гэх зэргээр юм хэлж байсан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 105-106/,

Гэрч Р.Н гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...миний бие “Интерекс дизайн” ХХК-ийн “Limani Lounge”-ийн тогоочоор одоо 3 дахь жилдээ ажиллаж байна. Байгууллагын эд хөрөнгө бол эвдэрч гэмтээгүй.” гэх мэдүүлэг /1 хх-ийн 108/,

Гэрч О.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“4-5 ширээнд үйлчлүүлэгч нар суусан байсан ба 20 орчим хүнтэй байсан байх. Манай эд хөрөнгө эвдэрч гэмтээгүй...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 110/,

Гэрч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“..Тухайн 6-7 ширээнд үйлчлүүлэгч нар байсан бөгөөд 20-25 орчим хүн байсан. Манай байгууллагын эд хөрөнгөөс ямар нэгэн эд зүйл эвдэрч гэмтээгүй. Харин тэнд үйлчлүүлж байсан үйлчлүүлэгч нараас “ийм гоё газар байж зодоон цохион болдог юм уу, энэ хүмүүсээ хөөж гаргаач, ганц удаа гадуур гараад гайгүй газар орж ирээд үйлчлүүлж байхад амгалан тайван байдал алдагдуулаад” гэх зэргээр гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 112-113/,

шүүгдэгч Б.Б гийн иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 138/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 139/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 140/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 147/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 186 дугаар шийтгэх тогтоол /2 хх-ийн 26-29/,

Шүүгдэгч Э.Ц ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 141/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 142/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1 хх-ийн 143/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 146/,

Шүүгдэгч Ц.П ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 144/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх-ийн 25/,

Шүүгдэгч Г.Т ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 148/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх-ийн 150/, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 234 дүгээр шийтгэх тогтоол /2 хх-ийн 188-191/,

Шүүгдэгч Г.Цогтгэрэлийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 149/, иргэний үнэмлэхийн хуулбар /2 хх-ийн 169/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2 хх-ийн 170/, шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт /2 хх-ийн 171/ зэргийг шинжлэн судлав.

 

Мөн шүүх хуралдааны явцад камерын бичлэгийг шинжлэн судлав.

Бичлэгийг үзэхэд:

“...дүрс бичлэгийн баруун доод буланд харагдах ширээний наад талын хоёр сандалны зүүн талд Г.Т , түүний баруун талд Э.Ц  суусан ба өөдөөс харсан байдалтай зүүн талд нь Т.Ц , баруун талд нь Б.Б  тус тус суусан байна.

Бичлэгийн 05 минут 00 секунтэд гаднаас уг зааланд Т.Д , бор шаргал үстэй хар өнгийн куртик, хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй, хар өнгийн цүнх барьсан эмэгтэй хүн, Ц.П  нар ар араасаа цуварч орж ирэв.

Т.Ц , Б.Б  нарын ард талд байх ширээний цаад талын хоёр сандалд эмэгтэй хүн, Т.Д  нар сууж, наад талын сандалд Ц.П  суух гэхэд Т.Ц  сууж байгаа сандалаараа хойш нь шахаж суусан байсан тул Ц.П  ширээ, сандал хоёрын завсраар зай гаргаж суухдаа наад талын ширээний Т.Ц ийн суух сандлыг хөдөлгөж суув. Энэ үед Т.Ц  хажуу ширээнд суусан Ц.П  руу эргэж хараад юм хэлж байна

Камерын бичлэгийн 06:33 цагт наад талын ширээнд суух Г.Т  нь сууж байсан сандлаасаа босч цаад талынхаа ширээний хажууд очиж тэдэнд хандаж юм хэлэв. Араас нь Э.Ц  босч очоод Г.Т ыг сууж байсан ширээндээ авч ирэв. Э.Ц  буцаж очоод сандал дээрээ сууж байсан Т.Д  рүү толгойгоо тонгойж нүүр хэсэгт нь тулаад юм хэлж байна. Энэ үед Г.Т  босч очоод Ц.П ийн араас очиж хоёр гараараа шилэн хүзүү хэсгээс нь базаад сэгсэрч, араас нь хойш нь татахад Т.Ц  сандлаасаа босч Г.Т ыг салгаж холдуулахад хоёр ширээн дээр сууж байсан хүмүүс бүгд сандалнаасаа босч хоорондоо маргалдаж эхлэв. Наад талаас хүзүүндээ гинжтэй, бараан ангийн хослол өмссөн эрэгтэй босч уг маргалдаж байгаа хүмүүс дээр ирээд салгах гэж оролдож байна.

Э.Ц  нь Т.Д  рүү хандаж урд талаасаа тулж очих ба Э.Ц  нь хаалга руу явах ба Т.Д ийг “гараад ир” гэж гараараа дуудаж байна. Энэ үед Т.Ц  нь Т.Д ийг хорьж зогсоов. Тухайн газарт байх хүмүүс хоорондоо юм ярьж маргалдах үйлдэл гаргаж байх ба Э.Ц  нь Ц.П  рүү очиж тухайн хоёр хүн урд урдаасаа нүүр нүүрээрээ тулж зогсов. Энэ үед Э.Ц  нь Ц.П ийн энгэрээс татаж заамдаад түлхэж хойш сандал руу нь суулгав. Ц.П  өөдөөс нь босоход тэр нэг нэгийгээ заамдах ба Ц.П ийн нүүр рүү мангасдахад хажуугаас нь Б.Б  нь Ц.П ийн хамрыг гарын хуруугаараа чимхэж байна. Э.Ц  нь Ц.П ийг заамдаж сандал руу унагааж дээрээс нь тонгойж дарахад Т.Ц  хүрч ирээд Э.Ц ыг салгаж холдуулаад Ц.П ийг зүүн гараараа заамдаж байгаад баруун гараараа түүний хацар орчимд нь хоёр удаа алгадав. Энэ үед бусад хүмүүс хоорондоо маргалдаж үймсээр байв. Ц.П  нүүрээ дарж доош тонгойж суув. Ц.П  босч ирээд Т.Ц  рүү огцом зангах үйлдэл гаргахад Э.Ц  нь Ц.П ийг заамдаж газарт унагаав. Т.Д  Э.Ц ыг татаж салгах ба Г.Т  очиж Т.Д ийн хувцаснаас нь татахад хамт байсан хүмүүс нь салгаж байна. Б.Б  Ц.П ийг татаж босгов.

Цаад талд Т.Д ийг Т.Ц  түлхэж суулгахаар ноцолдож байна. Наана нь Ц.П  Э.Ц тай урд урдаасаа толгойгоороо тулахад Э.Ц  түүний нүүр хэсэг рүү хоёр гараараа түлхэж сандал руу унагааж байна. Энэ үед Т.Д  гар утсаа гаргаж ирээд хэн нэгэн рүү залгаж утсаа чихэндээ тавиад ярих ба Ц.П  мөн сандал дээр суусан байдалтай гар утсаараа хэн нэгэн рүү ярьж байгаа байдалтай харагдаж байна. Б.Б  нь бусадынхаа үйлдэлийг хориглож салгаж байна. Ц.П  сууж байхдаа Б.Б  рүү зүүн гараараа Б.Б  нулимж байгаад салаавч гаргахад Б.Б  баруун гараараа цохихоор далайгаад болив. Т.Д  утсаар ярих ба маргалдаж муудалцсан хүмүүс рүү хандаж юм хэлэх ба хэлэхдээ нүүр хэсэг рүүгээ заагаад хэлж байна. Энэ үед Б.Б  нь нөгөө гуравынхаа үйлдэлийг хориглож байв.

Э.Ц , Г.Т , Т.Ц , Б.Б  нар сууж байсан сандал ширээнээсээ цүнх эд зүйлүүдээ авч үүрэх ба Э.Ц  нь Т.Д  рүү очиж хоёр гараараа хоёр талын хацарнаас нь бариад үнсэж байна. Энэ үед Э.Ц ын баруун талаас Ц.П  очиж түүний баруун талын хацар шанаа орчимд нь зүүн гараараа 1 удаа цохив.

Тухайн үед Г.Т  нь Ц.П  рүү дайрах ба Э.Ц  нь гар утсаа гаргаж ирээд Т.Д ийн духны орчимд нь гар утсаараа 2 удаа цохиж байна. Мөн Г.Т  нь Ц.П ийн хэвлий хэсэг рүү нь хөлөөрөө 1 удаа өшиглөж байна. Энэ үед Ц.П  тонгойх ба гар утсаа чихэн дээрээ тавьсан юм ярьж байгаа харагдаж үүдний хэсэгт тонгойж зогсов.

Б.Б  нь Т.Д  рүү дайрч түүнийг заамдаж авах ба заамдсан гараараа эрүү хэсэг рүү нь цааш түлхэж байна. Энэ үед Т.Д ийн араас Т.Ц  очиж арагш нь боож унагаагаад босч ирэхэд нь боосон гараа тавихгүй хүзүүгээр нь гараа оруулсаар байсныг хамт байсан хүмүүс салгаж байна. Нанаас нь Г.Т  Т.Д  рүү дайрахад Б.Б  хориглож Г.Т ыг нааш нь холдуулав. Г.Т  ширээний наагуур тойрч үүдэнд байх Ц.П  руу очиход зөөгч түүнийг хориглов. Ширээний цаад талаар Б.Б  тойрч явахад үүд хэсэг рүү хандаж юм хэлэв. Энэ үед Ц.П  ширээ тойрч явах гэхэд нь Б.Б  зүүн гарны цамцнаас татаад цааш хана руу түлхэхэд Ц.П  эргэж хараад баруун гараараа Б.Б гийн нүүр хэсэгт нь 1 удаа цохив. Б.Б  хойш 3 алхаад зогсож Ц.П ид хандаж юм хэлэх ба зүүн гараараа заамдаж байгаад баруун гарынхаа тохой хэсгээрээ 1 удаа нүүрнийх нь баруун талд хүчтэй тохойлдож түүнийг газарт унагаав.

Нөгөө талд Т.Ц  Т.Д ийг хойноос нь хүзүүгээр нь гараараа татаж барьсан байсныг зөөгч нар салгав. Э.Ц  Т.Д  2 өөд өөдөөсө харан ярилцах бөгөөд Э.Ц  нь Т.Д ийн толгой руу нь гараараа 2 удаа цохих ба түүнээс холдоод явахад Т.Д  халааснаасаа жижиг хавтастай зүйл гаргаж Э.Ц т харуулах ба үүнтэй зэрэгцээд Г.Т  нь Т.Д ийн араас татаж хавсарч газарт унагаав. Т.Д ийг босох гэхэд нь Г.Т  дахин түлхэв. Б.Б  цаанаас ирж Э.Ц , Г.Т  нарын үйлдэлийг хориглож байв. Т.Д  үүд хэсэг рүү явж байхад Э.Ц  хойноос нь очиж нэгийгээ заамдах түлхэх зэрэг үйлдэл хийж байснаа Э.Ц  нь халааснаасаа гар утсаа гаргаж ирээд Т.Д ийг цохих гэж оролдоход Т.Д  гарыг нь бариад цохиулсангүй барьцалдаад зогсоход Г.Т  цаанаас нь ирж Т.Д ийг хувцасаар нь боох гэж оролдож ноцолдов. Т.Ц  араас нь ирж наанаас нь Б.Б  очиж Г.Т ыг салгаад үүд хэсэг рүү авч явав. Э.Ц ын 2 гарын ханцуй дээрээс Т.Д  барьсан байдалтайгаар маргалдах бөгөөд зөөгч салгах оролдлого хийж байв. Энэ үед Э.Ц  нь Т.Д ийн нүүр хэсэг рүү нь 1 удаа толгойгоороо мөргөж байна.

Э.Ц  Т.Д  нарыг зөөгч болон Б.Б , Г.Т , Т.Ц , эмэгтэй нар салгаад Г.Т , Т.Ц , Э.Ц  нар тухайн газраас гарах ба Ц.П  нь Б.Б г явуулахгүй зуурсаар үлдэж байна. Т.Д  нь гарсан хүмүүсийн араас гарах гэхэд тухайн газрын зөөгч, бусад хүмүүс хориглож гаргахгүй гэхэд зүтгэсээр байгаад гарах ба дүрс камерт харагдахгүй байна. Ц.П  нь Б.Б тэй зууралдах, барьцалдах зэргээр тухайн газарт байх ба 26 минут 22 секундэд гаднаас Г.Т  орж ирэх ба хамрынхаа нүхэнд цаас хийсэн гэмээр байдалтай харагдаж байна.

Бичлэгийн 27 минут 06 секундэд Ц.П  нь Б.Б гийн толгой руу мөргөх ба тэр 2 хэн хэнийгээ харилцан толгойгоороо мөргөлдөж түлхэж байв. Б.Б  нь Ц.П ийн толгойноос 2 гараараа барьхад Ц.П  тонгойход нь толгойн орой хэсэгт нь толгойгоороо 1 удаа мөргөв. Ц.П  толгойгоо барьж хэсэг зогсов. Б.Б  ширээний хажуугаар алхаад Г.Т ын урдуур гарч явахад Ц.П  араас нь дагаж явахад Г.Т  нь Ц.П ийг араас нь түлхэж газарт унагаах ба энэ үед Б.Б  сандал авах гэхэд зөөгч хориглож болиулав. Газарт унасан Ц.П ийг ажилтан босгох бөгөөд Б.Б , Г.Т  нар гарч явахад Ц.П ийг зөөгч нар гаргахгүй хориглоход эсэргүүцэж ноцолдоод нь гарч явав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч Ц.П , Э.Ц , Б.Б  нарыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулав.

 

Гэм буруугийн талаар:

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.П , Э.Ц , Б.Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт,

Шүүгдэгч Э.Ц , Б.Б , Г.Т , Т.Ц  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтууд нь өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.П , Э.Ц , Б.Б  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б , Э.Ц , Ц.П  нар нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогч Ц.П , Б.Б , Т.Д  нарын мэдүүлэг, камерын бичлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Б.Б , Э.Ц , Ц.П  нар нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, тухайн үед үүссэн таарамжгүй сэдэлтээр бусдын биед халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, энэ нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогджээ.

Шүүгдэгч нар өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулжээ.

 

Иймд шүүгдэгч Э.Ц ын хохирогч Т.Д ийн биед тархи доргилт, дагз, дух, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, баруун мөрөнд зулгаралт бүхий хөнгөн хохирол, шүүгдэгч Б.Б гийн хохирогч Ц.П ийн биед баруун ухархайн дотор ханын хугарал, баруун дээд, доод зовхи, баруун шагайн үенд цус хурал зөөлөн эдийн няцрал, баруун завьжинд шарх нуруунд зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол, шүүгдэгч Ц.П ийн хохирогч Б.Б гийн уруулд шарх гэмтэл бүхий санаатай учруулсан үйлдлүүдэд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Харин Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн шүүгдэгч Г.Т , Э.Ц , Б.Б , Т.Ц  нарын 2022 оны 08 дугаар сарын 14-ний өдөр нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энканто” үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулах “Limani lounge” гэсэн нэртэй газарт Ц.П , Т.Д  нарыг сандал түлхлээ гэх шалтгааны улмаас хэрүүл маргаан үүсгэж байгууллагын хэвийн үйл ажиллагааг болон тус газарт тэднээс гадна үйлчлүүлж байсан бусад иргэдийн буюу олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үйлдэл нь хавтаст хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг шинжлэн судлаж дүгнэхэд гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна. 

 

Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан бол” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилсан.

 

Тухайн үйл явдалын талаарх дүрс бичлэг хэрэгт бүрэн хэмжээгээрээ авагдсан байх бөгөөд уг бичлэгт хоёр тусдаа явж байгаа хэсэг хүмүүсийн хоорондоо харилцан зөрчилдөж байгаа үйлдэл бүрэн тусгагдсан байна.

 

Тэдгээр хүмүүс нь хоорондоо маргалдаж, тодорхой нэр бүхий хүмүүс тус тусдаа үйлдлээр хүний биед халдаж цохих, өшиглөх зэрэг үйлдэл хийж байх бөгөөд тухайн лоунжид байх бусад хүмүүс рүү чигэлсэн ямар ч үйлдэл шүүгдэгч нарын зүгээс хийгээгүй нь бичлэгээс тодорхой харагдана.

Мөн тухайн байгууллагын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байх бөгөөд тэнд байх бусад үйлчлүүлэгч нар үйлчилгээг чөлөөтэй авч байгаагаар тэдний эрх ашиг хөндөгдөөгүй байна.

 

Шүүгдэгч Г.Т , Э.Ц , Б.Б , Т.Ц  нар нь хохирогч Т.Д , Ц.П  нартай л харилцан зөрчилдөж байгаа болохоос бусад руу чиглэсэн ичгүүр сонжуургүй догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэн нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлалт зан заншилд харшилсан санаатай үйлдлийг гаргаагүй, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эдгээр үйлдэлд бие биенээ өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчин олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулаагүй, тухайн байгууллагын хэвийн ажиллах нөхцлийг алдагдуулаагүй, үйл ажиллагааг нь тасалдуулаагүй, ажилтан, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хохироогоогүй болох нь камерын бичлэгээр тогтоогдсон.

 

Өөрөөр тайлбарлавал шүүгдэгч Э.Ц , Г.Т , Б.Б , Т.Ц  нар нь бүлэглэн санаатайгаар тус лоунжоор үйлчлүүлж байгаа хүмүүс рүү хандан хүч хэрэглэн тэдний эрх ашигт халдсан бүдүүлэг зан авир гаргаж амгалан тайван байдлыг нь алдагдуулсан, тухайн байгууллагын эд хөрөнгийг эвдэж, устган үйл ажиллагааг тасалдуулсан үйлдэл гаргасан бол уг гэмт хэргийн шинж хангагдах ёстой.

Харин тодорхой шалтгааны улмаас тодорхой хүмүүстэй харилцан зөрчилдөж байгаа энэ тохиолдолд нийтийн хэв журамыг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэж үзэхгүй.

 

Иймд прокуророос шүүгдэгч Э.Ц , Г.Т , Б.Б , Т.Ц  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тухайн гэмт хэргийн шинжгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Харин шүүгдэгч Г.Т , Т.Ц  нарын үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан “танхайрах”, 5.3 дугаар зүйлд заасан “хүний биед халдах” зөрчлийн хэргийн шинжтэй байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар ажиллагаа явуулж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогч Т.Д  нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар 660.700 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч Э.Ц  нь түүнд 1.000.000 төгрөг шилжүүлсэн /2 хх-ийн 30/, хохирогч Б.Б , Ц.П  нар мөрдөн байцаалтын шатанд баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, харилцан гомдол саналгүй болсон байх тул шүүгдэгч Э.Ц , Б.Б , Ц.П  нарыг тус тус бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,

5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирч, шударга ёсны зарчимд нийцэх ёстой.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судалхад шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч Б.Б , Э.Ц , Ц.П  нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, арга хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, өөрийн гаргасан үйлдэлдээ хийж буй дүгнэлт зэргийг харгалзан торгох ялыг хуульд заасан багавтар хэмжээгээр шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүх үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Ц, Б.Б, Т.Ц, Г.Т  нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож,

Хариад овогт Гансүхийн Г.Т , Т.Ц нарыг тус тус цагаатгасугай.

 

2. Шүүгдэгч Э.Ц, Б.Б, Ц.П  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 625 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 625.000 төгрөгийн торгох ялаар шүүгдэгч Ц.П , Э.Ц , Б.Б  нарыг тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.П , Э.Ц , Б.Б  нарт тус бүрт оногдуулсан 625 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 625.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч нар хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргуулан хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.П , Э.Ц , Б.Б  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Г.Т , Т.Ц  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Ц.П , Э.Ц , Б.Б , Г.Т , Т.Ц  нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.БААСАНБАТ