Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2022/0092

 

2022               02      15                                 128/ШШ2022/0092

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А ХХК /РД:6248.../

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Т

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Ц

Хариуцагч: Халдварт өвчин судлалын үндэсний төв

Хариуцагч: Тендерийн үнэлгээний хороо

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Ш

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Б

Гуравдагч этгээд: Ф.Э ХХК

Гуравдагч этгээдийн төлөөлөгч: Н.Ч

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Б нарын хоорондын хяналт шалгалтын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ц, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ш Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч нь А ХХК нь Халдварт өвчин судлалын үндэсний төв, Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан ХӨСҮТ/20210.... дугаартай цахим тендерийн төвийн үнэлгээний хорооны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2 дугаар дүгнэлт, зөвлөмж болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 3/30... албан бичгүүдийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж маргаж байна.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар.

2.1. А ХХК нь Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс 2021 онд зарласан ХӨСҮТ/20210.... дугаартай цахим тендерийн Багц 2, Багц 3, Багц 4-т гүйцэтгэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцож материалаа хүргүүлсэн байна.

2.2. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 3/2770 дугаартай албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгджээ.

2.3. Уг шийдвэртэй холбоотой О.Э.М ХХК гомдол гаргаж, Сангийн яамны 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/5161 дугаар Гомдол хянан үзсэн тухай албан бичгээр нэхэмжлэгч А ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгожээ.

2.4. Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Дугаар 2 дүгнэлт, зөвлөмжид: ХӨСҮТ-д тусгай зориулалтын эмнэлгийн лифт суурилуулах ажлыг гүйцэтгэх этгэгчийг сонгон шалгаруулах ХӨСҮТ/20210.... дугаартай цахим тендерт оролцсон байгууллагуудын тендерүүдийг төвийн Тендерийн үнэлгээний хороо, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 буюу хамгийн бага харьцуулах үнэтэй хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн дараах байгууллагуудад гэрээ байгуулан ажиллахыг зөвлөж байна. Үүнд: Багц 1: Багц 2: Ф.Э ХХК-тай 114,600,000 төгрөгөөр гэрээ байгуулах, Багц 3: Ф.Э ХХК-тай 114,600,000 төгрөгөөр гэрээ байгуулах, Багц 3: Ф.Э ХХК-тай 114,600,000 төгрөгөөр гэрээ байгуулахыг зөвлөжээ.

2.5. Улмаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 3/3057 дугаартай албан бичгээр Ф.Э ХХК-д ХӨСҮТ/20210.... дугаартай цахим тендерийн багц 2, 3-т гэрээ байгуулах гэрээ байгуулах эрх олгосныг мэдэгджээ.

2.6. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 3/3059 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр А ХХК-д Сангийн яамны 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/5161 дугаар Гомдол хянан үзсэн тухай албан бичгийн дагуу А ХХК-ийн тендерээс татгалзсаныг мэдэгджээ.

2.7. Сангийн яаманд уг тендертэй холбоотой нэхэмжлэгч А ХХК-иас хандсан бөгөөд Сангийн яамнаас 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 6-1/5515 дугаар албан бичгээр ... гомдлыг хүлээн авахаас татгалзсан хариуг өгчээ.

2.8. Нэхэмжлэгчээс 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд ХӨСҮТ/20210.... дугаартай цахим тендерийн төвийн үнэлгээний хорооны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2 дугаар дүгнэлт, ХӨСҮТ-өөс зарласан ХӨСҮТ/20210.... дугаартай цахим тендерийн хорооны 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 3/3059 тоот мэдэгдэг, ХӨСҮТ/20210.... дугаартай цахим тендерийн багц 2, 3, 4-д Ф.Э ХХК-ийг ялагчаар шалгарсан гэж үзэн гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах, ХӨСҮТ/20210.... дугаартай цахим тендерийг дахин үнэлэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасныг шүүх хүлээн авч 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн.

2.9. Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ХӨСҮТ/20210.... дугаартай цахим тендерийн төвийн үнэлгээний хорооны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2 дугаар дүгнэлт, зөвлөмжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2. 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 3/30... тоот Халдварт өвчин судлалын үндэсний төвийн мэдэгдэл хууль бус байсан болохыг тогтоолгох, Сангийн яамны 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/5161 дугаар албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж нэмэгдүүлж, өөрчилжээ.

2.10. Тус шүүх 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 9804 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч А ХХК-иас Сангийн яаманд холбогдуулан гаргасан Сангийн яамны 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/51.. дугаар албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, ХӨСҮТ/20210.... дугаартай цахим тендерийн төвийн үнэлгээний хорооны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №2 дүгнэлт, зөвлөмжийг хууль бус байсан болохыг тогтоолгох, 2. 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 3/3059 тоот ХӨСҮТ-ийн мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд шүүгчийн захирамж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр хянагдаж захирамж хэвээр үлдсэн байна.

2.11. Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч ХӨСҮТ/20210.... дугаартай цахим тендерийн Багц 2, 3, 4-д Ф.Э ХХК-ийг ялагчаар шалгарсан гэж үзэн гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулах, ХӨСҮТ/20210.... дугаартай цахим тендерийг дахин үнэлэхийг Тендерийн үнэлгээний хороонд заалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагаар тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 9910 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг тусгаарлаж шийдвэрлэсэн болно.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

3.1 Манай байгууллага тус захиргааны хэргийн шүүхэд маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа Сангийн яамнаас тус тендерийг хүчингүй болгож дахин зохион байгуулсан байна. Иймээс хэдийгээр маргаан бүхий тендер хүчингүй болсон хэдий ч тус захиргааны актын хууль зүйн үндэслэл манай байгууллагын ашиг сонирхлыг зөрчсөн хэвээр байна. Тухайлбал, 2021 оны 09 дүгээр сарын 21-ний ерийн 3/3059 тоот Халдварт өвчин судлалын үндэсний төвийн "мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр манай тендерээс татгалзахдаа "Сангийн яамны 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/51.. дугаар албан бичиг болон ХӨСҮТ/20210.... дугаартай цахим тендерийн төвийн үнэлгээний хорооны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №2 дүгнэлт, зөвлөмж"-ийг үндэслэн, холбогдох 2 шаардлагыг хангаагүй гэж үзэн манай тендерээс татгалзсан. Тус тендерээс татгалзах болсон үндэслэлдээ манай хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны ажилтны гэрчилгээний хугацаа дууссан, ерөнхий инженерийн албан тушаалд холбогдох мэргэжилтэнг санал болгоогүй байна гэж үзсэн.

Гэтэл хариуцагч тус 2 шаардлагыг хангаагүй гэж дүгнэхдээ бидний бүрдүүлсэн материалыг буруу шалгаж, хууль дүрэм, журмыг буруугаар тайлбарлан бидний эрх, хууль ёсны эрх ашгийг зөрчлөө. Учир нь захиргааны байгууллага хуульд үндэслэх зарчмыг мөрдлөг болгон ажилладаг байтал хууль тогтоомжийг буруугаар тайлбарлаж, хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны сургалт явуулах эрх бүхий байгууллагад хэрэглэх зохицуулалтыг манай хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны ажилтанд олгох гэрчилгээнд хамааралтай мэтээр тайлбарлаж, бидний эрх ашгийг хөндөж байна.

Түүнчлэн манай байгууллага тусгай зөвшөөрлийн үндсэн дээр цахилгаан шат угсрах үйл ажиллагааг тогтмол эрхэлж байгаа бөгөөд цаашид ч төрийн байгууллагаас зарласан тендерт оролцох бүрэн боломжтой. Гэтэл манай байгууллагын хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны ажилтанд олгох гэрчилгээ хугацаатай бөгөөд тус хугацаа дууссан гэж хуулиар шаардаагүй зүйлийг биднээс шаардаж байгаа нь цаашид бидний тендерийн материалыг дээрх хууль бус шаардлагын улмаас дахин буруу үнэлэн, татгалзан бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх боломжийг үүсгэж байна. Нөгөө талаас төрийн байгууллага хуульд заасан зарчмын үүднээс хуулийг мөрдлөг болгон түүнийг зөв хэрэглэн аж ахуй нэгжид шударгаар тендерт оролцох боломжийг олгох нь зүй ёсны хэрэг билээ. гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Манай байгууллагын тендерээс татгалзахдаа дараах хоёр шаардлагыг хангаагүй байна гэж үзсэн. Үүнд тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан 5.3г дэх хэсэгт заасан ерөнхий инженерийг нэхэмжлэгч компани санал болгоогүй, тус хэсэгт заагдсан хөдөлмөр хамгаалал аюулгүй ажилтан Б.Б-н гэрчилгээний хуулбар дууссан гэсэн хоёр үндэслэлээр манай тендерийн материалаас татгалзсан. ... Манайх эдгээр хоёр шаардлагыг хангасан байгаа. Учир нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/370 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журмын 5.8.8 дахь хэсэгт заасны дагуу манай компанийн хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан Б.Б-н гэрчилгээний хүчинтэй хугацаа 3 жил бөгөөд түүний гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан байна гэдэг үндэслэл дурдсаныг тус журмын 5.8 дахь хэсэгт хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтын байгууллагад олгох гэрчилгээний хүчинтэй хугацаа 3 жил байхаар зохицуулсан.

... Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүү ахуйн сургалт явуулах, шалгалт авах журмын 5.8 дахь хэсэгт хөдөлмөрийн аюулгүй байдал ажиллагааны сургалтын байгууллагад олгох гэрчилгээний хүчинтэй хугацаа 3 хүртэлх жил байна. Гэрчилгээнд олгосон огноо, хүчинтэй байх хугацаа, дуусгасан огноо сургалтын төрөл эрсдэлтэй ажлын байрны сургалт болон тусгай сургалтын чиглэл бусад шаардлагатай мэдээллийг оруулна гэж заасан. Энэ 5.8 дахь заалт нь сургалтын байгууллагад холбоотой ба түүнд үйлчилнэ гэдгийг маргаангүй зохицуулсан байдаг.

Мөн журмын 1.1 дэх хэсэгт уг журам нь сургалтын байгууллагыг бүртгэх гэрчилгээ олгох, сунгах, цуцлах хяналт тавих болон шалгалт зохион байгуулах, суралцагчдад сертификат олгохтой холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна гэсэн байдаг. 7.9 дэх хэсэгт ажил олгогчийн сургалт, эрсдэлтэй ажлын байрны болон хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай сургалтад хамрагдаж шалгалтад тэнцсэн суралцагчдад сургалт зохион байгуулсан байгууллага сертификат олгож мэдээллийн сан үүсгэнэ гэсэн суралцагчдад хамааралтай зохицуулалт юм. Суралцагчдад гэрчилгээ нь хугацаатай олгох ёстой гэсэн зүйл байхгүй. Иймд маргаан бүхий хоёр захиргааны актын хүрээнд манай хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан Б.Б-н гэрчилгээний хугацаа гурван жилийн хугацаатай байх ёстой ба хугацааг дууссан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй, хууль зөрчсөн байна.

Мөн Халдвар өвчин судлалын үндэсний төвийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт өгөгдлийн хүснэгтийн 5.3 дахь заалтад заасан ерөнхий инженерийг А ХХК нь санал болгоогүй байна гэж бичсэн. Тус тендерийн 5.3 дахь хэсэгт захиалагчийн гүйцэтгэх ажиллах хүчнийг тодорхойлсныг хүснэгтээр үзүүлдэг. Бид уг хүснэгтэд тавигдсан шаардлагыг хангасан ажиллах хүчний баримт бичгийг тендерийн баримт бичигт хавсаргасан. Манай байгууллагын тендерийн баримт бичгийн ажиллах хүчний мэдээлэл гэсэн хуудсанд өгөгдлийн хүснэгтийн 5.3б дэх хэсэгт заасан хүснэгтийг ашиглан гурван ажилтныг санал болгож ерөнхий инженерт механик инженер мэргэжилтэн Н.Ц-г ажиллуулахаар санал болгосон. Манай байгууллага захиалагчийн тавьсан шаардлагаар гурван ажиллах хүчин тусгайлан санал болгоход ерөнхий инженер гэдэг үгийг бичээгүй, ерөнхий инженерт хүн санал болгоогүй байна гэж захиалагч үзсэн. Захиалагч ерөнхий инженерийн албан тушаалд шаардагдах мэргэжлийг инженер мэргэжилтэй бол ямар ч этгээд байж болно гэж шаардсан. Бид механик инженер мэргэжилтэй хүнийг ажиллуулахаар хүснэгтэд заасны дагуу хүснэгтэлж санал болгосон. 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан Барилга хот байгуулалтын сайдын 147 дугаар тушаалын дагуу барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах барилгын ажил гүйцэтгэх барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж түүний эд ангийн үйлдвэрлэл угсралт засвар ажлын үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдийн тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээний хөлс тогтоох тэдгээрт хяналт тавих журмыг баталсан. Уг журмын дагуу цахилгаан шат угсрах тусгай зөвшөөрөл олгоход заавал байх ажилчдын жагсаалт байдаг. Уг журмын дагуу механик инженерийн мэргэжилтэй албан хаагч тус цахилгаан шатын угсралтын ажлыг гардан зохион байгуулж, ерөнхий инженерээр ажилладаг. Энэ шаардлагыг хангасан компаниуд цахилгаан шат угсрах тусгай зөвшөөрлийг авдаг. Түүний дагуу механик инженер мэргэжилтэй хүн нь ерөнхий инженерээр багийн ахлан ажиллах бүрэн боломжтой байхад ерөнхий инженер гэсэн албан тушаалаар ажиллана гэж тодруулан бичээгүйн улмаас манайхыг шаардлага хангаагүй гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна ... гэжээ.

4. Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А ХХК тус төвийн зарласан анхны тендерт орсон боловч компаниудаас 2 удаа гомдол гаргасан тул уг тендерийн Төрийн орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дэх хэсэгт заасан "Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг цаанд тендер хүчинтэй байна." гэсэн хугацаа дууссан тул мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт "Захиалагчаас ул хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 15 хоногоор сунгаж болно." гэж заасны дагуу нэмэлт хугацаа авсан боловч энэ хугацаанд шалгаруулалтыг дуусгаж, байгуулах боломжгүй болсон тул анхны тендерийг хүчингүй болгосон бөгөөд тендерт ямар ч компани шалгарч гэрээ байгуулаагүй болно.

Анхны тендер шалгаруулалт амжилтгүй болсон тул /хүчингүй/ 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр дахин нээлттэй тендер зарласан бөгөөд Үнэлгээний оноос ирүүлсэн дүгнэлт, зөвлөмжөөс үзэхэд энэ тендерт А ХХК оролцоогүй байна. Түүний оролцох эрхийг тус төв хязгаарлаж, хориглоогүй бөгөөд сонирхсон хуулийн этгээд оролцох боломжтой нээлттэй тендер зарласан.

Дахин нээлттэй зарласан тендер шалгаруулалт холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдаж дууссан. Гэтэл А ХХК дахин зарласан тендерт оролцоогүй хэрнэ манай тендерийн Үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмж, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, дахин үнэлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байна. Тус төвийн Үнэлгээний хороо болон эмнэлгээс гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгож дахин үнэлэх шийдвэрийг шүүх гаргахад уг үнэлгээнд А ХХК оролцох боломжгүй тул шүүхийн шийдвэрээр зөрчигдсөн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэж, хамгаалуулах гээд байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхин шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

4.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Эрүүл мэндийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн "Эрх шилжүүлэх тухай" А/377 дугаартай тушаалын дагуу "Тусгай зориулалтын эмнэлгийн лифт Суурилуулах" ХӨСҮТ/20210.... дугаартай цахим нээлттэй тендер шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтын дагуу 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нийт 5 багцаар зарласан. Нээлтийн үйл ажиллагаа 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 11 цаг 30 минутад болсон байна.

Тендерийн үнэлгээний хорооны анхны хурлыг 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулж тус хурлаар дараах шийдвэр гарч захиалагчид №1 зөвлөмж хүргүүлсний дагуу захиалагчаас 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 3/2770 тоот мэдэгдэл А ХХК-руу гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл хүргүүлсэн.

1.  Багц 2 А ХХК-тай 108,568,224 төгрөгөөр гэрээ байгуулах.

3. Багц 3: А ХХК-тай 108,568,224 төгрөгөөр гэрээ байгуулах.

4. Багц 4: А ХХК-тай 108,568,224 төгрөгөөр гэрээ байгуулах ...

Гэвч О.Э.М ХХК-аас Сангийн яаманд гомдол гаргасны Сангийн яамнаас 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 6-1/5016 дугаар "Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай" албан бичиг ирж улмаар оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/5161 дугаартай "Гомдол хянан үзсэн тухай албан бичиг ирсэн байна. Тус албан бичигт Багц-1-д бага үнийн санал ирүүлсэн Х.Т” ХХК-ийг, Багц 2, 3, 4-д бага үнийн санал ирүүлсэн А ХХК-ийг тус шаардлагад нийцэхгүй байна гэсэн хариу ирүүлсний дагуу үнэлгээний хороо хянан үзээд Сангийн яамны ирүүлсэн албан бичгийг үндэслэн дараах шийдвэр гаргаж захиалагчид зөвлөмж №2 хүргүүлсний дагуу захиалагчаас 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 3/3057 тоотоор Ф.Э ХХК-руу, тус өдрийн 3/3059 тоот бичгээр А ХХК-руу тус тус мэдэгдэл хүргүүлсэн байна.

1. Багц 1: О.Э.М ХХК-тай 152,230,729 төгрөгөөр гэрээ байгуул,

2. Багц 2: Ф.Э ХХК-тай 114,600,000 төгрөгөөр гэрээ байгуулах,

3. Багц 3: Ф.Э ХХК-тай 114,600,000 төгрөгөөр гэрээ байгуулах

4. Багц 4: Ф.Э ХХК-тай 114,600,000 төгрөгөөр гэрээ байгуулах

Гэвч О.Э.М ХХК-аас Сангийн яаманд дахин гомдол гаргасны дагуу Сангийн яамнаас 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 6-1/5514 дугаар Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай албан бичиг ирсний дахин холбогдох материалуудыг хүргүүлсэн ба үүний дагуу 2021 оны 10 дугаар 08-ны өдөр 6-1/56.. дугаартай Гомдол хянасан тухай албан бичиг ирж тус бичигт тухайн тендерийн хүчинтэй хугацаа нь 2021 оны 09 дүгээр сарын 17-ны дууссан ба тус яамнаас тухайн хугацааг 15 хоногоор сургах зөвшөөрөл олгосон.

Гэвч дахин мэдэгдэл хүргүүлэх хугацаа нь хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь багтахгүй болсон тул тухайн 2, 3, 4 дүгээр багцуудад хуульд заасны дагуу нээлттэй тендер зарлах шийдвэр ирсэн.

Энэхүү шийдвэрийн дагуу дахин нээлттэй тендер шалгаруулалтыг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зарлаж 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нээлтийн ажиллагаа болж тус тендерт О.Э.М ХХК шалгарч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл хүргүүлсэн байна. А ХХК нь дахин нээлттэй тендерт оролцох эрх нь нээлттэй байсан боловч оролцоогүй.

Иймд А ХХК-ийн танай шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь тендерийн хүчинтэй байх хугацаа дууссанаар гаргасан манай тендерийн үнэлгээний хороо болон Захиалагчийн гаргасан шийдвэрүүд бүхэлдээ хүчингүй болсон анхны тендер шалгаруулалтын шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан шаардлагууд байх тул нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй үзэж байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн шаардлага нь "Тусгай зориулалтын эмнэлгийн лифт суурилуулах" ХӨСҮТ/20210.... дугаартай анхны цахим нээлттэй тендер шалгаруулалт хүчингүй болсноор бүгд хангагдсан байна.

Үүнийг тодруулбал, А ХХК-ийн нэхэмжлэлийн:

1. ХӨСҮТ/20210....дугаартай цахим тендерийн төвийн тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №2 зөвлөмж, дүгнэлтийг хүчин болгуулах" гэсэн шаардлага хангагдсан буюу анхны тендер шалгаруулалтын хүчинтэй байх хугацаа дуусаж тендер хүчингүй болсноор уг зөвлөмж, дүгнэлт хүчингүй болсон

2. 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 3/30.. тоот ХӨСҮТ-ийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хүчингүй болгуулах гэсэн шаардлага хангагдсан буюу тухайн албан бичгээр хүргүүлсэн Мэдэгдэл-үүд бүгд хүчингүй болсон.

3. ХӨСҮТ-ээс зарласан ХӨСҮТ/20210....дугаартай цахим тендерийн багц 4 дүгээрт Ф.Э ХХК-ийг шалгаруулсан мэдэгдэл хүчингүй болсон тухайн компанитай гэрээ байгуулаагүй.

4. ХӨСҮТ/20210....дугаартай цахим тендер нь Сангийн яамны 2021 он дугаар сарын 08-ны өдөр 6-1/56..  дугаартай "Гомдол хянасан тухай" албан бичгийн дагуу тус тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаа дуусгавар болж, дахин нээлттэй тендер шалгаруулалт зохион байгуулах шийдвэр ирсний дагуу тус тендерийн ажиллагаа дуусгавар болж хүчингүй болсон тул анхны тендерт ирүүлсэн тендерүүдийг дахин үнэлгээ хийх ажиллагааг зохион байгуулах хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхин шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ш шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Дараах хоёр шаардлагын дагуу А ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн. Мэдэгдлүүд нь Сангийн яамны 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 6/51..  гэсэн албан тоотын дагуу тендерийн баримт бичгийг Сангийн яам хянан шийдвэрлэсэн. Тендерийн баримт бичиг дээр ерөнхий инженерийг томилоогүй байсан. Механик инженер н.Цогтсайхан, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнаар Б.Болдбаатарыг томилсон, барилгын инженерийг гэрээтээр томилсон материал ирүүлсэн. Тендерийн өгөгдлийн хүснэгтийн дагуу ерөнхий инженерийг санал болгоогүй гэсний дагуу Тендерийн үнэлгээний хороо дахин хянан үзэж албан тоотыг хүргүүлсэн. Сангийн яамны албан тоотыг давхар үүсгэж хүргүүлсэн. гэжээ.

5. Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: ХӨСҮТ-ээс зарласан нээлттэй тендер шалгаруулалтад манай компанийн зүгээс хоёр удаа оролцсон боловч шалгараагүй байдаг. Иймд А ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт анхан шатны шүүх хуралдаанд манай компани оролцох шаардлагагүй. Мөн ХӨСҮТ-с зарласан тендерт манай компани хамааралгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр маргасан байна.

2.1. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/370 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журмын 5.8.8 дахь хэсэгт заасны дагуу манай компанийн хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан Б.Б-н гэрчилгээний хүчинтэй хугацаа 3 жил бөгөөд түүний гэрчилгээний хүчинтэй хугацаа дууссан байна гэдэг үндэслэл дурдсаныг тус журмын 5.8 дахь хэсэгт хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтын байгууллагад олгох гэрчилгээний хүчинтэй хугацаа 3 жил байхаар зохицуулсан.

Харин уг албан бичигт дурдсан хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлын ажилтанд олгож байгаа гэрчилгээ хугацаатай байна гэдэг талаар уг журамд зохицуулаагүй.

2.2. Өөрөөр хэлбэл тус журмын 5.8 дахь хэсэгт зааснаар хөдөлмөр нийгэм хамгаалал аюулгүй байдлын ажиллагааны сургалтын байгууллагад олгох гэрчилгээний хүчинтэй хугацаа 3 хүртэлх жил байна гэсэн байгаа нь сургалтын байгууллагыг бүртгэх түүнтэй холбоотой харилцааг зохицуулсан.

Харин сургалтын байгууллагаас төгсөөд сертификат авч байгаа суралцагчдад хамааралтай заалт биш.

Тодруулбал Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүү ахуйн сургалт явуулах, шалгалт авах журмын 5.8 дахь хэсэгт хөдөлмөрийн аюулгүй байдал ажиллагааны сургалтын байгууллагад олгох гэрчилгээний хүчинтэй хугацаа 3 хүртэлх жил байна.

2.3. Гэрчилгээнд олгосон огноо, хүчинтэй байх хугацаа, дуусгасан огноо сургалтын төрөл эрсдэлтэй ажлын байрны сургалт болон тусгай сургалтын чиглэл бусад шаардлагатай мэдээллийг оруулна гэж заасан. Энэ 5.8 дахь заалт нь сургалтын байгууллагад холбоотой ба түүнд үйлчилнэ гэдгийг маргаангүй зохицуулсан байдаг.

2.4. Мөн журмын 1.1 дэх хэсэгт уг журам нь сургалтын байгууллагыг бүртгэх гэрчилгээ олгох, сунгах, цуцлах хяналт тавих болон шалгалт зохион байгуулах, суралцагчдад сертификат олгохтой холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна гэсэн байдаг. 7.9 дэх хэсэгт ажил олгогчийн сургалт, эрсдэлтэй ажлын байрны болон хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай сургалтад хамрагдаж шалгалтад тэнцсэн суралцагчдад сургалт зохион байгуулсан байгууллага сертификат олгож мэдээллийн сан үүсгэнэ гэсэн суралцагчдад хамааралтай зохицуулалт юм.

2.5. Манай хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан Б.Б-н гэрчилгээний хугацаа гурван жилийн хугацаатай байх ёстой ба хугацааг дууссан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй, хууль зөрчсөн байна.

Бид уг хүснэгтэд тавигдсан шаардлагыг хангасан ажиллах хүчний баримт бичгийг тендерийн баримт бичигт хавсаргасан. Манай байгууллагын тендерийн баримт бичгийн ажиллах хүчний мэдээлэл гэсэн хуудсанд өгөгдлийн хүснэгтийн 5.3б дэх хэсэгт заасан хүснэгтийг ашиглан гурван ажилтныг санал болгож ерөнхий инженерт механик инженер мэргэжилтэн н.Ц-г ажиллуулахаар санал болгосон.

Механик инженер мэргэжилтэй хүн нь ерөнхий инженерээр багийн ахлан ажиллах бүрэн боломжтой байхад ерөнхий инженер гэсэн албан тушаалаар ажиллана гэж тодруулан бичээгүйн улмаас манайхыг шаардлага хангаагүй гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна.

2.6. Манай байгууллага нь тендерийн өгөгдлийн хүснэгтийн 5.3г дэх хэсэгт заасны дагуу гурван албан тушаалтантай гэдгийг нотлохоор тус шаардлагад заасан хүснэгтийн дагуу ойлгогдохуйц байдлаар гурван ажилтан түүний мэргэжил, туршлагыг тусган хүргүүлсэн нь агуулга болон хэлбэрийн хувьд хэнд ч ойлгогдох байдлаар шаардаж буй гурван ажилтныг санал болгосон гэж үзэж байна гэж маргажээ.

3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт Бараа үйлчилгээний төсөвт өртөг энэ хуулийн 8.1.1-д заасан дээд хязгаараа тохиолдолд захиалагч үнэлгээний хороо байгуулна. гэж заасны дагуу захирлын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/125 дугаар тушаалаар Үнэлгээний хороо байгуулжээ.

4. Эрүүл мэндийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Эрх шилжүүлэх тухай А/377 дугаартай тушаалын дагуу Тусгай зориулалтын эмнэлгийн лифт суурилуулах ХӨСҮТ/20210.... дугаартай цахим нээлттэй тендер шалгаруулалтыг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтын дагуу 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нийт 5 багцаар зарлаж, нээлтийг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 11 цаг 30 минутад хийжээ.

5. Тус тендерт А ХХК саналаа ирүүлж, тендерийн үнэлгээний хороо ирүүлсэн тендерийг хянаж 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн дугаар 1 дүгнэлт зөвлөмжөөр А ХХК-ийг тус тендерийн Багц 2, 3, 4-д гэрээ байгуулахыг зөвлөсний дагуу Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 3/2770 дугаартай албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгджээ.

6. Уг тендерт оролцогч О.Э.М ХХК-аас гомдол гаргасныг Сангийн яам хянаж 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Гомдол хянан үзсэн тухай 6-1/5161 дугаар албан бичгээр шийдвэрлэсэн байна.

7. Сангийн яамны дээрх албан бичигт ... А ХХК нь санал болгож буй барилгын инженерийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулах тухай нотлох баримтыг хавсаргаагүй, тендертээ механик инженер Ж.Ц, ХАБЭА инженер Б.Б, цахилгааны инженер Ч.Г гэрээт барилгын инженер Г.З, лифтний засварын цахилгаан механикууд З.Э, З.Э нарыг санал болгосон байна. Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 5.3 (г)-д заасан ерөнхий инженер санал болгоогүй байна.

Иймд 1, 2, 3, 4 дүгээр багцуудын тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгдье.

8. Дээрх багцуудад захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэрийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож байна.

Хуулийн 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт заасны дагуу захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацаа үүгээр дуусгавар болж байна. гэжээ.

9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйл. Захиалагчийн шийдвэрт гомдол гаргах, 55.1. Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн ... захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана., 55.3. Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ... гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана:, 55.3.1. энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх;, 55.3.3. зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах. гэж тус тус заажээ.

10. Хуулийн дээрх заалтуудын агуулгаас үзвэл, тендерт оролцогч нь захиалагчийн шийдвэртэй холбоотой асуудлаар төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргах эрхтэй байх бөгөөд төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гомдлыг хянаад хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх эрхтэй байх бөгөөд зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах эрхтэй байна.

11. Маргаан бүхий тохиолдолд, тендерт оролцогч О.Э.М ХХК-аас захиалагчийн шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу сангийн яаманд гомдол гаргаж, уг гомдлыг сангийн яамны 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/5161 дугаар албан бичгээр шийдвэрлэсэн байна.

12. Сангийн яамны дээрх албан бичгээр маргаан бүхий тендерийг хүчингүй болгож, үнэлгээг дахин хийхийг даалгаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан тендерийн үнэлгээний хороо 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дахин хуралдаж, 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2 дугаартай дүгнэлт, зөвлөмжийг гаргажээ.

13. Уг дүгнэлт, зөвлөмжид ... ХӨСҮТ-д тусгай зориулалтын эмнэлгийн лифт суурилуулах ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ХӨСҮТ/20210.... дугаартай цахим тендерт оролцсон байгууллагуудын тендерүүдийг төвийн үнэлгээний хороо үнэлэн, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.4 буюу хамгийн бага харьцуулах үнэтэй хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн дараах байгууллагуудад гэрээ байгуулан ажиллахыг зөвлөж байна. Үүнд:

1.  Багц 1: О.Э.М ХХК-тай 152,230,729 төгрөгөөр гэрээ байгуулах

2.  Багц 2: Ф.Э ХХК-тай 114,600,000 төгрөгөөр гэрээ байгуулах

3.  Багц 3: Ф.Э ХХК-тай 114,600,000 төгрөгөөр гэрээ байгуулах

4.  Багц 4: Ф.Э ХХК-тай 114,600,000 төгрөгөөр гэрээ байгуулах

5.  Багц 5: Дахин тендер зарлах гэжээ.

14. Дээрх дүгнэлт, зөвлөмж болон сангийн яамны 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/51..  дугаар албан бичиг зэргийг үндэслэн хариуцагч Халдварт өвчин судлалын үндэсний төв нь маргаан бүхий 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 3/30.. дугаар албан бичгээр нэхэмжлэгч А ХХК-аас ирүүлсэн тендерээс татгалзаж байгаа талаарх мэдэгдлийг хүргүүлжээ.

15. Нэхэмжлэгч А ХХК-аас 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сангийн яамны 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/51.. дугаар албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШЗ2021/9...дугаартай шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

16. Нэхэмжлэгчээс дээрх шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 44 дүгээр шүүхийн тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

17. Дээрх нөхцөл байдлаас үзвэл, Сангийн яамны 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Гомдол хянан үзсэн тухай 6-1/51.. дугаар албан бичиг хүчин төгөлдөр байна.

18. Иймд Сангийн яамны 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 6-1/51..  дугаар албан бичгийн дагуу маргаан бүхий тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж гаргасан ХӨСҮТ/20210.... дугаартай Тендерийн үнэлгээний хорооны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2 дугаартай дүгнэлт, зөвлөмж болон түүнийг үндэслэн гарсан Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 3/30.. дүгээр албан бичиг нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.

19. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч А ХХК-аас Халдварт өвчин судлалын үндэсний төв, Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан ХӨСҮТ/20210.... дугаартай цахим тендерийн төвийн үнэлгээний хорооны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2 дугаар дүгнэлт, зөвлөмж болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 3/30... албан бичгүүдийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 28 дугаар зүйлийн 28.7.4, 55 дугаар зүйлийн 55.3.1, 55.3.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А ХХК-аас Халдварт өвчин судлалын үндэсний төв, Тендерийн үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан ХӨСҮТ/20210.... дугаартай цахим тендерийн төвийн үнэлгээний хорооны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2 дугаар дүгнэлт, зөвлөмж болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 3/30.. албан бичгүүдийг хууль бус байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ГАНБАТ