Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2025/0560

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.С, С.О, П.А,

 Ч.Б, Б.Бж нарын

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2025/0372 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Хын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Б.С, С.О, П.А, Ч.Б, Б.Бж

Хариуцагч: Төрийн албаны зөвлөл

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.С, С.О, Ч.Б, Б.Бж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э

Хэргийн индекс: 128/2025/0079/З                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2025/0372 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.2, 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.3 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.С, Б.Бж, С.О, П.А, Ч.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 457 дугаар тогтоолын нэхэмжлэгч нарт холбогдох 5, 6, 7, 8 дахь заалтыг хууль бус болохыг тогтоож,  хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Х дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ.” гэж, 30.2 дахь хэсэгт “Энэ хжжлийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж, сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийн томилсон нь  тогтоогддсон бол зөрчлийн арилгах үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна.” гэж, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.3 дахь заалтад “иргэн, байгууллага, албан хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийн арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх...бүрэн эрхийн Зөвлөл хэрэгжүүлнэ.” гэж тус тус заасны дагуу Төрийн албаны зөвлөл хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, Төрийн албаны зөвлөлийн даргын 2024 олны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 135 дугаар тушаалаар байгуулагдсан хяналт шалгалтын ажлын хэсэг 2024 оны 09 дүгээр сарын 18, 19-ний өдрүүрэд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд ажилласан.

2.2. Тус ажлын хэсгийн хяналт, шалгалтаар 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Б.Бжыг мэдээлэл, харилцаа холбооны хяналтын асуудал хариуцсан ахлах шинжээчийн албан тушаалд, Ч.Бийг Нийтийн мэдээллийн дэд бүтцийн ерөнхий төлөвлөлтийн хэрэгжилт хариуцсан ахлах шинжээчийн албан тушаалд, С.Огийг Радио давтамжийн бодлого зохицуулалтын асуудал хариуцсан шинжээчийн албан тушаалд, П.Аыг Гадаадын зээл тусламжаар хэрэгжих төсөл, хөтөлбөрийн зохицуулалт хариуцсан шинжээчийн албан тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг тус тус зөрчиж томилсон болохыг тогтоож, Зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 475 дугаар тогтоолоор Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ным өдрийн Б/82 дугаар тушаалыг 2025 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн дотор хүчингүй болгох хугацаатай үүрэг даалгаврыг  Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны Төрийн  нарийн бичгийн даргад өгсөн.

2.3. Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/81 дүгээр тушаалаар Ч.Бийг Салбар дундын зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн Б/82 дугаар тушаалаар төрийн албны тусгай шалгалтгүйгээр Нийтийн мэдээллийн дэд бүтцийн ерөнхий төлөвлөлтийн хэрэгжилт хариуцсан ахлах шинжээчийн албан тушаалд буюу урьд өмнө нь ажиллаж байсан албан тушаалаас өөр албан тушаалд томилж, төрийн захиргааны дэс түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд тусгай шалгалтгүйгээр шууд томилсон.

2.4. Мөн С.О, Б.С, П.А, Б.Бж нарыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн “Албан тушаалд томилж, цалин хөлсийг тогтоох тухай” Б/81 дугаар тушаалаар урьд эрхэлж байсан албан тушаалаас чөлөөлж, Б/82 дугаар тушаалаар төрийн захиргааны дэс түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалаас төрийн захиргааны Ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд тусгай шалгалтгүйгээр шууд томилсон байдаг.

2.5. Дээрх тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн болохыг Төрийн албаны зөвлөл тогтоосон. Иймд 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2025/0372 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            1. Анхан шатны шүүхийн шийдвэр Төрийн албаны тухай болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй байх тул дараах үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

            2. Нэхэмжлэгч Б.С, С.О, П.А, Ч.Б, Б.Бж нараас “Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Хүний нөөцийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 475 дугаар тогтоолын 5,6,7,8 дахь заалтыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

3. Дээрх 475 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 50 дугаар зүйлийн 50.1, 50.2, 65 дугаар зүйлийн 65.6, 66 дугаар зүйлийн 66.1.3, 66.1.6, 66.1.7, 66.1.9, 66.1.11-д заасныг тус тус үндэслэн,

1 дэх заалтаар, төрийн захиргааны төв байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагаанд мэргэшил, арга зүйн зөвлөгөө өгөх, хяналт тавих ажлын удирдамжийн хүрээнд ажилласан Ажлын хэсгийн тайлан, дүгнэлт, зөвлөмжийг дэмжихээр шийдвэрлэж,

2 дахь заалтаар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хүний нөөцийн үйл ажиллагаанд ... ажлын байрны шинжилгээ хийж албан тушаалын жагсаалтыг хууль тогтоомжид нийцүүлэн батлах; албан хаагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх, чиг үүрэг нь хэвээр хадгалагдсан албан тушаалын ангилал, зэрэглэлийг ялгаатай тогтоохгүй байх; захиргааны албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтыг батлан ирүүлэх арга хэмжээ тус тус авч ажиллахыг Төрийн нарийн бичгийн даргад,

3 дахь заалтаар, төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааны талаар гишүүдээ чадавхижуулах, асуултын цахим сан нэвтрүүлэх, сул орон тоонд нээлттэй сонгон шалгаруулалт явуулах зэрэг арга хэмжээ авч ажиллахыг яамны дэргэдэх Салбар зөвлөлд тус тус даалгасан байна.

4 дэх заалтаар, төрийн жинхэнэ албан хаагчийг томилох үйл ажиллагаанд тавих хяналтын хүрээнд төрийн захиргааны зарим удирдах, гүйцэтгэх албан тушаалд томилсон шийдвэр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 33 дугаар зүйлийн 33.3, 44 дүгээр зүйлийн 44.1, Төрийн жинхэнэ албан хаагчийг сэлгэх, шилжүүлэх журам, Төрийн албаны шалгалт өгөх болзол, шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын холбогдох заалтыг тус тус зөрчсөнийг тогтоожээ.

Нэхэмжлэгч нарын хүчингүй болгуулахаар маргаж буй

5 дахь заалтаар, Төрийн албаны хууль тогтоомж зөрчиж төрийн жинхэнэ албан тушаалд томилсон нэр бүхий 6 иргэн, албан хаагчийн нэр, албан тушаал, шийдвэрийн жагсаалтыг хавсралтаар баталсны 5 нь нэхэмжлэгч иргэд байна.

6 дахь заалтаар, Энэ тогтоолын хавсралтаар баталсан албан хаагчтай холбогдох зөрчлийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дотор хууль тогтоомжид нийцүүлэх, өөрчлөх арга хэмжээ авахыг мөн яамны Төрийн нарийн бичгийн даргад үүрэг болгож, 

7 дахь заалтаар, Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон хугацаанд зөрчлийг арилгаагүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас чөлөөлөх мэдэгдлийг томилох эрх бүхий этгээдэд хүргүүлэхийг урьдчилан мэдэгдэж,

8 дахь заалтаар, Томилох эрх бүхий албан тушаалтны буруутай шийдвэр, үйл ажиллагааны улмаас хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөж албан тушаалд томилсон нэр бүхий албан хаагчдад холбогдох асуудлыг тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг томилох эрх бүхий албан тушаалтанд үүрэг болгосугай” гэж тус тус шийдвэрлэсэн байна.

            4. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт өгч, төрийн байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбоотой нэхэмжлэгч нарын эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь шинээр батлагдсан албан тушаалын тодорхойлолтод хэвээр хадгалагдсан, харин албан тушаалын “ангилал” нь өөрчлөгдсөнийг Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д “Ерөнхий шалгалтыг … иргэн, … албан хаагчаас, тусгай шалгалтыг энэ хуулийн 18.1-д заасан төрийн захиргааны албан тушаалын ангилал хооронд шилжих тохиолдолд болон … тус тус авна” гэж заасны дагуу шалгалт өгөх шаардлагагүй, “Сул орон тоо”-нд томилогдоогүй байхад нэхэмжлэгч нарыг “ангилал хооронд шилжсэн” гэж үзэхгүй тул тусгай шалгалт өгөх шаардлагагүй, уг хуулийн заалттай зөрчилдөхгүй, ... маргаан бүхий актын заалтуудын улмаас нэхэмжлэгч нарын мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1, 62.1.3-д заасан нэмэгдэл баталгааг зөрчиж, эрх зүйн байдлыг дордуулсан” гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

            5. Анхан шатны шүүхийг Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-д заасныг буруу тайлбарласан гэж үзэх үндэслэлгүй боловч “нэхэмжлэгчийн нэмэгдэл баталгаа эдлэх эрхийг зөрчсөн, эрх зүйн байдлыг дордуулсан” гэх дүгнэлт нь үндэслэлгүй болжээ. Учир нь шүүхэд нэхэмжлэл гаргах үед нэхэмжлэгч нар нь албан тушаалаа эрхэлж, цалин хөлсөө авч ажиллаж байсан, одоо ч ажиллаж байгаагаас үзвэл маргаан бүхий Төрийн албаны зөвлөлийн 475 дугаар тогтоол нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх захиргааны актын шинжийг бүрэн агуулсан эсэх, тухайн тогтоолын биелэлт буюу үр дагавар нь тодорхойгүй байхад шүүх хүлээн авч харьяалан шийдвэрлэх маргаан эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай бөгөөд анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй, хэрэглэх ёстой Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг хэрэглээгүй байна.

            6. Төрийн албаны зөвлөлийн 475 дугаар тогтоол нь Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлд

“30.1.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага өөрөө, эсхүл иргэний гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилох үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийнэ.

30.2.Энэ хуулийн 30.1-д заасан хяналт, шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан, төрийн албан хаагчийг томилсон нь тогтоогдсон бол зөрчлийг арилгах хугацаатай үүрэг, даалгавар өгч, биелэлтийг хангуулна” гэж заасныг үндэслэн гарсан.

7. Мөн зүйлийн 30.3-т “Энэ хуулийн 30.2-т заасан үүрэг, даалгаврыг биелүүлээгүй бол төрийн албаны төв байгууллага хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгоно” гэж заасныг хэрэгжүүлэх боломжтой боловч томилох эрх бүхий этгээд төрийн нарийн бичгийн дарга нь тухайн тогтоолоор өгсөн үүрэг даалгаврыг хэрхэн биелүүлэх нь тодорхойгүйгээс уг хуульд заасан арга хэмжээг аваагүй байна.

            8. Үүнээс үзвэл Төрийн албаны зөвлөл нь дээрх 2024 оны 475 дугаар тогтоолоор уг хуулийн 30.2-т зааснаар төрийн албаны хүний нөөцийн талаар буюу төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулж томилохтой холбоотой хяналт хэрэгжүүлж, нэхэмжлэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, хууль зөрчсөн тушаалдаа өөрчлөлт оруулах талаар үүрэг даалгавар өгсөн, харин томилох эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй, мөн Төрийн албаны зөвлөл нь дээрх хуулийн 30.3-д зааснаар хууль зөрчсөн шийдвэрийг өөрөө хүчингүй болгох шийдвэр ч гараагүй байх тул Төрийн албаны зөвлөлийн Төрийн албаны тухай хуульд заасан хяналтын чиг үүрэг бүрэн хэрэгжиж дуусаагүй, тодорхой үе шатаар хэрэгжүүлдэг үйл ажиллагааны нэг хэсэг байх бөгөөд тогтоолын үр дагавар нь тодорхойгүй байна.

            9. Иймд уг тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасны “эрх зүйн шууд үр дагавар бий болгосон” шинжийг агуулаагүй гэж үзэхээр байна.

            10. Мөн захиргааны байгууллагын хууль хэрэгжүүлэх бүрэн эрхийн хүрээнд явуулсан үйл ажиллагаа дуусаагүй, нэхэмжлэгч нар нь албан тушаалын чиг үүргээ хэвийн үргэлжлүүлж, цалин хөлсөө авч, уг тогтоолын улмаас төрийн жинхэнэ албан хаагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байхад захиргааны хэргийн шүүхийн хяналтыг хэрэгжүүлэх нь шүүхийн чиг үүрэг, хяналтын цар хүрээ болон процессын хэмнэлттэй байх зарчим /Procedural Economy/-д нийцэхгүй гэж үзлээ.

            Учир нь нэг талаас тухайн тогтоолыг биелүүлсэн томилох эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэртэй, мөн биелүүлээгүй тохиолдолд Төрийн албаны зөвлөлийн Төрийн албаны тухай хуулийн 30.3-т  заасан шийдвэр гаргавал нэхэмжлэгч төрийн албан хаагч нар тус тус маргах эрхтэй бөгөөд маргасан тохиолдолд шүүх давхардсан маргааныг шийдвэрлэх нь цаг хугацаа, эдийн засгийн хувьд ач холбогдолгүй юм.

11. Нөгөө талаас захиргааны байгууллагын тодорхой үе шаттайгаар хийгддэг хяналтын үйл ажиллагааны үр дагавар нь тодорхой болсон тохиолдолд тухайн сүүлийн актыг гаргасан этгээд нь тухайн актын улмаас эрх нь зөрчигдсөн нэхэмжлэгч төрийн жинхэнэ албан хаагч нарын цалин хөлс, холбогдох хохирлыг төлөх зэргээр эрх зүйн зөрчилтэй акт гаргасны хариуцлагаа өөрөө хүлээх зэргээр хууль бус акт болохыг тогтоосон шүүхийн шийдвэр үр нөлөө, ач холбогдолтой болж цаг хугацаа, эдийн засгийн хувьд хэмнэлттэй болохоор байна.

12. Зарим тохиолдолд хуулиар хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, дараа дараагийн шийдвэр гарахаас өмнө шүүх “хүний эрх, ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй” гэх үндэслэлээр “захиргааны зарим үйл ажиллагаа”-ны талаарх маргааныг шийдвэрлэдэг боловч тухайн үе шатанд гаргасан захиргааны актын эрх зүйн үр дагавар нь тодорхой, маргааны давхардал үүсэхээргүй, шүүхийн шийдвэрлэсэн үйл баримтыг шүүх дахин шийдвэрлэхгүй байх зарчмыг алдагдуулахгүй байх ёстой.

13.Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2025/0372 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т тус тус зааснаар Б.С, С.О, П.А, Ч.Б, Б.Бж нарын гаргасан Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Хүний нөөцийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 475 дугаар тогтоолын 5,6,7,8 дугаар заалтыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасны дагуу нэхэмжлэгч нараас анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгч нарт буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ШҮҮГЧ                                    Г.БИЛГҮҮН

 

                        ШҮҮГЧ                                    Н.ДОЛГОРСҮРЭН

 

                          ШҮҮГЧ                                     С.МӨНХЖАРГАЛ