Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 81

 

Багануур дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Алтансүхэд холбогдох 201601070220 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны  10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

              Нарийн бичгийн дарга:                         Л. Отгончимэг  

              Улсын яллагч:                                       Б.Буяндэлгэр

              Хохирогч                                                Ж. Уламбаяр

               Хохирогч иргэний нэхэмжлэгч  

                нарын  өмгөөлөгч:             Б.Сүхбат

               Шүүгдэгчийн өмгөөлөгч:                       Д.Цэнд-Аюуш

               Иргэний нэхэмжлэгч:                            Л. Балжирлхүндэв

   Шүүгдэгч:                                                   Ц. Алтансүх  нар оролцов.

           Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1971 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сэлэнгэ  аймгийн Баруун хараа суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч  мэргэжилтэй, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн ажилгүй байсан, ам бүл 5, эхнэр /Алимаа ажилгүй/ 3-14 насны 3 хүүхэд нарын хамт, Багануур дүүргийн 1 дүгээр хороо Хуцаагийн 17 дугаар гудамжны 13 тоотод оршин суух,

Төв аймгийн сум дундын шүүхийн 1997 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 174 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих, мөн хуулийн 211.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар нийт 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж, 2002 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хорих ялаа эдэлж дуусч суллагдсан Боржигон овгийн Цэндийн Алтансүх   /РД:УХ71092091/

Ц.Алтансүх нь  жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хөнгөн болон хүнд гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн

“2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 17 цаг 30 минутад хүүхдүүдээ сургуулиас аваад гэр лүүгээ харихаар өөрийн өмчлөлийн 65-20 БРА улсын дугаартай машинтай машинтай Хуцаа, Жаргалант гудамжуудын голын замаар хойшоо явж байгаад зүүн гар тал руу эргэх гэтэл өөдөөс мотоцикл ирсэн тул би зогссон. Гэтэл мотоцикл чигээрээ ирээд машиныг хүчтэй мөргөсөн. Би буух гээд тормозоос хөлөө автал машин замын хажуу руу орчихсон. Би эргэх үедээ замын голын шугамаас 20 см илүү гарч зогссон байсан ба мотоциклийн жолооч тойроод гарч болох байсан гэж үзэж байна.  Хохирогч нарт төлбөрийг төлөх шаардлагатайг мэдэж байгаа боловч би зүрхний өвчний улмаас хөдөлмөрийн чадварын 80 хувийн алдагдлаар группт байдаг, гэр бүлд ажил эрхэлдэг хүнгүй тул төлбөрийг төлж чадаагүй” гэсэн мэдүүлэг /Шүүх хуралдааны тэмдэглэл/

          Иргэний нэхэмжлэгч  Л. Балжирлхүндэвийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

“...2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 16 цагийн үед Нарангийн бүрд гэдэг газраас Багануур дүүргийн Хуцаа болон Жаргалант гудамжуудын голын засмал замаар уруудаад явж байхад эсрэг урсгалд өөдөөс машин ирж байсан. Гэтэл эсрэг урсгалд өөдөөс явж байсан тээврийн хэрэгсэл тулж ирээд дохио өгөлгүй гэнэт миний урдуур туслах зам руу эргэсэн тул би тормоз гишгэж амжилгүй машиныг шууд мөргөж мотоциклтойгоо унасан, нөгөө машин засмал дээрээсээ хөдлөөд шороон зам руу гарсан байсан..Ослын улмаас миний өвдөгний яс цуурч, ард сундалж явсан эхнэрт  гавал ясны гэмтэл учирч малаа маллаж чадахгүй эмнэлгээр явсаар маш их хохирч байна. Эхнэр Уламбаяр бид хоёр учирсан хохиролдоо нийт таван сая төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ 

         

Хохирогч Ж. Уламбаярын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

Би нөхөр Балжирлхүндэвийн мотоциклийн ард суугаад Багануурын төв орохоор Хуцаа, Жаргалант хоёрын голын замаар урагшаа уруудаад явж байтал нэг машин гэнэт эргээд бидний урдуур орсон тэгээд түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд би эмнэлэгт хэвтсэн байсан Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт 13 хоног сахиуртай байсан ба Багануурт дахин 10 хоног хэвтэж эмчлүүлээд гарсан. Одоо толгой өвдөнө. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Алтансүхээс хохирлоо нэхэж очоод ч өгөөгүй. Би 1 200 000  төгрөгийн эмчилгээний зардал гарснаа нэхэмжилж байна. Цаашид гарах зардлыг мөн нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Хэрэг гарсан газарт хийсэн  үзлэгийн тэмдэглэлд:

Хэрэг учрал болсон гэх газар нь Багануур 1 дүгээр хороо Хуцаагийн 13 дугаар гудамжны зүүн талын /ертөнцийн зүгээр/ хатуу хучилттай хар зам дээр уг осол болсон байна. Тээврийн хэрэгслүүдийн эд анги болон тос  цацарч эхэлсэн газрыг анх мөргөлдсөн цэг буюу А цэг гэж тэмдэглэв. Анх мөргөлдсөн гэх А цэг нь  замын хойноос урагш чиглэсэн урсгалд байрлаж байв....гэх тэмдэглэл /хх-н 5 дугаар хуудас/

Зам тээврийн осол дээр тогтоосон актад:

            Жолооч Ц.Алтансүх нь МУ-ын ЗХД-ийн “7.12. Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд явж байсан 05-44 БРЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан байх үндэслэлтэй, 05-44 БРЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Балжирлхүндэв нь МУ-ын ЗХД-ийн 2.3 дахь хэсгийн в-ийн “жолооч мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч Уламбаяр нь гэмтсэн байх үндэслэлтэй байна” гэжээ  /хх-9 хуудас/

Шинжээчийн 530 дугаартай дүгнэлтэд

-20 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц. Алтансүх Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.12 дахь хэсэгт заасан “жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ /уулзвар нэвтрэх  тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэжээ. /хх-ийн 73-74 дүгээр хуудас /

Шүүх эмнэлгийн 12494 тоот дүгнэлтэд

  1. Л.Балжирлхүндэвийн биед тархи доргилт, зүүн хацар, духны зулгаралт, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогджээ.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй./хх-н 42-р тал /

Шүүх эмнэлгийн 12491 тоот дүгнэлтэд

  1. Ж. Уламбаярын биед дагзны нүхний баруун хажуу хана, суурь дайран дагзны заадас дагасан далд хугарал, баруун тал бөмбөлөгийн тархины эдийн жижиг голомтот цусархаг няцрал, хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, толгойн нүүрний хэсгийн зөөлөн эдэд шарх, цус хуралт, өнгөц зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогджээ.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэлд хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна./хх-н 48-р тал/

       Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн дүгнэлтийн талаар:

Ц. Алтансүх  нь  2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 17 цаг 30 минутад Багануур дүүргийн Хуцаа болон Жаргалантын гудамжуудын голын засмал замаар 65-20 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож урдаас хойшоо чиглэлд явж байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.12 дахь хэсэгт заасан “жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ          /уулзвар нэвтрэх  тохиолдлоос гадна/ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж туслах зам руу эргэхээр эсрэг урсгал руу орсноос өөдөөс ирж  байсан мотоциклтэй мөргөлдөж Ж.Уламбаярын биед дагзны нүхний баруун хажуу хана, суурь дайран дагзны заадас дагасан далд хугарал, баруун тал бөмбөлөгийн тархины эдийн жижиг голомтот цусархаг няцрал, хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, толгойн нүүрний хэсгийн зөөлөн эдэд шарх, цус хуралт, өнгөц зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий учрах үедээ амь биед аюултай гэмтэл, Л.Балжирлхүндэвийн биед тархи доргилт, зүүн хацар, духны зулгаралт, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл, түүний өмчлөлийн мотоциклийн эд ангид 200 000 төгрөгийн эвдрэл тус тус учруулсан нь хэргийн гарсан газарт хийсэн үзлэгийн “Анх мөргөлдсөн гэх А цэг нь  замын хойноос урагш чиглэсэн урсгалд байрлаж байв” гэсэн тэмдэглэл, тэмдэглэлд хавсаргасан мөргөлдсөн цэг болон мотоцикл унасан газар нь мотоцикл явж байсан урсгалын голд байгаа, автомашин зөв талдаа жолоодлоготой бөгөөд жолоочийн баруун урд шилийг мотоцикл мөргөж хагалсныг тус тус  харуулсан 9 кадр бүхий гэрэл зураг, ослын акт тэдгээрт хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Л.Балжирлхүндэвийн “эсрэг урсгалд өөдөөс явж байсан тээврийн хэрэгсэл тулж ирээд дохио өгөлгүй гэнэт миний урдуур туслах зам руу эргэсэн тул тормоз гишгэж амжилгүй машиныг шууд мөргөсөн” гэсэн мэдүүлэг шинжээчдийн “жолооч Ц. Алтансүх Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.12 дахь хэсэгт заасан “жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй” гэсэн дүгнэлт шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн “мотоциклийг миний баруун талаар гарлаа гэж бодоод би эсрэг урсгал руу орсон, тэгээд зогстол намайг ирээд мөргөчихсөн /хх-67-68/” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хохирогч нарын мэдүүлгийг хууль сануулан гаргуулж бэхжүүлсэн, шүүгдэгч Ц.Алтансүхийн яллагдагчаар байцаагдахдаа гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэг гарсан газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр давхар батлагдсан болно.

Уншиж бичиж чадахгүй гэх хохирогч Балжирлхүндэвийн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэхэд түүний өмгөөлөгч Сүхбат байлцав.

Ослын шалтгааны талаарх дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэгтэй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээчдийн бүрэлдэхүүн гаргасан, дүгнэлтийн үндэслэл нь хэрэг гарсан газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, хавсралт фото зургууд, осол дээр тогтоосон актын дүгнэлт зэргээр батлагджээ.         

Осол дээр тогтоосон актад хохирогч буюу иргэний нэхэмжлэгч Балжирлхүндэв нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.2.в-ийн  заалтыг зөрчиж хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэж явсан гэж тодорхойлсныг авч үзэхэд энэ зөрчил нь ослын шууд шалтгаан биш болох нь бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 530 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд уг зөрчилд нь Балжирлхүндэвт Захиргааны хариуцлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгуулийн арга хэмжээ ноогдуулсан нь  /хх-28/ нь хуульд нийцсэн байна.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн гэмт үйлдэлд хамааралтай, үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны бөгөөд үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

14 настай гэрч А.Жаргалсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт “аав Алтансүх эргэх дохио өгөөд зогсож байхад мотоцикл хар хурдаараа ирээд мөргөсөн “ гэж мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээс эрс ялгаатай мэдүүлэг өгсөн ба эцгийнхээ эсрэг буюу түүний байдлыг хүндрүүлж болох мэдүүлэг өгөхгүй байх эрхийг үндэслэн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үнэлээгүй болно.

Ц.Алтансүх нь өөдөөс чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй үйлдэлдээ хөнгөмсгөөр найдаж болгоомжгүй хандсан нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн “мотоциклийг миний баруун талаар гарлаа гэж бодоод би эсрэг урсгал руу орсон, тэгээд зогстол намайг ирээд мөргөчихсөн” гэсэн мэдүүлгээр тодорхойлогдож байна.

Шинжээч эмчийн дүгнэснээр Балжирлхүндэвийн бие махбодид учирсан гэмтэл нь хөнгөн,  Уламбаярын бие махбодид учирсан гэмтэл нь хүнд зэргийн гэмтэлд тус тус хамаарагдаж байна.

Иймд Алтансүхийг  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялыг оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нь 1997 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 174 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих, 211.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар нийт 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2002 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хорих ялыг эдэлж дуусаад суллагдсан байх ба 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар ялтай байдал өршөөгдсөн тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.        

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 заалтад заасан ял хөнгөрүүлэх нөхцөл мөн. Ялыг сонгохдоо шүүгдэгч бага насны 3 хүүхдээ эхнэрийн хамт асрамжлан тэжээдэг, Алтансүхийн өрх гэр түүний хөдөлмөрийн чадвар алдалтад тогтоогдсон группын тэтгэмжээс өөр орлогогүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан баривчлах ялыг сонгож оногдуулах нь зүйтэй.  Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хуульд зааснаар зайлшгүй оногдуулна.

            Хохирогч Ж.Уламбаяр, түүний хамтран амьдрагч Балжирлхүндэв нар эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохиролд нийт 5 сая төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна гэж шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан ба хохирогч Ж.Уламбаярт эрүүл мэндээ сэргээхэд 1 188 103 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Балжирлхүндэвт эрүүл мэндээ сэргээхэд 475 200 төгрөгийн, мотоциклийн эд ангид 200 000 төгрөгийн эвдрэлийн хохирол тус тус учирсан нь техникийн хохирлын үнэлгээний тайлан, зарлагын баримтууд, орлогын ордерууд, хот хоорондын зорчих тасалбар, төлбөрийн хариу баримт зэрэг баримтуудаар /хх-134-135, 143-147/ тогтоогдсон. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ. Хохирогч Уламбаяр цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж мэдүүлсэн ба  гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Ц.Алтансүхийн 1097874 дугаартай жолооны үнэмлэхийг нэмэгдэл ялын биелэлтийг хангах тухай гүйцэтгэх бичиг баримтад хавсарган Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлбэл зохино.

Мөрдөн байцаагч нэхэмжлэлийг хангах зорилгоор 2016 оны  10 дугаар сарын 13-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоол гаргасныг хэвээр үлдээж, 1 500 000 төгрөгөөр үнэлж битүүмжилсэн “Sprinter Marino” маркийн 65-20 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, машины түлхүүр /2ш/ зэргийг гүйцэтгэх бичиг баримтын хамт Багануур дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт шилжүүлбэл зохино.

Ц.Алтансүх нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй зэргийг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйл,  290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овгийн Цэндийн Алтансүхийг жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овгийн Цэндийн Алтансүхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  хоёр /2/ жилийн хугацаагаар хасч таван /5/ сарын хугацаагаар  баривчлах ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Ц.Алтансүхийг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэхийг мэдэгдсүгэй.
  4. Ц.Алтансүхэд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг гүйцэтгүүлэхээр 1097874 дугаартай жолооны үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц. Алтансүхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх  хэсэгт тус тус зааснаар Ц.Алтансүхээс 1 846 403 /нэг сая найман зуун  дөчин зургаан мянга дөрвөн зуун гурван/ төгрөг гаргуулж Ж.Уламбаярт 1 150 103 /нэг сая нэг зуун тавин мянга нэг зуун гурван/ төгрөг,  Б.Балжирлхүндэвт 696 300 /зургаан зуун ерэн зургаан мянга гурван зуун/ төгрөг  олгож нэхэмжлэлээс үлдэх 3 153 597 /гурван сая нэг зуун тавин гурван мянга таван зуун ерэн долоон/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  7. Хохирогч Ж.Уламбаяр нь ослын улмаас учирсан гэмтлийг цаашид эмчлүүлэхэд гарсан хохирлыг нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.
  8. Мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” тухай тогтоолыг хэвээр үлдээж, битүүмжлэгдсэн “Sprinter Marino”                          маркийн 65-20 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 00642363 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, машины түлхүүр 2 ширхэг” зэргийг гүйцэтгэх бичиг баримтын хамт Багануур дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэлийн хэсэгт шилжүүлсүгэй.
  9. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй зэргийг тус тус мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
  11. Тогтоолд давж заалдах гомдол гаргах болон эсэргүүцэл бичигдвэл биелэлтийг түдгэлзүүлж Ц.Алтансүхэд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Д.ОЮУНБАТ.