Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2000 оны 01 сарын 01 өдөр

Дугаар 00000

 

       Б.Энэбишийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж  заалдах шатны  шүүхийн Иргэний хэргийн  шүүх  хуралдааныг Ерөнхий шүүгч  М.Мөнхдаваа  даргалж, шүүгч Л.Нямдорж,  Г.Уламбаяр  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01  дүгээр сарын 08-ны  өдрийн 131/ШШ2018/00035  дугаар  шийдвэртэй

Нэхэмжлэгч Батжаргалын Энэбишийн нэхэмжлэлтэй   

Хариуцагч Содномдаръяагийн Хүрэлсүхэд холбогдох

Хүүхдийн тэтгэлэг тогтоож, дундын эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэлтэй  иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхжаргалын  давж  заалдсан гомдлыг үндэслэн хэргийг  2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр  хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Энэбиш, хариуцагч  С.Хүрэлсүх, хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхжаргал, нарийн бичгийн дарга  Н.Дэчмаа    нар оролцов. 

Нэхэмжлэгч  Батжаргалын  Энэбишээс  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие С.Хүрэлсүхтэй 2009 оны 08 дугаар сарын 02-ноос хойш хамт амьдарсан. Амьдрах хугацаанд 2010 онд охин Х.Буянзаяа, 2013 онд ихэр охин X.Батзориг, Х.Золзаяа нар төрсөн. Би энэ айлд ирэхдээ ямар нэг өвчин үгүй эрүүл саруул байсан. Гэтэл одоо байнгын тархи толгой өвдөж, хамар нармайгаар лугшиж өвддөг, бамбай, зүрх өвдөж айж сандардаг болсон.  Манайх  2016 оны 12 дугаар сарын мал тооллогоор 28 хонь, 218 ямаа тоолуулсан. С.Хүрэлсүхтэй ярьж тохиролцож малаа тасалж авна. Гурван хүүхдийн тэтгэлэг тогтоож, отрын жижиг гэр, 15 хонь, 120 ямаа, энэ жилийн төлөөс 5 хурга, 35 ишигийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Энэбиш анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт хамруулж, малын ашиг шим болон хөдөлмөрлөж олсон орлогоороо хүүхдүүдээ тэжээж амьдарна. С.Хүрэлсүх нь бичиг үсэг мэдэхгүйгээр далимдуулж байна. Том охин Х.Буянзаяа 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн 7 настай, 2 ихэр охин төрсөн одоо 4 настай. Нэхэмжлэлд охин Х.Буянзаяаг, Х.Буманзаяа гэж буруу бичсэн байна лээ. С.Хүрэлсүх нь хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгийг нь завсардуулахгүй хүмүүжүүлж чадахгүй зан суртахууны доголдолтой учраас хүүхдүүдээ өөрөө авмаар байна. Гэр бүлийн хүчирхийллээс болж үр хүүхдүүдэд маань сөргөөр нөлөөлж байна. Хүүхдийн асрамж тэтгэлгийг тогтоож, дундын эд хөрөнгийн ногдох хэсэг болох отрын жижиг гэр, 15 хонь, 120 ямаа, 5 хурга, 35 ишиг гаргуулж өгнө үү  гэжээ.

Хариуцагч С.Хүрэлсүх шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Энэбиштэй 2009 оны 08 дугаар сарын 02-ноос хамт амьдарсан, Амьдрах хугацаандаа бидний дундаас 2010 онд охин Х.Буянзаяа, 2013 онд ихэр охин Х.Батзориг, Х.Золзаяа нар төрсөн. Бид хамтдаа амьдраад 8 жил болсон. Бусдын адил сайхан амьдарч охидуудаа өсгөж байсан. Миний бие Б.Энэбишийг зодож дарамтладаг зүйл огт байхгүй.

Б.Энэбиш нь 2017 оны 05 дугаар сарын 12-нд ямар ч шалтгаангүй охидуудыг минь аваад явчихсан. Би гэр бүлээ авч үлдэхийн тулд Б.Энэбишийг ээж ахын хамт эргээд хүрээд ирээч гэж олон удаа гуйсан. Б.Энэбиш нь өөр хүнтэй болоод гэрээсээ явсан, одоо тэр хүнтэйгээ хамт амьдардаг. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Энэбишээс салаад тусдаа амьдарч болно, гэхдээ охидоо өөрийн асрамжиндаа авна. Би охидуудаа юугаар ч дутаахгүй авч явна. Эмэгтэй хүүхдүүддээ хойд эцгийн царай харуулмааргүй байна гэжээ.

Хариуцагч С.Хүрэлсүх анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Б.Энэбиштэй хуримаа хийгээд 8 жил болж байна. Гэрлэлтээ батлуулаагүй. Зодож нүдсэн асуудал байхгүй. 3 хүүхдийнхээ ирээдүйг бодож хүүхдүүдээ өөр дээрээ авмаар байна. Отрын гэр, 15 толгой хонь, 120 толгой ямаа, 5 хурга, 35 ишиг гаргуулна гэсэнтэй маргахгүй гэжээ.

Шүүх:  2010 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Х.Буянзаяа, 2013 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Х.Золзаяа, 2013 оны 06 сарын 16-ны өдөр төрсөн охин Х.Батзориг нарыг эх Б.Энэбишийн асрамжид үлдээж, хариуцагч С.Хүрэлсүхийн Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1-1, 40.1.2-д заасныг баримтлан 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Х.Буянзаяа, 2013 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Х.Золзаяа, 2013 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Х.Батзориг нарт 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон, эцэг С.Хүрэлсүхээс гаргуулж, сар бүр тэжээн тэтгүүлж, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан зохигчийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс отрын гэр 1 ширхэг, 15 хонь, 120 ямаа, 5 хурга, 35 ишигийг тус тус хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож  шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Шүүх  хүүхдүүд болох Х.Буянзаяа, Х.Золзаяа, Х.Батзориг нарыг эцэг эхийнх нь хэний асрамжинд үлдээвэл Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд тус тус зааснаар хүүхэд эрүүл аюулгүй орчинд амьдрах боломж нөхцөл бүрдэх вэ гэдгийг харгалзалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. С.Хүрэлсүх нь 2009 онд Б.Энэбиштэй танилцаад гэр бүл болж гурван сайхан хүүхэд төрүүлэн бусдын адил сайхан амьдарч 8 жил гаруй хугацаанд амьдарсан. Анхан шатны шүүх хүүхдүүдийг хэнийх нь асрамжинд үлдээвэл хуульд заасан эрхийг бүрэн эдлүүлэх боломжтой байх талаар шинжээч томилуулах тухай хариуцагч болон өмгөөлөгч миний бие гаргасан хүсэлтийг ямар үндэслэлээр хүлээн аваагүй нь ойлгомжгүй бөгөөд хариуцагчийн хуулиар олгосон эрхийг нь эдлүүлэхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Тэрээр бичиг үсэг сайн мэдэхгүй, бага боловсролтой, холбогдох нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх тал дээр нь ямар нэгэн байдлаар нь сайн тайлбарлаж өгөөгүй, Мөн шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимыг баримтлахгүйгээр нэхэмжлэгчийн зөвхөн дундын эд  хөрөнгө авах хүсэл зоргийг хангаж хэт нэг талыг барьсан шийдвэрийг гаргасан тул Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн 131/ШШ2018/00035 дугаартай шийдвэрийн бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр  буцааж өгнө үү гэжээ.                                                   

                                                             ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Батжаргалын  Энэбишээс хүүхдийн тэтгэлэг тогтоож, дундын эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг  анхан шатны шүүх хангаж  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Энэбиш, хариуцагч С.Хүрэлсүх нар нь  2009 оноос хойш хамтран амьдрах хугацаанд  3 хүүхэдтэй болсон бөгөөд  гэрлэлтээ батлуулж,  албан ёсоор гэр бүл болоогүй байна. 

Охин Х.Буянзаяа нь  2010 онд төрсөн 7 настай,  2013 онд төрсөн ихэр охин Х.Батзориг,  Х.Золзаяа нар нь  4 настай бөгөөд  охин Х.Буянзаяагийн санал  болон  хүүхдүүдийн цаашид эрүүл аюулгүй орчинд өсөж, сурч  боловсрох  байдал зэргийг харгалзаж   хүүхдүүдийг  эх  Б.Энэбишийн асрамжинд  үлдээж,  хариуцагч С.Хүрэлсүхийн  хүүхдүүдээ өөрийнхөө асрамжинд авах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй гэж дүгнэсэн  анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хамтран амьдрагч  нарын дундын эд хөрөнгөнөөс  отрын гэр нэг ширхэг,  15 толгой хонь, 120 толгой ямаа, 5 хурга,  35 толгой ишиг тус тус гаргуулж  нэхэмжлэгч Б.Энэбишд олгосныг  хариуцагч талаас зөвшөөрч, маргаагүй байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхжаргалаас давж заалдсан гомдолдоо   “…хүүхдүүдийг  гэрлэгчдийн  хэнийнх нь  асрамжинд  үлдээвэл зохимжтой талаар шинжээч томилуулахаар хариуцагч талаас гаргасан хүсэлтийг  шүүх ямар үндэслэлээр  хүлээн аваагүй нь  ойлгомжгүй, хүсэлтийг  хангаж  шийдвэрлээгүй..”   гэж  гомдол гаргасан  байх боловч  зохигч талууд нь гэрлэлтийн  баталгаатай  гэрлэгчид биш хамтран амьдарч  байсан хүмүүс бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн 00140 дүгээр  шүүгчийн захирамжаар  хүсэлтүүдийг хангахаас татгалзаж  шийдвэрлэсэн нь  анхан шатны шүүх нь эрх хэмжээнхээ хүрээнд хуульд заасны дагуу  хийсэн ажиллагааг буруу гэж  үзэх  үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх  хариуцагч С.Хүрэлсүхийн хуулиар  олгогдсон эрхийг нь  эдлүүлсэн,  эрх үүргийг нь тайлбарласан,  өмгөөлөгч авах эрхийг нь хангасан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхжаргалын  давж заалдсан гомдлыг хангах  үндэслэлгүй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч С.Хүрэлсүхээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200  төгрөгийг  төрийн сангийн дансанд хэвээр үлдээх  үндэслэлтэй байна.

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг  удирдлага болгон

                                                                  ТОГТООХ  нь:

1.  Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2018 оны 1 дүгээр сарын 8-ны  өдрийн 131/ШШ2018/00035  дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагчийн өмгөөлөгч Н.Энхжаргалын   давж заалдсан гомдлыг  хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56  дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч С.Хүрэлсүхээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг   төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж  заалдах  шатны  шүүх  хэргийг  шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн,  хуулийг буруу  хэрэглэсэн  гэж  үзвэл зохигчид магадлалыг  гардан  авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд   хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй  болохыг  дурдсугай.

ДАРГАЛАГЧ                                     

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                                                 ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ 

                                                                                            Г.УЛАМБАЯР