| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2019/03070/И |
| Дугаар | 181/ШШ2020/00185 |
| Огноо | 2020-01-15 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 181/ШШ2020/00185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.О/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г газар/РД: /-т холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нинжбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Даваадорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нинжбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ч.О нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхэд хамгаалалын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны Нийгмийн ажилтнаар 2017 оны 10 дугаар сард анх ажилд орж, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 11 сарын 21-ний өдрийн Б-192 тоот тушаалаар Ээлжийн нийгмийн ажилтнаар томилогдсон. 2018 оны 03 сарын 13-нд Хөдөлмөрийн гэрээ байгуулсан.
2019 оны 09 сарын 02-ны өдөр миний бие ээлжийн ажилтай байсан. Гэтэл тухайн өдөр манай байгууллагын ажилтнууд нэг ажилтны хүүхдийн үсний найранд явцгаасан байсан. Намайг ажлаа хийж байхад ажилтан Уран-Уянга, Эрдэнэжаргал нар согтуу ирж ажлын хашаанд зодолсон. Миний бие зодолдсон хүмүүсийг салгах гэж очоод согтуу байсан ажилтан Уран-Уянгад зодуулж, тархиндаа хүнд гэмтэл авсан. Энэ хэрэг эрүүгийн журмаар шалгагдаж байна.
Би 2019 оны 09 сарын 03-нд гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд тархины яс хугаралт онош тогтоогдож, улмаар 9 сарын 6-ны өдөр хүртэл Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн. Гэмтлийн эмч Чингэлтэй дүүргийн гэмтлийн эмчийнхээ хяналтад эмчлүүл гэсэн. 2019 оны 9 сарын 6-ны өдөр хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийн хуудас, листээ даргын туслах Дөлгөөнд хүргэж өгсөн ба үргэлжлүүлэн эмчлүүлэх шаардлагтай талаараа хэлсэн. Тухайн үед миний зодуулсан бичлэг Г газарт ирсэн байсан ба дарга нар миний өвчтэй эмчлүүлж байгааг мэдэж байсан.
2019 оны 09 сарын 12-нд миний бие Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын түр орлон гүйцэтгэгч Халиун даргатай уулзахад миний утсыг унтраахыг шаардаж унтраалгаад намайг гомдлоо Цагдаагийн байгууллагаас буцаан авбал ажлаа үргэлжлүүлж хийж болно, хэрвээ авахгүй бол ажлаас халж, яамны Нийгмийн ажилтны ёс зүйн хороонд бүртгүүлж, салбарын хэмжээнд ажиллуулахгүй болгоно гэж хэлсэн.
2019 оны 09 сарын 20 хүртэл дүүргийн эмч хэвтрийн дэглэм сахих шаардлагатай гэж өвчний картад бичиж өгсөн ба энэ дагуу эмнэлгийн хуудас, листийг мөн бичиж өгсөн. 2019 оны 09 сарын 20 хүртэлх хугацааны эмнэлгийн хуудсаа өгөхөөр 09 сарын 23-нд Г газарт очиход намайг ажлаас халсан тухай нягтлан бодогч болон Хүний нөөцийн ажилтан хэлсэн. Гэхдээ надад тушаалыг өгөөгүй. 2019 оны 09 сарын 26-ны өдөр тушаалаа өөрөө очиж авсан.
2019 оны 09 сарын 30-ны өдөр болсон Чингэлтэй дүүргийн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөнөөр намайг 2019 оны 09 сарын 20-ны өдрөөс эхлэн 10 сарын 11 хүртэл хугацаанд эмнэлгийн хуудас олго гэж мөн шийдвэрлэсэн байсан.
Миний бие өмнө нь ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн боловч Захиргаа удирдлага, санхүүгийн хэлтсийн Чинбат даргатай ярилцсаны үндсэн дээр чөлөөлөгдөх өргөдлөө буцааж, ажлаа үргэлжлүүлээд хийж байсан.
Би эмчлүүлж байгаа учир эдгэрээд үргэлжлүүлэн ажлаа хийнэ гэж бодож байсан, гэтэл надад мэдэгдэлгүй, намайг өвчтэй байхад ажлаас чөлөөлсөн байсан.
Миний сарын цалин хөлс нь Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолын 9 дүгээр хавсралтаар батлагдсан Эрүүл мэндийн салбараас бусад төрийн үйлчилгээний байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах апбан тушаалын цалингийн сүлжээний ТҮ-6-1 зэрэглэлээр тогтоогдсон ба одоогийн мөрдөж байгаа хууль тогтоомжоор нэг сарын цалин 579 598 төгрөг болно.
Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага, хууль зүйн үндэслэлээ юу гэж тайлбарлаж байна вэ, гэвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т заахдаа Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараах тохиолдолд хэвээр хадгална гэж заасан. Мөн хуулийн 35.1.3-т заахдаа эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа тохиолдолд хэвээр хадгална гэж заасан. Өөрөөр хэлбэл, ажил олгогч Ч.Оюун-Эрдэнийг өвчтэй байсан гэдгийг мэдэж байсан, мөн ажлын байр нь дээр хүнд зодуулсан гэдгийг мэдэж байсан, энэ талаар асуудал үүсээд, хуулийн байгууллагад шалгагдаж байсан гэдгийг бүр сайн мэдэж байсан юм. Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжпийн газар нь тусгай хамгаалалттай, битүү камертай объект байдаг. Тэгэхээр ямар үйл явдлаас болоод зодуулсан, мөн эмнэлгийн хуудас болон холбогдох баримт бичгүүдийг хүргүүлж, өгөөд байсан атал өвчтэй байсан хугацаанд ажлаас чөлөөлсөн байна. Ингэж ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, оролцож байна.
Иймээс Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2019 оны 09 сарын 16-ны өдрийн Б/132 тоот тушаалыг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоон, өмнө хариуцан гүйцэтгэж байсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны Ээлжийн нийгмийн ажилтны үүрэгт ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар бодож гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх дэвтэрт бичилт хийлгэх шийдвэрийг гаргаж өгнө үү.” гэв.
Хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Чинбат шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Чагнаадорж овогтой О /РД УМ89080940/-ийн нэхэмжлэлтэй, Г газарт холбогдуулан гаргасан өргөдөлд дараах тайлбарыг хүргүүлж байна.
С.О нь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/121 тоот тушаалаар Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны Нийгмийн ажилтан албан тушаалд томилогдон ажилласан.
2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын Захиргаа, санхүү удирдлагын газарт “ар гэрийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажлаа цаашид хийх боломжгүй болсон тул ажлаас чөлөөлж өгнө үү” гэсэн өргөдөл гаргасны дагуу Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 зүйлийн 37.1.8 дахь заалт, 38.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/132 тоот тушаалаар С.Оюун-Эрдэнийг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгон, ажлаас чөлөөлж, чөлөөлөгдсөнтэй холбогдуулан, ээлжийн амралт, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн болон бусад холбогдох тооцоог хийж дуусгах тушаал гарсан байна. /эмнэлгийн хуудас 2019 оны 09 сарын 19-ний өдрөөр дуусгавар болсон/
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/163 тоот тушаалаар “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны”-ны дүрмийг баталсан байна. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр нь эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалан байрлуулах үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий байгууллага юм. “Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр”-ны дүрэмд төв нь үйл ажиллагаандаа 2.1.3 Хүүхдийн амьд явах, амьдрах, эрүүл өсөн бойжих эрхийг хангах гэж зарчмыг баримталж ажиллана гэж заасан байдаг.
С.О нь гаргасан өргөдөлдөө 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр миний бие ээлжийн ажилтай байсан. Ажлаа хийж байхад нь тус байгууллагын ажилтан Уран-уянга, Эрдэнэжаргал нар согтуу ирж ажлын хашаанд зодолдсон. Миний бие зодолдсон хүмүүсийг салгах гэж очоод Уран-уянгад зодуулж гэмтэл авсан гэсэн байна. Энэ нь хөдөлмөрийн гэрээний 4.2, 6.12-т заасан Ажилтан нь ямар нэгэн байдлаар хүүхэдтэй зүй бус харилцах ... хайхрахгүй орхих зэрэг ноцтой зөрчил гаргавал хуулийн хариуцлага хүлээх гэж заасан байна. Энэ нь албан ажлын цагт ажлын байраа орхихгүй байх дүрэм, журмыг зөрчсөн.
Дээрх иргэдийн асуудлыг холбогдох хуулийн байгууллагад шалгагдаж байгаад байгууллагаас болон байгууллагыг удирдлагад ямар нэгэн санал, тайлбар байхгүй.
2019 оны 09 дүгээр сарын 12-нд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Халиунтай уулзахад утас унтраалгаад гомдлоо цагдаагийн байгууллагаас буцаан авуул ажлаа үргэлжлүүлж хийж болно, хэрвээ авахгүй бол ажлаас хална гэж бичсэн байгаа нь үндэслэлгүй бөгөөд гүтгэлгийн шинж чанартай байна.
Тухайн уулзалтын үед итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хамт байсан. Захиргаа, санхүү удирдлагын газрын дарга Ш.Чинбат даргатай ярилцсаны үндсэн дээр чөлөөлөгдөх өргөдлөө буцаасан гэсэн байна. С.О нь ээжийн бие муу надаас өөр харах хүн байхгүй тул ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа хэлсэн. Ингээд өргөдлийг 08 дугаар сарын 29-нд даргын туслах Дөлгөөнд шийдвэрлэхээр цохсон. С.О нь 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр эмнэлгийн хуудсыг аваад манай байгууллагын санхүүд өгч 9 дүгээр сарын 24-ний өдрөөр хөдөлмөрийн чадвараа түр алдсан тэтгэмжийн тооцоог хийсэн байна. Энэ үед С.О нь Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны захиргаанд болон манай байгууллагад эмч нарын зөвлөгөөнөөр үргэлжлүүлэн эмчлүүлэх болсон талаар ямар нэгэн мэдээлэл өгөөгүй болно.
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын санхүүд 9 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Ч.Оюун-Эрдэнийн эмнэлгийн хуудсыг авч ирж өгсөн. Гэхдээ үргэлжлүүлэн эмчлүүлэх талаар надад болон, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэнд ямар нэгэн баримт, мэдэгдэл ирүүлээгүй. Ажлаас чөлөөлсөн шийдвэр гарсны дараа эмнэлгийн хуудсыг авч ирж өгсөн байдаг. Тухайн эмнэлгийн хуудсыг нэхэмжлэгч тал шийдвэр гарсны дараа авч ирж өгсөн гэдгийг хариуцагч тал нотлох баримт шинжлэн судлах явцад тогтоож, нотлуулна.” гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ч.О хариуцагч Г газарт холбогдуулан Ээлжийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 2 230 242/хоёр сая хоёр зуун гучин мянга хоёр зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Г газар нь өргөдөл гаргасны дагуу гэрээг дуусгавар болгосон гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс хариуцагчид Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны Ээлжийн нийгмийн ажилтнаар ажиллаж эхэлсэн болох нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/192 тушаалын болон № А1366909 нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаар Хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна.
Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтад заасныг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай Б/132 тушаалын хуулбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-т “Хөдөлмөрийн гэрээг дараахь үндэслэлээр цуцална:”, 38.1.1-т “ажилтан санаачилсан;” гэж заасан.
Иргэн П.Уран-Уянга нь 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 9 дүгээр сарын 03-ны өдөр шилжих шөнө нэхэмжлэгчийн биед баруун духны сэртэнгээс доош хацрын сэртэн суурийн бага далавч хүрсэн шугаман хугарал, зүүн гуя, зүүн шилбэ, зүүн бугалганд цус хуралт гэмтэл учруулсан болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/1729 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь авсан гэмтлийн улмаас 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл өвчтэй байсан болох нь нэхэмжлэгчийн эрүүл мэндийн дэвтрийн болон 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Эмнэлгээс өвчтөн илгээх хуудсын хуулбар, № 1340666 болон № 1341177 эмнэлгийн хуудсын хуулбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.
Хариуцагч нь нэхэмжлэгчийн өвчтэй байсан хугацаа дууссаны дараа буюу 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гаргасан хүсэлтийн дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж маргаж байна.
Нэхэмжлэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл өвчтэй байсан болох нь нэхэмжлэгчийн эрүүл мэндийн дэвтрийн болон 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн Эмнэлгээс өвчтөн илгээх хуудсын хуулбар, Эмнэлгийн магадлагаар тогтоогдож байна.
Эрүүл мэндийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Эмч, эмнэлгийн байгууллага дор дурдсан асуудлаар магадлагаа гаргана:”, 38.1.1-т “Монгол Улсын иргэн ... харьяалалгүй хүн өвчлөх, осол, гэмтэлд өртөх ... өвчтөн асрах;”, Эрүүл Мэнд, Нийгмийн Хамгааллын сайдын 1999 оны А243 тоот тушаалын 2 дугаар хавсралт Эмнэлгийн байгууллагуудын эмнэлэг хяналтын комиссын дүрмийн 2-ын 2.1-т “Эмнэлэг хяналтын комисс нь орон тооны бус, 3-5 хүний бүрэлдэхүүнтэй ... үйл ажиллагаанд нь хяналт тавина.”, 2.2-т “Комиссын сум дундын эмнэлэг ... эмнэлгийн амбулатор, поликлиникийн, эрүүл мэндийн төвүүдэд ажиллуулна.”, 3-т “Комисс нь өөрийн эрх, үүргийн хүрээнд дараахь асуудлыг шийдвэрлэнэ.”, 3-ын 1.1-т “Эмнэлгийн магадлагаа олгох, сунгах” гэж заасан.
Эрүүл Мэнд, Нийгмийн Хамгааллын сайдын 1999 оны А243 тоот тушаалын 2 дугаар хавсралт Эмнэлгийн байгууллагуудын эмнэлэг хяналтын комиссын дүрмийн 2-ын 2.1, 2.2, 3, 3-ын 1.1-т зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн төв салбарын 5/тав/ хүний бүрэлдэхүүнтэй Эмнэлэг хяналтын комисс нь нэхэмжлэгчийн өвчтэй байсан тухай Эмнэлгийн магадлагааны хугацааг 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл сунгасан болох нь нэхэмжлэгчийн эрүүл мэндийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.
Эрүүл мэндийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.1 дэх заалтад зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн төв салбарын эмч Эмнэлэг хяналтын комиссын 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчид 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл өвчтэй байсан тухай Эмнэлгийн магадлагаа олгосон болох нь нэхэмжлэгчийн эрүүл мэндийн дэвтрийн хуулбар болон Эмнэлгийн магадлагаагаар тогтоогдож байна.
Хариуцагчийн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэгч нь эмчийн магадлагаагаар өвчтэй байсан болох нь эрүүл мэндийн дэвтрийн хуулбар болон Эмнэлгийн магадлагаагаар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг дараахь тохиолдолд хэвээр хадгална:”, 35.1.3-т “эмнэлгийн шинжилгээ хийлгэх ... эмчийн магадлагаагаар ... чөлөөтэй байгаа;” гэж заасан.
Хариуцагч нь нэхэмжлэгч эмчийн магадлагаагаар 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэл чөлөөтэй байх хугацаанд 04 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.3 дахь заалтыг зөрчсөн байна.
Нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачлагаар цуцлах хүсэлтээс татгалзсан гэж үзнэ.
Хариуцагч нь нэхэмжлэгчтэй байгуулсан 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаар Хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол .... олгоно.”, 128 дугаар зүйлийн 128.1-т “Дараахь маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ:”, 128.1.2-т “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан .... гомдол;” гэж заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийг хариуцагчийн Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны Ээлжийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 2 230 242/хоёр сая хоёр зуун гучин мянга хоёр зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлс 712 323/835260+815348+486361=2136969, 2136969:3=712323/ /долоон зуун арван хоёр мянга гурван зуун хорин гурав/ төгрөг болох нь № А1366909 нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх ажлын 11/арван нэг/ хоног, 2/хоёр/ сар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 1 780 804/712323:22=32378, 32378х11=356158, 712323х2=1424646, 356158+1424646=1780804/ /нэг сая долоон зуун наян мянга найман зуун дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 449 438/2230242-1780804=449438/ /дөрвөн зуун дөчин есөн мянга дөрвөн зуун гучин найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 10 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжилж байх боловч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар тус хугацаанд ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор тооцогдохгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийлгэх тухай шаардлага гаргаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч ... ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.” гэж заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчид нэхэмжлэгчийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилтийг хийхийг даалгах нь зүйтэй байна.
Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.3, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1, 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Оюун-Эрдэнийг хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны Ээлжийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 1 780 804/нэг сая долоон зуун наян мянга найман зуун дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Од олгож, хариуцагч Г газарт олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилтийг хийхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 449 438/дөрвөн зуун дөчин есөн мянга дөрвөн зуун гучин найм/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ