| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржсүрэнгийн Мөнгөнтуул |
| Хэргийн индекс | 183/2019/03357/И |
| Дугаар | 183/ШШ2020/00071 |
| Огноо | 2020-01-08 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2020/00071
| 2020 оны 01 сарын 08 өдөр | Дугаар 183/ШШ2020/00071 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 00 дугаар хороо, Зүүн наран 00 дүгээр гудамж, 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эрэгтэй, Х овогт Л.Ж /рд:000000000/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Максын 00 тоотод оршин суух, 0000 онд төрсөн, 00 настай, эмэгтэй, А овогт Б.Д /рд:000000000/-д холбогдох,
8 680 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Ж, хариуцагч Б.Д шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Галбадрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Б.Д-тай зээлийн гэрээ байгуулж, 7 000 000 төгрөгийг өгсөн. Зээлийн гэрээ нь 2 сарын хугацаанд хүүгүй, хугацаа хэтэрсэн тохиолдолд хоногийн 0.5 хувийн алданги тооцохоор болж гарын үсгээ зурж гэрээ байгуулагдсан. 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч өөрийн хаягандаа байхгүй үндэслэлээр буцаагдсан. Ингээд эрэн сурвалжлуулж Хан-Уул дүүрэгт орших хаягыг нь олсон. Иймд үндсэн зээл 7 000 000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 14-ны хооронд 48 хоногийн алдангид 1 680 000 төгрөг, нийт 8 680 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна” гэв.
Хариуцагч Б.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Нийслэлийн орон сууцны корпорацийн Буянт-Ухаа 2 хорооллын байранд зуучилж өгнө гэж мөнгө авсан нь үнэн. Миний найз н.Н, түүний багш н.Т, программын инженер н.М гэр бүлийн хамт нийт 4 хүн “100 хувийн баталгаатай байранд хүн оруулж өгнө, зуучилж өгнө үү” гэж надад хэлсэн. Би надтай хамт ажиллаж байсан танилдаа хэлж, тэр хүнээр дамжуулж нэхэмжлэгч Л.Ж байранд орох хүсэлтээ илэрхийлж надад мөнгө өгсөн. Би тэр мөнгийг н.Н, н.Д хоёрт өгсөн, өөрөө бол аваагүй. Тэр хүмүүс одоо эрүүгийн журмаар шалгагдаж байгаа, би Авлигатай тэмцэх газар очиж гэрчийн мэдүүлэг өгсөн. Онлайн бүртгэл болж, зуучлуулсан хүмүүс гарахгүй байсан тул би өөрөө Авлигатай тэмцэх газар очиж төрийн албан хаагч н.Н н.Д, н.Т, н.М нарыг барихад нь тусалсан. Би өөрийнхөө дансаар маш олон хүний мөнгийг авч тэдгээр хүмүүст өгсөн. Иймд зээлдэж аваагүй тул энэ мөнгийг төлөх боломжгүй, эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсээс мөнгийг авсны дараа 7 000 000 төгрөгийг буцааж өгнө, хэзээ өгөхийг хэлж мэдэхгүй байна” гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Ж нь хариуцагч Б.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8 680 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...Б.Д-тай 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 7 000 000 төгрөг өгсөн. ...Иймд үндсэн зээл 7 000 000 төгрөг, гэрээгээр тохиролцсоны дагуу 48 хоногийн алданги 1 680 000 төгрөг, нийт 8 680 000 төгрөг гаргуулна” гэж тайлбарласан.
Хариуцагч “...Би 7 000 000 төгрөгийг зээлж аваагүй. Харин Нийслэлийн орон сууцны корпорацийн Буянт-Ухаа 2 хорооллын байранд зуучилж өгнө гэж мөнгө авч, н.Н, н.Д, н.Т, н.М нарт өгсөн нь үнэн. Эдгээр хүмүүс одоо эрүүгийн журмаар шалгагдаж байгаа. Мөнгийг буцааж авсны дараа 7 000 000 төгрөгийг өгнө, харин хэзээ өгөхийг хэлж мэдэхгүй” гэж маргасан.
Хэргийн баримтаас үзэхэд зохигчдын хооронд 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр талууд 7 000 000 төгрөгийг, 2 сарын хугацаатай зээлдүүлэхээр, үүргийг зохих хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон байна.
Дээрх гэрээ нь хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281. 232 дугаар зүйлийн 232.3-т заасан шаардлагыг хангасан байх боловч зохигчдын тайлбар, хэргийн баримтаар талууд хууль бус үйлдлийг гүйцэтгүүлэхээр хэлцэл байгуулж, мөнгө хүлээлгэж өгсөн, авсан үйл баримт тогтоогдож байх тул шүүх уг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна”, 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэв.
Иймд нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус зээлийн гэрээний үүрэг, гэрээгээр тохиролцсон алдангийг хариуцагчаас шаардах эрхгүй байх бөгөөд харин хариуцагч нь 7 000 000 төгрөгийг хүлээн авсан талаар маргаагүй, тэрээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй”, 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж тус тус зааснаар хариуцагч Б.Д-гаас 7 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Ж-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 680 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 126 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 232 дугаар зүйлийн 232.3, 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсгийг тус тус баримтлан хариуцагч Б.Д-гаас 7 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Ж-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 680 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Д-гаас 126 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ