Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/922

 

 

 

 

 

 

 

 

 

    2023         06          29                                  2023/ШЦТ/922

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалмаа,

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч С.О , түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг, Г.Хандмаа,

шүүгдэгч Д.Э , түүний өмгөөлөгч Б.Чойжилсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.О , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Э  нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202 00000 0446 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч С.О ийг Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно” гэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх”, 37.1.3-т заасан “эх орон ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур эрх ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах”, 37.1.13-т заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэх заалт,

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийнхээ биелэлтийг хариуцна” гэх заалт,

Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.1-д заасан “хууль тогтоомж зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлэн ашигласан болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх”, 2.3.6-д заасан “албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, бусдын өмч хөрөнгийг хувийн болон албан ажилд ашиглахгүй байх”, 2.4.2-т заасан “албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэх заалт,

Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн “Хэрэг бүртгэгч”-ийн албан тушаалын тодорхойлолтын 3 дугаар зорилтын 3.5-д заасан “Авлига, хүнд суртлаас ангид байж, ... явцуу эрх ашиг сонирхлоос татгалзаж, цагдаагийн байгууллага, албаны нийтлэг эрх ашиг сонирхлыг эрхэмлэн ажиллах" гэх заалт зэргийг зөрчиж Д.Э ын 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гаргасан тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 7-30 хоног баривчлахаар заасан шийтгэлээс зайлсхийх ашиг сонирхлын үүднээс зөрчлийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, торгох шийтгэлтэй зөрчил болох Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан зөрчил үйлдсэн байдлаар материалжуулах хууль бус үйл ажиллагааг зохион байгуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байх болон гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн байранд 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Д.Э оос 125.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Д.Э ыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гаргасан тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 7-30 хоног баривчлахаар заасан шийтгэлээс зайлсхийх ашиг сонирхлын үүднээс зөрчлийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх зорилгоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж буй Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн ахмад С.О ийн албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн байранд 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 125.000 төгрөгийг бэлнээр хахуульд өгсөн гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн прокурорын газраас С.О , Д.Э  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн тэдэнд холбогдох эрүүгийн 2202 00000 0446 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад

Шүүгдэгч С.О  нь Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагчаар ажиллаж байхдаа 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн байранд хахууль авах гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Д.Э  нь 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн байранд хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

  

Гэрч Г.Б гийн мөрдөн байцаалтад өгсөн:

“...Тухайн үед дуудлагаар очиход Д.Э  уг автомашиныг барьсан байсан. Тухайн иргэнээс асуумж асуухад өглөө 08 цагт 3 лааз пиво уусан. 6 буудлаас цагаан даваа хүртэл машин барьсан гэх асуумжид хариулт өгсөн. Тухайн иргэний жолоодож байсан тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл түр саатуулах 4 дүгээр байр руу ачуулж, тухайн жолоочийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр материалжуулан зөрчил хариуцсан байцаагч руу шилжүүлсэн. Тээврийн хэрэгсэл жолоодож байсан иргэн 2.37 хувийн согтолттой байсан байна. Дуудлагын дагуу очиж тухайн иргэнийг Замын цагдаагийн хэлтсийн байранд авчраад драйгер багаж үлээлгэж согтолтын хувийг тогтоодог юм. Тухайн үедээ зам тээврийн осол нь иргэд хоорондоо зохицож шийдвэрлэсэн, осол гаргасан жолооч согтуу байсан учраас материалжуулсан. Энэ хүнд холбогдох материалыг Тээврийн цагдаагийн алба руу шилжүүлээд маргааш өглөө нь зөрчлийн байцаагч руу цохогддог... Бид зөвхөн материалжуулаад зөрчлийн байцаагч руу шилжүүлэх үүрэгтэй, цаашид шалгаж шийдвэрлэх үүрэг байдаггүй... Эрх хасагдсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад баригдвал баривчилгаанд явна...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 101-102/,

 

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 26ж/211 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн C-1210 дугаартай Зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн материалд авагдсан: Цагдаагийн дэслэгч Г.Б гийн үйлдсэн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл”-ийн

“...2021 оны 06 сарын 17 өдөр... улсын дугаар: ....  жолоочийн овог: Донров, нэр:Д.Э , регистрийн дугаар:.... ...2.Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон: /Драйгер .... маркийн ... серийн дугаартай хэмжилт, хяналтын төхөөрөмжийн заалт: 2.37% гэх тэмдэглэл /1 хх-ийн 11/,

 

Жолоодох эрхийн лавлагаа  “2021 оны 06 сарын 18 өдөр, Эцэг/эх/-ийн нэр: ...., Нэр: Д.Э , Жолооны үнэмлэхийн төлөв: Эрх хасагдсан, Бүртгэгдсэн мэдээлэл: ...Эрх хасах. Улаанбаатар, Хан-Уул, Зөрчлийн тухай хууль 14.7-3.1, 2019/05/20, 2020/05/20, 1 жил, а/д Б.Бөхбаяр” гэх хэсэг /1 хх-ийн 22/,

 

 Зөрчил хариуцсан байцаагч С.О ийн 2021 оны 06 дугаар сарын 22-нь өдрийн С-1210 дугаартай Шийтгэлийн хуудас (Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай)-ны Шийдвэрлэх нь: 1. .... овогт Д.Э ын гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2021 оны 06 сарын 22-ны өдрөөс 1 жилийн хугацаагаар хасаж, дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 /дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай... Шийдвэр гаргасан: Зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн ахмад С.О ” гэх шийтгэлийн хуудасны хуулбар /1 хх-ийн 17/,

 

 Гэрч С.О ийн мөрдөн байцаалтад өгсөн:

“...Тэр үед Д.Э  архи уучихсан машин барьж явж байгаад баригдсан. Тэгээд машинаа ачуулаад өөрөө эрүүлжүүлэхэд орсон гэсэн. Тэр өдрийнхөө маргааш нь эрүүлжүүлэхээс гараад намайг дуудсан. Над руу утсаар ярихдаа хоёр хүн батлан дааж авах ёстой гэнэ гэсэн. Тэгээд би очоод, Д.Э ын найз цуг ажилладаг Батдэлгэр бас ирсэн байсан. Би батлан даах гээд очиход Баянзүрх дүүргийн Замын цагдаа дээр байсан. Д.Э  гарч ирж надтай уулзахдаа эрхээ сэргээлгээд буцаагаад хасуулна 125,000 төгрөг хэрэгтэй гэсэн. Тэгээд би 125,000 төгрөгийг яг тэр Баянзүрх дүүргийн Хаан банкны АТМ-аас ....  гэсэн дугаартай данснаасаа авч өгсөн. Би мөнгийг Д.Э т өгөөд Д.Э  байцаагч эмэгтэй хүнд өгсөн. Мөнгө өгөх үед би байцаагчийнх нь өрөөнийх нь гадаа хараад зогсож байсан. Тэр үед ковид гээд өрөөн дотроо гялгар унжуулсан байсан ба Д.Э  тэр хэсэг рүү нь ороод өгсөн. Би коридороос хараад байж байсан, хаалга нь онгорхой байсан... Тэр байцаагч нь 125,000 төгрөгийг авахдаа жолооны эрхийг чинь сэргээгээд буцаагаад хасна л гэж хэлсэн. Д.Э ыг сургалтад суух талаар юм хэлээгүй. Д.Э  сургалтад суугаагүй. Тэгээд энэ асуудал яаж дууссан талаар мэдээгүй. Эрүүлжүүлэхээс гаргаж авснаас хойш 2-3 хоног байж байгаад намжсан учраас асууж лавлаагүй...

Д.Э той өглөө нь очоод уулзахад 7-14 хоног баривчилна гэж ярьсан. Би баривчлахгүй байж болохгүй юм уу, сайн асуугаач гэсэн. Тэгээд Д.Э  орж уулзаад анхны удаа, хэрэг хийж байгаагүй болохоор батлан даалтад өгье гэж байна. Тэгээд 125,000 төгрөг хэрэгтэй эрхийг нь сэргээгээд хасна гэж хэлсэн гэж хэлсэн. Тэгээд би мөнгийг нь өгсөн... Нэр нь надтай адилхан С.О  гэдэг хүн байсан” гэх хэсэг /1 хх-ийн 109-110/,

 

 Гэрч С.О ийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй ....  дугаартай данснаас 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 150,000 төгрөгийг бэлнээр зарлагадаж авсан талаарх дансны хуулга /1 хх-ийн 111/,

 

 Хаан банкны 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 29/3260 дугаартай “...С.О ийн ....  тоот дансны 06/18/2021    5720   6895804  150,000 төгрөгийн гүйлгээ хийсэн ATM байршил-БЗД-ийн 13 дугаар хороо дүүрэг гадна талд” гэх албан бичиг /1 хх-ийн 113/,

 

 Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс ирүүлсэн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2/1049 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн батламж /1 хх-ийн 47-52/,

 

 Гэрч Р.О  ын мөрдөн байцаалтад өгсөн:

“...Би энэ байгууллагад 2021 оны 3 дугаар сараас хууль эрх зүйн багшаар ажилд орсон. Удирдлагын жолоо ТББ нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, зөрчлийн оноогоо хасуулсан иргэдэд хууль эрх зүйн сургалт ордог. 6 цагийн сургалтын төлбөр 30,000 төгрөг байдаг. Сургалтын төлбөрийг Цагдаагийн байгууллагын дотоод сургалтын жишиг үнээс хэтрэхгүй байхаар тогтоосон байдаг ба 30,000 төгрөгөөр тогтоосон байдаг... С.О  ахмадыг танина. Би өөрөө 1997-2019 он хүртэл Хан-Уул дүүрэг, Баянзүрх, Баянгол дүүргийн замын цагдаад ажилладаг байсан” гэх мэдүүлэг /1 хх-ийн 124-125/,

 

 Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 21/2077 дугаартай албан бичгийн “...Овог: Д, Нэр: Д.Э , Урьд эрх хасагдсан огноо: 2019.05.20, Эрх хасагдахаас өмнө эрх сэргээсэн: 2021.06.22, Эрх хасагдсан огноо: 2021.06.22, Шивэлт хийсэн огноо: 2021.06.23” гэх лавлагаа /1 хх-ийн 25-26/,

 

 Гэрч В.Б ын мөрдөн байцаалтад өгсөн:

“...Донровын Д.Э ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх материалыг Улаанбаатар хот дахь “Удирдлагын жолоо” ТББ-аас ирүүлснийг 2021 оны 06 сарын 22-ны өдөр шивэлт хийж бүртгэсэн байна. Мөн дүүргийн хэрэг бүртгэгч ахмад С.О  2021 оны 06 сарын 23-ны өдөр шивэхдээ 06 сарын 22-ны өдрөөр сонгож эрх хасах шивэлтийг хийсэн байна. Цахим сангийн хувьд эрх хасах шийдвэрийг шивэхэд огноог нь тухайн алба хаагч өөрөө сонгох боломжтой ба эрх сэргээхээс өмнөх огноогоор сонгоход алдаа заахгүй, сонгогдох боломжтой. Манай байгууллагаас ирүүлсэн баримтын хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан жолооч нарын мэдээллийг дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсээс cap бүрийн 25-ны өдөр нэгдсэн жагсаалтаар авдаг ба жагсаалтыг бүртгэж оруулахдаа хасагдсан эсэхийг нь хараад явдаг ба огноог нь эрх сэргээхээс өмнө байна уу, хойно байна уу гэдгийг нь хугацаагаар нь хянаад байх боломж тэр бүр байдаггүй, эрх хасах шийтгэл нь шивэгдэж үү гэдгийг л тулгаад явдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 119-121/,

 

Шүүгдэгч Д.Э ын мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн:

2021 оны 06 сарын 17-ны өдөр монелийн цагаан давааны автобусны эцсийн буудал дээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад саатуулагдсан. согтолтын зэрэг 1.75 хувь гарсан. Саатуулагдаад эрүүлжүүлэхэд хоносон. Маргааш нь байцаагч С.О  рүү хуваарилагдаж уулзсан. С.О  байцаагчид эрх нь хасагдаад хасагдсан хугацаа нь дууссан гэж хэлсэн. С.О  байцаагч намайг 125.000 төгрөг байна уу гэсэн. Тэгэхээр нь би Баянзүрх дүүргийн замын цагдаагийн байрны эсрэг талд нь байсан АТМ-с найз охин С.О  Хаан банкны данснаасаа авч өгсөн. Түүний асуусан 125.000 төгрөгийг өгөхөд эрхийг чинь сэргээгээд буцаагаад хасна гэсэн. Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийн лавлагаагаа авч өг гэсэн. Би Тэнгэр плазагаас очиж авсан. Энэ лавлагаа, мөнгийг 18-ны өдөр өөрт нь өгсөн. С.О  байцаагчийн өрөө нэг давхарт хаалгаар ороод зүүн эргээд 2 дахь хаалга байсан шиг санаж байна.

125.000 төгрөгийг юунд зарцуулах талаар хэлээгүй. Уг нь ингэж болдоггүй юм даа л гэж байсан. Надаас эрх сэргээх сургалт явуулдаг таньдаг, мэддэг хүн байна уу гэж асуугаад байсан. Би найз нөхдөөсөө асуугаад байхгүй гэхэд за за би аргалъя гэсэн. Би эрх сэргээх сургалтад суугаагүй. С.О  байцаагч 125.000 төгрөг өгчих гэсэн. Яаж эрх сэргээх талаар хэлээгүй. Би яаж сэргээдэг талаар мэдэхгүй, өөрсдөө мэдэж байгаа байх. Би эмнэлэгт үзүүлж эрүүл мэндийн хуудас бөглүүлээгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 105-16/,

Түүний мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн:

“...Прокурорын тогтоолыг зөвшөөрч байна. Угаасаа тэгсэн. Хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлье...” гэх мэдүүлэг/1 хх-ийн 217/,

 

Шүүгдэгч С.О ийн мөрдөн байцаалтад өгсөн:

Би тэр хүний эрхийг сэлгээлгээгүй, жолооны курсыг мэдэхгүй, намайг тэр хүний үгээр буруутан гэж яллагдагчаар татаж тогтоол гаргасан байна. ...энэ хүний эрх сэргэсэн байхаар нь эрхийг хасаад шийдвэрлэсэн. Эрх нь яаж сэргэснийг бол мэдэхгүй” гэх мэдүүлэг /1 хх-ийн 233/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч С.О ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 131/, төрийн албан хаагчийн анкет /1хх-ийн138-147/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 237/,

шүүгдэгч Д.Э ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 185/, 13хх-ийн 56/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 236/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

 Шүүх дээрх баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой бөгөөд бүхий л талаас нь үнэлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулав.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.О  нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно” гэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх”, 37.1.3-т заасан “эх орон ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур эрх ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах”, 37.1.13-т заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” гэх заалт,

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийнхээ биелэлтийг хариуцна” гэх заалт,

Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.1-д заасан “хууль тогтоомж зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлэн ашигласан болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх”, 2.3.6-д заасан “албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх, албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан аливаа этгээдэд давуу байдал бий болгох, үгсэн тохирох, амлалт өгөх, шан харамж авах, үйлчилгээ, зээл авах, ийнхүү авахаар шахаж шаардах, ятгах, бусдад зуучлах, хуульд харш болзол тавих, бусдын өмч хөрөнгийг хувийн болон албан ажилд ашиглахгүй байх”, 2.4.2-т заасан “албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэх заалт,

Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн “Хэрэг бүртгэгч”-ийн албан тушаалын тодорхойлолтын 3 дугаар зорилтын 3.5-д заасан “Авлига, хүнд суртлаас ангид байж, ... явцуу эрх ашиг сонирхлоос татгалзаж, цагдаагийн байгууллага, албаны нийтлэг эрх ашиг сонирхлыг эрхэмлэн ажиллах" гэх заалт зэргийг зөрчиж Д.Э ын 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гаргасан тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 7-30 хоног баривчлахаар заасан шийтгэлээс зайлсхийх ашиг сонирхлын үүднээс зөрчлийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, торгох шийтгэлтэй зөрчил болох Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан зөрчил үйлдсэн байдлаар материалжуулах хууль бус үйл ажиллагааг зохион байгуулж, албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байх болон гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн байранд 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Д.Э оос 125.000 төгрөгийн хахууль авсан,

шүүгдэгч Д.Э  нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдөр гаргасан тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 7-30 хоног баривчлахаар заасан шийтгэлээс зайлсхийх ашиг сонирхлын үүднээс зөрчлийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх зорилгоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж буй Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагийн ахмад С.О ийн албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн байранд 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 125.000 төгрөгийг бэлнээр хахуульд өгсөн үйл баримт тогтоогдлоо.

 

2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн хорин хоёр дугаар бүлэгт заасан /22.4-4, 22.5-1/ гэмт хэргүүдэд албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрх, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ авсан байх, харин нөгөө талд өөртөө давуу байдал олж авах, авахын тулд эд зүйл өгсөн, үйлчилгээ үзүүлсэн байх нь гэмт хэрэгт хамаарахыг зохицуулжээ.

 

Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж,  

Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгснөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдана.

 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ““нийтийн албан тушаалтан" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг”, 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна”, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан”, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Төрийн тусгай албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журам болон хууль дээдлэх үндсэн зарчмыг сахиулахтай холбогдсон төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх дараахь албан тушаал хамаарна”, 13.1.4-т “зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээний байгууллагын удирдлага” гэж хуульчилсан тул цагдаагийн албан хаагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан буюу тухайн гэмт хэргийн субьект болно.

Шүүгдэгч С.О  нь “...тусгай албаны ....гүйцэтгэх албан тушаалтан...” гэсэн үйлчлэлд хамаарч байх тул түүнийг нийтийн албан тушаалтан гэж үзнэ.

 

Хахууль өгөх гэмт хэргийн хувьд давуу, ашигтай байдлыг илэрхийлсэн нийтлэг субьект байх бөгөөд тусгай шаардлагыг хангасан байхыг шаарддаггүй.

 

Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Э  нь 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцоод уг зөрчлийн улмаас саатуулагдажээ.

 

Хууль Зүй Дотоод Хэргийн Сайдын 2018 оны 07 дугаар сарын 16-ний өдрийн А/142 дугаар тушаалаар баталсан “тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг сэргээх журам” мөрдөгдөж байна.

Уг журмын 3.1.1-д “согтууруулах ундаа ... хэрэглэсэн зөрчлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан бол Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, хөдөлгөөний сахилга, соёл, архи, согтууруулах ундаа,...ний хор хөнөөлийг  сурталчлах, урьдчилан сэргийлэх, 4 цагийн, гэмт хэрэг, архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх 2 цагийн нийт 6 цагийн сургалтад хамрагдсан”, 3.2-д “...тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх сургалтад хамрагдах хүсэлт гаргасан хүн дараах баримт бичгийг бүрдүүлнэ. 1.Эрүүл мэндийн үзлэгийн хуудас, 2. жолоочийн үнэмлэхийн төлбөр тушаасан баримт, 3. Жолоочийн лавлагаа”, мөн журмын 4.1-д “...эрх сэргээх сургалтыг төрийн бус байгууллага болон цагдаагийн байгууллагаас зохион байгуулж болно”, мөн журмын 4.5-д “...сургалт зохион байгуулсан байгууллага нь сургалтын хөтөлбөр цаг хангасан иргэдийн мэдээллийг баталгаажуулан энэ журмын 3.2 буюу / эрүүл мэндийн үзлэгийн хуудас, жолоочийн үнэмлэхний төлбөр тушаасан баримт, жолоочийн лавлагаа/ заасан баримт бичгийн бүрдлийн хамт материалыг Цагдаагийн байгууллагын бүртгэл хяналт хариуцсан нэгжид ирүүлнэ”, мөн журмын 4.6-д “..Цагдаагийн байгууллагын бүртгэл хяналт хариуцсан нэгж нь ...материалыг хүлээн авч ажлын 3 хоногт багтаан жолоочийн бүртгэл мэдээллийн цахим санд бүртгэж баталгаажуулна”  гэж заажээ.

 

Шүүгдэгч Д.Э  хасуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ сэргээлгэх ажиллагааг өөрөө хариуцаж гүйцэтгэх ёстой бөгөөд өөрийн хүсэлтээр тодорхой холбогдох сургалтанд сууж, шаардлагыг хангасны үндсэн дээр Замын цагдаагийн газрын холбогдох албан тушаалтнууд эрхийг сэргээхээр журамлагдсан байна.

 

2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр эрх бүхий албан тушаалтан зөрчлийг шийдвэрлэх ажиллагааг хийж эхэлсэн байна. Ингэхдээ зөрчилд холбогдогчийн баривчлагдахаас өөр байдлаар шийдвэрлүүлэх хүсэл зоригоо илэрхийлсний дагуу  түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх, ийнхүү сэргээсний дараагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, торгууль оногдуулж шийдвэрлэхээр 125.000 төгрөгийг авсан болох нь шүүгдэгч Д.Э , гэрч С.О  нарын мэдүүлгээр тогтоогдох ба гэрч С.О ийн дансны хуулга, тухайн 125.000 төгрөгийг данснаасаа авсан гэх АТМ-н байршилын талаарх мэдээлэл нь тэдний мэдүүлгийг давхар нотолжээ.

 

2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Д.Э ын жолоодох эрх сэргэсэн гэдэг мэдээллийг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр холбогдох санд эрх бүхий албан тушаалтнаас оруулсан. Ингэхдээ холбогдох “Удирдлагын жолоо” гэх газраас сургалтад сууж, журамд заасан шаардлагыг хангасан гэдэг албан бичигийн дагуу эрхийг сэргээж, улмаар шүүгдэгч С.О  нь шүүгдэгч Д.Э ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ”, 2.4 дүгээр зүйлд “зөрчлийн үр дагавар хэзээ илэрснээс үл хамааран тухайн зөрчил үйлдэгдсэн үеийг зөрчил үйлдсэн хугацаанд тооцно” гэж заасныг шууд зөрчсөн үйлдэл болсон байна.

 

Тухайн зөрчлийн хэргийн тохиолдолыг эрх бүхий албан тушаалтан шийдвэрлэхдээ Зөрчлийн тухай хуулийн дээрх зохицуулалтыг баримтлан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлэх нь хуулийн дагуу хийгдэх зүйтэй үйлдэл байжээ.

 

Шүүгдэгч Д.Э  нь “жолоодох эрх хасагдсанаас хойш эрх сэргээх ямар нэгэн сургалтад сууж байгаагүй, боломж гардаггүй байсан” гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд тайлбарласан болно.

 

Прокурорын 2022 оны 12 сарын 26-ны өдрийн 04 дугаартай яллах дүгнэлтэд шүүгдэгч С.О ийн шүүгдэгч Д.Э ын дуусгавар болсон жолоодох эрхийг сэргээлгэх зорилгоор Удирдлагын жолоо НҮТББ-н багш Р.О  тай бүлэглэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх сургалтад суугаагүй зөрчлийн холбогдогч Д.Э ын мэдээллийг агуулсан 2021 оны 06 сарын 21-ний өдрийн 35 дугаартай албан бичиг, түүний хавсралт “жолоочийн эрх сэргээх сургалтад хамрагдсан жолоочийн жагсаалт”-н 21 дэх хэсэгт бичигдсэн мэдээлэл батламжийг хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэргийн хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Ийнхүү эрх бүхий албан тушаалтан С.О  нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж шийдвэр гаргахдаа зөрчилд холбогдогч Д.Э ын ашиг сонирхолд нийцүүлэн түүнд холбогдох зөрчлийн хэргийг хуульд зааснаас хөнгөрүүлэн өөр байдлаар шийдвэрлэж, давуу байдал олгож 125.000 төгрөгийг авсан нь, шүүгдэгч Д.Э  уг мөнгийг өгсөн нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт хамаарах нийгэмд аюултай үйлдэл болно.

 

Дээрхээс дүгнэхэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан этгээдэд сургалтыг зохион байгуулж батламж олгодог төрийн бус байгууллага, тээврийн хэрэгсэл жолоодох эрх олгох сургалт явуулдаг төрийн бус байгууллага, Замын цагдаагийн хэлтэс зэрэг нь хоорондоо харилцан хамааралтайгаар үйл ажиллагаа нь явагддаг, энэ байдлыг далимдуулж холбогдох эрхий бүхий албан тушаалтнууд хууль бус үйлдэл хийдэг, хийж болох нь тухайн хэргийн үйл баримтаар тодорхойлогдож байна.

 

Шүүгдэгч С.О  нь Хууль Зүй Дотоод Хэргийн Сайдын 2018 оны 07 дугаар сарын 16-ний өдрийн А/142 дугаар тушаалаар батлагдсан “тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг сэргээх журам”-ыг зөрчиж 125.000 төгрөгийг хахуульд авч шүүгдэгч Д.Э ыг сургалтад сууж, холбогдох шалгуурыг хангасан мэтээр материалыг бүрдүүлж холбогдох системд бүртгэн, улмаар гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Д.Э  нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагч, цагдаагчийн ахмад С.О д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 125.000 төгрөг өгсөн нь мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд тэрээр өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна.

 

Шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хувьд бүрдэл хангагдсан, хахууль авах болон хахууль өгөх гэмт хэргийн нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзсэн.

 

Шүүгдэгч Д.Э  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээх сургалтад сууж байгаагүй болон эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй талаараа шүүх хуралдаанд мэдүүлсэн.

 

Шүүгдэгч С.О ийн албаны чиг үүргээ гүйцэтгэхдээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй зөрчилд холбогдогчийн уг эрхийг нь сэргээх үйл ажиллагаа явагдасны дараагаар Зөрчлийн тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрчлийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Д.Э , С.О , В.Б  нарын мэдүүлэг, шүүгдэгч С.О ийн өөрийнх нь яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдсон.

 

Тээврийн хэрэгсэл жолоодох эрх сэргээхтэй холбоотой ажиллагааг шүүгдэгч Д.Э  өөрөө хүсэлт гаргаж явуулаагүй, өөрийнх нь жолоодох эрх хэрхэн сэргэж байгаа талаар мэдээгүй байжээ. Тухайн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээхтэй холбоотой үйлдэлийг зөвхөн хүний оролцоотойгоор гүйцэтгэдэг байх ба энэ эрхийг хасагдсан байгааг мэдэх хүн л холбогдох баримтын бүрдүүлэлтийг хийж үйлдэл гүйцэтгэнэ.

Шүүгдэгч Д.Э  нь өөрийнхөө тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг сэргээх талаарх үйлдэл хийгээгүй байх бөгөөд энэ үйлдэлийг шүүгдэгч С.О  хийх болсон талаар мэдүүлэг тайлбар гаргасан нь хэрэгт авагджээ. Удирдлагын жолоо НҮТББ нь ч шүүгдэгч Д.Э ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасагдсан байгаа учир сэргээнэ гэж бие даан шийдвэр гаргаж үйлдэл хийдэггүй талаар гэрч Д.Одбаяр мэдүүлсэн.

Өөрөөр тайлбарлавал хасагдсан эрх өөрөө сэргэхгүй, хэн нэгэн хүн холбогдох ажиллагааг хийснээр сэргэнэ. Уг эрх сэргээхтэй холбоотой ажиллагааг шүүгдэгч Д.Э  хийгээгүй, шүүгдэгч С.О  хариуцаж хийсэн болох тогтоогдсон байна.

 

Дээрх байдал нь шүүгдэгч С.О ийн албаны чиг үүргээ хуульд зааснаар гүйцэтгээгүйгээр шүүгдэгч Д.Э т давуу байдал олгосон үйлдэл болно.

Уг үйлдлийн хариуд 125.000 төгрөгийг хахуульд авсан болох нь шүүгдэгч Д.Э , гэрч С.О  нарын мэдүүлэг, гэрч С.О ийн дансны хуулга дахь 150.000 төгрөгийг 2021 оны 06 сарын 18-ны өдрийн 11:11 цагт зарлага үйлдэж АТМ-с авсан гэх мэдээлэл, тухайн АТМ-н байршил нь Баянзүрх дүүргийн 13-р хороо, дүүрэг гадна талд гэсэн баримт зэрэгээр нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс гаргасан уг гэмт хэргүүд нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоогүй, шүүгдэгч нар гэм буруугүй учир хэргийг хэрэгсэхгүй болгох тухай дүгнэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэл боллоо.

 

Иймд шүүгдэгч С.О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний тулд хахууль авах” гэмт хэрэг,

Шүүгдэгч Д.Э ыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлсон.

 Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон “Хахууль авах”, “Хахууль өгөх” гэмт хэргүүд нь бодит хохирол учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд хавтаст хэрэгт дээрх гэмт хэргүүдтэй холбоотой мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх болон мөнгөн дүнгээр орлуулах хохирол учраагүй байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь мөнгөн дүн бага хэмжээтэй боловч энэ үйлдэл нь нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг хөсөрдүүлсэн, цаашид хуулийн байгууллагад итгэх олон нийтийн итгэл, үнэлэмжийг бууруулсан үйл ажиллагаа юм.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,

Мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

 

Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Хорин хоёр дугаар бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдал шүүгдэгч С.О , Д.Э  нарын хувьд тус тус тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тусгайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр тогтоогдсон нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргүүдийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, арга хэрэгсэл, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч С.О д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан торгох болон нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг тус тус хамгийн бага хэмжээгээр, шүүгдэгч Д.Э т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох болон нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг хамгийн бага хэмжээгээр тус тус оногдуулж, тодорхой хугацаа тогтоож төлүүлэх зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэсэн болно.

 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлоно...” гэж хуульчилжээ.

 

Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчим байдаг.

 

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан.

 

Монгол Улсын Их хурал 2022 оны 12 сарын 16-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталжээ. Тус хуульд зааснаар Эрүүгийн хуулийн 22.4, 22.5 дугаар зүйлүүдэд нэмэлт өөрчлөлт орж тухайн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл хүндэрсэн байна.

Шүүгдэгч нарын дээрхи гэмт үйлдэл нь 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр болсон байх бөгөөд тэдэнд прокуророос 2022 оны 12 сарын 26-ны өдөр ял сонсгож шүүхэд ирүүлсэн байх тул гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч С.О  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийг үйлдэж бусдаас авсан мөнгө нь дээрх гэмт хэргийн улмаас олсон орлогод хамаарна. Тиймээс шүүгдэгч С.О ээс 125.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод шилжүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт  оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах нэмэгдэл ялыг торгох үндсэн ял оногдуулсан үеэс буюу шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.О , Д.Э  нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.О ийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн тулд шууд хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Д.Э ыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О ийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О д оногдуулсан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг 18 сарын хугацаанд, шүүгдэгч Д.Э т оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял, шүүгдэгч Д.Э т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тус тус тоолсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О ээс шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 125.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод шилжүүлсүгэй.

 

7. Шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О , Д.Э  нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Н.БААСАНБАТ