| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2019/03341/И |
| Дугаар | 181/ШШ2020/00129 |
| Огноо | 2020-01-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 181/ШШ2020/00129
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.Т-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: С.М-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Насанжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Ц.Т нь С.М тай 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг сарын 25 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатайгаар зээлдүүлж зээлийн гэрээг бичгээр байгуулсан. Уг мөнгийг Ц.Т нь өгөхдөө өөрийн найз Э.Энхбаярын Хаан банкны 5033424028 тоот дансаар хийж, С.М гийн Хаан банкны 5114167749 тоот дансруу гүйлгээний утга дээр нь Туулбаатараас зээл гэж шилжүүлсэн.
Гэтэл гэрээний хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр дууссан боловч зээлдэгч С.М нь зээлийн төлбөрөө төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй өнөөдрийг хүрч байна.
Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Зээлдэгч нь зээл болон хүүг гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги төлнө” гэж заасны дагуу зээлдэгч С.М нь 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл нийт 65 хоногоор хугацаагаа хэтрүүлсэн тул алданги төлөх үүрэгтэй.
Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацаагаа зөрчсөний улмаас өнөөдрийг хүртэл үндсэн зээл болон хүү 12,500,000 төгрөгийг төлөөгүй тул гүйцэтгэх ёстой үүрэг болох 10,000,000 төгрөгөөс Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож хоногийн 50,000 төгрөг буюу 65 хоногийн төлбөр болох нийт 3,250,000 төгрөгийг төлөх үүрэг С.М д үүссэн.
Нэхэмжлэгчийн зүгээр зээлийн хүү 25 хувь байсныг 10 хувь болгон бууруулж байна.
Иймд зээлдэгч С.М гаас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 1,000,000 төгрөг, алданги 3,250,000 төгрөг, нийт 14,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа: “С.М миний бие нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Баасанжав овогтой Зоригтбаатар гэдэг хүнтэй уулзаж ОБЕГ-ын эмэгтэй дүрэмт хувцас 185 ширхэг хийж хүлээлгэн өгөх гэрээ хийсэн болно. Тус хувцасыг шууд худалдан авалтаар буюу өөрсдийн хөрөнгөөр хийх байсан тул Туулбаатараас 10,000,000 төгрөгийг ангийн залуу болох Энхбаяраар дамжуулж зээлсэн. ОБЕГ-аас шалгагч нар ирж бүх хийсэн хувцасыг маань хүлээн авлаа, одоо машин явууллаа, мөнгөө одоо хийлээ гэж өдөр хоног авсаар байгаад 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээлгэж өгө байсан ч өдийг хүртэл аваагүй болно. Шалтгаан нь надтай гэрээ хийсэн Б.Зоригтбаатар нь өөрөө хүнд залилуулсан, ОБЕГ-ын даргын гарын үсгийг дуурайлган зурсан залилангийн хохирогч болсон байсан Зоригтбаатарын залилуулсан нь Жаргалсайхан овогтой Жаргалмаа гэгч хүүхэн надад хохирлыг чинь би барагдуулна гэж хүлээлгэж байгаа учраас би Туулбаатарт одоогоор зээлсэн мөнгөө төлөөгүй байгаа юм. Хэрвээ би Туулбаатар зөвшөөрвөл график гаргаж сард чадахараа хохирлыг нь барагдуулна. Гэхдээ алданги төлж чадахгүй яагаад гэвэл би өөрөө зохицуулсан хүн.
Мөн энэ хэргээр би Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл өгсөн шалгуулж байгаа. Хэрвээ Зоригтбаатар миний хохирлыг бүрэн барагдуулбал Туулбаатараас зээлсэн төгрөгөө нэг дор өгөх болно” гэжээ.
Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Т нь хариуцагч С.М д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад зээлийн гэрээний хүүг 1,500,000 төгрөгөөр багасгасан болохыг дурьдах нь зүйтэй.
Хариуцагч С.М нь Ц.Таас авсан 10,000,000 төгрөгийг Зоригтбаатар гэж хүнд залилуулсан тул алданги төлөх боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Талуудын хооронд 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр “Зээлийн гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу 10,000,000 /арван сая/ төгрөгийг 25 хувийн хүүтэйгээр нэг сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулахаар тохиролцсон байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа байгуулсан ба нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагч С.М гаас шаардах эрхтэй.
Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа “...Туулбаатараас 10,000,000 төгрөгийг ангийн залуу болох Энхбаяраар дамжуулж зээлсэн., ...алданги төлж чадахгүй” гэх тайлбараас үзэхэд үндсэн төлбөр 10,000,000 төгрөгт маргаагүй, харин алданги төлөхгүй гэж маргасан.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.”, талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-д “...Зээлийн хүү нь нэг сард 25 хувь буюу 2,500,000 төгрөг байна.” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч зээлийн хүүг 10 хувь буюу 1,000,000 төгрөг болгож багасгасан тул хариуцагч С.М гаас зээлийн хүүнд 1,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлин 232.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.”, талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2-д “Зээлдэгч нь зээл болон хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданаги төлнө” гэж заасан ба 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл нийт 65 хоногоор тооцоход 3,250,000 төгрөгийг хариуцагч С.Мөнтуяагаас шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч С.М гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,250,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Тт олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч С.М гаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,250,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Тт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246,300 улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.М гаас 229,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Тт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР