Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/941

 

 

 

 

 

 

 

   2023        07         03                                   2023/ШЦТ/941

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч Я.Болортуяа,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

шүүгдэгч Т.М , түүний өмгөөлөгч Г.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн Ж танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.М-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 02729 2222 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.М ийг 2023 оны 05 дугаар сарын 08-ны оройн 20 цагийн орчим ....  тоот гэртээ байхдаа Б.Н аас “маусны утсыг таслаад өгөөч, гацаад ажиллахгүй байна” гэсний дагуу ногоо арилгаж байсан хутгаар утсыг таслах үедээ хүчтэй дарсны улмаас хохирогч Б.Н ын зүүн гуяыг хутгаар хатгаж, зүүн гуяны гүний хураагуур судасны зүсэгдэлт хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2306 02729 2222 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад:

шүүгдэгч Т.М  нь 2023 оны 05 дугаар сарын 08-ны оройн 20 цагийн орчим ....  тоот гэртээ байхдаа Б.Н ын эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,

БЗДЦГ ЦХ-3, Шуурхай удирдлагын тасаг, Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн:

“Хэрэг учрал болсон гэх газар нь .....  тоот хаяг байх ба уг хаяг ертөнцийн зүгээр урагш харсан бор өнгийн төмөр гүйдэг хаалгатай модон хаалгатай байсныг шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд уг хашаан дотор баруун хойд буланд цагаан өнгийн Монгол гэр байсныг гэр зургаар бэхжүүлэв. Үзлэгийг хэрэг болсон гэх гэрт орж хийхэд гэрийн эд зүйлс эмх цэгцтэй гэрийн баруун урд байрлах угаалгын машины харалдаа цагаан өнгийн даавуу, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, түүний хажууд хар өнгийн бариултай үзүүр хэсэг нт цагаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ажлын хэсэг нь 12 см, өргөн нь 12 см нийт 24 см хутга байна. Баруун хойд талд шаргал өнгийн авдарны харалдаа шалан дээр улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байна..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-10/,

 

Хохирогч Б.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр найз М , К , С  бид нар Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбуланд орой 20 цагийн орчим компьютер тоглох гээд сууж байсан чинь уг компьютерын маус нь ажиллахгүй байхаар нь М ийг дуудан “энэ маусны утсыг тасдаад өгөөч, гацаад ажиллахгүй байна” гэхэд “за” гээд над руу ирээд маусны утсыг барьж байсан хутгаараа утсыг нь тасалж өгөх үед М  хутгыг хүчтэй доош даран миний зүүн гуя хэсэгт хатгаж гэмтээсэн. Би маусны утсыг хоёр гараараа хөлний гуя орчимд барьж байх үед М  хутгаар утсыг нь тасдах гээд доош дарах үед тэр хүчиндээ миний гуянд хатгачихсан. Тэгээд би “өө чи гуя хутгалчихлаа ш дээ” гээд миний гуянаас цус гараад орон дээр сууж байсан К  ирээд миний цусыг тогтоох гээд даавуугаар дарсан чинь цус нь тогтохгүй их гараад байхаар нь түргэн тусламж дуудсан.. М  намайг санамсаргүй маусны утсыг тасалж өгөх гэж байгаад гэмтээсэн. Бид хоёр маргалдаж муудалцсан зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

 

Батлан хамгаалахын эмгэг судлал, шүүх эмнэлгийн шинжээч Д.Баасансүрэнгийн 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 013 дугаар:

“Б.Н ын биед зүүн гуяны гүний хураагуур судасны зүсэгдэлт бүхий хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир, ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 24-25/,

 

Гэрч Б.С гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би хэрэг болдог өдрийн урьд орой 2023 оны 05 дугаар сарын 07-ны орой ажлаа тараад найз М ийнд очиход К , Н  нар байсан. Тэгээд бид хэд ойр зуурын юм ярьж хоноод маргааш өдрийн 15 цагийн орчим бид 4 нэг шил 0.5 литрийн “хараа” архи хувааж уусан. М , Н , К  бид дөрөв хоол хийж идэх гээд М  ногоо арилгаж байсан. Би гурил зуурах гээд сав угааж байсан. Н  компьютер үзээд сууж байсан. К  орон дээр хэвтэж байсан. Тэгээд Н  нь М ийг “хутгаа аваад ирээч, энэ маусны утсыг тасдах гэсэн юм” гэхэд нь М  босоод очиж байх шиг харагдсан. Би тухайн үед анзаараагүй буруу харсан байх үед Н  нь “ёооё хөл рүү хутгалчихлаа” гэхэд би юм бодоогүй байж байтал “нилээн хатгасан байна, цус аймаар гараад байна ш дээ” гэхээр нь би очсон. К  шархыг нь гараараа дараад тогтохгүй их гараад байхаар түргэн тусламж дуудсан. Бид хэд хоорондоо маргалдсан зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 29/,

 

Гэрч А.К ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр М ийн гэрт С , Н , М  бид 4 байж байтал орой 20 цагийн орчим хоол хийж идэх гээд би тухайн үед орон дээр гар утсаа оролдоод хэвтэж байсан. Н  компьютер оролдоод сууж байсан, С , М  хоёр хоол хийх гэж байсан. Тэгээд Н  нь цус гарчихлаа гэхэд нь би босоод хартал Н ын гуянаас цус гарч байхаар нь би очоод шархыг нь дараад алчуураар боогоод цус нь тогтохгүй байхаар нь түргэн тусламж дуудсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 31/,

 

Хохирогч Б.Н ын гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 35-39/,

Т.М ийн хаан банкны 5920156977 тоот дансны хуулга /хх-ийн 40-42/,

 

Шүүгдэгч Т.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр манай гэрт Н  К , С  бид 4 хамт байж байгаад өдөр нэг шил 0.5 граммын хараа архи хувааж уугаад ус авч хувцасаа угаагаад, хөзөр тоглоод байж байгаад орой 20 цагийн орчим хоол хийж идэх гээд С  гурил зуурах гээд би ногоо арилгаж байсан. Н  компьютер оролдоод сууж байсан. К  орон дээр гар утсаа оролдоод хэвтэж байсан. Тэгээд Н  нь “компьютерийн маус нь хөндийрөөд болохгүй байна чи энэ утсыг тасдаад өгөөч” гэхэд нь би ногоо арилгаж байсан хутгаа барьж очоод Н  нь маусны утсыг хоёр талаас татаад би хутгаараа утсыг тасдах гээд нэг дарсан чинь ир муутай дийлэхгүй байхаар нь жаахан хүчтэй дарахад тэр хүчиндээ Н ын зүүн хөлийн гуяны дотор талд хальт хүргээд авах шиг болсон. Тэгсэн чинь гуянаас нь цус гараад байхаар нь хартал гуяыг нь хутгаараа хатгачихсан байсан. Тэгээд Н  “чи хатгачихлаа шүү дээ” гээд К  босож ирээд даавуугаар шархыг нь дарахад тогтохгүй байхаар нь түргэн тусламж дуудсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 52/,

 

Хохирогч Б.Н ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Б.Н  миний бие найз болох Т.М ээс эмчилгээний зардалд 4.500.000 төгрөг авсан. М  миний биед санамсаргүй байдлаар хохирол учруулсан тул гомдол, санал байхгүй. Бид хоёр муудаагүй учраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 53/,

 

Шүүгдэгч Т.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Т.М  би өөрийн найз Н ын хөлийг нь болгоомжгүйгээр гэмтээснээ хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний нөхөн төлбөр өгч уучлалт гуйж эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-ийн 54/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Т.М ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 18/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 19/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 20/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 21/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 22/, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 330 дугаар “хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол, санал /хх-ийн 58-60/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Гэм буруугийн талаар:

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Т.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй болжээ.

           

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно.” гэж хуульчилжээ.

 

            Шүүгдэгч Т.М  нь тухайн цаг хугацаанд хохирогч Б.Н ын барьж байсан маусны утсыг хутгаар таслахдаа биед нь гэмтэл учруулах боломжтойг мэдэж байсан ч өөрийн үйлдэлдээ хайхрамжгүй хандаж түүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг урьдчилан тооцоолоогүйгээр маусны утсыг таслах үйлдэл хийжээ.

 

Шүүгдэгч Т.М  нь хүний эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хүнд хохирол болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар сайн дураараа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулснаар Т.М т холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлжээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

            Иймд шүүгдэгч Т.М ийн хохирогч Б.Н ын бие махбодод зүүн гуяны гүний хураагуур судасны зүсэгдэлт бүхий хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хүнд зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

 

Хохирогч Б.Н  нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар 409.750 төгрөг нэхэмжилсэн бөгөөд хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “хохиролд 4.500.000 төгрөг авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдал шүүгдэгч Т.М ийн хувьд тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тусгайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Т.М ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.М  нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүлж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.М ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М ийг 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М т оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ