Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/943 

 

 

 

 

 

 

 

    2023       07         03                                   2023/ШЦТ/943                                 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, 

улсын яллагч А.Ариунаа,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалмаа,

хохирогч Х.М ,

шүүгдэгч Ч.Ч  нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Ч ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2303 00274 0247 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Ч ыг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 16 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Очирваань” эмнэлгийн зүүн талд “LEXUS RX-330” маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.М ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

                                                                                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Ч ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2303 00274 0247 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад

 

Шүүгдэгч Ч.Ч  нь 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 16 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Очирваань” эмнэлгийн зүүн талд “LEXUS RX-330” маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо явган зорчигч Х.М ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,

ТЦА, ТЦА, Мөрдөн шалгах газар, ТЦА, МШГ, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 4/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн:

“Осол хэрэг болсон гэх газар нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Доржийн гудамж “Очирваань” эмнэлгийн зүүн замд явган зорчигч тээврийн хэрэгсэлд мөргүүлэх хэлбэрээр үйлдэгдсэн ба уг зам нь асфальтан хучилттай, шулуун тэгш, хуурай суурингийн доторх үзэгдэх орчих чөлөөтэй тогтуун цаг агаартай, эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээ явган хүний замгүй, хашлагатай, хайсгүй зам байв. Хэргийн газарт үзлэгийн багийг очиход ертөнцийн зүгээр урдаас хойд чиглэлд зорчих хэсгийн эсрэг урсгалд тоёота харрьер маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсож байв. Уг тээврийн хэрэгслийн гадна талд энгийн нүдээр үзлэг хийхэд шинээр үүссэн мөр, эвдрэл гэмтэл тогтоогдсонгүй. Тээврийн хэрэгслийн хойд суудалд явган зорчигч гэх эрэгтэй хүн сууж байсан ба жолооч, явган зорчигч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэж шалгахад жолооч 0.00%-ийн, явган зорчигч 2.34%-ийн үзүүлэлттэй гарсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Уг замын зорчих хэсгийн өргөн 4.95м, тоёота харрьер маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд хойд дугуйнаас зорчих хэсгийн баруун талын хашлага хүртэл урд дугуй 2.10м, хойд дугуй 2.0м, А цэг буюу явган зорчигч тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн гэх цэг буюу тоёота харрьер маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд дугуйг жолооч явган зорчигч нараар заалгуулж тогтоов. В цэг буюу үл хөдлөх цэгийг ослын гарзрын баруун талд байрлалтай баганатай хашааны явган хүн орох зориулалттай хаалганы урд баганаар авч В үсгээр тэмдэглэл гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. А цэгээс зорчих хэсгийн баруун талын хашлага хүртэл 3.20м, А цэгээс В цэг хүртэл тэгш өнцөгт хэлбэр үүсгэн хэмжихэд 5.40х3.0м хэмжээсүүдтэй байв..” гэх тэмдэглэл /хх-ийн 5-6/,

 

Тээврийн цагдаагийн алба, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдсон байдал /хх-ийн 7/,

 

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн:

“2023-04/-21 16:25:45 дахь секундэд Очирваань эмнэлэгийн зүүн талын авто замын зорчих хэсгээр урдаас хойд зүгт хар өнгийн хүрэмтэй эрэгтэй хүн алхаж яваа харагдана. Бичлэгийн 16:25:46 дэх секундэд уг хүнийг урдаас хойд чиглэлд явж байгаа хар өнгийн тээврийн хэрэгслийн /зөвхөн зүүн урд дугуй хэсэг харагдана/ зүүн урд дугуй хэсгээр мөргөж явган зорчигчийн баруун хөлийн дээгүүр гарч хурд буурч тоормослоод зогсоход явган зорчигч дээш харан ар нуруугаараа газарт унаж “Яаа чи миний хөлийг дайраад хаячихлаа ш дээ” гэж хэлж байгаа нь сонсогдож байна. Бичлэгийн 16:25:51 дэх секундэд тээврийн хэрэгсэл буцаж ухрах үйлдэл хийхэд явган зорчигч Яаая гэж нэг удаа дугарч байна. Бичлэгийн 16:25:54 дэх секундэд уг тээврийн хэрэгслийн зүүн урд хаалга онгойж ногоон өнгийн ар хэсэгтэй зурагтай хүрэм, ногоон өмдтэй эрэгтэй хүн бууж ирж явган зорчигч дээр очиж түүнийг татаж босгож байна. Зорчих хэсэгт явган зорчигч автомашиныг түшиж хэсэг зогсож байгаад зорчих хэсгийн баруун талын хашлаган дээр сууж байна. Түүний хажууд түрүүчийн ногоон хүрэмтэй эрэгтэй хүн явган сууж байна. Ногоон хүрэмтэй эрэгтэй хүн гар утсаар ярьж урагш хойш алхаж байх үед явган зорчигч хашлага дээр суусаар байна. Энэ үед эсрэг талын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ослын тээврийн хэрэгсэлд тулж хөдөлгөөн удааширч байгаагаар бичлэг дуусч байгаа харагдаж байна.

...Очирваань эмнэлэгийн зүүн хойд талд байрлуулсан камер байх ба хойноос зүүн урд зүгт 20 хэмээр хазайлгаж байрлуулсан гадна камер байв. Үйл явдал “Очирваань” эмнэлэгийн зүүн талын хашааны гадна урд хэсэгт өрнөж байна. Бичлэгийн 16:25:30-31 дэх секундэд зорчих хэсгийн урдаас цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгсэл хойд зүгт зорчиж яваад зорчиж явсан эгнээндээ зогсож байна. Бичлэгийн 16:25:23 дэх секундэд “Очирваань” эмнэлэгийн зүүн талын хашааны цаад тал буюу баруун талын байгууллагын баруун урд хашааны цаанаас хар хүрэмтээ эрэгтэй хүн зүүнээс хойш эргэж зорчих хэсгээр алхаж яваа харагдана. Бичлэгийн 16.25.38 дэх секундэд төв замаас хар өнгийн жийп маркийн тээврийн хэрэгсэл зүүнээс баруун зүгт зорчиж яваад “Очирваань” эмнэлэгийн зүүн гарцаар баруун буюу хойд зүгт эргэж орж ирж байна. Бичлэгийн 16:25:47 дэх секундэд зорчих хэсгээр зорчиж явсан явган зорчигчийг жийп маркийн тээврийн хэрэгсэл урд хэсгээрээ мөргөж унагаагаад зогсоод бага зэрэг буцаж ухарч байгаа харагдана. Үйл явдал хашааны цаанаа болж буй учир харагдац муу байв..” гэх тэмдэглэл /хх-ийн 14-15/,

 

Хохирогч Х.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Тэр өдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 21-ний 14 цаг 50 минутын орчим гэрээсээ гараад надтай хамт ажилладаг ажлын газрын Б  гэх хүний гэр рүү очсон тэднийх манайхтай ойрхон “Очирваань” эмнэлгийн хойно байдаг болохоор би алхаад очсон. Б ийн гэрт нь ороход хагас шил 0,5 граммтай тал шил “хараа” архи байхаар нь бид хоёр хувааж ууж дуусчихаад би гарч архинд явахаар болоод Б ийн гэрээс нь гараад урагш байх “хоме плаза”-гаас 500 граммтай “хараа” нэртэй архи нэг шилийг худалдаж аваад буцаад Б ийн гэр рүү хоме плазагийн талын машин гардаг хэсгийн хажуугийн явган хүний замаар гараад хойшоо эргээд явган хүний замаар алхаад явж байгаад замын баруун талд гарах санаатай замын хэсгээр хойшоо алхаад явж байтал араас гэнэт нэг машин ирээд миний нуруу хэсэг
рүү мөргөөд унангуут миний баруун хөл дээгүүр гараад явсан. Би тухайн үед “яаая
хөл дайрчихлаа ш дээ” гэж хэлээд газарт унасан. Тэгээд жолооч нь бууж ирээд “урд
нэг цагаан машин зогссон байсан тэрийг тойрч гарах гэж байгаад таныг мөргөчихлөө
та урдуур ороод ирлээ ш дээ” гэж хэлсэн. Би “үгүй чи миний араас мөргөчихлөө ш дээ” гэж хэлсэн. Тэгээд би замын хашлаган дээр сууж байгаад хөл өвдөөд байхаар нь өвөрт авч явсан архинаас уусан. Жолооч нь намайг өвчин намдаахад архи сайн
гэхээр нь би авч явсан архинаасаа нилээн уусан. Тэгээд намайг хашлаган дээр сууж
байхад Б ийн эхнэр У  гэж эмэгтэй машинтайгаа явж таарсан. Би “хөөе” гээд
орилоход машинаа цаана тавиад над дээр хүрээд ирсэн. Би ингэлээ тэглээ гэдгээ
хэлтэл манай эмэгтэй дүүг утсаар дуудсан. Удалгүй манай дүү А  над дээр
хүрч ирээд “яав ийв” гээд байсан. Би “ах нь ийм болчихлоо” гэдгээ л хэлсэн. Дараа нь түргэний 103-ийн эмч ирж намайг үзээд “гэмтлийн эмнэлэг рүү авч явж үзүүлээрэй манайх дуудлага ихтэй байна” гэж хэлээд яваад өгсөн түргэн явсны дараа цагдаа ирж хэмжилт хийгээд мөргөсөн машиныхаа жолоочийн машинаар манай дүү, жолооч бид гурав гэмтлийн эмнэлэг рүү явж очиж хүлээн авах дээр нь бүртгүүлээд баруун хөлийн зураг аваад рентген зургийн хариуг эмч нь харчихаад яаралтай хагалгаанд орох хүн байна гээд намайг дээшээ үе мөчний тасгийн А тасагт  хэвтүүлсэн би гэмтлийн эмнэлэгт 19 хоног хэвтээд гарсан. Ямар ч дуут дохио өгөөгүй гэнэтхэн л түс гээд явсан. Би жолоочид гомдолтой байна. Эмчилгээний зардал, ажилгүй байх үеийн цалингаа нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 25/,

 

Шүүх Шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Баасанжавын 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 5546 дугаар:

“Х.М ын биед баруун тавхайн 2, 3, 4, 5 дугаар шивнүүрийн зөрүүтэй далд хугарал, баруун тавхайн кубойд сэлтэрсэн хугарал, баруун тавхайд зөөлөн эдийн няцрал, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 36-37/,

 

2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 621 дүгээр:

“LEXUS RX-330 маркийн ....  улсын дугаартай автомашины жолооч Ч.Ч  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болжээ.

Явган зорчигч Х.М  нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.1 “явган зорчигч нь явган хүний замаар, имй зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам, эсвэл зорчих хэсгийн захаар цуварч явна.” гэх заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна” гэх мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 51-52/,

 

Хохирогч Х.М ын гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 58-70/,

 

Х.М ын Тээврийн цагдаагийн албанд хандан гаргасан:

“Ханддорж овогт Х.М  би Ч.Ч аас 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өөрийн ....  тоот дансанд 900.000 төгрөг хүлээн авсан болно” гэх хүсэлт /хх-ийн 71/,

 

Х.М ын гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хх-ийн 88-96/

 

Х.М  нь гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /хх-ийн 100/,

 

Шүүгдэгч Ч.Ч  Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд 2.011.250 төгрөг төлсөн баримт /хх-ийн 101/,

 

Шүүгдэгч Ч.Ч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр эхнэрийн нэр дээрх Lexus RX-330 маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх Хил хамгаалах ерөнхий газрын тэнд хүнтэй уулзчихаад 16 цаг өнгөрөөд Очирваань эмнэлгийн хойно байдаг сүм рүү очих гээд машинаа жолоодоод явж байгаад Очирваань эмнэлгийн зүүн талын нарийн замаар явж байхад миний vpд явсан цагаан өнгийн приус машин явж байсан эгнээндээ зогсоод хүүхэд буулгасан. Би тэр машиныг хараад зүүн талаар тойрох гээд явж байтал урд замын зорчих хэсгээр явж байсан эрэгтэй хүнийг машиныхаа зүун талаар мөргөөд зогссон. Би машинаа жаахан ухраагаад машинаасаа буугаад хартал нэг эрэгтэй хүн “Чи миний хөл дээгүүр гарчихлаа ш дээ” гээд газарт дээшээ хараад хэвтэж байсан. Би тэр хүнийг дээш өргөж замын хажуугийн боржур дээр суулгаад цагдаа түргэн рүү өөрийнхөө утсаар дуудлага өгсөн. Эхлээд түргэний машин хориод минутын дараа ирээд эмч нь нөгөө хүнийг үзээд “хөнгөн гэмтэл байна, та өөрөө наад хүнээ гэмтлийн эмнэлэг рүү авч яваад үзүүл” гэж хэлээд яваад өгсөн. Төд удалгүй замын цагдаагаас бүрэлдэхүүн ирж хэмжилт авсан. Би ослын газраасаа мөргүүлсэн хүнээ эмэгтэй охин дүүгийн хамт авч яваад гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд зургийг нь авахуулаад гэрээс нь очиж эмнэлэгт хэвтэх хэрэгслийг нь дүүтэй нь хамт  эмнэлэг дээр аваачиж өгсөн. Тэгээд мөргүүлсэн хүнээ эмнэлэгт хэвтүүлчихээд тэндээсээ дүүг нь гэрт нь хүргэж өгчихөөд замын цагдаа руу очиж тайлбар мэдүүлэгээ өгчихөөд гэрлүүгээ харьсан. Би урдаа байгаа саадыг тойрон гараад замын эсрэг талаар урдаас хойшоо чиглэлтэй явж ойролцоогоор 5 орчим км цагийн хурдтай явж байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 109/,

 

Шүүгдэгч Ч.Ч ын тээврийн прокурорын газарт хандан гаргасан:

“Миний бие Ч.Ч  нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Очирваань эмнэлгийн баруун талын замд 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Lexus RX-330 маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад иргэн Ханддорж овогт Х.М ыг мөргөж зам тээврийн осол гаргасан. Уг ослын улмаас иргэн Х.М т учирсан эмчилгээний баримтаар гаргаж өгсөн хохирлыг болон эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даатгалын сангаас гарсан төлбөрийг бүрэн барагдуулсан. Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү..” гэх хүсэлт /хх-ийн 112/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Ч.Ч ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 29/, цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 78/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 79/, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 80/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-ийн 81/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82/, Тээврийн прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 103 дугаар “хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол, санал /хх-ийн 116-119/ зэргийг шинжлэн судлав.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч, яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Ч.Ч  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ч.Ч  нь 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 16 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Очирваань” эмнэлгийн зүүн талд “LEXUS RX-330” маркийн ....  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Х.М ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн магадлагаа, шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

 

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гарахад жолооч нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж үүнээс үүдэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нөхцөлд гэмт хэргийн шинж бүрэн хангагддаг. Өөрөөр хэлбэл жолоочийн буруу үйлдэл болон хохирогчид учирсан хохирол нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

 

Харин жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлдээ санаатайгаар, энэ үйлдлийн улмаас үүдэн гарсан нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр хандсан байдаг онцлогтой.

 

Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа осол гаргахгүй гэж өөрийн үйлдэлдээ хөнгөмсгөөр найдаж, бусдад хохирол учруулахгүй байна гэж итгэн гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлджээ.

 

Түүнчлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын тогтоолоор шийдвэрлэж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулахад тэрээр зөвшөөрснөөр Ч.Ч т холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар тус шүүхэд ирүүлжээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус зааснаар шүүгдэгч Ч.Ч  нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Тухайн зам тээврийн осол, хэргийн улмаас хохирогч Х.М т эмнэлгийн тусламж үйлчилгээг Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Баярзүрх эрүүл мэндийн төвөөс үзүүлсэн төлбөр 2.011.250 төгрөг гарсан байх бөгөөд уг төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн байна.

Шүүгдэгч Ч.Ч  нь Эрүүл мэндийн даатгалын сангийн 10090020080 тоот дансанд 2023 оны 06 сарын 26-ны өдөр дээрх төлбөрийг төлж барагдуулжээ.

 

Хохирогч Х.М  нь мөрдөн байцаалтын шатанд баримтаар 1.090.758 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгчийн зүгээс ГССҮТөвийн хагалгааны төлбөрт 345.750 төгрөг, таяг худалдаж авсан төлбөр 50.000 төгрөг болон бусад зардалд нийт 398.200 төгрөгийг төлжээ.

Мөн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хохирогчийн 5064.....56 тоот дансанд 900.000 төгрөг /хх-ийн 71-72/, нийт 1.298.200 төгрөг төлж барагдуулсан байна. Тэрээр цаашид гарах зардалыг нотлох баримтын хүрээнд нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

 

Харин хохирогч Х.М  нь 2023 оны 5 болон 6 дугаар сард олох ёстой байсан орлого, цалинг нэхэмжилж байгаа талаараа шүүх хуралдаанд тайлбарласан. Хавтаст хэргийн 57 дугаар талд ... ХХК-н “хамгаалагч албан тушаалтай Х.М ын сарын үндсэн цалин нь 857.000 төгрөг болохыг тодорхойлов” гэх 2023 оны 05 сарын 16-ны өдрийн албан бичиг, 73 дугаар талд Х.М  /ШБ71110717/-н нийгмийн даатгалын шитгэл төлөлтийн талаарх тодорхойлолт 2023 оны 05 сарын 10-ны өдрийн байдлаар авагдсан байх бөгөөд уг баримтуудаар Х.М  нь ... ХХК-д 2022 оны 10 дугаар сараас эхлэн ажилласан бөгөөд 2023 оны 01 дүгээр сараас 04 саруудад ажиллаж 857.000 төгрөгийн цалин хөлс авч байсан нь тогтоогдож байна.

Уг зам тээврийн осол хэрэг 2023 оны 04 сарын 21-ний өдөр болсон байх бөгөөд хохирогч нь тухайн сарын цалин хөлсийг бүтнээр нь авсан, 2023 оны 05 болон 06 сард гэмтлийн улмаас ажил эрхлэж цалин аваагүй талаараа шүүх хуралдаанд тайлбарласныг үндэслэн хохирогч Х.М ын олох боломжтой байсан цалин 1.714.000 төгрөгийг шүүгдэгч Ч.Ч аас гаргуулж олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хохирогч Х.М  нь зөвхөн уг гэмт хэргийн улмаас үүссэн бусад хохиролыг холбогдох нотлох баримтыг хуульд заасан журмаар бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс цаашид нэхэмжлэх эрхтэй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 1-т “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх” 2-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” 3-т “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” 4-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” 5-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэсэн хуулийн шаардлагуудыг хангасан эсэхийг хянаж, дээрх шаардлага хангагдсан бол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан оногдуулсан ялыг эдлэх боломжтой байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргадаг хууль зүйн зохицуулалттай.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг төлсөн, цаашид гарсан зардлыг төлөхөөс илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

 

Шүүгдэгч Ч.Ч ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг төлж барагдуулсан байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар хэргээ хянан шийдвэрлүүлэх санал гаргасан шүүгдэгчийн хувийн байдал, хэрэгт тогтоогдсон хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр торгох ял шийтгэж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Тухайн зам тээврийн осол, хэрэг болоход хохирогч Х.М ын хууль бус үйлдэл буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.1 “явган зорчигч нь явган хүний замаар, ийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам, эсвэл зорчих хэсгийн захаар цуварч явна.” гэснийг зөрчсөн үйлдэл шууд нөлөөлсөн байна.

 

Дээрхээс дүгнэхэд нийгмийн харилцааг зохицуулж байгаа эрх зүйн хэм хэмжээ тухайн нийгмийн харилцаанд оролцогч хэнд ч болов /хохирогч, шүүгдэгч нарын хэн алинд нь/ шударгаар тэгш үйлчлэх ёстой. Гэтэл Замын хөдөлгөөний дүрэмд заасан явган зорчигчийн үүргийг биелүүлэхгүй байгаа иргэддээ эрх бүхий алба хаагч нар хяналт тавьж, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцож эрх зүйн хэм хэмжээг хэрэгжүүлэхгүй байгаа нь газар авсаар л байна.

 

Иргэдийн хууль, дүрэм, журамыг зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдын ажил, амьдралд шууд бэрхшээл учруулдаг, замын хөдөлгөөнд оролцож явсан жолооч нарыг гэмт хэрэгт холбогдуулан ял шийтгүүлж байгаа байдалд дүн шинжилгээ хийж эрх зүйн орчныг сайжруулах, эрх зүйн хэм хэмжээг бүгд адил хэрэгжүүлдэг болоход холбогдох байгууллага, албан тушаалтнууд анхаарч ажиллах шаардлагатай байна.

Хэрэв хохирогч Х.М  нь явган хүн явах зориулалт бүхий хэсэгтэй замаар явахдаа явган хүний замаар явж Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлдэг байсан, биелүүлсэн бол уг зам тээврийн осол хэрэг болохгүй бөгөөд хохирогчийн биед гэмтэл учрахгүй, үүнээс улбаалж тэдний ажил хөдөлмөр, амьдралд бэрхшээл тохиолдохгүй байх байжээ.

 

Шүүгдэгч Ч.Ч  нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.4, 36.5, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч.Ч ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч аас 1.714.000 төгрөгийг гаргуулж хохирогч Х.М-т олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Х.М  нь уг гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сиди 1 ширхгийг хэрэгт хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Н.БААСАНБАТ