Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/944

 

 

 

 

 

 

 

 

   2023       07          03                                  2023/ШЦТ/944

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч М.Ариунцэцэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалмаа,

шүүгдэгч Н.Т ,

өсвөр насны шүүгдэгч Н.Э , түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Н , тэдгээрийн өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Т , Н.Э  нарт холбогдох эрүүгийн 2306 00000 2015 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Т , өсвөр насны шүүгдэгч Н.Э  нарыг бүлэглэн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр .....  дугаар байрны В1 давхарт байрлах авто зогсоолд байршуулсан хохирогч Б.А гийн эзэмшлийн 11.675.000 төгрөгийн үнэ бүхий суррон /surron light bee-x/ загварын цахилгаан дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлахад:

шүүгдэгч Н.Т , өсвөр насны шүүгдэгч Н.Э  нар нь бүлэглэн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр .....  дугаар байрны В1 давхарт байрлах авто зогсоолд байршуулсан хохирогч Б.А гийн эзэмшлийн 11.675.000 төгрөгийн үнэ бүхий суррон /surron light bee-x/ загварын цахилгаан дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

БЗДЦХ-1 Шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /хх-н 1/,

 

Эд зүйлс хүлээлгэн өгсөн:

“Улбар шар оруулгатай, саарал өнгийн хүрээтэй, хар өнгийн суудалтай .....  гэсэн кодтой суррон дугуй 1 ширхэгийг Б.А д хүлээлгэн өгөв..” гэх тэмдэглэл /хх-ийн 5/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн:

“Хэрэг учрал болсон гэх газар нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Энхтайвны гүүрний баруун урд талд байрлах петровис ШТС-аас баруун тийш 100 орчим метр явахад дунд голын зам дагуу “Монгол” төвийн харалдаа замын урд талд ертөнцийн зүгээр хойш харуулан барьсан “city car wash” гэсэн улаан өнгийн хаягтай, шаргал өнгийн 3 давхар барилгын ертөнцийн зүгээр баруун талаар нь тойроход улаан тоосгон 6 давхар урагш харсан орцтой 43 дугаар байрны ертөнцийн зүгээр зүүн хойд талд “city car wash”-н урд “ус дамжуулах 90 дүгээр төв”-ийн харалдаа арын улаан өнгийн төмөр саадан хашааны буланд байна. Гэрчээр унадаг дугуйг түгжиж орхисон гэх газрыг заалгахад ямар ч унадаг дугуй байхгүй байх ба криминалистикийн шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-11/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн:

“Тус СиДинд “video_2023_16-43-03” гэсэн чиглэлтэй 1 минут 52 секундын бичлэг байв. Бичлэгийг тоглуулахад Баянмонгол хорооллын 408 дугаар байрны в1 давхрын зогсоол байх ба тухайн камер нь орц руу ордог хаалга руу чиглэсэн тусгалтай байв. Тухайн хаалганы зүүн талын буланд хулгайд алдагдсан гэх Сурроныг байршуулсан байх ба бичлэгийн 05 секундэд хар өнгийн юүдэнтэй малгайтай цамц өмссөн этгээд дугуйн дээр очсон байв. Бичлэгийг цааш үргэлжлүүлэхэд тухайн этгээд дугуйны троссыг тайлж байгаад 50 секундэд уг газраас холдсон бөгөөд хажуу талаас нь саарал өнгийн юүдэнтэй малгайтай цамц өмссөн этгээд дугуйг түрээд явж байгаа дүрс бичлэг байв..” гэх тэмдэглэл /хх-ийн 13-14/,

 

Хохирогч Б.А гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Эмиралд рей-с 12.000.000 төгрөгөөр худалдаж аваад огт унаагүй байж байгаад сарын өмнө гаргаж ирж унасан шинэ дугуй байсан. Тухайн дугуйг манай зогсоолоос үл таних хоёр хүүхэд хулгайлж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байна. Тухайн хоёр хүүхдийг олж тогтоон өөрийн алдагдсан дугуйгаа бүрэн бүтэн хүлээж авсан. Би хохирлоо бүрэн барагдуулсан тул одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн алдагдсан дугуйны түгжээ болон эд зүйлийн үнэлгээ хийлгэсэн хөлс, бусад зардлууд гэх 500.000 төгрөгийг хүлээж авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

 

Гэрч Б.М ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би .......... байранд амьдардаг. Манай байрны машины зогсоолын хашааны буланд миний соната 6 тээврийн хэрэгслийн хажууд суррон дугуйг 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байршуулсан байсан. Ингээд тухайн газраа 3 хоносон ба 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр фейсбүүк ухаж байтал Баянзүрх дүүргээс суррон дугуй алдагдсан гэсэн зар байршуулсан байсны дагуу уг дугуйг гарч харахад хулгайд алдагдсан дугуй мөн байх шиг байсан. Тэгэхээр нь би тус дугуйг грашдаа хийж хохирогчид нь хүлээлгэн өгье гэж бодсон боловч фейсбүүкээр өөр өөр аккаунтаас зар тавиад байсан тул ял хэн нь хохирогч гэдгийг мэдээгүй. Иймээс үнэхээр алдагдсан дугуй байх юм бол цагдаад өргөдөл өгөөд эзнийг нь хайж олоод ирэхээр нь өгье гэж бодон грашдаа хадгалсан байсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/,

 

“Итгэлт эстимэйт” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 121/01 дугаар хөрөнгийн үнэлгээний:

“2022 онд Монгол Улсад орж ирсэн Surron light bee x маркийн цахилгаан дугуйны 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн зах зээлийн үнэ цэнийг 11.675.000 төгрөгөөр тогтов..” гэх тэмдэглэл /хх-ийн 37-53/,

 

Шүүгдэгч Н.Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Би тэр дугуйг унаж сонирхолдоо хөтлөгдөж дугуйг авсан нь үнэн. Харин үеэл дүү болох Н.Э д бусдаас авах өрөндөө авч байна гэж тайлбарлаж авч яваад энэ хэрэгт холбогдуулсандаа маш их харамсаж байна. Би хохирогчийн дугуйг нь биет байдлаар буцааж өгсөн. Хохирол болох 500.000 төгрөгийг төлж барагдуулсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 64/,

 

Өсвөр насны шүүгдэгч Н.Э ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“Миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм зөрчил дутагдалд орохгүй гэдгээ баталж байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 72/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Н.Т гийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 78/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 79/,

Өсвөр насны шүүгдэгч Н.Э ын Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны засаг даргын “Н.Э  нь тус хорооны ..... тоотод оршин суудаг, ам бүл 4 болохыг тодорхойлов.” гэх тодорхойлолт /хх-ийн 80/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 82/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 83/, нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 85/, суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 87-88/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйлийг нотолсон, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай гэж шүүх үзэв.

 

Хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцсон болно.

 

Гэм буруугийн талаар:

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөл, эзэмшилд байгаа эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгссөнд тооцогддог. 

 

Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болгосон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг гэмт хэрэг болно.

 

Шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарын бусдын эд хөрөнгийг хулгайлан авч бусдын өмчлөх эрхэд бага хэмжээ буюу 300 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 300.000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учруулж тухайн эд хөрөнгийг захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэж, хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүйгээр эд зүйлсийг авч хор уршгийг зориудаар хүсэж үйлдсэн үйлдэл нь нийгэмд аюултай үйлдэл юм.

 

Шүүгдэгч Н.Т , өсвөр насны шүүгдэгч Н.Э  нар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Хулгайлах гэмт хэргийн үр дагавар нь хууль бусаар, нууц аргаар, шууд санаатай, шунахай сэдэлт зорилгоор гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмшиж, захиран зарцуулж, иргэн, аж ахуй нэгжид хохирол учруулах байдлаар илэрнэ. Энэ үйлдэл нь өмчлөх эрхээ шударгаар эзэмшигчдэд материаллаг болон сэтгэл санааны хохирол учруулдаг.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Э , Н.Т  нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

 

Нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл шүүгдэгч Н.Т , өсвөр насны шүүгдэгч Н.Э  нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан нь гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Энэ нь хохирогчийн мэдүүлэг болон шүүгдэгч нарын өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Н.Т , өсвөр насны шүүгдэгч Н.Э  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.

 

Хохирогч Б.А гийн эзэмшлийн surron light bee x загварын цахилгаан дугуйг шүүгдэгч Н.Т , өсвөр насны шүүгдэгч Н.Э  нар буцаан өгсөн ба түүнд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд тэрээр гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг,

5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Н.Т , өсвөр насны шүүгдэгч Н.Э  нарын хулгайлах гэмт хэргийг бүлэглэн хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг бүрэн барагдуулж гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болсон гэх нөхцөл байдал шүүгдэгч нарын хувьд тогтоогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тусгайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэхээр тогтоогдсон нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл байдал, санаа сэдэл, арга хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөрийг төлсөн байдал, тэдний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгч Н.Т д бага хэмжээгээр,

Өсвөр насны шүүгдэгч Н.Э  нь гэмт хэрэг үйлдэх үедээ 16 насанд хүрсэн, 18 насанд хүрээгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд “өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чигэлсэн байна” гэж заасанд харшлахгүй нийтэд тустай ажил хийлгэх ялыг бага хэмжээгээр тус тус оногдуулж, тодорхой хугацаа тогтоож эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял нь шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Бурмаагаас “шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал болон хувийн байдал зэргийг харгалзан ял, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх дүгнэлт гаргасан.

 

Монгол Улсын Их хуралаас 2022 оны 12 сарын 16-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан байх бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг: "1.Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно:"

6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалт “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;”

1.2 дэх заалт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;" хэмээн өөрчлөн найруулж баталжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нар нь 2023 оны 05 сарын 02-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн байх тул өмнө үйлчилж байсан хуулийн зохицуулалтыг хэрэглэх үндэслэл хууль зүйн хувьд бүрдэхгүй учир өмгөөлөгч Л.Бурмаагийн дүгнэлтийг хангах үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Н.Т , өсвөр насны шүүгдэгч Н.Э  нар хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар тус шүүхийн тамгын газарт шилжүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Т , өсвөр насны шүүгдэгч Н.Э  нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шүүгдэгч Н.Т ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 8.3 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар өсвөр насны шүүгдэгч Н.Э  нарыг тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Э д оногдуулсан 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт гурваас дээшгүй цагийн хугацаагаар эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т д оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тооцож эдлүүлэхээр тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргуулан хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ