| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
| Хэргийн индекс | 128/2025/0387/З |
| Дугаар | 221/МА2025/0628 |
| Огноо | 2025-09-30 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2025/0628
Ц.Э-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүн: Шүүгч Н.Хонинхүү
Илтгэгч: Шүүгч О.Оюунгэрэл
Давж заалдах гомдол гаргасан:
Нэхэмжлэгч Ц.Э
Нэхэмжлэгч: Ц.Э
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга
Гуравдагч этгээд: Д.Д-, Д.Н-
Нэхэмжлэлийн шаардлага:
“Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/523 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 538 дугаар шийдвэр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2025/0387/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Э-аас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/523 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 538 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 23 дугаар зүйлийн 23.4.2, 23.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч Ц.Э-аас гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/523 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
3.1. Шүүхээс “...захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад буюу тус шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2022/0145 дугаар шийдвэрийн дагуу дахин шинэ акт гаргахдаа нэхэмжлэгч Ц.Э-ын газар ашиглах эрх нь хүчинтэй байх шаардлага хангаагүй, ашиглах эрхтэй газраа цаашид эзэмших тухай хүсэлт гаргаж байгаагүй, газрын гэрчилгээ байхгүй, Дүүргийн газар зохион байгуулалтын албатай гэрээ байгуулагдаагүй, газраа улсын бүртгэлд бүртгүүлээгүй, газрын төлбөр төлөөгүй зэргээс газар ашиглах эрхийн хүчин төгөлдөр байдлыг хангаагүй нөхцөл байдлыг тогтоосон байна. Энэ нь шүүхийн дээрх шийдвэрт заагдсан тогтоогдвол зохих нөхцөл байдлын хүрээнээс хэтрээгүй...” гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй бөгөөд дээрх нөхцөл байдлыг захиргааны байгууллага хэрхэн яаж, ямар баримтаар тогтоосон болох, уг баримт нь хавтаст хэрэгт авагдсан эсэх талаар огт дүгнээгүй, дээрх нөхцөл байдлыг тогтоосон нотлох баримт хавтаст хэрэгг авагдаагүй байхад шүүяээс чухам ямар нотлох баримтыг үнэлж захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад дээрх нөхцөл байдлыг тогтоосон байна гэж дүгнэж байгаа нь тодорхойгүй байна.
3.2. Учир нь захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргахдаа дээрх нөхцөл байдлыг тогтоох ямар ч ажиллагаа хийгээгүй байхад шүүх захиргааны байгууллагын өмнөөс түүний хийгээгүй ажлыг хийсэн мэтээр хийсвэрээр дүгнэж нотлох баримтад үндэслээгүй шийдвэр гаргаж, гуравдагч этгээдийг илэрхий хамгаалж байгаад гомдолтой байна.
3.3. Шүүхээс “...хариуцагч байгууллага сонсох ажиллагааны мэдэгдлийг шуудангийн байгууллагад хүргүүлсэнээр захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд сонсох ажиллагаа хийх үүргээ биелүүлсэн гэж үзнэ...” гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй бөгөөд сонсох ажиллагаа гэдэг нь оролцогчийн сонсох, тайлбар, баримт гаргуулах ажиллагааг хэлэх болохоос мэдэгдлийг шууданд хийх ажиллагааг хэлнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй байхад шүүх захиргааны байгууллагын өмнөөс түүний хийгээгүй ажиллагааг хийсэн мэтээр дүгнэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.
3.4. Захиргааны байгууллага маргаан бүхий захирамжийг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримталсан нь хуульд нийцээгүй байхад шүүх түүнийг харгалзаж үзэхгүйгээр “...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн холбогдох заалтуудыг баримталсан нь зөв биш ч энэ нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй...” гэсэн нь ойлгомжгүй байна.
3.5. Нэхэмжлэгч Ц.Э- миний бие Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 155 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөм 12 гудамжны 4 тоот газрыг ашиглах эрхтэй болж уг газартаа амьдарч байгаад уг газраас нүүж Чингэлтэй дүүрэгт ээжийн хамт амьдрах болсон билээ. Миний газар ашиглах эрх газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд нэгж талбарын 18659312822905 дугаартайгаар баталгаажиж бүртгэгдсэн.
3.6. Миний ашиглах эрхтэй газар дээр давхардуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны А/358 дугаар захирамжаар иргэн Д.Д-, Д.Н- нарт газар эзэмшүүлснээр миний бие газраа эзэмшиж ашиглах боломжгүй болж, олон жил хохирч яваа бөгөөд захиргааны байгууллага нь гуравдагч эггээд Д.Д-, Д.Н- нарт хууль бусаар үйлчилж иргэн миний амьдарч байсан газрын тэдэнд хүчээр өгч өнөөдрийг хүртэл хохироож байхад шүүхээс үүнийг анхаарч үзэхгүйгээр мөн л тэдэнд үйлчилж “...нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар хөндөөгүй байх тул...” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.
Иймд дээр заасан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 145 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ц.Э-ын “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны А/358 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Д.Д-, Д.Н- нарт газар эзэмших эрх давхардуулан олгосныг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хянаад “...хариуцагчаас гуравдагч этгээдийн Д.Д-, Д.Н- нарт газар эзэмших эрх олгохдоо нэхэмжлэгч Ц.Э-ын газар ашиглах эрх хүчинтэй байсан эсэх, мөн ашиглах эрхтэй газраа цаашид эзэмших талаар хүсэлт гаргаж байсан эсэхийг тогтоох шаардлагатай” гэж дүгнээд энэ нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн тул Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны А/358 дугаар захирамжийн Д.Д-, Д.Н- нарт холбогдох хэсгийг дээрх нөхцөл байдлыг шалган тогтоож, дахин шийдвэрлэх хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
3. Дээрх шийдвэрийн дагуу хариуцагчаас Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөм, 17 дугаар гудамжны 04 тоот газрыг ашиглагч Ц.Э-ын газар ашиглах эрхийг хүчингүй болгосон маргаан бүхий А/523 дугаар захирамжийг гаргажээ.
4. Улмаар нэхэмжлэгч Ц.Э-аас Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн А/523 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ц.Э- миний бие Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 155 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баяндөхөм 12 гудамжны 4 тоот газрыг ашиглах эрхтэй болж уг газартаа амьдарч байгаад уг газраас нүүж Чингэлтэй дүүрэгт ээжийн хамт амьдрах болсон билээ. Миний газар ашиглах эрх хүчинтэй байсан учир газрын кадастрын мэдээллийн нэгдсэн санд нэгж талбарын 18659312822905 дугаар бүхий газар ашиглах эрх баталгаажиж бүртгэгдсэн байдаг. Гэтэл миний ашиглах эрхтэй газар дээр давхардуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны А/358 дугаар захирамжаар иргэн Д.Д-, Д.Н- нарт газар эзэмшүүлснийг миний бие хүчингүй болгуулахаар маргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2022/0145 дугаар шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны А/358 дугаар захирамжийн Д.Д-, Д.Н- нарт холбогдох хэсгийг нөхцөл байдлыг тодруулж, дахин шийдвэрлэх хүртэл 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Гэтэл захиргааны байгууллагаас дээрх хугацаанд Д.Д-, Д.Н- нарт газар эзэмшүүлэхтэй холбоотой нөхцөл байдлыг тодруулж, дахин шийдвэрлээгүй...” гэж тайлбарлан маргажээ.
5. Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн тодруулж, нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлд бүрэн дүгнэлт хийгээгүй, холбогдох баримтыг цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна.
5.1. Тодруулбал шүүх “...Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад буюу тус шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2022/0145 дугаар шийдвэрийн дагуу дахин шинэ акт гаргахдаа нэхэмжлэгч Ц.Э-ын газар ашиглах эрх нь хүчинтэй байх шаардлага хангаагүй, ашиглах эрхтэй газраа цаашид эзэмших тухай хүсэлт гаргаж байгаагүй, газрын гэрчилгээ байхгүй, дүүргийн Газар зохион байгуулалтын албатай гэрээ байгуулаагүй, газраа улсын бүртгэлд бүртгүүлээгүй, газрын төлбөр төлөгдөөгүй зэргээс газар ашиглах эрхийн хүчин төгөлдөр байдлыг хангаагүй нөхцөл байдлыг тогтоосон байна” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.
5.2. Өөрөөр хэлбэл, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 145 дугаар шийдвэрт дурдсан “...хариуцагчаас гуравдагч этгээдийн Д.Д-, Д.Н- нарт газар эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Ц.Э-ын газар ашиглах эрх хүчинтэй байсан эсэх, мөн ашиглах эрхтэй газраа цаашид эзэмших талаар хүсэлт гаргаж байсан эсэхийг тогтоох ажиллагааг хэрэгжүүлж, үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
5.3. Хэрэгт авагдсан баримт болоод талуудын тайлбараар анх уг газрыг нэхэмжлэгч Ц.Э-ын төрсөн эгч Ц.Х, түүний нөхөр гэрч С.Б нар хамтран амьдарч байх хугацаандаа ашиглаж байсан бөгөөд уг газар дээр буй үл хөдлөх эд хөрөнгийг С.Б барьсан, нэхэмжлэгч Ц.Э- нь Ц.Х-аас дүүргийн Засаг даргын 2001 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 155 дугаар захирамжаар Баяндөхөмийн 12-4 тоот хаягт газар ашиглах эрхийг шилжүүлэн авсан гэх үйл баримт тогтоогддог бөгөөд шүүх маргаан бүхий газартай холбоотой бүхий л шийдвэр буюу анх маргаан бүхий газар ашиглах эрхийг Ц.Х эсхүл С.Б-д олгосон эсэх, уг үл хөдлөх эд хөрөнгө хэний өмчлөлд байсан, одоо хэний өмчлөлд байгааг тодруулах шаардлагатай байжээ.
5.4. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас маргаан бүхий А/523 дугаар захирамжийн хувийн хэрэг бүхэлдээ, үүнд шийдвэр гаргах ажиллагааны үндэслэл болсон баримт, сонсох ажиллагааны мэдэгдэл, оролцогчийн санал, шийдвэр гаргах ажиллагааны хуралдааны тэмдэглэл, шийдвэрийн хяналтын хуудас зэрэг баримтуудыг шаардсан байх боловч хариуцагчаас уг баримтуудыг бүрэн гаргаж өгөөгүй байна.
5.5. Хэдийгээр хариуцагчаас Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 16/287 дугаар албан бичгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосныг мэдэгдсэн баримтыг ирүүлснээс өөрөөр маргаан бүхий акт гаргах үндэслэл болсон баримт, оролцогчийн санал, шийдвэр гаргах хуралдааны тэмдэглэл, шийдвэрийн хяналтын хуудас зэрэг баримтыг ирүүлээгүй төдийгүй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гаргасан шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтдээ хариуцсан архивын мэргэжилтэн Б.О ээлжийн амралттай байгаа учир нотлох баримтын бүрдэл хангагдахгүй байгаа талаар илэрхийлж байжээ.
5.6. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч болоод түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс газрын төлбөр төлж байсан, хариуцагч А/523 дугаар захирамжийг гаргахдаа нэхэмжлэгч Ц.Э-аас нөхцөл байдлыг тодруулах, тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байх бөгөөд хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа нөхцөл байдлыг хэрхэн тодруулсан, Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасны дагуу шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй Ц.Э-ыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 145 дугаар шийдвэрийн дагуу маргаан бүхий газартай холбоотой шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан эсэх, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, мөн тухайн газар дээр байрлах үл хөдлөх эд хөрөнгө хэний өмчлөлд байсан эсэх талаарх баримтыг зайлшгүй цуглуулах шаардлагатай байх бөгөөд энэ талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар авах нь хариуцагчийн “...Ц.Э- 2001 онд газар ашиглах эрхтэй болсон ч хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, үүргээ хэрэгжүүлээгүй учир түүний газар ашиглах эрх хадгалагдахгүй гэх тайлбар үндэслэлтэй эсэх, түүнчлэн гуравдагч этгээд нар болон Ц.Б, Ц.Д нарт газар эзэмших эрх хууль ёсоор үүссэн эсэхийг тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцээгүй байна.
5.7. Түүнчлэн анх Ц.Х, С.Б нар 1600 м.кв газар ашиглаж байсан бөгөөд уг газраасаа зарим хэсгийг нэхэмжлэгч Ц.Э-ад шилжүүлсэн, үүний дагуу Ц.Э- газар ашиглах эрхтэй болсон үйл баримт тогтоогдож байгаа ч дээрх 1600 м.кв газраас чухам аль хэсгийн хэдий хэмжээний газрыг Ц.Э- ашиглах эрхтэй байсан, одоо Д.Н-, Д.Д- эсхүл Д.На-ын газартай хэдий хэмжээгээр давхцалтай байгаа нь тодорхой бус байх төдийгүй нэхэмжлэгч хэдий хэмжээний газар ашиглах эрхтэй гэж маргаж байгааг тодруулах шаардлагатай бөгөөд үүнтэй холбоотой баримтуудыг цуглуулах шаардлагатай байна.
5.8. Ийнхүү анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тодруулахгүйгээр, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд бүрэн дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангахгүй байхаас гадна анхан шатны шүүхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж тус тус заасан үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл боллоо.
5.9. Газрын тухай хууль /1994/-ийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр, хууль тогтоомжийн дагуу ашиглуулж болно” гэж заасан ч нэхэмжлэгчид анх газар ашиглах эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 155 дугаар захирамжид газар ашиглах эрхийн дуусгавар болох хугацааг дурдаагүй бөгөөд 2000-2001 онуудад Гачуурт хариуцсан газрын байцаагчаар ажиллаж байсан гэрч Н.Эрдэнэцэгийн “...тухайн үед газар ашиглалтын гэрчилгээг 2 жилийн хугацаатай олгодог байсан” гэх тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х-ийн анхан шатны шүүх хуралдаан гаргасан “...2003 онд Газрын тухай хууль шинэчлэгдсэн гарсан учир уг хуулийн дагуу Ц.Э-ын газар ашиглах эрх дуусгавар болсон” гэх тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-ын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “... хуульд заасан 5 жилийн хугацаагаар Ц.Э-ын газар ашиглах эрх дуусгавар болсон” гэх тайлбар болон нэхэмжлэгчийн газар ашиглах эрх авснаас хойш 1 жил 4 сарын дараа 298 дугаар захирамжаар Ц.Б-д газар эзэмших эрх олгосон зэрэг үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн газар ашиглах эрх хэзээ дуусгавар болсон эсэх нь ойлгомжгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зөрүүтэй байх тул анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагатай байжээ.
5.10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-д “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх дараахь үндэслэл илэрвэл энэ хуулийн 121.1.4-т заасан шийдвэрийг гаргана” гээд 121.3.4-т “шүүх шаардлагатай нолох баримтыг дутуу бүрдүүлсэн ...”, 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлага, түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэж тус тус заасан бөгөөд нэгэнт анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, маргааны нөхцөл байдлыг бүрэн гүйцэт тогтоогоогүй буюу нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн энэ тохиолдолд давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 538 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ