| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовын Уламбаяр |
| Хэргийн индекс | 131/2017/0487/И |
| Дугаар | 213/МА2018/00015 |
| Огноо | 2018-03-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 213/МА2018/00015
Б.Дийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 1 дүгээр сарын 26-ний өдрийн 131/ШШ2018/00128 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Б.Дийн нэхэмжлэлтэй
Хариуцагч ******* ХХК-д холбогдох
Батлан даалтын болон барьцааны гэрээг хүчингүйд тооцуулж, барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нын давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.Н, нарийн бичгийн дарга Б.Чулуунчимэг нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Дээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
С.Э надад хэлэхдээ манайх 60.000.000 төгрөгний машин, пургон, хашаа байшин бүх зүйлээ барьцаанд тавьсан одоо 400.000 төгрөгийн барцаа хэрэгтэй л гэж хэлсэн. Би 400.000 төгрөгийн батлан даагч болж байгаа гэж ойлгоод С.Э, Ч.Э нарт бүх бичиг баримтаа өгч явуулсан. Тэгээд хэд хоногийн дараа уулзахад зээлээ авсан чамд явдал удахгүй машин зарсан хүний эхнэрээр гарын үсэг зуруулсан чамтай уулзах шаардлагагүй гэсэн. Баянхонгор аймаг дахь ******* ны салбар нь намайг байхгүйгээр миний үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан батлан даалтын гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тус гэрээнд гарын үсэг зураагүй. Иймд энэ хүчин төгөлдөр бус гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэлттэй байна.
Нэхэмжлэгч Бүдмэдийн Д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:
Миний бие нь тус шүүхэд хандан миний зөвшөөрөлгүй инд барьцаалсан батлан даалтын гэрээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлтэй уялдуулан миний хөрөнгийг барьцаалсан ******* , С.Э, Ч.Э нарын хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 921 тоот барьцааны гэрээ байгуулагдсаныг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагатай байна. Уг барьцааны болон батлан даалтын гэрээ байгуулагдсанаар миний өмчлөх эрх зөрчигдөж байгаа юм. Иймд өмнө нь гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмэгдүүлж ******* , С.Э, Ч.Э нарын хооронд байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 971 тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.Н шүүхэд гаргасан тайлбартаа:
Баянхонгор аймагт байршилтай 77мкв нэг давхар байр, ******* дугаартай 347 мкв гэр бүлийн хэрэгцээний газрыг 2014 оны 11 сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон барьцаалсан нь хүчин төгөлдөр гэж үзэж байгаа болно. ******* ХХК-ийн зээлдэгч ******* нь зээлийн болон барьцааны гэрээнд заасны дагуу зээл төлөх үүргээ биелүүлээгүй учраас Баянхонгор аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Тус шүүхээс 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 37 тоот захирамжийн дагуу 16.220.463 төгрөгийг инд олгох, сайн дураар биелүүлээгүй бол барьцаалуулсан хөрөнгөөр зээлийн гэрээний үүрэг хангуулахаар шийдвэрлэсэн. Мөн 2016 онд Б.Д нь тус асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүгч хянаж үзээд 2016 оны 07 сарын 27-ны өдрийн 131/ШЗ2016/01897 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож байсан үйл баримтууд тогтоогдож байх тул ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасны дагуу энэ хэрэг маргаантай холбоотой шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр захирамж гарсан байх тул тус нэхэмжлэлийг хангахаас татгалзаж өгнө үү.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Л.Н анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Барьцааны гэрээн дээр миний өмнөөс гарын үсэг зурж болно гээд нотариат дээр очоод гарын үсэг зурсан тохиолдолд хуулийн хүрээд С.Э, Ч.Э хоёр нь барьцааны гэрээн дээр Б.Дийг өмнөөс нь гарын үсэг зурсан нь хуульд нийцсэн зүйл гэж бодож байна. Тэгээд тэр барьцааны гэрээ, зээлийн гэрээн дээр С.Э, Ч.Э нараас өөр хүн гарын үсэг зурсан гэдгийг нотлох, нотлох баримт байхгүй. Ч.Э, С.Э нар өөрсдөө зурсан байх гэж бодож байна. Б.Д нь итгэмжлэлээр С.Э, Ч.Э нарт миний үл хөдлөх хөрөнгөнүүдийг зээлийн барьцаанд тавих үүргийн гүйцэтгэлийг хангуулах, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлж болно гээд итгэмжлэл дээрээ гарын үсэг зурсан учраас барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах боломжгүй гэж үзэж байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д тус тус заасныг баримтлан 2014 оны 11 сарын 21-ний өдрийн ******* , Б.Д нарын хооронд хийгдсэн ******* дугаар батлан даалтын гэрээ, ******* , зээлдэгч Ч.Э, С.Э нарын хооронд хийгдсэн 2014 оны 11 сарын 21-ний өдрийн ******* дугаар барьцааны гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-ийн Баянхонгор салбараас зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох ******* дугаартай, Баянхонгор сумын ...... байршилтай, хувийн сууц, ******* дугаартай 347 м2 газар, ******* дугаартай худалдааны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг зээлийн барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгийн болон газар өмчлөх эрхийн гэрчилгээг эх хувиар нь гаргуулж нэхэмжлэгч Б.Дт олгохыг хариуцагч ******* ХХК-д даалгаж, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 311 дүгээр зүйлийн 311.1-д зааснаар Б.Дийн өмчлөлийн Баянхонгор сумын . байрших, ...... улсын бүртгэлийн ******* дугаартай, 77 мкв талбай бүхий 3 өрөө 1 давхар орон сууцны 2014 оны 11 сарын 21-ний өдрийн барьцаалбарыг дуусгавар болгож бүртгэлд өөрчлөлт оруулахыг Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ны Баянхонгор салбараас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Дт олгуулж шийдвэрлэжээ.
Хариуцагч ******* ны итгэмжлэгдсөн төлөөлөгч Л.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Гэтэл ******* өөрөө хүсэл зоригоо илэрхийлж Ч.Эт олгосон итгэмжлэлд тусгайлан үл хөдлөх тухай эд хөрөнгийг барьцаанд тавих эрхийг итгэмжлэлдээ зааж өгсөн байдаг. Үүний дагуу тухайн эд хөрөнгийг барьцаалан зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан. Б.Д нь бусдад өгсөн итгэмжлэлээ одоо үгүйсгэж байгаа боловч анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлэхгүй, хэргийн үйл баримтын талаар дүгнэлт гаргахдаа хэт нэг тапыг барьж шийдвэр гаргасан гэх хууль зүйн үндэслэлтэй.
Учир нь шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хууль зөрчиж байгуулсан буюу барьцааны гэрээнд өөрөө гарын үсэг зураагүй байхад барьцаалсан байх тул барьцааны гэрээг дээрх хуулийн дагуу хүчин төгөлдөр бус гэж хэргийн үйл баримтын талаар хууль буруу тайлбарлан шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Хариуцагч “******* ” ХХК нь Иргэний хуулийн 64 дэх зүйлд заасны дагуу Б.Дээс олгосон итгэмжлэлээр барьцаалах эрх бүхий этгээд болох Ч.Этай Монгол улсад хүчин төгөлдөр үйлчлэж байгаа хууль тогтоомжийн дагуу барьцааны болон зээлийн гэрээг байгуулсан.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.
Нэхэмжлэгч Б.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч миний бие “******* ” ХХК-д холбогдуулан батлан даалтын гэрээ мөн барьцаалбарын гэрээг хүчингүйд тооцуулах үндэслэл нь Ч.Э, С.Э нар анхнаасаа худлаа хэлж нотариатын хамт гарын үсэг зуруулан түүгээр далимдуулан барьцаанд тавьж, мөн дахин энэхүү наас их хэмжээний зээл авч одоо хүртэл төлөхгүй, мөн батлан даалт болон барьцаалбарын гэрээнд хуурамч гарын үсэг зурж эд хөрөнгийг барьцаалсан үйл явдал болжээ. Энэ нь бүгд ахнаасаа хууран мэхлэх, хувилдаан зохион байгуулалттай хэрэг гэж үзэж байна. Банк анхнаасаа зээлийн судалгаагүй зээл гаргаж, мөн батлан даагч миний биеийг оролцуулан гэрээ хийгээгүйд нь гомдолтой байна. Тухайн үеийн дарга эдийн засаг ч нар нь хүний эд хөрөнгийг барьцаалан зээл олгож дахин эхнэрийн нэр дээр хүний эд хөрөнгөөр барьцаалан зээл олгосон. Банкны дотоод журмыг зөрчсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Дээс батлан даалтын болон барьцааны гэрээг хүчингүйд тооцуулж, барьцаа хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийж үзвэл батлан даалтын болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байх хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.
Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156 2-д заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар. барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа. барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэжээ
Гэтэл дугаар барьцааны гэрээнд барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний үнэ зэргийг тусгаагүй.
Мөн зүйлд зааснаар барьцааны гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлсэн гэх боловч үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн тэмдэг бүхий барьцаалбар №1872 баримтанд барьцаалуулагч болох Б.Дийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэн болох нь зохигчийн тайлбар, /хх-ийн 87-97 дугаар тал/ Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 сарын 08-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр тогтоогдсон байна.
Иймд дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, заасан шаардлыг хангаагүй байх тул мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болох юм.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д “..Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна..” 15 дугаар зүйлийн 15.1.14-д барьцаалуулагчийн, хэрэв барьцаалуулагч нь гуравдагч этгээд бол барьцаалуулагч болон барьцаагаар хангагдсан үүргийн үүрэг гүйцэтгэгчийн гарын үсэг зэргийг тусгах шаардлагыг хангаагүй байна.
Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ, 459 дүгээр зүйлийн 459.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол батлан даалтын гэрээг бичгээр байгуулна. гэсэн зэргээс дүгнэвэл батлан даагч нь үүрэг гүйцэтгүүлэгчтэй бичгээр гэрээ хийхийг шаардаж байна.
Улмаар хэрэгт авагдсан батлан даалтын гэрээнд батлан даагч Б.Д гарын үсэг зурсан гэх боловч энэ гарын үсгийг өөрийн гарын үсэг биш гэж нэхэмжлэгч маргасан, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр Б.Д, Калитал ХХК нарын хооронд байгуулагдсан 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар батлан даалтын гэрээнд зурагдсан гарын үсэг нь Б.Дийн гарын үсгийн загвартай тохирохгүй байгаа болон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Батлан даалтын харилцаанд тавигдах хуулийн шаардлагууд болох батлан даагч болон үүрэг гүйцэтгүүлэгч нарын дунд энэ харилцаа үүсээгүй, 2014 оны 11 сарын 21-ний өдрийн батлан даалтын гэрээ нь хуурамч болох нь шинжээчийн дүгнэлт зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож шийдвэрлэсэн нөхцөлд мөн хуулийн 56.5-д заасны дагуу уг хэлцэлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй тул Калитал ХХК-иас барьцааны зүйл болох үл хөдлөн эд хөрөнгө болон газрыг тус тус чөлөөлүүлж, холбогдох баримт бичгийг нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Иймд дээрх барьцааны гэрээг шүүх хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нын давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагч ******* ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 26-ний өдрийн 131/ШШ2018/00128 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ
Г.УЛАМБАЯР