Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 82

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалан, тус шүүхийн танхимд хаалттай явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Оюунсүрэн, Ц.Урангэрэл, М.Өлзийбаяр нарт холбогдох эрүүгийн 201601070133 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

             Нарийн бичгийн дарга                             Б.Шинэхүү

             Улсын яллагч                                                  Б.Алтанцэцэг

             Хохирогч                                                   Э.Соёл-Эрдэнэ

             Хохирогчийн өмгөөлөгч                           Б.Сүхбат

             Шүүгдэгч Б.Оюунсүрэнгийн өмгөөлөгч   Т.Амгаланбат

             Шүүгдэгч Ц.Урангэрэлийн өмгөөлөгч      Ц.Мөнхтуяа

             Шүүгдэгч М.Өлзийбаярын өмгөөлөгч      Ж.Цэцэгээ

             Шинжээч эмч                                             Т.Сэлэнгэ

              Шүүгдэгч                                                 Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр, Ц.Урангэрэл                  нар оролцов.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрчим хүчний инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Доун” ХХК-д менежер ажилтай байсан, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 6 дугаар байрны 16 тоотод оршин суух, /иргэний үнэмлэхний хаягаар: Багануур дүүргийн 3 дугаар хороо, 32 дугаар байрны 19 тоот/ гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, УГ80120403 дугаарын регистертэй, Харчууд овгийн Баасанбатын Оюунсүрэн,

2. Монгол Улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо Төмөр замын 2 дугаар байрны 2 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ВБ73110307 дугаарын регистертэй, Боржигин овгийн Мягмарын Өлзийбаяр,

3. Монгол Улсын иргэн, 1981 оны 3 дугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хот Багануур дүүрэгт төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Улсын бүртгэлийн хэсэгт улсын бүртгэгч ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо 30 дугаар байрны 12 тоотод оршин суух, /иргэний үнэмлэхний хаягаар: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 3 дугаар байрны 39 тоот/ гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, УЮ81030101 дугаарын регистертэй Боржигон овгийн Цэнгэлсайханы Урангэрэл,

            Холбогдсон хэргийн талаар:

 

             Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр, Ц.Урангэрэл нар нь бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, 58 дугаар байрны 10 тоотод иргэн Э.Соёл-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг маажиж самардан үсдэж, дээрээс нь өшиглөж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч Б.Оюунсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 5 дугаар сарын 22-ны орой 23 цагийн үед найз Урангэрэлтэй хамт “Доун” бааранд пиво уугаад сууж байхад Эрдэнэбат нь над руу утсаар залгаад “чамд хэлэх юм байна, уулзъя” гэж ярьсан юм. Ингээд Эрдэнэбат нь 25 дугаар байрны автобусны буудал дээр таксигаар ирж, бид хоёр “Хар хорин” баарны 2 давхарт орж нэг, нэг пиво уусан бөгөөд Эрдэнэбат нь надад “танай нөхөр нэг хүүхэнтэй машин дотор үнсэлцээд байж байсан” талаар хэлсэн. Тэгээд Эрдэнэбат бид хоёр ууж байсан пивоо бариад баарны гадаа харанхуйд тамхи татаад байж байтал манай нөхөр Гантулга нь харуултайгаа хамт ирсэн. Манай нөхөр Гантулга нь эхлээд Эрдэнэбатыг зодсон. Дараа нь миний нүд рүү цохиж, хөлийг шалбалсан. Тэр шөнө би аав, ээжийнхээ гэрт очиж хоносон. Маргааш нь найз Өлзийбаяртай хамт гэртээ байж байтал Эрдэнэбат над руу яриад “толгой өвдөөд байна, эмнэлэгт үзүүлнэ” гэж хэлсэн. Харин орой 18-19 цагийн үед Эрдэнэбатын утаснаас “хаана байна” гэсэн мессеж ирсэн, залгахаар тасдаад байсан бөгөөд “уулзмаар байна” гэсэн утгатай мессеж бичээд байсан. Удалгүй ажил дээрээ очоод байж байхад ойролцоогоор 1 цаг орчмын дараа Эрдэнэбатын утаснаас “хальт уулзъя” гэсэн мессеж ирээд байсан болохоор 21 цагийн үед 64 дүгээр сургуулийн хашаанд Эрдэнэбаттай уулзахаар болсон. Би 64 дүгээр сургуулийн хашаанд Эрдэнэбатыг хүлээж байтал баруун хаалгаар манай нөхөр Гантулга, нөгөө хаалгаар нь Эрдэнэбатын эхнэр Соёл-Эрдэнэ нар ирсэн. Манай нөхөр Гантулга нь намайг үсдэж дарчихаад гараараа үс ороож яваад намайг зодсон. Мөн Соёл-Эрдэнэ нь устай ундааны саваар миний толгой руу цохьсон. Манай ээжийг хүртэл дуудсан байсан. Маргааш нь буюу 5 сарын 24-ний өдөр энэ бүх болсон зүйлээ найзууддаа хэлэхэд намайг өмөөрч, Гантулгыг буруутган, уурлаж бухимдсан. 5 дугаар сарын 24-ний өдөр 14 цагийн үед би хорооны байцаагч дээр очиж мэдүүлэг өгөхөд Эрдэнэбаттай таарсан бөгөөд Урангэрэл, Өлзийбаяр нар гадаа ирчихсэн байсан. Би Урангэрэл, Өлзийбаяр нартай хамт “Наран” зоогийн газарт орсон. Би Эрдэнэбаттай уулзах зорилгоор Урангэрэлийн утсаар түүний утас руу залгахад ”нэг болохоор гэртэй байна, нэг болохоор эмнэлэг дээр байна” гээд уулзахгүй зугтаагаад байсан. Ингээд бид гурав Эрдэнэбатыг гэртээ байгаа байх гэж бодоод түүнтэй уулзахаар 15 цагийн үед гэрт нь очиход Соёл-Эрдэнэ нь 2 хүүхэдтэйгээ байж байсан. Бид гурав хаалгийг нь дэлгээд байж байхад Эрдэнэбатын эхнэр болох Соёл-Эрдэнэ нь “гурвуулаа явж байна ш дээ” гээд шууд утсаараа бичлэг хийсэн. Урангэрэл утсыг нь болиулахаар гараараа Соёл-Эрдэнийн утастай нь ноцолдсон. Гэтэл Соёл-Эрдэнэ нь Урангэрэлийг үсдээд байхаар нь намайг очтол Соёл-Эрдэнэ нь нөхрийн цохьсон нүд рүү дахин намайг цохиход би манарсан. Гэрээс нь гарах гэж байхад Соёл-Эрдэнэ нь Өлзийбаярын нуруу руу цохьсон. Энэ үед Урангэрэл орц руу гарсан байсан. Тэдний гэрээс Өлзийбаяр гарч, араас нь би хамгийн сүүлд хаалгыг нь саваад гарсан. Бид гурав машиндаа суугаад “Доун” дээр очоод машинаа тавих гэж байтал цагдаа дуудсан. Урангэрэл, Өлзийбаяр бид гурав 20 гаруй жил найзалсан найзууд. Соёл-Эрдэнэ нь тэр үед дугуй захтай саарал өнгийн богино ханцуйтай цамцтай байсан бөгөөд доогуураа өмдтэй байсан. Хохирогч өөрөө өөрийгөө маажсан байх” гэв.

Шүүгдэгч М.Өлзийбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Урангэрэл над руу Оюунсүрэнг зодуулсан талаар утсаар хэлсэн. Соёл-Эрдэнийн гэрт орохын өмнө Урангэрэл бид хоёр Оюунсүрэнг хороон дээр байцаалт өгч байхад гадаа нь хүлээсэн. Тэнд бас нүд амаа цохиулчихсан, толгойгоо боочихсон нэг залуу байж байсан. Ингээд бид гурав “Наран” зоогийн газарт орж хоол идсэн. Эрдэнэбаттай утсаар ярихад эхлээд эмнэлэг дээр байна, дараа нь гэртээ байна гэхээр нь бид гурав гэрт нь уулзахаар очсон. Одоо сүүлд нь бодоход бодлогоор гэртээ аваачсан гэж бодож байна. Урангэрэл бид хоёр Эрдэнэбаттай уулзах яриа байгаагүй, найздаа л бараа болж хамт явсан. Оюунсүрэн л Эрдэнэбаттай яриа хөөрөө байсан л байлгүй. Соёл-Эрдэнэ нь гэртээ хоёр хүүхдээ уйлуулчихсан байж байсан. Бид гурав Эрдэнэбатыг асуухад байхгүй гэж хэлсэн. Соёл-Эрдэнэ нь утсаараа шууд бичлэг хийгээд байхаар нь Урангэрэл бичлэгээ болиоч гэж хэлээд түүний араас явсан. Соёл-Эрдэнэ нь Урангэрэлийг үсдээд байхаар нь би очиж салгасан. Гэтэл Соёл-Эрдэнэ нь миний хажуугаар Оюунсүрэнг алгадсан. Гэрээс нь гарах гэж байхад миний араас Соёл-Эрдэнэ цохьсон. Харин ч бид гурав Соёл-Эрдэнэд зодуулаад гарсан. Соёл-Эрдэнийг аваад шидээд байх талбай эдний гэрт байхгүй. Соёл-Эрдэнэ өөрөө өөртөө гэмтэл учруулсан байх...” гэв.

Шүүгдэгч Ц.Урангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Оюунсүрэнг хорооны байцаагч дээр байцаалт өгч байхад нь Өлзийбаяр бид хоёр гадаа нь хүлээсэн. Тэгээд би ажилтай байсан болохоор буцаад ажил руугаа явсан. Улмаар Оюунсүрэн “Наран” зоогийн газарт ээжтэйгээ хамт байна гэхээр нь би очсон юм. Бид гурав тэнд хоол идсэн бөгөөд Оюунсүрэн нь “Эрдэнэбаттай уулзмаар байна, хамт яваад өгөөч” гэж гуйсан. Оюунсүрэн нь Эрдэнэбаттай уулзах шаардлагатай байгаа юм байна гэж би ойлгосон. Бид гурав Эрдэнэбатын гэрт очоод хаалгыг нь тогштол эхнэр Соёл-Эрдэнэ нь хаалгаа тайлж өгсөн бөгөөд Эрдэнэбатыг гэртээ байна уу гэж асуухад байхгүй гэж хэлсэн. Бид гурав гэрт нь орсон бөгөөд Соёл-Эрдэнэ нь бичлэг хийгээд байхаар нь би болиулах гээд гараа сарвайсан боловч түүний гарт бол хүрээгүй. Харин ч Соёл-Эрдэнэ нь намайг буланд үсдсэн бөгөөд би түрүүлээд орц руу гарсан. Оюунсүрэн, Өлзийбаяр нар миний араас удалгүй гарч ирсэн. Бид гурвыг гэрт нь ороход хоёр хүүхэд нь уйлчихсан байсан. Харин Соёл-Эрдэнэ миний хүзүүн дээр маажсан байсныг тухайн үед мэдээгүй, гэрээс нь гарсныхаа дараа нь мэдсэн. Бид гурав айлд орсондоо буруутай гэж бодоод 2 сая төгрөг өгсөн...” гэв.

Хохирогч Э.Соёл-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Одоогоос 2 жилийн өмнө намайг жирэмсэн байхад манай нөхрийн утас руу 86403677 дугаарын утаснаас залгаад “Доуны Ооёоо байна” гэж ярьсан. Дараа нь дугаараа нууцлаад залгаад байсан бөгөөд дугаар хадгалах үйлчилгээгээр бас л 86403677 дугаараас залгасан нь мэдэгдсэн. Тэгээд би Оюунсүрэнтэй ярихад “манай нөхрөөс мөнгө төгрөг авна” гэж хэлэхээр “би өгье” гэж хэлж байсан. Тухайн үед би жирэмсэн том гэдэстэй байсан. Ингээд би энэ явдлыг мартчихсан, хүүхдээ төрүүлээд удаагүй байж байтал нэг шөнө манай нөхрийн утас руу Оюунсүрэн нь залгаад “Ирмүүн” баарны караокед байна, хүрээд ир” гэж ярьсан. Энэ асуудлаас болж би нөхөртэйгээ хэрүүл маргаан болсон. Ингээд 2016 оны 5 сарын 22-ны шөнө цагдаагаас манай нөхрийг надад хүлээлгэж өгөхөд манай нөхөр хүнд зодуулчихсан байсан. Маргааш нь манай нөхрийн утас руу 86403677 болон 88403677 гэсэн дугаараас дуудлага ирээд байсан бөгөөд манай нөхөр уг дугааруудыг устгачихсан байхаар нь би Оюунсүрэнгийн нөхөрт зодуулчихсан юм уу гэж асуутал үнэнээ хэлсэн. Тэгээд би Оюунсүрэнгийн нөхөртэй нь уулзахаар утас руу нь залгахад утсаа авахгүй болохоор нь нөхрийнхөө утаснаас Оюунсүрэн рүү мессеж бичтэл над руу хариу мессеж бичилцээд эхэлсэн. Мөн Оюунсүрэнгийн нөхөртэй ч гэсэн утсаар ярьсан. Оюунсүрэнгийн нөхөрт нь эхнэрийнх нь манай нөхрийн утас руу бичсэн мессежийг уншуулаад 64 дүгээр сургуулийн хашаанд уулзахаар болсон юм. Тухайн үед Оюунсүрэнгийн нөхөр нь түүнийг зодсон, харин би Оюунсүрэнгийн бугалга руу усны саваар цохьсон. Маргааш нь манай нөхөр эмнэлэг явна гээд гэрээсээ гарснаас нь хойш 5 минут ч өнгөрөөгүй байхад хаалга тогшихоор нь нөхрийгөө байна гэж бодоод хаалгаа онгойлготол Оюунсүрэн нь 2 хүүхэн дагуулаад орж ирсэн. Энэ гурав манай нөхөр Эрдэнэбатыг асуугаагүй. Би гэртээ 1-3 насны 2 хүүхэдтэйгээ байсан учраас “та нар гараад байж бай, гараад ярилцъя” гэж хэлтэл “хаана ярилцахыг чи мэддэг юм уу?” гэж хэлэхээр нь би “цагдаа дуудлаа шүү” гэж хэлээд утсаараа бичлэг хийсэн. Ямар ч хүн нялх хүүхдүүдийнхээ нүдэн дээр хэрэлдэж зодолдох ухаан байхгүй байх. Миний бага хүүхэд дөнгөж хөлд орж байгаа хүүхэд. Мөн гэрт орж ирчихээд “чи ийм замбараагүй байдаг болохоор, нөхөр чинь араар чинь тавьж байгаа ш дээ” гэж намайг доромжилсон. Урангэрэл нь бичлэгээ боль гээд над руу дайраад намайг буланд шахсан, миний утсыг авах гээд улайраад байсан. Ингэж дайрахдаа надтай ноцолдож, түүний гар нь сарвалзаад байсан. Би утсаа хамгаалж байсан болохоор хүнийг үсдэх боломж байхгүй. Оюунсүрэн нь үүрэг чиглэл өгөөд байж байсан. Өлзийбаяр нь мөн утас авах гээд миний ард урдаас дайраад намайг авч шидсэн. Би утсаа өмднийхөө дотор нуусан. Харин Оюунсүрэн нь намайг уначихсан байж байхад миний баруун гарын бугалганд өшиглөж, Багануурт явуулахгүй гэж намайг заналхийлсэн. Энэ үед хүүхдүүд маань хараад уйлаад байж байхад больчихож болно ш дээ. Оюунсүрэн наад хүүхнээ чирээд гаргаад ир гэж хэлэхэд Өлзийбаяр намайг үүд рүү үсдээд чирэхээр нь би хаалгаа тэгнээд зогссон. Урангэрэл, Өлзийбаяр хоёр миний утсыг надаас авах гэж гараа сарвайлгахдаа миний биед хүрсэн, тэр үедээ намайг маажсан. Миний биед учирсан олон тооны шарх соривыг Урангэрэл, Өлзийбаяр нар учруулсан. Би гэртээ 1 нас 3 сар болон 3 настай хоёр хүүхдийн хамт байсан болохоор эд нартай хэгжүүрхэж болохгүй гэдгээ мэдэж байсан, тиймээс ч шууд бичлэг хийсэн зүйл байхгүй. Ямар сайндаа л 3 настай хүүхдээ цагдаа дууд гээд аврал эрж байхав дээ. Энэ гурван хүүхэн тэгээд хаалга саваад гараад явсан. Би 2 сая төгрөгийн хохирол авсан тул нэмж нэхэмжлэх зүйл байхгүй боловч хэргийн хувьд гомдолтой байна. Яагаад гэвэл энэ гурав манай гэрт орж ирээд надтай соёлтой боловсон харьцаад байхад нь би соёлгүй харьцаад намайг зод гэж би өөрөө хэлсэн юм шиг намайг гүтгэж яриад байгаад нь гомдолтой байна. Надаас гадна нялх 2 хүүхдүүд минь бас давхар хохирогч гэж бодож байгаа. Тухайн үед хүүхдүүд минь айсандаа уйлсан учраас энэ гурвыг гарангуут хүүхдүүдээ тэвэрч тайвшруулсан. Би энэ гурвыг гарангуут нь шууд цонхоор машиных нь дугаарыг харж байгаад цагдаад мэдэгдсэн. Мөн нөхөртөө ч хэлсэн. Цагдаа болон манай нөхөр удалгүй ороод ирсэн. Би хөхүүл нялх хүүхэдтэй, хүүхэд маань байнга л энгэрээс зүүгдээстэй байдаг учраас энгэр задгай хөхүүлэхэд амар хялбар тийм хувцас сонгож өмсдөг. Тухайн өдөр би гэртээ ягаан өнгийн майктай байсан. Мөн саяхан 10 дугаар сард Урангэрэл нь надтай уулзъя гэж хүссэн. Бид хоёр Наран зоогийн газарт орж, би гурван пиво уусан. Энэ үед Урангэрэл нь хэргийн талаар надаас өөрөө асуугаад байсан. Урангэрэлийг бичлэг хийж байгааг нь мэдээгүй... ” гэв.

Шинжээч эмч Т.Сэлэнгэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хүн өөрийн гар хүрэх газраа гэмтэл учруулж болно. Хохирогчийн биед харьцангуй олон тооны гэмтлүүд байгаа учир бусдын гараар үүсгэгдсэн байх магадлал нь өндөр. Би хохирогчийн биед үзлэг хийсэн бөгөөд уг гэмтлүүд нь гадны биетээр бус хумсаар маажигдсан гэмтэл байсан юм. Хажууд нь бид хамт байж хараагүй учраас хоёр хүн зэрэг маажсан эсэхийг тогтоох боломжгүй. Маш түргэн хугацаанд болж өнгөрч байгаа болохоор хоёр тал хоёулаа хөдөлгөөнтэй байсан ч гэсэн тасралтгүй үргэлжилсэн жигд тууш шарх үүсэх боломжтой. Хохирогчийн цээжин биед үүсэн олон тооны шарх болон гарын бугалганд үүссэн хөхрөлт нь аль, аль нь хөнгөн гэмтэл болно...” гэв.

Гэрч Б.Эрдэнэбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Оюунсүрэнг найзаараа дамжуулж таньдаг болсон бөгөөд тухайн өдөр мөнгө төгрөг зээлэх санаатай уулзсан юм, өөр харилцаа холбоо байхгүй. Тухайн өдөр би хорооны байцаагчийг дуудахаар нь очтол Оюунсүрэн ээжтэйгээ хамт байцаалт өгөөд байж байсан. Харин би гадаа нь хүлээгээд зогсож байтал Оюунсүрэнгийн найз болох Өлзийбаяр, Урангэрэл нар нь “ямар гичий байна, пиздаг алаад өгнө” гэх зэргээр хоорондоо яриад зогсож байсан. Оюунсүрэнг гарахад би зөрөөд хорооны хэсгийн байцаагч руу орсон. Хорооноос гараад гэртээ орчихоод найзыгаа дуудаж, машинтай нь эмнэлэг явсан. Гэрээс гарахад эхнэр улаан ягаан өнгийн майктай, доогуураа иртүүз билүү шорттой байсан. Эмнэлэг дээр байж байхад эхнэр хүнд зодуулчихлаа гээд уйлаад залгасан. Дараа нь Оюунсүрэн нь 9902-той дугаараас залгаад “хаана байна, алалцъя” гэж орилж хашгираад байсан. Мөн орцонд цагдаа нартай таарч хамт манай гэрт орсон. Намайг гэрт ороход 3 настай хүүхэд минь ээжийг эгч нар ирээд зодсон гэж хэлсэн. Би өмнө нь Оюунсүрэнтэй утсаар ярихдаа толгой өвдөөд байгаа талаараа хэлж байсан. Харин тухайн өдөр Оюунсүрэн бид хоёр утсаар ярилцаж, би түүнд “гэртээ байгаа” талаараа хэлсэн зүйл байхгүй...” гэв.

        Мөрдөн байцаалтад гэрч Х.Бадмаарагийн мэдүүлсэн: “...Найз Соёл-Эрдэнийг 64 дүгээр сургуулийн хашааны гадна хүргэж өгчихөөд би өөрөө машин дотроо хүлээгээд сууж байсан. Тэгээд хараад байж байтал нөгөө залуу өөрийнхөө эхнэрийг үсдээд, боогоод байсан. Тухайн үед манай найз нилээн ууртай байсан ба нөхрийнх нь хажууд байж байгаад жижиг усны саваар зүүн талын мөр рүү нь 2-3 удаа цохисон. Тэгээд тэд нарыг байж байхад нөгөө хүүхний ээж, дүү нар нь ирээд уулзаж зогсож байснаа ээж, дүү хоёр нь хоёуулаа манай найз руу дайраад түлхэж унагасан. Тэгэхээр нь би машинаасаа бууж очоод ээж, дүү хоёрыг нь холдуулаад найзыгаа аваад машиндаа суулгаад гэрийнх нь гадаа ирсэн. ...Тэрнээс хойш би найзыгаа тайвширсан хойно нь гэр рүү нь оруулж өгчихөөд харьсан. Тэрний маргааш миний утас руу Соёл-Эрдэнэ олон удаа залгасан байсан. Тэгж залгасныг нь би бүр орой мэдсэн. Эргүүлээд залгаад найзтайгаа уулзтал манай найз “Оюунсүрэн гэдэг хүн хоёр найзтайгаа хамт орж ирээд намайг зодчихлоо” гэж хэлээд утсан дээрээ хийсэн бичлэгээ надад үзүүлсэн. Тэгэхэд бие нь, энгэр нь маажуулчихсан үс нь арзайчихсан, гар нь хөхөрчихсөн байсан. Зодуулсан хүн ямар байдаг яг тийм хүн шиг болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч Д.Гантулгын мэдүүлсэн: “...Би Эрдэнэбатын дугаараас эхнэр рүүгээ хоёулаа уулзъя гэсэн мессэж бичүүлсэн чинь хариуд нь 64 дүгээр сургуулийн хашаан дотор уулзъя гэсэн мессэж ирсэн. Мессежний дагуу манай эхнэр 64 дүгээр сургуулийн хашаан дотор ирээд сууж байсан. Тэгээд би 64 дүгээр сургуулийн хашаанд очсон, миний араас Соёл-Эрдэнэ ирсэн. Тэгсэн чинь манай эхнэр намайг хараад зугтах гэхээр нь би “сууж бай” гэж хэлээд үсдээд татаж суулгасан тэгэхгүй бол зугтах гээд байсан. Тэгтэл араас Соёл-Эрдэнэ ирээд биеэ барьж дийлээгүй байх уйлаад  гартаа байсан 0.5 граммын устай саваар зүүн талын мөрний ар тал руу болон шилэн хүзүү рүү нь хэд, хэд цохиод авсан. Урд өдөр нь би эхнэртээ гар хүрчихсэн байсан юм. Мөн урд өдөр нь буюу шөнийн 02 цагт эхнэр Оюунсүрэн болон Эрдэнэбатыг “Хар Хорин” баарны ард харанхуйд байж байхад нь би очоод Оюунсүрэнг хэд хэдэн удаа алгадсан, Эрдэнэбатын толгой болон шанаа руу нь хэд хэдэн удаа цохьсон. Би Өлзийбаярт хандан “чи бид нараас ах байж яагаад нэг найзыгаа буруу алхам хийх гэж байхад болиулаагүй юм бэ” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 09шэ/229 тоот актын: “...Э.Соёл-Эрдэнийн биед их бие дээд мөчний зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /Шинжээч эмч Т.Сэлэнгэ/ гэсэн дүгнэлт /хх-ийн 77/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1083 тоот Нэмэлт шинжээчийн дүгнэлтэд: “...Э.Соёл-Эрдэнийн биед тухайн үед учирсан их бие, дээд мөчний зөөлөн эдийн өнгөц зулгаралт гэмтэл нь хүний гарын хумсны үзүүрээр маажигдах үед үүсэх боломжтой. Уг гэмтлийг 2 хүний нэгэн зэрэг үйлдлээр үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр учирсан өнгөц зулгаралт гэмтэл нь тодорхой хугацааны дараа бүдгэрч арилна. Уг гэмтэл өөрийн болон бусдын гараар аль алины үед үүсэх боломжтой, нарийвчлан ялгаж тогтоохгүй...” /шинжээч эмч Т.Сэлэнгээ/ гэсэн дүгнэлт /хх-ийн 193/,

Хохирогч Э.Соёл-Эрдэнийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21/

Хохирогч Э.Соёл-Эрдэнийн биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 12/

Эд мөрийн баримтаар тооцох тухай “...Эрүүгийн 201601070133 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар Э.Соёл-Эрдэнийн гар утаснаас хуулбарлаж авсан бичлэг болон мессежний зураг ярианы дуу хураасан CD-ийг эд мөрийн баримтаар тооцов...” гэсэн тогтоол /хх-н 55/

            Б.Оюунсүрэн, Ц.Урангэрэл, М.Өлзийбаяр нарын “Цагдаагийн ерөнхий газрын МССТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 124, 127, 128/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.  

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Соёл-Эрдэнээс удаа дараа мэдүүлэг авахдаа тухай бүрт нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээж, санаатайгаар мэдүүлэг өгөхөөс татгалзах, зайлсхийх, эсхүл худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулж авсан, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн сэжигтэн, яллагдагчаар байцаахдаа өгсөн мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 09шэ/229 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хэргийн материалаар хийсэн 1083 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлтүүдийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

Шүүгдэгч Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр, Ц.Урангэрэл нар нь  2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, 58 дугаар байрны 10 тоотод өөрийн гэртээ иргэн Э.Соёл-Эрдэнийг 1-3 насны хоёр хүүхэдтэйгээ хамт байх байхад нь гэрт нь гурвуулаа хамт орж иржээ. Хохирогч Э.Соёл-Эрдэнэ нь “гараад ярилцъя” гэж хэлэхэд нь “хаана ярилцахыг чи мэддэг юм уу, чи гэртээ ийм замбараагүй суудаг болохоор чинь нөхөр чинь араар чинь тавьж байгаа ш дээ” гэх зэргээр хэлжээ. Улмаар Э.Соёл-Эрдэнэ нь өөрийн гар утсаараа бичлэг хийхэд энэ үйлдэлд нь дургүйцэн, утсыг авахаар хохирогч руу эхлээд Урангэрэл, араас нь Өлзийбаяр нь гараа сарвалзуулан дайрч, буланд шахаж ноцолдох явцдаа түүний гар болон цээжин биеийг маажиж, үснээс нь зулгаасан, мөн Оюунсүрэн нь түүний баруун гарын бугалганд өшиглөсний улмаас хохирогчийн биед их бие дээд мөчний зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

- гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг шууд нэрлэж заасан хохирогч Э.Соёл-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би нөхрийгөө ирж байна гэж бодоод хаалгаа шууд онгойлготол Оюунсүрэн 2 хүүхэнтэй хамт орж ирсэн. Би гэртээ 1-3 насны 2 хүүхэдтэйгээ байсан учраас “та нар гараад байж бай, гараад ярилцъя” гэж хэлтэл “хаана ярилцахыг чи мэддэг юм уу” гэж хэлэхээр нь би “цагдаа дуудлаа шүү” гэж хэлээд утсаараа бичлэг хийсэн. Мөн гэрт орж ирчихээд “чи ийм замбараагүй байдаг болохоор чинь нөхөр чинь араар чинь тавьж байгаа ш дээ” гэж намайг доромжилсон. Хэн ч байсан хүүүхдүүдийнхээ дэргэд хэрүүл маргаан хийж, зодолдохыг хүсэхгүй байх. Урангэрэл нь бичлэгээ боль гээд миний утсыг авах гэж улайраад над руу дайраад намайг буланд шахсан. Ингэж дайрахдаа надтай ноцолдож, гар нь сарвалзаад байсан. Би утсаа хамгаалж байсан болохоор хүнийг үсдэх боломж байгаагүй. Оюунсүрэн нь үүрэг чиглэл өгөөд байж байсан. Мөн Өлзийбаяр нь утас авах гээд миний ард, урдаас дайраад намайг авч шидсэн. Өлзийбаяр, Урангэрэл нар миний утсыг авах гээд гараа сарвайлгахдаа миний биед хүрч, намайг маажсан. Миний биед үүссэн олон тооны шарх соривыг Өлзийбаяр, Урангэрэл нар учруулсан. Харин Оюунсүрэн нь намайг уначихсан байж байхад миний баруун гарын бугалганд өшиглөсөн. Оюунсүрэн нь “наад хүүхнээ чирээд гаргаад ир” гэж хэлэхэд нь Өлзийбаяр намайг хаалга руу үсдээд чирэхэд нь би хаалгаа тэгнээд зогссон. Энэ үед хоёр нялх хүүхдүүд минь хараад байж байхад энэ гурав болиод гараад явчихаж болно ш дээ” гэх мэдүүлэг,

-шинжээч эмч Т.Сэлэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хүн өөрийн гар хүрэх газраа гэмтэл учруулж болно. Хохирогчийн биед харьцангуй олон тооны гэмтлүүд байгаа учир бусдын гараар үүсгэгдсэн байх магадлал нь өндөр. Би хохирогчийг өөрөө үзсэн бөгөөд уг гэмтлүүд нь гадны биетээр бус хумсаар маажигдсан гэмтэл юм. Хажууд нь бид хамт байж хараагүй учраас хоёр хүн зэрэг маажсан эсэхийг тогтоох боломжгүй. Маш түргэн хугацаанд болж өнгөрч байгаа болохоор хоёр тал хоёулаа хөдөлгөөнтэй байсан ч гэсэн тасралтгүй үргэлжилсэн жигд тууш шарх үүсэх боломжтой. Хохирогчийн цээжин биед үүсэн олон тооны шарх болон гарын бугалганд үүссэн хөхрөлт нь аль аль нь хөнгөн гэмтэл болно...” гэв.

-гэрч Б.Эрдэнэбатын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би Тухайн өдөр хорооны байцаагчийг дуудахаар нь очтол Оюунсүрэн ээжтэйгээ хамт байцаалт өгөөд байж байсан. Харин би гадаа нь хүлээгээд зогсож байтал Оюунсүрэнгийн найз болох Өлзийбаяр, Урангэрэл нар нь “ямар гичий байна, пиздаг алаад өгнө” гэх зэргээр хоорондоо яриад зогсож байсан. Оюунсүрэнг гарахад би зөрөөд хорооны хэсгийн байцаагч руу орсон. Хорооноос гараад гэрээрээ орчихоод эмнэлэг явсан. Эмнэлэг дээр байж байхад эхнэр хүнд зодуулчихлаа гээд уйлаад ярьсан. Дараа нь Оюунсүрэн нь 9902-той дугаараас залгаад “хаана байна, алалцъя” гэж орилж хашгираад байсан. Намайг гэрт ороход 3 настай хүүхэд минь ээжийг эгч нар ирээд зодсон гэж хэлсэн. Тухайн өдөр Оюунсүрэн бид хоёр утсаар ярилцаж, би түүнд “гэртээ байгаа” талаараа хэлсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

-гэрч Х.Бадмаарагийн мөрдөн байцаалтад өгсөн “...Соёл-Эрдэнэтэй уулзтал манай найз “Оюунсүрэн гэдэг хүн хоёр найзтайгаа хамт орж ирээд намайг зодчихлоо” гэж хэлээд утсан дээрээ хийсэн бичлэгээ надад үзүүлсэн. Тэгэхэд бие нь, энгэр нь маажуулчихсан үс нь арзайчихсан, гар нь хөхөрчихсөн байсан. Зодуулсан хүн ямар байдаг яг тийм хүн шиг болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/

-гэрч Д.Гантулгын мөрдөн байцаалтад өгсөн “...Би Өлзийбаярт хандан “чи бид нараас ах байж яагаад нэг найзыгаа буруу алхам хийх гэж байхад болиулаагүй юм бэ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/,

-хохирогчийн биед үзлэг хийж, учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн “Э.Соёл-Эрдэнийн биед их бие дээд мөчний зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 09шэ/229 тоот дүгнэлт /хх-н 77/,

-хэргийн материалаар шүүх эмнэлгийн магадлан шинжилгээг нэмэлтээр хийсэн шинжээчийн “Э.Соёл-Эрдэнийн биед тухайн үед учирсан их бие, дээд мөчний зөөлөн эдийн өнгөц зулгаралт гэмтэл нь хүний гарын хумсны үзүүрээр маажигдах үед үүсэх боломжтой. Уг гэмтлийг 2 хүний нэгэн зэрэг үйлдлээр үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр учирсан өнгөц зулгаралт гэмтэл нь тодорхой хугацааны дараа бүдгэрч арилна. Уг гэмтэл өөрийн болон бусдын гараар аль алины үед үүсэх боломжтой, нарийвчлан ялгаж тогтоохгүй” гэсэн 1083 тоот дүгнэлт /хх-н 193/

-шүүгдэгч Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр, Ц.Урангэрэл нарыг хохирогч Э.Соёл-Эрдэнийн гэрт орж ирээд ямар байдалтай байсан, ямар зан авир гаргасан, хохирогч руу хэрхэн яаж дайрч байгааг харуулсан эд мөрийн баримт болох CD /сиди/ бичлэг,

-хохирогчийн биед учирсан гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, шүүгдэгч Б.Оюунсүрэн, Ц.Урангэрэл, М.Өлзийбаяр нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг эр эмийн хардлагаас үүссэн  гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь тухайн өдөр хохирогчийн нөхөр болох “Эрдэнэбат гэгчтэй уулзах зорилгоор гэрт нь очсон” гэж мэдүүлэх боловч хохирогч Э.Соёл-Эрдэнэтэй хэрүүл маргаан хийх зорилгоор очиж, улмаар 1-3 насны хоёр хүүхдийнх нь дэргэд Э.Соёл-Эрдэнэд хүч хэрэглэсэн болох нь шүүх хуралдаанд гэрч Эрдэнэбатын өгсөн “би тухайн өдөр хороон дээр Оюунсүрэнтэй таараад бид хоёр юм яриагүй, харин гадаа нь Өлзийбаяр, Урангэрэл нар нь “ямар гичий байна, пиздаг алаад өгнө гэх зэргээр хоорондоо яриад зогсож байсан. Би Оюунсүрэнд гэртээ байгаа талаараа утсаар яриагүй” гэсэн мэдүүлэг, мөн шүүгдэгч М.Өлзийбаяр, Ц.Урангэрэл нарын өгсөн “Хорооны байцаагч дээр Оюунсүрэнг байцаалт өгч байхад бид хоёр гадаа нь хүлээгээд байж байхад нүд амаа цохиулчихсан, толгойгоо боочихсон нэг залуу тэнд бас байж байсан. Манай найз Оюунсүрэнд Эрдэнэбаттай уулзаж, яриа хөөрөө байсан л байлгүй, хамт яваад өгөөч гэж гуйсан” гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна.   

Иймд Б.Оюунсүрэн, Ц.Урангэрэл, М.Өлзийбаяр нар нь хувийн сэдэлттэйгээр гэмт үйлдэлдээ санаатай нэгдэж, бусдын биед гэмтэл учруулсан үр дагаварт шууд санаатай хандсан байна.

Шүүгдэгч нарын “хохирогчид хүч хэрэглэсэн үйлдэл” болон хохирогчийн биед учирсан “хөнгөн гэмтэл” нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

 

Түүнчлэн хэрэг үйлдэгдэх үед хэрэг учралын газар хохирогч, шүүгдэгч нараас өөр хүн байгаагүй ба шүүгдэгч нар нь өөрийн гэм буруугүйг нотлох үүрэг хүлээхгүй, тэдгээрийн гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлж байгаа нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүйн дээр хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, дүгнэлт гаргах үүрэг бүхий этгээд болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна.

Мөн хохирогчийн удаа дараагийн мэдүүлэг “зөрүүтэй” гэх боловч хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн 2 удаагийн мэдүүлгүүд болон хэд хэдэн удаагийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй, хэргийн үйл баримтын талаар тогтвортой, тодорхой мэдүүлсэн, энэ мэдүүлгүүд нь холбогдох гэрч Гантулга, Бадмаараг нарын мэдүүлэгтэй зөрчилдөөгүй байна.

Шүүгдэгч нар нь “хохирогчийг өөрөө өөртөө гэмтэл учруулсан” гэж маргах боловч шинжээчийн “хохирогчийн биед харьцангуй олон тооны гэмтлүүд байгаа учир бусдын гараар үүсгэгдсэн байх магадлал нь өндөр” гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэх бөгөөд хохирогчийг өөрөө өөртөө гэмтэл учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдах ба тэдгээр нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар /хх-124, 127, 128/ тогтоогдсон болно.     

 

 Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын тухайд хохирогч Э.Соёл-Эрдэнэ нь шүүх хуралдаанд “би 2 сая төгрөгийн хохирол авсан тул шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлснээс үзэхэд шүүгдэгч нар нь хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

Шүүхээс Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр, Ц.Урангэрэл нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлснийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, сонгох ялуудаас Ц.Урангэрэлд торгох, харин Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр нарт албадан ажил хийлгэх ялыг хэрэглэх нь зохимжтой гэж үзэв. Харин шүүгдэгч нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаа болон дээр дурьдсан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж, хуульд заасан ялын доод хэмжээг баримтлах нь зүйтэй.

Б.Оюунсүрэн, Ц.Урангэрэл, М.Өлзийбаяр нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдож ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсаргах нь зохилтой.

Харин өмгөөлөгч Ц.Мөнхтуяа нь шүүгдэгч Урангэрэл болон хохирогч Соёл-Эрдэнэ нарын хоорондын яриаг бичсэн бичлэгийг шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгч, шинжлэн судлуулсан бөгөөд уг бичлэгийг хийх үед хохирогч нь “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан” гэж мэдүүлэх бөгөөд энэ нь нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаар хуульд заасан шаардлагыг хангаагүй тул шүүх уг баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч Ц.Мөнхтуяагийн шинээр гаргаж өгсөн CD /сиди/ нь уншигдахгүй байсан бөгөөд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул хүлээн авах боломжгүй юм.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Харчууд овгийн Баасанбатын Оюунсүрэн, Боржигин овгийн Мягмарын Өлзийбаяр, Боржигон овгийн Цэнгэлсайханы Урангэрэл нарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овгийн Цэнгэлсайханы Урангэрэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 /есөн сая долоон зуун ерэн хоёр мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар Харчууд овгийн Баасанбатын Оюунсүрэн, Боржигин овгийн Мягмарын Өлзийбаяр нарыг тус бүр 255 /хоёр зуун тавин таван/ цагийн албадан ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг Ц.Урангэрэлд мэдэгдсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр нарт оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Багануур дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэлийн хэсгийн мэдэлд нийгэмд ашигтай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоногийн баривчлах ялаар тооцож солихыг Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр нарт  мэдэгдсүгэй.
  7. Шүүгдэгч Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр, Ц.Урангэрэл нар нь хохирогч Э.Соёл-Эрдэнэд 2.000.000 /хоёр сая/ төгрөг төлснийг, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.
  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-г /Сиди/ уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалахыг, өмгөөлөгч Ц.Мөнхтуяагийн гаргаж өгсөн CD-г /Сиди/ түүнд буцаан өгөхийг тус тус дурдсугай.
  9. Тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр, Ц.Урангэрэл нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  10. Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр, Ц.Урангэрэл нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардал тодорхойлогдоогүй болохыг дурдсугай.
  11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг ялтан болон хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  12.  Шийтгэх тогтоолыг давж заалдаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Б.Оюунсүрэн, М.Өлзийбаяр, Ц.Урангэрэл нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.БАЙГАЛМАА