Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 112/ШШ2022/0011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             ******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл даргалж, шүүгч Г.Янжиндулам, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах нарын бүрэлдэхүүнтэй,  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

            Нэхэмжлэгч: Иргэн Ч.З, Н.Д нар

            Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: М.Энхзаяа

            Хариуцагч: Говь-Алтай аймгийн ******* О.А, Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О

            Гуравдагч этгээд: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Д.Б, Д.З, тэдгээрийн өмгөөлөгч Б.О нарын хоорондын  аймгийн Засаг даргын 2007 оны 11 сарын 21-ний 307 тоот захирамж, 0126242 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх бүртгэлийн 000103031 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий  маргааныг хянан хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Н.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, нэхэмжлэгч Ч.З, нэхэмжлэгч Ч.Зын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, гуравдагч этгээд Д.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч  нар нь  тус аймгийн ******* болон Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан аймгийн Засаг даргын 2007 оны 11 сарын 21-ний 307 тоот захирамж, 0126242 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх бүртгэлийн 000103031 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгуулахаар  маргаж байна.

             2.  Нэхэмжлэгч Н.Д, Ч.З нар  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Миний бие Н.Д би 1995 онд Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах 187 м кв талбай бүхий газрыг тухайн үед хоршоодын холбооны дарга байсан Б.Маньбазараас 170.000 төгрөгөөр авч байсан.  Одоо миний эзэмшлийн 15м2  талбай бүхий газрын үргэлжлэл үл хөдлөх хөрөнгө юм.

              Гэтэл 2017 оны 9 дүгээр сард тэр байрыг нэг шөнө Д.Б нь буулгаж ачсан ингээд гэрчилгээ авсан байсныг мэдээд газрын алба мэргэжлийн хяналт зэрэг нэр бүхий байгууллагад хандсан болно.   Н.Д миний өмчлөлийн үргэлжлэл газар дээр Д.Б нь барилга барих зөвшөөрөлгүй атлаа хууль бусаар барилга барьж миний эрх ашгийг зөрчиж байна. Учир нь: 000103031 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд дурьдсан м2  талбай бүхий газар байхгүй байхад үндэслэлгүйгээр газар эзэмших эрхийн гэрчилгээ болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан байх тул хүчингүй болгож өгнө үү.  Миний бие Ч.З Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн  Хаш үйлчилгээний төвийн газар нь миний өмчлөлийн газар юм.  Энэ гэзрыг 2020 оны 1 дүгээр сарын 17-нд миний бие Ч.З би Есөнбулаг сумын газрын даамал Н.Отэй Газар эзэмших гэрээ хийж 1155 м2  талбай бүхий газрыг эзэмшихээр болсон юм.  Гэтэл Д.Б нь 2017 онд миний эзэмшлийн газрын үргэлжлэл болох Хаш үйлчилгээний төвийн газар дээр кадастрын зураглал хийж уг зургийг зшиглан газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн газар эзэмших гэрээнд газрын байршил хэмжээ хилийн зааг кадастрын зураг зөрүүтэй байхад 414 м2  талбай бүхий газар байхгүй байхад байршил       зөрүүтэй газар дээр 3 өөр төрлийн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон нь ойлгомжгүй байна.

          Д.Б гэрчилгээ гаргаж авсаныг байшин нураахаар нь мэдсэн. Ингээд уг асуудлыг захиргааны хэргийн шүүхэд хандаж хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлт гаргаж 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээсний үндсэн дээр нэхэмжлэлийг гаргаж байна.  Иймд Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 21-ний  өдрийн 307 дугаартай захирамж,  00126242 дугаартай газар эзэмших эрхийн гарчилгээ, үл хөдлөх  эд хөрөнгийн бүртгэлийн 000103031 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгч Ч.З шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Би энэ Хаш үйлчилгээний төвийн эзэн хүн байна. Хаш үйлчилгээний төвийг 1998 онд Оросхүү гэдэг хүнээс худалдаж авснаас хойш үйл ажиллагаа явуулж байгаа. 2002 онд газар эзэмшүүлэх хууль гараад түүний дагуу 1155 м2 газрыг Хаш үйлчилгээний төв дээр гэрээ хийж эзэмшиж авсан. Хаш үйлчилгээний кадастрыг ашиглан өөр байршилтай үл хөдлөх хөрөнгийн зургийг авч ирж миний газар болон үл хөдлөх хөрөнгөнд халдсан учир Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгнө үү? Энэ захирамж байхгүй бол миний өмч хөрөнгөнд халдах боломжгүй байсан гэж үзэж байна. Д.Б гэдэг хүн гэнэт байшин нураагаад эхэлсэн. Тэгээд нураасны дараагаар 414 м2 газартай гэсэн надтай адилхан Монгол улсын газар эзэмших гэрээг гаргаж ирсэн. Тэр үед кадастрын зураг байхгүй тул гэрээгээр үйл ажиллагаа явагддаг байсан. Өмнөх шүүх хурал дээр  таны гэрчилгээ хуулиараа хүчингүй болжээ. Замынхаа  дээд талд байх тул байршил нь зөв байна. Мөн 2003 онд хүчингүй болсон гэдгийг гэрч О гэдэг хүн өгч түрүүчийн шүүх хурлаар гарч ирсэн. Тэгээд яг маргахад Д.Б гэдэг хүний газар өмчлөх хүчинтэй холбоотой зүйл гарч ирээгүй. Миний газрыг хууль бусаар авч байшинг маань нурааж байгаад гомдолтой байна. Анхны шүүх хурал дээр очоод  1155 м2 газар чинь кадастр газрын харилцааны санд бүртгэлтэй юу эсэхийг нь шалгахад уг газраас хуулбар үнэн гэсэн бичиг өгсөн. Дараагаар нь би энэ шүүх хуралд орохдоо 1155 метр квадрат газрынхаа эх хувийг өгсөн. Яг адилхан ийм бичиг байхад энэ хүн яагаад байхгүй үл хөдлөхийн 416 м2 газар байлгаад байгаа хуурамч бичиг баримтыг хүчингүй болгож өгнө үү? 1155 м2 талбайгаа эзэмшдэггүй юмаа гэх өөрийнхөө газрын 399 метр квадрат үл хөдлөх хөрөнгөтэй гэсэн бичгээр 416 м2 газраа ухуулчхаад сууж байна.  Тэгээд би өөрийнхөө  албан ёсны эрх өмч хөрөнгөө хамгаалж байгаа тул миний гомдлыг барагдуулж өгнө үү гэж хүсэж байна гэв.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Э  гэдэг хүний нэр дээр гарсан газар болон барилгын гол асуудал нь өмнө нь хийсэн Дгийн гуанзны хажууд захын дээд талд гэсэн гэрээн дээр байршлын заалт байгаа. Тэр заалт дээрээс харахад тэр газрыг үндэслээд сүүлд гарсан газрын гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь замын дээд талд, замын доод талд 2 өөр газар дээр гаргасан юм байна гэж харагдаад байгаа юм. Түүнээс болоод Засаг даргын захирамж нь газрын гэрээн дээр байгаа байршил, өнөөдрийн тэр нураасан байгаа байшингийн байршил хоёр зөрж байгаа учир буруу зүйл үндэслээд ******* газар олгоод үл хөдлөхийн гэрчилгээ гаргаад өгчихсөн юм байна гэсэн асуудал харагдаад байгаа юм. Үүнээс шалтгаалаад яг Хаш үйлчилгээний төвтэй залгаа баригдсан барилгад өөр газрын гэрээг үндэслээд захирамж гаргаад газар олгоод үл хөдлөхийн гэрчилгээ гаргаж өгснөөр манай Хаш үйлчилгээний хажуугийн барилгыг шинээр барилга барих гэж байна гэж нураагаад өмнө нь байсан барилгын газраасаа илүү гаргаад хундаам ухсан. Манай ханатай тулгаж хундаам ухаад одоо манай барилга нурах эрсдэлтэй болсон. Тэгээд 5 жил манайх тухайн барилга дээрээ үйлчилгээ явуулаагүй хохирол үүсээд байгаа учир шүүхэд нэхэмжлэл гаргасан.  

 Бэлэглэлийн гэрээгээр 399 м2 үл хөдлөх хөрөнгийг Д.Б гэдэг хүнд шилжүүлж өгсөн гэсэн баримт байгаа. Тэгэхээр энэ гэрээ бас хуурамч болж таарч байгаа. Хаанаас ч харсан 189 м2 барилгыг нураасан байхад тэнд багтахгүй 399 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгийг энэ хүнд бэлэглээд гэрээ байгуулсан байгаа юм бэ? хуурамч бичиг баримтыг шалгаж үзэхгүйгээр үл хөдлөх хөрөнгийн газар гэрчилгээ гаргаж өгсөн. Түүнийг үндэслээд Засаг даргын захирамж гарсан байна гэж үзсэн. Засаг даргын болон үл хөдлөхийн гэрчилгээ нь манай эрх ашгийг хөндөж байгаа. Өнөөдөр тэр нураасан газар дээрээ шинэ үл хөдлөх хөрөнгийн 189 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгөө нураагаад 399 м2 барилга манайх нураасан, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь энэ байна гээд манай Хаш үйлчилгээний төвийн хундаамыг давуулаад ор үл хөдлөх хөрөнгө байгаагүй газар дээр нүх ухсан. Одоогийн гэрчилгээгээ ашиглаад ийм гэрчилгээ байгаа учир манай үл хөдлөх хөрөнгө ийм талбай дээр байсан гээд өөр барилга барих гээд манай цонхыг хаах гээд манай хундааманд тулгаад ухсан байгаа. Энэ бол манай эрх ашгийг маш ноцтой зөрчиж байгаа.

 

         5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Би гутал засварын байрны 15 м2 үл хөдлөхийн залгаа 187 м2 үл хөдлөх хөрөнгө байсан. Түүнийг нураагаад тэр дээр 399 м2 үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулж авсан. 8 өрөө байр гэсэн том үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулж авсан байгаа. Мөн 414 м2 газар эзэмших гэрчилгээ байгаа. Тэр гэрчилгээн дээр байшин 3 дугаар баг 6 тоот гэсэн байгаа. Зоригтын 1155 м2 болохоор 4 дүгээр багийн нутагт гэж байгаа. Байршил нь зөрүүтэй харагдаж байгаа. Үүнийг шалгаж өгнө үү? 414 м2 399 м2 манай тэнд ерөөсөө байгаагүй. Манай тэнд угаасаа багтахгүй. Миний 10 өрөө гэж маргалдаад байгаа үл хөдлөх дээр 189.6 м2 газрын гэрчилгээ гаргуулж авсан байгаа юм. Газрын гэрчилгээ нь үл хөдлөх нь байхгүй байхад яагаад газрын гэрчилгээ гаргаж байгаа юм бэ? Үүнийг шалгуулах гэж мөн захирамжийг нь шалгуулах гэж нэхэмжлэл гаргасан. 187 м2 үл хөдлөх байсан дээр 399 м2 том үл хөдлөх гэрчилгээ нэгдүгээрт авсан байсан. Хоёрдугаарт 414 м2 газрын эрхийн бичиг гэж авсан байгаа. Энэ дээр байршил нь  3 дугаар баг гээд өөр байгааг шалгуулах гэж нөгөөдөх нь 187 м2 байсан үл хөдлөх дээр 189 эрхийн бичиг авчихсан байгаа тэр нь ямар үндэслэлээр гэдэг нь тодорхойгүй байгаа. Гэтэл нөгөө тал 399 м2 үл хөдлөхтэй байсан тэр дээр жижигрүүлээд авчихсан юм яриад байгааг зөвөөр тогтоож өгөөрэй.

 

6.Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Н.Д, Ч.З нараас Говь-Алтай аймгийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 21 -ны өдрийн А/307 дугаар захирамжийн дагуу иргэн Д.Бт олгосон 00126242 дугаар газар эзэмших гэрчилгээ болон эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах хариуг хүргүүлж байна. Үүнд: Иргэн Д.Б, Ч.З нарын “Хаш” үйлчилгээний төвийн орчмын барилгын эзэмшил газрууд нь ямар нэг хэмжээгээр давхцалгүй байгаа болох нь тус газрын мэдээллийн сангаар нотлогдож байна. Иргэн Н.Д уг барилгын орчимд газар эзэмшиж байсан мэдээлэл байхгүй байна.  Иргэн Д.Бийн барилга байгууламжийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд 399 м2 талбайтай обьектыг тодорхойлсон ба аймгийн Засаг даргын 2007 оны 11 сарын 21- ны өдрийн 307 дугаар захирамжаар барилгын доорх 189 м2 газрыг эзэмшүүлсэн байна.   Дээрх иргэдэд эзэмшүүлсэн газрууд нь хоорондоо давхцалгүй байгаа тул чэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

7.Хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Иргэн Н.Д, Ч.З нараас Говь-Алтай аймгийн Засан даргын  Засаг даргын 2007 оны 11 сарын 21-ний А/307 тоот захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлтэй танилцаад дээрх тайлбарыг гаргаж байна. Д.Б, Ч.З нарын Хаш үйлчилгээний төвийн орчмын барилга эзэмшил газрууд нь ямар нэгэн хэмжээгээр давхцалгүй байгаа болох нь тус газрын мэдээллийн сангаар нотлогдож байна. Иргэн Н.Д нь уг барилгын орчимд газар эзэмшиж байсан мэдээлэл мэдээллийн санд бүртгэлтэй байна. Дээрх иргэдэд эзэмшүүлсэн газар нь хоорондоо давхцалгүй байгаа нь мэдээллийн сангаас харагддаг. Иргэн Д.Бт Говь-Алтай аймгийн Засаг даргын 2007 оны А/307 тоот захирамжаар барилгын доорх 189 м2 газрыг эзэмшүүлсэн байгаа. Дээрх иргэдэд эзэмшүүлсэн газар бол хоорондоо ямар нэгэн давхцалгүй болох нь мэдээллийн санд байгаа учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2002 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 060700455 дугаартай газар эзэмших гэрээ байгуулсан байгаа. Энэ гэрээг манай кадастрын цахим мэдээллийн санд шүүлт хийхэд мэдээллийн бүртгэлд байгаагүй. Тухайн гэрээ хийсэн газар дээр нь 1155 м2 газар байх үндэслэлгүй гэсэн хариу тайлбар гаргаж албан тоот хүргүүлсэн байгаа. Иргэн Зоригт нь 2010 онд тухайн гэрээг ямар нэгэн шийдвэр гаргахгүйгээр хийсэн. Тухайн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж манай байгууллагаас үзэж байгаа. Иргэн З нь 2010 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 155 дугаар захирамжаар 274.4 м2 газрыг эзэмшүүлсэн Засаг даргын захирамж гарсан байгаа гэв.

 

8.Хариуцагч аймгийн Улсын бүртгэлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Н-гийн Д, Ч-ын З нарын нэхэмжпэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 000103031 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах тухай маргаантай танилцаж, холбогдох бүртгэлийн нотлох баримтад үндэслэн дараах тайлбарыг гаргав.

Улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг анх улсын бүртгэлийн байгууллагад 2000 оны 12 сарын 21-ний өдөр өмчлөгч мэдүүлэг гарган холбогдох нотлох баримтыг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулинд заасны дагуу /мэдүүлэг, өргөдөл, паспортын хуулбар, өмч хувьчлалын комисоос олгосон гэрчилгээ, газар эзэмших гэрээ, байршлын зураг, фото зураг/ бүрдүүлэн өгч, 399м2 /8 өрөө/ хэмжээтэй, худалдаа-үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлж, өмчлөгчөөр Жинст Цахиур хоршоо болон иргэн Ц.Н, Ц.Р, А.Н нар бүртгүүлсэн байна.

2004 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 19-р нотариатчийн гэрчилсэн бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрх шилжиж, өмчлөгчөөр иргэн Дгийн Э /уу65063031/ бүртгүүлж, 000103031 тоот гэрчилгээг авсан бүртгэлтэй байна.

Дээрх бүртгэл улсын бүртгэлийн холбогдох хууль журмын дагуу хийгдсэн байх бөгөөд одоо тухайн хөрөнгийг буулгасан /нүдэнд харагдаж байгаа/ байх тул тухайн хөрөнгийг өмчлөгч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.7 дахь хэсэгт зааснаар эрхийн улсын бүртгэлийг хаалгахаар улсын бүртгэлд хандаж болно.

Иргэн Дгийн Эийн 000103031 тоот гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгийн 2 хажуу талд зэрэгцээ байршилтай нэхэмжлэгч этгээдүүдтэй холбогдох бүртгэлийн тухайд, иргэн Н.Дөмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0518000371 дугаарт бүртгэлтэй 15м2, үйлчилгээний /гутал засварын/ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн анхны бүртгэл нь ******* дугаарт бүртгэлтэй иргэн Дгийн Эийн өмчлөлийн дээр дурьдсан хөрөнгөтэй нэг өдөр бүртгүүлсэн, мөн ижил өмчлөгчтэй байсан. 2003 онд холбогдох нотлох баримтаар Н.Дөмчлөлд шилжсэн бүртгэлтэй байна.

Иргэн Чойжилжавын Зоригтын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0518001615 дугаарт бүртгэлтэй, 274,4м2 /6 өрөө/, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө 2010 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн мэдүүлэг болон түүнд хавсарган өгсөн нотлох баримтаар улсын бүртгэлд бүртгүүлсэн байна гэв.

 

10.Хариуцагч аймгийн Улсын бүртгэлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Энэ хоёр бүртгэлийн тухайд 2000 онд анх удаа үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлсэн. Газар эзэмших гэрээн дээр үндэслэж хийгдсэн байдаг. Энэ гэрээ нь 414 м2 газар дээр нь 399 м2 8 өрөө бүхий үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр гараад тусдаа 15 м2 гутал засварын үйлчилгээний  зориулалттай үл хөдлөхийн гэрчилгээнүүд гарсан байдаг. Тухайн үед энэ нийтийн эзэмшлийн газар. Манай аймгийн төвд А зэрэглэлд байдаг газар дээр байдаг үл хөдлөх хөрөнгүүд бүртгэгдсэн байгаа. Гэрээгээр үл хөдлөх хөрөнгийн хэмжээ нь яг тохирч байгаа. Дараа нь 2004 онд эрх шилжүүлэх гэрээгээр энэ хоёр үл хөдлөх хөрөнгө нь эрх нь шилжээд өөр өмчлөгчтэй болсон байдаг. Газар дээр байгаа зөвхөн үл хөдлөх хөрөнгө шилжсэн болохоос биш тухайн газар нь шилжээгүй. Энэ бол нийтийн эзэмшлийн газар болохоор газар шилжсэн баримт байхгүй. Тухайн үеийн хуульд бүрдүүлэх ёстой гэж заасан нотлох баримтуудаа бүрдүүлээд бүртгүүлсэн байдаг. Өнөөдөр маргаан бүхий 399 м2 барилга маань устаж үгүй болоод байгаа юм. Тийм учраас тухайн өмчлөгч өөрөө хүсэлтээ гаргаад манай улсын бүртгэлд хандаж бүртгэл хаалгах хуультай. Тухайн газар бол шилжээгүй гэв.

 

11.Гуравдагч этгээд Д.Б шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байгаа 399 м2 талбай бүхий газартай объектыг 2002 онд Ж Ц Хоршооноос бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, эзэмшсэн байдаг. Дээрх объектыг 2007 онд улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан. Нэхэмжлэгч талаас Ц.Р, Ц.Ннараас 15 м2 талбайг аваагүй гэж хэлж байна. Ж Ц Хоршоо анх 1996 онд байгуулагдсан, 2000 оноос хойш үйл ажиллагаагаа явуулан анхны өмчлөгчөөр Ц.Р нэр дээрээ бүртгүүлсэн байдаг. Миний одоогийн эзэмшиж байгаа газар бол ямар нэгэн шинэ газар биш. Хуучин үйлчилгээ явуулдаг байсан. Хүмүүс мэдэж байгаа. Ямар нэгэн өөр барилгын давхцал байхгүй. Бүх зүйл хуулийн дагуу явагдсан.

12. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.О шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Д.Б, Д.З нарын өмгөөлөгчөөр оролцож байна. Зарим зүйлийн зааг ялгааг гаргахгүй бол буруу тайлбар хийгээд байна. Маргаан бүхий газар үл хөдлөх анх 2000 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ж Ц Хоршоо буюу Ц-ы Р гэх хүний нэр дээр 414 м2 газартай хуучин худалдаа бэлтгэлийн трестийн барилгыг хувьчлагдах үед Ж Ц Хоршооны эзэн өөрийн эзэмшилд авч анх эзэмшигч, өмчлөгчөөр тогтоогдож байсан. 414 м2 талбай бүхий газартай үл хөдлөх хөрөнгийг 15 м2 газрын иргэн Н.Дд 2003 онд бэлэглэлийн гэрээгээр үлдсэн 399 м2 газартай 8 өрөө бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2003 онд иргэн Д.Б, Д.З нарт хувааж, салгаж өгсөн. Д.Б 2004 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Газрын харилцаа, геодези, зураг зүйн газарт мэдүүлэг гаргаж, 2003 онд Ц.Ргаас бэлэглэлийн гэрээгээр авсан 399 м2 газартай 8 өрөө бүхий үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Түүнээс хойш эзэмшиж ашиглаж байсан. 2018 онд тус барилгыг шинэчлэн барих зорилгоор нураасан. Түүнээс хойш уг газартай, өмчлөх эрхтэй холбоотой ямар нэгэн маргаан гараагүй байж байгаад 2021 онд нэхэмжлэгч нар нь бид нарын эрх ашгийг зөрчиж байна гэсэн агуулгаар нэхэмжлэл гаргасан. Газрын тухай хууль 2006 онд шинэчлэгдэн найруулагдсанаас хойш уг барилгын доорх 399 м2 газрыг барилгын хундаамаар буюу 189 м2 газраар багасган Засаг даргын 2007 оны 11 сарын 21-ний А/307 дугаартай захирамжийг үндэслэн 2008 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эзэмшиж эхэлсэн. Нэхэмжлэгч нар уг захирамж болон газар эзэмших эрхийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өнөөдөр уг газар нь нэхэмжлэгч нар дээр ямар нэгэн байдлаар эрх үүсээгүй. Нэхэмжлэгч нарын эзэмшиж ашиглаж байгаа газартай ямар нэгэн байдлаар давхцалгүй, зэргэлдээ оршдог барилга байгаа. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан. Нэхэмжлэгч нарын ярьж байгаагаар тухайн барилга нь миний барилга байсан гэж Н.Д гуайн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байгаа. Ч.З тухайн газар нь миний газар байсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүдээ тус тус тайлбарлаж байна. 187 м2 барилга минийх байсан гээд 1997 онд өмч хувьчлалаар авсан гэж байна. Тус объектыг Ж Ц Хоршоо авсан. Энэ нь хэрэгт авагдсан материалаас харагдаж байгаа.  Ж Ц Хоршоо аваад тухайн газар, объектыг анх 2000 онд өөрийн нэр дээрээ бүртгүүлсэн. Түүнээс хойш 414 м2 газартай объектоос 15 м2 талбайтай объектыг иргэн Н.Д гуайд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж үлдсэн 399 м2 8 өрөө бүхий 8 өрөө бүхий объектыг Д.Б Д.З нарт бэлэглэлийн гэрээгээр өгсөн. Тэгж өнөөдрийн маргаад байгаа объектыг өмчлөх эрх анх үүссэн. Н.Д гуай би авсан гэж тайлбарлаж байна. Ч.З энэ хоёр анх Ж Ц Хоршоо байгуулагдаагүй юм гэсэн агуулгаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлдээ улсын бүртгэлийн хэлтсийн тодорхойлолтыг гаргаж өгсөн байдаг. Ж Ц Хоршоо нь 1996 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр татан буугдсан байна гэсэн тодорхойлолт байдаг. Ж Ц Хоршоо татан буугдсан байхад бэлэглэлийн гэрээ хийсэн гэдэг агуулгаар тайлбарлаж байсан. Тэгээд үүнийг үзэхээр улсын бүртгэлийн байгууллага хуурамч нотлох баримт гаргаж өгсөн байдаг. Ж Ц Хоршооны анхны улсын бүртгэлийн гэрчилгээ байдаг. 1996 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр анх Ж Ц Хоршоо 3 гишүүний бүрэлдэхүүнтэй Ц.Р гэдэг эзэнтэйгээр байгуулагдаж байсан байдаг. 1996 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр анх Ж Ц Хоршоо байгуулагдсан байхад яагаад татан буугдсан гэж тодорхойлолт гаргаж өгдөг юм бэ? гээд дахиад лавлагаа автал Ж Ц Хоршоо нь Улаанбаатар хот руу шилжээд одоо үртэл үйл ажиллагаа явуулж байгаа болох нь дараагийн лавлагаагаар нотлогдож байгаа. Тэгэхээр нэхэмжлэл гаргах үедээ улсын бүртгэлийн байгууллагаас хуурамч тодорхойлолт лавлагааг үндэслэж нэхэмжлэл гаргасан нь харагдаж байгаа. тэгэхээр Н.Д, Ч.З нарын Цы Р гэдэг хүнийг танихгүй, мэдэхгүй гэдэг тайлбар нь эдгээр лавлагаа, нотлох баримтаар харагдаж байгаа. Тухайн барилгыг анх Н.Д гуай нэр дээрээ авсан юм уу? гээд бодоод үзэхээр өнөөх өөрсдийн эзэмшил гээд байгаа 15 м2 барилгаа өөр хүнээс бэлэглэлийн гэрээгээр худалдаж авсан байдаг. Энэ нь өөрөө тухайн барилгыг эдгээр хүмүүс эзэмшиж ашиглаж байгаагүй болох нь давхар нотлогдож Л.Б гуайн гаргасан тайлбар нь няцаагдаж байна гэж үзэж байгаа. Тийм учир Л.Б гуайн эрх хууль ёсны ашиг сонирхлыг Д.Б гэдэг хүн хөндөөгүй юм. Ч.З гуай миний 1155 м2 газар байсан гэж тайлбарлаж байна. Өнөөдөр гэрчийн мэдүүлгээр тухайн 1155 м2 газрыг олгосон гэрээ нь хууль бус гэрээ. Тухайн үед ямар нэгэн шийдвэр гараагүй байхад Ч.З гуай өөрөө бариад ороод ирсэн гэж яг тухайн гэрээнд гарын үсэг зурсан гэрч маань өөрөө хэлсэн. 2000 онд Ж Ц гэсэн хоршооны нэр дээр газрын гэрээ хийгдээд явсан. Түүнээс жилийн дараа 1155 м2 авсан. 2010 онд гэрээгээ бүртгүүлж авахдаа үүнтэй холбоотой мэдүүлэг хүсэлт гаргаж байгаагүй юм бэ? 22 жилийн хугацаа өнгөрсөн. 22 жилийн хугацаанд 1155 м2 холбоотой нэг ч гомдол, санал, эзэмших хүсэлт байхгүй. Тэгэхээр энэ Ч.З гуайн 1155 м2 газар эзэмшиж байсан гэдэг нь эдгээр нотлох баримт, бодит байдлаар үгүйсгэгдэж байгаа. Ж Ц Хоршоо захын тэнд байгаагүй. Жаргалантын хороонд байсан гэж тайлбарлаж байна. Жаргалантын хороо 2-3 гэдэг тоот маань эзэн Ц.Ргийн гэрийн хаяг байгаа. Үүнийг буруу ойлгож тухайн үл хөдлөхийн хаяг гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б эрх ашиг зөрчигдсөн гэж байна. Өнөөдөр С.Б гэдэг хүн нэхэмжлэл гаргаагүй. Ч.З гуайн Хаш үйлчилгээний төв гээд байгаа 274 м2 газрыг Ч.З, Ч.С.Б гэдэг хүмүүс эзэмшдэг. Эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзсэн бол яагаад хамт нэхэмжлэл гаргаж болоогүй юм бэ? Нэгнийх нь зөрчигдөөд нэгнийх нь зөрчигдөөгүй юм уу? эдгээр нэхэмжлэгч нарын тайлбарлаад байгаа газар, үл хөдлөх хөрөнгө маань эдгээр хүмүүсийн эзэмшил ашиглалтад анх үүсээгүй. Д.Бийн тухайд тухайн газар үл хөдлөх хөрөнгийг хуульд заасны дагуу, хууль тогтоомжийн дагуу төлбөр мөнгөө өгч шилжүүлэн авч өнөөдрийг хүртэл барилга, газрыг эзэмшиж ашиглаж байгаа учир нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү? гэв.

 

13. Иргэдийн төлөөлөгч Н.Д шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: Хэргийн материалд шинээр авагдсан баримтуудын дагуу тухайн газрууд нь хаяг байршлын давхцалгүй гэж үзэж байна. Улсын бүртгэлд 399 м2 үл хөдлөх, 189 м2 газрын гэрчилгээ байгаа нь ойлгомжгүй байна. Шинээр цуглуулсан нотлох баримтуудын дагуу иргэн Д.Бийн эзэмшиж байгаа 189 м2 газар нь хууль ёсны дагуу эзэмшиж байгаа газар гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Нэхэмжлэгч Н.Д, Ч.З нар аймгийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 307 дугаартай захирамж, 0126242 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 000103031 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

2. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Ч.З миний 2002 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хийсэн газар эзэмших гэрээгээр олгогдсон 1155 м.кв “Х” үйлчилгээний төвийн газрын кадастрын зургийг ашиглан миний эзэмшлийн газар дээр Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 307 дугаартай захирамж, 0126242 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж миний эрх ашгийг зөрчсөн.          

3.Н.Д миний 15 м.кв байрны үргэлжлэл болох 187 м.кв бүхий 10 өрөө байран дээр 399 м.кв бүхий гэсэн гэрчилгээг гаргаж хөрөнгийн эх сурвалжийг нарийвчлан судлаагүйгээс болж 189,06 м.кв газар дээр 0126242 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ гаргаж улмаар үл хөдлөх бүртгэлийн 000103031 дугаартай гэрчилгээ гаргаснаас болж миний хувьчлалаар авсан үл хөдлөх хөрөнгө бусдын эзэмшилд орж эрх ашиг зөрчигдөж байгаа талаар маргасан.

4.Ц-ы Р гэх иргэн 1994 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт явуулсан дуудлага худалдаагаар Худалдаа бэлтгэлийн удирдах газрын конторын хойт талын хэсгийг 170000 төгрөгөөр худалдан авсан тул уг хөрөнгийн өмчлөх эрхийг Говь-Алтай аймгийн өмч хувьчлалын комиссын  шийдвэрээр 1996 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 18 дугаар гэрчилгээ олгож, хувьчлагдсан эд хөрөнгө, машины бүртгэлийн дэвтэрийн 1996 оны 18 дугаарт ГА752710 иргэний  үнэмлэхийн дугаартай Ц.Р нь Есөнбулаг сумд байгаа Худалдаа бэлтгэлийн удирдах газрын хойд хэсгийг 170000 төгрөгөөр худалдан авсан талаар бүртгэл хийгдсэн байна. /2 дахь хавтаст хэргийн 125, 142, 143 дахь тал/

5. “Жинст цахир” хоршооны эзэн Ц.Р нь 2000 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэгт “Алтай хорооны төв захын баруун тал байршилтай хуучин ХБУГ-ын конторын хойт талын хэсэг, 399 м.кв талбайтай 8 өрөө, хүнсний дэлгүүр, гуанзны зориулалтаар”, хавсаргасан материалд өргөдөл “Манай хоршоо Жинст цахир нэртэйгээр 1994 онд байгуулагдаж, 1994 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр өмч хувьчлалын шийдвэрээр ХБУГ-ын конторын хойт талын хэсгийг 170 мянган төгрөгөөр худалдаж авсан ...уг барилгын үнийг 2,5 сая төгрөгөөр үнэлэн тогтоож бүртгэж баталгаажуулж өгөхийг хүсье...”, ГА752710 иргэний үнэмлэхний хуулбар, өмч хувьчлалын 18 дугаартай гэрчилгээ, 2000 оны 12 дугаар сарын 20-ны 060700403 дугаар газар эзэмших гэрээ “газрын байршил нэгдсэн захын дээд талд Дгийн гуанзны хажууд”, 1994 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн “Жинст цахир” хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээ, барилгын байршил схем зураг /гараар тоймолж зурсан 8 өрөө/, байрны фото зураг зэргийг хавсарган мэдүүлэг хөтөлж улсын бүртгэлд хүргүүлснээр “Жинст цахир” хоршоо, Ц.Р, Ц.Н, А.Н нар хамтран өмчлөгчөөр анх 2000 оны 12 дугаар сарын 21-ны өдөр худалдаа үйлчилгээний зориулалтаар 399 м.кв 8 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн 0013629 дугаар гэрчилгээ авсан байна.

6.Улмаар 399 м.кв 8 өрөө 4500000 төгрөгний үнэ бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө Ц.Р, А.Н, Ц.Ннар 2003 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Д.Бт “бэлэглэлийн гэрээг харилцан тохиролцож хийсэн учир маргаан байхгүй” гэсэн нөхцөлтэйгээр хариу төлбөргүй бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж, Д.Б 2004 оны 02 дугаар сарын 18-ны өдөр эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг гаргаж, 2000 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 0013629 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгож, шинээр 000103031 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон байна.

7.Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт ач холбогдолтой иргэн Ш.Дг гэрчээр асуусан “2000 онд тэр үеийн хүүхдийн байгууллагын мэдэлд байсан. Одоо хувьчлагдаад Зэрэглээт-Алтайн байр буюу “Бумбат” цайны газар байгаа Н.Дгийн гутал завсварын хойд талын залгаа байранд түрээсээр гуанз ажиллуулж байсан ...тэрнээс хойш 2005 онд өндөр насны тэтгэвэрт гараад 2006 онд одоогийн миний мэдэлд байгаа “Жинчин” үйлчилгээний төвийн барилгыг Б гэдэг хүнээс худалдан авч гуанз, дэлгүүр үйлчилгээний бусад газрыг одоо хүртэл ажиллуулж байна. Хуучин нэгдсэн зах манай “Жинчин” үйлчилгээний төвийн зүүн урд одоогийн 2 дугаар сургуулийн дээд талд ажиллаж байгаад нүүсэн  ...худалдаа бэлтгэлийн удирдах газрын контор одоогийн “Хаш” төв болон Д.Бийн мэдлийн барилгыг нураасан газарт үргэлжлээд контор байсан. Хаш төвийн доод талд одоогийн 2 дугаар сургуулийн саад байгаа газарт ямар ч байшин барилга, контор байгаагүй” гэсэн мэдүүлэг, 1991-2016 он хүртэл багийн *******ар 2016-2020 хүртэл Есөнбулаг сумын ИТХ-ын даргаар ажиллаж байсан Н.Э-ыг гэрчээр асуусан “Одоогийн Оргил, Жинст багууд хуучнаар байшин хорооллыг Алтай хороо гэдэг байсан ...1995 он, 1996 оны үед Харзат багт орсон, асуулт: хуучин ХБУГ-ын контор гэж аль барилгыг хэлдэг байсан бэ? хариулт: 2 дугаар сургуулийн замын дээд талд доошоо харсан одоогоор “Хаш” үйлчилгээний төвийг хэлдэг байсан. Хойд талын хэсгийг нь нураасан байгаа ...ганцхан одоогийн “Хаш” төв худалдаа бэлтгэлийн удирдах газрын контор гэж явдаг байсан. 4 дүгээр баг Харзат багт ордог... ” гэсэн мэдүүлэг өгсөн.

8. Мөн хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтад аймгийн Засаг даргын 2006 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 162 дугаар захирамжаар Ш.Дд газар эзэмшүүлсэн, хавсралтаар газрын байршил, 2005 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Ш.Дд үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлсэн бэлэглэлийн гэрээ, одоогийн “Жинчин” үйлчилгээний төвийн 2 талаас харсан фото зураг /2 дахь хавтаст хэргийн 132-137 дахь тал/, Байгаль орчин, газар геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч А.О-ийн дүгнэлтийн хамт ирүүлсэн Google earth дээрх 2002 оны 11 дүгээр сарын 03-ны болон  2007 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн зураг, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 1/168 дугаар “Хуучнаар худалдаа бэлтгэлийн удирдах газрын контор байсан заал бүхий 3 өрөө одоогийн “Хаш” үйлчилгээний төвийн байр нь Харзат багийн нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд 2000 онд иргэн Оросхүүгээс Ч.З нь худалдан авч...” гэсэн албан бичиг, 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан Д.О-гийн өргөдөл “Д.О миний бие иргэн Ч.Зод “Хаш” үйлчилгээний төв хуучнаар ХБУГ-ын конторын барилгыг 2000 онд худалдсан...”, аймгийн Засаг даргын 2010 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 155 дугаар захирамж, хавсралт Ч.Зийн эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг, шүүхээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө байсан газарт үзлэг хийж, фото зургаар бэхжүүлсэн нотлох баримт авагдсан байна.

9. Дээрх үйл баримтуудаас үзвэл хуучин Худалдаа бэлтгэлийн удирдах газрын конторын барилга нь одоогийн “Хаш” үйлчилгээний төв байсан бөгөөд Ц.Р 1994 онд дуудлага худалдаагаар Худалдаа бэлтгэлийн удирдах газрын конторын хойт талын хэсгийг /Хаш төвийн хойд талын залгаа байсан хэсэг одоо нураасан байгаа барилга/ худалдан авч, анх 2000 онд худалдаа үйлчилгээний зориулалтаар 399 м.кв 8 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн. 2003 онд “Жинст цахир” хоршооны эзэн Ц.Р хамтран өмчлөгч А.Н, Ц.Н399 м.кв 8 өрөө үл хөдлөх эд хөрөнгөө бэлэглэлийн гэрээгээр Д.Бт шилжүүлсэн байгаа нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 2003 оны хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжиж байгаа бол энэ тухай хэлцлийг үндэслэн уг шилжилтийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх"-ээр заасны дагуу 2004 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Д.Бт шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж 000103031 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон улсын бүртгэлийн улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, Н.Дгийн 15 м.кв байрны үргэлжлэл болох 187 м.кв бүхий 10 өрөө байран дээр хөрөнгийн эх сурвалжийг нарийвчлан судлаагүйгээс болж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаснаас миний хувьчлалаар авсан үл хөдлөх хөрөнгө бусдын эзэмшилд орж эрх ашиг зөрчигдсөн гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд Н.Дгийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхэд халдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

10.Гэрч Ш.Д 2000 онд Д.Бийн нураасан байрны залгаа Н.Дгийн гутал завсарын хойно байрлах Алтай телевизийн байр буюу “Бумбат” цайны газрыг түрээслэн ажиллуулж байсан, сүүлд 2006 онд Алтай телевизийн байр “Бумбат” цайны газрын замын эсрэг зүүн тал, 2 дугаар сургуулийн баруун хойт хэсэгт “Жинчин” үйлчилгээний төвийн барилгыг худалдан авч үйл ажиллагаа явуулж байгаа, Байгаль орчин, газар геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч А.О-ийн дүгнэлтийн хамт ирүүлсэн Google earth дээрх 2002 оны 11 дүгээр сарын 03-ны болон  2007 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн зурагт харьцуулалт хийхэд одоогийн “Хаш” үйлчилгээний төвийн хойд хэсэгт байрлах “Бумбат” цайны газрын замын эсрэг зүүн талд ногоон дээвэртэй “Жинчин” үйлчилгээний төв байх ба уг барилгын хажууд хоосон зайтай байсан бол 2007 оны зурагт “Жинчин” үйлчилгээний төвийн хажууд хоосон зайд 2 сургууль баригдсан байгаа, хэргийн газарт үзлэг хийсэн фото зураг, тэмдэглэл, гэрч нарын мэдүүлгээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь Алтай телевизийн байр “Бумбат” цайны газрын хажууд буюу урд хэсэгт, “Хаш” үйлчилгээний төвийн залгаа хойд хэсэгт байршилтай барилга /одоо нураасан байгаа/ байсан байх бөгөөд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн газар зүйн байршил зөрүүгүй, “...Ц.Ргийн гэрээгээр нэгдсэн захын дээд талд Дгийн гуанзны хажууд гэсэн байршил, хил заагтай Хаш төвөөс хол байсан” гэсэн тайлбар нь няцаагдаж байна.

11.Мөн Ц.Р нь хуучин Худалдаа бэлтгэлийн удирдах газрын хажуу зайг ашиглан одоогийн Д.Бийн нураасан маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хойд зайд 15 м.кв 1 өрөө байрыг өөрийн хөрөнгөөр барьж, гутал засварын зориулалтаар улсын бүртгэлд бүртгүүлж, 2003 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Н.Дд мөн адил бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байх бөгөөд тухайн үед 15 м.кв байрны үргэлжлэл болох 187 м.кв бүхий 10 өрөө байрыг өмчлөх эрхтэй талаар маргаан гаргаж байгаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

12. Хавтаст хэргийн материалд 2002 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх гэрээ авагдсан, уг гэрээний газар эзэмших зориулалт, хэмжээ хэсэгт “үйлчилгээний төв 33х35=1155 м.кв”, газрын байршил хэсэгт “4 дүгээр багийн нутаг дэвсгэрт нэгдсэн захын баруун талд замын дээд талд “Хаш” үйлчилгээний төв” гэсэн байх бөгөөд газар өмчлөгчийг төлөөлж Есөнбулаг сум газрын асуудал хариуцсан албан тушаалтан Н.О /байгаль орчныг хамгаалах улсын байцаагч гэсэн улаан тамга дарж гарын үсэг зурсан/, газар эзэмшигч Ч.З нар гэрээ байгуулан гарын үсэг зурсан байх боловч Есөнбулаг сумын ******* баталж гарын үсэг зураагүй гэрээ байхаас өөрөөр тухайн газар эзэмших гэрээтэй холбоотой Ц гэрчилгээ, газар эзэмшүүлэх шийдвэр, газрын кадастрын зураг зэрэг нотлох баримт байхгүй байна.

13.Харин Ч.З нь 2010 оны 05 дугаар сарын 11-ний өдөр газар эзэмших, ашиглахыг хүссэн өргөдөл гаргаж, 2010 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн аймгийн Засаг даргын 155 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2-т “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж зааснаар Алтай хотын инженерийн байгууламж бүхий бүсэд иргэн Ч-ын Зоригт, С-ийн Б нарын үйлчилгээний зориулалтаар хамтран эзэмших газрын хэмжээ, байршлыг хавсралтаар баталж, захирамжийн хавсралтаар Ч.Зын эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зурагт “Хаш” үйлчилгээний төвийн газрын координатын 1-8 цэг, хэмжээг 274.4 м.кв, түүний залгаа Д.Бийн нураасан барилга, залгаа Н.Дгийн 15 м.кв байрны зургийг масштабыг гаргасан кадастрын зураг, Ч.Зой байгуулсан 2010 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 060711074 дугаар бүхий 274.4 м.кв 15 жилийн хугацаатай Харзат баг “Хаш” төв үйлчилгээний зориулалтаар 2010 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн газар эзэмших гэрчилгээ, 2010 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Хаш” үйлчилгээний төв 274.4 м.кв 6 өрөө бүхий 000107605 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан байна. /1 дэх хавтаст хэргийн 92-97, 100-103 дахь тал/

14. Дээрх нөхцөл байдлаас үзвэл Ч.З нь 2002 онд “Хаш” үйлчилгээний төвийн 1155 м.кв газрыг эзэмшиж байсан гэсэн үндэслэлгүй тогтоогдохгүй, мөн иргэн Д.Огээс худалдан авсан хуучин ХБУГ-ын контор, одоогийн “Хаш” үйлчилгээний төвийн 274.4 м.кв газрыг эзэмших эрх болон үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн хүсэлтээр 2010 онд улсын бүртгэлд бүртгүүлж тус тус гэрчилгээ авсан, Д.Б нь бэлэглэлийн гэрээгээр хүлээн авсан 399 м.кв 8 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж болно” гэж зааснаар 2007 оны 05 дугаар сарын 26-ны өдөр газар эзэмших хүсэлт гаргаж, байшингийн суурийн хэмжээгээр 2007 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 307 дугаар захирамжаар 189.06 м.кв газрыг эзэмшүүлж, хавсралтаар Д.Бийн эзэмших газрын байршлын кадастрын зураг гаргаж /“Хаш” үйлчилгээний төвийн залгаа хойд хэсэг/, 2007 оны 11 дүгээр сарын 30 өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулан 0126242 дугаар газар эзэмших гэрчилгээ олгосноор нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

15. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-т “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчөөгүй, нэхэмжлэгч Ч.З, гуравдагч этгээд Д.Б нарын газар ямар нэгэн давхцалгүй, тус тусдаа газар эзэмших гэрээ, эрхийн гэрчилгээтэй, кадастрын зураг, координатыг тогтоож өгсөн байхад Ч.Зын 2002 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хийсэн газар эзэмших гэрээгээр олгогдсон 1155 м.кв “Хаш” үйлчилгээний төвийн газрын кадастрын зургийг ашиглан газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан гэх тайлбар нь үндэслэлгүй юм.

16.Эзэмшил газрын хэмжээнээс илүү гаргаж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон эсэхэд: Анх 2000 онд улсын бүртгэлд бүртгүүлэхдээ Ц.Ргийн нэр дээрх 414 м.кв газрыг эзэмших гэрээг хавсарган, барилгын байршил схем зургийг гараар тоймлон 8 өрөө бүхий зургийн доод талд “энэ байрны газар 415 м.кв газар байгаа” гэж тэмдэглэн 399 м.кв болон 15 м.кв-аар тус тусад нь мэдүүлэг гаргасныг улсын бүртгэл хүлээн авч 399 м.кв 8 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон байсныг 2003 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Д.Бт бэлэглэлийн гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн болохоос газар эзэмших эрхээ шилжүүлэх талаар гэрээ болон бусад баримтанд дурдагдаагүй харин хожим 2007 онд Д.Б өөрийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийн газрыг эзэмших хүсэлт гаргаж барилгын сууриар 189.06 м.кв газрыг эзэмшүүлсэн байна.

17.Одоогийн нөхцөлд Д.Бийн 000103031 дугаартай 399 м.кв 8 өрөө үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байхаас бодит байдалд уг барилгыг нураасан, байрны м.кв тооцох боломжгүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ шууд эрх зүйн үр дагавар үүсгэх боломжгүй нөхцөлд Д.Б 189.06 м.кв газрын хууль ёсны эзэмшигч гэж үзэх ба шүүх хуралдаан оролцсон иргэдийн төлөөлөгч 399 м.кв үл хөдлөх 189 м.кв газрын гэрчилгээтэй байгаа нь ойлгомжгүй байгаа боловч иргэн Д.Бийг 189 м.кв газар хууль ёсны дагуу гэж дүгнэсэн байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 2003 оны хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 31 дүгээр зүйлийн 31.3 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Д, Ч.З нараас аймгийн Засаг даргын 2007 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 307 дугаартай захирамж, 0126242 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 000103031 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ОЮУНГЭРЭЛ

                 ШҮҮГЧИД                                    Г.ЯНЖИНДУЛАМ

                                                                   Э.ЗОЛБАДРАХ