Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/238

 

 

 

 

 

 

 

 

 

 2023           6             05                                                     2023/ШЦТ/238

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунтуяа,

  Шүүгдэгч, хохирогч Г.Ц-,

  Шүүгдэгч, хохирогч А.Ү- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Зургаадай Ган-Очирын Ц-, Жалайр Алтансүхийн Ү- нарт холбогдох эрүүгийн дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, Ц-, 1987 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

2.Монгол улсын иргэн, Ү-, 1989 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ганцаараа оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

 

 Холбогдсон хэргийн талаар: 

 Шүүгдэгч Г.Ц-, А.Ү- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

 

            Шүүгдэгч Г.Ц- нь 2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын Талын Уул 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Бичигтийн гарам” гэх газарт иргэн А.Ү-тай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

            Шүүгдэгч А.Ү- нь 2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Төв аймгийн Угтаалцайдам сумын Талын Уул 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Бичигтийн гарам” гэх газарт иргэн Г.Ц-тай маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон.   

 

Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан 

 

Хохирогч А.Ү-ын өгсөн: “Би 2023 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр 15 цагийн үед байх Пүүжээ ах утсаар танай адуу юм ах нь очиж үзсэнгүй Өвөр Асгатын эхэнд 3 адуу үхсэн байна чи ирж үзээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь малаа гэртэй ойртуулаад ажлаа амжуулаад гэрээсээ 17 цагийн үед Өвөр Асгат орсон. Тэгээд Ц-ын гэрт нь очоод хаана үхсэн адуу байна чи мэдсэн үү гэж асуухад, мэдээгүй гэж хэлэхээр нь би Өвөр Асгатын эхэнд байгаа сурагтай байна хоёулаа цуг яваад үзээд ирье чи суучих гэж хэлээд Ц-ыг машиндаа суулгаад Өвөр Асгатын эхэнд очход жалганд хоёр даага үхсэн байсан. Би тамга зүсийг нь харахад манай адуу биш байсан. Тэгээд машиндаа байсан архиа Ц-т өгөөд хоёулаа юм яриад сууж байгаад уг архийг ууж дуусгасан. Тэгтэл Болдоо ах машинтайгаа яваад ирсэн. Тэгээд Би Ц-ын хамт гэрт нь очход Пүүжээ ах Ц-ын гэрт нь сууж байсан Ц- бид хоёрын араас Болдоо ах ирсэн. Тэгээд Ц- архи авч өгнө хэдүүлээ дэлгүүр оръё гэж хэлсэн. Тэгээд Ц- гэрээсээ гараад хурга, ишгээ тавьж өгсөн. Тэгээд Болдоо ахын машинтай Пүүжээ ах, Ц- бид дөрөв тасаг ороод Ц- Бэрхээ ахаас 2 шил 0,5 гр хараа архи, нэг том пиво авсан. Тэгээд эргээд Ц-ын гэр лүү явсан замдаа Ц- бид хоёр машин дотор муудсан би Ц-ыг муу хулгайч чи миний морийг хулгайлсан биз дээ чи холбоотой шүү гэж хэлсэн. Тэгээд маргаж эхэлсэн, хүн тавьдаг газар буюу Бичигтийн гарам дээр Болдоо ах машин суусан байна гэж хэлээд зогссон. Тэгээд би машин дотор сууж байхдаа Ц-ыг нэг удаа гараараа цохисон. Тухайн үед би жолоочийн хажуу талын сандал дээр сууж байсан юм. Ц- арын сандал дээр сууж байсан. Тэгээд би машинаас буухад мөн Ц- нь машинаас буусан бид хоёр нэг нэгээ заамдаж авсан. Намайг Ц- эхлээд миний нүүр лүү цохисон. Тэгээд би зөрүүлээд гараар цохисон тэгтэл намайг үсдэж аваад гараараа миний нүүр толгой руу цохисон 4-5 удаа цохисон. Тэгэхээр би Ц-ыг газар унагаагаад хоёр удаа өшиглөсөн. Тэгээд бид хоёрыг Болдоо ах, Пүүжээ ах хоёр салгасан. Намайг Пүүжээ, Болдоо ах хоёр яагаад зодолдоод байгаа юм учраа ол гэж хэлсэн. Тэгэхээр нь би за дахиж зодолдохгүй гэж хэлээд машинд суусан. Шаварт суусан машиныг шавраас Болдоо ах, Пүүжээ ах хоёр гаргаж өгсөн уг машинтай хүмүүсийг би мэдэхгүй. Тэгээд Ц-ыг гэрт нь хүргэж өгсөн. Би Пүүжээ ах, Болдоо ах хоёртой Тэгшээ ахын очиж хоносон тасгаас авсан архи, пивоо ууж хоносон, нэг архи, нэг пивыг Ц- бид хоёр замдаа уусан би Ц- гэрийн үүднээс өөрийн машинаа аваад Тэгшээ ахынд очсон. Ц- бид хоёр харилцан зодолдсон. Надад гомдол гаргаж байгаа бол би бас гомдолтой байна. Намайг мөн зодож цохисон. Миний баруун нүд хөхөрсөн. Толгой ар хэсэгт хавдсан байна. Бид хоёрын хооронд өр авлага, өш хонзон байхгүй. Би хэдэн жилийн өмнө өөрийн хурдан морьдоо хулгайд алдсан юм. Тэгээд хулгайч нь хуулийн байгууллагад шалгагдаад шийдэгдсэн. Миний адууг хулгайлсан нөхөртэй Ц- найз байж магадгүй гэж бодоод муу хулгайч гээд хэлчихсэн. Тэгээд маргаан үүссэн. Би гараараа хоёр удаа нүүр рүү нь цохисон. Тэгээд заамдаж газар унагаад нэг удаа өшиглөсөн. Өөр зодож цохисон зүйл байхгүй. Ц- намайг заамдаж аваад үсдэж дараад миний нүүр рүү гараараа 4-5 удаа цохисон. Мөн миний нүүрийг мөргөсөн. Бид хоёр муудалцаж, золдох үед Болдоо ах, Пүүжээ ах хоёр байсан. Өөр хүн байгаагүй.” гэх мэдүүлэг /хх 07-08/,

Хохирогч Г.Ц-ын өгсөн: “Би Төв аймгийн Угтаалцайдам сумын Талын-Уул 1 дүгээр багийн Өвөр Асгат гэх газар байдаг гэртээ байж байхад манай сумын урд тасаг гэх газарт байдаг Ү- нь цагаан өнгийн приус 20 маркийн машинтайгаа ирээд наашаа суучих манай 4, 5 адуу өвөр Асгатын дээр үхсэн байж магадггүй хоёулаа үзээд ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь би за гэж хэлээд машинд суугаад Өвөр Асгатын эх рүү Атараа гэх айлын зусдаг газрын урд очход хар, хул зүстэй хоёр адуу үхсэн байсан. Тэгээд уг хоёр сэгийг үзэхэд Үүрээ манай адуу биш байна гэж хэлээд бид хоёр Одгоно гэх айлд очход эзэнгүй байсан. Тэгээд бид хоёр эргээд манай гэрт ирээд байж байхад Болдоо манайд ирсэн. Би гэрээсээ гараад ишиг, хургаа тавьж өгөөд байж байгаад Үүрээ, Болдоо, бид гурав тасаг руу явсан. Тасаг ороод Бэрхбаатар ахынд очоод хоёр шил архи авсан. Тэгээд бид хэд хөдөө иргэж гараад Одгоногын гэрийн ойрхон зогсоод авсан хоёр шил архиа уусан нэг мэдэхэд машин дотор Ү- нь намайг ямар овоо пизда бэ гэж хэлээд намайг цохисон. Тэгээд машинаас гараад гадаа намайг газар унагаагаад миний нүүр лүү 4-5 удаа Ү- нь өшиглөөд байсан. Тэгээд би яг юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг мэдэхэд гэртээ сэрсэн. Намайг сэрэхэд 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өглөөний 07 цаг болж байсан. Тэгээд толинд харахад миний зүүн нүд хөхөрч хавдсан, мөн зүүн чих хавдсан, толгой их өвдөж байна уг үйл явдлыг шалгуулмаар байна их гомдолтой байна. Намайг манай сумын Ү- зодож цохисон. Өмнө нь намайг нэг удаа зодож байсан. Би тухайн үйл явдлыг нь хуулийн байгууллагаар шалгуулаагүй. Энэ болсон явдлыг шалгуулмаар байна. Ү- нь архи ууж сууж байгаад Болдоогийн машин дотор намайг арын суудал дээр сууж байхад урд сандал дээр сууж байгаад Ү- нь эргэж хараад миний толгой руу гараараа нэг удаа цохисон. Мөн машинаас гаргаад газар унагаад миний толгой руу 4-5 удаа өшиглөсөн. Би зодож цохисон зүйл байхгүй. Намайг зодох үед Болдоо, Ү- бид гурав байсан. Өөр хүн байгаагүй. Бид хоёрын дунд өр авлага, өш хонзон байхгүй. Ямар шалтгааны улмаас намайг зодоод байгааг мэдэхгүй байна. Надад гомдол санал байна. Би эмчилгээний зардал болон нааш, цааш явсан зардлаа нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хх 13/,

Гэрч А.Сумъяасүрэнгийн өгсөн: “...машин дуугараад яваад өгсөн. Тэгээд манай хүн орж ирсэн нүүр нь цус болсон, хувцас нь шороо болсон өмсөж явсан хувцас нь урагдсан байсан. Би яасан юм бэ чи гэж асуухад намайг Ү- нь зодлоо гэж хэлсэн. Тэгээд би яасан юм гэж асуухад намайг нийлээд зодсон нэг нь заамдаж багалзуурдаж унагасан, нэг нь газар хэвтэж байхад дээрээс өшиглөсөн гэж хэлээд унтаад өгсөн. Тэгээд шөнө 01 цагийн үед гар, хөл нь татаад байхаар нь эмнэлэгт дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх 17/,

Гэрч Б.Мөнхболдын өгсөн: “...замд Ц-ыг Үүрээ нь чи муу хулгайч миний адууг хулгайлсан биз дээ гэж хэлээд маргалдаад байсан. Тэгээд замдаа бид хэд шаварт суусан машинтай таарсан тухай үед гадаа харанхуй болсон цаг багцаагаар 21 цаг болж байсан байх уг машиныг гаргаж өгөх гээд буухад Ц-, Ү- нь машинаас буунгуутаа барилцаад авсан. Яаж байгаа юм гэж хэлээд Пүүжээ бид хоёр салгаад хүмүүс байна та хоёр зүгээр бай гэж хэлээд Пүүжээ бид хоёр шаварт суусан машиныг гаргаж өгөх гээд зогсож байхад Ц-, Үүрээ хоёр дахиад барилцаад авсан. Тэгээд нэг, нэгнээ цохиод байсан. Намайг очход Ц- нь Үүрээг үсдээд доороо дараад байсан. Үүрээ намайг очход гарыг нь тавиулаадхаач гэж хэлсэн. Тэгтэл Пүүжээ ирээд Ц-ыг аваад явсан. ...би Ц-ын нүүрийг харахад цус болчихсон хамрын дээд талд нь шалбарчихсан мөн зүүн шанаанаас нь цус гарсан байсан. Тэгээд цусаа арч гэж хэлэхэд зүгээр зүгээр гэж хэлээд машинаас буусан. Ц- гэртээ орсон тэгээд Үүрээ, Пүүжээ, бид гурав яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хх 19-20/,

Гэрч О.Пүрэвдоржийн өгсөн: “Би 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр малдаа явж байгаад саахалт айл болох Ц-ын гэрт очход Ц-, Үүрээ, Болдоо нар нь архи ууж байсан. Тэгээд намайг урд тасаг ороод өгөөч машин бариад гэж Ц- хэлсэн. Тэгээд би Болдоогийн машиныг бариад цуг явсан Ц- нь тасаг ороод хоёр шил архи, нэг пиво авсан иргээд хөдөө гэр лүүгээ явж байгаад Бичигтийн гарам дээр хүмүүс машинтайгаа шаварт суусан байсан. Болдоо бид хоёр шаварт суусан машин дээр очоод гаргалцах гээд явахад машин дотор байсан Ц-, Үүрээ хоёр маргалдаад хэрэлдээд байсан. Тэгээд яваад очход Үүрээ, Ц- хоёр нэг нэгнээ цохиод Ц- нь Үүрээгийн үснээс зулгаагаад доош дараад байсан. Би болон Болдоо бид хоёр салгаад хоёр тийш нь болгоод машинд суулгаад аваад явсан. Ц-ыг гэрт нь буулгасан. Тэгээд би гэр лүүгээ яваад өгсөн Үүрээ, Болдоо хоёр цуг явсан.” гэх мэдүүлэг /хх 63-64/,

Шүүгдэгч А.Ү-ын өгсөн: “Би Төв аймгийн Угтаалцайдам сумын Талын-Уул 1 дүгээр баг “Бичигтийн гарам” гэх газар 2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Ц-, Болдоо, Пүүжээ нартай хамт архи ууж байгаад Ц- бид хоёр хоорондоо маргалдаж, зодолдож бие биедээ гэмтэл учруулсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх 47-48/,

Шүүгдэгч Г.Ц-ын өгсөн: “Би Төв аймгийн Угтаалцайдам сумын Талын-Уул 1 дүгээр баг “Бичигтийн гарам” гэх газар 2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Ү-, Болдоо, Пүүжээ нартай хамт архи ууж байгаад Ү- бид хоёр хоорондоо маргалдаж, зодолдож бие биедээ гэмтэл учруулсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэх  мэдүүлэг /хх 55-56/,

Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 178 дугаартай шинжээчийн: “1.Г.Ц-ын биед хамар ясны цөмөрсөн хугарал, мурийлт, зүүн нүдний дээд зовхи, алимны салст, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн чихний арын хөхлөг сэртэнд цус хуралт, хамрын нуруу, зүүн хацар, чамархай, шанаа, баруун хацарт зулгаралт, баруун хацар, зүүн нүдний дээд зовхи, зүүн чихний арын хөхлөг сэртэнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх 32-33/,

Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 183 дугаартай шинжээчийн: “1.А.Ү-ын биед хамар ясны хугарал, тархи доргилт, баруун зовхинд цус хуралт, баруун зовхи, нуруу, хэвлийд зулгаралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Гэмтлийн дэс дараалал тогтоох боломжгүй. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. 5.Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх 37-38/, эмнэлгийн тодорхойлолт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 27-30/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч  нарын мэдүүлгээс тэднийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

           

Шүүгдэгч Г.Ц-, А.Ү- нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж хэн алиныхаа эрх чөлөөнд халдаж шүүгдэгч Г.Ц- нь хохирогч А.Ү-ын эрүүл мэндэд "хамар ясны хугарал, тархи доргилт, баруун зовхинд цус хуралт, баруун зовхи, нуруу, хэвлийд зулгаралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцралт" бүхий хохирол учруулж энэ хохирол нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан хөнгөн зэрэгт, шүүгдэгч А.Ү- нь хохирогч Г.Ц-ын  эрүүл мэндэд "хамар ясны цөмөрсөн хугарал, мурийлт, зүүн нүдний дээд зовхи, алимны салст, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн чихний арын хөхлөг сэртэнд цус хуралт, хамрын нуруу, зүүн хацар, чамархай, шанаа, баруун хацарт зулгаралт, баруун хацар, зүүн нүдний дээд зовхи, зүүн чихний арын хөхлөг сэртэнд зөөлөн эдийн няцрал" бүхий хохирол учруулж энэ хохирол нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан хөнгөн зэрэгт тус тус хамаарсан болох  нь Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 178, 183 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан бөгөөд,

 шүүгдэгч нарын дээрх үйлдэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан,

 хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч нарыг дээрх зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

            Хохирогч Г.Ц-, А.Ү- нар нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй байх тул шүүгдэгч нарыг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх шүүгдэгч Г.Ц-, А.Ү- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.Ц-, А.Ү-  нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч  Г.Ц-, А.Ү- нарт ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

Шүүгдэгч Г.Ц-, А.Ү- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон /ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас хх 79-80/, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн шүүгдэгч тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.

           

 Эрүүгийн дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц-, Ү- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-, А.Ү- нарыг тус бүрийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-, А.Ү- нарт тус бүр оногдуулсан 600 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-, А.Ү- нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ц-, А.Ү- нар нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ц-, А.Ү- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ